Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 434

 

 

“Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны12 дугаар сарын 11-ний өдрийн182/ШШ2019/02576 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Гадаад харилцааны яаманд холбогдох

Ажлын хөлсний үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлс 842 993 237 төгрөг, алданги 421 496 618 төгрөг, нийт 1 264 489 855 төгрөг гаргуулах, Ариг банканд байршуулсан гүйцэтгэлийн баталгааны төлбөрийн үлдэгдэл 21 800 000 төгрөгийг буцаан өгөх зөвшөөрөл олгохыг, улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжаас ажилчдаа гаргахыг, компанийн өмчлөлийн битүүмжилсэн хөрөнгийг буцаан олгохыг тус тус даалгах үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлсөнд илүү төлсөн 463 378 317 төгрөг, алданги 231 186 160 төгрөг, дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146 259 382 төгрөг, барилга баригдах хугацаанд хэрэглэгдсэн цахилгааны эрчим хүчний төлбөр 31 665 009 төгрөг нийт 872 488 868 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэйиргэний хэргийг хянан хэлэлцэв.

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Анирмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Х” ХХК  болон Гадаад харилцааны яамны хооронд 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус яамны Ёслол хүндэтгэлийн өргөө-ний барилгын талбай чөлөөлөх, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээгээр 9 давхар хүзүүвчтэй барилга угсралтын ажлыг нийт 4 353 678 125 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч ажлыг гүйцэтгэх явцад Захиалагч Гадаад харилцааны яамны санаачилгаар гэрээт ажилд өөрчлөлт орж, 9 давхарыг нэмэгдүүлж, тус барилгыг 12 давхар болгох, гадна фасадыг өөрчлөх ажлыг нэмэлтээр гүйцэтгүүлэх саналыг албан бичгээр ирүүлснийг хүлээн авч, Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн товчоог шинээр гарган өгч, төсөвт өртөг 4 460 075 189 төгрөг болж өөрчлөгдсөн. Гадаад харилцааны яамны барилгын өргөтгөлийн ажлын өөрчлөлтийн зураг магадлалаар баталгаажигдан хянагдаж, Гүйцэтгэгчид өгснөөс хойш захиалагчийн хүсэлтээр 4 удаа өөрчлөлт орсон. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт заасны дагуу зургийн төсвийг гүйцэтгэгч “Х” ХХК  зохиож, зураг төслийн “Шифт” ХХК зургийн өөрчлөлтийг хийн, хүлээлгэн өгсөн. Үүнд өрөө хоорондын өөрчлөлт, дотор ус хангаж, ариутгах татуургын шугам сүлжээ, дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж тэдгээрийн тоног төхөөрөмжийн зураг 2014 оны 05 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгсөн. Барилгын хүзүүвчийн зураг 2014 оны 08 дугаар сарын 04-нд хүлээлгэн өгсөн. Цайны газрын зураг 2014 оны 09 дүгээр сарын 04-нд хүлээлгэн өгсөн. Эхний 3 өөрчлөлтийн зургийн дагуу 2015 онд техникийн давхар, урагшаа 2,5 метр сунгагдсантай холбоотой хүзүүвчийн ажил, цайны газрын ажлууд нэмэлтээр хийгдсэн ба талууд нэмэлт ажлын гүйцэтгэл, санхүүжилтийг баталгаажуулан 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Барилга угсралтын ажлын санхүүжилтийн тайланг гаргаж, энэхүү тайлангаар гүйцэтгэгчид олгох үлдэгдэл санхүүжилт 612 734 016 төгрөг болж тооцоо нийлсэн. 2016 онд Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын санхүүжилтэнд 601 200 000 төгрөг төсөвт суулгаснаас 2016 онд 300 000 000 төгрөг орж ирсэн. Үлдэгдэл 301 200 000 төгрөгийн санхүүжилтийг Гадаад харилцааны яам Сангийн яамнаас авахаар санхүүжилтийн эрх нээлгэсэн боловч гүйцэтгэгч “Х” ХХК -д өгөөгүй. 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 10 давхарын зургийн өөрчлөлтийг “Шифт” ХХК-иас хүлээлгэн өгсөн бөгөөд тус зургаар барилгыг 9 давхараас 10 давхар болгон өөрчилсөн, энэхүү өөрчлөлттэй холбоотой цахилгаан шатыг солих ажил хийгдсэн. Дээрх өөрчлөлтүүдтэй холбоотойгоор Гэрээний ерөнхий нөхцлийн 21 дүгээр зүйлийн 21.2, 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн а, б, в, ж, и хэсгүүд, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэмэлт зардлыг нөхөн төлөх Захиалагчийн үүргийн дагуу талууд тохиролцож, гүйцэтгэгчээс төсөвт өртгийн нэгдсэн товчоог гарган өгөхдөө нэмэлтээр 700 000 000 төгрөгийг улсын төсөвт суулгуулахаар болж уг мөнгө төсөвт суусан. Гэрээт ажлын өөрчлөлттэй холбоотой Гадаад харилцааны яамны Ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэлийн ажлын нийт төсөвт өртөг 5 160 075 189 төгрөг болж өөрчлөгдсөн. Зургийн өөрчлөлтөөр хийгдсэн болон нөхөн төлбөрийг багтаасан гүйцэтгэсэн ажлыг 5 160 075 189 төгрөгөөр гүйцэтгэхээр төсөвлөснөөс талууд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр санхүүжилтийн тайланг гаргаж, нийт 4 158 875 189 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгч авсныг баталгаажуулсан. Иймд гүйцэтгэгч компанийн зохиосон төсөв суулгуулсан үлдэгдэл 1 001 200 000 төгрөгөөс хариуцагчаас дутуу ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсний төлбөр 146 259 382 төгрөг, захиалагчийн хяналтын ажлын зардал 11 947 381 төгрөгийг тус тус хасаад үлдэгдэл 842 993 237 төгрөгийг “Х” ХХК -иас гаргуулна. Ажлын гүйцэтгэлийн тухайд: Гэрээний дагуу барилгын ажлыг 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 01-нд хүлээлгэж өгөхөөр харилцан тохирсон. Гэтэл 10 кв.т-ын кабелыг зайлуулаагүй, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Улсын нийтийн номын сангийн уулзвараас 1 дүгээр эмнэлэг хүртэлх авто замын трасст орсон дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажил, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл авто замын өргөтгөл шинэтгэлийн ажилтай холбоотойгоор зам хааж, барилга угсралтын ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Барилгын газар шорооны ажлыг гүйцэтгэх явцад одоо ашиглаж байгаа яамны үндсэн барилгын суурь хөдөлж барилга нурах аюултай байсан тул газрын түвшингээс дээш 1 метр, урагшаа 2.5 метр сунгасан учир зурагт өөрчлөлт орсон. Гүйцэтгэгчээс үл шалтгаалах нөхцөл байдлуудын улмаас гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг дуусгаж чадаагүй бөгөөд талууд харилцан тохиролцон ажил гүйцэтгэх хугацааг сунгаж, ажлаа үргэлжлүүлсээр байсан болно. Барилгын хөгжлийн төв Ёслол хүндэтгэлийн өргөөний барилга угсралтын ажлын явц нь 90%-тай буюу 4 119 794 613 төгрөгийн ажлыг гүйцэтгэгч “Х” ХХК  хийж гүйцэтгэсэн байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Нэмэлтээр төсөвт тусгагдаагүй 341 948 593 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтийг үндэслэн нэмэлт ажлуудыг цааш үргэлжлүүлэхээр болсон. Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтэд барилгын цахилгаан шатны үнийг төсөвт тусгаагүй байсан бөгөөд барилгын давхар 9-өөс 10 давхар болж өөрчлөгдсөнтэй холбоотой цахилгаан шатыг ажлын хэсгийн дүгнэлт гарснаас хойш өөрчлөн суурилуулсан. Гүйцэтгэгч “Х” ХХК  нь лифтний компаниудаас ирүүлсэн үнийн санал, Лифтний суурь үнэ, төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг үндэслэн цахилгаан шатны зардлыг 349 606 000 төгрөгөөр тооцон, 2017 онд санхүүжигдэх төсөвт суулгуулсан. Иймд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагч хөлс төлөх үүрэгтэй. Гадаад харилцааны яам ажлаа гүйцэтгэхийг шаардаж байсан тул нэхэмжлэгч нь цахилгаан шатыг худалдаж авахдаа иргэн, хуулийн этгээдээс мөнгө зээлж нийт 277 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн байна. Нэхэмжлэгчийн шаардаж буй барилга угсралтын ажлын төлбөрийн үлдэгдэл болон нэмэлт ажлын нийт төлбөр 842 993 237 төгрөгт цахилгаан шатны зардлаас гадна нэмэлт ажил өмнөх төсөвт тусгагдаагүй техникийн давхар, гадна зам талбай тохижилтын ажлыг авто зам, явган хүний зам, ногоон байгууламжийн нэгж хүчин чадлын гүйцэтгэлийн өртөг нийт 341 948 593 төгрөг, барилгын хүзүүвчийн нэмэлт ажлын гүйцэтгэлийн өртөг нийт 32 1027 957 төгрөг, барилгын цайны газрын гүйцэтгэлийн төсөт өртөг нийт 18 726 725 төгрөг, Барилгыг газрын түвшингээс 1 метр дээш өргөхөд шаардагдах төв хаалганы шат, довжооны нэмэлт ажлын гүйцэтгэлийн төсөвт өртөг нийт 22 816 314 төгрөг, зургийн өрөө, тасалгааны зохион байгуулалт өөрчлөгдсөн нэмэлт ажлын гүйцэтгэлийн төсөв өртөг нийт 77 792 648 төгрөг тус тус багтсан. Талуудын хооронд байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний Ерөнхий нөхцлийн 40.1-т захиалагч нь төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хоцруулсан төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөр хийхдээ хамт төлнө гэсэн тул гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч “Х” ХХК -д төлөөгүй учир гэрээнд зааснаар торгууль төлөх үүрэгтэй. Төлбөр төлөх ёстой байсан өдрөөс 2016 оны 11 дүгээр сард төлбөрийг хийх өдөр хүртэлх хугацаа 2019 оны 07 дугаар сард тооцсон Гадаад харилцааны яам нь нийт 449 346 805 төгрөгийн торгууль төлөхөөр байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 421 496 618,5 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Хариуцагч нь улсын комисс хүлээн аваагүй барилгад ажилчдаа байлгаж, тухайн барилгыг ашиглаж байгаа үйлдэл нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг заалтуудыг зөрчиж байна. Мөн гэрээний ерөнхий нөхцөлийн а ерөнхий заалтын 1 дүгээр зүйлийн 1.1, 32 дугаар зүйлийн 32.0 дэх хэсэгт заасны дагуу баталгаат хугацаанд гарах эрсдлийг гүйцэтгэгч компани хариуцахаар заасан. Ийнхүү барилгыг ашиглаж буй нөхцөл байдал нь нэхэмжлэгч “Х” ХХК -д шууд хамааралтай бөгөөд ямар нэгэн эрсдэл, осол, хохирол учрах тохиолдолд хариуцлагыг нэхэмжлэгч хүлээхээр байгаа тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжид ажилчдаа оруулан ашиглаж, барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөхөд саад болж байгаа тул хариуцагчийн ажилдчыг барилгаас гаргах шаардлагыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Бидний гүйцэтгэсэн ажлын төлбөрийг бүрэн төлөөгүй байж, манайхаас мөнгө авна гэж шаардаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Цахилгааны зардлыг бид хариуцах талаар гэрээнд тохиролцоо огт байхгүй, Харин дутуу ажлын зардалд 146 259 382 төгрөг гарсан байдалд маргахгүй. Гэхдээ энэ төлбөрийг нь манайх нэхэмжилж авах дүнгээсээ хасаж тооцсон байгаа тул зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг шаардлага: Нэхэмжлэгч нь нийт санхүүжилтэд 4 158 875 189 төгрөгийг хүлээн авсан гэдгээ зөвшөөрдөг. 2013 онд 4 удаагийн санхүүжилтээр 1 297 864 451 төгрөгийг, 2014 онд 8 удаагийн санхүүжилтээр 2 494 352 614 төгрөгийг, 2016 онд 300 000 000 төгрөгийг хоёр хувааж, 150 000 000, 150 000 000 төгрөгөөр нь тус тус шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч нь гэрээний дагуу ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдийн 08\1711 тоот албан бичгээр гэрээг цуцалсан учир нэмэлт санхүүжилтийг олгох боломжгүй. Манайх дараагийн гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулаад тус барилгын хийгдээгүй ажлыг үргэлжүүлэн гүйцэтгүүлсэн учир дараагийн 1 001 200 000 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгч компани аваагүй гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Маргаж буй цахилгаан шаттай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй тул нэхэмжлэлээр шаардаж буй цахилгаан шатны үнийг олгох үндэсгүй. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манайх захирал н. уулзалт хийсэн тэмдэглэл байгаа түүний 7-рт лифтны үнэ гэрээнд суучихсан гэж хэлсэн байгаагаар батлагдана. Барилгын хөгжлийн төвөөс гаргасан дүгнэлтийг үндэслэж, манайх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчид 3 695 496 872 төгрөг өгөх ёстойгоос илүү 463 378 317 төгрөгийг шилжүүлсэн тооцоо байгаа тул илүү шилжүүлсэн мөнгөө алданги 231 186 160 төгрөгийн хамт гаргуулах,барилга угсралтын үлдсэн ажилд зарцуулсан зардалд 146 259 382 төгрөгийг хохиролд тооцож гаргуулах, барилгын ажлын явцад цахилгааны төлбөрт зарцуулсан 31 665 009 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүйг манайх өмнөөс нь төлсөн тул 872 488 868 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч компанитай гэрээ хийхдээ 4 353 678 125 төгрөгийн үнийн дүнгээр хийсэн. Хийсэн ажлын гүйцэтгэл нь 85%-тай тэнцэх тул 4 158 875 189 төгрөгийг шилжүүлж төлсөн. Барилгын хөгжлийн төв барилга угсралтын ажлыг 85%-тай болохыг тогтоосон учир энэ хэмжээнд нь төлбөрийг өгсөн. Гэтэл манайх 463 378 317 төгрөгийг илүү шилжүүлсэн байна. Түүнийгээ буцаан гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээ 2017 оны 03 дугаар сарын 27-нд цуцалсан учир төсөвт 700 000 000 төгрөг суулгах үндэслэлгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Барилгын хөгжлийн төвөөс гаргасан дүгнэлтэд нэмэлт ажил хийсэн гэж биш хийгдэх ажил гэж тооцоо гаргасан. Нэмэлт ажил хийлгээгүй. Нэхэмжлэгчийн гаргасан 21 800 000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг барилгыг ашиглалтанд оруулсны дараа чөлөөлж өгнө гэж нөхцөл тавьсан, тэгээд ч чөлөөлж өгөөч гэсэн бичиг манайд огт ирээгүй учир одоо зөвшөөрөл өгөх боломжгүй. Нэхэмжлэгчийн аваагүй гэх 301 200 000 төгрөгийг Гадаад харилцааны яамны данс руу Сангийн яамнаас авсан байдаг. Тиймээс энэ мөнгийг төлөх боломжгүй. Ашиглалтанд оруулаагүй барилгаас албан хаагчдыг гаргахыг зөвшөөрөхгүй. Мэргэжлийн хяналтын газар зөвшөөрөл олгосны үндсэн дээр одоо бид ашиглаж байна. Тиймээс шаардлагыг нэхэмжлэгч гаргаад байх шаардлага биш гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл хугацаанд манайхаас өмчөө авъя гэж хандаагүй учир хадгалж байгаа, буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин барилгын ажилд ашиглаж байсан материалын тухайд захиалагчийн өмч тул барилгадаа ашигласан, буцаан өгөх боломжгүй. Гадаад харилцааны яамны Ёслол хүндэтгэлийн өргөөний барилга барих нээлттэй тендерийг 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарлаж, сонгон шалгаруулалтыг тус яамнаас томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэсэн болно. Уг тендерт шалгарсан “Х” ХХК -тай Гадаад харилцааны яам нь Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын талбай, чөлөөлөх, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ГХЯ-БУ/2013/01 дугаартай гэрээг 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 4 353 678 125 төгрөгийн төсөвт өртөгтэй байгуулсан. Уг гэрээнд барилга угсралтын ажлыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусган хүлээлгэн өгөхөөр заасан боловч 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэгч биелүүлж чадаагүй тул Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 08/1711 тоот албан бичгээр ГХЯ-БУ/2013/01 дугаартай гэрээг цуцалсан. Улмаар богино хугацаанд бага төсөвт өртгөөр барилгын ажлыг үргэлжлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын ирүүлсэн зөрчлийг арилгах, зөвлөмжийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг дуусгах, ашиглалтанд өгөх зорилгоор тус яам болон “З” ХХК -ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 12/1 тоот Ажил гүйцэтгэгч гэрээ байгуулж, мөн оны 10 дугаар сарын 11-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн. “З” ХХК  нь барилгын гүйцэтгэлийг гэрээт хугацаандаа бүрэн дуусгаж, улсын комисс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр томилогдон ажилласан. Уг комисс гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Х” ХХК -ийг хуулийн дагуу барилгын комиссод хүлээлгэн өгөхөд шаардлагатай өөрт хамааралтай бичиг баримтын бүрдлийг хангалтгүй бүрдүүлсэн, санаатайгаар зайлсхийж байна хэмээн дүгнээд хугацаатай үүрэг бүхий зөвлөмжийг өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл элдэв арга заль хэрэглэн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, санаатайгаар хохироосоор байна. “Х” ХХК -д 2013 онд 4 удаагийн санхүүжилтээр 1 297 864 451 төгрөг, 2014 онд 8 удаагийн санхүүжилтээр 2 494 352 614 төгрөг, 2016 онд 300 000 000 төгрөг, нийт 4 158 875 189 төгрөг буюу гэрээт өртгийн 95,5 хувийн санхүүжилтийг олгосон байна. Тиймээс хийсэн ажлын хэмжээнд 3 695 496 872 төгрөг төлөх ёстойгоос илүү 463 378 317 төгрөгийг шилжүүлсэн тооцоо байгаа тул илүү шилжүүлсэн мөнгөө алданги 231 186 160 төгрөгийн хамт гаргуулах, мөн барилга угсралтын үлдсэн ажилд зарцуулсан зардал 146 259 382 төгрөг, барилгын ажлын явцад цахилгааны төлбөрт зарцуулсан 31 665 009 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүйг манайх өмнөөс нь төлсөн тул нийт 872 488 868 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан Гадаад харилцааны яамнаас 842 993 237 төгрөг гаргуулан “Х” ХХК -д олгож, гүйцэтгэлийн баталгааны үлдэгдэл Ариг банк дахь 21 800 000 төгрөгийг буцаан авах зөвшөөрлийг “Х” ХХК -д олгохыг Гадаад харилцааны яаманд даалгаж,

“Х” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 421 496 618.5 төгрөгт холбогдох хэсэг болон улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжаас ажилчдаа гаргахыг Гадаад харилцааны яаманд даалгах, барилгын ажилд хэрэглэж байсан барилгын материал гаргуулахыг хүссэн хэсгүүдийг, “Х” ХХК -аас 872 488 868 төгрөг гаргуулахыг хүссэн Гадаад харилцааны яамны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Х ХХК -ийн өмчлөлийн хөрөнгө болох автокран 1 ширхэг, бетон зуурмаг шахагч том 1 ширхэг, бетон зуурмаг шахагч жижиг 1 ширхэг, вакуум цонхны төхөөрөмж 1 ширхэг, портер автомашин 1 ширхэг, компьютер 1 ширхэг зэрэг хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, буцаан олгохыг зөвшөөрсөн Гадаад харилцааны яамны зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснын баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 6 690 999 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас /4 372 916+70 200+70 200/ 4 513 316 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжпэгчээс анх захиалагчийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй үүргийн гүйцэтгэлтэй холбоотой 421 496 618 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргахдаа энэ дүнг алданги хэмээн буруу бичиж, нэхэмжлэлд дурдсан. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тайлбар өгөхдөө алданги хэмээн буруу бичин нэхэмжилснийг тайлбарлан “хариуцагчаас үүргээ гүйцэтгээгүйн торгууль 421 496 618 төгрөгийг гаргуулах”-аар шаардаж байгаа талаараа шүүх хурал дээр дурдан, энэ дүнг гэрээний дагуу захиалагч болох Гадаад харилцааны яамны торгууль төлөхтэй үүрэгтэй холбон тайлбарлаж, нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг алданги хэмээн буруу ойлгон гэрээгээр нэхэмжлэгч “Х” ХХК -д алданги шаардах эрх байхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар захиалагч Гадаад харилцааны яам нь төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгэгч “Х” ХХК -д алданги бус торгууль төлөх үүрэгтэй талаар гэрээний нөхцлийн 40.1-т зааснаар хариуцагч Гадаад харилцааны яам нь төлбөрийг хугацаанд нь хийгээгүй, өнөөдрийг хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч “Х” ХХК -д төлөөгүй нь тогтоогдсон тул гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн торгууль шаардах эрхийг хангаж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Талууд барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баталгаажуулсан бөгөөд гэрээний тусгай нөхцөлийн 40.0-т заасны дагуу төлбөрийг ажлын гүйцэтгэлийг баталгаажуулснаас хойш гэрээнд заасан хугацаанд хийгээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, гэрээний ерөнхий нөхцлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөх ёстой байсан өдрөөс төлбөрийг хийх өдөр хүртэлх хугацаа тооцсон бөгөөд төлбөрийн валют тус бүрийн Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшаар тооцоход хариуцагч Гадаад харилцааны яам нь нийт 449 346 805 төгрөгийн торгууль төлөхөөр байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу торгуулийг төлөгдөөгүй ажлын хөлсний 50 хувиар тооцож 421 496 618.5 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээг цуцлагдсан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, захиалагч Гадаад харилцааны яамны гаргасан гэрээ цуцлах хүсэлтийг хүлээн аваагүй. Учир нь гэрээний ерөнхий нөхцлийн 56-д зааснаар гэрээ цуцлах мэдэгдлийг төслийн менежээр дамжуулан гаргаагүй, гэрээ цуцлах талаар захиалагчийн холбогдох дээд шатны байгууллагын шийдвэр гараагүй байдаг. Хариуцагч Гадаад харилцааны яам нь гүйцэтгэгч “Х” ХХК -иас гэрээний үүргээ биелүүлж барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхийг шаарддаг, хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэхийг нөгөө талаасаа шаарддаг. Гэтэл анхан шатны шүүх гэрээ цуцлагдсан гэдэг үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх “...улсын комисс хүлээн авч, ашиглалтанд оруулаагүй үйл баримт тогтоогдсон тул шүүх энэ шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов” гэж дүгнэснээс үзэхэд улсын комисст барилгыг хүлээлгэн өгөхөд гүйцэтгэгч болох “Х” ХХК  нь зайлшгүй байлцах шаардлагатай. Ийнхүү байлцаж барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөр нэхэмжпэгч компанийн хувьд гэрээний ерөнхий нөхцлийн а.Ерөнхий заалтын 1.1, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8-т зааснаар хариуцагч ийнхүү барилгыг ашиглаж буй нөхцөл байдал нь нэхэмжлэгч “Х” ХХК -д шууд хамааралтай бөгөөд ямар нэгэн эрсдэл, осол, хохирол учрах тохиолдолд хариуцлагыг нэхэмжлэгч хүлээхээр байгаа тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч талаас 842 993 237 төгрөгийг гаргуулахаар шийдсэн нь шүүх нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэр гаргасан гэж үзэж байна. “Х” ХХК -иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “харилцан тохиролцож лифт угсрах ажил болон гэрээнд заасан ажлын гүйцэтгэл”-д нийт 842 993 237 төгрөг зарцуулсан гэж үзсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан материалд лифт угсралтын ажил гүйцэтгэх гэрээ болон бичгээр тохирсон нотлох баримт байхгүй, барилгын ажил гүйцэтгэх гэрээнд лифтийг тусад нь суурилуулах талаар ч тусгаагүй. Түүнчлэн гүйцэтгэгч өөрөө лифтний үнэ болох 192 000 000 төгрөгийг барилгын ажлын нийт төсөвт өртөг 4 353 678 125 төгрөгт багтааж тооцоолсон нотлох баримт хэрэгт авагдсан байхад Гадаад харилцааны яамнаас дээрх 842 993 237 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь зүйлийг тус тус зөрчсөн гэж хариуцагч тал үзэж байна. Мөн 842 993237 төгрөгт гүйцэтгэсэн ажпын дутуу хөлс, лифтний үнэ, лифт угсрах ажпын хөлсийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж хариуцагч тал зөвшөөрөх боломжгүй байна. Талуудын байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г нийт 4 353 678 125 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулсан. Гүйцэтгэгч “Х” ХХК  нь барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд нь гүйцэтгээгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын ажпын явц, стандарттай танилцаад албан шаардлага өгснийг хэрэгжүүлээгүй тул 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр захиалагч нь “Х” ХХК -тай байгуулсан гэрээгээ цуцалсан. 2017 оны төсөвт тусгасан Гадаад харилцааны яамны Ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэлд зориулсан “санхүүжих дүн 700 000 000 төгрөг” нь дараагийн гүйцэтгэгч “З” ХХК -д гэрээний дагуу барилгын ажпыг бүрэн гүйцээсэн ажлын хөлсөнд шилжүүлсэн хөрөнгө юм. Гэтэл шүүх, гэрээ цуцлагдсанаас хойш дараагийн гүйцэтгэгч буюу “З” ХХК -д шилжүүлсэн 1 тэрбум төгрөгөөс 842 993 237 төгрөгийг “Х” ХХК -ийн гүйцэтгэсэн ажлын хөлс гэж тооцсоныг Төсвийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, Төсвийн тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчийн төсөв захиран зарцуулахтай холбоотой бүрэн эрхийг хуульчилсан байдаг тул “З” ХХК -д шилжүүлсэн 1 тэрбум төгрөгийг “Х” ХХК -ийн гүйцэтгэсэн ажлын хөлс гэж үзэх үндэслэлгүй юм. “Х” ХХК -иас 872 488 868 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч талын сөрөг нэхэмжпэлийг шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт мөн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг дараахь үндэслэлээр давж заалдаж байна. “Х” ХХК -тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг нийт 4 353 678 125 төгрөгийн өртөгтэйгээр байгуулж, гэрээний дагуу 2013 онд 1 600 000 төгрөг, 2014 онд 2 753 687125 төгрөгийн санхүүжилт хийхээр гэрээний 4 дэх зүйлд тусгасан. Гэрээний дагуу 2013 онд 1 297 864 451 төгрөг, 2014 онд 2 484 352614 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тооцоогоор нэмж 300 000 000 төгрөг, нийт 4 158 875189 төгрөгийг захиалагчаас “Х” ХХК -д шилжүүлсэн нь хоорондын тооцоогоор нотлогдож, 463 378 317 төгрөг илүү шилжүүлсэн нь тодорхой байгаа юм. Барилгын хөгжпийн төвийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтэд тус компанийг 4 119 794 613 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тодорхойлсныг шүүх харгалзаагүй, нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй гэж үзэж байна. Мөн захиалагчаас бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс болох 146 259 382 төгрөг, захиалагчийн хяналтын зардал 11 947 381 төгрөг, нийт 158 206 763 төгрөгийг гүйцэтгэгч нь захиалагчид төлөх үндэслэлтэйг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүх үүнийг харгалзалгүйгээр 872 488 868 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хариуцагч талын хууль ёсны эрх ашгийг хөндөж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Түүнчлэн “Х” ХХК -ийн барилга барих явцад хэрэглэсэн цахилгааны хөлс болох 31 000 000 төгрөгийг захиалагчаас төлсөн баримт хэргийн материалд нотлох баримтаар авагдсан. Гэтэл шүүгч дээр дурдсан нөхцөл байдал, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2. 40.3 дахь зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч болон гүйцэтгэгч тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр Ариг банкин дахь гүйцэтгэлийн баталгааны 21 000 000 төгрөгийг чөлөөлүүлэхээр гүйцэтгэгчээс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 08/5686 дугаарын албан бичгийг тус банкинд хүргүүлсэн. Мөн барилгын талбай дээрх тус компанийн эзэмшил зарим тоног, төхөөрөмжийг шилжүүлэн өгөх, авах тохиролцоонд хүрсэн тул шүүх хурлаар эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх шаардлагагүй талаар талуудын тавьсан хүсэлтийг харгалзахгүйгээр шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтаар гүйцэтгэгчид хэрэгжүүлэхээр даалгасан нь шүүгч нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд Гадаад харилцааны яамнаас давж заалдах шатны шүүхэд гаргаж буй гомдол буюу хариуцагчаас 842 993 237 төгрөгийг гаргуулах анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож мөн хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ханган магадлал гаргаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй болж чадаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК  нь хариуцагч Гадаад харилцааны яаманд холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлс 842 993 237 төгрөг, алданги 421 496 618 төгрөг, нийт 1 264 489 855 төгрөг гаргуулах, А ХХК -д байршуулсан гүйцэтгэлийн баталгааны төлбөрийн үлдэгдэл 21 800 000 төгрөгийг буцаан өгөх зөвшөөрөл олгохыг, улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжаас ажилчдаа гаргахыг, компанийн өмчлөлийн битүүмжилсэн хөрөнгийг буцаан олгохыг тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Гадаад харилцааны яам нь дээрх шаардлагаас компанийн өмчлөлийн битүүмжилсэн хөрөнгийг буцаан олгохыг зөвшөөрсөн тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагад зохигчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцэж байна.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаас бусад хэсгийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчид холбогдуулан ажлын хөлсөнд илүү төлсөн 463 378 317 төгрөг, алданги 231 186 160 төгрөг, дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146 259 382 төгрөг, барилга баригдах хугацаанд хэрэглэгдсэн цахилгааны эрчим хүчний төлбөр 31 665 009 төгрөг, нийт 872 488 868 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг, нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд харилцан маргасан байна.

 

Талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Гадаад харилцааны яамны Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын талбайг чөлөөлөх, 9 давхар хүзүүвчтэй барилга угсралтын ажлыг инженерийн шугам сүлжээний хамт 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 4 353 678 125 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон боловч гэрээ хэрэгжих явцад тус барилгыг 12 давхар болгох, гадна фасадыг шилэн хийцийн материалаар бариулахаар талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. /хх-39-59, 86-87, 109-111/

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч “Х” ХХК  нь гэрээт ажлыг тохирсон хугацаанд бүрэн гүйцэтгээгүй, гэрээт ажлаас гадуур тодорхой хэмжээний нэмэлт ажлуудыг гүйцэтгэсэн, нэхэмжлэгчид хариуцагчаас ажлын хөлсөнд 4 158 875 189 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч “Х” ХХК -ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас хариуцагч Гадаад хэргийн яам 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрээг цуцалж, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгээгүй орхисон ажлыг 146 259 382 төгрөгийн хөлсөөр өөр компаниар гүйцэтгүүлэн дуусгасан, уг барилгыг улсын комисс хүлээн аваагүй зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх-1-р хавтасны 110/

 

Гагцхүү талуудын хооронд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын төлөх хөлсний хэмжээний талаар маргасан. Анхан шатны шүүх ажлын хөлсний үлдэгдэл нэмэлт санхүүжилттай холбоотой 842 993 234 төгрөгийн зардлыг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нотлох баримтыг үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байгаа боловч хэрэгт авагдсан баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг дараах байдлаар залруулах боломжтой байна. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 111-112 дугаар талд Гадаад харилцааны Яамны  “Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын А блокийн барилга угсралтын ажлын санхүүжилтийн тайлан, тооцооны хураангуй” гэсэн талуудын хоорондын тооцоо нийлсэн баримт авагдсан. Уг тооцооны баримтад Гадаад харилцааны яамны Аж ахуй эрхлэгч гарын үсэг зурж, нэмэгдэл ажлын зардал 178 504 086 төгрөг, магадлашгүй ажлын зардал 71 586 254 төгрөг, 2015 онд олгох ёстой байсан үлдэгдэл санхүүжилтийн дүн 514 147 762 төгрөг, эцсийн байдлаар гүйцэтгэгчид олгох үлдэгдэл санхүүжилт 612 734 016 төгрөг төлөөгүй байгаа талаар бичсэн байна. Гадаад харилцааны яамны Аж ахуй эрхлэгч нь тус яамыг төлөөлж, гэрээ хэлцэл хийх эрхтэй этгээд биш боловч ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой тухайн байгууллагын ажилтан байна. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасан. Хариуцагч байгууллагын дээрх ажилтан байгууллагыг төлөөлж “...нэмэгдэл ажлын үнийн дүнг зөвшөөрсөн, мөн магадлашгүй ажлын зардлыг “Х” ХХК -д төлөх ёстой” гэх агуулгаар бичиг үйлдэж, хариуцагч байгууллагын тэмдэг дарсан байдлаас үзвэл төлөөлөх эрхтэй гэх ойлголтыг нэхэмжлэгчид төрүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтэд заасан дүнгээр төсвийн хэмжээ нэмэгдэнэ гэдгийг мэдэгдсэн гэх боловч түүнийг нотлох баримтаар нотолж чадаагүй. Харин нотлох боломжтой баримт болох хэргийн 1 дүгээр хавтасны 109 дүгээр талд авагдсан албан бичигт нэхэмжлэгч “Х” ХХК -д хариуцагч байгууллагаас “...2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хандан А блок 9 давхар барилга бариулахаар анхны зургаар 12 давхар болгох, гадна фасадыг шилэн материалаар хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Иймд тус барилгыг 12 давхар болгох, гадна фассадыг өөрчлөх ажлыг танай байгууллага гүйцэтгэх боломж, холбогдох төсөв зардлын талаар саналаа ирүүлнэ үү” гэсэн санал гаргаж байжээ. Энэхүү албан бичигтэй холбоотой нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад өмнөх ажлын төсөвт тусгагдаагүй төсвийн үнийн саналыг буцаан явуулсан баримт хэрэгт үгүй байна.

 

Барилгын хөгжлийн төвөөс захиалагчийн хүсэлтээр 2015 он, 2016 онд барилга угсралтын ажлын гүйцэтгэл болон уг ажлын төсөвт өртөг хэд болсон, хэдий хэмжээний зардал гарсан асуудлаар дүгнэлт гаргасан. Уг төвийн дүгнэлт нь зөвхөн зардлын хэмжээг тооцож гаргасан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар хийсэн үнэлгээний баримт бичиг болохоос, хариуцагч байгууллагаас төсөвт өртгийн хэмжээ нэмэгдэхийг мэдсэн, зөвшөөрсөн гэх үйл баримтыг нотлох баримт болохгүй. Ажил гүйцэтгэгч төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар захиалагчид Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасны дагуу нэн даруй мэдэгдсэн байх үүрэгтэй бөгөөд үүнийг нөгөө тал зөвшөөрсөн бол Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.3-т зааснаар зөвшөөрч гэрээг өөрчилсөн байх шаардлагатай. Хэрэгт авагдсан Гадаад харилцааны яамны аж ахуй эрхлэгч гэх хүний гарын үсэг бүхий тэмдэг дарагдаж, тооцоо нийлсэн баримтад нэмэгдэл ажлын санхүүжилт нь 178 504 086 төгрөг, магадлашгүй ажлын зардал 71 586 254 төгрөг, 2015 онд олгох ёстой байсан үлдэгдэл санхүүжилтийн дүн 514 147 762 төгрөгөөр тус тус тооцож өгөхийг зөвшөөрсөн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 612 734 016 төгрөгийн нэмэгдэл хөлс гарах талаар мэдэгдсэн гэж үзэх боломжтой.  

 

Талуудын хооронд байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцлийн 40.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн төлбөрт ногдох торгуулийг төлөхөөр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК  нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт тооцон хариуцагч Гадаад харилцааны яамнаас торгуульд 421 496 618 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч өөрсдөө үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн байх тул үүрэг гүйцэтгүүлэгч тал анз шаардах эрхээ алдсан байна. Энэ талаар Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт заасан. Иймээс гэрээний үүргээ хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн бол анз шаардах эрхгүй болдог тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.

 

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаас банк дахь баталгаа болгож өгсөн 21 800 000 төгрөгийг буцаан авах шаардлагыг хангасан нь үндэслэлтэй. Өмнө нь нэхэмжлэгчээс баталгаа болгож шилжүүлсэн мөнгийг суутгаж авах буюу ямар нэгэн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй учраас А ХХК -д байршуулсан гүйцэтгэлийн баталгааны төлбөрийн үлдэгдэл 21 800 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч нь улсын комисс хүлээн аваагүй гэх үндэслэлээр ажилчдыг гаргахыг даалгуулах эрхгүй. Учир нь талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаанаас шууд үүсэх үр дагавар хамаарахгүй. Эзэмшлээс чөлөөлөх шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанд үндэслэх бөгөөд хууль ёсны өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаарддаг. Харин Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшигчээс эд хөрөнгийг шаардахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн барилга чөлөөлөх шаардлага нь аливаа этгээдийн хууль бус эзэмшилтэй холбоотой шаардлага бөгөөд өмчлөгч этгээд гаргах эрхтэй.

 

Гэтэл талуудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнд төлөх хөлсийг шийдвэрлэсэн байдал, өмнө нь ажлын үр дүнгийн зарим хэсгийг хариуцагч хүлээн авсан байдлаас үзвэл ажлын үр дүн буюу уг барилгыг нэхэмжлэгч компани өмчлөх эрхтэй гэж үзэхгүй. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас Гадаад харилцааны яамны улсын комисс хүлээн аваагүй гэх үндэслэлээр барилга чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй гэж үзнэ. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглээгүй боловч хэргийн шийдлийн хувьд зөв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Гадаад харилцааны яам нь нэхэмжлэгч “Х” ХХК -д холбогдуулан гэрээний дагуу ажлын хөлсөнд илүү төлсөн 463 378 317 төгрөг, алданги 231 186 160 төгрөг, дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146 259 382 төгрөг, барилга баригдах хугацаанд хэрэглэгдсэн цахилгааны эрчим хүчний төлбөр 31 665 009 төгрөг нийт 872 488 868 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч байгууллага нь сөрөг нэхэмжлэлээ бодит гүйцэтгэлийн өртөг 3 695 496 872 төгрөг болсон тооцоо гаргасан тул 463 378 317 төгрөг илүү төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Учир нь хэргийн 1 дүгээр хавтасны 110 дугаар талд Гадаад харилцааны яамны “Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний барилгын “А блокийн барилга угсралтын ажлын санхүүжилтийн тайлан авагдсан байх бөгөөд уг баримтаас үзвэл талууд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид гэрээт ажлын гүйцэтгэлийн санхүүжилтэд 4 158 875 189 төгрөг шилжүүлснийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч компанийн захирал болон хариуцагч байгууллагын нягтлан бодогч нар тооцоо нийлж гарын үсэг зурсан байна.

 

Энэхүү тооцоо нийлсэн баримтаар ажлын хөлсөнд 463 378 317 төгрөг илүү шилжүүлсэн гэх хариуцагч байгууллагын тайлбар үгүйсгэгдсэн. Түүнчлэн шүүх хэргийн 111-112 дугаар талд авагдсан Гадаад харилцааны Яамны  “Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын А блокийн барилга угсралтын ажлын санхүүжилтийн тайлан, тооцооны хураангуй” гэсэн талуудын тооцоо нийлсэн баримтыг үндэслэн үлдэгдэл хөлс болон нэмэгдэл ажлын санхүүжилтэд нэхэмжлэгчид хариуцагчаас 612 734 016 төгрөгийн нэмэгдэл хөлсийг гаргуулсан. Иймд нэхэмжлэгчид хариуцагч байгууллагаас илүү шилжүүлсэн гэж 463 378 317 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК  нь Гадаад харилцааны яамны Ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэлийн ажлын төсөвт өртөг 5 160 075 189 төгрөг болж өөрчлөгдсөн, хариуцагч байгууллага 4 158 875 189 төгрөгийн санхүүжилт олгосон үлдэгдэл 1 001 200 000 төгрөгөөс хариуцагчаас дутуу ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсний төлбөр 146 259 382 төгрөг, захиалагчийн хяналтын ажлын зардал 11 947 381 төгрөгийг, хасч 842 993 237 төгрөг нэхэмжилсэн” гэж тайлбарласнаас үзвэл эдгээр дутуу гүйцэтгэсэн гэх ажлын төлбөрийг нэхэмжлэгч аваагүй байх ба хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн дутуу орхисон ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсний төлбөр 146 259 382 төгрөгийг тус компанид өгөөгүй атлаа, сөрөг нэхэмжлэлээр шаардсан үндэслэлгүй.

 

Ажлын үр дүн доголдолтой холбоотойгоор зардал гаргуулах шаардах эрхийг олгосон Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан нөхцөл бүрдсэн болохыг хариуцагч байгууллага баримтаар нотолж чадаагүй.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд зааж буй 146 259 382 төгрөгийн хэмжээний ажлыг нэхэмжлэгч компани гүйцэтгэсэн гэх, хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн гэх, хүлээлгэж өгсөн ажлаас доголдол илэрсэн гэх, доголдлыг арилгуулахаар шаардлага гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдохгүй байна. Түүнчлэн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ “үлдсэн ажлыг өөр компаниар гүйцэтгүүлэхэд гарсан зардал” гэж тодорхойлсон, нэхэмжлэгч нь “гүйцэтгээгүй ажлын хөлс 146 259 382 төгрөгийг төсөвт өртгөөс хасаж тооцсон” гэсэн агуулгаар тайлбар гаргаснаас үзэхэд уг зардал нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан шаардах эрхэд хамаарахгүй болох нь нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол буюу зардал шаардах тохиолдолд нэг талд учирсан хохирол, нөгөө талын үйлдэл, эс үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой. Тухайлбал, хариуцагчаас нэхэмжлэгчид гүйцэтгээгүй үлдэгдэл ажлын хөлсийг өмнө нь төлчихсөн байхад ажлаа гүйцэтгээгүй үлдээсний улмаас гарах ёсгүй зардал гарсан зэрэг нөхцөл байдал талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан гүйцэтгээгүй дутуу орхисон ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэнтэй холбоотой зардалд 146 259 382 төгрөгтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг зөвхөн хууль болон гэрээнд зааснаар үүсэх бөгөөд хохирол төлөх үүрэг ч үүнд хамаарна.

 

Талуудын хэн аль аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз шаардах эрхээ алдсан байна. Иймд хариуцагчийн алдангид 304 818 849 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Мөн хариуцагч байгууллага нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх явцдаа хэрэглэсэн цахилгааны төлбөрт 31 665 009 төгрөг нэхэмжилсэн боловч талууд гэрээнд энэ талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаатай холбоотой бодитойгоор гарсан зардал гэж үзэх боломжгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны12 дугаар сарын 11-ний өдрийн182/ШШ2019/02576дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “842 993 237” гэснийг “612 734 016” гэж, “421 496 618” гэснийг “651 755 839” гэж

2 дахь заалтын “/4 372 916+70 200+ 70 200/ 4 513 316” гэснийг “/3 221 620+70 200 +70 200/ 3 362 020” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2 265 433 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                            ШҮҮГЧИД                                       С.ЭНХТӨР

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ