Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2018/01191

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2018/01191

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Э /РД:............/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Г.К ХХК /РД:.............../-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагчийн төлөөлөгч Т.Ун, М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Э би Х.Г.К ХХК-ийн Захиргаа, Хүний нөөцийн хэлтсийн ерөнхий менежерээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан билээ. Миний бие 2016 оны 9 сарын 12-ны өдрөөс жирэмсний амралтаа авч, үргэлжлүүлээд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2018 оны 2 сарын 15-нд ерөнхий захирал М.Ч-д 2018 оны 3 сараас ажилдаа эргэн орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн цахим шуудан явуулсан. Гэтэл Байгууллагын хөгжил, хуулийн хэрэгжилтийг хангах газрын захирал М.Баярманла нь 2018 оны 3 сарын 11-ний өдөр миний үүрэгт ажлыг 2018 оны 3 сарын 12-ны өдрөөр дуусгавар болгож байгаа талаар цахим шуудангаар мэдэгдэл явуулж, 2018 оны 3 сарын 19-ний өдөр миний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Ерөнхий Захирлын GD/10 тоот тушаалыг цахим шуудангаар илгээжээ. Байгууллагын хөгжил, хуулийн хэрэгжилтийг хангах газрын захирал М.Б нь 2018 оны 2 сарын 22, 2018 оны 3 сарын 14-ний өдөр надтай тус тус биечлэн уулзахдаа компани бүтцийн өөрчлөлт хийж байгаа, санхүүгийн хувьд муу байгаа, тус компанийн үүсгэн байгуулагчийн эсрэг үүссэн хэргээс үүдэн компанийн эд хөрөнгийг хохиролд албадан гаргуулахаар байгаа тул түр ажилдаа эргэн орохгүй байх, өөрийн саналаар ажлаасаа гарах хүсэлтээ өгвөл сайн байна зэрэг саналыг надад тавьсан билээ. Миний хувьд эрхэлсэн ажлаа сайн дураараа өгөх ямар нэг шалтгаан байхгүй бөгөөд хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож 2018 оны 3 сарын 12-ны өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан нь ийнхүү ажлаас халах үндэслэл болсон төдийгүй намайг ажлаас халах тухай тушаалд дурдсан зөрчлийг би гаргаагүй болно. Учир нь би 2016 оны 9 сараас хойш буюу жирэмсний чөлөө авснаас хойш компанийн үйл ажиллагаатай холбоотой ажил эрхлээгүй, удирдлагаас даалгасан зөвхөн орчуулгын ажлыг гэрээсээ гүйцэтгэсээр ирсэн ба миний мэдэлд Компанийн нууцад хамаарах асуудал байгаагүй, тэр талын мэдээ, мэдээлэл надад байдаггүй болно. Би тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ цаг хугацаанд нь хариуцлагатай гүйцэтгэж байсан бөгөөд Х.Г.К ХХК болон түүний охин компани болох Гоби коул энд энержи ХХК-д ажилласан нийт 12 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн, ажлын хариуцлага, сахилга алдсан нэг ч тохиолдол гаргаагүй, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг үргэлж цаг хугацаанд нь бүрэн гүйцэд биелүүлж, байгууллагынхаа шилдэг ажилтнаар удаа дараа шалгарч шагнуулж байсан болно. Ажиллах хугацаандаа би элдэв ажлын зөрчил гаргаж байгаагүй, удирдлагын зүгээс надад сануулга, шийтгэл, хариуцлага хүлээлгэж байсан нэг ч тохиолдол байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ийнхүү миний бие гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлаа хариуцлагатай гүйцэтгэж байсны хувьд үндэслэлгүй ажлаас халах шийтгэл ногдуулсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд олон жилийн миний хичээл зүтгэлийг үгүйсгэсэн, нэр төрийг минь сэвтүүлсэн, үндэслэлгүй гүтгэсэн, нотолгоогүй халсан зэргээр миний хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж буй тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргахдаа Х.Г.К ХХК-ийн өмнөх удирдлагатай холбоотойгоор тус компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласныг зохих журмын дагуу хохирол, төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх тухай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 787 дугаар магадлал 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсантай холбогдуулан тус компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул.... гэсэн атлаа үндэслэл хэсэгт нь ямар ч үнэн бодит байдалд нийцээгүй, эрх зүйн үндэслэлгүй, хоорондоо авцалдаагүй хуулийн заалтыг дурдсан байна. Хариуцагч надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн үндэслэлийг харгалзах биш харин ч ажилтанд Хөдөлмөрийн хууль, гэрээгээр олгосон хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан ажилдаа орох хүсэлт, шаардлага тавих эрх-ээ эдэлсний төлөө хууль бус үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ажилтны эрхийг хэт бүдүүлгээр зөрчсөн увайгүй үйлдэл хэмээн үзэж байна. Тодруулбал, сайн дураараа ажлаас чөлөөлөгд гэж надад хүчээр тулгасан саналыг нь эс зөвшөөрмөгц зөрчил гаргасан гэх зохиомол үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж буй нь хүний эрхийг үл хүндэтгэсэн төдийгүй төрийн хууль тогтоомжийг эрээ цээргүй, ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд Ажил олгогчийн 2018 оны 3 сарын 12-ны өдрийн GD/10 тоот тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож улмаар түүнийг хүчингүй болгох, өмнө нь эрхэлж байсан Х.Г.К ХХК-ийн Захиргаа, Хүний нөөцийн хэлтсийн ерөнхий менежерийн ажилд намайг эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, энэхүү хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх зэргээр хууль ёсыг хүндлэн дээдлэхийг шаардахын зэрэгцээ миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, нэр төрийг сэргээж, шударга ёсыг тогтоож өгөхийг төрийн шүүхээс эрхэмлэн хүсэж байна. гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э нь 2006 оны 2 сарын 20-ны өдрөөс Гоби коул энд энержи ХХК-ийн Захиргааны ажилтан, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэгч, Гэрээ үнэлгээний менежер, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ерөнхий менежер, Х.Г.К ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ерөнхий менежер зэрэг албан тушаал хашиж байсан бөгөөд Гоби коул энд энержи лимитед компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалыг хашиж байсан Мо Муншигийн орчуулагч, түүний албаны болон хувийн ажлыг зохион байгуулдаг байсан. Хариуцагч Х.Г.К ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Гоби коул энд энержи ХХК, Граунд Просперти ХХК, Мөнхтун Болор ХХК нарын 100 хувь эзэмшдэг компани. Х.Г.К ХХК нь Британийн Виржин аралд бүртгэлтэй Гоби коул энд энержи лимитед компанийн 100 хувийн эзэмшлийн охин компани юм. Зараяа холдингс ХХК нь Гоби коул энд энержи лимитед компанийн охин компани бөгөөд Х.Г.К ХХК-ийн зэргэлдээ, нэг удирдлага, менежментэд байдаг компани юм. Монгол Улсад бүртгэлтэй дээрх таван компанийн хувьд Х.Г.К ХХК нь бусад дөрвөн компанийг захиргаа удирдлага, хөрөнгө санхүүжилт, бизнесийн бүхий үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Нийслэлийн Прокурорын газраас Гоби коул энд энержи лимитед компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн Мухаммед Ибрахим Муншид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2017 оны 7 сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд М.И.Мунши нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан гэмт хэрэгт буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож түүнд 11 жилийн хугацаагаар хорин ял оногдуулж, шүүгдэгчээс 31,601,969,000 төгрөгийг гаргуулж хохирогч бөгөөд Гоби коул энд энержи лимитед компанийн хувьцаа эзэмшигч байсан Б.Чулуунбаатарт олгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн шийдвэрийн тогтоох хэсэгт ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2016 оны 2 сарын 26-ны өдрийн тогтоолуудад заасан шүүгдэгч Мохамед Ибрахим Муншигийн Их Британы Виржин арлуудад бүртгэлтэй Гоби коул энд энержи лимитед компани болон Монгол Улсад бүртгэлтэй Х.Г.К ХХК-ийн гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Зээгтийн нүүрсний ордын өргөтгөл Асгатын хэсгийн Гоби коул энд энержи ХХК-ийн тусгай зөвшөөрөл, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хотгорын нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн Мохамед Ибрахим Мунши болон түүний хамтран амьдрагч Д.Уранбилэг нарын нэр дээр бүртгэлтэй Зараяа холдингс ХХК, Бумбат консолидетед ХХК, Бумбат Инженеринг энд Констракшн ХХК, Бумбат Энержи ХХК,Бумбат Ресорсес ХХК, Гоби Коул Энд Энержи ХХК, Граунд Просперити ХХК, Сүрименежмент ХХК, Мөнхтун Болор ХХК-иудад бүртгэлтэй эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласныг зохих журмын дагуу хохирол, төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Энэхүү эрүүгийн хэргийн хохирогч гэх Б.Чулуунбаатар нь Моннис Интернэшнл компаниар дамжуулан Гоби Коул энд Энержи ХХК-д өндөр үнийн дүн бүхий уул уурхайн машин механизмыг 2012 онд нийлүүлж байсан. Дээрх шүүхийн шийдвэр гарсны дараа Б.Чулуунбаатарын зүгээс Эрүүгийн хэргийн хохирогч болохын хувьд тэдгээр машин, механизмыг өөрийн хохирол-ын төлбөрийн зарим хэсэгт тооцон авах саналыг нэг бус удаа Гоби коул энд энержи лимитед компанид хандан тавьж байсан бөгөөд тэдгээр хүнд машин механизмыг захиран зарцуулах Гоби Коул энд Энержи ХХК-ийн эрхэд шууд болон шууд бусаар нөлөөлөх оролдлогыг 2017 оноос хойш эдгээр хувьцаа эзэмшигчид хийсээр ирсэн. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх үндсэн эрх эдэлнэ гэж заасны дагуу компанийн одоогийн гүйцэтгэх удирдлагын зүгээс Б.Чулуунбаатар, М.Мунши, Д.Уранбилэг нарын аль нэгний өмнө үүрэг, хариуцлага хүлээхгүй байх зарчмыг баримтлан Монгол дахь компанийн үйл ажиллагааг зогсоохгүй ажиллуулах зорилгоор боломжит бүхий л арга хэмжээг Гоби коул энд энержи лимитед компанийн ТУЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу авч хэрэгжүүлсээр ирсэн. Дээр дурдсан эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор, түүнчлэн телевизийн нэвтрүүлгээр 2017 оны 11 сард тус компанийн үйл ажиллагааны талаар, тус компанид өмнө нь ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнуудын талаар олон нийтэд сөрөг сурталчилгаа тарах болсон тул Гоби коул энд энержи лимитед компанийн Монгол Улсад дахь үйл ажиллагаатай холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдлын талаар ТУЗ-д үнэн зөв мэдээлэх, компанийн Монгол Улс дахь бизнесийн нэр хүндийг сэргээх, толгой компанийн зүгээс татаас байдлаар олгож буй сарын төсвөөс хэтрүүлэхгүйгээр Монгол Улс дахь аж ахуйн нэгжүүдэд менежментийн бүтцийн өөрчлөлт хийх, компанийн бизнесийн нэр хүндийг сэвтүүлсэн өмнөх эрх бүхий албан тушаалтнуудын нөхцөл байдлыг судлан тодорхой арга хэмжээ авах, Компанийн гүйцэтгэх удирдлагын зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэргийн оролцогч этгээдүүдэд компанийн мэдээллийг дамжуулж байгаа эсхүл ийм эрсдэл гаргаж болзошгүй, түүнчлэн хууль хяналтын байгууллагуудаас тайлбар авч, саатуулж болзошгүй албан тушаалтнуудыг ажлаас нэн даруй чөлөөлөх замаар компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд үүсээд буй хов живийн чанартай үндэслэлгүй, албан бус мэдээллийн урсгалыг таслан зогсоох, компанийн Монгол дахь аж ахуйн нэгжүүдийг татан буулгалгүйгээр компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бүхий л арга замыг хэрэгжүүлэхэд Х.Г.К ХХК-ийн Ерөнхий захиралд туслалцаа дэмжлэг үзүүлэх, Гоби коул энд энержи лимитед компанийн Монгол Улс дахь уул уурхай, дагалдах дэд бүтцийн төсөлд бодитой хөрөнгө оруулалт хийсэн шударга хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалан тэдний дэмжлэгийг авах, улмаар тэдний бизнесийн нэр хүндийг ашиглан компанийн нэр хүндийг сэргээх, тэдгээр хувьцаа эзэмшигчдээс нэмэлт санхүүжилтийг татан авах ажлыг зохион байгуулах замаар Монгол Улс дахь уул уурхай, дагалдах дэд бүтцийн төслийн ажлыг эрчимжүүлж 2018 онд багтаан бодит ажил хэрэг болгох зорилтын хүрээнд Гоби коул энд энержи лимитед компанийн ТУЗ-ийн зүгээс тусгай төлөөлөгчийг Монгол Улсад 2018 оны 1 дүгээр сараас томилон ажиллуулсан. Хоёрдугаарт: Н.Э нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна гэж тайлбарлаж байгаа боловч Н.Э нь энэ хугацаанд хүүхэд асрах чөлөө авах хүсэлт гаргаагүй, ажлаа хийж цалингаа авч байсан, ажилласан хугацааны ээлжийн амралтыг эдэлж байсан юм. Үүнд: Хүүхэд асрах чөлөө авах тухай хүсэлт гаргаагүй талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно гэж зохицуулалт байдаг боловч Н.Э нь хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргаж байгаагүй бөгөөд тийм хүсэлтийг шийдвэрлэсэн Ерөнхий захирлын шийдвэр гарч байгаагүй. Мөн Хөдөлмөрийн гэрээний 7.3-т ажил олгогчийн бодлого, хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилтан өвчний болон бусад хувийн хүндэтгэн үзэх шалтгаанаар цалинтай цалингүй чөлөө авч болно гэж заасан нь тухайн чөлөөг хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэрлэхээр зохицуулагдсан. Хөдөлмөрийн гэрээний 7.3 дахь заалттай уялдан Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.1-т Компаний захиргаа нь ажилтны хүсэлтээр цалинтай, эсхүл цалингүй чөлөө олгоно гэж; 6.4.2.2-т жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөг жирэмсэн болон амаржсан эхэд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмаар амралт олгож эдлүүлнэ" гэж; 6.4.5-д ажилтан нь чөлөө авахдаа харьяалах нэгжийн удирдлагад урьдчилан амаар болон бичгээр мэдэгдэж, журмын 7 дугаар хавсралт дахь Чөлөө хүсэх маягт- аар чөлөөг хүснэ. Нэгжийн удирдлага тухайн ажилтанд чөлөө олгох эсэх, чөлөөг цалинтай, эсвэл цалингүй, ямар хугацаанд олгохыг санал болгосны үндсэн дээр шийдвэрлэнэ гэж; 6.4.7-д чөлөө олгох зөвшөөрөл авсан ажилтан харьяалах нэгжийн удирдлага, хүний нөөцийн ажилтан болон ажил үүргийн хувьд харилцаатай бусад ажилтан, алтан тушаалтан чөлөөтэй байх хугацаа, түүний эзгүй үед ажил үүргийг нь орлон гүйцэтгэх этгээд болон шаардлагатай бусад мэдээллийг цахим шуудангаар илгээнэ" гэж тус тус заасан байна. Дээрхээс үзвэл Н.Э хүүхэд асрах чөлөөтэй байсан гэх нь үндэслэлгүй бөгөөд энэ компанийн удирдлагаас хүүхэд асрах чөлөөг хүсэж байгаагүй, ажлаа хийж байсныг харуулж байна. Н.Эгийн 2016-2017 онд тус компанид хөдөлмөр эрхэлж байсан байдлын талаар: Н.Э нь 2016 онд 12 сар бүтэн ажилласан гэж нийт 35,550,044.08 төгрөгийн цалин авсан бөгөөд 2016 оны 1 сард 20 хоногийн ээлжийн амралтын олговорт 4,134,448.94 төгрөгийг авсан. 2017 онд 12 сар бүтэн ажилласан гэж нийт 25,746,781.84 төгрөгийн цалин авч, 20 хоногийн ээлжийн амралтын олговорт 2,348,381.58 төгрөгийг авсан. Н.Э нь хүүхэд асрах чөлөө авах хүсэлтийг гаргаж байгаагүй боловч 2016 оны 10 дугаар сард жирэмсний тэтгэмжид 10 сард 3,944,340 төгрөг, 11 сард 3,803,774 төгрөгийг тус тус авсан байдаг. Иймд Н.Э нь амаржсанаас хойш дээрх байдлаар компаниас жирэмсний тэтгэмж, цалин хөлс, ээлжийн амралтын олговор зэргийг авч байсан боловч энэ хугацаанд ямар ажлыг хэний төлөө хийж, хэнд яаж ажлаа тайлагнаж байсан нь тодорхойгүй боловч тогтмол хөлс бодуулж авч байсан тул түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байсан гэх үндэслэлгүй юм. Гуравугаарт: Ажилтан Н.Э нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.1, 10.2.1-д заасан компанийн хувьд шийдвэрлэх ач холбогдолтой мэдээ мэдээллийг зүй бусаар авч ашиглахыг оролдсон, ажил олгогчийн өмч болох компанийн цахим шуудан дахь мэдээ мэдээллийг тодорхой бус сэдлээр устгасан, ажил олгогчийн өмч өөрийн хэрэглэж байсан нөтбүүкийг хүлээлгэн өгөхгүй байгаа зэрэг нь Хөдөлмөрийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.1.1-д тухайлан заасан Хөдөлмөрийн гэрээг нэн даруй цуцлах үндэслэл болсон. Компанийн хувьд шийдвэрлэх ач холбогдолтой мэдээ мэдээллийг зүй бусаар авч ашиглахыг оролдсон талаар: 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр тус компанийн ажилтан руу утсаар ярьж манай компанийн хувьд ач холбогдол бүхий ажил олгогчийн өмчид хамаарах мэдээ мэдээллийг гаргуулан авахыг шаардсан, ашиг сонирхлын зөрчил бүхий ноцтой үйл баримтын талаарх мэдээлэл компанийн эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан компанийн гүйцэтгэх удирдлагад ирсэн. Компанийн удирдлага хуралдаж, тэрхүү үйлдэл нь компанийн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцогдож байгаа тул Н.Эгийн хийсэн үйлдлийг уг хурлаар хэлэлцэж буруутай этгээдийг Гоби коул энд энержи лимитэд компанийн ТУЗ-д мэдээлж, хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн. Цахим шуудан дахь мэдээ, мэдээллийг устгасан талаар: Байгууллагын ажилтан бүр тусгай цахим шуудан хэрэглэдэг бөгөөд түүнийг албаны шугамаар ашиглах ёстой байдаг. Компани нь Австрали улсын Меллбурн АйТи компаниас имэйл серверийн үйлчилгээ авдаг бөгөөд тухайн сервер рүү нэвтрэх эрх нь компанийн зөвхөн АйТи инженер, Н.Э болон толгой компанийн санхүүгийн менежер нарт байсан. Энэхүү серверт байрласан цахим шуудангийн мэдээллийг устгах, өөрчлөх болон компанийн мэдээллийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр ашиг сонирхлын зөрчил бүхий байгууллага, хувь хүн, албан тушаалтанд дамжуулахыг хориглохоор Дотоод сүлжээ цахим техник ашиглах журам-ын 2.2.7, 3.2.5-д заасан байдаг. Гэвч Н.Э нь 2018 оны 1 сарын 25-ны өдрөөс өмнөх буюу 12 гаран жил ашигласан цахим шууданд байрлах мэдээллийн баазыг устгасан нь компанийн Хөдөлмөрийн гэрээний 10.1, 10.2.1, 11.1, 13.1, Дотоод сүлжээ цахим техник ашиглах журмын 2.2.7, 3.2.5 болон бусад холбогдох дүрэм журмыг зөрчсөн ноцтой үйлдэл юм. Дотоод сүлжээ цахим техник ашиглах журам-д заасны дагуу албаны компьютерийг ажлын байран дээрээс гаргахыг хориглодог бөгөөд уг эд хөрөнгийг ажлын байрнаас гаргахаар бол ерөнхий захирлын зөвшөөрлийн дагуу гаргах ёстой байдаг. Гэвч ажил олгогчийн зүгээс нөтбүүкээ эргүүлэн өгөхийг шаардсаар байтал уг хөрөнгийг эргүүлэн өгөхөөс татгалзаж, хувьдаа хэрэглэж байгаа үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 10.1, 10.2.1, 11.1, 13.1, Дотоод сүлжээ цахим техник ашиглах журмын 2.2.7, 3.2.5 болон бусад холбогдох дүрэм журмыг зөрчсөн ноцтой үйлдэл юм. Дээрх гурван төрлийн зөрчил нь ажил олгогчоос ажилтантай 2016 оны 6 сарын 2-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-т Энэхүү гэрээг зөрчин Нууц мэдээллийг хулгайлах, зүй бусаар ашиглах задруулахгүй байх талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч,зохих журмыг баримтлах гэснийг, хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-т Ажилтан энэхүү Гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Ажил олгогчийн Монгол Улсад болон бусад оронд явуулж байгаа уул уурхайн үйл ажиллагаа болон бусад ажил хэрэгтэй холбоотой мэдээ, мэдээлэл (үүний дотор бизнестэй холбоотой аливаа мэдээлэл, томъёо тооцоо, газрын зураг, төлөвлөгөө санаачилга, эрдсийн сорьц, загвар хөтөлбөр, арга зүй, технологи, санхүүгийн тайлан, ажилтны цалин хөлс, түүнтэй холбоотой тоо мэдээ, мэдээлэл нь аман, бичиг цахим хувилбарыг аль ч хэлбэртэй байсан Нууц мэдээлэл (цаашид Нууц мэдээлэл гэх) болохыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Ажил олгогчоос урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр Ажил олгогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөр аливаа хувь хүн буюу байгууллагад задруулахыг хориглоно гэснийг, 11 дүгээр зүйлийн 11.1-т Ажилтан энэхүү Гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн, хүлээн авсан, цуглуулсан, хадгалж байгаа, бичиж бүртгэсэн бүх мэдээ, мэдээлэл, үүний дотор бүх Нууц мэдээлэл, эд хөрөнгийг зөвхөн Ажил олгогч өөрийн ашиг тусын тулд онцгой эрхтэйгээр ашиглах эрхтэйг, тэдгээр нь Ажил олгогчийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрөв гэснийг, 13 дугаар зүйлийн 13.1.1-т Гэрээний нууц мэдээлэл (10 дугаар зүйл) болон Ажил олгогчийн баримт бичиг, материал, эд хөрөнгө-тэй (11 дүгээр зүйл) холбоотой заалтыг зөрчсөн гэж тус тус заасныг зөрчсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг тус тус баримтлан ажилтныг ажлаас чөлөөлсөн. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Х.Г.К ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2018 оны 3 сарын 12-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болж буй өдрийг хүртэлх нийт 52 хоногоор тооцон 10,906,596 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээг тодруулж байна.

Хариуцагч Х.Г.К ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Э нь Х.Г.К ХХК-тай Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерийн ажлын байранд 2016 оны 6 сарын 2-ны өдөр Е/5/16 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-6-8 тал/-г байгуулан ажиллаж байгаад Х.Г.К ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 3 сарын 12-ны өдрийн GD/10 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-31 тал/-аар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг 2018 оны 4 сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөтэй байсан гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч ажил олгогчийн зүгээс албан ёсоор чөлөө олгосон баримтгүй байхын зэрэгцээ чөлөөтэй байсан гэх хугацаанд ажил үүрэг гүйцэтгэж, цалин хөлс авч байсан болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар дахь цалин хөлс олгосон бичилт, тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Х.Г.К ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 3 сарын 12-ны өдрийн GD/10 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Х.Г.К ХХК-ийн өмнөх удирдлагатай холбоотойгоор тус компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласныг зохих журмын дагуу дагуу хохирол, төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх тухай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 787 дугаар магадлал 2017 оны 11 сарын 14-ний өдөр гарсантай холбогдуулан тус компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1.1 дахь заалтыг тус тус үндэслэн Н.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 3 сарын 12-ны өдрөөр цуцалж байгаа талаар дурдсан байна.

Хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд Х.Г.К ХХК-ийн өмнөх удирдлагатай холбоотойгоор тус компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласныг зохих журмын дагуу дагуу хохирол, төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх тухай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 787 дугаар магадлал 2017 оны 11 сарын 14-ний өдөр гарсантай холбогдуулан тус компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар дурдсан нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл биш, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн гаргасан гэх ноцтой зөрчлийг компанийн хувьд шийдвэрлэх ач холбогдол бүхий мэдээ, мэдээллийг зүй бусаар авч ашиглахыг оролдсон буюу 2018 оны 2 сарын 8-ны өдөр компанийн ажилтан руу утсаар ярьж нууц мэдээ, мэдээллийг буюу техникийн гэрчилгээний хувийг шаардсан, ажил олгогчийн өмч болох компанийн цахим шуудан дахь мэдээ, мэдээллийг буюу өөрийн ашиглаж байсан цахим шуудангийн мэдээллийг тодорхой бус шалтгаанаар устгасан, ажил олгогчийн өмч болох нөтбүүкийг хүлээлгэн өгөөгүй гэх үйлдлээр тайлбарласан бөгөөд дээр үйлдлүүд нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болсон гэж тайлбарласан ба мөн нэхэмжлэгч нь Х.Г.К ХХК-аас 2016 оны 10 сарын 3-ны өдөр Гранд партнерс ХХН-өөс гэрээний үйлчилгээ үзүүлсний төлбөр гэж 20,000 ам.долларыг бэлнээр авсан, Гоби коул энд энержи ХХК-аас 50,000 ам.долларыг цалингийн урьчдилгаа болон санхүүгийн дэмжлэг болгон авсан боловч буцаан төлөөгүй,Зараяа холдингс ХХК-аас 2016 оны 5 сарын 5-ны өдөр 4,000 ам.долларыг ямар нэгэн төлбөрийн хүсэлт, гэрээгүй авсан санхүүгийн зөрчлүүдийг гаргасан гэж тайлбарласан.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд Х.Г.К ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 3 сарын 12-ны өдрийн GD/10 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Х.Г.К ХХК-ийн өмнөх удирдлагатай холбоотойгоор тус компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласныг зохих журмын дагуу дагуу хохирол, төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх тухай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 787 дугаар магадлал 2017 оны 11 сарын 14-ний өдөр гарсантай холбогдуулан тус компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар дурдсан нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл болоогүй гэж тайлбарлаж байх боловч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд дээрх үндэслэлийг дурдсан байгаа тул хариуцагч дээрх нөхцөл байдлыг хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгосон гэж үзэх ба энэхүү үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамаарахгүй байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.1 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.1 дахь заалтыг тус тус баримталсан байх ба хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1 дахь заалт нь Энэхүү гэрээг зөрчин нууц мэдээллийг хулгайлах, зүй бусаар ашиглах, задруулахгүй байх талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, зохих журмыг баримтлах-ыг ажилтанд үүрэг болгосон, хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1 дахь заалт нь Ажилтан энэхүү гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн, хүлээн авсан, цуглуулсан, хадгалж байгаа, бичиж бүртгэсэн бүх мэдээ, мэдээлэл, үүний дотор бүх нууц мэдээлэл, эд хөрөнгийг зөвхөн ажил олгогч өөрийн тусын тулд онцгой эрхтэйгээр ашиглах эрхтэйг, тэдгээр нь ажил олгогчийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрөв гэсэн агуулгатай, хөдөлмөрийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.1.1 дахь заалт нь Гэрээний Нууц мэдээлэл (10 дугаар зүйл) болон Ажил олгогчийн баримт бичиг, материал, эд хөрөнгөтэй (11 дүгээр зүйл) холбоотой заалтыг зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах агуулгатай заалтууд байна.

Хариуцагч нь дээрх заалтуудын хүрээнд нэхэмжлэгчийг компанийн хувьд шийдвэрлэх ач холбогдол бүхий мэдээ, мэдээллийг зүй бусаар авч ашиглахыг оролдсон буюу 2018 оны 2 сарын 8-ны өдөр компанийн ажилтан руу утсаар ярьж нууц мэдээ, мэдээллийг буюу техникийн гэрчилгээний хувийг шаардсан, ажил олгогчийн өмч болох компанийн цахим шуудан дахь мэдээ, мэдээллийг буюу өөрийн ашиглаж байсан цахим шуудангийн мэдээллийг тодорхой бус шалтгаанаар устгасан, ажил олгогчийн өмч болох нөтбүүкийг ажлын байрнаас зөвшөөрөлгүй авч гарсан ба буцаан хүлээлгэн өгөөгүй үйлдлүүдийг гаргасан гэж тайлбарлаж байх боловч дараах үндэслэлээр няцаагдаж байна.

Үүнд:

-     2018 оны 2 сарын 8-ны өдөр компанийн ажилтан руу утсаар ярьж авахыг оролдсон гэх мэдээлэл нь хариуцагч Х.Г.К ХХК-ийн бус хариуцагч байгууллагын хамаарал бүхий компанийн эд хөрөнгөтэй холбоотой мэдээлэл буюу техникийн гэрчилгээтэй холбоотой мэдээлэл байсан болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон, өөр компанийн эд хөрөнгөтэй холбоотой мэдээлэл нь хариуцагч компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасан нууц мэдээлэлд хамаарахгүй, нэхэмжлэгч дурдсан зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

-     Ажил олгогчийн өмч болох компанийн цахим шуудан дахь мэдээ, мэдээллийг буюу өөрийн ашиглаж байсан цахим шуудангийн мэдээллийг тодорхой бус шалтгаанаар устгасан гэх үйлдлийн хувьд баримтаар нотлогдохгүй байх ба нэхэмжлэгчийг дээрх үйлдлийг гаргасан болохыг нотлох үүднээс хариуцагчийн зүгээс шүүхэд баримтаар гаргаж өгсөн Н.Эгийн и-мэйл серверт байрлах цахим шуудангийн хэмжээ нь 26.29 мв хэмжээтэй байна гэх агуулга бүхий бичиг нь хариуцагч байгууллагын бус өөр байгууллага буюу Гоби коул энержи ХХК-ийн Байгууллагын хөгжил, хуулийн хэрэгжилтийг хангах газрын ажилтан Г.Батцогтын бэлтгэсэн мэдээлэл байх ба энэхүү баримт нь цахим шуудангийн мэдээллийг нэхэмжлэгч устгасныг нотлохгүй байна.

-     Ажил олгогчийн өмч болох нөтбүүкийг ажлын байрнаас зөвшөөрөлгүй авч гарсан бөгөөд буцаан хүлээлгэн өгөөгүй гэх үйлдлийн хувьд шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч тодорхой хугацаанд гэрээсээ ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд уг ажил үүргийг гүйцэтгэхэд компанийн нөтбүүкийг ашиглаж байсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийг ажил олгогчийн өмч болох нөтбүүкийг ажлын байрнаас зөвшөөрөлгүй авч гарсан гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан гэх хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил  нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, мөн ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамаарахгүй байх тул Х.Г.К ХХК нь Н.Эг ажлаас буруу халсан гэж үзэж, Н.Эг Х.Г.К ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу Н.Эгийн нийгмийн даатгалын дэвтэр /хх-26,27 тал/-т бичигдэн баталгаажсан сүүлийн гурван сарын цалин хөлс буюу 2017 оны 10 сарын цалин хөлс 792,051 төгрөг, 2017 оны 11 сарын цалин хөлс болох 1,056,068 төгрөг, 2017 оны 12 сарын цалин хөлс болох 5,780,603 төгрөг, нийт 7,628,722 төгрөгөөс тооцож үзэхэд нэг сарын дундаж цалин хөлс нь 2,542,907 төгрөг болж байна.

Үүнийг ажлын 21.5 өдөрт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс нь 118,274 төгрөг болж байна.

Хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцалсан 2018 оны 3 сарын 12-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2018 оны 5 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт ажлын 52 хоногт тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь /118274*52=6150248/ 6,150,248 төгрөг болж байх тул хариуцагч Х.Г.К ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,150,248 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Эд олгож, нэхэмжлэгчийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсэг буюу 4,756,348 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Н.Эгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 2018 оны 1, 2 дугаар сард 240,000 төгрөгийн цалин хөлс олгогдсон мэт бичилт хийгдсэн байгаа боловч энэ хугацаанд цалин хөлс олгоогүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлсөнтэй холбоотой бичилт болох нь зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээг тооцохдоо 2017 оны 10, 11, 12 сарын цалингаас тооцсон болохыг дурдах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Н.Эгийн болон хариуцагч Х.Г.К ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Х.Г.К ХХК-д даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах гэсэн байдлаар тодорхойлсон нь бие даасан шаардлага болохгүй, ажил олгогчийн тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл байгаа эсэхийг тогтоох хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх тусдаа бие даасан шаардлага гэж үзээгүй, уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болохыг, хариуцагч нь нэхэмжлэгчийг тодорхой санхүүгийн зөрчлүүдийг гаргасан гэх боловч нэхэмжлэгчийн гаргасан гэх санхүүгийн зөрчлүүдтэй холбоотойгоор хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцлаагүй, санхүүгийн зөрчилтэй холбоотой асуудлаар хариуцагч хууль хяналтын байгууллагад хандсан гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болоогүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болохыг, мөн хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд цахим шуудан устгасан нөхцөл байдлыг тодруулах үүднээс шүүх шаардлагатай бол гадаад улсад байрлаж буй цахим шуудангийн серверт шинжээч томилж тогтоож болно гэсэн тайлбар гаргасан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар татгалзлаа нотлох нь хариуцагчийн хүлээх үүрэг бөгөөд уг тайлбарын дагуу шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь заалтыг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Эг Х.Г.К ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Х.Г.К ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,150,248 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Эд олгож, нэхэмжлэгчийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсэг буюу 4,756,348 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Н.Эгийн болон хариуцагч Х.Г.К ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Х.Г.К ХХК-д даалгасугай.

4.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Х.Г.К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 113,353 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР