Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2019/02576

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2019/02576

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х ХХК  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГХЯ холбогдох

Ажлын хөлсний үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлс 842.993.237 төгрөг, алданги 421.496.618 төгрөг, нийт 1.264.489.855 төгрөг гаргуулах, Ариг банканд байршуулсан гүйцэтгэлийн баталгааны төлбөрийн үлдэгдэл 21.800.000 төгрөгийг буцаан өгөх зөвшөөрөл олгохыг, улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжаас ажилчдаа гаргахыг, компанийн өмчлөлийн битүүмжилсэн хөрөнгийг буцаан олгохыг тус тус даалгах үндсэн нэхэмжлэлтэй.

Ажлын хөлсөнд илүү төлсөн 463.378.317 төгрөг, алданги 231.186.160 төгрөг, дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146.259.382 төгрөг, барилга баригдах хугацаанд хэрэглэгдсэн цахилгааны эрчим хүчний төлбөр 31.665,009 төгрөг бүгд 872.488.868 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Манайх хариуцагчид холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлс 842 993 237 төгрөг, алданги 421 496 618 төгрөг гаргуулах, Ариг банкинд байршуулсан гүйцэтгэлийн баталгаа төлбөрийн үлдэгдэл 21 800 000 төгрөгийг буцаан өгөх зөвшөөрөл олгохыг, Улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжаас ажилчдаа гаргахыг, компанийн өмчлөлийн битүүмжилсэн хөрөнгийг буцаан олгохыг тус тус хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэг. Ажлын хөлсний үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлс 842 993 237 төгрөг гаргуулах тухайд: Х ХХК болон ГХЯны хооронд 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус яамны Ёслол хүндэтгэлийн өргөө-ний барилгын талбай чөлөөлөх, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр 9 давхар хүзүүвчтэй барилга угсралтын ажлыг нийт 4 353 678 125 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч ажлыг гүйцэтгэх явцад Захиалагч ГГХЯны санаачилгаар гэрээт ажилд өөрчлөлт орж, 9 давхарыг нэмэгдүүлж, тус барилгыг 12 давхар болгох, гадна фасадыг өөрчлөх ажлыг нэмэлтээр гүйцэтгүүлэх саналыг албан бичгээр ирүүлснийг хүлээн авч, Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн товчоог шинээр гарган өгч, төсөвт өртөг 4 460 075 189 төгрөг болж өөрчлөгдсөн. ГГХЯны барилгын өргөтгөлийн ажлын өөрчлөлтийн зураг магадлалаар баталгаажигдан хянагдаж, Гүйцэтгэгчид өгснөөс хойш захиалагчийн хүсэлтээр 4 удаа өөрчлөлт орсон. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт заасны дагуу зургийн төсвийг гүйцэтгэгч Х ХХК зохиож, зураг төслийн Шифт ХХК зургийн өөрчлөлтийг хийн, хүлээлгэн өгсөн. Үүнд:

-Өрөө хоорондын өөрчлөлт, дотор ус хангаж, ариутгах татуургын шугам сүлжээ, дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж тэдгээрийн тоног төхөөрөмжийн зураг 2014.05.01-нд хүлээлгэн өгсөн.

-Барилгын хүзүүвчийн зураг 2014.08.04-нд хүлээлгэн өгсөн.

-Цайны газрын зураг 2014.09.04-нд хүлээлгэн өгсөн

Эхний 3 өөрчлөлтийн зургийн дагуу 2015 онд техникийн давхар, урагшаа 2,5 метр сунгагдсантай холбоотой хүзүүвчийн ажил, цайны газрын ажлууд нэмэлтээр хийгдсэн ба талууд нэмэлт ажлын гүйцэтгэл, санхүүжилтийг баталгаажуулан 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Барилга угсралтын ажлын санхүүжилтийн тайланг гаргаж, энэхүү тайлангаар гүйцэтгэгчид олгох үлдэгдэл санхүүжилт 612 734 016 төгрөг болохыг талууд тогтоон, тооцоо нийлсэн. 2016 онд Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын санхүүжилтэнд 601 200 000 төгрөг төсөвт суулгасан бөгөөд энэхүү санхүүжилтээс 2016 онд 300 000 000 төгрөг орж ирсэн. Үлдэгдэл 301 200 000 төгрөгийн санхүүжилтийг ГГХЯ Сангийн яамнаас авахаар санхүүжилтийн эрх нээлгэсэн боловч гүйцэтгэгч Х ХХК-д мөнгийг шилжүүлээгүй.

2016 оны 03 сарын 22-ны өдөр 10 давхарын зургийн өөрчлөлтийг Шифт ХХК-иас хүлээлгэн өгсөн бөгөөд тус зургаар барилгыг 9 давхараас 10 давхар болгон өөрчилсөн, энэхүү өөрчлөлттэй холбоотой цахилгаан шатыг солих ажил хийгдсэн. Дээрх өөрчлөлтүүдтэй холбоотойгоор Гэрээний ерөнхий нөхцлийн 21 дүгээр зүйлийн 21.2, 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн а, б, в, ж, и хэсгүүд, 41 дүгээр зүйлийн 41.2 дах хэсэгт тус тус заасны дагуу нэмэлт зардлыг нөхөн төлөх Захиалагчийн үүргийн дагуу талууд тохиролцож, гүйцэтгэгчээс төсөвт өртгийн нэгдсэн товчоог гарган өгөхдөө нэмэлтээр 700 000 000 төгрөгийг улсын төсөвт суулгуулахаар болсон. Ийнхүү Монгол улсын төсвийн байгууламжийн жагсаалтад ГГХЯны Ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэлийн ажилд зориулж, 700 000 000 төгрөг төсөвт суусан болно. Ингээд гэрээт ажлын өөрчлөлттэй холбоотой ГГХЯны Ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэлийн ажлын нийт төсөвт өртөг 5 160 075 189 төгрөг болж өөрчлөгдсөн.

Зургийн өөрчлөлтөөр хийгдсэн болон нөхөн төлбөрийг багтаасан гүйцэтгэсэн ажлыг 5 160 075 189 төгрөгөөр гүйцэтгэхээр төсөвлөснөөс талууд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр санхүүжилтийн тайланг гаргаж, нийт 4 158 875 189 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгч авсныг баталгаажуулсан. Харин төсөвт өртгийн үлдэгдэл 1 001 200 000 төгрөг /5 160 075 189-4 158 875 189/ буюу барилгын ажилд зориулан төсөвлөсөн 2016 оны үлдэгдэл санхүүжилт 301 200 000 төгрөг болон 2017 оны санхүүжилт 700 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хариуцагч нь гүйцэтгэгчид төлөөгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, зөрчсөөр өнөөдрийг хүрээд байна. Иймд гүйцэтгэгч компанийн зохиосон төсөв суулгуулсан үлдэгдэл 1 001 200 000 төгрөгөөс хариуцагчаас дутуу ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсний төлбөр 146 259 382 төгрөг, захиалагчийн хяналтын ажлын зардал 11 947 381 төгрөгийг тус тус хасаад үлдэгдэл 842 993 237 төгрөгийг Х ХХК нь Иргэний хуулийн 343 дугара зүйлийн 343.1, 346 дугаар зүйл, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэг, гэрээнд заасны дагуу гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан Гэрээний ерөнхий нөхцлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Төслийн менежер гэж ажлын гүйцэтгэлд хяналт тавьж гэрээний удирдлагыг хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээдийг хэлнэ, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Гэрээнд тусгайлан заагаагүй гэрээтэй холбогдсон аливаа асуудлыг захиалагчийг төлөөлөн төслийн менежер шийдвэрлэнэ гэж заасны дагуу ГГХЯнаас төслийн менежер томилсон байсан боловч гэрээний хэрэгжилтэд хамгийн чухал үүрэг бүхий этгээдийг ажлаас чөлөөлсөн тул 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гэрээтэй холбогдсон аливаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй болсон бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлаа баталгаажуулж, тохирсон санхүүжилтээ авч чадахгүй хэмжээнд хүрсэн юм.

Ажлын гүйцэтгэлийн тухайд: Гэрээний дагуу барилгын ажлыг 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 01-нд хүлээлгэж өгөхөөр харилцан тохирсон. Гэтэл барилга угсралтын явцад 10 кв.т-ын кабелыг зайлуулаагүй, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Улсын нийтийн номын сангийн уулзвараас 1 дүгээр эмнэлэг хүртэлх авто замын трасст орсон дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажил, 2014 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл авто замын өргөтгөл шинэтгэлийн ажилтай холбоотойгоор зам хааж, барилга угсралтын ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Захиалагчийн анх хүлээлгэн өгсөн зургийн дагуу барилгын газар шорооны ажлыг гүйцэтгэх явцад одоо ашиглаж байгаа яамны үндсэн барилгын суурь хөдөлж барилга нурах аюултай байсан тул барилгын зургийг гүйцэтгэсэн Шифт ХХК-ийн архитекторын зөвшөөрлөөр газрын түвшингээс дээш 1 метр, урагшаа 2.5 метр сунгасан учир зурагт өөрчлөлт орсон. Дээрх гүйцэтгэгчээс үл шалтгаалах нөхцөл байдлуудын улмаас гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг дуусгаж чадаагүй бөгөөд талууд харилцан тохиролцон ажил гүйцэтгэх хугацааг сунгаж, ажлаа үргэлжлүүлсээр байсан болно. ГГХЯны хүсэлтээр Барилгын хөгжлийн төвийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А\196 дугаартай тушаалаар байгуулагдсан барилга угсралтын ажлын явц болон төсвийн гүйцэтгэлд үнэлгээ дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж, Ёслол хүндэтгэлийн өргөөний барилга угсралтын ажлын явц нь 90%-тай буюу 4 119 794 613 төгрөгийн ажлыг гүйцэтгэгч Х ХХК хийж гүйцэтгэсэн байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн нэмэлтээр төсөвт тусгагдаагүй 341 948 593 төгрөгийн ажил гүйцэтгэснийг дурдсан. Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтийг үндэслэн талууд харилцан тохиролцож, гүйцэтгэлийн ажлын өртөг, гүйцэтгэсэн барилга угсралтын ажилтай дүйцэж байсан учраас нэмэлт ажлуудыг харилцан тохиролцож ажлыг цааш үргэлжлүүлэхээр болсон. Барилгын хөгжлийн төв нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжид захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд дээрх Барилгын хөгжлийн төвийн Ажлын хэсгийн дүгнэлтийг хариуцагч ГГХЯны хүсэлтээр гаргасан, хариуцагч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, тайлбарынхаа үндэслэл болгодог нь хавтаст хэрэгт авагдсан албан бичгүүдээс мөн харагддаг. Барилгын хөгжлийн төвийн Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад барилгын нийт төсөвт өртгийн нэгдсэн товчоог гаргахдаа барилгын цахилгаан шатны үнийг төсөвт тусгаагүй байсан бөгөөд барилгын давхар 9-өөс 10 давхар болж өөрчлөгдсөнтэй холбоотой цахилгаан шатыг ажлын хэсгийн дүгнэлт гарснаас хойш өөрчлөн суурилуулсан.

Гүйцэтгэгч Х ХХК нь цахилгаан шатны ажлын хөлсийг тооцохдоо тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр буюу лифтний компаниудаас ирүүлсэн үнийн санал, Лифтний суурь үнэ, төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг үндэслэн цахилгаан шатны зардлыг 349 606 000 төгрөгөөр тооцон, 2017 онд санхүүжигдэх төсөвт суулгуулсан. Иймд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т Ажил гүйцэтгэсний хөслийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч ...тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасны дагуу Захиалагч ГГХЯ нь хөлс төлөх үүрэгтэй.

ГГХЯ гүйцэтгэсэн ажлын хөлсийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйн дээр цахилгаан шатны зардлыг төсөвт суулган, санхүүжилт орж ирэхээр мөнгийг шилжүүлэх тул ажлаа эхлээд гүйцэтгэхийг шаардаж байсан тул нэхэмжлэгч нь цахилгаан шатыг худалдаж авахдаа Ариг банкнаас 70 000 000 төгрөг, ХХБ-аас 40 000 000 төгрөг, Газаркапитал партнерс ББСБ-аас 56 000 000 төгрөг, Тайгын булаг авто ХХК-иас 12 000 000 төгрөг, иргэн А.Даваахүүгээс 16 000 000 төгрөг, иргэн Х.Батмөнхөөс 20 000 000 төгрөг, Цэцкапитал ХХК-иас 10 000 000 төгрөг, Шандкапитал ХХК-иас 18 000 000 төгрөг, Нэткапитал финанс корпораци ХХК-иас 35 000 000 төгрөгийн тус тус барьцаат зээл авсан бөгөөд хүүгийн дарамтад орж, нийт 277 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлж байгаа болно. Гэтэл хариуцагч ГГХЯ нь энэхүү ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, одоогоор тус барилгын цахилгаан шатыг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа хэдий ч, гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй, нэхэмжлэгчийг хохироосоор байна.

Нэхэмжлэгчийн шаардаж буй барилга угсралтын ажлын төлбөрийн үлдэгдэл болон нэмэлт ажлын нийт төлбөр 842 993 237 төгрөгт цахилгаан шатны зарлаас гадна захиалагчийн хүсэлтээр нэмэгдэж хийгдсэн өмнөх төсөвт тусгагдаагүй техникийн давхар, гадна зам талбай тохижилтын ажлыг авто зам, явган хүний зам, ногоон байгууламжийн нэгж хүчин чадлын гүйцэтгэлийн өртөг нийт 341 948 593 төгрөг, нэмэлт ажил барилгын хүзүүвчийн нэмэлт ажлын /урагшаа 2.5 м сунгагдсан\ гүйцэтгэлийн өртөг нийт 32 1027 957 төгрөг, барилгын цайны газрын нэмэлт ажлын /урагшаа 2.5 м сунгагдсан/ гүйцэтгэлийн төсөт өртөг нийт 18 726 725 төгрөг, Барилгыг газрын түвшингээс 1 метр дээш өргөхөд шаардагдах төв хаалганы шат, довжооны нэмэлт ажлын гүйцэтгэлийн төсөвт өртөг нийт 22 816 314 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 01-ний зургийн дагуу ажил гүйцэтгэсний дараа 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зургийн өрөө, тасалгааны зохион байгуулалт өөрчлөгдсөнөөр үүдсэн нэмэлт ажлын гүйцэтгэлийн төсөв өртөг нийт 77 792 648 төгрөг тус тус багтсан. Гүйцэтгэгчийн зүгээс гүйцэтгэлийн хэмжээнд төлбөрийн мэдэгдлийг захиалагчид удаа дараа гарган өгч хүргүүлсэн ч хариуцагчаас өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид их хэмжээний хохирол учраад байна.

Хоёр. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн торгууль 421 496 618,5 төгрөгийн тухайд:

Талуудын хооронд байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний Ерөнхий нөхцлийн 40.1-т Хэрэв захиалагч нь төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хоцруулсан төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөр хийхдээ хамт төлнө. Торгуулийг төлбөр төлөх ёстой байсан өдрөөс төлбөрийг хийсэн өдөр хүртэлх хугацаанд тооцно гэж заасан бөгөөд хариуцагч нь төлбөрийг хугацаанд нь хийгээгүй, өнөөдрийг хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч Х ХХК-д төлөөгүй тул гэрээнд зааснаар торгууль төлөх үүрэгтэй. Талууд барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баталгаажуулсан бөгөөд Гэрээний тусгай нөхцлийн 40.0-т зааснаар төлбөр хийх хугацаа нь төлбөрийн мэдэгдэл гаргасан өдрөөс хойш 14 хоног байна гэж заасны дагуу төлбөрийг ажлын гүйцэтгэлийг баталгаажуулснаас хойш гэрээнд заасан хугацаанд хийгээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэг, гэрээний ерөнхий нөхцлийн 40.1 ...торгуулийг тооцохдоо төлбөрийн валют тус бүрийн арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшийг баримтална гэж заасны дагуу төлбөр төлөх ёстой байсан өдрөөс \2016.11\ төлбөрийг хийх өдөр хүртэлх хугацаа \2019.07\-нд тооцсон бөгөөд төлбөрийн валют тус бүрийн Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшаар тооцоход хариуцагч ГГХЯ нь нийт 449 346 805 төгрөгийн торгууль төлөхөөр байна./Хүснэгтээр харуулав/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу торгуулийг төлөгдөөгүй ажлын хөлсний 50 хувиар тооцож 421 496 618,5 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Гурав. Улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжаас ажилчдаа гаргахыг хариуцагчид даалгах тухайд: Хариуцагч яам нь улсын комисс хүлээн аваагүй барилгад ажилчдаа байлгаж, тухайн барилгыг ашиглаж байгаа үйлдэл нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Энэ хуулийн 48.1-д заасны дагуу ашиглалтад оруулсан барилга байгууламжид барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэж, ажлын долоон өдрийн дотор ашиглалтын гэрчилгээ олгоно, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дах хэсэгт Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж байна. Мөн гэрээний ерөнхий нөхцлийн А.ерөнхий заалтын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Чанарын баталгаат хугацаа гэж гэрээний тусгай нөхцөлд заасан, ажил дууссан өдрөөс эхлэн тоологдох хугацааг хэлнэ. Энэ хугацаанд илэрсэн зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгах үүрэгтэй. Гэрээний тусгай нөхцлийн 32 дугаар зүйлийн 32.0 дэх хэсэг тЧанарын баталгаат хугацаа 3 жил буюу 1080 хоног байна гэж заасны дагуу баталгаат хугацаанд гарах эрсдлийг гүйцэтгэгч компани хариуцахаар заасан.

Иймээс барилгад эвдрэл, гэмтэл учрах, доголдол гарах, цахилгаан шатыг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаад ашиглагчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах гурвалсан гэрээ байгуулаагүй үед хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учрах, хүн бэртэх, осол аваар гарах тохиолдолд Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8 дах хэсэгт Барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг Барилгын ажил гүйцэтгэгч хариуцах үүрэг хүлээдэг тул хариуцагч ийнхүү барилгыг ашиглаж буй нөхцөл байдал нь нэхэмжлэгч Х ХХК-д шууд хамааралтай бөгөөд ямар нэгэн эрсдэл, осол, хохирол учрах тохиолдолд хариуцлагыг нэхэмжлэгч хүлээхээр байгаа тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны өшиг сонирхолд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжид ажилчдаа оруулан дураараа сандал, ширээ, шкаф, тоног төхөөрөмж тавьж үйл ажиллагаа явуулж ашиглаж, барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөхөд саад болж байгаа тул хариуцагчийн ажилдчыг барилгаас гаргах шаардлага зайлшгүй тулгарч байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Бидний гүйцэтгэсэн ажлын төлбөрийг бүрэн төлөөгүй байж, манайхаас мөнгө авна гэж шаардаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Цахилгааны зардлыг бид хариуцах талаар гэрээнд тохиролцоо огт байхгүй, энэ талаар урьд нь маргаан гарч байгаагүй. Харин дутуу ажлын зардалд 146 259 382 төгрөг гарсан байдалд маргахгүй байгаа. Гэхдээ энэ төлбөрийг нь манайх нэхэмжилж авах дүнгээсээ хасаж тооцсон байгаа тул зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг шаардлагадаа:

Нэхэмжлэгч компанийн захирал өөрөө ажлын төсвийг зохиосон. Нэхэмжлэгч нь нийт санхүүжилтэд 4 158 875 189 төгрөгийг хүлээн авсан гэдгээ зөвшөөрдөг. 2013 онд 4 удаагийн санхүүжилтээр 1 297 864 451 төгрөгийг, 2014 онд 8 удаагийн санхүүжилтээр 2 494 352 614 төгрөгийг, 2016 онд 300 000 000 төгрөгийг хоёр хувааж, 150 000 000, 150 000 000 төгрөгөөр нь тус тус шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдоно. Энэ нь гэрээт өртгийн 95.5 хувийн санхүүжилтийг олгосон. Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч нь гэрээний дагуу ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдийн 08\1711 тоот албан бичгээр гэрээг цуцалсан учир нэмэлт санхүүжилтийг олгох боломжгүй.

Манайх дараагийн гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулаад тус барилгын хийгдээгүй ажлыг үргэлжүүлэн гүйцэтгүүлсэн учир дараагийн 1 001 200 000 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгч компани аваагүй гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Маргаж буй цахилгаан шаттай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй тул нэхэмжлэлээр шаардаж буй цахилгаан шатны үнийг олгох үндэсгүй. 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр манайх захирал н.Батцогттой уулзалт хийсэн тэмдэглэл байгаа түүний 7-рт лифтны үнэ гэрээнд суучихсан гэж хэлсэн байгаагаар батлагдана. Гэрээнд гүйцэтгэгчийн буруугаас болж гэрээ цуцлагдсан тохиолдолд уг барилга захиалагчид үлдэнэ гэж заасан. Барилгын хөгжлийн төвөөс гаргасан дүгнэлтийг үндэслэж манайх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Нөгөөтэйгүүр өөр компаний гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харин нэхэмжлэгчид 3 695 496 872 төгрөг өгөх ёстойгоос илүү 463 378 317 төгрөгийг шилжүүлсэн тооцоо байгаа тул илүү шилжүүлсэн мөнгөө алданги 231 186 160 төгрөгийн хамт гаргуулан авна, мөн барилга угсралтын үлдсэн ажилд зарцуулсан зардалд 146 259 382 төгрөгийг хохиролд тооцож гаргуулна, түүнчлэн барилгын ажлын явцад цахилгааны төлбөрт зарцуулсан 31 665 009 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүйг манайх өмнөөс нь төлсөн тул гаргуулна. Бүгд 872 488 868 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан, бүрэн дэмжиж байна.

Нэхэмжлэгч компанитай гэрээ хийхдээ 4 353 678 125 төгрөгийн үнийн дүнгээр хийсэн. Хийсэн ажлын гүйцэтгэл нь 85%-тай тэнцэх тул 4 158 875 189 төгрөгийг шилжүүлж төлсөн байгаа. Барилгын хөгжлийн төв барилга угсралтын ажлыг 85%-тай болохыг тогтоосон учир энэ хэмжээнд нь төлбөрийг өгсөн байгаа. Гэтэл манайх 463 378 317 төгрөгийг илүү шилжүүлсэн байна. Түүнийгээ буцаан гаргуулна гэж шаардаж байгаа юм.

Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээ 2017 оны 3 дугаар сарын 27-нд цуцалсан учир төсөвт 700 000 000 төгрөг суулгах үндэслэлгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Барилгын хөгжлийн төвөөс гаргасан дүгнэлтэд нэмэлт ажил хийсэн гэж биш хийгдэх ажил гэж тооцоо гаргасан. Нэмэлт ажил хийлгээгүй. Нэхэмжлэгчийн гаргасан 21 800 000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг барилгыг ашиглалтанд оруулсны дараа чөлөөлж өгнө гэж нөхцөл тавьсан, тэгээд ч чөлөөлж өгөөч гэсэн бичиг манайд огт ирээгүй учир одоо зөвшөөрөл өгөх боломжгүй.

Нэхэмжлэгчийн аваагүй гэх 301 200 000 төгрөгийг ГГХЯны данс руу Сангийн яамнаас авсан байдаг. Аваад дараа жил нь барилгын ажлыг өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхдээ тэр мөнгийг ашигласан байгаа. Тиймээс энэ мөнгийг төлөх боломжгүй. Ашиглалтанд оруулаагүй барилгаас албан хаагчдыг гаргахыг зөвшөөрөхгүй. Мэргэжлийн хяналтын газар зөвшөөрөл олгосны үндсэн дээр одоо бид ашиглаж байна. Тиймээс шаардлагыг нэхэмжлэгч гаргаад байх шаардлага биш гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанийн эд хөрөнгийг комисс гараад хүлээн авсан тул жагсаалтаар нь хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа. Өнөөдрийг хүртэл хугацаанд манайхаас өмчөө авъя гэж хандаагүй учир хадгалж байгаа, буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин барилгын ажилд ашиглаж байсан материалын тухайд захиалагчийн өмч тул барилгадаа ашигласан, буцаан өгөх боломжгүй.

ГГХЯны Ёслол хүндэтгэлийн өргөөний барилга барих нээлттэй тендерийг 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарлаж, сонгон шалгаруулалтыг тус яамнаас томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэсэн болно. Уг тендерт шалгарсан Х ХХК-тай ГГХЯ нь Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын талбай, чөлөөлөх, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ГХЯ-БУ/2013/01 дугаартай гэрээг 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 4 353 678 125 төгрөгийн төсөвт өртөгтэй байгуулсан. Уг гэрээнд барилга угсралтын ажлыг 2014 оны 10 сарын 1-ний өдөр дуусган хүлээлгэн өгөхөөр заасан боловч 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэгч биелүүлж чадаагүй тул ГГХЯны Төрийн нарийн бичгийн даргаас 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 08/1711 тоот албан бичгээр ГХЯ-БУ/2013/01 дугаартай гэрээг цуцалсан.

Улмаар богино хугацаанд /3 сар/ бага төсөвт өртгөөр барилгын ажлыг үргэлжлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын ирүүлсэн зөрчлийг арилгах, зөвлөмжийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг дуусгах, ашиглалтанд өгөх зорилгоор тус яам болон Зиг Заг Дизайн ХХК-ийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 12/1 тоот Ажил гүйцэтгэгч гэрээ байгуулж, мөн оны 10 дугаар сарын 11-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн. Зиг Заг Дизайн ХХК нь барилгын гүйцэтгэлийг гэрээт хугацаандаа бүрэн дуусгасан уг барилгыг ашиглалтанд оруулах /11 хүний бүрэлдэхүүнт/ улсын комисс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр томилогдон ажилласан. Уг комисс гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х ХХК-ийг хуулийн дагуу барилгын комиссод хүлээлгэн өгөхөд шаардлагатай өөрт хамааралтай бичиг баримтын бүрдлийг хангалтгүй бүрдүүлсэн, санаатайгаар зайлсхийж байна хэмээн дүгнээд хугацаатай үүрэг бүхий зөвлөмжийг өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл элдэв арга заль хэрэглэн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, санаатайгаар хохироосоор байна. Жич: Гэрээний тусгай нөхцөлийн 55.0-д гүйцэтгэлийн зураг, далдлагдсан ажил, инженерийн шугам сүлжээний актыг улсын комисс ажиллахаас өмнө 5 хоногийн дотор гаргаж өгнө, Дээрх материалыг захиалагч хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд суутгах төлбөрийн хэмжээ 5 хувь байна" гэж заасан байгаа.

Захиалагч нь Х ХХК-д 2013 онд 4 удаагийн санхүүжилтээр 1 297 864 451 төгрөг, 2014 онд 8 удаагийн санхүүжилтээр 2 494 352 614 төгрөг, 2016 онд 300 000 000 төгрөг, нийт 4 158 875 189 төгрөг буюу гэрээт өртгийн 95,5 хувийн санхүүжилтийг олгосон байна. Тиймээс хийсэн ажлын хэмжээнд 3 695 496 872 төгрөг төлөх ёстойгоос илүү 463 378 317 төгрөгийг шилжүүлсэн тооцоо байгаа тул илүү шилжүүлсэн мөнгөө алданги 231 186 160 төгрөгийн хамт гаргуулах, мөн барилга угсралтын үлдсэн ажилд зарцуулсан зардал 146 259 382 төгрөг, барилгын ажлын явцад цахилгааны төлбөрт зарцуулсан 31 665 009 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүйг манайх өмнөөс нь төлсөн тул нийт 872 488 868 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч ГГХЯнаас ажлын хөлсний үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлс 842 993 237 төгрөг, алданги 421 496 618 төгрөг, нийт 1 264 489 855 төгрөг гаргуулах, Ариг банкинд байршуулсан гүйцэтгэлийн баталгааны төлбөрийн үлдэгдэл 21 800 000 төгрөгийг буцаан өгөх зөвшөөрөл олгохыг, улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжаас ажилчдаа гаргахыг, компанийн өмчлөлийн битүүмжилсэн хөрөнгийг буцаан олгохыг тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн битүүмжлэгдсэн хөрөнгийг буцаан олгохыг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж маргасан бөгөөд ажлын хөлсөнд илүү төлсөн 463 378 317 төгрөг, алданги 231 186 160 төгрөг, дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146 259 382 төгрөг, барилга баригдах хугацаанд хэрэглэгдсэн цахилгааны эрчим хүчний төлбөр 31 665 009 төгрөг, нийт 872 488 868 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гарган талууд харилцан маргасан.

Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд дутуу орхисон ажлын зардал 146 259 382 төгрөгийг хасаж тооцсон тул төлөх үндэслэлгүй гэж тайлбарлав.

Шүүх зохигч талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч компанийн өмчлөлийн автокран 1 ширхэг, бетон зуурмаг шахагч том 1 ширхэг, бетон зуурмаг шахагч жижиг 1 ширхэг, вакуум цонхны төхөөрөмж 1 ширхэг, портер автомашин 1 ширхэг, компьютер 1 ширхэг зэрэг хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, буцаан олгохыг хариуцагч зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч тулуудын хооронд 2013 оны 7 дүгээр сарын 17-ны өдөр ГГХЯны Ёслол хүндэтгэлийн өргөө-ний барилгын талбай чөлөөлөх, барилга угсралтын ажил гүйцэтгэх ГХЯ-БУ/2013/01 дугаартай гэрээ байгуулагдсан ба энэхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэгч тал Х ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай ГГХЯны Ёслол хүндэтгэлийн өргөөний, 9 давхар, хүзүүвчтэй барилга угсралт, талбай чөлөөлөх ажлыг инженерийн шугам сүлжээний хамт 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэх, захиалагч ГГХЯ нь санхүүжилт 4 353 678 125 төгрөгийг 2013 онд 1 600 000 000 төгрөгийг, 2014 онд 2 753 687 125 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцжээ. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зохицуулалтанд нийцсэн байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар, мэтгэлцээнээр нэхэмжлэгч нь гэрээт ажлыг тохирсон хугацаанд бүрэн гүйцэтгээгүй боловч гэрээт ажлаас гадуур нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэсэн, хариуцагч ажлын хөлсөнд 4 158 875 189 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, гэрээг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч тал цуцалж, нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй орхисон ажлыг 146 259 382 төгрөгийн хөлсөөр өөр компаниар гүйцэтгүүлэн дуусгасан, одоо уг барилгыг ГГХЯ ашиглаж байгаа боловч барилгыг улсын комисс хүлээн аваагүй үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч тал нэмэлт ажил гүйцэтгүүлсэн талаар маргаагүй боловч гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон хөлс төлөх үүрэгтэй эсэх талаар маргаж байна.

Талууд нэмэлт ажлын талаар ямар хэмжээний ажлыг, ямар хөлсөөр гүйцэтгүүлэх талаар тохиролцсон гэрээг бичгээр байгуулаагүй, үүнтэй холбоотой шаардлага, татгалзлаа нотлох бүхий л баримтаа шүүхэд гаргасан ба шүүх хэргийн баримтад үндэслэн энэхүү маргааныг шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудын хэн аль нь Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтийг иш татаж, шаардлага, татгалзлын үндэслэл болгосон ба уг дүгнэлтээр тогтоогдсон үйл баримтад маргаагүй тул шүүх энэхүү дүгнэлтийг хэрэгт авагдсан бичгийн баримтуудтай харьцуулан үндэслэл болгож дараах дүгнэлтийг хийв.

Талуудын маргаагүй Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр, магадлал хийгдэж баталгаажсан төсвөөс барилгыг 9 давхар болгон өөрчлөхөд талууд 4 460 075 189 төгрөгийн төсөв хийж тооцсоноос газар дээрээ Х ХХК-ийн гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын явц 90%, гүйцэтгэсэн нэмэгдсэн ажлын төсөв нь 4 119 794 613 төгрөг, тооцсон төсөвт ороогүй нэмэлтээр гүйцэтгэсэн нэмэгдсэн ажлын төсөвт өртөг 341 948 595 төгрөг, Барилгын нийт өртгийг тооцож ойролцоогоор 4 548 821 765 төгрөг, үүнээс гүйцэтгэлээр тооцогдсон 4 119 794 613 төгрөгийн өртгийг хасаж, анхны зургаар барилгыг дуусгахад ойролцоогоор 429 027 152 төгрөг шаардлагатай болохыг тогтоосон байна. Үүнээс үзвэл гэрээнд заасан ажлын хэмжээнд өөрчлөлт орсон, үүний улмаас Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар талуудын гэрээгээр тохиролцон тодорхойлсон 4 353 678 125 төгрөгийн ажлын хөлсний хэмжээ нь талуудыг гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөөгүй өөр ажил нэмж гүйцэтгэх болсон нөхцөл байдлаас 4 548 821 765 төгрөг болж нэмэгдсэн, үүнээс гадна нэмэгдсэн төсөвт ажлаас гадна нэхэмжлэгч нь 341 948 593 төгрөгийн нэмэлт ажлыг гүйцэтгэсэн байна.

Хэргийн 109 дүгээр талд авагдсан ГГХЯны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газраас Х ХХК-ийн захирал Б.Басцогтод хандан 2014.04.24-ний өдрийн ДБ/183 тоот санал ирүүлэх тухай албан бичигт ...одоо баригдаж буй хэсгийн 9 давхарыг нэмэгдүүлж, анхны зургаар 12 давхар болгох, гадна фасадыг шилэн материалаар хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдүүлэх чиглэлээр бид ажиллаж байна. Иймд тус барилгыг 12 давхар болгох, гадна фасадыг өөрчлөх ажлыг танай байгууллага гүйцэтгэх боломж, холбогдох төсөвт зардлын талаар саналаа даруй ирүүлэхийг хүсье гэсэн албан бичгээр талуудын анх тохирсон ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын зургаар 12 давхар болгох, гадна фасадыг шилэн материалаар хийх, үнийн дүн өөрчлөгдөн нэмэгдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Мөн хэргийн 111-112 дугаар талд Гадаад хэргийн яамны Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын А блокийн барилга угсралтын ажлын санхүүжилтийн тайланг 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр жагсаалт үйлдэн, тооцоо нийлж, ГХЯ-ны аж ахуйн эрхлэгч Б.Д, Х ХХК-ийн захирал Б.Б нарын баталгаажуулснаар 2013, 2014 онд нийт олгосон санхүүжилтийг 3 854 241 059.00 төгрөг, Х ХХК-д олгох үлдэгдэл санхүүжилтийг 362 643 676.00 төгрөг, нэмэлт хийгдсэн ажлын дүнг 178 504 086.00 төгрөг, 2015 онд олгох ёстой байсан нийт үлдэгдэл санхүүжилтийн дүнг 541 147 762.00 төгрөг, 2016 онд барилга ашиглалтанд орсны дараа буцааж олгох магадлашгүй ажлын мөнгө 71 586 254.00 төгрөг, эцсийн байдлаар гүйцэтгэгчид олгох үлдэгдэл санхүүжилтийг 612 734 016.00 төгрөг гэсэн ба төсөвт өртгийн нэгдсэн товчоо /барилга/ хэргийн 108 дугаар хуудсанд авагдсанд, лифтний үнийн дүнг тооцон тусгаагүй талаар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2016.12.27-ны өдрийн 07/103/558 дугаартай барилгын угсралтын ажлын тухай дүгнэлт /2-р хх-49-59/, Монгол улсын 2017 оны төсвийн хуулийн 2 дугаар хавсралт Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын VI.1.1-д ГГХЯны Ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэл /Улаанбаатар Чингэлтэй дүүрэг/, эхлэн хугацаа 2013, дуусах 2017, төсөвт өртөг 5,160.0, санхүүжих дүн 700.0 /хх-113-116/ гэсэн зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардаж буй үндэслэл нотлогдож байна.

Гэрээт ажил болон Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтэд тусгагдсан 341 948 593 төгрөгийн нэмэлт ажил болох нэмэгдсэн 198 м.кв талбай, явган хүний зам, авто зам, ногоон байгууламж зэргээс гадна нэхэмжлэгч нь барилга угсралтын ажлын хүзүүвч, цайны газрын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн, зохигчид энэхүү ажлыг 129 492 409 төгрөгөөр хийхээр тохирч, 2016 оны 6 дүгээр сарын 27-ны төсөвт өртгийн товчоог гарган баталгаажуулсан, мөн барилгын давхар 9-өөс 10 давхар болж өөрчлөгдсөнтэй холбоотой цахилгаан шат /лифт/-ыг ажлын хэсгийн дүгнэлт гарснаас хойш өөрчлөн суурилуулсан байх бөгөөд цахилгааны шатны зардлыг 349 606 000 төгрөгөөр тооцон 2017 онд санхүүжигдэх төсөвт суулгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийг энэхүү нэмэлт ажлыг мөн хийж гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.

Ажлын хэмжээнд өөрийн хүсэлтээр өөрчлөлт оруулж, нэмэлт ажил гүйцэтгүүлж, түүндээ хяналт тавьж, ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 700 004 368 төгрөгийн нэмэлт ажил хийсэн үндэслэлээр нийт 5 160 075 189 төгрөгийн хөлс авах ёстой, үүнээс 4 158 875 189 төгрөгийг авсан, дутуу орхисон ажлын зардал 146 259 382 төгрөгийг хасаад, үлдэх 854 940 618 төгрөгөөс захиалагчийн хяналтын зардал 11 947 381 төгрөгийг суутгуулах ёстой гэж тайлбарлаж, үлдэх 842 993 237 төгрөгийг хариуцагчаас шаардсан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэмэлт ажил хийсэн нь үнэн боловч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн нийт барилгын ажил 85% буюу 3 695 496 872 төгрөгийн бодит гүйцэтгэлтэй байгаа тул илүү төлсөн 463 378 317 төгрөгөө буцаан гаргуулна гэж сөрөг шаардлага гаргаж, маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь нийт 5 160 075 189 төгрөгийн хөлс бүхий ажил гүйцэтгэсэн гэж үзэх үйл баримт тогтоогдсон тул шүүх Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээ, дүн, дутуу орхисон ажлыг гүйцэтгүүлэхэд хариуцагчаас гарсан зардал зэргийг тус тус тооцож, хариуцагчийн төлөх үүрэг бүхий хөлсний хэмжээг тодорхойлох нь зүйтэй байна.

Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр нэхэмжлэгч нийт 4 460 075 189 төгрөгийн ажлын 90%-ийг гүйцэтгэсэн, үүнээс хойш 2017 оны 3 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд мөн ажил нэмж гүйцэтгэсэн, гэрээ мөн өдөр цуцлагдсанаас хойш хариуцагч дутуу орхисон ажлын зардалд 146 259 382 төгрөг зарцуулж, барилгын ажлыг бүрэн дуусгасан, мөн нэхэмжлэгчийн хасаж тооцсон захиалагчийн хяналтын зардал 11 947 381 төгрөгийг тус тус хасаж тооцсоныг харьцуулан дүгнээд шүүх Х ХХК-ийг нийт 5 160 815 807 төгрөгийн гэрээт ажил, дүгнэлтээр тогтоогдсон болон тус дүгнэлтэд ороогүй сүүлд нэмэлтээр гүйцэтгэсэн ажил, цахилгаан шатны үнэ зэргийг тус тус оруулан нийт 5 001 868 426 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна гэж үзлээ.

Хариуцагч нь 4 158 875 189 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 842 993 237 төгрөг /5 001 868 426 4 158 875 189/-ийн хөлс дутуу төлөгдсөн байна гэж үзээд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан хариуцагчийн төлөх үүрэг бүхий хөлсийг 842 993 237 төгрөг гэж дүгнэв.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцөлийн 46.1-д заасан тохиолдолд гүйцэтгэгч нь гэрээний тусгай нөхцөлийн 46-д заасан гэрээний үнийн дүнгийн 0,05 хувиар захиалагчид алданги төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд энд санхүүжилт хугацаандаа олгоогүй тохиолдолд захиалагч алданги төлөх нөхцөлийг тохироогүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгож байгаа энэ заалт түүнд алданги шаардах эрхийг үүсгэхгүй тул шүүх дээрх үндэслэлээр хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 842 993 237 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги гэх 421,496,618 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Бусад шаардлагын тухайд:

1. Ариг банкинд байршуулсан гүйцэтгэлийн баталгааны төлбөрийн үлдэгдэл 21 800 000 төгрөгийг буцааж өгөх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Гэрээний ерөнхий нөхцөлийн 49.1-д зааснаар ажил дууссан тухай мэдэгдэл гарсан өдрөөс хойш 28 дахь өдөр нь гүйцэтгэлийн баталгаа хүчинтэй байхаар заасан бөгөөд хариуцагч нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа учир энэ өдрөөс хойш баталгаа 28 хоногт хүчинтэй байхаар байна.

Гүйцэтгэлийн баталгааны үлдэгдэл 21 800 000 төгрөгийн талаар хариуцагч маргаагүй бөгөөд түүнийг буцаан өгөх зөвшөөрлийг нь хариуцагч байгууллага олгосон гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч нэхэмжлэгч одоогоор манайд буцаан олгоогүй байгаа тул энэхүү шаардлагаа дэмжсэн учир шүүх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Улсын комисс байнгын ашиглалтанд хүлээн аваагүй барилга байгууламжаас ажилчдаа гаргахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан, хариуцагч байгууллагын ажилчид барилгыг ашиглаж байгаа үйл баримт нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Түүнчлэн, маргааны зүйл болсон барилгад улсын комисс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр томилогдон ажилласан. Уг комисст гүйцэтгэгчээр ажилласан Х ХХК нь хуулийн дагуу хүлээлгэн өгөхөд шаардлагатай өөрт хамаарал бүхий бичиг баримтын бүрдлийг хангалттай бүрдүүлж өгөөгүйгээс тухайн барилгыг хуульд заасан журмын дагуу улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулаагүй үйл баримт тогтоогдсон тул шүүх энэхүү шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

3. Барилгын ажилд ашиглаж байсан барилгын материалыг буцаан гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь тухайн барилгын ажилд ашиглаж байсан гэх ямар нэр төрлийн, хэдий хэмжээний барилгын материалыг хариуцагчаас гаргуулахыг шаардаж буй нь тодорхойгүй, шаардлагын үндэслэлээ нотлоогүй бөгөөд тухайн материалыг худалдан авсан зардлаа захиалагчаас гаргуулсан ажил гүйцэтгэгч нь материалыг шаардах эрхгүй бөгөөд барилгын ажилд шаардагдах хэмжээнээс илүү гарсан, өөрийнх нь өмчлөлийн барилгын материалууд байсан гэх тайлбараа нэхэмжлэгчийн төлөөлөгч баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлгүй болж байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1. Шүүх нэхэмжлэгчийг гэрээний дагуу нийт 5 001 868 426 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж дүгнэсэн учир хариуцагчийг 463 378 317 төгрөгийн хөлсийг илүү төлсөн гэж үзэх хуульд заасан үндэслэл болохгүй байна.

Иймээс, хариуцагч нь 463 378 317 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй бөгөөд энэхүү дүнгээс тооцсон 231 186 160 төгрөгийг алданги шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчийн дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146 259 382 төгрөгийн хэмжээ болон энэ шаардлагын үндэслэлд нэхэмжлэгч маргаагүй тул шүүх гүйцэтгээгүй ажлын хөлсийг хариуцагч төлөх үүрэггүй гэж дүгнээд ажлын хөлсийг 146 259 382 төгрөгөөр бууруулан тооцож хариуцагчаас ажлын хөлсний зөрүүг суутгаж тооцсон тул сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

3. Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцад нэхэмжлэгчийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 31 665 009 төгрөгийг хариуцагч төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс шаардахдаа сөрөг шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ төлбөр нь нэхэмжлэгч компаний эрчим хүч хэрэглэсний улмаас гарсан төлбөр гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэдий хугацаанд ашиглагдсан эрчим хүчний төлбөр болох нь тодорхойгүй, гэрээнд цахилгааны эрчим хүчний зардлыг хэн хариуцах талаар заагаагүй тул сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс 872 488 868 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан ГГХЯнаас 842 993 237 төгрөг гаргуулан Х ХХК-д олгож, гүйцэтгэлийн баталгааны үлдэгдэл Ариг банк дахь 21 800 000 төгрөгийг буцаан авах зөвшөөрлийг Х ХХК-д олгохыг ГГХЯанд даалгаж, Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 421 496 618.5 төгрөгт холбогдох хэсэг болон улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжаас ажилчдаа гаргахыг ГГХЯанд даалгах, барилгын ажилд хэрэглэж байсан барилгын материал гаргуулахыг хүссэн хэсгүүдийг, Х ХХК-аас 872 488 868 төгрөг гаргуулахыг хүссэн ГГХЯны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Х ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох автокран 1 ширхэг, бетон зуурмаг шахагч том 1 ширхэг, бетон зуурмаг шахагч жижиг 1 ширхэг, вакуум цонхны төхөөрөмж 1 ширхэг, портер автомашин 1 ширхэг, компьютер 1 ширхэг зэрэг хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, буцаан олгохыг зөвшөөрсөн ГГХЯны зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснын баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 6 690 999 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас /4 372 916+70 200+70 200/ 4 513 316 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ