Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2018/02276

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2018/02276

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Уранчимэг, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Эрмүүн /РД:/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.д /РД:/-д холбогдох

Гэм хорын хохиролд 17,426,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Т, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ж, иргэдийн төлөөлөгч Ч.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. д нь 2013 оны 8 сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40-91 УНГ улсын дугаарын автомашинтай явж байхдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хурд хэтрүүлэн явахдаа миний хүү 13 настай Д.Эрмүүнийг дайрч осол гаргаснаас Д. Эрмүүний биед ...зүүн атгаал ясны өсөлтийн бүсийн зөрөөтэй битүү хугарал, баруун шаант ясны дээд хэсгийн далд хугаралт, баруун дунд чөмөгний өсөлтийн бүсийн гэмтэл, өвдөгний үеийн холбоосны язрал, шөрмөсний суналт, доод уруул эрүүний оочны хэсэгт няцарсан шарх, зүүн дээд 1-р шүдний хугарал, 2-р шүдний эмтрэл, баруун сарвуу, шуу, зүүн гуя, өвдөг шагайнд цус хуралт, баруун сарвуу, шуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун чихний 3-р зэргийн сонсголын бууралт, баруун дунд чөмөгний булуунд ясны няцрал гэсэн гэмтэл учирч мөн дахин шинжилгээгээр ...баруун мэдрэхүй-мэдрэлийн сонсгол баруун чихний сонсголгүй болсон, мөн зүүн чихний сонсгол бүрэн буурсан, баруун дунд чөмөгний булуунд ясны няцрал, хөдөлмөрийн чадварыг тогтонгид 25 хувь алдагдуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн онош бүхий Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд гарч, Д.дэд холбогдох эрүүгийн хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 сарын1-ний өдрийн 384 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэж, давж заалдах, хяналтын шатны шүүхээр анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Миний хүү Д.Эрмүүнд эрүүл мэндийн хувьд нөхөж баршгүй хохирол учирсан билээ. Үүнээс үүдэлтэй Д.дийн буруутай үйлдлээс миний хүү байнгын эмнэлэг, эмчийн хяналтад байж, эмчилгээ хийлгэж байгаа. Мөн гэмтэл авсан шүдэндээ сувгийн эмчилгээ хийлгэсэн, мөн бүрээс хийлгэсэн, имплант хийлгэсэн, гажиг засуулсан, удаа дараа эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн, биеийн эсэргүүцэл нь унасныг сэргээлгэх эмчилгээнд орсон зэргээр эмчилгээний зардал, эмнэлэгт эмчилгээ хийлгэсний хичээл нөхөлт зэрэг зардал нь нийт 17,378,750 төгрөгийг, нотариатын зардалд 47,900 төгрөгийг, нийт 17,426,650 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж эмчилгээний болон сургалтын зардалд нийт 13,727,950 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.д нь 2013 оны 8 сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40-91 УНГ улсын дугаартай автомашинтай явж байхдаа зам тээврийн осол гаргаж 13 настай Д.Эрмүүнд гэмтэл учруулж тус үйлдэлтэй холбоотойгоор Д.Эрмүүний эмчилгээ, сувилгаа мөн нөхөн сэргээлт болон эм тарианд Д.дийн зүгээс 18,581,436 төгрөг төлсөн байдаг. Нэхэмжлэлээс хархад Д.Эрмүүний эрүүл мэндэд зарцуулагдах ёстой байсан 2015 оны 4 сарын 1-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 884 тоот тогтоолд дурдагдсан мөнгөн төлбөр нь Д.Эрмүүний эрүүл мэндэд зарцуулагдаагүй гэдэг нь харагдаж байна. Д.д миний бие хуульд заагдсан хариуцлага хүлээж мөн миний зүгээс хохирогч Д.Эрмүүний эрүүл мэндэд зарцуулагдах ёстой эрүүл мэндийн нөхөн сэргээлт, эмчилгээ сувилгаа, эм эмийн бүтээгдэхүүн зэргийн төлбөр болох хуулийн байгууллагаар тогтоогдсон 18,581,436 төгрөг хохиролд төлсөн бөгөөд миний зүгээс төлсөн хохирлын төлбөрийг давхцуулан гэм хорын хохирол гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шаардлагыг нотолж байгаа гэх төлбөрийн баримтууд нь мөнгө тушаагчийн гарын үсэггүй, хэрэглэсэн гэх эм, тариа нь эмчийн заавраар зайлшгүй хэрэглэх шаардлагатай эм тариа байсан эсэх нь тодорхойгүй, шүдний гажиг засал, оношилгоо, эмчилгээтэй холбоотой гарсан гэх зардал нь зам тээврийн осол болох үед гэмтсэн шүдтэй хамааралгүй өөр шүдэнд хийгдсэн, гоо сайхны шинжтэй эмчилгээний зардлыг нэхэмжилсэн, худалдан авсан гэх зарим эм тариа нь ямар эм тариа болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө уг эм тарианы нэрийг гаргацгүй гэж зардлын жагсаалтдаа дурдсан атлаа ямар эм тариа болох нь мэдэгдэхгүй зүйлийн үнэ нэхэмжилсэн, эмнэлгийн байгууллагын тооцооны хуудас, зарлагын баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн атлаа тухайн тооцооны хуудас, зарлагын баримтад заасан мөнгөн дүнг төлсөн төлбөрийн баримтгүй, өмнө төлсөн төлбөрийн давхцуулан нэхэмжилсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Эрмүүн нь хариуцагч Д.дэд холбогдуулан тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ осол гаргасны улмаас учруулсан гэм хорын хохиролд 17,426,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 13,727,950 төгрөг болгон тодруулан багасгаж байна.

Хариуцагч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2013 оны 8 сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.д нь 4091 УНГ улсын дугаартай Хонда си ар ви /H.CRV/ загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 13 настай Д.Эрмүүнийг мөргөж, бие махбодод нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 сарын 1-ний өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 сарын 21-ний өдрийн 411 дугаартай магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 сарын 1-ний өдрийн 227 дугаартай тогтоолын хуулбар зэрэг /хх-4-16 тал/-ээр тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх үйл баримт болон хариуцагчийн гэм буруугийн талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь заалтад Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дахь заалтад Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан, хариуцагч Д.д нь зам тээврийн осолд буруутай бөгөөд нэхэмжлэгч Д.Эрмүүний биед хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Д.д нь Д.Эрмүүний эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нийт 17,426,650 төгрөг нэхэмжилсний 10,650,850 төгрөгийн зардал нь шүдний гажиг засал, оношилгоо, эмчилгээтэй холбоотой, 1,922,800 төгрөгийн зардал нь сургалтын төлбөртэй холбоотой, 4,805,100 төгрөгийн зардал нь эм, эмийн хэрэгсэлтэй холбоотой, 47,900 төгрөгийн зардал нь нотариатын үйлчилгээтэй холбоотой зардал байсан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 13,727,950 төгрөг болгон багасгаж, эмчилгээний болон бусад зардлын жагсаалт нэртэй баримт /хх-17 тал/-д дурдагдсан 2014 оны 9 сарын 18-ны өдрийн огноотой шүдний эмчилгээтэй холбоотой зардлаас хойших эмчилгээний болон бусад зардлыг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Нэхэмжлэгчийн багасгаж тодруулсан нэхэмжлэлийн шаардлагаас сургалтын төлбөртэй холбоотой зардал болох 1,922,800 төгрөгийн зардал нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дахь заалтад заасан эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардалд хамаарахгүй, хариуцагчийн гэм буруугийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул тодруулан багасгасан шаардлагаас 1,922,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 11,805,150 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.дээс гэм хорын хохиролд 11,805,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эрмүүнд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шаардлагыг нотолж байгаа гэх төлбөрийн баримтууд нь мөнгө тушаагчийн гарын үсэггүй, хэрэглэсэн гэх эм, тариа нь эмчийн заавраар зайлшгүй хэрэглэх шаардлагатай эм тариа байсан эсэх нь тодорхойгүй, шүдний гажиг засал, оношилгоо, эмчилгээтэй холбоотой гарсан гэх зардал нь зам тээврийн осол болох үед гэмтсэн шүдтэй хамааралгүй өөр шүдэнд хийгдсэн, гоо сайхны шинжтэй эмчилгээний зардлыг нэхэмжилсэн, худалдан авсан гэх зарим эм тариа нь ямар эм тариа болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө уг эм тарианы нэрийг гаргацгүй гэж зардлын жагсаалтдаа дурдсан атлаа ямар эм тариа болох нь мэдэгдэхгүй зүйлийн үнэ нэхэмжилсэн, эмнэлгийн байгууллагын тооцооны хуудас, зарлагын баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн атлаа тухайн тооцооны хуудас, зарлагын баримтад заасан мөнгөн дүнг төлсөн төлбөрийн баримтгүй, өмнө төлсөн төлбөрийн давхцуулан нэхэмжилсэн зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжилсэн мөнгөн дүн нь шийтгэх тогтоолд дурдсан Д.дийн төлсөн 17,844,500 төгрөгийн хохиролтой давхацсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт нэртэй баримтаар Д.Эрмүүн нь 2013 оны 10 сарын 6-ны өдрөөс 2018 оны 10 сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй үзлэг эмчилгээ хийлгэсэн, хийлгэсэн үзлэг, эмчилгээ нь зам тээврийн ослын улмаас авсан гэмтэлтэй холбоотой, осол болсноос хойш Д.Эрмүүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нь 79 хувь болж нэмэгдсэн болох нь тогтоогдсон, гаргасан зардлыг нотлох баримт болгон шүүхэд гаргаж өгсөн эмнэлгийн тодорхойлолт, тооцооны хуудас, зарлагын баримтууд /хх-20, 26,27,29-41 тал/-д эмчилгээ үйлчилгээ авсан, худалдан авалт хийсэн этгээдийн нэрийг Д.Эрмүүн гэж тэмдэглэсэн, уг баримтууд дахь эмчилгээ, үйлчилгээ, худалдан авалтын үнийн дүн нь нийт 12,156,550 төгрөг болсон зэрэг байдал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй болохыг нотолж байх тул хариуцагчийн гаргасан татгалзлыг шүүх үндэслэлгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Д.дээс гэм хорын хохиролд 11,805,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эрмүүнд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 1,922,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Д.дээс улсын тэмдэгтийн хураамжид 203,832 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ