Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00287

 

 

Н.Анхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/02718 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 313 дугаар магадлалтай,

 

Н.Анхтуяагийн нэхэмжлэлтэй

Б.Буян-Оргилд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 121,286,027 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Анхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагч Б.Буян-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Н.Анхтуяа хариуцагч Б.Буян-Оргилд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 39,698,630 төгрөг, алданги 11,587397 төгрөг, нийт 121,286,027 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ...зээлийг аваад өөр хүнд өгсөн, зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай сунгасан зүйл байхгүй. ...Н.Анхтуяад 29,006,165 төгрөг төлсөн, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/02718 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Буян-Оргилоос үндсэн зээлийн үлдэгдэл 61,993,835 төгрөг, алданги 11,587,397 төгрөг, нийт 73,581,232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Анхтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 47,704,795 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Буян-Оргил төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 206 байр, 3 тоотод байрлалтай 102.4 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 313 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/02718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Анхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие зээлийг бодитоор захиран зарцуулаагүй, Н.Анхтуяагийн найз Энхзул авч хэрэглснийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа, ийм нөхцөлд надаас алданги шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн хүнд байдалд байгааг минь харгалзан үзэж алдангийн 50 хувийг багасгаж өгнө үү, алдангийн 50 хувийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч Н.Анхтуяа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2018.12.21-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагчид 70,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлдэгчийн хүсэлтээр гэрээний хугацааг 2010.06.21-ний өдөр хүртэл нэг жилээр сунгасан боловч зээл, хүүгээ төлөхгүй байгаа тул зээлийн хүү 39,698,630 төгрөг, үндсэн зээл 70,000,000 төгрөг, алданги 11,587,397 төгрөг, нийт 121,286,027 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү... гэж тайлбарласан, хариуцагч: ...гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан, дахин сунгаагүй, зээлийн төлбөрт 29,006,165 төгрөг өгсөн, үүнээс зээлийн хүүд суутгаад, үлдсэн мөнгийг үндсэн зээлээс хасч тооцуулна, гэрээг сунгаагүй тул энэ хугацааны хүү төлөхгүй... гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 73,581,232 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

7. Талууд 2018.12.21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч Н.Анхтуяа 70,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй хариуцагч Б.Буян-Оргилд зээлдүүлэх, хариуцагч нь зээлийг гэрээгээр тохирсон эргэн төлөх нөхцөлийн дагуу төлж барагдуулах үүрэг тус тус хүлээж, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр харилцан тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.Буян-Оргилын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 206 дугаар байрны 3 тоот хаягт байрлалтай 102.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, мөн өдөр Барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Гэрээний дагуу зээлдүүлэгч Н.Анхтуяа зээлийн хөрөнгө 70,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Буян-Оргилд шилжүүлсэн, хариуцагч нь гэрээний үүрэгт 29,006,165 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

8. Зохигчийн хооронд байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 156 дугаар зүйлийн 156.1., 156.2.-т нийцсэн байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй.

 

9. Шүүх гэрээний хугацааг сунгасан баримтгүй тул хэтэрсэн 12 сарын хугацааны хүү шаардах эрхгүй гэж дүгнэн үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү /70,000,000х5%х6сар/ 21,000,000 төгрөг, нийт 91,000,000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 29,006,165 төгрөгийг хасч, зээлийн гэрээний үндсэн үүрэг 61,993,835 төгрөг гэж тооцсон нь зөв.

 

Хэрэгт авагдсан Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хугацааг сунгасан хэлцэлд зээлдэгч гарын үсэг зураагүй тул зээлийн гэрээг сунгахаар харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй, энэ үндэслэлээр зээлийн хүүд шаардсан төлбөрийг хариуцагч төлөх үүрэггүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 232.3., 232.6.-д тус тус анз, алдангийн талаар зохицуулсан байх ба талууд гэрээний 3.6.-д Хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөхөөр тохиролцсон нь хууль зөрчөөгүй тул хариуцагч нь гүйцэтгээгүй 61,993,835 төгрөгт алданги төлнө.

 

Нэхэмжлэгчээс алдангид 11,587,397 төгрөгийг нэхэмжилсэн нь хариуцагчийн хуулиар хүлээх үүргээс хэтрээгүй тул гүйцэтгээгүй үүрэг дээр алдангийг нэмж, хариуцагчаас /61,993,835+11,587,397/ 73,581,232 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн хүнд байдалд байгааг харгалзан алдангийн хэмжээг 50 хувиар бууруулах... хүсэлт гаргасан боловч хэрэгт дээрх хүсэлтийг нотолсон баримтгүй, нэхэмжлэгчийн шаардсан алдангийн хэмжээг хэт их гэж үзэн багасгах нөхцөл байдал тогтоогдоогүй тул алдангийн хэмжээг багасгахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/02718 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 313 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Т.Анхцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас 2021.02.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД