Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/01348

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00895 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Н” ХХК, Э.Бямбасүрэн нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 124 850 739 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК, Э.Бямбасүрэн нар нь “Х” ХХК-аас 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/12915/15-2 тоот зээлийн гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр БГҮ/12915/15- 2 тоот барьцааны гэрээ байгуулж 300 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар бизнесийн зээл авсан.

Зээлдэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/12915/15-2 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу зээлээс 215 154 178.05 төгрөг, хүүгийн төлбөрт 100 566 094.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 131 097.13 төгрөг, нийт 315 851 370 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дууссан боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна.

2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/12915/15-2 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт 124 850 739 төгрөг гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр БГҮ/12915/15-2 тоот барьцааны гэрээнд дурьдсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40-50 мянгат /15171/ Төмөрчний гудамж, 8 байр, 601 тоот, 312.18 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н” ХХК болон Э.Бямбасүрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-аас “Н” ХХК болон иргэн Э.Бямбасүрэн нарт гаргасан 2019 оны 02 дугаар сарын 18-ны дугаар 29/1705 бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.  

Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. “Н” ХХК-д гаргах шаардлагын эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн Үндэслэлгүй хөрөнгөжих институтээр хийх ёстой. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. №ЗГ/12915/15-2 бүхий 2015 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр зээлийн гэрээ нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус.

Гэрээний 2.4-т эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй үед эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, удаахь ээлжинд зээлийн хүү эцэст нь үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлэх агуулгатай.  “Х” ХХК нь үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон өөрийн журмыг хэрэглэх буюу байнга хэрэглэх загварыг гэрээний нөхцөл болгон тусгадаг нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой, иймд энэ нөхцөл хүчин төгөлдөр бус.

Түүнчлэн үндсэн зээлээс хасалт хийгдэхгүй байх нь анхны өндөр дүнгээс хүү бодогдон, өмнөх хүүгийн хуримтлалыг өсгөх нөхцөлийг тавьж зээлдэгчийг үүрэг гүйцэтгэх боломжгүй байдалд хүргэх, эдийн засгийн үр өгөөжийг нь хумих, цаашлаад өрийн дарамтаас гарч чадахгүй явсаар дампуурахад ч хүргэх аюултай учраас ийм заалт туйлын шударга бус.

 

Х ХХК нь барьцааны эрхтэй холбоотой шаардлагыг “Н” ХХК-д гаргах эрхгүй. Учир нь “Н” ХХК нь барьцаа хөрөнгийн өмчлөгч биш, мөн зээлийг иргэн Э.Бямбасүрэнд олгоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Н” ХХК болон Э.Бямбасүрэн нараас 124 850 739 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК болон Э.Бямбасүрэн нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202022030 бүртгэгдсэн Э.Бямбасүрэнгийн өмчлөлийн Улаанбаатар хот, бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40 50 мянгат /15171/ төмөрчний гудамж, 8 байр, 601 тоот, 312.18 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 852 404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 852 404 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Шүүх хариуцагч нараас гаргасан тайлбарын агуулгыг шийдвэрт тусгалгүйгээр хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагчийн гаргасан тайлбарыг нэхэмжлэгч талаас няцаагаагүй байхад үл тоон шийдвэр гаргасан.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулга хууль зөрчсөн тухай дэлгэрэнгүй тайлбарыг хариуцагч бичгээр өгсөн бөгөөд гэрээ хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байсан.

Гэрээг бичгээр байгуулах нь гарын үсэг зурснаар хэрэгждэг тул талууд гарын үсэг зурсан гэж онцгойлох нь ач холбогдолгүй. Гэрээг бичгээр байгуулсан гэдэгт хариуцагч маргаагүй, гэрээ хийгч талд хэлцлийн үр дагаврыг анхааруулан сануулах үр дагаврыг мэдэж байсан гэж зөвтгөх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу.

Нэхэмжлэгч зээлдэгч нартай хийх зээлийн гэрээгээ бүхэлд нь урьдчилан боловсруулдаг, үүнийгээ банкны салбар нэгжийн захирлуудад хүргүүлж тушаал хэлбэрээр шууд мөрдүүлдэг. Үүгээр гэрээний тэгш байдал алдагдсан гэрээг бүхэлд нь гэрээний стандарт нөхцөлөөр хийсэн гэж үзэх, иймд гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх асуудал гарна.

Хариуцагч нараас шүүх хуралдааны үед нотлох баримт гаргуулах хүсэлтийг өгч байсан. Нэхэмжлэгч нь бүх гэрээний загвараа зээлийн хороогоороо хэлэлцүүлж батлуулдаг, үүнийгээ салбарын захирлаараа дамжуулан тушаал хэлбэрээр өөрийн салбар нэгжүүдэд хүргүүлж хяналт тавьж ажиллахыг үүрэг болгодог, зээлдэгчид тулгадаг. Нэхэмжлэгч байгууллагын боловсруулсан гэрээний үндсэн заалтууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль бус гэрээний стандарт нөхцөлийн тодорхойлолтод мөн адил дүйж байгаа мэтээр өнгөц дүгнэж Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж болохгүй. Зээлийн гэрээг хуульд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцох ёстой.

Зээлдүүлэгчийн эрх ашгийг тусгасан гэрээнд зээлдэгч гарын үсэг зурсан байвал зээлүүлэгчийг давуу эрхээ тулгасан, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал хангадаагүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан дарааллыг зөрчсөн, хариуцагч 80 000 000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн үед ч нэхэмжлэгч зээлийн гэрээний 2.4.2.2-т заасныг мөрдөх байсныг үгүйсгэх аргагүй. Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дараалал хамаарахгүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт буруу.

Түүнчлэн зээлийн гэрээний шимтгэл хууль зөрчсөн. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмыг бүх арилжааны банкууд дагаж мөрдөх үүрэгтэй гэдгийг нэхэмжлэгч талаас илэрхийлсэн. Төв банк арилжааны банкнаас бусад этгээдийн эрхэнд халдах эрхгүй, төв банкны тушаал болон түүний хавсралтууд Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хууль тогтоомжийн бусад акт биш. Зээлийн шимтгэлийг эхэлж төлүүлэх арга зам хууль зөрчиж байгаа.

Зээлийн гэрээ нь гэрээний стандарт нөхцөл бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөгч  талдаа хохиролтой тул хүчин төгөлдөр бус, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой.

Шүүх шийдвэртээ зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаар тодорхой дүгнэлт өгөөгүй. Ипотек буюу барьцааны гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус юм.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Н” ХХК, Э.Бямбасүрэн нарт холбогдуулан зээл 84 845 821 төгрөг, хүү 35 342 235 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 662 684 төгрөг, нийт 124 850 739 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “гэрээ стандарт нөхцөлтэй гэрээ бөгөөд харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой хүчин төгөлдөр бус” гэж маргажээ. /хх-1-2, 33-46/

 

Мөн хариуцагч нь “ Э.Бямбасүрэн зээл аваагүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёсгүй гэж маргажээ.

 

Хариуцагч нарыг төлөөлж А.Пүрэвжаргал гэгч  2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/12915/15-2 тоот зээлийн гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр БГҮ/12915/15-2 тоот барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, 300 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар бизнесийн зээл авсан гэж гэрээнд тодорхойлсон, нэхэмжлэгч нь “Н ХХК-нд зээл олгов” гэсэн бичилттэйгээр 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн 300 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг “Н” ХХК-ийн дансанд шилжүүлж, 3 000 000 төгрөгийг шимтгэл гэж буцаан авсан, хариуцагч зээлд 215 154 178 төгрөг, хүүд 100 566 094 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 131 097 төгрөг нийт 315 851 370 төгрөг төлсөн, гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дууссан, “Н” ХХК-ийн захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.Бямбасүрэн болох үйл баримт тогтоогдсон./ хх-10-14, 17-18, 26/

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүсээгүй гэрээний харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа гэж тодорхойлсон нь зөв боловч талуудын маргааны зүйл, хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтуудыг зөв харьцуулан дүгнээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулах боломжтой гэж үзлээ.

 

Талууд гэрээ хүчин төгөлдөр эсэх, үүргийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх дараалал, Э.Бямбасүрэн хариуцагч мөн эсэх асуудлаар маргажээ. / хх-1-2, 33-46/

 

Шүүх талууд маргасан эсэхээс үл хамаарч гэрээ, гэрээний нөхцөлүүд хүчин төгөлдөр эсэхийг дүгнэж үздэг. Нэгэнт Э.Бямбасүрэн үүрэг гүйцэтгэгч биш, зээл аваагүй гэж маргасан тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтаар “зээл олгосон, Э.Бямбасүрэнтэй гэрээ байгуулсан, үүрэг үүссэн” гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй юм.

 

Хэргийн 10-14-р талд авагдсан зээл, барьцааны гэрээнүүдэд зээлдэгч гэх Э.Бямбасүрэнг төлөөлж А.Пүрэвжаргал гэгч гарын үсэг зурсан бөгөөд маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Э.Бямбасүрэнгийн итгэмжлэл, түүнийг төлөөлж зээл авах, барьцааны гэрээнд гарын үсэг зурах, Э.Бямбасүрэнгийн өмчлөлийн хөрөнгийг захиран зарцуулах, тэр тусмаа тухайн зээлийн барьцаанд тавих эрхийг олгосон итгэмжлэл, зөвшөөрөл зэргийг нотлох өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулснаа нотлох үүрэгтэй боловч энэ талаарх баримтыг хэрэгт гаргаагүй байна.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох хэдий ч төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх юм. Эрх бүхий этгээдтэй хэлцэл хийснээ нотолж чадаагүй тохиолдолд хариуцагч Э.Бямбасүрэнд дээрх хэлцлээр үүрэг үүсээгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар үүрэг нь мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүсэх юм. Түүнчлэн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох хэдий ч өмчлөгч хөрөнгөө барьцаанд бариулахыг зөвшөөрсөн үйл баримтыг маргаан үүссэн нөхцөлд нэхэмжлэгч нотлох үүрэгтэй юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсэх юм.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авах, түүнийг эргүүлэн төлөх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулсан нарийвчилсан хууль бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно. Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно. Гэж заасан бөгөөд Э.Бямбасүрэнтэй харилцан тохиролцсон гэх байдал тогтоогдоогүй. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтлөх бөгөөд энэ талаарх баримтгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Э.Бямбасүрэнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин зээлдэгч “Н” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсанд маргаангүй тул уг хариуцагчаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөв байна. /хх-156-170/

 

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ. Талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй. Нэхэмжлэгч хэрэгт авагдсан зээлийн гэрээний загвараар зөвхөн ганц хариуцагчтай гэрээ байгуулсан гэдгээ нотолж чадаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг стандарт нөхцөлтэй гэрээ гэж үзнэ. Нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөл биш гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа стандарт нөхцөл нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дараалал зөрчсөн заалт гэрээнд орсон, зардлаа нотлоогүй байж шимтгэл авсан, гэрээний 3.2.5-д зээлээ төлөөгүй тохиолдолд нэр хүндэд халдах явдлыг гэрээнд заасан нь жам ёсны эрхийг зөрчсөн гэх үндэслэлүүдийг хүлээн авах үндэслэлтэй

 

Гэрээнд үүрэг гүйцэтгэх дарааллыг эхлээд нэмэгдүүлсэн хүү, хүү, зээл гэсэн дарааллаар суутгах агуулгатай заалт орсон боловч гэрээний ерөнхий хугацаа дууссанаас хойш хариуцагчийн зүгээс хийсэн төлөлт байхгүй тул үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлгүй. Харин банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно. Мөн хуулийн  21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлд гэрээнд заасан хэмжээний мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч нь зээлийн данс нээж олгохоор заасан бөгөөд олгосон гэх 300 000 000 төгрөгөөс буцааж шимтгэл авсан уг авсан мөнгөнөөс хүү тооцсон нь дээрх хуулийн заалтуудад нийцэхгүй юм. Иймд уг 3 000 000 төгрөгийн шимтгэл, ногдох хүүгийн хамт 5 332 800 төгрөгийг / 3 000 000х1,8=5 400 000/100=54 000, 54 000х36сар=1 944 000, 1 944 000х20/100= 388 800, 388 800+1 944 000+ 3 000 000= 5 332 800 /хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч “Н” ХХК нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүүд нийт 119 517 939 /124 850 739-5 332 800=119 517 939/ төгрөгийг төлөх үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00895 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Н” ХХК-аас 119 517 939 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 852 404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-аас 755 539 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 852 404 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД