Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2019/01808

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 21 өдөр          Дугаар 182/ШШ2019/01808          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Есөн шижир инвест ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э

 

Хариуцагч: Н.А нарт холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 28,601,425 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, хариуцагч Б.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн төлөөлөгч М.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Б.Э нь манай компанитай 2017 оны 11 сарын 07-ны өдөр 1660001024 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Чингэлтэй дүүргийн 2 хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 46 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 30,000,000 төгрөг зээлсэн.

Зээлдэгч нь талуудын тохирсон зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаандаа зээл, зээлийн хүүгээ төлөөгүй бөгөөд зээл, хүүгээ төлөхийг манайх шаардахад “удахгүй төлнө” гэсээр төлбөр төлөх графикт хугацааг 255 хоног хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн учраас гэрээний хугацаа дуусаагүй боловч гэрээгээ цуцалж, төлбөр гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч нь үндсэн зээл 30,000,000 төгрөг төлөхөөс 8,503,524 төгрөг төлж, үлдэгдэл 21,496,475 төгрөг төлөөгүй.  Үндсэн хүү 2017 оны 11 дүгээр сарын 07-ноос 2019 оны 05 дугаар сарын 24-ийг хүртэл 547 хоногийн үндсэн хүү 15,314,364 төгрөг төлөхөөс 8,512,886 төгрөг төлж үлдэгдэл 6,801,478 төгрөг төлөөгүй.

            2017 оны 12 дугаар сарын 07-ноос 2019 оны 05 дугаар сарын 24-ийг хүртэл зээлээ төлөөгүй графикт хугацааг хэтрүүлсэн 257 хоногийн үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү 381,560 төгрөг төлөхөөс 78,089 төгрөг төлж үлдэгдэл 303,471 төгрөг төлөөгүй.

            Иймд зээлдэгч нараас нэхэмжлэх үндсэн зээл 21,496,475 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 6,801,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 303,471 төгрөг нийт 28,601,425 төгрөгийг гаргуулж             авахаар нэхэмжилж байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 46 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжид 371,158 төгрөгийг нэхэмжлэгч манай компани урьдчилан төлсөн тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 тоот тогтоолоор банк эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж тайлбарласан байгаа тул хариуцагч Б.Э нараас 2019 оны 05 сарын 24-ний өдөр дуустал үндсэн зээлийн үлдэгдэл 21,496,475 төгрөг, үндсэн хүү 6,801,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 303,471 төгрөг нийт 28,601,425 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилсэн байсан.

Одоо 2019 оны 09 сарын 16-ны өдрийг хүртэл хариуцагч Б.Э нараас дараах байдлаар нэмэгдүүлж авахаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг ихэсгэж байна.

Б.Э нараас 2019 оны 09 сарын 16-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21,496,475 төгрөг, үндсэн хүү 10,066,587 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735,150 төгрөг болсон тул нэхэмжлэлийн үнийн дүнг 3,696,788 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 32,298,213 төгрөг нэхэмжилж байна.

Нэмэгдүүлсэн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 74,099 төгрөг нэмж төлж нийт 445,257 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Э би “Есөн Шижир Инвест” ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авч, уг зээлийг О.Уламбаяр, Д.Батсүлд нарт өгсөн.

Миний хувьд 30,000,000 төгрөгийн зээл авах ямар ч хэрэгцээ, шаардлага байхгүй байсан ба О.Уламбаяр Д.Батсүлд нар нь надтай уулзаад өөрсдөө “Есөн Шижир Инвест” ХХК-ийг санал болгож, уг компаниас зээл аваад өгөөч гээд гуйгаад байсан тул итгээд зээл авч өгсөн юм.

Мөн надад уг зээлийн сар бүрийн эргэн төлөлтийг хийж байх, зээлийг бүрэн чөлөөлж өгөх, зээлээс үүсэх хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж амлалт өгөөд үүнийгээ нотариатаар батлуулсан тул би итгээд О.Уламбаяр, Д.Батсүлд хоёрт зээл авч өгсөн. Зээл авахад барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй гэсэн учраас би ээжийнхээ байр болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 46 тоот, 28 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан.

Зээл авахаас өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр О.Уламбаяр, Д.Батсүлд нар нь “зээлийг цаг хугацаанд төлж барагдуулна, орон сууцыг чинь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө” гэж нотариатаар гатлуулсан учраас би итгэсэн. Энэ нь баримтаар нотлогдоно.

Би 30,000,000 төгрөгийн зээлийг аваад О.Уламбаяр, Д.Батсүлд нарын хэлсний дагуу зээл авсан өдрөө буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр О.Уламбаяр, Л.Батсүлд нарын ХААН банкны дансанд 15.000.000 төгрөгийг, үлдэгдэл 15.000.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн бөгөөд би 30.000.000 төгрөгийн зээлээс нэг ч төгрөгийг нь авч хэрэглээгүй учраас уг зээлийг төлөх боломжгүй гэж үзэж байна.

Дээрх зээлийг О.Уламбаяр, Д.Батсүлд нар нь төлж барагдуулах ёстой.” гэжээ.

 

            Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний хувьд анхны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд би үүнийг дангаараа төлөх боломжтой. Харин нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага байхгүй гэж үзэж байна.

Хариуцагч Энхсансар нь нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл гэрээг цуцалсан хугацаанаас хойш ямар нэгэн үр дагавар тооцох эрхгүй болдог. Түүнчлэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын хувьд үндсэн хариуцагч нь Энхсансар, хамтран зээлдэгч нь Алтанчимэг байгаа. Уг зээлийг Энхсансар авсан бөгөөд өөрөө уг зээлийг төлнө гэж байгаа учраас хамтран зээлдэгчид нэхэмжлэлийн шаардлагыг хариуцуулж, төлүүлэх шаардлага байхгүй. Тийм учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэрэггүй” гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Есөн шижир инвест ББСБ” ХХК нь хариуцагч Б.Э, Н.А нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,496,475 төгрөг, зээлийн хүү 6,801,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 303,471 төгрөг, нийт 28,601,425 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 3,696,788 төгрөгөөр ихэсгэж, нийт 32,298,213 төгрөгийг хариуцагч Б.Э, Н.А нараас шаарджээ.

 

Нэхэмжлэгч “Есөн шижир инвест ББСБ” ХХК, хариуцагч Б.Э нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд “Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 30,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл /24 сарын/ хугацаатайгаар зээлдүүлсэн, Б.Э нь зээлийг тохирсон хугацаанд төлж барагдуулах үүрэг тус тус хүлээж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Н.А, Б.Э нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202005600 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 406 тоот хаягт байршилтай, 28 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 1660001024 тоот зээлийн гэрээ, гэрээний хавсралт, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1660001024 тоот барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2202005600 дугаартай гэрчилгээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 11, 12, 13, 15 дугаар тал/ 

 

Хариуцагч Б.Э нь гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 07ы өдөр хүлээн авч, үндсэн зээлд 8,503,524 төгрөг, зээлийн хүү 8,512,886 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,089 төгрөг нийт 17,094,499 төгрөгийн төлөлт хийсэн болох нь зохигчдын тайлбар, хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 4-5 тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Зээлдэгч нь талуудын тохирсон зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаандаа зээл, зээлийн хүүгээ төлөөгүй бөгөөд төлбөр төлөх графикт хугацааг 255 хоног хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн учраас гэрээний хугацаа дуусаагүй боловч гэрээгээ цуцалж, төлбөр гаргуулахаар нэхэмжилж байна.

            зээлдэгч нараас нэхэмжлэх үндсэн зээл 21,496,475 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 6,801,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 303,471 төгрөг нийт 28,601,425 төгрөгийг гаргуулж             авахаар нэхэмжилж байна.

барьцаа хөрөнгө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

Улсын Дээд шүүх тайлбарлахдаа “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж тайлбарласан байгаа тул 3,696,788 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 32,298,213 төгрөг нэхэмжилж байна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ “...Миний хувьд анхны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд би үүнийг дангаараа төлөх боломжтой. Харин нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага байхгүй гэж үзэж байна.

гэрээг цуцалсан хугацаанаас хойш ямар нэгэн үр дагавар тооцох эрхгүй болдог. Уг зээлийг Б.Э авсан бөгөөд өөрөө уг зээлийг төлнө гэж байгаа учраас хамтран зээлдэгчид нэхэмжлэлийн шаардлагыг хариуцуулж, төлүүлэх шаардлага байхгүй...” гэж маргажээ.

 

Шүүх хариуцагч Н.Ат 2019 оны 10 дугаар сарын 21ий өдөр 11.30 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг өөрт нь мэдэгдсэн боловч хариуцагч тал нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагч Б.Э нарын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Н.Аийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.  

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /хх-ийн 11, 12 дугаар тал/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Зээлийн гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул зээлдэгч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр Н.А хамтран зээлдэгчээр оролцоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-ийн 11 дүгээр тал/

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд “Есөн шижир инвест ББСБ” ХХК буюу зээлдүүлэгчийг төлөөлж Б.Наранхүү, зээлдэгчийг төлөөлж Б.Э нар гарын үсэг зурсан байх бөгөөд зээлийн гэрээний харилцаанд Н.А оролцоогүй байх тул зээлийн гэрээний хувьд Н.Ат холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Харин 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1660001024 дугаар “Барьцааны гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд барьцаалагч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийг төлөөлж Б.Наранхүү, барьцаалуулагчийг төлөөлж Б.Э, Н.А нар гарын үсэг зурж, барьцааны гэрээний харилцаанд оролцсон байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 1.3-т зээлдэгч Б.Э нь гэрээний хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ. /хх-ийн 11 дүгээр тал/

 

Хариуцагч Б.Э нь зээл авснаа үгүйсгээгүй бөгөөд “Есөн шижир инвест ББСБ ХХК-д 28,601,425 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин нэмэгдүүлсэн шаардлагыг төлөхгүй, гэрээг цуцалсан хугацаанаас хойших ямар нэгэн үр дагавар тооцох эрхгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж байна гэх тайлбарыг гаргасан.

 

Хариуцагч Б.Э нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний зөрчлийг бий болгосон гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Есөн шижир инвест ББСБ” ХХК нь гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 07ы өдөр дуусах боловч, хариуцагч Б.Э гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөөгүй тул нэхэмжлэгч “Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрээг цуцлан, гэрээний зүйлийг буцаан шаардаж, шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

 

Гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс шаардах эрх дуусгавар болох бөгөөд гэрээ цуцалснаас хойших буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэгч тал гэрээний үүрэгт хүү 3,265,109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,679, нийт 3,696,788 төгрөг төлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлснийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцалж, гэрээний үр дагаврыг тооцож, нэхэмжилсэн тул нэгэнт цуцлагдсан гэрээний үүргийг хариуцагчаас шаардах боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 05 дугаар сарын 24ий байдлаар үндсэн зээл 21,496,475 төгрөг, зээлийн хүү 6,801,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 303,471 төгрөг буюу 28,601,425 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж, харин 2019 оны 05 дугаар сарын 24ий өдрөөс хойш хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 3,696,788 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн хувьд зээлийн гэрээг цуцалсан өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 24ий өдрөөс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсэхгүй, харин зээлийн гэрээ цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн болно.

 

Иймд хариуцагч Б.Эаас үндсэн зээлийн үлдэгдэл 21,496,475 төгрөг, зээлийн хүү 6,801,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 303,471 төгрөг, нийт 28,601,425 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,696,788 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Н.Ат холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр тул хариуцагч Б.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох барьцааны зүйл болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005600 дугаарт бүртгэлтэй Б.Э, Н.А нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 46 тоот 28 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэгч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Эаас 28,601,425 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,696,788 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Э нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005600 дугаарт бүртгэгдсэн Б.Э, Н.А нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 46 тоотын 28 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445,257 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 371,158 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              И.АМАРТӨГС