Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2479

 

 

Д.Э-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/02276 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Э-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Д-д холбогдох

 

Гэм хорын хохирол 13 727 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д  нь 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40-91 УНГ улсын дугаарын автомашинтай явж байхдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хурд хэтрүүлэн явахдаа миний хүү 13 настай Д.Э-ийг дайрч осол гаргаснаас Д.Э-ний биед ...зүүн атгаал ясны өсөлтийн бүсийн зөрөөтэй битүү хугарал, баруун шаант ясны дээд хэсгийн далд хугаралт, баруун дунд чөмөгний өсөлтийн бүсийн гэмтэл, өвдөгний үеийн холбоосны язрал, шөрмөсний суналт, доод уруул эрүүний оочны хэсэгт няцарсан шарх, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, 2 дүгээр шүдний эмтрэл, баруун сарвуу, шуу, зүүн гуя, өвдөг шагайнд цус хуралт, баруун сарвуу, шуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун чихний 3 дугаар зэргийн сонсголын бууралт, баруун дунд чөмөгний булуунд ясны няцрал гэсэн гэмтэл учирч мөн дахин шинжилгээгээр ...баруун мэдрэхүй-мэдрэлийн сонсгол баруун чихний сонсголгүй болсон, мөн зүүн чихний сонсгол бүрэн буурсан, баруун дунд чөмөгний булуунд ясны няцрал, хөдөлмөрийн чадварыг тогтонгид 25 хувь алдагдуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн онош бүхий Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд гарч, Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 384 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэж, давж заалдах, хяналтын шатны шүүхээр анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Миний хүү Д.Э-д эрүүл мэндийн хувьд нөхөж баршгүй хохирол учирсан. Үүнээс үүдэлтэй Д.Д-ийн буруутай үйлдлээс миний хүү байнгын эмнэлэг, эмчийн хяналтад байж, эмчилгээ хийлгэж байгаа. Мөн гэмтэл авсан шүдэндээ сувгийн эмчилгээ хийлгэсэн, мөн бүрээс хийлгэсэн, имплант хийлгэсэн, гажиг засуулсан, удаа дараа эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн, биеийн эсэргүүцэл нь унасныг сэргээлгэх эмчилгээнд орсон зэргээр эмчилгээний зардал, эмнэлэгт эмчилгээ хийлгэсний хичээл нөхөлт зэрэг зардал нь нийт 17 378 750 төгрөгийг, нотариатын зардалд 47 900 төгрөгийг, нийт 17 426 650 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж эмчилгээний болон сургалтын зардалд нийт 13 727 950 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д  нь 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40-91 УНГ улсын дугаартай автомашинтай явж байхдаа зам тээврийн осол гаргаж 13 настай Д.Э-д гэмтэл учруулж тус үйлдэлтэй холбоотойгоор Д.Э-ний эмчилгээ, сувилгаа мөн нөхөн сэргээлт болон эм тарианд Д.Д-ийн зүгээс 18 581 436 төгрөг төлсөн байдаг. Нэхэмжлэлээс хархад Д.Э-ний эрүүл мэндэд зарцуулагдах ёстой байсан 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 884 тоот тогтоолд дурдагдсан мөнгөн төлбөр нь Д.Э-ний эрүүл мэндэд зарцуулагдаагүй гэдэг нь харагдаж байна. Д.Д  миний бие хуульд заасан хариуцлага хүлээж мөн миний зүгээс хохирогч Д.Э-ний эрүүл мэндэд зарцуулагдах ёстой эрүүл мэндийн нөхөн сэргээлт, эмчилгээ сувилгаа, эм эмийн бүтээгдэхүүн зэргийн төлбөр болох хуулийн байгууллагаар тогтоогдсон 18 581 436 төгрөг хохиролд төлсөн бөгөөд миний зүгээс төлсөн хохирлын төлбөрийг давхцуулан гэм хорын хохирол гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шаардлагыг нотолж байгаа гэх төлбөрийн баримтууд нь мөнгө тушаагчийн гарын үсэггүй, хэрэглэсэн гэх эм, тариа нь эмчийн заавраар зайлшгүй хэрэглэх шаардлагатай эм тариа байсан эсэх нь тодорхойгүй, шүдний гажиг засал, оношилгоо, эмчилгээтэй холбоотой гарсан гэх зардал нь зам тээврийн осол болох үед гэмтсэн шүдтэй хамааралгүй өөр шүдэнд хийгдсэн, гоо сайхны шинжтэй эмчилгээний зардлыг нэхэмжилсэн, худалдан авсан гэх зарим эм тариа нь ямар эм тариа болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө уг эм тарианы нэрийг гаргацгүй гэж зардлын жагсаалтдаа дурдсан атлаа ямар эм тариа болох нь мэдэгдэхгүй зүйлийн үнэ нэхэмжилсэн, эмнэлгийн байгууллагын тооцооны хуудас, зарлагын баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн атлаа тухайн тооцооны хуудас, зарлагын баримтад заасан мөнгөн дүнг төлсөн төлбөрийн баримтгүй, өмнө төлсөн төлбөрийн давхцуулан нэхэмжилсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Д.Д-с гэм хорын хохиролд 11 805 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 1 922 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Д.Д-с улсын тэмдэгтийн хураамжид 203 832 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийтгэх тогтоол 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Э  нь эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол гарснаас өмнөх хохирлыг давхардуулан нэхэмжилсэн 4 666 500 төгрөг хасах ёстой байтал 3 699 500 төгрөг хассан. Үүний зөрүү болох 967 000 төгрөг хасагдаж тооцогдоогүй байна. Хариуцагч Д.Д нь шийтгэх тогтоолоос өмнө төлбөрийг бүрэн төлсөн. Гэтэл нэхэмжлэгч Д.Э нь давхардуулан нэхэмжилсэн байна.

Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр баруун дээд 1.2-р шүд хөдөлсөн. Гадаргуу эвдэрсэн. 2 дугаар шүд дундуураа хугарсан зэргийн гэмтэлийг тогтоосон байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэнд авто-аваарын улмаас нийт шүдэнд гажиг үүссэн талаар юу ч дурдагдаагүй байна. Гэтэл нэхэмжлэгч Д.Э  нь гоо сайхны шүдний аппарат нийт 5 300 000 төгрөгөөр тавиулсан гэж нэхэмжилсэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хариуцагч Д.Д-с хиймэл шүд, имплянт буюу эрүүнд суулгадаг шүд хийлгэнэ гэж 4 666 500 төгрөг төлсөн байна. Мөн Д.Э  нь шүдний гажиг заслын аппарат хийлгэхдээ тухайн эмнэлэгтэй гэрээ хийсэн боловч мөнгө тушаасан баримт байхгүй байна. Нийт 3 жилийн хугацаанд авч хэрэглэсэн эм нь 4 738 148 төгрөг гэж нэхэмжилсэн. Тухайн эмүүд нь эмийн сангуудаас авсан баримт нь хэн хүлээж авсан тухай гарын үсэг үгүй, Д.Э-ний истори буюу эмчилгээний дэвтэр дээр эмч нь энэ эмнүүдийг хэрэглэх талаар, истори дээрээ бичилт хийгдээгүй байх юм. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан 11 805 150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

.    .  .                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Д.Э  нь хариуцагч Д.Д-д холбогдуулан гэм хорын хохирол 17 426 650 төгрөг гаргуулахаар шаардсанаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд багасгаж 13 727 950 төгрөг болгосон боловч хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нь шийтгэх тогтоол гарснаас хойшхи хугацааны эмчилгээний зардал нэхэмжилснээс “11 дүгээр шүдний бүрээс хийлгэхэд 600 000 төгрөг, 21 дүгээр шүдний бүрээс хийлгэхэд 800 000 төгрөг, 11, 21 дүгээр шүдний имплант хийлгэхэд 2 140 800 төгрөг шүдний сувгийн эмчилгээний 110 000 төгрөг нийт 3 650 000 төгрөг” давхардсаныг хасч тооцсон гэж тайлбарласан бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж шүүхийн шийтгэх тогтоолоор 18 581 436 төгрөг төлсөн байхад хохирлыг давхардуулан нэхэмжилсэн гэж мэтгэлцэж байна.

 

Хариуцагч Д.Д нь 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4091 УНГ улсын дугаартай Хонда си ар ви загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 13 настай Д.Э-ийг мөргөж, бие махбодод нь гэмтэл учруулсан болох нь хэргийн 4-16 дахь талд авагдсан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 227 дугаар тогтоолоор тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Уг ослын улмаас Д.Э-ний баруун чих сонсголгүй, зүүн чихний сонсгол буурч 79 хувиар хөдөлмөрийн чадвар алдсан нь амбулториор эмчлүүлэгсдийн карт дахь чих хамар хоолойн эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл, чихний сонсголын бичлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нарын хурлын шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 014880 тоот шийдвэрээр тогтоогдсон байх ба тэрээр цаашид чихний дунгийн ясны суулгацын хагалгаа хийлгэх шаардлагатай боловч уг хагалгааг хийлгээгүй учир энэ талаарх эмчилгээний зардлыг нэхэмжлээгүй байна.

 

Мөн зам тээврийн ослоос түүний шүдэнд гажиг үүссэн нь 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гажиг заслын эмчид үзүүлсэн “21 шүд хугарсан, 11 шүд эмтэрсэн, Г1 шүд эсрэг харших шүд хугарсаны улмаас сунасан, тодорхой шүднүүдэд байрлалын гажиг илэрсэн, ойролцоогоор 2-2.5 жилийн дараа гажиг заслын зэмсэг эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэсэн амбулториор эмчлүүлэгсдийн карт дахь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зам тээврийн ослоос нэхэмжлэгчийн биед шүдний гажиг үүсээгүй гэх тайлбар болон давж заалдах гомдол няцаагджээ.

 

Нэхэмжлэгч Д.Э шүдний гажиг заслын эмчилгээг “Басхүү имплант” шүдний эмнэлэгт хийлгэсэн, уг эмчилгээний төлбөр 6 200 000 төгрөг нь шүдний имплант болон шүдний бүрээс, шүдний сувгийн эмчилгээ хийлгэсэн 3 650 800 төгрөгийн зардалтай давхацаагүй болох нь тус эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01/32 тоот албан бичгээр тогтоогдсон гэж үзнэ.                                                   /хэргийн 20 дахь тал/

 

Дээрх зам тээврийн ослоос нэхэмжлэгч Д.Э-ний бие махбодод баруун шаант ясны далд хугарал, зүүн шууны өсөлтийн бүсийн хугарал, дээд үүдэн шүд баруун-1, зүүн 1, 3 дугаар шүдний булгарал, доод уруул оочны шархны, баруун тохой, баруун өвдөгний зулгаралтын сорви, баруун чихний дүлий, зүүн чихний 3 дугаар зэргийн сонсгол бууралт зэрэг хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл учирсан нь бүрэн эдгээгүйгээс байнгын эмчийн хяналтад байж, эмчилгээ сувилгаа хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн карт, түүнд хийгдсэн тэмдэглэгээ, эмнэлэгт үзүүлсэн болон гарсан зардлуудын талаарх баримтуудаар тогтоогджээ.                              /хэргийн 50-80 дахь тал/

 

Нэхэмжлэгч Д.Э зарим үед ухаан алдаж унах, толгой нь байнга өвдөж, дотор муухайрах, бөөлжис цутгах, хамар битүүрэх, чих шуугих, бөөр ууц нуруугаар хөшиж өвдөх зовиурын улмаас гэмтлийн, мэдрэлийн, сэтгэцийн, чих хамар хоолойн эмчид үзүүлж тархины хаван хөөх, цусан хангамж сайжруулах, үрэвслийн эсрэг, биеийн дархлаа сайжруулах, нөхөн сэргээх эмчилгээнүүдийг удаа дараа хийлгэсэн байх ба уг хугацаанд Д.Э-ний худалдан авч хэрэглэсэн эм тарианы санхүүгийн баримтыг амбулториор эмчлүүлэгсдийн карт дахь эмчлэгч эмчийн бичсэн эмчилгээтэй тулгаж үзэхэд эмчийн бичсэн эм тарианаас зөрсөнгүй.                                                /хэргийн 26-41, 50-80 дахь тал/

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Э-ний амбулториор эмчлүүлэгчийн карт болон эм тариа худалдан авсан санхүүгийн баримтыг хооронд нь харьцуулан үзвэл эмчлэгч эмч нарын бичсэн эм тариаг худалдан авч, эмчилгээ хийлгэсэн тул бодитой зардал гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх эм тариа худалдан авсан санхүүгийн баримтад худалдан авагч өөрөө гарын үсэг зураагүй гэдгээр эдгээр эмийг бодитойгоор худалдан аваагүй, хэрэглээгүй гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Хариуцагч Д.Д-ийн гэм буруутай үйлдэл нь нэхэмжлэгчид учирсан гэм хортой шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг хариуцагчаас нэхэмжилсэн, түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх журамтай. Өөрөөр хэлбэл, хуульд тухайлан заагаагүй тохиолдолд эдийн бус гэм хорын хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг шүүхээс хариуцагчид хүлээлгэх боломжгүй юм.

 

            Иймд анхан шатны шүүх хариуцагч Д.Д-с 11 805 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 922 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Нэхэмжлэгчийн сургалтын төлбөртэй холбоотой 1 922 800 төгрөгийн зардал нь түүний эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардалд хамаарахгүй, харицагчийн гэм буруугийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 922 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо авч хэрэглэсэн эмийг эмийн сангуудаас авсан баримтад хэн хүлээж авсан тухай гарын үсэггүй, Д.Э-ний истори буюу эмчилгээний дэвтэрт эмч тухайн эмүүдийг хэрэглэх талаар бичилт хийгдээгүй гэх үндэслэлийг зааж байгаа боловч эмийн баримтад гарын үсэг зураагүй байгаа нь тухайн эмийг аваагүй, эм тарианы зардал гаргаагүй гэж шууд үгүйсгэх үндэслэл болохгүй тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/02276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 832 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ