Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 485

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00211 дугаар шийдвэртэй, С.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г-т холбогдох, гэм хорын хохиролд 421 227 216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал, Ө.Мөнхтуул, хариуцагч Д.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Д.Г-т 176 400 ам.доллар өгч залилуулсан. Д.Г-ын үйлдлийг Цагдаагийн байгууллага шалгасны эцэст Прокурорын байгууллага залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх боловч Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэх үндэслэлээр 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг хааж шийдвэрлэсэн. Уг тогтоолд С.Б- миний биеийг өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу 176 400 ам.доллар нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Монгол банкны ханшаар 434 727 216 төгрөг болж байна. Үүнээс Д.Г-ын төлсөн 13 500 000 төгрөгийг хасч тооцоод 421 227 216 төгрөг болно. Йймд Д.Г-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу 421 227 216 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Хэрэгт хавсаргасан баримтууд нь нэхэмжлэлд хамааралгүй байна. Хэргийн баримтад Хүдэрчулуу буюу “Лут Чулуу” ХХК-ийн менежер н.Энхболд нь надаас 95 000 ам.долларыг бэлнээр авсныг нэхэмжлэх дүнгээс огт хасаагүй.

Миний бие нь Мерседес бенз ML320 маркийн тээврийн хэрэгслийг 12 000 000 төгрөгт дүйцүүлж өгсөн. Бэлэн мөнгө өгснийг дэлгэрэнгүй тайлбарлаагүй. 10 800 000 төгрөгийг төлсөн гэж дутуу дулимаг оруулж тайлбарласан тул эдгээрийг С.Б-аас тодруулж тайлбар авч өгнө үү. С.Б-т 82 000 000 төгрөгийн зурагт өгснийг тодруулж тайлбарлаж, гарын үсэгтэй баримт хийлгэж авах хэрэгтэй байна. С.Б-аас авсан гэх 176 400 ам.долларын хэдий хэмжээний мөнгөн хөрөнгө нь төмрийн хүдэр нийлүүлэх урсгал зардалд зарцуулсан, орсон гэх мэт юунд зарцуулж байсан ба энэ дүнг нийт нэхэмжилж буй дүнгээс хасч өгөх талаар тодруулах хэрэгтэй байна.

Нийт мөнгөн дүн нь төмрийн хүдэр олборлож тээвэрлэх бүх ажиллагаанд зарцуулагдсан ба төмрийн хүдэр олборлон гаалийн талбайд буулгасан. Худалдан авагч Хятад улсын тал нь хүдрийн агуулга бага байна гэсэн үндэслэлээр төмрийн хүдэр авахаас удаа дараа татгалзсан юм. С.Б-аас миний өгсөн бэлэн мөнгө болон эд материалын жагсаалтыг гаргуулж өгөх ба үүнийг баримтжуулах хэрэгтэй юм. Иймд энэхүү хэрэг эцэслэн шийдвэрлэхэд хэдэн төгрөг нэхэмжлэх эрхтэй. Тухайн үеийн ам.долларын ханш хэд байх талаар тодруулах хэрэгтэй ямар нэг байдлаар залилан мэхлээгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Г-аас 421 227 216 төгрөг гаргуулах тухай С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б- нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс үүдэлтэй бус зөрчлөөс үүсэх буюу гэм хор учруулснаас үүссэн шаардах эрх хэмээн тодорхойлсон. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй хэм хэмжээний бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцлүүд хангагдаж буй эсэхийг дүгнээгүйн гадна хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн байх, уг эрхийн зөрчил хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйгээс үүссэн байх, хариуцагч өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус байх, нэхэмжлэгчид хохирол учирсан байх үйлдэл, эс үйлдэхүй мөн хохирол хооронд шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцлүүд хангагдсан тохиолдолд нэхэмжлэгчид зөрчлийн улмаас учирсан хохирлоо шаардах эрх үүснэ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд буюу зохигчдын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан хуулиас үүдэх үүрэг, зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа үүссэн эсэхэд урьдчилсан нөхцөл тус бүрийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд харьцуулан шинжлэн судлах замаар дүгнэлт өгөх атал энэ талаар огт дурдаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Мөн үндэслэх хэсэгт “зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан болон тухайн хохирол шаардах эрх бүхий харилцаа мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар үүссэн гэж үзээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэжээ.

Түүнчлэн талуудын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зориг илэрхийлэгдсэн буюу хуульд заасан болон заагаагүй ч агуулгын хувьд үл харшлах хэлцлийн үндсэн дээр үүрэг үүссэн гэх үндэслэлтэй тул гэм хор учруулсны улмаас хохирол арилгуулах үүргийн харилцаа үүсээгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна. Зохигчдын хооронд зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа үүсээгүй, хариуцагчийн гэм хор учруулсан үйлдлийн улмаас нэхэмжлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрх үүсээгүй гэж дүгнэхдээ шаардах эрхийн үндэслэл болох урьдчилсан нөхцөл хангагдахгүй байгаа талаар дүгнэлт өгөөгүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх журамтай. Нэхэмжлэгч гэрээнээс үүдэлтэй шаардах эрх хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ гэм хор учруулсны улмаас үүссэн хохирлоо арилгуулах гэж тодорхойлсон байхад шүүх хэлцлийн үндсэн дээр үүрэг үүссэн эсэхэд дүгнэлт өгсөн байна. Шийдвэрт нэхэмжлэгч нь Цагдаагийн хэлтэст 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Д.Г-ын залилан мэхэлсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар гомдол гаргасныг шалгаж, Прокурорын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2078 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн гэжээ.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэр гаргах атал хэрэгт авагдаагүй баримтыг шийдвэрт заасан. Өөрөөр хэлбэл, хэргийн 8 дахь талд Чингэлтэй дүүргийн Прокурорын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2078 дугаартай шийдвэр авагдаагүй болно. Чингэлтэй дүүргийн Прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 241 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1/1019 дугаартай Хариу мэдэгдэх хуудаст зааснаар хариуцагч Д.Г- нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр хэргийг хаасан атал шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй.

Мөн шийдвэрт прокурорын тогтоолд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх боловч С.Б- нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлэх эрхтэй гэснийг огт дурдаагүй. Хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо ашиг хамгаалуулах буюу учирсан хохирлоо барагдуулахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байхад шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хариуцагч тал дээрх үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Харин нэхэмжлэлийн үнийн дүн буюу хохирлыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон нь үндэслэлгүй гэж маргасан байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч Д.Г-т холбогдуулан гэм хорын хохиролд 421 227 216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.  

 

Хэргийн баримт талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч Д.Г-т 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төмрийн хүдэр нийлүүлж өгнө гэснээр 176 400 ам.долларыг түүний дансанд шилжүүлсэн боловч уг зүйлийг нийлүүлээгүй гээд Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасныг зохих журмын дагуу шалгажээ. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокуророос 241 дугаар тогтоолоор “...Д.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 5 жил өнгөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн...” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. /хх 5-7,9/

 

Дээрх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар хохирогч С.Б- өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан байгааг үндэслэж нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол гэх 421 227 216 төгрөгийг хариуцагч Д.Г-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ. /хх1-2/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 176 400 ам.доллар авсан талаар маргаагүй, харин эргэн төлөлт болон мөнгө авах болсон зорилго, өөрийн хариуцан төлөх мөнгөн төлбөрийн хэмжээний хувьд маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг үндэслэн “нотлох баримт гаргуулах тухай” хүсэлт гаргаснаар шүүх Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Д.Г-т холбогдох хэрэг бүртгэлийн 201301051110 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс шаардлагатай баримтуудыг гаргуулж, тэдгээрт үндэслэн дүгнэлт хийснээр хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. /хх106,110-120/

 

Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэлд дурдсан “Чингэлтэй дүүргийн Прокурорын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2078 дугаартай шийдвэр” нь хэрэгт огт авагдаагүй байхад уг баримтыг хэргийн 8 дахь талд авагдсан гээд, үүгээр Д.Г-ын залилан мэхэлсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна гэж дүгнэлт хийжээ./хх149/ Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэг шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасныг зөрчсөн байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байна. 

 

Түүнчлэн хариуцагч Д.Г- нь нэхэмжлэгчид маргааны зүйл болох мөнгөн төлбөрийн буцаан төлөлтийг бэлнээр болон эд хөрөнгөөр төлж байсан гээд нийт 150 972 400 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан байхад шүүх үүнийг анхаарч нэхэмжлэгч талаас тодруулах ажиллагааг хийгээгүй нь буруу. /хх 50, 100, 140/ Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-д заасан  эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг талуудад бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг гүйцэтгэх, улмаар эвлэрүүлэх арга хэмжээг шүүх өөрийн санаачилгаар хийгээгүй гэж үзэхээр байна.

 

 Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00211 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч С.Б- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                         ШҮҮГЧИД                        Г.ДАВААДОРЖ

 

                                                                                  Т.ТУЯА