Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00111

 

 

 

............ ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00895 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1348 дугаар магадлалтай,

 

............ ХХК-ний нэхэмжлэлтэй

............ХХК, ............нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 124 850 739 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ХХК, ............нар нь ............ ХХК-аас 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/12915/15-2 тоот зээлийн гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр БГҮ/12915/15- 2 тоот барьцааны гэрээ байгуулж 300 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар бизнесийн зээл авсан. Зээлдэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/12915/15-2 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу зээлээс 215 154 178.05 төгрөг, хүүгийн төлбөрт 100 566 094.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 131 097.13 төгрөг, нийт 315 851 370 төгрөг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дууссан боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/12915/15-2 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт 124 850 739 төгрөг гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр БГҮ/12915/15-2 тоот барьцааны гэрээнд дурьдсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40-50 мянгат /15171/Төмөрчний гудамж, 8 байр, 601 тоот, 312.18 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ............ХХК болон ............нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ ХХК-аас ............ХХК болон иргэн ............нарт гаргасан 2019 оны 02 дугаар сарын 18-ны дугаар 29/1705 бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. ............ХХК-д гаргах шаардлагын эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн Үндэслэлгүй хөрөнгөжих институтээр хийх ёстой. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. №ЗГ/12915/15-2 бүхий 2015 оны01 дүгээр сарын 13-ний өдөр зээлийн гэрээ нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус. Гэрээний 2.4-т эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй үед эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, удаах ээлжинд зээлийн хүү эцэст нь үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлэх агуулгатай. ............ ХХК нь үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон өөрийн журмыг хэрэглэх буюу байнга хэрэглэх загварыг гэрээний нөхцөл болгон тусгадаг нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой, иймд энэ нөхцөл хүчин төгөлдөр бус. Түүнчлэн үндсэн зээлээс хасалт хийгдэхгүй байх нь анхны өндөр дүнгээс хүү бодогдон, өмнөх хүүгийн хуримтлалыг өсгөх нөхцөлийг тавьж зээлдэгчийг үүрэг гүйцэтгэх боломжгүй байдалд хүргэх, эдийн засгийн үр өгөөжийг нь хумих, цаашлаад өрийн дарамтаас гарч чадахгүй явсаар дампуурахад ч хүргэх аюултай учраас ийм заалт туйлын шударга бус. ............ ХХК нь барьцааны эрхтэй холбоотой шаардлагыг ............ХХК-д гаргах эрхгүй. Учир нь ............ХХК нь барьцаа хөрөнгийн өмчлөгч биш, мөн зээлийг иргэн ............д олгоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00895 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ............ХХК болон ............нараас 124 850 739 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч ............ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ............ХХК болон ............нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн ............бүртгэгдсэн ............гийн өмчлөлийн Улаанбаатар хот, бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40 50 мянгат /15171/ төмөрчний гудамж, 8 байр, 601 тоот, 312.18 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ............ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 852 404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 852 404 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1348 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00895 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ............ХХК-аас 119 517 939 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............ ХХК-д олгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ............ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 852 404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ХХК-аас 755 539 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............ ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ............ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 852 404 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ............хяналтын гомдолдоо: зээлийн гэрээний гол нөхцөл хууль зөрчсөн тул бүхэлдээ хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь: ............ны зээлийн гэрээ нь хийгдсэн хэлбэрийн хувьд бүхэлдээ гэрээний стандарт нөхцөл боловч агуулгын хувьд гэрээний гол нөхцөл, иймд хэлцлийн тухай хэм хэмжээг хэрэглэх, хуульд заасан ур дагаврыг барих нь зүйд нийцнэ. Учир нь Гэрээний стандарт нөхцөлөөс өмнө гэрээний гол нөхцөлийг хуульчилж ирсэн. Ингэхдээ гэрээний агуулгыг хуулиар зөвшөөрөх, эс зөвшөөрөх эсэхийг гагцхүү хэлцэл хүчин төгөлдөр бус байх, эсвэл хүчин төгөлдөр бусад тооцогдох боломжоор зохицуулсан. Энэ нь гэрээний стандарт нөхцөлийн үр дагавар бус харин Иргэний хуулийн 56-61-р зүйлд заасан үр дагавар мөрдөгдөх санаа юм. Гэрээний гол нөхцөлийг гэрээний чөлөөт байдлын зарчим хангагдсны үндсэн дээр буюу хэнтэй гэрээ хийх, ямар гэрээ хийх, ямар нөхцлөөр хийх гэж тодорхойлно. Хуульд зааснаар, банктай байгуулах зээлийн гэрээгээр Зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамт эргэн төлөх үүрэгтэй (Иргэний хуулийн 451.1.). Эргэн төлөх хугацааг тохирох, эргэн төлөхдөө хүүг мөн адил төлөх зэрэг нь гэрээг ямар нөхцөлөөр хийх тухай илэрхийлэл бөгөөд үүнийг талууд тухайн тохиолдолд хэрэглэхдээ Иргэний хуульд заасан үүргийн эрх зүйн ерөнхий анги дахь зохицуулалт, зарчмыг баримтлах нь зүйн хэрэг билээ. Учир нь Иргэний хуулийн ерөнхий ангийн зарчмууд бусад тусгай ангийн зохицуулалтуудыг нөхөх байдлаар хэрэглэгдэхээр системчлэгдсэн нь, энэ системийг Иргэний хуулиас бусад тусгай хуулиудад хүртэл мөрдөхийг шаарддагаас харагддаг (Иргэний хуулийн 2.1:, ...тэдгээртэй нийцүүлэн гаргасан...”). Иймд зээлийн гэрээг ямар нөхцөлөөр байгуулах гэдэгт талууд Иргэний хуульд захирагдаж, зээлийн гэрээний тал хэн байх, үүнийг Зээлдэгч нь Зээлдүүлэгчийн нөлөөгүйгээр шийдэж чадаж байгаа эсэх (хамтран зээлдэгчээр татагдах), зээлийн гэрээг байгуулсны төлөө ямар нэг шаардлагыг биелүүлэх (1 хувийн шимтгэл), зээлийн эргэн төлөлт ямар байх тухай, төлөлтийг хугацаанд нь хийхгүй бол ямар үр дагавар гарах эсэх, ялангуяа бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг зээлийн эргэн төлөлттэй ямар дарааллаар төлүүлж барагдуулах зэргийг тус тус багтаах нь дамжиггүй. Хамтран Зээлдэгч болох эсэх нь гэрээний гол нөхцөл болох нь: Иргэн Э. ............нь хамтран зээлдэгчээр татагдсан нь гагцхүү ............ны эрх мэдлээр тайлбарлагдана. Учир нь хамтран зээлдэгч болох нөхцөлийг зөвшөөрөхгүй бол зээл олгохгүй гэх хөшүүрэг бүх нийтэд үйлчилдэг. Иймд энэ гол нөхцөлийг стандарт нөхцөлийн хэлбэрээр хийсэн боловч гэрээний гол нөхцлийн хувьд Иргэний хуулийн 202.5 үйлчилдэггүй. Зээлийн гэрээ нь энэ шалтгааны улмаас хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Гэрээ байгуулах урьдчилсан нөхцөл: 1 хувийн шимтгэл төлөх асуудал гэрээний гол хэсэг болох нь: Давж заалдах шатны шүүх 1 хувийн шимтгэл авсныг хууль бус гэж дүгнэсэн боловч үүний үр дагаврыг гэрээний стандарт нөхцөлийн үр дагавар гэж харан Иргэний хуулийн 202.5-ыг хэрэглэсэн нь учир дутагдалтай. Үүрэг гүйцэтгэх дараалал гэрээний гол нөхцөл болох нь: Шилжүүлж авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд төлөх нь талууд өөр хоорондоо хэрхэн тохирсноор тайлбарлагдах бөгөөд хэсэгчлэн төлөлт хийхээр гэрээнд тусгагдсан бол үүнийг Зээлдэгч нь үүргээ Иргэний хуулийн 213.1.д заасны дагуу хэсэгчлэн гүйцэтгэх эрхтэй буюу зөвхөн энэ хэмжээгээр гүйцэтгэх үүрэгтэй гэж үзэх билээ. Иймд хэсэгчлэн төлөлттэй зээлийн гэрээнд хэсэгчлэн төлүүлэхээр шаардах эрх (Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу) Зээлдүүлэгчид нээгдэх бүрт хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлах нь зүйн хэрэг юм. Иргэний хуулийн 216-р зүйлийг хэрэглэхэд үүрэг гүйцэтгэх ерөнхий хугацаа гэх нэршлийг шалгуур болгодоггүй. Үүрэг гүйцэтгэхтэй холбоотой Арван Зургадугаар бүлэгт ийм нэр томъёо байхгүй. Харин үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх тухай ойлголт бий бөгөөд хуулийг хэрэглэгч этгээдийн хувьд хуульд байгаа зохицуулалтад илүүтэй захирагдаж, дур зоргын нэр томъёо хэрэглэхээс зайлсхийх учиртай. Учир нь шударга ёсыг хуульд захирагдан тогтоох ёстой. Олон сарын хугацаатай зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэх явдлыг ерөнхий хугацаа нэрээр бүрхэгдүүлж зөвхөн нэг удаа тохиодог мэтээр зээлийн гэрээг тайлбарлах нь амьдралаас хол дүгнэлт болно. Гэтэл Зээлдэгч нь сар бүрийн төлөлтөө дарааллан дутуу хийх тохиолдол гарвал Зээлдүүлэгч нь сардаа гүйцэтгэх үүргийн хугацаа болсон, төлөлт дутуу учраас өөрийн тогтоосон үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу ханддаг нь бодит жишээ бөгөөд үүнд 216-р зүйлийг баримтлахгүй байх нь Зээлдүүлэгчид үндэслэлгүйгээр давуу эрх олгосон хэрэг юм. Үүрэг гүйцэтгэх ерөнхий хугацаа болсны дараагаар төлөлт хийгээгүй учраас Иргэний хуулийн 216-р зүйлийг хэрэглэх шаардлагагүй буюу төлөлтөд залруулга хийхгүй гэх Давж заалдах шатны шүүхийн тайлбарт нэгэн буруу логик байгаа нь хууль зөрчсөн зохицуулалтыг гэрээнд заасныг тогтоосон атлаа тус гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа асуудал юм. Хууль бус заалт гэрээнд орсон нь гэрээг шууд энэ байдлаараа хүчин төгөлдөр бус байх тохиолдол болгож байгааг хариуцагч тайлбарласаар ирсэн билээ. Иргэний хуулийн 56.1.1 дэх хууль зөрчсөн хэлцэл гэдэгт хуулийн үзэл санааг сөргүүлсэн утгыг гэрээнд бичсэн нь хангалттай гэж ойлгох ёстой. Учир нь талуудын байгуулсан № ЗГ/12915/15-2 гэрээ нь хэлцэл гэдэгт маргах шаардлагагүй. Иймд үүнээс өөр тодруулга, ялангуяа хэлцэлд зааснаа бодитоор хэрэгжүүлсэн байх гэсэн нөхцөлийг давхар шаардах нь хууль ёсны биш. Иргэний хуулийн 56.1.1-тэй холбоотой асуудлаар хандсан бол, хууль бус болох нь тогтоогдсон бол гэрээний үлдэх хэсэг нь хүчинтэй байх цор ганц боломж нь Иргэний хуулийн 56.2-ыг хэрэглэх явдал буюу талууд хүссэн тохиолдол үүрэг гүйцэтгэх дараалалд засвар оруулах явдал юм. Ерөнхийдөө Хариуцагч нарын тайлбарыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөлгүй зээлийн гэрээ нь бүхэлдээ хүчин төгөлдөр хэвээр гэж дүгнэж байгаа тохиолдолд хуулийн хэм хэмжээний үндэслэлд нухацтай хандах шаардлагатай байна. Ялангуяа, гэрээний гол нөхцөлийг стандарт нөхцөлөөр зохицуулсан нь хууль зөрчих үед Иргэний хуулийн 202.5-д заасан нөхцөл биелэхгүй шалтгаанаар гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр үлдэх боломжгүй, цаашлаад хүчин төгөлдөр бусад тооцогдсон бол хэрэглэх учиртай Иргэний хуулийн 61-р зүйлийг хэрэглэхгүй байх анхаараагүйгээс Хариуцагч нарын гомдолд буруу дүгнэлт хийсээр байна. Зээлийн гэрээний цөм болсон заалт нь хууль зөрчих тохиолдол гэрээний стандарт нөхцөлийн хэлбэрээр илэрвэл хуульд заасан үр дагавар (Иргэний хуулийн 56.1.) бус, харин стандарт нөхцөлийн үр дагавар (Иргэний хуулийн 202.1. буюу 202.5.) бий болно. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг ийнхүү ойлгох шалтгаан нь Гэрээний хугацаа дууссанаас хойш төлөлт хийгдсэн бол хуульд заасан агуулгаар буюу үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу төлөлтийг тооцох тухай түүний тайлбараас харагдана. ............ны зээлийн гэрээ нь хийгдсэн хэлбэрийн хувьд бүхэлдээ гэрээний стандарт нөхцөл мөн боловч агуулгын хувьд гэрээний гол нөхцөлийг хэлцэл, түүний бүрдэл хэсэг талаас нь тайлбарлах, хуульд заасан үр дагаврыг хэрэглэх нь зүйд нийцнэ. Учир нь Гэрээний стандарт нөхцөлөөр гэрээний гол нөхцөлийг зохицуулдаггүй. Энэ утга санааг Иргэний хуулийн 202.5-д заасан. Тухайлбал, гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүд гэрээний гол бус нөхцөл болох тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна гэсэн нь нөгөө талаасаа хууль бус гэгдсэн гэрээний стандарт нөхцөл нь гэрээний гол нөхцөл болсон тохиолдолд гэрээ нь бүхэлдээ хүчин төгөлдөр үлдэх боломжгүй санааг илэрхийлнэ. Энэ нь гэрээний стандарт нөхцөлийн үр дагавар бус харин хэлцэл хүчин төгөлдөр бус байх үр дагавар мөрдөгдөхийн илэрхийлэл юм. Зээлдүүлэгч ............ нь үүргийг хэсэгчлэн төлөх асуудалд ч үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоодог. 2015 оны 01-р сарын 13-ний № ЗГ/12915/15-2 дугаартай зээлийн гэрээний хэсгээс: Хоёр. Зээлийн нөхцөл ...2.4.2.2 “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-иас хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, (үүний дараагаар) уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ”. Зээлийн гэрээний энэ заалтаар Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан утга агуулгыг зөрчиж байгаа болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох нь уг хуулийг зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэдэг гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүх хурлын үеэр хийж байсан нь хуулийн утга санааг явцууруулсан ойлголт болохыг Иргэний хуулийн тайлбараас мэдэж болно. Зээл буцаан төлөх хуваарьт анх 36 удаагийн төлөлтийг заасан. Энэ нь зээлийг хэсэгчлэн төлөх хугацаа болох бүрт үндсэн зээлээс хасагдах дүнг үндсэн зээлийн үлдэгдэлд бодсон хүүгийн хамтаар төлж байх утгатай бөгөөд хэрвээ тогтсон дүнгээр төлж чадахгүй бол дээрхи зээлийн гэрээний 2.4.2.2 үйлчлэнэ гэдгийг ............ гэрээндээ тусгасан байна. Хариуцагч нь 2016 оны 12 сарын 14-ний 80 сая төгрөгийг ............инд төлөхөд үүрэг гүйцэтгэх дарааллыг гэрээнд заасны дагуу мөрдөж ажилласан баримтыг анхан шатны шүүхэд илэрхийлж байсан, дараагаар нь давж заалдах гомдолд мөн адил зааж байсан болно. Иймээс зээлийн гэрээний дурдсан заалтын агуулга Иргэний хуулийн 216-р зүйлд заасан утга агуулгатай сөргөлдөж байгааг тогтооход бэрхшээлгүй билээ. Зөвхөн 81 сая төгрөгийн төлөлт бус харин бусад төлөлтийн хувьд ч зээлдэгч нь давуу эрхээ ашигласан гэдгийг энд дурдах нь зүйтэй. Үүрэг гүйцэтгэх дараалал нь үүрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг хамгаалах зорилгыг агуулдаг нь Монгол улсын Үндсэн хуулийн хүнлэг байх зарчмын нөлөө болно. Үүргийг зээлдүүлэгчийн тогтоосны дагуу биелүүлж чадахгүй байдалд орох нь амьдралд тохиох эрсдэл бөгөөд энэ тохиолдлыг Хууль тогтоогч урьдчилан харсан нь Иргэний хуулийн 216-р зүйл юм. Иймд үүнээс зөрж хуулийн үзэл санаанаас гажсан гажуудлыг үүсгэсэн гэрээний заалт нь дангаараа гэрээний хувь заяанд нөлөөлөх ёстой. Зээлийг хуваарийн дагуу төлөх нь зээлдэгчийн үндсэн үүрэгт хамаарна. Иймд үүнийг зөрчигдөх үед авах арга хэмжээг заасан гэрээний зохицуулалт нь мөн адил үндсэн үүргийн бүрдэл хэсэг болно. Иймд гэрээний үндсэн үүргийн бүрдэл хэсэг хууль зөрчих нь уг гэрээг буюу өргөн утгаараа хэлцлийг хууль бус гэж дүгнэхэд хүргэх учиртай. Зээлийн гэрээний гол бус нөхцөлүүд хууль зөрчсөн нь зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах тухайд: Зээлийн гэрээний бүхий л заалтууд нь гэрээний стандарт нөхцөл болсон үед гэрээ бүхэлдээ стандарт нөхцөлийн үр дагавраар буюу 202.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх асуудалд эрх зүйн бодлогын үүднээс хандах нь чухал байна. Гэрээний гол бус нөхцөлүүд, тухайлбал, зээлдэгчийн хуулиар хамгаалагдсан нэр хүндэд халдах эрхийг гэрээгээрээ баталгаажуулж байгаа зээлдүүлэгчийн хувьд энэ асуудлыг зайлшгүй нягтлах хэрэгтэй байна. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар: Хэлцэл Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх нь тогтоогдвол талууд харилцан үндэслэлгүй хөрөнгөжсөн шалтгаанаар шаардлага гаргах учиртай. Зээлдүүлэгч ............ны хувьд нийт 297 сая төгрөгийг хариуцагч ............ХХК-д шилжүүлсэн (шимтгэл болох 3 сая төгрөгийг буцаан авсан). ............ХХК нь нийт 315 сая 851 мянга 370 төгрөгийг төлсөн. Иймд Үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр ............ХХК нь ............ ХХК-д эчнээ нэхэмжлэл гаргахыг завдаж байгаа болно. Иймд ............ны нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйд нийцнэ. Иргэний хуулийн 56.2,-д заасан үр дагавар бий болохгүй тухай үндэслэл: ............ ХХК-ийн боловсруулсан гэрээний үндсэн нөхцөлүүд Иргэний хуулийн 56.1.1,-т зааснаар хууль бус гэж дүгнэсэн тохиолдолд уг зээлийн гэрээг бүхэлд нь хууль бус гэж дүгнэх шаардлагатай болно. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хувьд Иргэний хуулийн 56.2-т заасан нөхцөл биелсэн бол зохих үр дагавар бий болж болно. Энэ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн оронд өөр хэлцлийг хийсэн гэж үзэх боломж юм. Гэхдээ энэхүү 56.2-т заасан нөхцөл биелэхгүй болохыг хариуцагч нар давж заалдах гомдлын “2.1.2 Зээлийн гэрээ нь хууль зөрчсөн талаар” гарчиг дор дэлгэрэнгүй өгүүлсэн. Товчхондоо, энэхүү заалтын өөр хэлцэл гэдэгт хууль бус нөхцөлтэй зээлийн гэрээг хууль ёсны нөхцөлтэй зээлийн гэрээгээр ойлгож болох нь эргэлзээтэй. Учир нь “шүүхэд мэдүүлэх нь ховор, шүүхдээд ялагдсан ч хууль бус хэлцлийг залруулах боломжтой, иймд хууль бус гэрээний загвараа тулган бизнесээ хийсээр байж болно” гэх банкны хуульч нарын гаж сэтгэлгээг хөхүүлэн өөгшүүлэх билээ. Нөгөөтэйгүүр, талууд хууль бус нөхцөл бүхий зээлийн гэрээг хуульд нийцсэн зээлийн гэрээ болгуулах хүсэлгүй байгаа болно. Энэхүү тайлбарын дэлгэрэнгүйг давж заалдах гомдлын “2.1.2 Зээлийн гэрээ нь хууль зөрчсөн талаар” гарчгийн дор, ялангуяа зүүлт 7-д дурдсан баримтын хамт үзнэ үү. Иймд давж заалдах шатны шүүхийн үндэслэлд багтсан “Хариуцагч ............ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр тогтоосон үүрэг гүйцэтгэх дарааллыг хуульд заасан дарааллаар залруулах” тухай тайлбар буруу байсан болно. Иргэний хуулийн 61-р зүйлийг хэрэглэж болохгүй тухай үндэслэл: Иргэний хуулийн 61.2-т 61-р зүйлийг хэрэглэхдээ 202.5-д заасан үр дагаврыг анхаарах тухай заасан. Давж заалдах шатны шүүх Хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсан тайлбарыг няцаалгүйгээр хэдий гэрээний гол нөхцөл-үүрэг гүйцэтгэх дараалал-хууль зөрчсөн гэж дүгнэсэн ч, үр дүнгийн хувьд 202.5-ийг хэрэглэсэн. Энэхүү 202.5-ыг хэрэглэх арга зам нэг талаас гэрээний стандарт нөхцөл талаас нь гэрээний гол нөхцөлийг харж шууд хэрэглэх, нөгөө талаас Иргэний хуулийн 61-р зүйлээр дамжиж хэрэглэх явдлаар тодорхойлогдож байна. Гэрээний хууль бус заалтууд стандарт нөхцөл түл 202.5-ийг шууд хэрэглэхийн тухайд: 202.5.-д заасны дагуу талуудын хүслээс эс хамаарч зөвхөн стандарт нөхцөл хууль бус болох үр дагавар гарах тул зээлийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байх асуудал гэрээний стандарт нөхцөлийг хэрэглэхтэй давхацвал санал хүлээн авагч талын эрхэнд халтай байдал үүсч байна. Учир нь гэрээний стандарт нөхцөлийг хэрэглэгч этгээд нь эрх зүйн байр суурь буюу эдийн засгийн хувьд хүчтэй этгээд байдаг бөгөөд хуулиар түүнийг гэрээний гол бус нөхцөлийг тулгасан явдалд нь “шийтгэдэг” боловч гэрээний гол нөхцөлийг стандарт нөхцөлийн хэлбэрээр тулгахад нь буюу илүү хурц байдлаар хуулийг мохооход нь ижил үр дагавраар буюу зөвхөн стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус болгох явдал байж таарахгүй. Энэ гомдлын “2.2.3 Үүрэг гүйцэтгэх дараалал гэрээний гол нөхцөл болох нь” хэсэгт дэлгэрэнгүй үндэслэл бий. Иргэний хуулийн 202.5-ийг 61.2-д заасны дагуу хэрэглэх тухайд: Сая дурдсан эрх зүйн бодлогын тухай тайлбарыг бататгах өөр нэг тайлбар бол Иргэний хуулийн зохицуулалтын систем буюу түүний уялдааг илэрхийлсэн тайлбар болно. Тухайлбал, Иргэний хуулийн 56.2. нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар бөгөөд үүгээрээ хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн үр дагавар болох 61-р зүйлээс ялгаатай. Энэ нь хүчин төгөлдөр бусад тооцох хэлцлийн хувьд 61.2,-т заасны дагуу 202.5,-д заасан үр дагаврыг хэрэглэх утгыг илэрхийлнэ. Иргэний хуулийн зохицуулалтын энэхүү уялдааг эс анхаарвал гэрээний үндсэн зохицуулалт нь хууль зөрчих үед 56.2,-т заасныг хэрэглэх боловч энэ зохицуулалтыг хэлбэрийн хувьд Стандарт нөхцөлтэй давхцах тохиолдолд 202.5,-г хэрэглэх гажуудал үүснэ. Гажуудал гэдэг нь гэрээний стандарт нөхцөл харилцан хэлэлцэж тохирсноор бус харин тулгалтаар гэрээний бүрдэл хэсэг болдогтой холбоотой. Иймд хуулийг хэрэглэгч нь ийм гажуудлыг засах үүрэгтэй билээ гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат, С.Гантогтох нар хяналтын гомдолдоо: Магадлалыг “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. 1. Магадлалд “Зээлдэгч гэх ............г төлөөлж А.Пүрэвжаргал гэгч гарын үсэг зурсан бөгөөд маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ............гийн итгэмжлэл, түүнийг төлөөлж зээл авах, барьцааны гэрээнд гарын үсэг зурах, ............гийн өмчлөлийн хөрөнгийг захиран зарцуулах, тэр тусмаа тухайн зээлийн барьцаанд тавих эрхийг олгосон итгэмжлэл, зөвшөөрөл зэргийг нотлох өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулснаа нотлох үүрэгтэй боловч энэ талаар баримтыг хэрэгт гаргаагүй байна.” гэж дүгнэж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зуйн үндэслэлгүй байна. Өөрөөр 2015 оны 01 сарын 13-ны өдрийн ЗГ/12915/15-2 тоот зээлийн гэрээнд зээлдэгч “............” ХХК-ийн захирал ............г төлөөлж итгэмжлэлээр А.Пүрэвжаргал, хамтран үүрэг гүйцэтгэгч ............г төлөөлж итгэмжлэлээр А.Пүрэвжаргал, 2018 оны 01 сарын 13-ны өдрийн БГҮ/129/15-2 тоот барьцааны гэрээнд Улсын бүртгэлийн ............дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч барьцаалуулагч ............г төлөөлж итгэмжлэлээр А.Пүрэвжаргал, рестораны тоног төхөөрөмж барьцаалуулсан барьцаалуулагч “............” ХХК-ийн захирал ............г төлөөлж итгэмжлэлээр А.Пүрэвжаргал нь тус тус төлөөлж зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан болно. Гэвч давж заалдах шатны шүүхээс итгэмжлэл ашиглаж хийсэн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болох ............г төлөөлж зээлийн гэрээ байгуулах итгэмжлэл, итгэмжлэл ашиглаж барьцаалуулсан Улсын бүртгэлийн ............дугаар бүхий ............гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулахыг зөвшөөрсөн итгэмжлэл хэрэгт байхгүй гэж дүгнэсэн атлаа зээлдэгч “............” ХХК-ийн захирал ............г итгэмжлэлээр төлөөлж гарын үсэг зурсан асуудлыг дүгнэхгүйгээр зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхэд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосон алдаа гэж үзэхээс гадна Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийг буруу тайлбарласан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 2. Шимтгэл тооцсон нь хуульд нийцээгүй гэх магадлалын дүгнэлтийн хувьд: “Зээлийн шимтгэл” гэдэг нь банкны зээл олгох үйл ажиллагаатай холбогдуулан гарсан тодорхой хэмжээний зардал буюу төлбөр юм. Тухайлбал, зээлийн түүхийн судалгаа, зээл хүсэгчийн үйл ажиллагаатай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх, барьцаа хөрөнгийн үнэлгээ тайланг судлах, тухайн зээл хүсэгчийн үйл ажиллагаатай танилцах зэрэг үйл ажиллагаа явуулахад гардаг тодорхой зардал юм. Энэ үйл ажиллагаатай холбогдуулан гарсан зардлыг нөхөх зорилгоор зээлдэгчээс төлбөр авдаг байх бөгөөд үүнийг зээлийн гэрээ болон Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан журмын дагуу явуулдаг. Арилжааны зээлийн үйл ажиллагаа нь хэзээ ч санхүүгийн судалгаа, эрсдлийн шинжилгээгүйгээр явагддаггүй ба зээлдэгчид уг зээлийг олгож мөнгөн хөрөнгийг ашиглуулж хүү аван, ашиг олох гэж байгаа зээлдүүлэгч нь өөрийн эрсдлийг тодорхойлох, зээлдэгчийн санхүүгийн чадвар, бизнесийн туршлага үйл ажиллагааг судлах, гэрээ байгуулах тохиролцоо хийх, гэрээг байгуулах хүртэл хугацаанд зайлшгүй урсгал шинжтэй зардлуудыг гаргадаг. Урсгал зардал нь шууд утгаараа зээлийн үйл ажиллагааны нэгэн хэсэг мөн боловч зээл олгох шийдвэр гаргахаас өмнө хийгдэж буй харьцангуй бие даасан санхүүгийн үйлчилгээ юм. Энэ утгаараа шимтгэл тодорхой үйлчилгээний төлбөр болох бөгөөд Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан байгаа нь зээлийн шимтгэл авахыг хориглосон ямар нэг утга агуулаагүй байх бөгөөд харин ч зээлийн болзол, нөхцөлөө өөрөө тогтоохыг хуулиар зөвшөөрсөн байна. Зээлдэгч нь гэрээний нөхцөлтэй танилцаж, өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлсний үндсэн дээр зээлийн гэрээг чөлөөтэй байгуулдаг. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1.3.17-д “шимтгэл, хураамж” гэж банкнаас тогтоож харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлсэн хэмжээг эсхүл тогтмол тогтоосон дүнг ойлгоно гэж заасан. Хууль болоод зохицуулагч байгууллагаас гаргасан дүрэм, журамд арилжааны банкнаас иргэн, хуулийн этгээдэд зээл олгохдоо ямар нэгэн хэлбэрээр шимтгэл авахыг хориглосон хэм хэмжээ байхгүй. Зээлдэгчийн хувьд олгосон зээлийн дүнгийн нэг хувь байхаар тохирсон хэдий ч зээлдэгчийн үнийн дүн нь өндөр учраас банкны хувьд зээлийн шимтгэлийг 1.500.000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр шимтгэлийг авдаг байхад давж заалдах шатны шүүх зээлийн шимтгэлд 3.000.000 төгрөг авсан гэж дүгнэсэн нь хэрэгт баримтаар нотлогдоогүй, мөн ийм хэмжээний шимтгэл аваагүй байхад авсан мэтээр хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №53 тоот тайлбарт “Иргэний хуулийн 445 дугаар зуйлийн 445.1-д зааснаар тайлбарлажээ. Дээрх зээл олгосон шимтгэлийг банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгчийн зээлийн данснаас зээлдэгчийн дансанд бүтнээр шилжүүлж улмаар зээлдэгчийн зөвшөөрлийн дагуу түүний төлбөрийн даалгаврыг гүйцэтгэж шимтгэл тооцон авсан нь дээрх хууль болон тайлбарт зааснаар тэдгээрийн хооронд үүссэн гэрээний харилцааны үүргийн дагуу гүйцэтгэсэн нь магадлалд дурдсан Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар зээлийн ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлд гэрээнд заасан хэмжээний мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч нь зээлийн данс нээж олгохоор заасан бөгөөд олгосон гэх 300 000 000 төгрөгөөс буцааж шимтгэл авсан уг авсан мөнгөнөөс хүү тооцсон нь дээрх хуулийн заалтуудтай нийцээгүй гэх дүгнэлт нь үгүйсгэгдэж байна. Банк зээлдэгч нарын хооронд зээлийн шимтгэлийг зээлдэгч нь авсан зээлээсээ төлдөг бөгөөд урьдчилж төлөх нь практикт бодитой байдаггүй болно. Харин ч банкны хувьд Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасны дагуу зээлдэгчийн гэрээнд заасан зээлийн данс болох 5129024894 тоот дансанд 300 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зээлдэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.3-т зааснаар харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэсэн нь давж заалдах шатны магадлалд дурдсан үндэслэлийг үгүйсгэж байна. Хэрэгт энэ талаарх зээлдэгчийн зээлийн данс болох 5129024894 тоот дансны хуулга авагдсан бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүхээс үнэлж дүгнээгүй хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ............ ХХК 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч ............ХХК, ............нараас зээл 84 845 821 төгрөг, хүү 35 342235 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 662 684 төгрөг, нийт 124 850 739 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч ............ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө стандарт нөхцөлтэй гэрээ  бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж, хариуцагч ............зээл аваагүй, гэрээний тал биш гэж тус тус маргажээ. /хх-1-2, 33-46/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зээлийн шимтгэлд суутгасан гэх 3 000 000 төгрөг, түүнд ногдох хүүг хасч, үүргийг багасган хариуцагч ............ХХК-иас 119 517 939 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, барьцааны зүйлээс үүргийг хангуулах шийдвэрийн заалтыг хүчингүй болгосон байна.

 

Анхан шатны шүүх хамтран зээлдэгч, зээлийн шимтгэл, хураамжийн талаар зохих дүгнэлтийг хийж чадаагүй, давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулсан боловч  суутгасан шимтгэлийн хэмжээг анхаараагүй, барьцааны гэрээний талаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул тус тус залруулж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, 452 дугаар зүйлд заасан зээлийн хүү, 453 дугаар зүйлд заасан зээлдэгчийн хариуцлага, Иргэний хуулийн 216, 61, 202 дугаар зүйлд заасан хэм хэмжээ маргааны эрх зүйн үндэслэл болсон, хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн боловч зарим эрх зүйн дүгнэлтийг зөвтгөх боломжтой байна.

Гэрээний дагуу ............ 300 000 000 төгрөгийг ............ХХК-ийн дансанд шилжүүлсэн, ............ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэхэд нийт 416 800 998 төгрөгийг буцааж хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн боловч үндсэн зээлд 215 154 178 төгрөг, хүүд 100 566 094 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 131 097 төгрөг нийт 315 851 370 төгрөгийг төлсөн, үүргээ бүрэн гүйцэтгээгүй байв.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээгээр гэрээний талуудын эрх үүргийг зохицуулсан ба талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тул үүргээ харилцан биелүүлэх ёстой байна. Зээлдэгч ............ХХК үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний үүргийг хангуулах ёстой гэж үзсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль зөрчөөгүй байна.

 

Хариуцагч ............нь гэрээнд оролцоогүйгээс гадна зээлийг хүлээн авч, хамтран захиран зарцуулсан гэх байдал тогтоогдоогүй тул үүрэг үүсээгүй, хамтран хариуцах үндэслэлгүй болохыг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн дагуу дүгнэж, анхан шатны шүүхийн алдааг залруулсан нь үндэслэлтэй болжээ. Харин хүсэл зоригийн дагуу барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө барьцаалсан, гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байх тул барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийн хувьд ............нь хариуцагч болох учир түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

 

Хэрэгт байгаа баримтын хүрээнд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүх энэ талаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 154 дүгээр зүйлийн 154.3, 156 дугаар зүйлийг зөрчсөн дүгнэлт хийснээс гадна шийдвэрт өөрчлөлт оруулахдаа барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг огт шийдвэрлээгүй орхижээ. Энэ талаар буюу барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Зээлдүүлэгч нь зээл олгохдоо шимтгэлд 3 000 000 төгрөгийг бус 1 500 000 төгрөгийг суутган авсан болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй тул 1 500 000 төгрөгийг хүүгийн хамт тооцож 2 666 400 төгрөгийг нэхэмжлэлээс хасч, барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2. Хариуцагч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ банкны зүгээс гэрээний гол нөхцөл болох хамтран зээлдэгч оролцуулах, зээлийн шимтгэл тогтоох, гэрээнд үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоохдоо тулгаж, өөрийн боловсруулсан нөхцөлийг зөвшөөрөхгүй бол зээл олгохгүй гэх хөшүүргийг хэрэглэдэг, хуулийн үзэл санаанаас гажсан, хууль зөрчсөн гэрээний эдгээр заалт нь гэрээний үүргийн үндсэн бүрдэл хэсэг тул гэрээг бүхэлд нь хууль бус гэж дүгнэх үр дагавартай, гэрээний гол нөхцөлийг стандарт нөхцөлийн хэлбэрээр тулгаж гэрээг байгуулсан байхад гэрээг бүхэлд нь бус зөвхөн стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус болгох явдал байж болохгүй тул Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дах заалт хэрэглэх хэм хэмжээ болохгүй, ...гэрээний үндсэн зохицуулалт хууль зөрчсөн үед Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсгийг хэрэглэх боловч энэ зохицуулалт нь хэлбэрийн хувьд стандарт нөхцөлтэй давхцах тохиолдолд 202 дугаар зүйлийн 202.5 дах хэсгийг хэрэглэх гажуудал үүснэ...иймд хууль хэрэглэгч энэ гажуудлыг засах ёстой,... гэрээний хугацаа дууссанаас хойш хүү төлөлтийг  үргэлжлүүлж буй  Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг үндсэндээ хуульд байх ёсгүй зохицуулалт, зүй нь 222 дугаар зүйлийн 222.5 яригдах ёстой...гэсэн агуулгатай гомдлыг гаргажээ.

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй байна.

 

2.1.Аливаа гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон байж гэрээ байгуулагдсанд тооцогддог. Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй байх, нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэж ойлгохыг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заажээ.

 

Банк зээлийн гэрээний хувьд урьдчилан тогтоосон нөхцөлийг санал болгодог, энэ салбарт стандарт нөхцөл бүхий гэрээ байгуулагддаг боловч гэрээний гол нөхцөл болох  зээлийн зориулалт, зээлийн хэмжээ, гэрээний хугацаа, зээл төлөх журам зэрэг нөхцөлийг талууд нэг бүрчлэн хэлэлцсний үндсэн дээр тохирдог тул гэрээний энэ шинжийг харгалзан банкны зээлийн гэрээг бүхэлдээ стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэх үндэслэлгүй байдаг байна. Талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ байгуулахдаа гэрээний зарим гол нөхцөлийг өөрсдөө тогтоохын зэрэгцээ банкны урьдчилан тогтоосон бусад нөхцөлийг зээлдэгч зөвшөөрч, гарын үсэг зурснаар уг стандарт нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг болно. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 200.3-т стандарт нөхцөл нь ямар тохиолдолд гэрээний салшгүй хэсэг болохыг тодорхой заажээ.

Харин Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.3-т зээлдүүлэгч буюу банк зээлийн хүүгийн хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасан ба зээлийн гэрээний нэг гол нөхцөл болох зээлийн хүүгийн хэмжээ стандарт нөхцөлд тусгагдсан байдаг байна.

 

Давж заалдах шатны шүүх банкны санал болгосон зээлийн хүүгээс бусад стандарт нөхцөл нь  гэрээний гол нөхцөлд хамаараагүй болохыг анхаараагүй, зээлийн гэрээг бүхэлдээ стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзсэн нь Иргэний хуульд нийцээгүй байна.

 

2.2.Хамтран зээлдэгч оролцуулах, зээлийн шимтгэл төлүүлэх тохиролцоо гэрээний гол нөхцөл болоогүйгээс гадна банкны зүгээс гэрээг байгуулахад дээрх нөхцөлийг зөвшөөрөхийг тулгасан гэдгийг хариуцагч баримтаар нотлоогүй тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй юм. Хамтран зээлдэгч байх эсэх нь гэрээг байгуулах талуудад хамааралтай бөгөөд гэрээний гол нөхцөл болохгүй. Түүнчлэн зээлийн шимтгэл төлөх тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хамтран зээлдэгч оролцуулах, зээлийн шимтгэл төлүүлэх гэрээний нөхцөл нь гэрээний гол нөхцөл болоогүй тул гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Харин эдгээр нөхцөлүүд гэрээний онцлог, тохиролцооноос хамаараад тодорхой тохиолдолд гэрээний гол нөхцөл байхыг үгүйсгэх боломжгүй бөгөөд хэрэв гэрээний гол нөхцөлд хамаарах бол хариуцагчийн гаргаж буй үндэслэл боломжтой юм.

 

2.3.Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа стандарт нөхцөл нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан нь гэрээг бус тухайн гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэсэн агуулгатай. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5-д мөн ийм агуулга тусгагдсан байна.

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Энэ зүйлд энэ хуулийн 202.5 нэгэн адил хамаарна.” гэж заасан. Энэ зохицуулалт нь хуулийн утга санааг өөрчлөн, өөртөө ашигтай байдлаар хэрэглэх, өөрчлөх боломжийг зээлдүүлэгчид олгосон арга зам болох учиргүй.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.5-д гэрээний зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж тогтоосон Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан зарчмын шинжтэй зохицуулалтаас урган гарсан, гэрээний салшгүй хэсэг болох стандарт нөхцөлд нарийвчлан тусгагдсан хэм хэмжээ юм.

Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэхийг хуульчилсан нь гэрээний тогтвортой байдлыг хангах, нөгөө талаар үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хориглосонтой нэгэн адил  гэрээнд нөлөөлөхгүй зарим нөхцөлийн хүчин төгөлдөр бус байдлыг  гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхэд ашиглаж болохгүй гэсэн агуулгатай.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5-д заасан зохицуулалтыг банкны зээлийн гэрээнд өөрөөр буюу дүрмийн бус тохиолдлоор хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

 

2.4.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан “хууль зөрчсөн” гэх үндэслэлд нь аливаа хуулийн ямар нэг заалтыг зөрчсөн хэлцлээс гадна ийм төрлийн хэлцэл хийх нь хуулиар хориотой, тухайн хэлцлийн агуулга угтаа хуульд нийцэхгүй байхыг хамааруулдаг байна. Зээлийн гэрээний 2.4.2.2-т үүрэг гүйцэтгэх дарааллыг “эхлээд нэмэгдүүлсэн хүү, хүү, зээл” гэж тогтоосон, 3.2.5-д зээлээ төлөөгүй тохиолдолд нэр хүндэд халдах талаар заасан стандарт нөхцөл нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйл, 216 дугаар зүйлийн 216.1, 216.4-т заасан зохицуулалтыг зөрчсөн, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар энэ нөхцөл нь хүчин төгөлдөр бус байна. Гэвч эдгээр нөхцөл нь гэрээний гол нөхцөл болоогүй тул гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн тухайн нөхцөл нь хүчин төгөлдөр бус байх юм.

 

2.5.Зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт үндсэн зээл, хүү төлөх үүрэг багтана.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.” гэж зааснаар үүргийг тооцох боловч гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн зүгээс хийсэн төлөлт байхгүй учир үндсэн зээлээс хасах төлөлт байхгүй, давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

2.6. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасан хэтэрсэн хугацааны хүүг  гэрээгээр тогтоосон зээлийн хүүгийн хэмжээгээр үргэлжлүүлэн тооцдог нь буруу, харин 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсгийг хэрэглэх ёстой гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

Зээлдэгч үүргээ хугацаандаа биелүүлсэн бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт хэрэглэгдэхгүй бөгөөд хэрэв хугацаа хэтрүүлсэн бол хэтэрсэн хугацааны хүү төлөх хариуцлагыг ийнхүү тусгайлан хуульчилсан байна. Уг зохицуулалт нь талуудын эрх тэгш байдлыг зөрчсөн, зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх байдал тогтоогдоогүйгээс гадна хуулийг боловсронгуй болгох асуудал нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д зааснаар шүүх хуулиуд хоорондоо зөрчилтэй буюу хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн  зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзаж болохгүй.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг Монгол улсын Үндсэн хуульд нийцээгүй талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан байх ба үүнд энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч талаас гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1348 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00895 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсгийг  баримтлан хариуцагч ............ХХК-аас 122 184 339 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 666 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 3 дах заалтад “...хариуцагч нараас хувь тэнцүүлэн 852 404 /найман зуун тавин хоёр мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг...” гэснийг “...хариуцагч ............ХХК-иас 768 871 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч ............гийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ............ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 755 539 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ............ ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 100 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЧИМЭГ

                              ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА