Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2020/02718

 

 

 

 

 

 

 

                      2020        12        14  

              182/ШШ2020/02718

    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух, эмэгтэй, дугаар регистртэй, А овогт Н.Аийн нэхэмжлэлтэй

  

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн тоотод оршин суух, эрэгтэй, дугаар регистртэй, Х овогт Б.Бд холбогдох.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 121.286.027 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.А, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.                                                                        

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Н.А би Б.Бын хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 70.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, cap бүр хүү төлж, сүүлийн 3 сард үндсэн зээлийг хувааж төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн тоот хаягт байх 102.4 м.2 талбайтай 3 өрөө байрыг барьцаалж, дугаартай барьцааны хөрөнгийг улсын бүртгэлийн албанд хууль ёсны дагуу бүртгүүлсэн. Зээлийг түүний төрийн банкны  тоот дансанд 69 сая төгрөгийг, Голомт банкны дансанд 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээнд талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болохыг заасан /Зээлийн гэрээний 3.2/ ба талууд гэрээг тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөнд авталгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсний үндсэн дээр байгуулсан. Гэвч зээлийн гэрээний дуусах хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй ба зээлдэгч цааш нэг жилийн хугацаагаар сунгах хүсэлтэй байсан тул гэрээний хугацааг 2020 оны 06 дугаар сарын 21 хүртэл сунгасан. Б.Б нь өнөөдрийг хүртэл бараг 1 жил зээлийн хүүгээ төлөлгүй хуримтлуулж, удаа дараа шаардуулж, гэрээ цуцлах тухай утсаар, мессежээр, бичгээр мэдэгдсэн ч төлөөгүй. Иймд өнөөдрийг хүртэл хуримтлагдсан үндсэн зээлийн хүү болох 39.698.630 төгрөг, үндсэн зээл болох 70.000.000 төгрөг, Зээлийн гэрээний 3.6-д заасны дагуу алдангийг бууруулан тооцсон буюу 11.587.397 төгрөг (хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцох хэдий ч алдангийн нийт дүн өндөр гарч байгаа тул зээлдэгчийг бодолцон сарын хүүгээр буюу сарын 5%-р тооцов), нийт 121.286.027 төгрөгийн өрийг эвлэрүүлэн зуучлахад хандаж барьцаа хөрөнгийг борлуулах замаар төлүүлэх хүсэлт гаргасан боловч хариуцагчтай тохиролцож чадаагүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 70.000.000 төгрөг, хүү 39.698.630 төгрөг, алданги 11.587.397 төгрөг буюу нийт 121.286.027 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хэрэв зээлдэгч дээрх мөнгийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах 102.4 м.2 талбайтай 3 өрөө байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Н.Атай зээлийн гэрээ байгуулж 70.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Б.Б миний бие Н.Агаас авсан зээлээ н.Эд өгсөн юм тиймээс хүү, алдангийг багасгаж өгнө үү. Зээлийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар сунгасан зүйл байхгүй. Нэхэмжлэгч Н.Ад 29.006.165 төгрөгийг төлсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 70.000.000 төгрөг, хүү 39.698.630 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу алданги 11.587.397 төгрөг, нийт 121.286.027 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь Б.Б нь энэ зээлийг өөрөө аваагүй, хүнд өгсөн. Нийт 29.006.165 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.А, хариуцагч Б.Бд 70.000.000 төгрөгийг  2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор зээлүүлж, иргэд хоорондын харилцан итгэлцлэлийн зээлийн гэрээг байгуулж, талууд гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

 

Шүүх, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.

 

Баянзүрх дүүргийн тоотод байрлах 102.4 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгон барьцаалжээ.

 

Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Б 29.006.165 төгрөгийг нэхэмжлэгч Н.Ад төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь 29.006.165 төгрөгийг авсан тухайд маргаагүй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 29.006.165 төгрөгийг хасаж тооцов.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д “...үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ...”,

 

Нэхэмжлэгч нь хэтэрсэн сарын хүү буюу 12 сарын хүү гэж 39.698.630 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч гэрээний хугацааг сунгасан  баримтгүй байх тул хүү тооцон гаргуулах боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д …зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг хүлээнэ”,мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д …анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй… гэж заажээ.

 

Иймд дээрх хуульд зааснаар үндсэн зээл 61.993.835 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 11.587.397 төгрөг, нийт 73.581.232 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 47.704.795 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Боос зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 61.993.835 төгрөг, алданги 11.587.397 төгрөг, нийт 73.581.232 /далан гурван сая таван зуун наян нэгэн мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 47.704.795 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Б.Б төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу Баянзүрх дүүргийн тоотод байрлалтай 102.4 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 834.581 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид 596.056 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                              

                         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН