Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00595

 

Д.Э-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/02276 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2479 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Э-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Д-эд холбогдох,

Гэм хорын хохирол 13 727 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Дэжид нь 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40-91 УНГ улсын дугаарын автомашинтай явж байхдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин хурд хэтрүүлэн явахдаа миний хүү 13 настай Д.Э-нийг дайрч осол гаргаснаас Д.Э-ний биед ...зүүн атгаал ясны өсөлтийн бүсийн зөрөөтэй битүү хугарал, баруун шаант ясны дээд хэсгийн далд хугаралт, баруун дунд чөмөгний өсөлтийн бүсийн гэмтэл, өвдөгний үеийн холбоосны язрал, шөрмөсний суналт, доод уруул эрүүний оочны хэсэгт няцарсан шарх, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, 2 дүгээр шүдний эмтрэл, баруун сарвуу, шуу, зүүн гуя, өвдөг шагайнд цус хуралт, баруун сарвуу, шуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун чихний 3 дугаар зэргийн сонсголын бууралт, баруун дунд чөмөгний булуунд ясны няцрал гэсэн гэмтэл учирч мөн дахин шинжилгээгээр ...баруун мэдрэхүй-мэдрэлийн сонсгол баруун чихний сонсголгүй болсон, мөн зүүн чихний сонсгол бүрэн буурсан, баруун дунд чөмөгний булуунд ясны няцрал, хөдөлмөрийн чадварыг тогтонгид 25 хувь алдагдуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн онош бүхий Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд гарч, Д.Д-эд холбогдох эрүүгийн хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 384 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэж, давж заалдах, хяналтын шатны шүүхээр анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Миний хүү Д.Э-нд эрүүл мэндийн хувьд нөхөж баршгүй хохирол учирсан. Үүнээс үүдэлтэй Д.Д-ийн буруутай үйлдлээс миний хүү байнгын эмнэлэг, эмчийн хяналтад байж, эмчилгээ хийлгэж байгаа. Мөн гэмтэл авсан шүдэндээ сувгийн эмчилгээ хийлгэсэн, мөн бүрээс хийлгэсэн, имплант хийлгэсэн, гажиг засуулсан, удаа дараа эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн, биеийн эсэргүүцэл нь унасныг сэргээлгэх эмчилгээнд орсон зэргээр эмчилгээний зардал, эмнэлэгт эмчилгээ хийлгэсний хичээл нөхөлт зэрэг зардал нь нийт 17 378 750 төгрөгийг, нотариатын зардалд 47 900 төгрөгийг, нийт 17 426 650 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж эмчилгээний болон сургалтын зардалд нийт 13 727 950 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Дэжид нь 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зам тээврийн осол гаргаж 13 настай Д.Э-нд гэмтэл учруулж тус үйлдэлтэй холбоотойгоор Д.Э-ний эмчилгээ, сувилгаа мөн нөхөн сэргээлт болон эм тарианд нийт 18 581 436 төгрөг төлсөн байдаг. Нэхэмжлэлээс харахад Д.Э-ний эрүүл мэндэд зарцуулагдах ёстой байсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 884 тоот тогтоолд дурдагдсан мөнгөн төлбөр нь Д.Э-ний эрүүл мэндэд зарцуулагдаагүй гэдэг нь харагдаж байна.

Д.Д- миний бие хуульд заасан хариуцлага хүлээж мөн миний зүгээс хохирогч Д.Э-ний эрүүл мэндэд зарцуулагдах ёстой эрүүл мэндийн нөхөн сэргээлт, эмчилгээ сувилгаа, эм эмийн бүтээгдэхүүн зэргийн төлбөр болох хуулийн байгууллагаар тогтоогдсон 18 581 436 төгрөг хохиролд төлсөн бөгөөд миний зүгээс төлсөн хохирлын төлбөрийг давхцуулан гэм хорын хохирол гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/02276 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Д.Д-ээс гэм хорын хохиролд 11 805 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 1 922 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Д.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид 203 832 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2479 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/02276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 832 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Э-н нь эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол гаргаснаас өмнөх хохирлыг давхардуулан нэхэмжилсэн 4 666 500 төгрөг хасах ёстой байтал 3 699 500 төгрөг хассан. Үүний зөрүү болох 967 000 төгрөг хасч тооцоогүй байна.

.... Хариуцагч Д.Д- нь нэхэмжлэгч Д.Э-нд эмчилгээ сувилгаа мөн нөхөн сэргээлт, эм тариа, хиймэл шүд буюу имплант зэрэгт 18 581 436 төгрөг төлсөн байдаг.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шаардлагыг нотолж байгаа гэх төлбөрийн баримт нь хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд “Басхүү имплант” шүдний эмнэлгийн 2018 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолтод тухайн эмнэлэг нэхэмжлэгч Д.Э-ний шүдний гажиг заслын эмчилгээ цаашид шат дараалалтай хийх гэрээ байгуулах юм уу эсхүл эмчилгээ хийгдсэн гэдэг нь тодорхойгүй, хуульд аж ахуйн нэгж, эмнэлэг, байгууллага нь иргэнд аливаа үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд НӨАТ буюу нэмэгдсэн өртгийн албан татварын баримт буюу и-баримт олгох ёстой.

Нэхэмжлэгч Д.Э-н нь худалдан авсан гэх зарим эм тариа нь тодорхойгүй нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө уг эм тарианы нэрийг гаргацгүй гэж зардлын жагсаалтандаа дурдсан атлаа ямар эм тариа болох нь мэдэгдэхгүй зүйлийн үнэ нэхэмжилсэн. Мөн эмийн сангийн зарлагын баримтуудыг нотлох баримт гэж гаргаж өгсөн атлаа тухайн тооцооны хуудас зарлагын баримтад заасан мөнгөн дүн нь төлбөрийн баримтгүй НӨАТ-ын падаангүй зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Иймд нэхэмжлэлээс 7 167 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Тунгалаг нь өөрийн хүү Д.Э-ний биед учруулсан гэм хорыг арилгуулахаар хариуцагч Д.Д-ээс 17 426 650 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа багасгаж, 13 727 950 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагч Д.Д- нь шаардлагыг эс зөвшөөрч,   хохирогч Д.Э-ний эрүүл мэндэд зарцуулагдах ёстой эрүүл мэндийн нөхөн сэргээлт, эмчилгээ сувилгаа, эм эмийн бүтээгдэхүүн зэргийн төлбөр болох хуулийн байгууллагаар тогтоогдсон 18 581 436 төгрөг хохиролд төлсөн, төлбөрийг давхцуулан шаардаж байна гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Хариуцагч Д.Д- нь 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хонда Си Ар Ви маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 13 настай Д.Э-нийг мөргөж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, зохигч энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасан зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй болжээ. Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан эмчилгээний зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй болно.

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хоорондох эрх зүйн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Эмчилгээний зардлыг давхардуулан шаардсан, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт байхгүй гэх хариуцагч талын гомдлын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/02276 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2479 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 203 832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН