Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2023/00088

 

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02596 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00492 дугаар магадлалтай,

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“.........” ТБАГУТҮГ-т холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: Ажлын хөлс 1,094,818,406 төгрөг, торгууль 375,508,829 төгрөг,  хохиролд 172,131,385 төгрөг, нийт 1,642,458,620 төгрөг гаргуулах, нэр бүхий хөдлөх хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

Сөрөг нэхэмжлэл: Илүү төлсөн 463,378,317 төгрөг, алданги 231,186,160 төгрөг, дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146,259,382 төгрөг, цахилгааны төлбөр 31,665,009 төгрөг, нийт 872,488,868 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн А.Э, Ч.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ч.С, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “.........” ХХК нь хариуцагч “.........” ТБАГУТҮГ-т холбогдуулан ажлын хөлс 1,094,818,406 төгрөг, торгууль 375,508,829 төгрөг, учирсан хохирол 172,131,385 төгрөг, нийт 1,642,458,620 төгрөг гаргуулах, нэр бүхий хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, илүү төлсөн 463,378,317 төгрөг, алданги 231,186,160 төгрөг, дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146,259,382 төгрөг, барилга баригдах хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөр 31,665,009 төгрөг, нийт 872,488,868 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02596 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан “.........” ТБАГУТҮГ-с 493,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “.........” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,131,285,620 төгрөг болон “.........” ХХК-аас 872,488,868 төгрөг гаргуулах тухай хариуцагч “.........” ТБАГУТҮГ-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан “.........” ТБАГУТҮГ-ын хууль бус эзэмшлээс Zoomlion маркийн 15 тонны 98-30 улсын дугаартай Автокран 1 ширхэг, Хьюндай портер маркийн 60-28 ДАА улсын дугаартай автомашин 1 ширхэг, цагт 30 м.куб бетон шахдаг помп-1 ширхэг, цагт 80 м.куб шахдаг том помп-1 ширхэг, шаврын төхөөрөмжийн конвейр-1, Del маркийн personal компьютер /барилгын программ суулгасан байсан/-1 ширхэг, Вакум цонхны тоног төхөөрөмж 1 ширхэг зэрэг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн баримтад тусгагдсан хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч “.........” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх салхивчны тоног төхөөрөмж-1 ширхэг, баримт бичгийн шкаф-2 ширхэг, нивелер багаж-1 ширхэг, теодолит багаж-1 ширхэг, салхивчны мотортой сэнс-2 ширхэг /том, жижиг/, сандал 10 ширхэг, ширээ-6 ширхэг, захирлын сандал-1 ширхэг зэргийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 8,440,443 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,694,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00492 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02596 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан “.........” ТБАГУТҮГ-аас 928,972,593 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “.........” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 713,486,027 төгрөгт холбогдох хэсгийг болон “.........” ХХК-аас 872,488,868 төгрөг гаргуулах тухай хариуцагч “.........” ТБАГУТҮГ-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “2,694,150” гэснийг “4,802,813” төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 3,158,768 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч “.........” ТБАГУТҮГ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ч.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т заасныг үндэслэн хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх хариуцагчаас 493,200,000 төгрөг гаргуулсныг давж заалдах шатны шүүх  928,972,593 төгрөг болгон өөрчилж, хэрэгт авагдсан тодорхой нотлох баримтгүйгээр нэхэмжлэгч талд ашигтай, агуулга буюу хууль зүйн талаасаа  үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.1.Магадлалд “Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав” гэж дурдаад,

1.“Анхан шатны шүүх дутуу олгосон ажлын хөлс 301,200,000 төгрөгийг болон лифтний ажлын хөлс 192,000,000 төгрөг, нийт 493,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, тухайн харилцааг зохицуулсан хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна” гэсэн атлаа мөн “Хариуцагч 2016.12.12-ны өдөр барилга угсралтын ажлын 2016 оны 7, 8, 9 сарын гүйцэтгэлийг хүлээн авсан болох нь ГХЯ-ны 2016.12.14-ний өдрийн 08/7060 тоот албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдсон, уг ажлын хөлсийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй тул өөр компанийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг “.........” ХХК-д өгөх боломжгүй гэсэн хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэсэн  нь нотлох баримтыг гүйцэд шинжлэн судлалгүй, “.........” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн хөлсийг давхардуулан олгохоор алдаатай тооцсон болно.

Өөрөөр хэлбэл, ГХЯ-ны 2016.12.14-ний өдрийн 08/7060 тоот албан бичиг болон ..........ийн 2016.09.08-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “.........” ХХК-д ажлын хөлс 301,200,000 төгрөгийг олгохоор, давж заалдах шатны шүүхээс нэмэгдэл ажлын хөлс 341,948,593 төгрөгийг нэмж олгохоор тус тус шийдвэрлэжээ. Энэ нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасныг зөрчиж, нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үзэж, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй буюу нотлох баримтыг өөр өөрөөр үнэлсэн болно.

Тодруулбал, давж заалдах шатны шүүх нь ..........ийн 2016.09.08-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч “.........” ХХК-д нэмэгдэл ажлын хөлс 341,948,593 төгрөгийг олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч, дараах үйл, нотлох баримтыг бодитой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй үндэслэлээр гомдол гаргаж байгаа болно. Үүнд:

4.1.1.Анхан шатны шүүх нь ..........наас ирүүлсэн баримтуудыг нэг бүрчлэн судалж, нэхэмжлэгч “.........” ХХК-д нэмэлт ажлын хөлс /нийт 12 удаагийн гүйцэтгэлээр 444,559,572 төгрөг/-ийг хариуцагч тухай бүрт тооцож олгосон болохыг нотолсон бөгөөд нэхэмжлэгч “.........” ХХК нь нэхэмжилж буй 341,948,593 төгрөгийн нэмэлт ажлын хөлсөө аваагүй гэдгээ баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, дээрх 444,559,572 төгрөгийн ажлаас ялгаатайг тайлбарлаж, нотолж, чадаагүй буюу шүүхийн журмаар ..........наас гаргуулсан болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй, холбогдох гүйцэтгэлийн баримт нь байхгүй болно.

4.1.2...........ийн 2016.09.08-ны өдрийн дүгнэлтэд 2015 оны дүгнэлтээр “.........” ХХК-ийг гэрээ байгуулснаас хойш 3,730,247,018 төгрөгийн, уг дүгнэлт гарснаас одоог хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын төсөв 2016 онд хийгдсэн барилга угсралтын ажил нь 389,547,595 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн, нийт хийж гүйцэтгэсэн ажлын төсөв нь 4,119,794,613 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тогтоосон. Уг дүгнэлтээс хойш “.........” ХХК нь ямар ч ажил хийгээгүй болно. Энэ нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.

4.1.3.Гэрээний зүйл болох .........ны “Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний барилга нь бодитоор 10 давхар буюу 5445 м2 талбайтай. ..........ийн 2016.09.08-ны өдрийн дүгнэлтийн “Барилга угсралтын ажлын үнийн өсөлтийн индекс” өсгөн тооцсон хүснэгт 1-т барилгын талбайн хэмжээг 5247 м2, үүн дээр техникийн давхрыг Х1-Х6 тэнхлэг хооронд өргөтгөж өөрчилснөөс 198 м2 нэмэгдсэн буюу нийт 5445 м2 болсныг дурджээ. Энэ нь ..........ийн дүгнэлт нь 10 давхар барилгын явц, гүйцэтгэлийг дүгнэсэн болохыг нотолно.

4.1.4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд ..........ийн 2016.09.08-ны өдрийн дүгнэлтэд “...урьдчилсан байдлаар /341,948,593 төгрөгийг/” гэснийг эцсийн буюу гүйцэтгэлийн дүн гэж баримтгүйгээр тооцсон.

4.1.5.“.........” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн тайлан буюу 2016.10.12-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад талууд маргадаггүй бөгөөд уг баримтаар 4,158,875,189 төгрөгийг “.........” ХХК-д олгосон болохыг нотолно. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч “.........” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн дүн /4,158,875,189-4,119,794,613/-гээс 39,080,576 төгрөг илүү олгосныг нотолно.

4.1.6.Нэхэмжлэгч “.........” ХХК-д нэмэгдэл ажлын хөлс 341,948,593 төгрөгийг олгохоор шийдвэрлэхдээ “захиалагчийн техникийн хяналтын зардал”-ыг хасч тооцоогүй нь уг шийдвэр алдаатай болохыг мөн нотолно.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн нэмэгдэл ажлын хөлсний үлдсэн /1,254,851+77,792,648+22,816,314 төгрөг/ хэсгийг шийдвэр, магадлалаар хангаагүй орхисныг дэмжиж байгаа буюу маргаагүй болно.

4.2.Анхан болон давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ лифтний үнийг баримтаар тогтоогоогүй буюу нэхэмжлэгч “.........” ХХК-аас холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх тус компанийн тендерт оролцохдоо гаргаж байсан үнийн санал буюу гэрээний үнийн дүн, цахим шуудангаар санал авахаар хүргүүлсэн гэрээний төсөл зэргийг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд хэргийг нотлох баримтад үндэслэн бодитойгоор, эргэлзээгүй талаас нь шийдвэрлэж чадаагүй. Тодруулбал,

4.2.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч талаас маргааны зүйл болсон барилгад суурилуулсан лифтний үнийг гуравдагч этгээдэд төлөөгүй гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан, лифтний паспортод гэрээ цуцлагдахаас өмнө 2016 оны 10 дугаар сард лифтийг суурилуулсан талаар тусгагдсан, түүнчлэн ..........наас ирүүлсэн баримтад “лифт” тусгагдаагүй тул шүүх нэхэмжлэгчтэй анх тохиролцсон гэрээний үнийн дүн болох 192,000,000 төгрөгийн хэмжээгээр тооцон олгох нь зүйтэй. Мөн гэрээний тусгай нөхцөлд “үнэд тохируулга хэрэглэхгүй, ам.доллараар бус төгрөгөөр” тохиролцсоныг дурдав.” гэжээ.

4.2.2.Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Гэрээнд заасны дагуу Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын ажлын төслийн менежерээр Д.Цэен-Ойдов томилогдон ажиллаж байгаад түүнийг ажлаас чөлөөлснөөс хойш төслийн менежер томилогдоогүй бөгөөд ГХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын 2017.01.24-ний өдрийн уулзалтын тухай тэмдэглэл, цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрээний төслүүд зэргээс үзэхэд ТЗУГ-ын зөвлөх Л.Базарсад захиалагч байгууллагыг төлөөлж гүйцэтгэгч талтай харьцаж байсан гэж үзэхээр байна. (Зхх-ийн 245-251, 4хх-ийн 1-4, 5хх-ийн 64-65, 4хх-ийн 6-15). Мөн “Хэдийгээр барилгын давхар өөрчлөгдсөнтэй холбоотой өртгийн зөрүүгийн талаар үндсэн гэрээнд хууль болон гэрээнд заасан журмын дагуу өөрчлөлт оруулаагүй боловч талуудын хооронд харилцаж байсан цахим захидалд хавсаргасан захиалагчаас ирүүлсэн гэрээний саналд 93,824,000 төгрөг гэж заасныг гүйцэтгэгч зөвшөөрсөн санал хүргүүлж байсан болох нь үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрээний төслүүдээр тогтоогдож байна. (Зхх-ийн 245-251, 4хх-ийн 1-4)” гэжээ.

ИХШХШТХ-ийн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч “.........” ХХК нь лифтний үнийг тогтоох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, гаргуулж авах газрыг мөн зааж өгөөгүй буюу баримтгүй, хуулийн шаардлага хангаагүй шийдвэрлэсэн болно. “.........” ХХК-ийн ирүүлсэн саналаар лифтний үнийг багтаагаад гэрээт ажлыг 4,353,678,125 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй, шинэчлэгдээгүй болно. Мөн ".........” ХХК нь лифтийг суурилуулах ажлыг гүйцэтгээгүй бөгөөд “Хөлөг элевартор” ХХК гүйцэтгэсэн болохыг лифтний паспортоор нотлох боломжтой.

ГХЯ болон “.........” ХХК-ийн байгуулсан 2013 оны ГХЯ-БУ/2013/01 дугаартай “.........ны “Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний барилгын талбай чөлөөлөх, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний тусгай нөхцөлийн 39.1-т “Гүйцэтгэгч нь хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тайланг сар бүр төслийн менежерт гаргаж өгөх бөгөөд түүнд нэхэмжилсэн дүн нь нийт гарсан зардлаас өмнө нэхэмжилсэн дүнг хассан хэмжээтэй байна.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “.........” ХХК нь лифтний ажлын гүйцэтгэлээ гаргаж өгөх үүрэгтэй болно.

Иймд лифт болон суурилуулах ажлын хөлсийг тогтоох боломжгүй, баримтгүй байхад нэхэмжлэгч “.........” ХХК-д 192,000,000 болон лифтний ажлын зөрүү 93,824,000 төгрөгийг олгохоор анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасныг зөрчиж байна. Тодруулбал, лифт суурилуулах ажлын хөлсийг хэдээр, лифтний өөрийн өртгийг хэдээр тооцохыг тогтоогоогүй, ойлгомжгүй байхад хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж “.........” ХХК-д лифтний өртөг болон суурилуулах ажлын хөлс буюу гүйцэтгээгүй ажлын хөлсийг олгохоор шийдвэрлэсэн болно.

4.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс зарим эд хөрөнгийг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэхдээ тус эд хөрөнгийг хэзээ, ямар үндэслэлээр хариуцагчийн эзэмшилд хадгалагдан үлдсэн талаар дүгнээгүй буюу хариуцагч дээрх эд хөрөнгийг нэхэмжлэгчээс шууд хураан авсан гэж буруу ойлгогдохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч “.........” ХХК-ийн төлөөлөлтэй хийсэн 2017.04.07-ны өдөр 08/128 дугаартай уулзалтын тэмдэглэлд гэрээг цуцалсан талаар, мөн барилгын холбогдолтой бүх асуудлыг тал талаасаа төлөөлөл гарган акт үйлдэж, хүлээлцэх хэрэгтэй талаар мэдэгдэж байсан. Тодруулбал, “.........” ХХК өөрийн өмчлөлийн гэх эд хөрөнгөө өөрөө хүлээн авалгүй орхисон. Өмнө нь болсон бүх шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр эд хөрөнгийг хариуцагч тал нэхэмжлэгчийг авахыг тухай бүр зөвшөөрсөн байдаг боловч нэхэмжлэгч тал өөрийн эд хөрөнгийг цаг, хугацаа товлон авахаар хүсэлт ирүүлдэггүй, уулздаггүй болно. Иймд уг шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “ТБАГУТҮГ-ын хууль бус эзэмшлээс” гэснийг “ТБАГУТҮГ-д байгаа” гэж залруулах шаардлагатай болно.

4.4.Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Анхан шатны шүүх нь “Нэхэмжлэгчийн дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146,259,382 төгрөгийн хэмжээнд зохигчид маргаагүй ч нэгэнт ажлыг бүрэн гүйцэтгээгүй үйл баримтад маргаагүй тул хийгээгүй ажлынх нь хөлсийг олгоогүй тул нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй. Түүнээс гадна дээрх шаардлагыг дэмжиж баримтыг хариуцагч ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.” гэжээ. /шийдвэрийн 16 дахь тал/

Хариуцагч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2016.12.27-ны өдрийн 07/103/558 дугаартай дүгнэлтээр алдаа, зөрчилтэй гүйцэтгэсэн ажлаас үүдэн захиалагчид учирсан хохирол болох 146,259,382 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа. Гэтэл шүүх уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.5 дахь хэсэг, ИХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримтлалгүй шийдвэрлэсэн болно.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг “Маргааны зүйл нь ажил гүйцэтгэх гэрээг цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэгчийн хийсэн ажлын хувь хэмжээний талаар байгаа тул гэрээг цуцалснаас хойш бусдаар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс 146,259,382 төгрөг гаргуулах сөрөг шаардлага үндэслэлгүй болно” гэж үзэн хэрэгсэхгүй болгосныг ИХШХШТХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзээгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна.

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй .........анд холбогдох иргэний хэргийг СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.01.14, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019.03.18, СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.12.11, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.02.21, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2021.12.02, СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022.11.14, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023.03.06-ний өдөр тус тус шийдвэрлэж, өөр хоорондоо зөрүүтэй, ялгаатай шийдвэрийг гаргасан байдаг тул уг гомдлыг хяналтын журмаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг гаргахдаа анхан болон давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтуудыг зөрчсөн буюу хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байх тул ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ч.С нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.04.20-ны өдрийн 001/ШХТ2023/00465 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч “.........” ХХК нь хариуцагч “.........” ТБАГУТҮГ-т холбогдуулан нийт 1,642,458,620 төгрөг гаргуулах, нэр бүхий хөдлөх хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...талууд 2013.07.17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус яамны ёслол хүндэтгэлийн өргөөний Б блокийн 9 давхар хүзүүвчтэй барилга угсралтын ажлыг нийт 4,353,678,125 төгрөгөөр 2013.08.01-ний өдрөөс 2014.10.01-ний өдрийн хооронд гүйцэтгэхээр тохиролцсон. Яам барилгын зургийг өөрчилсөн, зарим зураг дутуу, гэрээний ерөнхий нөхцөлийн 21.1, 21.2-т заасан барилгын талбайд орсон цахилгаан дамжуулах кабелын шугамыг зайлуулах, дахин зураг гаргуулах ажлыг гүйцэтгэх, инженерийн сүлжээнд шинэчлэл хийх болсонтой холбоотой ажил гүйцэтгэх боломжгүй хугацаа хойшилсон. 9 давхрын барилга угсралтын ажил дуусах үед захиалагчаас 2014.04.24-ний өдөр 12 давхар болгох, гадна фасадыг шилэн материалаар хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдүүлэхээр болсон. А блок барилгын “Шийт” ХХК-ийн хийсэн зургаас 2.5 метр урагшаа сунгаад шалны түвшинг дээшээ 1 метр дээшлүүлэхээр харилцан тохиролцож ажлыг цааш үргэлжлүүлсэн. Барилгын ажлын явцад талууд 2015 онд болон 2016.10.12-ны өдөр Барилга угсралтын ажлын санхүүжилтийн тайланг үйлдэж, санхүүжилтийн тооцоо нийлсэн. Гэвч гэрээ цуцлагдсан бөгөөд ажлын зарим санхүүжилт, нэмэлт ажлын зардал, лифтний үнэ, зардал төлөгдөөгүй тул дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

-2016 оны санхүүжилтэд 601,200,000 төгрөг төсөвт суусан боловч энэ санхүүжилтээс 300,000,000 төгрөгийг олгож, үлдэгдэл 301,200,000 төгрөгийг олгоогүйг нэхэмжилж байна.

-..........ийн 2016.09.08-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтэд нийт ажлын гүйцэтгэл 4,119,794,613 төгрөг болохыг тогтоосон. Ажлын хэсгийн дүгнэлтэд зааснаар нэмэлтээр төсөвт тусгагдаагүй 341,948,593 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар тусгасан тул нэмэлт ажлын дээрх хөлсийг гаргуулна.

-Гэрээний 21 дүгээр зүйлд заасан ажлаа захиалагч гүйцэтгээгүй буюу барилгын талбайд орсон инженерийн шугам сүлжээг зөөж, шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс “Цахилгаан түгээх сүлжээ” ХК-аас 2014.03.21-ний өдөр дүгнэлт гаргаж аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас шугам сүлжээ гэмтсэн гэж үзэж хохиролд 1,254,851 төгрөгийг “.........” ХХК төлсөн тул гаргуулна.

-2014.05.01-ний өдөр халаалт, салхивч, цахилгааны байршил өөрчилсөн зургийг хүлээлгэн өгсний дагуу өрөө, тасалгааны зохион байгуулалт нэмэгдэж өөрчлөгдөх шаардлага үүсэж нэмэлтээр хана, хамрын ажил хийсэн. Энэ ажлын хөлс 77,792,648 төгрөг болсон.

-2016.03.02-ны өдөр барилгыг 10 давхар болгон өөрчилсөн зургийг хүлээлгэн өгсний дагуу барилгыг 00 түвшингээс 1 метр дээш байрлуулснаас төв хаалганы довжооны хэмжээ нэмэгдэж 22,816,314 төгрөгийн ажил хийгдсэн.

-2016.07.08-ны өдөр “.........” ХХК нь БНХАУ-ын .......... “..........” ХХК-тай цахилгаан шатны борлуулалт, угсралтын гэрээг байгуулж 2 ширхэг цахилгаан шатыг 9 давхар, 9 зогсох, 9 хаалгатайгаар, 1 ширхэг цахилгаан шатыг 6 давхар, 3 зогсох, 3 хаалгатайгаар худалдан авч барилгын талбайд буулгасан боловч хариуцагчийн хүсэлтээр 10 давхар, 10 зогсох, 10 хаалгатай байхаар өөрчлөгдсөн тул авсан цахилгаан шатыг БНХАУ руу буцааж, шинээр 2 ширхэг цахилгаан шатны 10 давхар, 10 зогсох, 10 хаалгатай, 1 ширхэг цахилгаан шатыг 6 давхар, 4 зогсох, 4 хаалгатай байхаар худалдан авч тусгай зөвшөөрлийн дагуу угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Тендерт лифтний үнийн саналыг 128,000 ам.доллар буюу 192,000,000 төгрөгөөр өгсөн боловч тухайн үеийн ханшаар лифтний үнэ 313,856,000 төгрөг ба 10 давхарт зогсох ажлын өртгийг 35,750,000 төгрөгөөр тооцон нэмж, нийт 349,606,000 төгрөг гаргуулна.

-Талуудын хооронд байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 40.1-т Хэрэв захиалагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол торгууль төлөх үүрэгтэй. Торгуулийг 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 07 дугаар сар хүртэл хугацаагаар тооцож, төлбөрийн валют тус бүрийн Үндэсний статистикийн хорооноос гаргасан арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшаар тооцоход хариуцагч нь 375,508,829 төгрөгийн торгууль шаардана.

-“.........” ХХК нь ажлын хөлсөө аваагүй 5 жил болсон, гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, иргэдээс нийт 342,600,000 төгрөгийн зээлийг авсан. Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд илүү төлсөн 172,131,385 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжилж байна.

-2017 онд барилгын талбайд нэвтрүүлэхгүй болсноос хойш тус газрын 2017.06.21-ний өдрийн 08/01 тоот барилгын талбай дахь бараа материал, тоног төхөөрөмж хүлээн авсан актад үйлдсэн. Уг актад тусгагдсан хөрөнгүүдийг өгөөгүй. Иймд Zoomlion маркийн 15 тонны авто кран, hyundai маркийн ачааны автомашин, Dell маркийн personal 2 ширхэг компьютер, вакум цонхны тоног төхөөрөмж, салхивчны тоног төхөөрөмж, баримт бичгийн 2 ширхэг шкаф, нивелер, теодолит, мотортой салхивчны 2 ширхэг сэнс, цагт 30 м.куб бетон шахдаг помп, цагт 80 м.куб шахдаг том, шаврын төхөөрөмжийн конвейр, сандал 10 ширхэг, 6 ширхэг ширээ, захирлын сандлыг хариуцагчийн эзэмшлээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн 2 дугаар хавсралтад ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэлийн ажлыг 2013 онд эхэлж 2017 онд дуусахаар заасан. “.........” ХХК 2013.08.01-ний өдрөөс 2014.10.01-ний өдөр хүртэл хугацаанд нийт 4,353,678,125 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож, барилга угсралтын ажил гүйцэтгэгчээр ажилласан. Гэвч барилгын зураг, төсөв өөрчлөгдөж 4,460,075,189 төгрөг болсон. ..........ийн захирлын 2016 оны А/196 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, барилга угсралтын ажлын гүйцэтгэл буюу ажлын явц 90 хувь, санхүүжилт 11 удаагийн гүйцэтгэлээр 3,792,217,065 төгрөг буюу 85 хувьтай гэж дүгнэсэн. 2016.10.12-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн баримтаар “.........” ХХК 4,158,875,189 төгрөг авсан нь тогтоогдсон тул 95 хувийн санхүүжилт олгосон байна. Ажлыг бүрэн гүйцэтгээгүй хугацаа хэтэрснээс гэрээг цуцалсан, нэхэмжлэгчийн алдаатай гүйцэтгэсэн ажлыг засуулах, дутуу орхисон ажлыг дуусгахаар өөр компани ажиллуулж, батлагдсан төсөвт өртгөөс гадна нэмэлт зардал гаргасан. Нэхэмжлэгч лифтний үнийн саналыг 192,000,000 төгрөг гэж өгсөн. Хэрэгт лифт тээвэрлэх гэрээ авагдсан. Хятад улсаас худалдаж авсан гэсэн боловч төлбөрийн баримт байхгүй. Ажлын хөлсний үлдэгдэл 301,200,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. 341,948,593 төгрөг, 77,792,648 төгрөг, 22,816,314 төгрөг зэрэг бусад нэмэлт ажлын гүйцэтгэсэн баримтгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсийг хугацаанд нь төлөөгүйн торгууль 357,508,829 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. “.........” ХХК гэрээт ажлыг зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүй нь .......... болон Мэргэжлийн хяналтын байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдоно. Мөн 2016.10.12-ны өдрийн тооцоо нийлснээс хойш ажил хийгээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 172,131,385 төгрөг гаргуулах шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахгүй, холбоогүй тул хохирол гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн хавсралтад дурдсан эд хөрөнгийг тус компанийн хөрөнгөөр эсхүл төрийн зардлаар авсан эсэхийг тодорхойлсны дараагаар акт үйлдэн хүлээлгэн өгөхөд нээлттэй. “.........” ХХК нь өмчөө авъя гэж хандаагүй. Харин барилгын ажилд ашиглаж байсан материалын тухайд захиалагчийн өмч тул барилгадаа ашигласан, буцаан өгөх боломжгүй” гэсэн.

Хариуцагч 872,488,868 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Гэрээнд барилга угсралтын ажлыг 2014.10.01-ний өдөр дуусган хүлээлгэн өгөхөөр заасан боловч 2017.03.27-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тул тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2017.03.27-ны өдөр 08/1711 дугаар албан бичгээр гэрээг цуцалсан. Улмаар богино хугацаанд /3 сар/ бага төсөвт өртгөөр барилгын ажлыг үргэлжлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын ирүүлсэн зөрчлийг арилгах, зөвлөмжийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг дуусгах, ашиглалтад өгөх зорилгоор тус яам болон “..........” ХХК-ийн хооронд 2017.05.29-ний өдөр 12/1 дугаар ажил гүйцэтгэгч гэрээ байгуулж, мөн оны 10 дугаар сарын 11-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн. “..........” ХХК нь барилгын гүйцэтгэлийг гэрээт хугацаандаа бүрэн дуусгасан. “.........” ХХК хуулийн дагуу барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхөөс зайлсхийж төрийн байгууллагын үйл ажиллагааг алдагдуулсан. “.........” ХХК-д нийт 4,158,875,189 төгрөг буюу гэрээт өртгийн 95.5 хувийн санхүүжилтийг олгосон. Хийсэн ажлын хэмжээнд 3,695,496,872 төгрөг төлөх ёстойгоос илүү 463,378,317 төгрөгийг шилжүүлсэн тул уг мөнгийг алданги 231,186,160 төгрөгийн хамт, барилга угсралтын үлдсэн ажилд зарцуулсан зардал 146,259,382 төгрөг, барилгын ажлын явцад хэрэглэсэн цахилгааны төлбөрт зарцуулсан 31,665,009 төгрөгийг “.........” ХХК төлөөгүй, иймээс дээрх мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “.........” ТБАГУТҮГ “.........” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөөгүй тул илүү төлсөн төлбөр шаардах үндэслэлгүй. Цахилгааны зардлыг нэхэмжлэгч хариуцах талаар гэрээнд заагаагүй. Дутуу ажлын зардалд 146,259,382 төгрөг гарсан байсан ч манай компанид олгох төлбөрөөс хасаж тооцсон тул зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс дутуу олгогдсон ажлын хөлсөнд 301,200,000 төгрөг, лифтний зардал 192,000,000 төгрөг, нийт 493,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс нэмэлт ажлын хөлсөнд 341,948,593 төгрөг, лифт суурилуулах зардалд 93,824,000 төгрөгийг нэмж гаргуулахаар өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөрүүтэй тогтоож, улмаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж анхан шатны шүүхийн шийдвэрээр барилгын лифтний үнэд 192,000,000 төгрөг, давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэмэлт ажлын хөлст 341,948,593 төгрөг, лифт суурилуулах зардалд 93,824,000 төгрөгийг нэмж хариуцагчаас гаргуулсныг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

10.Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа, нэмэлт ажлын зардалд 341,948,593 төгрөг, лифт суурилуулах зардалд 93,824,000 төгрөгийг тус тус нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, гомдлын бусад үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

11.Зохигчийн хооронд Төрийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү харилцаанд тусгайлсан буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журам үйлчлэх ба тус хуулийн дагуу тендер шалгаруулалтын үндсэн дээр гэрээ байгуулагдсан болох нь тогтоогджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна гэж заасан байх бөгөөд гэрээний төрөл, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцсэн байна.

12.Хэргийн баримтаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч “.........” ХХК захиалагч .........ны захиалгаар тус яамны барилгын А блокийн 9 давхар барилгын ажлыг хийж гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн бөгөөд гэрээнд нийт ажлын хөлс 4,353,675,125 төгрөг гэж тохиролцсон боловч, ажлын гүйцэтгэлийн явцад захиалагчийн санаачилгаар зураг төсөлд өөрчлөлт оруулж 10 давхар болгож барилгыг барихаар тохиролцсон.

Барилгын ажлын зураг төсөл, гүйцэтгэх ажлын хэмжээ нэмэгдэж өөрчлөгдсөн, үүнтэй холбоотой ажил гүйцэтгэх гэрээнд заасан 4,353,675,125 төгрөгийн төсөв 4,460,075,189 төгрөг болсныг зохигч маргаагүй байна.

13.Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацаа хэтэрснээс захиалагч буюу хариуцагч ......... 2017.03.27-ны өдөр мэдэгдэл өгснөөр гэрээ цуцлагдсан гэж үзэхдээ шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

14.Анхан шатны шүүх нэмэлт ажлын хөлст 341,948,593 төгрөг гаргуулах шаардлагын талаар дүгнэхдээ “...2013 онд 4 удаагийн, 2014 онд 8 удаагийн, 2016 онд 2 удаагийн хоёр талын баталгаажуулсан гүйцэтгэлийн тайланд анхны төсөвт ажлаас гадна барилгын гүйцэтгэлийн явцад хийгдсэн нэмэлт ажлын хөлс хамт тооцогдсон, ..........наас санхүүжилт хийгдсэн эдгээр баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул нэмэлт ажлын зардалд 341,948,593 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж үзсэн байна.

Давж заалдах шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа “.............ийн 2016.09.08-ны өдрийн дүгнэлтийн талаар зохигч маргаагүй, уг дүгнэлтэд нэмэгдсэн ажлын төсөвт өртөг 341,948,593 төгрөг гэж тусгагдсан, талуудын хооронд цахимаар харьцаж байсан нэмэлт гэрээний төсөлд өмнөх төсөвт тусгагдаагүй ажлын төсөвт өртгийн талаар харилцан санал хүргүүлж байсан зэргээс үзэхэд нэмэлт ажлын хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Анхан шатны шүүх 11 удаагийн гүйцэтгэлийн тайланд тусгагдсан, угаас тайланд нэмэгдэл зардлаар тусгагддаг зардлуудыг түүвэрлэн уг нэмэлт ажлын зардал төлөгдсөн гэж үзсэн нь бодит байдлаас зөрүүтэй” гэж дүгнэжээ.

Дээрх байдлаар нэмэлт ажлын хөлсний талаар хоёр шатны шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан байна.

15.Төрийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах буюу тендер шалгаруулалтын журмаар байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцааг зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар гэрээнд үнийн талаар тохируулга хийхийг хориглох эсхүл хийж болох нөхцөлийг тусгайлан заасан, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 44-т гэрээнд үнийн тохируулга хэрэглэж болохгүй гэж, тендерийн өгөгдөлд санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад тохируулахгүй, тогтмол байлгана гэж тохиролцсон боловч хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6-д зааснаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ажил гүйцэтгэх төсөл, арга хэмжээний ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсөвт өртгийг хуулиар нэмэгдүүлэн баталсан бол захиалагч магадлалын дүгнэлтэд үндэслэн тухайн ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнэ, ажлын тоо хэмжээг нэмэгдүүлэн баталсан төсөвт өртөгт багтаан нэг удаа өөрчилж болно гэжээ.

16.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэлээ нэмэлт ажлын хөлсийг тусгасан нэмэлт гэрээг 2016 онд байгуулсан гэж тайлбарласан боловч уг гэрээг хүлээн зөвшөөрч хариуцагч .........наас баталгаажуулж, гарын үсэг зураагүйгээс тухайн гэрээнд заасан нөхцөлөөр гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Мөн талуудын хооронд цахимаар харилцсан захидалд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр уг нэмэлт гэрээний төслийг хоорондоо солилцож байсан үйл баримт тогтоогдсон ч энэ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

Учир нь зохигч барилгын өөрчлөгдсөн зураг төсөлд магадлал хийлгэж, улмаар өөрчлөгдсөн зураг төсөлтэй холбоотойгоор нэмэгдсэн төсөвт мөн магадлал хийлгэснээр гэрээг шинэчилж зохих журмаар байгуулах байжээ.

17.Гэвч зохигч анхны төсөвт тусгагдаагүй шинэ ажил гүйцэтгэх шаардлага бий болсон талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын талаар ..........ийн дүгнэлт гаргасан, уг дүгнэлтээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг нэмэгдсэн төсөв болох 4,460,075,189 төгрөгөөр тооцож 90 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн, үүнд 2015 онд 3,730,247,018 төгрөгийн, 2016 онд нэмж 389,547,595 төгрөгийн нийт 4,119,794,613 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэсэн, хариуцагч нь ажлын 85.5 хувийн санхүүжилтийг буюу 3,792,217,065 төгрөгийн санхүүжилт олгосныг дурджээ. Ажлын хөлс нэмж олгосноор хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 4,158,875,189 төгрөг төлсөн үйл баримтад зохигч маргаагүй.

18.Зохигч ажлын гүйцэтгэлийн төсвийг тухай бүр хянаж баталгаажуулсны үндсэн дээр ..........наас санхүүжилтийг олгож байсан. ..........ийн дүгнэлтэд нэмэлтээр хийгдсэн ажлын төсвийг 341,948,593 төгрөг гэсэн боловч энэ нь гүйцэтгэлээр олгогдоогүй, ажлын хөлсийг тусад нь тооцсон гэсэн утгагүйгээс гадна олгосон зардлаас өөр нэмэлт ажлыг гүйцэтгэснийг нэхэмжлэгч нотлоогүй, тодруулбал энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдоогүй байна. Дээрх дүгнэлтийн “Барилга угсралтын ажлын үнийн өсөлтийн индекс” өсгөн тооцсон хүснэгт 1-т барилгын талбайн хэмжээг 5247 м2, үүн дээр техникийн давхрыг Х1-Х6 тэнхлэг хооронд өргөтгөж өөрчилснөөс 198 м2 нэмэгдсэн буюу нийт талбай 5445 м2 болсныг дурдаж, 10 давхар барилгын явц, гүйцэтгэлийг дүгнэсэн буюу ажлын гүйцэтгэлийг нийтэд нь 4,119,794,613 төгрөгийн ажил хийгдсэнийг заасан агуулгатай байна. Иймд нэмэлт ажлын хөлс 341,948,593 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэнэ.

19.Санхүүжилтээс 301,200,000 төгрөгийг дутуу олгосон гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

2016.12.12-ны өдрөөр зохигч тухайн гүйцэтгэлийн ажлыг баталгаажуулж хүлээн авсан баримт үйлдэж, хариуцагч .........ны эрх бүхий албан тушаалтнууд гарын үсгээр баталгаажуулан ..........анд хүргүүлсэн ийнхүү хүргүүлсэн, ..........наас дээрх төсвийн хэмжээгээр санхүүжилт олгосноос хариуцагч нь 301,200,000 төгрөгийг олгоогүй болох нь тогтоогдсон, олгохгүй байх шалтгаан нотлогдоогүй. Иймд 301,200,000 төгрөгийг гаргуулсан нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 196 дугаар зүйлийн 196.3-т заасныг зөрчөөгүй байна.

20.Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээнд анх лифтний үнийг 128,000 ам.доллараар санал болгосныг тухайн үеийн ханшаар 192,000,000 төгрөгөөр төсөвлөгдсөн, гэвч ам.долларын ханшийн зөрүүгээс лифтийг 313,856,000 төгрөгөөр худалдан авсан, мөн нэхэмжлэгч нь барилгыг 10 давхар болгосноос лифтийг 10 давхарт зогсох зогсолттой болгож өөрчилсөн, трасс утсыг уртасгаж сольсон зэргээр 35,750,000 төгрөгийн зардал нэмэгдсэн гэж нийт 349,606,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Лифтийг 313,856,000 төгрөгөөр худалдан авсан болон нэмэлт зардлын баримтгүй, энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргасан гэрээ, үнийн саналд тусгагдсан лифтний марк төрөл, зогсолтын тоо зэрэг нь барилгад суурилагдсан лифтний үзүүлэлттэй тохироогүй буюу нэхэмжлэгч нь лифтний ажлын хөлс гэрээ байгуулах үеэс нэмэгдсэн гэх байдлаа нотлоогүй, харин гэрээ цуцлагдахаас өмнө 2016 оны 10 дугаар сард лифтийг суурилуулсан нь тогтоогдсон, хариуцагч барилгад суурилуулсан лифтний үнийг нэхэмжлэгчид төлөөгүй буюу олгогдсон санхүүжилтэд тусгагдаагүй эдгээр байдлыг анхан шатны шүүх харьцуулан дүгнэж анхны гэрээний үнэд зааснаар 192,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

21.Давж заалдах шатны шүүх лифт угсрах зардалд 93,824,000 төгрөгийг нэмж гаргуулахдаа гэрээнд заасан 9 давхар бус 10 давхар барилгад лифт угсрагдсан үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, хэдийгээр барилгын давхар өөрчлөгдсөнтэй холбоотой өртгийн зөрүүгийн талаар үндсэн гэрээнд хууль болон гэрээнд заасан журмын дагуу өөрчлөлт оруулаагүй боловч талуудын хооронд харилцаж байсан цахим захидалд хавсаргасан захиалагчаас ирүүлсэн гэрээний саналд 93,824,000 төгрөг гэж заасныг гүйцэтгэгч зөвшөөрсөн санал хүргүүлж байсан болох нь үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрээний төслүүдээр тогтоогдсон гэж үзжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд лифтний ажлын гүйцэтгэлийн үнэлгээг 192,000,000 төгрөгөөр тохирч, үүнд лифтийг худалдан авах болон суурилуулах ажлын үнэ багтсан, нэхэмжлэгч нь лифтний угсралтын ажлыг туслан гүйцэтгэгч “..........” ХХК-аар гүйцэтгүүлж, тус компанид зардлыг төлсөн тухай тайлбарыг гаргасан боловч тайлбараа баримтаар нотлоогүй, анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар тайлбарлахдаа “Хятад компани угсралтыг хийсэн, ажил гүйцэтгэсэн хүмүүс хил гараад явсан учраас хэцүү байна” гэж тайлбарласан, хэрэгт авагдсан лифтний паспортоор лифтний ажлыг хэн гүйцэтгэсэн болох нь тодорхой тусгагдаагүй, эдгээр зөрүүтэй баримт байхад давж заалдах шатны шүүх цахим захидлаар ирүүлсэн үнийн санал, хариуцагчийн зөвшөөрсөн санал гэсэн баримтыг үндэслэж 93,824,000 төгрөгийг гаргуулсан нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримтыг харьцуулан үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

22.Хариуцагчийн хууль бус эзэмшлээс зарим эд хөрөнгийг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг зөрчөөгүй бай

на. Барилгын ажлын талбайд үлдээсэн нэхэмжлэгчийн эд хөрөнгө хариуцагчийн хяналт, эзэмшилд байгааг үгүйсгээгүй бөгөөд буцаан өгөхийг зөвшөөрдөг хирнээ авах гэхээр өгддөггүй, сүүлдээ эдгээр нь манай санхүүжилтийн мөнгөөр худалдан авсан гэж тайлбарлах болсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаагаагүй байна.

23.Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх үндэслэлийг шийдвэртээ тодорхой заасан, хариуцагчаас санхүүжилтэд илүү мөнгө төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тодорхой хэмжээний ажлыг дутуу гүйцэтгэсэн боловч, тухайн дутуу ажлын зардлыг аваагүй тул бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146,259,382 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй, учир нь энэ хэмжээгээр хариуцагчид хохирол учирсан гэж үзэхгүй, иймээс энэ сөрөг шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т нийцэхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

24.Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00492 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “.........” ТБАГУТҮГ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                                                    

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД