Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2019/00895

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 13 өдөр          Дугаар 182/ШШ2019/00895         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Н” ХХК

 

Хариуцагч Э.Б нарт холбогдох,

 

Үндсэн зээлийн үлдэгдэл 84,845,821.95 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 35,342,235.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 4,662,684.40 төгрөг, нийт 124,850,739 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч “Н” ХХК болон Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н ХХК, Э.Б нар нь ХААН банкны Хан-Уул бизнес төвөөс 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/12915/15-2 тоот зээлийн гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр БГҮ/12915/15- 2 тоот барьцааны гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар бизнесийн зээл авсан. Зээлдэгч нь: 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/12915/15-2 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 215,154,178.05 төгрөг, хүүгийн төлбөрт 100,566,094.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 131,097.13 төгрөг, нийт 315,851,370 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь” нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дууссан боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 болон 242.3-т заасны дагуу зээлдэгч Н ХХК, Э.Б нараас зээлийн төлбөр болох 124,850,739 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.

Иймд банк 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/12915/15-2 зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн шүүхэд дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/12915/15-2 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр гаргуулах. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 84,845,821.95 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр 35,342,235.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,662,684.40 төгрөг, нийт 124,850,739 төгрөг. Зээлийн төлбөр нийт 124,850,739 төгрөг гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд энэхүү 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр БГҮ/12915/15-2 тоот барьцааны гэрээнд дурьдсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40 50 мянгат /15171/ төмөрчний гудамж, 8 байр, 601 тоот, 312.18 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэв

 

Хариуцагч Н ХХК болон Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хаан банкнаас Ногоон Тагт ХХК болон иргэн Э.Б нарт гаргасан 2019 оны 02 дугаар сарын 18-ны дугаар 29/1705 бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болохыг үүгээр мэдэгдэж, үүний үндэслэлийг дор дурдсан хариу тайлбараар хийж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг эсэргүүцэхгүй болохоо энэхүү хариу тайлбарт цохон илэрхийлснээс бусад тохиолдолд аливаа тайлбарын хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй болохоо үүгээр илэрхийлж байна.

Ногоон Тагт ХХК-д гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Хаан Банк ХХК нь ЗГ/12915/15-2 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 124,850,739 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд сайн дураараа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд БГҮ/12915/15-2 тоот барьцааны гэрээнд үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлгүй. Учир нь: Зээлийн гэрээний хувьд. Хаан Банкны зээлийн гэрээ нь дор дурдсан шалтгаанаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох тул тэрээр Ногоон Тагт ХХК-д гаргах шаардлагын эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн Үндэслэлгүй хөрөнгөжих институтээр хийх ёстой. Зээлийн гэрээний шаардах эрхийн үндэслэлийг дараах дэс дарааллаар шалгасан болно.

Хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, Иргэний хуулийн 56.1.1.  Хүчин төгөлдөр бус болох үндэслэл, Үүрэг гүйцэтгэх дарааллыг өөрчилсөн, Иргэний хуулийн 216.1.

Хүчин төгөлдөр бус болох үндэслэл: Зээлийн гэрээ мөлжлөгийн шинж чанараар байгуулагдаагүй байх зарчмыг хөндсөн (452.2.)

Хүчин төгөлдөр бус болох үндэслэл: 1 %-ийн шимтгэл урьдчилан төлүүлэх нөхцөл Иргэний хууль, хүчин төгөлдөр бус болох үндэслэл: Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх нөхцлийг заасан.

Хүчингүй болох бусад үндэслэл. Зээлийн гэрээ хүчингүй болсны үр дагавар

 Зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 236.1.1-д заасны дагуу дуусгавар болсон. Ногоон Тагт ХХК-иас 81,834,259.92 төгрөгийг төлөхөөс өмнөх тооцоо, 81,834,259.92 төгрөгийг төлөх үеийн тооцоо. Зээлийн гэрээний хугацаа дуусах үеийн тооцоо, Зээлийн гэрээ өөр нөхцлөөр ахин байгуулагдсан буюу байгуулагдах тухай, Ногоон Тагт ХХК-ийн хүсэлт, Хаан Банк ХХК-ийн гэрээний санал,  Хэлцлийн агуулга, Учир нь Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу өөрийн цогц агуулгаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилж байгаа болно. Тодруулбал, Дугаар №ЗГ/12915/15-2 бүхий 2015-01-13-ний Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь, Иргэний хуулийн 56.1.1. Хаан Банк ХХК-ийн боловсруулж, зээлдэгчид тулгасан гэрээ нь зөвхөн зээлдүүлэгчийн эрх ашгийн үүднээс хандаж хуульд заасан утга санааг гажуудуулсан учраас тус гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх ёстой.

Иргэний хуулийн 216.1 буюу үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн. Зээлийн гэрээний 2.4-т зээлийн эргэн төлөлтийг зохицуулсан ба эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй үед эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, удаахь ээлжинд зээлийн хүү эцэст нь үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлэх агуулгатай. Энэ нь үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн эрхийг үгүйсгэж зээлдүүлэгчийн давуу эрх болгон хязгаарласан явдал юм. Зарчмын хувьд үүрэг гүйцэтгэгч нь хэд хэдэн үүргийг гүйцэтгэхдээ сонгох эрх эдэлнэ. Гэвч Хаан Банк нь энэ эрхийг өөрийн гэрээнд өөрчилж үүрэг гүйцэтгүүлэгчийн сонголт болгосон (Зээлийн гэрээний 2.4.2 ба 2.4.3). Хуулийн энэ үзэл санааг хөндсөн учраас дурдсан заалтууд нь Иргэний хуулийн 202.1. дэх хэсэгт заасны дагуу хүчингүй.

Өөрөөр илэрхийлбэл, Хаан Банк нь зээлдэгч этгээдийг зээл авах үед нь үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон өөрийн журмыг хэрэглэх буюу байнга хэрэглэх загварыг гэрээний нөхцөл болгон тусгадаг нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой, иймд энэ нөхцөл хүчин төгөлдөр бус юм (Иргэний хуулийн 202.1. ба 216.1.). Хүүг бус харин үндсэн үүргээс эхний ээлжин төлөлт хийгдэх зарчим нь Иргэний хуулийн 216.4-т үгчлэн заасан. Түүнчлэн үндсэн зээлээс хасалт хийгдэхгүй байх нь анхны өндөр дүнгээс хүү бодогдон, өмнөх хүүгийн хуримтлалыг өсгөх нөхцлийг тавьж зээлдэгчийг үүрэг гүйцэтгэх боломжгүй байдалд хүргэх, эдийн засгийн үр өгөөжийг нь хумих, цаашлаад өрийн дарамтаас гарч чадахгүй явсаар дампуурахад ч хүргэх аюултай учраас ийм заалт туйлын шударга бус билээ. Ийм учраас Монгол улсын шүүхийн практикт Иргэний хуулийн 216.4. дэх заалтыг үгчлэн хэрэгжүүлдэг болно.

Зээлийн гэрээний хувьд зээлийг эргэн төлөх нөхцөл нь, ялангуяа үндсэн зээл ба хүү төлөх тохироо нь гэрээний үндсэн үүрэгт тооцогдох учраас гэрээний стандарт нөхцөлд баримтлах зарчмаар зөвхөн холбогдох заалтыг хүчингүй болгох (Иргэний хуулийн 202.5.) нь зүйд нийцэхгүй. Харин Иргэний хуулийн 56.1.1-д заасныг баримтлан Зээлийн гэрээг бүхэлд нь хүчингүй гэж үзэх нь тохиромжтой.

Ердийн тохиолдолд гэрээний үндсэн үүргийг гэрээний стандарт нөхцлөөр зохицуулдаггүй. Үүний илрэл нь ... хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам ... гэх Гэрээний стандарт нөхцлийн тодорхойлолт дахь хэл зүйн найруулга илэрхийлнэ (Иргэний хуулийн 201.1.). Учир нь гэрээний үндсэн үүргийг хуулиар тодорхойлдог буюу хуульчлах цаг нь болоогүй гэж үзсэн тохиолдолд хуулийн заалтыг шүүхийн шийдвэрээр тодруулах хүртэл бүрхэг үлдээдэг.

Зээлдэгч нь зээлийг хэзээ, ямар хувиар, ямар хүү болон торгуулийн нөхцлөөр эргэн төлөх нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт тооцогдоно (Иргэний хуулийн 451-453-р зүйлүүд болон 281- 283-р зүйлүүд).

Иймд Зээлийн гэрээний үндсэн үүрэгтэй холбоотой заалтыг гэрээний стандарт нөхцөл болгож өөртөө ашигтайгаар хэрэглэх тохиолдолд гарах үр дагаврыг Хүчин төгөлдөр бус хэлцлийн (Иргэний хуулийн Зургадугаар бүлэг) талаас нь харж хэрэглэх ёстой. Ингэхдээ Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх шаардлагыг нарийн анхаарах ёстой. Учир нь зээлдүүлэгчийн сонирхол хуулийн утга санааг өөрчлөн, өөртөө ашигтай байдлаар хэрэглэх, хэрвээ энэ арга бүтэхгүй бол хуулийн формаль заалтыг ашиглан өөрийн аргыг зөвтгөх, залруулахад чиглэнэ. Үүний нотолгоо нь шүүхийн практикт зээлийн гэрээг хүчингүй болголгүй харин залруулан хэрэглэдэг байдал болохыг дээр товч дурдсан. Гэрээний талууд эрх үүргээ шударгаар хэрэгжүүлэх, хэрэгжүүлдэг болоход шүүх анхаарах ёстой. Учир нь эрх чөлөөний хэрэгжилт нь шударга ёсонд захирагдах явдал юм. Энэ нь хуулийн систематик хэрэглээнд эрх зүйн бодлогын нүдээр харах, тогтсон ойлголт болон тогтсон гажуудлыг зайлшгүй залруулж байх ёстой санаа юм. Энэ үзэл санаа Иргэний хуульд тунхаглагдсан: 189.4. ... тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд... нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих ... эрхгүй, 13.1. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуульд... заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.

Эрх зүйн бодлогын асуудлыг тогтоохоор зорьж буй эрх зүй (de lege ferenda) гэдэг утгаар авч үздэг. Эрх зүй нь нийгмийн амьдралыг зохицуулах учраас амьд, бодитой буюу иргэдийн ухамсар, тэдний органик хөгжлөөр тайлбарлагддаг байх учиртай. Монгол хүний буюу Монголчуудын нийгмийн ухамсар нь чөлөөт өрсөлдөөн, глобалчлал нэрийн дор өөрийн эдийн засгийн системд оруулан захирдаг барууны улс орны сэтгэлгээнээс эрс ялгаатай билээ. Иймд Монгол улсын Үндсэн хуульд дээд зарчмыг хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан

хөгжүүлэхийг гэж томъёолсон. Иймд нийгмийн ухамсар болон сэтгэлгээний уламжлалд нийцүүлж суурь хуульд нийцүүлэн органик хуулиудыг тайлбарлах нь зүйтэй.

Эрх зүйн бодлогын тайлбараар үүссэн маргаанд хандах өөр дэд үндэслэл нь формаль эрх зүйн шийдэл хэт шударга бус байдлыг бий болгох, энэ нь эрх зүйд итгэх итгэлийг хөсөрдүүлэх явдал юм. Банк зэрэг эдийн засгийн хүчирхэг институт нь санхүүгийн боломжийг санал болгох замаар Монгол улсын дээд шүүхийн шүүгчид нөлөөлөх гэж оролдож байсан баримт нь нийгмийн сэтгэл зүйд түгшүүрэл авчирч байсан цаг саяхан. Өөрсдийн зүгээс үзүүлсэн буюу үзүүлж чадах санхүүгийн туслалцааг сануулах замаар шударга ёсыг нэхэх нь эрх зүйн бус харин эдийн засгийн арга хэрэгсэл болов уу.

Банкны хувьд мөнгөний хүүгээр ашиг олох зорилготой учраас Зээлийн гэрээг бүхэлд нь бус харин тухайн зохицуулалтыг хүчингүй болгон, хуулийн зохицуулалтаар нөхөх сонирхолтой байхыг үгүйсгэхгүй. Иймд Банкны зүгээс Иргэний хуулийн 61.1. буюу 202.5-д заасныг хэрэглэх сонирхолтой байх нь зүйн хэрэг. Хэрвээ тэдний энэ хүслийг хүндэтгэн дагасаар байвал өнөөгийн Монгол улсад нүүрлээд байгаа зээлийн дарамтад улс орноороо хүлэгдэх байдал огтоос арилахгүй. Учир нь Хаан Банк (бусад банкууд ч мөн адил) тус стандарт нөхцлийг хэрэглэсээр байх бөгөөд ингэхдээ, хэрвээ иргэд, аж ахуйн нэгжүүд тус төлбөрийн талаар шүүхэдвэл шүүх гэрээний нөхцлийг хүчингүй болох ба банкны эрх зүйн байдал дордлоо дордлоо гэхэд хуульд заасан нөхцлийг хэрэглэх хэлбэрээр дордоно, энэ нь үндсэн зээл, дараа нь хүү, эцэст нь нэмэгдүүлсэн хүүг төлөх нөхцөл болж өөрчлөгдөнө" гэсэн бодлоор хандах билээ. Банкнаас гадна банк бус санхүүгийн байгууллагын өндөр хүүтэй зээлийн хувьд энэ асуудал ихээхэн хурцаар тавигддаг (эрх зүйн бодлогын тайлбар). Зээлийн үйл ажиллагаа эрхлэн мөнгө олдог байгууллага аж ахуйн нэгж нь өөрийн боловсруулсан гэрээний загварыг зээлдэгч этгээд ... хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, энэхүү гэрээнд заасан нөхцлийг харилцан зөвшөөрснөөр байгуулсан гэсэн тайлбараар зөвтгөдөг нь туйлын эргэлзээтэй. Хэрвээ ийнхүү гэрээ байгуулагдсан бол гэрээний стандарт нөхцлийн талаар ярих боломжгүй болох билээ (Иргэний хуулийн 200.2.). Банкны энэхүү хууль бус ажиллагаа нь ийм үр дүнд хүргэнэ гэдгийг хууль тогтоогч нь шинэ иргэний хуулийг батлагдах үед тооцоогүй байж болно. Иймд Гэрээний стандарт нөхцөл хүчингүй болсон ч гэрээ хүчинтэй хэвээр байх дүрмийн тохиолдлыг зээлийн гэрээний хувьд дүрмийн бус тохиолдлын хувиар харж хуулийн хэм хэмжээг агуулгын хувьд буюу эрх зүйн бодлогын ач холбогдлоор нь формаль зохицуулалтаас нь ангид хэрэглэх нь зохистой.

Иймд Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно.

Мөлжлөгийн шинжтэй зээлийн гэрээ байгуулахгүй байх тухай хуулийн үзэл санааг зөрчсөнөөс зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус болох нь Иргэний хуулийн 452.2-т зээлийг эргүүлэн төлөөгүй үед нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр тохирч болох ч, энэ хүүгийн дээд хязгаарыг үндсэн хүүгийн 20 % гэж заасан. Үүгээр тус заалтын утга санааг мөлжлөгийн шинжтэй зээлийн гэрээ байгуулахыг хориглосон гэж тодруулах нь зайлшгүй.

Зээлдүүлэгчийн хувьд хуулийн энэ утга санаанд нийцүүлж гэрээ байгуулах ёстой буюу зээлдэгчийн эрхийг энэ талаас нь гэрээндээ тодруулан зааж өгч байх ёстой.

Мөлжлөгийн шинжтэй гэрээ байгуулахыг хориглосон хууль тогтоогчийн энэ үзэл санааг зээлийн хүүг бодоход хэрхэн хэрэглэх арга замыг тодруулах нь зүйтэй. Хэрхэн хэрэглэх гэсний учир нь хэрэглэх эсэхэд Иргэний хууль эерэг хариулт өгсөн, харин яаж тодруулах эсэх нь тодорхойгүй байгаатай холбоотой. Ерөнхийдөө зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээ нь зах зээл дээрх хүүгийн хэмжээнээс давж зан суртахууны хэм хэмжээнд харшилж болох тохиолдлын ерөнхий үндэслэлийг Иргэний хуульд заасан нь маргашгүй юм.

Гэрээнд заасан хүүгийн хэмжээг зах зээл дээрх бодит хүүгийн хэмжээнд харьцуулан шударга эсэхийг тогтооход жилийг хэдэн хоногоор тооцож хүү бодох зэрэг нарийн, ээдрээг давхар бодолцох нь зүйн хэрэг юм. Иймээс Иргэний хуулийн тайлбарт бичигдсэн үзэл санаа нь зөвхөн чиглүүлсэн шинжтэй учир зарим тодруулгыг хуулийг хэрэглэгч шүүгчийн зүгээс тухайн тохиолдол бүрт судлан тогтоох шаардлагатай.

Зээлийн хүүг бодох хугацааг Олон улсын жишгээр 1 жилийг 360 хоногоор төлөөлүүлж боддог. Хэрвээ Монгол улсад Үндсэн хуульд тунхагласан үзэл санаа хэрэгждэгсэн бол ...дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн банкны зээлийн бодлого хэрэгжих байсан биз ээ. Монгол улсын түүхэнд зээлийн хүүгээр хөрөнгөжих явдал гадаадын худалдаачдаас эхтэй байсан гэдэг тул жилийн хүүг 365 хоногоор бодох журам нь өөрийн орны онцлог шинж биш. Монгол улсын хувьд ажиллах хүчний хүрэлцээгүй байдал, хүн амын хэрэглээний хэр хэмжээ ... хойч үеийнхээ язгуурын ашиг сонирхол зэргийг харгалзахын ... нь эдийн засгийн хувьд хүчтэй этгээдийн аливаа үйл ажиллагаанд захирагдан баримталж явах онцлог юм.

Монгол улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөлд зээлийг бодох хугацааг зээлдүүлэгчийн эрх ашгийг давуу байдлаар хамгаалсан байдлаар бус харин зээлдэгчийн эрх ашгийг тэнцвэртэй тусгасан буюу шударга ёсны зарчимд нийцсэн байхаар тогтоох ёстой. Тухайлбал зээлдэгч буюу аж ахуй эрхлэгч этгээдийн хувьд эдийн засгийн өсөлт бий болох буюу авсан зээл нь түүнд үр өгөөжтэй байх боломжийг давхар тусгасан, энэ үүднээс талуудын байр суурийг тодорхойлж байх. үүгээр хоёр талдаа тэнцвэртэй тогтсон байх шаардлагатай.

Зээлийн гэрээний шимтгэл. Зээлийн гэрээний 1 %-ийн шимтгэлийг Хаан банк ХХК зээл олгохоосоо өмнө төлүүлсэн. Шимтгэлийг төлүүлсний дараа зээл олгоно гэсэн заалт зээлийн гэрээнд байдаггүй ч, үүнийг төлүүлсний дараа, эсвэл зээлийн дансанд олголт хийхдээ суутган авах журмыг Хаан Банк ХХК мөрддөг. Ингэж үзэх үндэслэл нь зээлийг олгогч банкны ажилтан байгууллагын дотоод зааврын дагуу ажилладаг, үүнийг салбарын захирлууд хянадагтай холбон тайлбарлаж болно. Банкны ажилтны хувьд энэ талаар бие даан шийдэл гаргах эрх хэмжээ байхгүй. Иймд зээлийн гэрээг хэдий бичгээр хийдэг боловч шимтгэл хэзээ төлүүлэх асуудлыг нээлттэй үлдээж гэрээний тодорхой бус байдлыг аман хэлцлээр нөхөж ажилладаг банкны практикийг шударга бусаас гадна хууль бус гэж тайлбарлахаас аргагүй. Учир нь хэлбэрийн шаардлага тавих нь хүүгийн өрөнд орох эрсдэлийг анхааруулсан зээлдэгчийн эрх зүйн байдлыг хамгаалах зорилготой болно (Иргэний хуулийн 282.3.).

Зээлийг олгохдоо 1 хувийн шимтгэл төлүүлэх тухай заалт нь (ЗГҮ/12915/15-2 гэрээний 2.3.1) Хаан Банкны удирдлагаас тогтоосон журамд үндэслэгддэг, байнга хэрэглэгддэг, урьдчилан тогтоосон нөхцөл учраас гэрээний стандарт нөхцөл юм (Иргэний хуулийн 200.1.). Энэ утгаараа үүнийг зээл олгохын өмнө, эсвэл хойно төлөх нь тодорхойгүй үед Зээлдэгч буюу санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлан зээлийг эргэн төлөх үед үүнийг төлүүлэхээр шаардах эрх үүснэ гэж тайлбарлана (Иргэний хуулийн 201.1.).

Хэдийгээр зээлдэгчийн эрх зүйн байдал ийнхүү хуулиар хамгаалагдсан боловч бодит байдал дээр үүнийг хэрэгжүүлэх боломжгүй. Иймд зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг бүрэн хангаж ажилладаггүй, үүгээрээ зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцлийг бий болгож байгаа Хаан банкны зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болно. Зөвхөн шимтгэлтэй холбоотой заалтыг хүчингүй болгох нь буруу жишгийг өөрчлөхөд хангалттай биш. Учир нь энд гэрээнд тусгасан буруу заалтыг хасах асуудал бус харин тусгах ёстой байсан боловч тусгаагүй (Иргэний хуулийн 451.2.) зөрчлийг хөндөж байгаа болно.

Агуулгын хувьд шимтгэл нь санхүүгийн үйлчилгээний зардал болох учир үүнийг зээлдэгч төлөх нь зайлшгүй гэсэн утгаар ханддаг. Зардал гэдгийг эдийн засгийн ухаанд тодорхой зорилгоор зарцуулж байгаа мөнгө гэж тодорхойлдог.

Зээл олгоход банкны зүгээс зардал гардаг эсэх, энэ нь ямар хэлбэрээр хэрхэн бий болдог зэрэг нь нууц билээ. Зардал гардаг эсэхийг нотлохгүйгээр, зээл авах гэрээний нөхцөл болгон тулгах нь шударга бус. Үүнийг хардах, ялангуяа банкны зах зээл дээр хүчээ авсан банкууд бараг монополь шахуу байр сууриндаа эрдэж ийм тулгалтыг хийж байгаа болно. Иймд Ногоон Тагт ХХК нь зээл олгоход болон сунгахад 1 хувийн шимтгэлийг төлүүлэхийг шударга ёсны зарчимд харш гэж үзэж байгаа болно. Зээл олгохын тулд зардал гаргадаг буюу ямар зардал хэрхэн гардаг эсэхийг нотолсны үндсэнд буюу нийтэд ил болгосны дараа үүнийг төлүүлдэг бол байдал өөр. Гэвч үүнийг байгууллагын дотоод асуудал, нууц шалтгаанаар холбогдох мэдээ, баримттай зээлдэгч танилцах боломжгүй билээ.

Гадаад улсын зээлийн эдийн засгийн практикаас үзэхэд зээл олгоход авдаг хураамжийг зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсны дараа буюу зээл олгосны дараа авдаг, түүнчлэн олгосон зээлийн эргүүлж төлөх дүнд шимтгэлийг оролцуулж боддог байна. Жишээлбэл ХБНГУлсад Зээл олгосны шимтгэлийгDisagio гэж нэрлэдэг. Энэ нь зээлийн гэрээ хийхэд шимтгэлийг урьдчилан төлүүлэх шаардлага тавих нь хууль бус буюу зээлийн гэрээний бүрдэл хэсэг гэж үздэг тул зээлийн бодит өртгийг тооцоход үүнийг тусгадаг. Арилжааны банкууд, тэр дундаа гадаад улсын банкируудын эзэмшлийн буюу тэдний менежментээр ажилладаг банк мэдэх ёстой. Монгол улсын төв банкнаас баталсан аргачлал тэргүүн ээлжинд арилжааны банкинд хаяглагддаг тул зээлийн шимтгэлийг урьдчилсан нөхцөл болгон шууд тусгах нь зах зээлд эзэлсэн давуу байдлаа ашиглаж байгаагийн илрэл гэж үзэх бүрэн үндэстэй.

Арилжааны банкны үйл ажиллагааг хянах буюу зээлийн эрх зүйн системд зохицуулалт хийх эрх Монгол улсын төв банкинд хадгалагддаг гэж үзэн, энэхүү харилцаанд ээдрээ үүсгэхгүй, шүүхийн шийдвэрээр зохицуулалт хийн халдахаас зайлсхийх нь буруу. Нэг талаас зээлийн үйлчилгээний зардлыг зээлдэгч төлөх үүргийг Монгол Банк үүсгээгүй. Нөгөө талаас төв банкинд арилжааны банкны хүүгийн хэмжээнд нөлөөлөх боломж байхгүй. Тус банкинд хуулиар олгогдсон эрх нь Монгол улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд гагцхүү оршино. Үүнийг давуу эрхийнхээ хүрээнд (мөнгөний бодлогын монополь эрх) төгрөгийн ханшийг нэг талт үйл ажиллагаа явуулан (жишээлбэл, мөнгөний нийлүүлэлтээр) тэнцвэртэй барихыг зорьдог. Зээлийн үйлчилгээний зардал болохын хувьд шимтгэл нь нэг талын бус харин 2 талын үйл ажиллагаа учраас үүнд төв банкнаас оролцох эрх зүйн үндэслэл байхгүй. Шимтгэл төлүүлэхээр шаардах эрх, үүнийг хэрхэн төлөх аман журам, үүнийг хөшүүргийн хэрэгсэл болгодог зэрэг зээлийн практик нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоход хүргэх ёстой.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох эрхгүй. Гэрээгээр тогтсон хүүг гэрээний хугацаагаар хязгаарладаг. Учир нь зээлийн гэрээ нь хүү нэхэмжлэх эрх зүйн үндэслэл юм (... гэрээнд заасан хугацаанд ... хүүг буцаан төлөх үүргийг... хүлээнэ Иргэний хуулийн 451.1.).

Иймд Зээлийн гэрээний 2.4.3 дахь заалт нь зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болгох шийдвэрт нийцнэ.

Зээлийн гэрээ хүчингүй болох бусад үндэслэл. Гэрээнд заасан бол талууд үүнийг заавал биелүүлнэ гэх итгэлийг хамгаалах үндэслэл нь онолын хувьд ашиг сонирхлоо илэрхийлэгч тал нь өөрөө шударга бөгөөд хууль зөрчдөггүй байхаар үндэслэгдэнэ (Иргэний хуулийн 13.1 ... хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.). Хууль буюу гэрээнд гэсэн нь өөрийн логиктой бөгөөд хуулиар хориглоогүй бол гэрээгээр зохицуулах утгатай. Үүнийг сөргүүлсэн утгыг Зээлийн гэрээний 8.1-д заасан.

Үүргийн эрх зүйд гэрээний эрх зүй онцгой ач холбогдолтой боловч хуульд заасан үүргийг өөрчлөх боломжгүй болохыг зарим тохиолдолд бодолцож байхад илүүдэхгүй. Зээлийн гэрээний 3.2.3 (... гэрээнд заасан үндэслэлээр барьцаалуулагчийн мэдээллийг бусдад гаргаж өгөх), 3.2.5 (... зээлдэгчийн бизнесийн болон хувийн нэр төрд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан халдах, бусад шаардлагатай арга хэмжээг авах) зэрэг заалтууд нь хуулиас гадна нийтээр тогтсон зан суртахууны хэм хэмжээг зөрчих үйлдэл болно.

Ялангуяа гэм хор учруулсны улмаас үүсэх үүрэг нь хуулиар үүсэх үүрэгт тооцогддог (497-р зүйл, 21-р зүйл), үүгээр хамгаалагдсан үнэт зүйлд зөвхөн хуулийн дагуу нэр тоочин дурдсан цөөн тохиолдолд (Иргэний хуулийн 9-12-р зүйл) халдах бололцоотой. Иймд үүнийг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хангалттай үндэслэл болно.

Зээлийн гэрээг Зээлийн үндсэн үүргийн нөхцлөөр авч үзэж хүчин төгөлдөр бус гэж дүгнэхэд гэрээний агуулгыг бүхэлд нэгэн цогц байдлаар харах шаардлагатай. Хаан Банкны гэрээнүүдэд Зээлдэгчийн эрх ба Зээлдүүлэгчийн үүргийг томъёолоход цаасны хамгийн бага зайг зарцуулсан нь ийн үзэхээс аргагүй формаль үндэслэл юм.

Зээлдүүлэгч нь ерөнхийдөө зээл олгохдоо барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлж авдаг. Ийм учраас тэдний хувьд зээлдэгч нь авсан зээлээ үнэхээр төлж чадах боломжтой эсэх, тэдний үйл ажиллагаанд зээл үр ашигтай зарцуулагдаж байгаа эсэх огт хамаагүй. Учир нь өнөөдрийг хүртэл энэ агуулгаар зээлдүүлэгчийн зүгээс хандаж, эргэн төлөлтийг хийх боломжид уян хатан хандах бодлогыг баримталж байгаагүй. Үүнийг Хаан банкны зүгээс Ногоон Тагт ХХК-д тулгаж байсан дээрэнгүй шаардлагаас харагддаг. Энэхүү шаардлагын агуулга нь ямар нэг байдлаар зээлдэгч эхэлж төлбөр хийх ёстой. Дараа нь ярилцаж болно гэх нөхцөлтэй.

Зээлдэгчийн зүгээс нэгэнт гэрээнд хөндөгдөж болох өөрийн бүх ашиг сонирхлыг ихэнх тохиолдолд талуудад хуулиар хүлээлгэсэн эрсдэлийг зөвхөн зээлдэгчид нялзаах байдлаар - хамгаалсан учраас эдийн засгийн хохирол огт хүлээхгүй гэсэн бодлоготой. Үүний нэг жишээ нь үүрэг гүйцэтгэгчээс (зээлдэгчээс) шалтгаалахгүй нөхцөл байдлаар барьцаа хөрөнгөд хохирол учрах тохиолдлыг зээлдэгчээр төлүүлж даатгуулах, ийм тохиолдол бий болоход даатгалын нөхөн олголтоор зөвхөн өөрийн шаардлагыг хангах оролдлогоос тод харагддаг (Зээлийн гэрээний 4.2.4 ба 4.2.5; Барьцааны гэрээний 3.1.5). Хуулийн үндсэн дүрэм нь угтаа үүрэг гүйцэтгүүлэх эрсдэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээдэг. Энэ эрсдэлийг бодолцсон тул зээлийн гэрээний хүү Монгол улсад өндөр байдаг. Өнөөгийн байдлаар Зээлдэгч нь Хаан Банкинд нийт 330 гаруй сая төгрөг төлсөн. Иймд үлдэгдэл төлбөрийг уян хатан бөгөөд сайжруулсан нөхцлийг өөрийн зүгээс санал болгох замаар төлүүлэхийн оронд өндөр үнэ бүхий барьцааны зүйлийг худалдан борлуулах шаардлага гаргаж байгааг ойлгох аргагүй.

Иймд хууль зөрчдөг энэ практикт эрх зүйн бодлогын үүднээс хандаж, зээлийн гэрээг бүхэлд хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна.

Зээлийн гэрээ хүчингүй болсны үр дагавар. Зээлийн гэрээ хүчингүй болсноор Хаан Банк ХХК нь Ногоон Тагт ХХК-д зарчмын хувьд Үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэл бүхий шаардлагыг гаргах ёстой.

Нөгөө талдаа Ногоон Тагт ХХК нь Хаан Банк ХХК-д зээлийн эргэн төлөлтийг хүүгийн хамт төлж байсан тул энэ хэмжээгээр Хаан Банк ХХК үндэслэлгүй хөрөнгөжсөн.

Үүний зөрүүгээр Хаан Банк ХХК нь Ногоон Тагт ХХК-д мөнгө төлөх ёстой. Иймд Хаан Банк ХХК- ийн нэхэмжлэлийг хуулийн хүчин чадалтай шийдсэний дараа Ногоон Тагт ХХК нь Хаан Банк ХХК- д нэхэмжлэл гаргахаар шийдсэн болно.

Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай. Анхан шатны шүүх нь зээлийн гэрээг анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэж дүгнэхгүй тохиолдолд энэхүү 1.1.2 заасан тайлбарыг гаргаж байна. Ногоон Тагт ХХК нь зээлийн дансанд төлөгдсөн нийт төлбөрийн хэмжээг Хаан Банкны зээлийн дансны хуулгаас харах шаардлагатай. Нэхэмжлэгчийн хийсэн бодолтыг хууль бус гэрээний заалтад үндэслэн бодсон (үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн, зээлийн хүү бодох хугацааг жилийн 365 хоногоор тооцсон зэрэг) учраас Ногоон Тагт ХХК үүнийг эсэргүүцэж байна.

Ногоон Тагт ХХК-иас 81,834,259.92 төгрөгийг Хаан Банк ХХК-д төлсөн тооцооны хувьд Ногоон Тагт ХХК нь Хаан Банк ХХК-д зээлийн эргэн төлөлтийг хийлгүй тасалдуулснаас хойш үүрэг гүйцэтгэх дарааллаар төлбөрийн зарцуулалтыг тодорхойлох замаар нэхэмжлэлийн шаардлагыг залруулах ёстой. Хариуцагчийг хуваарьт эргэн төлөлтийг хийгээгүйгээс зээлийн хүүний хуримтлал ба/буюу нэмэгдүүлсэн хүү бодогдох боловч дараагийн төлбөр хийсэн тухай бүрт төлбөрийн зориулалтыг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлж үүрэг гүйцэтгүүлэх бодолтыг хийх ёстой. Энэ дүнгээр Хаан Банк өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг залруулах ёстой.

Түүнчлэн хүү бодох хугацааг залруулах ёстой (1.1.1.2).  Үүрэг гүйцэтгэлд 81,834,259.92 төгрөгийг Хаан Банк ХХК-д төлсөн. 1.1.2.1-т заасан зарчмаар Хаан Банк ХХК нь дурдсан зээлийн төлбөрийг бодож нэхэмжлэлийн шаардлагыг залруулах ёстой.

Зээлийн гэрээний хугацаа дуусах үеийн тооцоо. Энэ тооцоо нь дээрх тооцооны үлдэгдэл байх бөгөөд үүнд зээлийн гэрээний хугацаа хүртэл бодогдсон хүүг тусгах ёстой. Энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг залруулах.

Зээлийн гэрээ өөр нөхцлөөр байгуулагдсан буюу ахин байгуулагдах тухай

Анхан шатны шүүх нь зээлийн гэрээг анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэж дүгнэхгүй тохиолдолд энэхүү 1.1.3 -т заасан тайлбарыг гаргаж байна.

Ногоон Тагт ХХКас гаргасан хүсэлт: Ногоон Тагт ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 23-нд Дугаар: 17062301 бүхий зээлийн эргэн төлөлтийн хэмжээг бууруулах хүсэлтийг Хаан Банкинд хүргүүлсэн. Үүнд зээлийн эргэн төлөх бололцоог зааж, уг сараас эхлэн шинэ тарифаар төлөх боломжтойг мэдэгдэн санал хүргүүлсэн. Талуудын хооронд анх гэрээ байгуулагдсан байсан учраас энэ хүсэлт нь гэрээнд өөрчлөлт оруулах санал байсан.

Хаан Банк ХХК-ийн санал, Гэрээнд өөрчлөлт оруулах саналын хариуг Хаан Банкны зүгээс 2017 оны 08 дугаар сарын 31-нд өгсөн. Уг хариунд 84,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг тус банкны Зээлийн хороо 2017 оны 08 дугаар сарын 24-нд гаргаж жилийн 22.8 %-ийн хүүтэй зээлийн хугацааг 35 сараар сунгах, сар бүр тэнцүү хүүтэй төлүүлэх нөхцлийг зөвшөөрсөн болохыг мэдэгдсэн. Бусад тохирооны хувьд хуучин зээлийн гэрээний заалт нөхөх нь талуудын хувьд тодорхой байсан.

Энэ саналыг Ногоон Тагт ХХК хүлээн авсан. Талуудын хооронд энэ агуулгаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхэд эргэлзээ үүсгэх шалтгаан нь: Хаан Банкны зүгээс зээлийн төлбөр, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү буюу нийт 12,631,218.37 төгрөгийг төлсний дараа зээлийн гэрээ байгуулах тухай мэдэгдэл. Хаан Банк ХХК нь тус хариуг тодорхойлолтыг гаргаснаар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй тухай илэрхийллийн эрх зүйн ач холбогдол бүрхэг зэрэг болно. Эдгээр эргэлзээг дараах байдлаар тайлбарлах байна.

Зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулсан шинэ гэрээ байгуулагдаагүй. Гэхдээ дурдсан төлбөрийг төлсөн тохиолдолд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах амлалтыг өгсөн буюу шинэ зээлийн гэрээ байгуулах урьдчилсан гэрээ нь дурдсан төлбөрийг төлснөөр хүчин төгөлдөр болох тохиролцоо хийгдсэн. Энэхүү нэрлэгдээгүй гэрээ нь хойшлуулах болзлоор хийгдсэн ба тодорхойлолтод заасан нөхцлөөр зээлийн гэрээ байгуулагдсанаар дуусгавар болох гэрээ юм. Зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулсны шимтгэл болох зээлийн үлдэгдлийн 1 %-ийг төлснөөр зээлийн гэрээ байгуулагддаг нь банкны практик билээ.

Хаан Банк ХХК нь өөрийн хүсэлт зоригийг хэрхэн нэрлэх нь ач холбогдолгүй. Харин эрх зүйн дагавар үүнээс хүлээхгүй гэж мэдэгдэх нь Ногоон Тагт ХХК зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсны шимтгэл 1 %-ийг төлсний дараа түүнд зээлийн гэрээ байгуулах эрх үүсэхгүй гэсэн утгыг илэрхийлнэ. Энэ нь тэрээр өөрт ашигтай тохиолдолд эрх зүйн хүчин чадалтай, ашиггүй тохиолдолд үр дагаваргүй байлгахаар өөрийн илэрхийллийг үгүйсгэж байгаа тайлбар юм. Хүсэлт зоригийн илэрхийллийн агуулгыг тайлбарлахдаа хэлцлийн хэрэгцээ шаардлага зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ. Иргэний хуулийн 41.2. Зээлийн хорооны шийдвэрийг салбарын захирал гүйцэтгэх үүрэгтэй. Иймд 1 %-ийн шимтгэлийг төлсөн тохиолдолд тэрээр зээлийн гэрээг байгуулах нь зайлшгүй. Иймд дурдсан тодорхойлолт нь эрх зүйн үр дагавартай.           

Хэлцлийн агуулга. Иймд Ногоон Тагт ХХК ба Хаан Банк ХХК нарын хооронд 1 %-ийн шимтгэл төлөх болзлоор зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах утга бүхий нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ нь болзол биелмэгц байгуулагдсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр болно. Иргэний хуулийн 44.2. Хэрвээ анхны зээлийн гэрээг хүчинтэй гэж шийдсэн Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болбол, хариуцагч нь болзлыг биелүүлэн, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагыг гаргах болно.

Барьцааны гэрээ. Хаан Банк ХХК нь барьцааны эрхтэй холбоотой шаардлагыг Ногоон Тагт ХХК-д гаргах эрхгүй. Учир нь Ногоон Тагт ХХК нь барьцаа хөрөнгийн өмчлөгч биш.

Хариуцагчаар заасан иргэн Э.Бд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хаан Банк ХХК нь ЗГ/12915/15-2 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 124,850,739 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд сайн дураараа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд БГҮ/12915/15-2 тоот барьцааны гэрээнд үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлгүй. Учир нь: Зээлийн гэрээний хувьд

Хаан Банк ХХК нь зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй. Учир нь зээлийг иргэн Э.Бд олгоогүй.

Иргэний хуулийн 451.1-д зааснаар Мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх ёстой. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2-т зээлдэгчид зээлийн данс нээж зээл олгохоор заасан.

Дугаар № ЗГҮ/12915/15-2 бүхий зээлийн гэрээний 2.1.3.1-т Зээлдэгчийн ХААН Банк дахь 5129024816 төгрөгийн дансанд бэлэн бусаар ... хийснээр зээлийг олгосонд тооцно" гэж заасан. Тус гэрээнд зээлдэгчийг Ногоон Тагт ХХК ба Э.Б гэж формаль заасан боловч зээлийг олгосон данс нь хамтын данс бус харин Ногоон Тагт ХХК-ын данс бөгөөд энэ дансанд бичилт хийн зээл олгосон болно.

Зээлийн гэрээний дагуу зээл олгох үүргийг Хаан Банк нь Н ХХК-д зээл олгов” гэж гүйцэтгэсэн. Энэ нь Хаан Банк ХХК нь хэнийг зээлдэгч болохыг материаллаг агуулгаар тодорхойлсон хэрэг мөн.

Иймд иргэн Э.Б нь зээлийн гэрээний тал биш. Иймд түүнд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой.

Барьцааны гэрээ. Хаан Банк ХХК нь иргэн Э.Бгийн үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэж үзэж байгаа. Энэхүү барьцааг баталгаат ипотек байна гэж тодорхойлсон (2015- 01-13-ны Дугаар № ЗГ/12915/15-З бүхий Зээлийн гэрээний 7.З.). Энгийн ипотектой харьцуулахад баталгаат ипотек нь үүргийн эрх зүйн шаардах эрхээс илүү хамааралтай буюу ипотекийн шаардлага нь үүгээр баталгаажсан шаардах эрхийн нээлттэй байгаа хэмжээгээр тодорхойлогддог. Иймд ипотекийн эрхийг хэрэгжүүлэх хүсэлтэй этгээд нь ипотекоор баталгаажсан эрхээ, ялангуяа нэхэмжлэлийн шаардлагад зааж байгаа хэмжээг нотлох ёстой.

Ипотекийн эрхийг шалгахад шинжлэх ухаанд баримталдаг дараах дэс дарааг мөрдөх нь зүйтэй/

Ипотекийн эрх үүссэн эсэх. Ипотекийн эрхийн хэлцэл хийгдсэн байх,  Ипотекоор хангагдах шаардлага үүссэн бөгөөд дуусгавар болоогүй байх, Улсын бүртгэлд ипотек бүртгэгдсэн байх (баталгаат ипотекийн бүртгэлийн хувьд маргаагүй).

Ипотекийн эрхийг эсэргүүцэх эрх өмчлөгчид бий эсэх.Ипотекоор баталгаажсан гэгдэх шаардах эрхийн эсрэг гаргах эсэргүүцэл, Ипотекийн эрхийн эсрэг гаргаж болох эсэргүүцэл, Өмчлөгч Э.Б нь өөрийн хөрөнгөд ипотекийн эрх үүссэн, үүнийг эсэргүүцэх тайлбарт дараах үндэслэлийг зааж байна.

Ипотекийн эрх үүссэн эсэх.Ипотекийн эрх нь талууд үүнийг үүсгэхээр тохирох үед үүгээр баталгаажих шаардлага бий болсон байсан бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

Ипотекийн эрхийн хэлцэл байгуулсан эсэхэд. Ипотекийн эрхийн хэлцэл байгуулахад гэрээний гол нөхцлүүдийн агуулгыг Ногоон Тагт ХХК-ийн үүргийг баталгаажуулах гэж тодорхойлсон.

Гэрээний гол нөхцөл буюу ипотекийн зүйлийн үнэ нь зах зээлийн үнээс хэт бага үнээр тогтоогдсон. Энэ нь Хаан Банкны хувьд зээлдэгчид тулгах нөхцлийг зөвхөн өөрийн эрх ашигт нийцүүлж гаргаснаар тайлбарлагдана. Улаанбаатар хотын А зэрэгт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг ашиг сонирхлын зөрчилгүй, гэрээний талуудаас үл хамаарах этгээдийн тооцоонд тулгуурлан гаргах ёстой. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Хаан Банк ХХК өөрөө буюу, өөрийн санал болгосон этгээдээр хийлгэсэн. Энэ тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн хурдан зарагдах шалгуурыг чухалчлах, бодит өртгийг орхигдуулах эрсдэл өндөр. Иймд Ипотекийн эрхийг үүсгэсэн хэлцэл нь хууль бус гэж үзэж байна, барьцааны гэрээний 2.2 нь Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус.

Түүнчлэн Барьцааны гэрээний заалтуудыг зээлийн гэрээнд гаргасан тайлбарын адил шалтгаанаар хууль бус гэж үзэж байна. Тухайлбал, үүрэг гүйцэтгэх дарааллыг өөрчилсөн (гэрээний 2.4). Бусад зөрчилд тус гэрээний 2.8.7, 2.8.10, 3.1.5 зэрэг заалтуудыг нэрлэж байна. Үр дагавар нь Иргэний хуулийн 56.1.1. байна.

Ипотекоор хангагдах шаардлага бий болсон бөгөөд дуусгавар болоогүй байх. Иргэн Э. Бямбасүрэн нь зээлийн гэрээний тал биш. Иймд ипотекийн эрх нь энэ шаардлагыг баталгаажуулах боломжгүй. Бусад этгээдийн буюу Ногоон Тагт ХХК-ын эсрэг гаргах шаардлагыг Э.Б өөрийн өмчөөр баталгаажуулахаар тохирсон гэдгийг Хаан Банк ХХК нотлох ёстой.

Ипотекийн эрх нь энэ тайлбарын 1.1.1-д заасан шаардах эрхээс шууд шалтгаална. Хэрвээ энэ эрх хэлцэл хүчин төгөлдөр бус шалтгаанаар хүчингүй болбол ипотекийн эрх мөн адил дуусгавар болно.

Ипотекийн эрхийг эсэргүүцэх эрх. Хэрвээ энэ тайлбарын 1.1.3-д хийсэн дүгнэлтийг шүүхээс үндэслэлтэй гэж үзвэл Ипотекийн эрхийг эсэргүүцэх эрх хариуцагчид үүснэ. Иймд энэ эрхээр ипотекийг эсэргүүцэх болно.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Н ХХК болон Э.Б нарт холбогдуулан “Үндсэн зээлийн үлдэгдэл 84,845,821.95 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 35,342,235.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 4,662,684.40 төгрөг, нийт 124,850,739 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Н ХХК болон Э.Б нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч нар 300,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Э.Бгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202022030 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40 50 мянгат /15171/ Төмөрчний гудамж, 8 дугаар байрны 601 тоотод байршилтай, 312,18 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/12915/15-2 тоот зээл гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БГҮ/12915/15-2 тоот барьцааны гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 10-11, 12, 13-14 дүгээр тал/  

 

   Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/12915/15-2 тоот зээлийн гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр БГҮ/12915/15- 2 тоот барьцааны гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар бизнесийн зээл авсан.

үндсэн зээлээс 215,154,178.05 төгрөг, хүүгийн төлбөрт 100,566,094.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 131,097.13 төгрөг, нийт 315,851,370 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь” нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дууссан боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 болон 242.3-т заасны дагуу зээлдэгч Н ХХК, Э.Б нараас зээлийн төлбөр болох 124,850,739 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.

зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд энэхүү 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр БГҮ/12915/15-2 тоот барьцааны гэрээнд дурьдсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40 50 мянгат /15171/ төмөрчний гудамж, 8 байр, 601 тоот, 312.18 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ “...Зээлийн гэрээний хувьд Үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн, Мөлжлөгийн шинжтэй зээлийн гэрээ байгуулахгүй байх тухай хуулийн үзэл санааг зөрчсөнөөс зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус болох, Зээлийн гэрээний шимтгэл, Зээлийн гэрээний 1 %-ийн шимтгэлийг Хаан банк ХХК зээл олгохоосоо өмнө төлүүлсэн, Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох эрхгүй, Зээлийн гэрээ хүчингүй болох бусад үндэслэл, Зээлийн гэрээ хүчингүй болсны үр дагавар, Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай, Ногоон Тагт ХХК-иас 81,834,259.92 төгрөгийг Хаан Банк ХХК-д төлсөн тооцооны хувьд, Үүрэг гүйцэтгэлд 81,834,259.92 төгрөгийг Хаан Банк ХХК-д төлсөн, Зээлийн гэрээний хугацаа дуусах үеийн тооцоо, Зээлийн гэрээ өөр нөхцөлөөр байгуулагдсан буюу ахин байгуулагдах тухай, Ногоон Тагт ХХКас гаргасан хүсэлт, Хаан Банк ХХК-ийн санал, Хэлцлийн агуулга, Барьцааны гэрээ, Хариуцагчаар заасан иргэн Э.Бд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Зээлийн гэрээний хувьд, Барьцааны гэрээ, Ипотекийн эрх үүссэн эсэх, Ипотекийн эрхийг эсэргүүцэх эрх өмчлөгчид бий эсэх, Ипотекийн эрхийн хэлцэл байгуулсан эсэхэд, Ипотекоор хангагдах шаардлага бий болсон бөгөөд дуусгавар болоогүй байх, Ипотекийн эрхийг эсэргүүцэх эрх ...” гэж маргажээ.

 

            2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/12915/15-2, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БГҮ/12915/15-2 гэрээнүүдээр Х ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, Н ХХК болон Э.Б нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-д тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.  Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

 

Х ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон байх тул ЗГ/12915/15-2 тоот зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /хх-ийн 17 дугаар тал/

 

Дээрх гэрээнд заасан үүргээ Х ХХК биелүүлсэн учир зээлдэгч Н ХХК болон Э.Б нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Зээлдэгч болох хариуцагч Н ХХК, Э.Б нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 315,851,370 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулгуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагч Н ХХК болон Э.Б нар нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш дээрх зээл төлөлтөөс хойш зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөөгүй болох нь хэрэгт зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 19-21 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн, харин хариуцагч Н ХХК, Э.Б нар мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөөгүйгээс маргаан үүсжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 2.4.1-д зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралт хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ. /хх-ийн 10-12 дугаар тал/

 

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дууссан боловч, хариуцагч нар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн үлдэх хэсэг, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй.

 

Хариуцагч Н ХХК, Э.Б нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 215,154,178.05 төгрөг, зээлийн хүүд 100,566,094.82 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 131,097.13 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дууссан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2019 оны 02 дугаар сарын 19ий өдөр гаргасан байх тул энэ хугацааны хэтэрсэн хүү нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

 

Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу  сар бүр хүү төлөх үүргээ хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй. Харин гэрээний хугацаа өнгөрснөөс хойш төлөгдсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь  хүүг төлүүлэх журамтай.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Н ХХК, Э.Б нар нь хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний хугацаа өнгөрснөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дараалал хамаарахгүй юм.

 

Хариуцагч Н ХХК болон Э.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээлээ шаардаж байсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3-т банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.  

 

Зохигчид “Зээлийн гэрээ”-ний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” тул хариуцагч гэрээний хугацаа дууссан үеэс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

           

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

           

            Зээлийн гэрээний зээлдэгч тал нь Н ХХК, Э.Б нар байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3, 242.11-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна.

 

Иймд хариуцагч Н ХХК болон Э.Б нараас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 84,845,821.95 төгрөг, хүүгийн төлбөрт 35,342,235.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,662,684.40 төгрөг, нийт 124,850,739 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Н ХХК, Э.Б нарын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/12915/15-2 тоот “Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БГҮ/12915/15-2 тоот барьцааны гэрээ байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202022030 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40 50 мянгат /15171/ төмөрчний гудамж, 8 байр, 601 тоот, 312.18 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. 

 

Дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т  зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.   

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н ХХК болон Э.Б нараас 124,850,739 /нэг зуун хорин дөрвөн сая найман зуун тавин мянга долоон зууран гучин есөн/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

            2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н ХХК болон Э.Б нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202022030 бүртгэгдсэн Э.Бгийн өмчлөлийн Улаанбаатар хот, бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40 50 мянгат /15171/ төмөрчний гудамж, 8 байр, 601 тоот, 312.18 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 852,404 /найман зуун тавин хоёр мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  нараас хувь тэнцүүлэн 852,404 /найман зуун тавин хоёр мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              И.АМАРТӨГС