Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00313

 

Н.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/02718 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.А-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 121 286 027 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.А ,

Хариуцагч: Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А би Б.Б-ын хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, cap бүр хүү төлж, сүүлийн 3 сард үндсэн зээлийг хувааж төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 206 байр, 3 тоот хаягт байрлах 102.4 м.кв талбайтай 3 өрөө байрыг барьцаалж, Ү-2204098624 дугаартай барьцаа хөрөнгийг улсын бүртгэлийн албанд хууль ёсны дагуу бүртгүүлсэн. Зээлийг түүний Төрийн банкны 384000074116 тоот дансанд 69 000 000 төгрөгийг, Голомт банкны дансанд 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээнд талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болохыг заасан /Зээлийн гэрээний 3.2/ ба талууд гэрээг тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөнд авталгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсний үндсэн дээр байгуулсан. Гэвч зээлийн гэрээ дуусах хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй ба зээлдэгч цааш нэг жилийн хугацаагаар сунгах хүсэлтэй байсан тул гэрээний хугацааг 2020 оны 6 дугаар сарын 21 хүртэл сунгасан. Б.Б нь өнөөдрийг хүртэл бараг 1 жил зээлийн хүүгээ төлөлгүй хуримтлуулж, удаа дараа шаардуулж, гэрээ цуцлах тухай утсаар, мессежээр, бичгээр мэдэгдсэн ч төлөөгүй. Иймд өнөөдрийг хүртэл хуримтлагдсан үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 39 698 630 төгрөг, алданги 11 587 397 төгрөг нийт 121 286 027 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, дээрх мөнгийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А тай зээлийн гэрээ байгуулж, 70 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Б.Б миний бие Н.А гаас авсан зээлээ н.Энхзулд өгсөн юм тиймээс хүү, алдангийг багасгаж өгнө үү. Зээлийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар сунгасан зүйл байхгүй. Нэхэмжлэгч Н.А д 29 006 165 төгрөгийг төлсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б оос зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 61 993 835 төгрөг, алданги 11 587 397 төгрөг, нийт 73 581 232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 47 704 795 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 206 байр, 3 тоотод байрлалтай 102.4 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 834 581 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б оос улсын тэмдэгтийн хураамжид 596 056 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлдэгч Б.Б-ын хүсэлтээр зээлийн хугацааг 1 жилээр сунгасан боловч гарын үсгээ дараа завтай үедээ зураад гэрээгээ авна гэж байсан мөртлөө шүүх хурал дээр би сунгах хүсэлт гаргаагүй гэж худал мэдүүлсэн. Гэвч үүнийг надад нотлох баримт байхгүйгээс шүүгч зээлийн хугацаа сунгасан "Нэмэлт гэрээ"-г хүчин төгөлдөр бус гэж үзэж энэ хугацаанд зээлийн хүү тооцох боломжгүй, алданги тооцох боломжтой гэж шийдсэн. Хэрэв зээлдэгч гэрээг сунгах хүсэлгүй байсан бол би гэрээний хугацаа дууссан тухайн үед нь буюу 1,5 жилийн өмнө шүүхэд өгөх байсан. Ингэж хохирохгүй нь тодорхой юм. Хуульд ингэж зааж, шүүх шийдсэн тул надад энэ шийдвэртэй маргах зүйл алга. Харин энэ хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож авах эрхтэй байхад шүүх хүүг хэрэгсэхгүй болгосон мөртлөө энэ хугацаанд алданги ч тооцохгүйгээр шийдвэр гаргасан нь буруу юм. Шүүгч 70 000 000 төгрөгийн зээл дээр гэрээний хугацааны 21 000 000 төгрөгийн хүүний өрийг нэмээд нийт 91 000 000 төгрөгийн зээл хүүний өр төлөх ёстойгоос зээлдэгч нийт 29 006 165 төгрөгийг төлсөн тул 91 000 000 төгрөгөөс хасч 61 993 835 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дуусахад үлдсэн гэж шийдвэр гаргажээ. Уг нь зээлийн дэлгэрэнгүй тооцоог баримтаар өгсөн боловч шүүх ийм зарчмаар өрийн үлдэгдлийг тооцжээ. Гол нь гэрээний хугацаа дууссанаас шүүхэд хандсан хүртэлх 411 хоногт зээлийн хүү ч тооцохгүй, алданги ч тооцохгүй нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр гаргасан. Энэ хугацааны алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцоход 61 993 835*0,5%*411 = 127 397 331 төгрөг боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй гэж заасны дагүу нэхэмжлэх эрхтэй алданги нь 61 993 835/2=30 996 917 төгрөг, 30 996 917 төгрөг болж байгаа юм. Тиймээс үндсэн зээл 61 993 835 төгрөг болон 30 996 917 төгрөг буюу нийт 92 990 752 төгрөгийг хуулийн дагуу авах ёстой тул шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй, гомдолтой байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 121 286 027 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Н.А , Б.Б нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 70 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатай, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр Б.Б, Н.А нар нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 206 дугаар байрны 3 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2204098624 дугаартай, 402.4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж улмаар барьцааны гэрээг улсын эрхийн бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-5, 6, 7/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг Н.А нь Б.Б-ын дансанд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 69 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн 8 дугаар талд авагдсан бичгийн мөнгөн шилжүүлэг гэх баримтуудаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Зохигчид энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй талаар хэн аль нь маргасангүй.

 

Талуудын тайлбар болон хэргийн 20-25 дугаар тал дахь зээлийн дансны хуулгаас үзвэл нэхэмжлэгч Н.А д хариуцагч Б.Б нь 29 006 165 төгрөг төлсөн болох нь тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

 

Н.А , Б.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дууссан боловч талууд гэрээнд өөрчлөлт оруулахаар 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сунгах баримтад хариуцагч Б.Б гарын үсэг зурж баталгаажуулаагүй зээлийн гэрээ сунгагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид хариуцагч нь зээлийн гэрээг сунгасан 6 сарын хугацааны хүү төлөх үүрэг үүсээгүй гэж шүүх дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.Б нь гэрээний үүргээ зөрчиж үлдэгдэл зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүйгээс нэхэмжлэгч Н.А нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрүүдэд мэдэгдэл хүргүүлж, удаа дараа утсаар мэдэгдсэн үйл баримт хэргийн 10, 11 дүгээр талд авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Б оос зээлийн гэрээний үүрэг болох 91 000 000 төгрөгөөс зээлийн гэрээний үүрэгт төлсөн 29 006 165 төгрөгийг хасч үлдэх 61 993 835 төгрөг, алданги 11 587 397 төгрөг нийт 73 581 232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь ...зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи 411 хоногт зээлийн хүү ч тооцохгүй, алданги ч тооцохгүй нэхэмжлэгчийг хохироож, алдангийг багасгаж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр гомдол гаргасан боловч уг давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа алдангийг 11 587 397 төгрөг гэж тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

 

Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу үндсэн гэрээний үүргийг шаардахад хариуцагч биелүүлээгүй тохиолдолд түүнтэй холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийгдсэн барьцааны гэрээний дагуу үүргийг шаардсаныг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. Нөгөө талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан үндэслэлээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй, уг шийдвэрийг хуульд заасан эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх зохицуулалтыг зааж өгсөн нь дээрх хуульд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/02718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 525 857 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ