Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 00211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Г-т

  Гэм хорын хохиролд 421,227,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал, хариуцагч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, иргэдийн төлөөлөгч М.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Д.Гт 176,400 ам.доллар өгч залилуулсан. Д.Гын үйлдлийг Цагдаагийн байгууллага шалгасны эцэст Прокурорын байгууллагаас Д.Г залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх боловч Монгол улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэх үндэслэлээр 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг хааж шийдвэрлсэн бөгөөд уг тогтоолд С.Б миний биеийг өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу 176,400 ам.доллар нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Монгол банкны ханшаар 434,727,216 /дөрвөн зуун гучин дөрвөн сая долоон зуун хорин долоон мянга хоёр зуун арван зургаа/ төгрөг болж байна. Үүнээс Д.Гын төлсөн 13,500,000 /арван гурван сая/ төгрөгийг хасаж тооцоод 421,227,216 /дөрвөн зуун хорин нэг сая хоёр зуун хорин долоон мянга хоёр зуун арван зургаа/ төгрөг болно.

Тиймээс Д.Гаас Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу 421,227,216 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байгаа ба гаргаж өгсөн нэхэмжлэл огт таарах материалгүй, хэрэгт заасан материалтай зохицохгүй байгаа тул үл зөвшөөрч байна.

Хэргийн материалд Хүдэрчулуу буюу Лут Чулуу ХХК-ийн менежер Энхболд нь надаас 95,000 ам.долларыг бэлнээр авсаныг нэхэмжлэх дүнгээсээ огт хасаагүй.

С.Б миний бие нь мерседес бенз ML320 маркийн машиныг 12,000,000 төгрөгт дүйцүүлж өгсөн. Бэлэн мөнгө мөн өгсөнийг дэлгэрэнгүй тайлбарлаагүй. 10,800,000 төгрөгийг төлсөн гэж дутуу дулимаг оруулж тайлбарласан тул эдгээрийг С.Баас тодруулж тайлбар авч өгнө үү. С.Бт 82,000,000 төгрөгийн ТВ зурагт өгсөнийг нь мөн тодруулж тайлбарлаж, гарын үсэгтэй бичиг хийлгэж авах хэрэгтэй байна. Мөн С.Баас авсан гэх  176,400 ам.долларын хэдэн төмрийн хүдэр нийлүүлэх урсгал зардалд явсан, ирсэн гэх мэт юунд зарцуулж байсан ба энэ дүнг нийт нэхэмжилж буй дүнгээс хасаж өгөх талаар тодруулах хэрэгтэй байна. /миний хувьд/ Нийт мөнгөн дүн нь төмрийн хүдэр олборлож тээвэрлэх бүх процесст зарцуулагдсан ба төмрийн хүдэр олборлон гаалийн талбайд буулгасан. Худалдан авагч хятад тал нь хүдрийн агуулга бага байна гэсэн үндэслэлээр төмрийн хүдэр авахаас удаа дараа татгалзсан юм.

С.Баас миний өгсөн бэлэн мөнгө болон эд материалын жагсаалтыг гаргуулж өгөх ба үүнийг баримтжуулах хэрэгтэй юм. Иймд энэ хэрэг эцэслэн шийдвэрлэхэд хэдэн төгрөг нэхэмжлэх эрхтэй. Тэр үеийн 2018 оны ам.долларын ханшийг ямар үнээр дүйцүүлж бодох талаар тодруулах хэрэгтэй ямар нэг байдлаар залилан мэхлээгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Д.Гт холбогдуулан гэм хорын хохиролд 423,927,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 421,227,216 төгрөг болгож багасгасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зохицуулснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлж, түүний тодорхойлсон үндэслэл, шаардлагаар хэргийг хэлэлцэх журамтай.

Нэхэмжлэгчээс хохиролд 421,227,216 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг тодруулахад хариуцагч Д.Гтай анх төмрийн хүдэр худалдан авахаар тохиролцсон боловч тухайн үүрэг бус төмрийн хүдрийг нийлүүлээгүй залилан мэхэлсэн гэм буруутай үйлдлээс учирсан хохирлыг арилгуулах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байгаа гэж тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр бус мөн зүйлийн 8.1.5-д заасан гэрээний бус үүргийн үндэслэлээр буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн тодорхойлсон үндэслэлээр хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зохицуулсан.

Тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийг “амаар тохиролцсны дагуу төмрийн хүдрийг нийлүүлээгүй улмаас хохирол учруулж, тус гэм буруутай үйлдлийг нь холбогдох байгууллагаас шалган тогтоосон” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч С.Б Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Д.Гын залилан мэхэлсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар гаргасан гомдлын дагуу шалгаж, тус дүүргийн Прокурорын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2078 дугаартай шийдвэрээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 8 дахь талд/

Уг шийдвэрт С.Б нь гомдол гаргасны дагуу Д.Гт эрүүгийг хэрэг үүсгэн шалган Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 241 дугаартай “Прокурорын тогтоол”-р Д.Гт холбогдох хохирогч С.Бт “төмрийн хүдэр худалдан авч өгнө” гэж дансаар 176,400 ам доллар залилан авч, 246,960,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 6-7 дахь талд/

Хариуцагч нь татгалзалын үндэслэлээ “нэхэмжлэгчтэй төмрийн хүдэр хятад улс руу гаргахаар харилцан тохиролцож, 176,400 ам долларыг хүлээн авч, төмрийн хүдрийг 80,000 ам доллараар П.Энхболдоос худалдан авч нийлүүлсэн боловч хүлээн авагч хятад тал төмрийн хүдэр агууламжиндаа нийцээгүй үндэслэлээр хүлээн аваагүй” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Голомт банк”-ны орлогын баримтаар Д.Гын дансанд 176,400 ам долларыг бэлнээр шилжүүлсэн гэж тайлбарласан бөгөөд тус мөнгийг хүлээн авсантай хариуцагч маргахгүй байна. /х.х-ийн 9 дэх талд/

Мөн хэрэгт авагдсан баримтаар гэрч Д.Энхболд мэдүүлэхдээ “ ... Д.Г надад урьдчилгаа төлбөр гэж 40,000 ам доллар өгсөн гэж мэдүүлсэн, одоо санахад 80,000 орчим ам доллар өгсөн санагдаж байна. Би өгсөн мөнгөний хэмжээгээр төмрийн хүдрийг бэлдэж гаалийн хяналтын талбай дээр 1500 тонн төмрийн хүдэр буулгаад орхисон, буулгаж орхисноос хойшхи асуудлыг Д.Г мэдэх ёстой” гэж, хохирогч С.Б мэдүүлэхдээ “... Д.Г надад хоёр шуудай төмөрийн хүдэрийн дээж БНХАУ-ын Эрээн хотод элчин консулаар ажиллаж байхад аваачиж өгсөн юм.” ... Д.Г тухайн үедээ төмрийн хүдэр бэлдэх гэж байгаа компанийн талаар ярьж байсан. Би компанийн нэрийг одоо санахгүй байна” гэж тус тус мэдүүлжээ. /х.х-ийн 115-118 дахь талд/

Түүнчлэн зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр С.Б, Д.Г нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн акт” гэх хоёр талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримтыг үйлдсэн байна. /х.х-ийн 113 дахь талд/

Мөн зохигчид хэн аль нь хариуцагч нь төмрийн хүдэр нийлүүлэх үүрэг гүйцэтгэх, төмрийн хүдрийн үнийг нэхэмжлэгч тал төлөх үүргийг хүлээн тодорхой тохиролцоонд хүрч байсан талаар тайлбарлаж байна.

Зохигчдын үйл баримтын талаарх тус тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаас дүгнэн үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, тодорхой хүсэл зоригийн үндсэн дээр илэрхийлэгдсэн буюу гэрээний үндсэн дээр үүссэн үүрэг нь гэрээний бус зөрчлийн үндсэн дээр үүссэн үүрэгтэй энэ тохиолдолд давхцах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, гэрээний үндсэн дээр үүссэн үүрэг нь урьдчилан тохиролцсон байх тус үүргийг зөрчсөн тохиолдолд шаардах эрхийг хэн хэрэгжүүлэх, хариуцлагыг хэн хүлээх зэргээс шалтгаалж, маргаан шийдвэрлэх хууль хэрэглээний журам, нотлох үүргийн хуваарилалтын хувьд  гэрээний бус үүргээс ялгаатай.

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зохицуулсан “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр” үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг гэрээний үүргийн зөрчлийн агуулгаар бус гэм хор учруулсан үүргийн агуулгаар тодорхойлсон тул зохигчдын тайлбарт тусгагдсан хүсэл зоригийн илэрхийлэл нь тодорхой ямар төрлийн гэрээний үүрэг болох, тус гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний үүргийн аль тал хэрхэн зөрчсөн, ийнхүү зөрчсөнөөс ямар үр дагавар, хохирол үүссэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй юм.

Учир нь, талууд гэм хор учруулснаас үүсэх үүргээс бусад үндэслэлээр мэтгэлцэж, нотлох үүрэг хүлээгээгүй болно.

Прокурорын тогтоолоор хариуцагчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдана гэсэн нь талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг тодорхойлохгүй.

Хэдийгээр, хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх, холбогдох  этгээд  гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн нь иргэний хэргийг хянан шийдвэрлэж  буй  шүүхэд  дахин  нотлох шаардлагагүй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй маргааны үйл баримтыг тогтоосон гэж үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Ийнхүү дээр дурдсан үндэслэлээр зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан болон тухайн хохирол шаардах эрх бүхий харилцаа мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт зааснаар үүссэн гэж үзээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Гаас 421,227,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ЭНХЖАРГАЛ

 

 

                            ШҮҮГЧИД,                                      Б.МАНДАЛБАЯР

 

 

                                                                                 Д.ЦЭРЭНДОЛГОР