Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00050

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00211 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 485 дугаар магадлалтай,

С.Б-ийн нэхэмжлэлтэй,

Д.Г-т холбогдох

Гэм хорын хохиролд 421.227.216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Д.Г-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Д.Г-т 176.400 ам.доллар өгч залилуулсан. Д.Г-ын үйлдлийг Цагдаагийн байгууллага шалгасны эцэст Прокурорын байгууллага залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх боловч Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэх үндэслэлээр 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг хааж шийдвэрлэсэн. Уг тогтоолд С.Б- миний биеийг өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу 176.400 ам.доллар нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Монгол банкны ханшаар 434.727.216 төгрөг болж байна. Үүнээс Д.Г-ын төлсөн 13.500.000 төгрөгийг хасч тооцоод 421.227.216 төгрөг болно. Иймд Д.Г-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу 421.227.216 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Хэрэгт хавсаргасан баримтууд нь нэхэмжлэлд хамааралгүй. Хэргийн баримтад Хүдэрчулуу буюу Лут Чулуу ХХК-ийн менежер н.Энхболд нь надаас 95.000 ам.долларыг бэлнээр авсныг нэхэмжлэх дүнгээс огт хасаагүй. Миний бие нь Мерседес бенз ML320 маркийн тээврийн хэрэгслийг 12.000.000 төгрөгт дүйцүүлж өгсөн. Бэлэн мөнгө өгснийг дэлгэрэнгүй тайлбарлаагүй. 10.800.000 төгрөгийг төлсөн гэж дутуу дулимаг оруулж тайлбарласан тул эдгээрийг С.Б-аас тодруулж тайлбар авч өгнө үү. С.Б-т 82.000.000 төгрөгийн зурагт өгснийг тодруулж тайлбарлаж, гарын үсэгтэй баримт хийлгэж авах хэрэгтэй байна. С.Б-аас авсан гэх 176.400 ам.долларын хэдий хэмжээний мөнгөн хөрөнгө нь төмрийн хүдэр нийлүүлэх урсгал зардалд зарцуулсан, орсон гэх мэт юунд зарцуулж байсан ба энэ дүнг нийт нэхэмжилж буй дүнгээс хасч өгөх талаар тодруулах хэрэгтэй байна. Нийт мөнгөн дүн нь төмрийн хүдэр олборлож тээвэрлэх бүх ажиллагаанд зарцуулагдсан ба төмрийн хүдэр олборлон гаалийн талбайд буулгасан. Худалдан авагч Хятад улсын тал нь хүдрийн агуулга бага байна гэсэн үндэслэлээр төмрийн хүдэр авахаас удаа дараа татгалзсан юм. С.Б-аас миний өгсөн бэлэн мөнгө болон эд материалын жагсаалтыг гаргуулж өгөх ба үүнийг баримтжуулах хэрэгтэй юм. Иймд энэхүү хэрэг эцэслэн шийдвэрлэхэд хэдэн төгрөг нэхэмжлэх эрхтэй. Тухайн үеийн ам.долларын ханш хэд байх талаар тодруулах хэрэгтэй ямар нэг байдлаар залилан мэхлээгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00211 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Г-аас 421.227.216 төгрөг гаргуулах тухай С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б- нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 485 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00211 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч С.Б- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдолд ...Давж заалдах шатны шүүх "...Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэлд дурьдсан Чингэлтэй дүүргийн Прокурорын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2078 дугаартай шийдвэр нь хэрэгт огт авагдаагүй байхад уг баримтыг хэргийн 8 дугаар талд авагдсан гээд үүгээр Д.Г-ын залилан мэхэлсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна гэж дүгнэлт хийжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэг шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасныг зөрчсөн байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байна...” гэж дүгнэн шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн 5 дугаар талд авагдсан баримтыг 8 дугаар талд гэж технкийн алдаатай бичигдсэнийг 8 дугаар талд нотлох баримт нь байхгүй тул гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэргийн 5 дугаар талд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 452 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хяналтын прокурор З.Энхжаргалын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2078 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Д.Г-т эрүүгийн хэрэг үүсгэн Цагдаагийн байгууллагад шилжүүлж гомдлыг хүлээн авсан тухай байдаг. Шүүх энэ баримтад дүгнэлт хийсэн нь тодорхой байтал заавал 2078 дугаартай шийдвэр байх ёстой байсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн эвлэрүүлэх арга хэмжээг өөрийн санаачилгаар хийгээгүй гэж анхан шатны шүүхийг буруутгасанд гомдолтой байна. Анхан шатны шүүхэд энэ талаар удаа дараагийн хүсэлт тавьж анхан шатны шүүх ханган шийдвэрлэж байсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн эрхтэй тул эвлэрлийн асуудлаар тухай бүр ярилцаж байсан болно. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрдөг тухай асуудлаар нэхэмжлэгчтэй өөртэй нь ярилцаж байсан бөгөөд төмрийн хүдрийг худалдан авахаар тохирсон хятадын компаниас гаргасан төлбөрийн өөрт оногдох хэсгийг хариуцах талаар найзын хувьд санал санаачилга гаргадаг байсан болно. Ер нь С.Б- өөрөөсөө гаргаагүй өөрийн биш мөнгийг надаас нэхэж удаан хугацаанд шүүх цагдаагийн байгууллагаар явж байгаад маш их гомдолтой байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Б- хариуцагч Д.Г-аас гэм хорын хохиролд 423.927.216 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэх боломжтой байсныг анхаараагүйг магадлалд заасан нь буруу биш байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэж тодорхойлж, нотлох баримтаар эрх бүхий байгууллагын буюу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2018.04.03-ны өдрийн Д.Г-т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан тогтоолыг үндэслэснийг анхан шатны шүүх үгүйсгэсэн нь учир дутагдалтай болжээ.

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 485 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ