Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1696

 

МАГАДЛАЛ

 2019.09.16                                                Дугаар 1696

 

“Р” ХК ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01285 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Р” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т Б” ХХК, Л.Э нарт холбогдох

Гэрээний үүргийн төлбөрт 23 220 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

          2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З,

Хариуцагч “Т Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р” ХК нь “Т Б” ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу манай компаниас 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд бетон зуурмаг хүлээн авсан. Бид бүтээгдэхүүнийг цаг тухайд нь тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн бөгөөд худалдан авагч “Т Б” ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний 15 480 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. “Т Б” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул цагдаад гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол гарсан. Энэ үеэс “Т Б” ХХК-тай байгуулсан гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлээд байгаа юм. Иймд 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 15 480 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алдангид 7 740 000 төгрөг нийт 23 220 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т Б” ХХК нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Б.Н хийгээгүй. Өөрөөр хэлбэл, “Т Б” ХХК нь “Р” ХК-иас ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүн худалдаж аваагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл Б.Н-оос ямар нэгэн гэрээний үүрэг шаардаагүй байдаг. Нэхэмжлэлийг 2016 онд гардаж авсан. Энэ үйл явдал нь 2012 онд болсон байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд Л.Э төлөөлж гарын үсэг зурсан. Үүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч “Т Б” ХХК-ийн захирал Б.Н мэдсэн. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээн дээрх “Т Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, регистрийн дугаар “Т Б” ХХК-ийнх биш юм. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу бараа нийлүүлснээр мөнгө авах эрх нь үүсч байгаа. Гэтэл “Т Б” ХХК гэж хүлээж авсан баримтан дээрх гарын үсэг нь дандаа М.Б-ийн гарын үсэг байна. “Т Б” ХХК-ийг төлөөлж нэг ч ажилтан үүнийг хүлээж аваагүй. Бетон зуурмагийг Ж ЗХХК хүлээж авсан байхад “Т Б” ХХК-иас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь хууль тогтоомж зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хэлцлийг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулсан бөгөөд тэр нь улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар Б.Н юм. 2014 онд байгуулагдсан 1 гишүүнтэй компани бөгөөд Л.Э “Т Б” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд юм гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Р” ХКнь “Т Б” ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдаж байгаагүй бөгөөд манай компанийн тамгыг дараад Л.Э гэх хүн гарын үсэг зурсан байна. Мөн уг гэрээнд дарагдсан тамга нь бүдэг бөгөөд шүүхэд гэрээнд дарагдсан тамгыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шинжлүүлье гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй, мөн гэрээнд дурдагдсан компанийн регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар нь “Т Б” ХХК-ийн дугаарууд биш байсан. Энэ гэрээнд дурдагдсан регистрийн дугаар улсын бүртгэлийн дугаарыг мөн ямар байгууллагын бүртгэлтэй болохыг Оюуны өмч улсын бүртгэлийн газраас лавлах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүгч хэрэгт ач холбогдол бүхий хүсэлтийг хангахгүй нь хариуцагчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн, бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр шийдвэр гарах үндэслэл болохоор байгаа тул тамга тэмдэг нь бүдэг, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар нь зөрүүтэй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан байна. Иймд “Р” ХКнь “Т Б” ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “Т Б” ХХК нь Н Т ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Бага тэнгэрийн аманд байрлах барилгыг “Т Б” ХХК-иар бариулж, 555 750 000 төгрөгийн хөлсийг олгосон байна. Н Т ХХК болон “Т Б” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж “Т Б” ХХК-ийн захирал Л.Э гарын үсэг зурж, тамга дарж, уг гэрээний ажлын хөлс 450 349 902 төгрөгийг “Т Б” ХХК-ийн Хаан банк дах дансанд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Н Т ХХК-иас “Т Б” ХХК, түүнийг төлөөлж захирал Л.Э-тэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний төлбөрийг бүрэн төлж, гүйцэтгэсэн ажлыг мөн хүлээн авсан болох нь хэргийн материалд авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банкны дансны хуулга, барьцаа олгож гэрээ хаасан протокол, шүүхэд ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 123/17 тоот албан тоот зэргээр тогтоогддог. Гэтэл Б.Ннь “Т Б” ХХК-ийн үүсгэн байгуулсан цагаас хойш тус компанийн захирал байсан “Р” ХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулаагүй ба Л.Э нь “Т Б” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэсэн тайлбарыг гаргаж, сөрөг нэхэмжлэл гаргасан атлаа Н Т ХХК болон “Т Б” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, өөрийн компанийн Хаан банкны дансаар Н Т ХХК-иас шилжүүлсэн 45 349 902 төгрөгийн ажлын хөлсийг захиран зарцуулсан нь ойлгомжгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болоод шүүхэд гаргасан тайлбар нь үндэслэлгүй болохыг нотолж байна. Өөрөөр хэлбэл, Н Т ХХК-иас санхүүжилт авахдаа “Т Б” ХХК-ийн захирал Л.Э байсан болохыг зөвшөөрч, 450 349 902 төгрөгийн ажлын хөлс авсан атлаа уг ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай барилгын бүтээгдэхүүнийг “Р” ХК-иас авсан 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Л.Э байгуулах эрхгүй этгээд гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд “Т Б” ХХК-ийн зүгээс “Р” ХК-тай байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “Т Б” ХХК-иас 22 987 800 төгрөг гаргуулах тухай Р ХКнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 232 200 төгрөгийг хариуцагч Л.Э-ээс гаргуулан нэхэмжлэгч “Р” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Т Б” ХХК нь 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасны дагуу “Р” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 050 төгрөг, хариуцагч “Т Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э-ээс 7 616 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Р” ХК-д олгох нь зүйтэй байна гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч “Т Б” ХХК-ийн төлөөлөгчийн зүгээс Н Т ХХК-тай гэрээ байгуулах эрхийг “Т Б” ХХК-ийн захирал Б.Н нь хариуцагч Л.Э-д олгож байсан, харин “Р” ХК-тай байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах эрхийг Л.Э-д олгоогүй хэмээн тайлбарладаг ба шүүх энэ тайлбарыг хүлээн авч, “Т Б” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь “Т Б” ХХК болон Н Т ХХК-иудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд “Т Б” ХХК-ийг төлөөлөх эрхийг Л.Э-д олгосон ба ийнхүү олгохдоо баримтаар итгэмжлэл олгоогүй бөгөөд компанийг төлөөлөх эрхийг амаар олгосон байдаг. Гэтэл анхан шатны шүүх “Т Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбарыг хүлээн авч маргааныг шийдвэрлэсэн атлаа “Р” ХКболон “Т Б” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний харилцаанд “Т Б” ХХК-ийн захирал нь Л.Э-д гэрээ байгуулах эрх олгосон нь баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн байна. “Т Б” ХХК нь Н Т ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр Бага тэнгэрийн аманд 3 ширхэг орон сууцны барилгын ажлыг 585 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон ба тус гэрээнд “Т Б” ХХК-ийг төлөөлж Л.Э гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. “Т Б” ХХК-ийн зүгээс дээрх байдлаар мөнгө олох гэрээ байгуулсан Л.Э-ийн үйлдлийг эрх олгосон хэмээн тайлбарласан атлаа төлбөр төлөх үүрэг бүхий гэрээ /Р ХК-тай байгуулсан/-нд Л.Э-д гэрээ байгуулах эрхийг олгоогүй, хожим дэмжин зөвшөөрөл олгоогүй гэх тайлбар нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх дээрх байдлаар нотлох баримтыг бүрэн үнэлэлгүйгээр “Т Б” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээрээ “Т Б” ХХК-ийг 15 480 000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжих нөхцлийг бүрдүүлсэн. “Р” ХКнь “Т Б” ХХК-тай байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, тус компанид нийт 66 377 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчаас 66 377 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нь “Н Т” ХХК-ийн захиалгаар барьсан орон сууцанд орсон болохыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд маргадаггүй. Мөн хариуцагч Л.Э нь “Т Б” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх тохиолдолд “Р” ХК-тай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах бөгөөд уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тохиолдолд бетон зуурмагийг авч, орлого олсон “Т Б” ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжих юм. Гэвч анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байгаа талаар дурдсан боловч шүүгчээс тодорхой хувь хэмжээ байх шаардлагатай хэмээн шаардсан нь Иргэний хуулийн 242.11 дэх хэсгийг зөрчсөн юм. Нөгөөтэйгүүр дээрх төлбөрийг хариуцагч Л.Э хариуцах үндэслэлтэй хэмээн дүгнэсэн атлаа 1 хувь буюу 232 200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээрээ хариуцагч Л.Э-г 22 987 800 төгрөгийн төлбөрийн үүргээс чөлөөлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1277 дугаар магадлалын хянавал хэсэгт “Нэгэнт зохигчид төлөөллийн талаар маргаж байгаа тохиолдолд Л.Э-ээс гэрчийн мэдүүлэг авах нь тухайн этгээд ямар ашиг сонирхолтойгоор дээрх хэлцэлд орсон болох, “Т Б” ХХК төлөөлөх эрхтэй гэх ойлголтыг өгсөн эсэхийг тодруулж, маргааны үйл баримтыг тогтоосноор эрх зүйн харилцааны агуулгыг тодорхойлох, мөн хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэх боломжтой болно” гэж заасны дагуу Л.Эг хамтран хариуцагчаар татсан бөгөөд хариуцагчаас “Т Б” ХХК-ийг төлөөлөн “Р” ХК-тай гэрээ байгуулсан, уг гэрээг “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал мэдэж байсан талаар тайлбар өгсөн бөгөөд “Т Б” ХХК-иас уг тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй.

“Р” ХК нь “Т Б” ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулж 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хугацаанд бетон зуурмаг нийлүүлсэн. Гэтэл “Т Б” ХХК нь “С М” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, Ж З ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байхад анхан шатны шүүх “Р” ХК-иас 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хугацаанд нийлүүлсэн бетон зуурмагийг туслан гүйцэтгэгч “С М” ХХК хариуцахаар гэрээгээр тохиролцсон хэмээн дүгнэж буй нь үндэслэлгүй бөгөөд дээрх үйл баримтад буруу дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, “Т Б” ХХК болон “С М” ХХК, Ж ЗХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээ нь “Р” ХК-тай байгуулсан гэрээний дараа байгуулагдсан гэрээ бөгөөд шүүх хуралдааны явцад дээрх гэрээнүүд 2013 онд хийгдсэн өөр барилга барих ажлын гэрээ болох нь тус гэрээнүүд болон хариуцагч Л.Э-ийн тайлбараар нотлогддог. Шүүх нотлох баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Р” ХКнь хариуцагч “Т Б” ХХК болон Л.Э нарт холбогдуулан гэрээний үүргийн төлбөрт 23 220 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу шилжүүлсэн бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 15 480 000 төгрөг, гэрээнд заасан алданги 7 740 000 төгрөг, бүгд 23 220 000 төгрөгийг гаргуулах...” гэж тайлбарласан.

Хариуцагч “Т Б” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...нэхэмжлэгчээс бүтээгдэхүүн худалдаж аваагүй, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд Л.Э гарын үсэг зурсныг шүүхэд нэхэмжлэл гаргах үед мэдсэн, төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм...” гэсэн бол хариуцагч Л.Э нь “...”Т Б” ХХК-ийн захирал Б.Нзөвшөөрснөөр гэрээнд гарын үсэг зурсан, нэхэмжлэгчээс уг компани нь бүтээгдэхүүн хүлээн авч байсан тул би хариуцах үндэслэлгүй...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч болон “Т Б” ХХК нарын хооронд байгуулагдсан Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 66 377 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлж, 50 897 000 төгрөгийг хүлээн авсан, бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл 15 840 000 төгрөгийг шаардсан тооцооны талаар болон гэрээнд хариуцагч Л.Э гарын үсэг зурсан талаар талууд маргаагүй.

Түүнчлэн “Т Б” ХХК болон Н Т ХХК нарын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч компани нь   585 000 000 төгрөгийн санхүүжилт бүхий барилгын ажил гүйцэтгэхээр тохиролцсон байна. Дээрх гэрээнд хариуцагч компанийн захирал Л.Э гарын үсэг зурсан, тус гэрээний дагуу хийх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бетон зуурмагийг нэхэмжлэгчээс хүлээн     авсан нь тогтоогдсон, ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 450 349 902 төгрөгийг хариуцагч компани дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогджээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ.

Гэвч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээнд заасан бүтээгдэхүүнийг хариуцагчид шилжүүлсэн, гэрээг хүчин төгөлдөр бус гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч компани нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Түүнчлэн хэргийн 58 дахь талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх баримтын агуулгаас үзвэл хариуцагч Л.Э нь Н Т ХХК-ийн барьсан барилгыг “Т Б” ХХК-ийн нэр дээр хийж гүйцэтгэсэн, төлбөр тооцоог өөрөө хариуцахаа илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч “Т Б” ХХК-д хаяглан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байх тул хариуцагч нар хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт “...үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.” гэж зааснаар хариуцагч нараас бүтээгдэхүүний үнийн үлдэгдэлд 15 480 000 төгрөг, гэрээний 4.4-т заасан алданги 7 740 000 төгрөг, бүгд 23 220 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01285 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Б” ХХК, Л.Э нараас 23 220 000 төгрөгийг гаргуулан “Р” ХК-д олгосугай.” гэж өөрчлөх,

 шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...хариуцагч Л.Эгээс 7 616 төгрөг...” гэснийг “хариуцагч нараас 274 050 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгийн хураамж 274 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                     ШҮҮГЧИД                                                    Э.ЗОЛЗАЯА

                                                                                                          М.НАРАНЦЭЦЭГ