Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01293

 

 

Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/01808 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 218 дугаар магадлалтай,

 

Е ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Э, Н.А нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 28,601,425 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Гантулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, түүний өмгөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-ийг төлөөлөн М.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Энхсансар нь манай компанитай 2017.11.07-ны өдөр 1660001024 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 46 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 30,000,000 төгрөг зээлсэн. Зээлдэгч нь талуудын тохирсон зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаандаа зээл, зээлийн хүүгээ төлөөгүй бөгөөд зээл, хүүгээ төлөхийг манайх шаардахад удахгүй төлнө гэсээр төлбөр төлөх графикт хугацааг 255 хоног хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн учраас гэрээний хугацаа дуусаагүй боловч гэрээгээ цуцалж, төлбөр гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч нь үндсэн зээл 30,000,000 төгрөг төлөхөөс 8,503,524 төгрөг төлж, үлдэгдэл 21,496,475 төгрөг төлөөгүй. Үндсэн хүү 2017.11.07-ноос 2019.5.24-нийг хүртэл 547 хоногийн үндсэн хүү 15,314,364 төгрөг төлөхөөс 8,512,886 төгрөг төлж үлдэгдэл 6,801,478 төгрөг төлөөгүй. 2017.12.07-ноос 2019.5.24-нийг хүртэл зээлээ төлөөгүй графикт хугацааг хэтрүүлсэн 257 хоногийн үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү 381,560 төгрөг төлөхөөс 78,089 төгрөг төлж үлдэгдэл 303,471 төгрөг төлөөгүй. Иймд зээлдэгч нараас нэхэмжлэх үндсэн зээл 21,496,475 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 6,801,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 303,471 төгрөг нийт 28,601,425 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 46 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 371,158 төгрөгийг нэхэмжлэгч манай компани урьдчилан төлсөн тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 тоот тогтоолоор банк эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж тайлбарласан байгаа тул хариуцагч Б.Энхсансар нараас 2019.5.24-ний өдөр дуустал үндсэн зээлийн үлдэгдэл 21,496,475 төгрөг, үндсэн хүү 6,801,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 303,471 төгрөг нийт 28,601,425 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилсэн байсан. Одоо 2019.9.16-ны өдрийг хүртэл хариуцагч Б.Энхсансар нараас дараах байдлаар нэмэгдүүлж авахаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг ихэсгэж байна. Б.Энхсансар нараас 2019.9.16-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21,496,475 төгрөг, үндсэн хүү 10,066,587 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735,150 төгрөг болсон тул нэхэмжлэлийн үнийн дүнг 3,696,788 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 32,298,213 төгрөг нэхэмжилж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 74,099 төгрөг нэмж төлж нийт 445,257 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Энхсансар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Энхсансар би Есөн Шижир Инвест ХХК-иас 2017.11.07-ны өдөр 30,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авч, уг зээлийг О.Уламбаяр, Д.Батсүлд нарт өгсөн. Миний хувьд 30,000,000 төгрөгийн зээл авах ямар ч хэрэгцээ, шаардлага байхгүй байсан ба О.Уламбаяр Д.Батсүлд нар нь надтай уулзаад өөрсдөө Есөн Шижир Инвест ХХК-ийг санал болгож, уг компаниас зээл аваад өгөөч гээд гуйгаад байсан тул итгээд зээл авч өгсөн юм. Мөн надад уг зээлийн сар бүрийн эргэн төлөлтийг хийж байх, зээлийг бүрэн чөлөөлж өгөх, зээлээс үүсэх хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж амлалт өгөөд үүнийгээ нотариатаар батлуулсан тул би итгээд О.Уламбаяр, Д.Батсүлд хоёрт зээл авч өгсөн. Зээл авахад барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй гэсэн учраас би ээжийнхээ байр болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 46 тоот, 28 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээл авахаас өмнө буюу 2017.11.07-ны өдөр О.Уламбаяр, Д.Батсүлд нар нь зээлийг цаг хугацаанд төлж барагдуулна, орон сууцыг чинь 2018.12.07-ны өдөр зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө гэж нотариатаар батлуулсан учраас би итгэсэн. Энэ нь баримтаар нотлогдоно. Би 30,000,000 төгрөгийн зээлийг аваад О.Уламбаяр, Д.Батсүлд нарын хэлсний дагуу зээл авсан өдрөө буюу 2017.11.07-ны өдөр О.Уламбаяр, Л.Батсүлд нарын Хаан банкны дансанд 15,000,000 төгрөгийг, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг бэлнээр нь өгсөн бөгөөд би 30,000,000 төгрөгийн зээлээс нэг ч төгрөгийг нь авч хэрэглээгүй учраас уг зээлийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Дээрх зээлийг О.Уламбаяр, Д.Батсүлд нар нь төлж барагдуулах ёстой. 

 

Миний хувьд анхны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд би үүнийг дангаараа төлөх боломжтой. Харин нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага байхгүй гэж үзэж байна. ...Яагаад гэвэл гэрээг цуцалсан хугацаанаас хойш ямар нэгэн үр дагавар тооцох эрхгүй болдог. Түүнчлэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын хувьд үндсэн хариуцагч нь Энхсансар, хамтран зээлдэгч нь Алтанчимэг байгаа. Уг зээлийг Энхсансар авсан бөгөөд өөрөө уг зээлийг төлнө гэж байгаа учраас хамтран зээлдэгчид нэхэмжлэлийн шаардлагыг хариуцуулж, төлүүлэх шаардлага байхгүй. Тийм учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэрэггүй гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/01808 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Энхсансараас 28,601,425 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,696,788 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Энхсансар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005600 дугаарт бүртгэгдсэн Б.Энхсансар, Н.Алтанчимэг нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 46 тоотын 28 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445,257 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхсансараас 371,158 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 218 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/01808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,099 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Гантулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.27-ны өдрийн 218 дугаартай магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс шаардах эрх дуусгавар болох бөгөөд гэрээ цуцалснаас хойшхи буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэгч тал гэрээний үүрэгт хүү 3,265,109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,679 төгрөг нийт 3,696,788 төгрөг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлснийг хангах үндэслэлгүй гэсэн нь хууль бус байна. Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 тоот тогтоолоор Банк эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж тайлбарласан байгаа тул хариуцагч нараас 2019.9.16-ны өдрийн байдлаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 32,298,213 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж авахаар нэхэмжилсэн. Учир нь нэхэмжлэгч талын хүсэл зориг бол хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээг цуцлах шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцогдох хохирол болох хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж, анхан шатны шүүхээр шийдвэр гарснаар эцсийн байдлаар гэрээ цуцлагдаж, хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох юм. Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэп гаргасан нь шууд тэр өдрөө гэрээг цуцалж, хүүгээ зогсоож байгаа мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь өрөөсгөл бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож, хариуцагч тапд давуу байдал бий болгосон гэж үзэж гомдолтой байна. Нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь 2019.5.24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар санаатайгаар, хугацаа авах зорилгоор шүүхэд ирэх үүргээ биелүүлээгүй, албадан ирүүпж нэхэмжлэл гардаж авсан, шүүгчийн ээлжийн амралт таарсан зэргээр нэхэмжлэгч талаас үл шалтгаалах байдлаар 2019.05.24-нд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хурал болох хүртэл 5 сарын хугацаа өнгөрсөн нь цаг хугацаагаар хэмжигдэн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд ихээхэн хохиролтой нөхцөл байдал үүссэн. ИХШХШТХуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хуульд нийцэж байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хүсэл зориг зэргийг шүүх үнэлж хэргийг хянан шийдвэрлээгүй, нэг талыг барьж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг үндэслэлгүйгээр хангахгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.27-ны өдрийн 218 дугаартай магадлал бопон анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаагүй хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь Б.Энхсансар, Н.Алтанчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,298,213 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 28,601,425 төгрөг төлөхийг зөвшөөрч, ...гэрээ цуцалснаас хойшхи хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд 3,696,788 төгрөгийг төлөх үндэслэлгүй, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагагүй... гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 28,601,425 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлээс үлдэх 3,696,788 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...Улсын Дээд шүүх ...зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ...төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж тайлбарласан. ...Анхан шатны шүүх ...шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шууд тэр өдрөө гэрээг цуцалж, хүүгээ зогсоож байгаа мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь өрөөсгөл... 2019.05.24-нд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг шийдвэрлэгдэхгүй 5 сарын хугацаа өнгөрсөн нь ...байгууллагад хохиролтой нөхцөл байдал үүсгэсэн... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж шүүх үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

Б.Энхсансар нь Есөн шижир инвест ББСБ ХХК-тай 2017.11.07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн байх ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, Н.Алтанчимэг, Б.Энхсансар нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 46 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан, төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ.

Зээлдэгч Б.Энхсансар нь уг зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, хүүд 25,200,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх ба гэрээний хугацаанд үндсэн зээлд 8,503,524 төгрөг, үндсэн хүүд 8,512,886 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 78,089 төгрөг, нийт 17,094,500 төгрөгийг төлсөн, эдгээр үйл баримттай зохигч маргаагүй болно.   

Харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019.11.07ы өдөр дуусах байсан боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул зээлдүүлэгч гэрээний 5.1.1-д заасны дагуу хугацаанаас өмнө гэрээг цуцалж, 2019.5.24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн ...Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцалж, гэрээний үр дагаврыг тооцож нэхэмжилсэн тул нэгэнт цуцлагдсан гэрээний үүргийг хариуцагчаас шаардах боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 2019.05.24-ний өдрийн байдлаар нэхэмжилсэн үндсэн зээл 21,496,475 төгрөг, зээлийн хүү 6,801,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 303,471 төгрөг, нийт 28,601,425 төгрөгийг хариуцагч Б.Энхсансараас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 3,696,788 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан, хоёр шатны шүүх барьцааны зүйл болох Н.Алтанчимэг, Б.Энхсансар нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 46 тоот хаягт байрлах орон сууцыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/01808 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 218 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,099 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН