Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01827

 

 Н гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01191 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1626 дугаар магадлалтай    

   Н гийн нэхэмжлэлтэй,

           “Г  ” ХХК-д холбогдох

        Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Одгал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уугансайхан, М.Баярманла, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие “Г  ” ХХК-ийн Захиргаа, Хүний нөөцийн хэлтсийн ерөнхий менежерээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад 2016 оны 09 сарын 12-ны өдрөөс жирэмсний амралтаа авч, үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөөтэй байсан. 2018 оны 02 сарын 15-ны өдөр Ерөнхий захирал М.Чойдоржид 2018 оны 3 сараас ажилдаа эргэн орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн цахим шуудан явуулсан. Гэтэл Байгууллагын хөгжил, хуулийн хэрэгжилтийг хангах газрын захирал М.Баярманла нь 2018 оны 03 сарын 11-ний өдөр миний үүрэгт ажлыг 2018 оны 03 сарын 12-ны өдрөөр дуусгавар болгож байгаа талаар цахим шуудангаар мэдэгдэл явуулж, 2018 оны 03 сарын 19-ний өдөр миний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Ерөнхий Захирлын GD/10 тоот тушаалыг цахим шуудангаар илгээсэн. Миний хувьд эрхэлсэн ажлаа сайн дураараа өгөх ямар нэг шалтгаан байхгүй бөгөөд хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож 2018 оны 03 сарын 12-ны өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан нь ийнхүү ажлаас халах үндэслэл болсон төдийгүй намайг ажлаас халах тухай тушаалд дурдсан зөрчлийг гаргаагүй. Учир нь би 2016 оны 9 сараас хойш буюу жирэмсний чөлөө авснаас хойш компанийн үйл ажиллагаатай холбоотой ажил эрхлээгүй, удирдлагаас даалгасан зөвхөн орчуулгын ажлыг гэрээсээ хийж гүйцэтгэсэн. Хариуцагч надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн үндэслэлийг харгалзах биш харин ч ажилтанд Хөдөлмөрийн хууль, гэрээгээр олгосон хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан ажилдаа орох хүсэлт, шаардлага тавих эрхээ эдэлсний төлөө хууль бус үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэж байна. Тодруулбал, сайн дураараа ажлаас чөлөөлөгд гэж надад хүчээр тулгасан саналыг нь эс зөвшөөрмөгц зөрчил гаргасан гэх зохиомол үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж буй нь хүний эрхийг үл хүндэтгэсэн. Иймд ажил олгогчийн 2018 оны 03 сарын 12-ны өдрийн GD/10 тоот тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож хүчингүй болгох, өмнө нь эрхэлж байсан “Г  ” ХХК-ийн Захиргаа, Хүний нөөцийн хэлтсийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, энэхүү хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Н  нь 2006 оны 02 сарын 20-ны өдрөөс “Гоби коул энд энержи” ХХК-ийн Захиргааны ажилтан, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэгч, Гэрээ үнэлгээний менежер, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ерөнхий менежер, “Г  ” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ерөнхий менежер зэрэг албан тушаал эрхэлдэг байсан. Н  нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч Н  нь энэ хугацаанд хүүхэд асрах чөлөө авах хүсэлт гаргаагүй, ажлаа хийж цалингаа авч байсан, ажилласан хугацааны ээлжийн амралтыг эдэлж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно гэж заасан боловч Н  нь хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргаж байгаагүй бөгөөд тийм хүсэлтийг шийдвэрлэсэн Ерөнхий захирлын шийдвэр гарч байгаагүй. Мөн Хөдөлмөрийн гэрээний 7.3-т ажил олгогчийн бодлого, хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилтан өвчний болон бусад хувийн хүндэтгэн үзэх шалтгаанаар цалинтай, цалингүй чөлөө авч болно гэж заасан нь тухайн чөлөөг хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэрлэхээр зохицуулагдсан. Хөдөлмөрийн гэрээний 7.3 дахь заалттай уялдан Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.1-т “Компанийн захиргаа нь ажилтны хүсэлтээр цалинтай, эсхүл цалингүй чөлөө олгоно” гэж; 6.4.2.2-т “жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөг жирэмсэн болон амаржсан эхэд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмаар амралт олгож эдлүүлнэ" гэж; 6.4.5-д “ажилтан нь чөлөө авахдаа харьяалах нэгжийн удирдлагад урьдчилан амаар болон бичгээр мэдэгдэж, журмын 7 дугаар хавсралт дахь Чөлөө хүсэх маягт- аар чөлөөг хүснэ. Нэгжийн удирдлага тухайн ажилтанд чөлөө олгох эсэх, чөлөөг цалинтай, эсвэл цалингүй, ямар хугацаанд олгохыг санал болгосны үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж; 6.4.7-д “чөлөө олгох зөвшөөрөл авсан ажилтан харьяалах нэгжийн удирдлага, хүний нөөцийн ажилтан болон ажил үүргийн хувьд харилцаатай бусад ажилтан, алтан тушаалтан чөлөөтэй байх хугацаа, түүний эзгүй үед ажил үүргийг нь орлон гүйцэтгэх этгээд болон шаардлагатай бусад мэдээллийг цахим шуудангаар илгээнэ" гэж тус тус заасан байна. Дээрхээс үзвэл Н  хүүхэд асрах чөлөөтэй байсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ компанийн удирдлагаас хүүхэд асрах чөлөөг хүсэж байгаагүй, ажлаа хийж байсныг харуулж байна. Н  нь 2016 онд 12 сар бүтэн ажилласан гэж нийт 35,550,044.08 төгрөгийн цалин авсан бөгөөд 2016 оны 1 сард 20 хоногийн ээлжийн амралтын олговорт 4,134,448.94 төгрөгийг авсан. 2017 онд 12 сар бүтэн ажилласан гэж нийт 25,746,781.84 төгрөгийн цалин авч, 20 хоногийн ээлжийн амралтын олговорт 2,348,381.58 төгрөгийг авсан. Н  нь хүүхэд асрах чөлөө авах хүсэлтийг гаргаж байгаагүй боловч 2016 оны 10 сард жирэмсний тэтгэмжид 3,944,340 төгрөг, 11 сард 3,803,774 төгрөгийг тус тус авсан. Иймд Н  нь амаржсанаас хойш дээрх байдлаар компаниас жирэмсний тэтгэмж, цалин хөлс, ээлжийн амралтын олговор зэргийг авч байсан боловч энэ хугацаанд ямар ажлыг хэний төлөө хийж, хэнд яаж ажлаа тайлагнаж байсан нь тодорхойгүй боловч тогтмол хөлс бодуулж авч байсан тул түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байсан гэдэг нь үндэслэлгүй. Н  нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.1, 10.2.1-д заасан компанийн хувьд шийдвэрлэх ач холбогдолтой мэдээ мэдээллийг зүй бусаар авч ашиглахыг оролдсон, ажил олгогчийн өмч болох компанийн цахим шуудан дахь мэдээ мэдээллийг тодорхой бус сэдлээр устгасан, ажил олгогчийн өмч өөрийн хэрэглэж байсан нөтбүүкийг хүлээлгэн өгөхгүй байгаа зэрэг нь Хөдөлмөрийн гэрээний 13.1.1-д тухайлан заасан Хөдөлмөрийн гэрээг нэн даруй цуцлах үндэслэл болсон. 2018 оны 02 сарын 08-ны өдөр тус компанийн ажилтан руу утсаар ярьж манай компанийн хувьд ач холбогдол бүхий ажил олгогчийн өмчид хамаарах мэдээ мэдээллийг гаргуулан авахыг шаардсан, ашиг сонирхлын зөрчил бүхий ноцтой үйл баримтын талаарх мэдээлэл компанийн эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан компанийн гүйцэтгэх удирдлагад ирсэн. Компанийн удирдлага хуралдан Н гийн хийсэн үйлдлийг хэлэлцэж буруутай этгээдийг “Гоби коул энд энержи лимитэд” компанийн ТУЗ-д мэдээлж, хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн.

Байгууллагын ажилтан бүр тусгай цахим шуудан хэрэглэдэг бөгөөд түүнийг албаны шугамаар ашиглах ёстой байдаг. Компани нь Австрали Улсын Меллбурн АйТи компаниас и-мэйл серверийн үйлчилгээ авдаг бөгөөд тухайн сервер рүү нэвтрэх эрх нь компанийн зөвхөн АйТи инженер, Н  болон толгой компанийн санхүүгийн менежер нарт байсан. Энэхүү серверт байрласан цахим шуудангийн мэдээллийг устгах, өөрчлөх болон компанийн мэдээллийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр ашиг сонирхлын зөрчил бүхий байгууллага, хувь хүн, албан тушаалтанд дамжуулахыг хориглохоор Дотоод сүлжээ цахим техник ашиглах журам-ын 2.2.7, 3.2.5-д заасан. Гэвч Н  нь 2018 оны 01 сарын 25-ны өдрөөс өмнөх буюу 12 жил ашигласан цахим шууданд байрлах мэдээллийн баазыг устгасан нь компанийн Хөдөлмөрийн гэрээний 10.1, 10.2.1, 11.1, 13.1, Дотоод сүлжээ цахим техник ашиглах журмын 2.2.7, 3.2.5 болон бусад холбогдох дүрэм журмыг зөрчсөн ноцтой үйлдэл юм. Дотоод сүлжээ цахим техник ашиглах журам-д заасны дагуу албаны компьютерыг ажлын байран дээрээс гаргахыг хориглодог бөгөөд уг эд хөрөнгийг ажлын байрнаас гаргахаар бол ерөнхий захирлын зөвшөөрлийн дагуу гаргах ёстой байдаг. Гэвч ажил олгогчийн зүгээс нөтбүүкээ эргүүлэн өгөхийг шаардсаар байтал уг хөрөнгийг эргүүлэн өгөхөөс татгалзаж, хувьдаа хэрэглэж байгаа үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 10.1, 10.2.1, 11.1, 13.1, Дотоод сүлжээ цахим техник ашиглах журмын 2.2.7, 3.2.5 болон бусад холбогдох дүрэм журмыг зөрчсөн ноцтой үйлдэл юм. Дээрх гурван төрлийн зөрчил нь ажил олгогчоос ажилтантай 2016 оны 06 сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1, 10.1, 11.1, 13.1.1-т заасныг зөрчсөн учир ажилтныг ажлаас чөлөөлсөн гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01191 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг “Г  ” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,150,248 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 4,756,348 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн болон хариуцагч “Г  ” ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Г  ” ХХК-д даалгаж, хариуцагчаас “Г  ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 113,353 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1626 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01191 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярманлагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01191 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1626 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох талаар. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж хяналтын журмаар дараах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар. Н  нь ажил үүргийн хуваарийн дагуу “Гоби Коул энд Энержи" ХХК-ийн өдөр тутмын ажилд шийдвэр гаргах түвшинд ажилладаг байсан нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар бүрэн тогтоогддог.

Ажил үүргийн хүрээнд “Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежер”-ийн хувьд ажлын байрны тодорхойлолт боловсруулах чиг үүргийг хариуцаж байсан ба бичгээр өөрийн ажлын байрны тодорхойлолтыг батлуулаагүй байдаг боловч эдгээр компани нь нэг удирдлагатай, 12 жилийн хугацаанд “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн үйл ажиллагаанд ажил үүргийн хүрээнд оролцдог байсан болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Эдгээр хоёр компанийн удирдлага “Г  ” ХХК-д 2016 оны 06 сарын 02-ны өдрөөс бүрэн төвлөрдөг болсон. Харин “Гоби Коул энд Энержи” ХХК-д уурхайн ажилчид, жолооч, үйлчилгээний ажилчид төвлөрдөг байсан. “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн удирдлагыг шилжүүлэх шийдвэрийг “Г  ” ХХК-ийн Ерөнхий захирлын гаргасан тушаалын төслийг боловсруулахад Н  өөрийн ажлын чиг үүргийн хүрээнд оролцсон нь тодорхой. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ 2018 онд дуусгавар болох хүртэл Н гийн нэр дээр бүртгэлтэй байсан хөрөнгийн жагсаалт авагдсан бөгөөд эдгээр хөрөнгө нь бүгд “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа болно. Хоёр компанийн нийт ажилчдын ажилтны өргөдлийн жагсаалт, гүйцэтгэх удирдлага томилсон тушаалын бүртгэл нэг болохыг хавтаст хэргийн 128-130 дугаар талд хавсаргасан баримтаас үзэж болно. Мөн хоёр компанийн цахим шуудангийн хаяг нэг болохыг хавтас хэргийн 119-120-д хавсаргагдсан ажилчдын цахим шуудангийн мэдээлэл, хавтаст хэргийн 144 дугаар хуудсанд тэмдэглэгдсэн анхан шатны хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдоно. “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн санхүүгийн гүйлгээ хийх зөвшөөрлийг цохдог эрх бүхий албан тушаалтан нь Н  байсан болохыг хавтаст хэргийн 121,122,123,124,125,126 дүгээр хуудаснаас үзэж болно.

Хариуцагч байгууллагаас 2018 оны 1 сарыг хүртэл Н  нь цалинжих хугацаандаа эрүүгийн хэрэгт залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэх тус компанийн Британы Виржин арлуудад бүртгэлтэй толгой компанийн ТУЗ-ийн дарга байсан Мо Муншигийн эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор орчуулга хийж байсан гэж өөрөө тайлбарладаг. Гэвч “Гоби Коул энд Энержи ХХК болон “Г  ” ХХК нь дээрх эрүүгийн хэргийн оролцогч этгээд биш байсан. Түүнчлэн бүртгэлийн үндсэн дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээний өмчлөгчийг нотолдог тул тэдгээр уул уурхайн машин механизмын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хууль, эрх зүйн ач холбогдол өндөр юм. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 787 дугаар магадлалд дурдсан “хохирогч” гэх этгээдийн зүгээс өөрт учирсан “хохирлын төлбөрт” “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн уул уурхайн хүнд машин механизмыг шилжүүлж авах саналыг 2018 оны 1 сарыг хүртэл хэд хэдэн удаа тавьж байсан бөгөөд Н  нь 2018 оны 02 сарын 08-ны өдөр тэдгээр өндөр үнийн дүн бүхий тоног төхөөрөмжийн гэрчилгээг авах оролдлого хийсэн болох нь дараах байдлаар нотлогддог. Тэрхүү ноцтой зөрчлийг тэмдэглэсэн тээврийн хэлтсийн механик, Уул уурхай газрын дарга Д.Мөнхбаатар нарын албан тушаалтнуудын тайлбараар гэрчлэгддэг ноцтой зөрчлийг тэмдэглэсэн 2018 оны 02 сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл. Н  нь уул уурхайн тоног төхөөрөмжийн гэрчилгээний эх хувийг авахаар оролдсон болохыг өөрөө мөн хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайлбал, 2018 оны 02 сарын 08-ны өдөр компанийн ажилтан утасдаж тоног төхөөрөмжийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг асууж байна. Би түүнийг асуусан шалтгаан нь “над дээр уул уурхайн тээврийн хэрэгслийн гэрчилгээний сканердсан хувилбар байгаа” гэх зэрэг тайлбар өгсөн байдаг.

Дээрхээс үзвэл тухайн үед эрүүгийн хэргийн шүүгдэгч Мо Муншид орчуулга хийхээс өөр ажил үүрэг хэрэгжүүлж байгаагүй Н  нь уул уурхайн хүнд машин механизм тээврийн хэрэгслийн гэрчилгээг авах ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байна. Групп компанийн Монгол Улс дахь үйл ажиллагааг нэг дотоод журмаар зохицуулдаг байсан. Өөр компанийн эд хөрөнгөтэй холбоотой мэдээлэл нь хариуцагч компанийн дотоод журамд заасан нууц мэдээлэлд хамаарахгүй" гэж үзсэн анхан шатны шүүхийн байр суурь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. “Г  ” ХХК болон “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн дотоод журам болох нь дараах үйл баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Н гийн нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан баримтын жагсаалтад “Г  ” ХХК-д мөрдөгдөж буй Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар хх-34 нүүр” гэж тэмдэглэн өгсөн хөдөлмөрийн дотоод журам нь “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам байдаг. Өөрөөр хэлбэл, “Г  " ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерийн чиг үүргийг гүйцэтгэж байсан Н  нь хоёр компанийн дотоод журам мөн гэдгийг нотолдог. Түүнчлэн “Г  ” ХХК болон “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг нэгэн адил даган мөрдсөөр байгааг баталгаажуулан тэмдэглэж тэрхүү хөдөлмөрийн дотоод журмыг Ерөнхий захирал өөрчлөх хүртэл хугацаанд даган мөрдөх шийдвэрийг “Г  ” ХХК-ийн Британы Виржин арлуудад бүртгэлтэй толгой компани “Гоби Коул энд Энержи Лтд” компанийн зүгээс 2018 оны 01 сарын 08-ны өдөр гаргасан. Өөрөөр хэлбэл, нэг ижил хөдөлмөрийн дотоод журмыг “Гоби Коул энд Энержи” ХХК болон “Г  ” ХХК нь энэхүү ТУЗ-ийн тогтоолыг гарахаас өмнө болон дараа нь даган мөрдөж байсан болно. 2018 оны 01 сарын 08-ны өдрийн ТУЗ-ийн энэхүү тогтоолыг анхан шатны шүүх хуралдааны үеэр шинжлэн судалж байсан боловч хэргийн материалаас хууль бусаар хассан байдаг. Нэхэмжлэгч нь цахим шуудангийн мэдээлэл устгасан болон компанийн компьютерыг дур мэдэн авч явсан талаар дараагийн хэсэгт дурдсан болно.

Хууль хэрэглээний хувьд: “Г  ” ХХК нь нэхэмжлэгч Н г ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг тус тус үндэслэсэн. Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 тоот тогтоолын 15-д “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино” гэж, 15.4.2-т “Хуулийн 40.1.4-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг 1 ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна” гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна." гэж, Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 2.4-т “...уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл байна гэж ойлговол зохино..." гэж, “...харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл “ноцтой зөрчил”-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох юм" гэж тус тус заасан байдаг. Дээрхээс үзэхэд Н г ажлаас чөлөөлсөн тушаал нь Улсын Дээд шүүхийн тогтоолын 15-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 ба 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг үндэслэсэн байна. Мөн Н  нь 2018 оны 02 сарын 08-ны өдөр уурхайн тоног төхөөрөмжүүдийн гэрчилгээг авахаар оролдсон, байгууллагын мэдээлэл хадгалсан өөр албан ёсны цахим шуудан дахь мэдээллийг устгасан, байгууллагын компьютер удирдлагын зөвшөөрөлгүй ажлын байрнаас авч гарсан үйлдлүүд нь Улсын Дээд шүүхийн тогтоолын 15.4.2, зөвлөмжийн 2.4-д “...уг ажилтны хөдөлмөрийн гэгээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино” гэж заасантай нийцэж байна. Энд харш үйлдэл гэж зааснаас энэ үйлдлийн үр дүнд заавал хохирол амссан эсхүл үйлдэл нь бүрэн хэрэгжсэн байх ёстой, зайлшгүй хор хохирол учирсан байх ёстой гэж заагаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс “...ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдоогүй” гэж үзсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. “Г  ” ХХК тушаал гаргахдаа ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцсоны үр дүнд Хөдөлмөрийн гэрээний 13.1.1-д тусгасан сахилгын ноцтой зөрчлийг Н  гаргасан учраас түүнийг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээний 13.1.1-д тус гэрээний 10 дугаар зүйлд заасан нууц мэдээлэл болон 11 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн баримт бичиг, материал, эд хөрөнгөтэй холбоотой заалтыг зөрчсөн бол сахилгын шийтгэлд тооцохоор заасан байна. Үүнээс үзэхэд, Н гийн уул уурхайн тоног төхөөрөмжийн гэрчилгээг авахаар оролдсон, албаны цахим шуудангийн мэдээллийг устгасан, нөтбүүкийг удирдлагын зөвшөөрөлгүй оффисоос гаргасан нь Хөдөлмөрийн гэрээний 10.2.1-д “Энэхүү гэрээг зөрчин нууц мэдээллийг хулгайлах, зүй бусаар задруулахгүй байх талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, зохих журмыг баримтлах” гэж, “Ажилтан энэхүү гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн, хүлээн авсан, цуглуулсан, хадгалж байгаа, бичиж бүртгэсэн бүх мэдээ, мэдээлэл, үүний дотор нууц мэдээлэл, эд хөрөнгийг зөвхөн ажил олгогчийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрөв" гэж заасныг зөрчсөн учраас ажил олгогч шийдвэр гаргаж эдгээр заалтуудыг тушаалдаа тусгасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Улсын Дээд шүүхийн 2012 оны зөвлөмжийн 2.4-т "...харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл “ноцтой зөрчил”-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох юм” гэснийг авч хэлэлцэлгүйгээр шийдвэрлэсэн. Энэ бүхнээс дүгнэн үзвэл ажил олгогчийн Н г ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан байх бөгөөд хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хэргийн бодит нөхцөл байдлыг бүх талаас нь хянан үзэхийг шүүхээс хүссэн. Гэтэл давж шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчаас гаргасан нотлох баримтуудын талаар болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гомдлыг авч хэлэлцээгүй. Нэхэмжлэгч Н  нь уул уурхайн тоног төхөөрөмжүүдийн гэрчилгээг авахаар шаардсан нь хариуцагчаас гаргаж өгсөн 01 тоот хурлын тэмдэглэлээр болон түүний анхан шатны шүүх хурлын тэмдэглэлд дурдсан тайлбараар албаны цахим шуудангийн мэдээллийг устгасан нь компанийн АйТи инженерийн гаргаж өгсөн тодорхойлолтоор, ажлын нөтбүүкийг зөвшөөрөлгүй авч гарсан нь нэхэмжлэгчийн тайлбар, эд хөрөнгийн бүртгэлийн акт, ажил хүлээлцсэн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсоор байтал хоёр шатны шүүхээс эдгээр нотлох баримтуудыг авч хэлэлцэхгүй үгүйсгэх байдлаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д заасныг зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээгүй. Хариуцагчаас анхан шатны шүүхэд “Гоби Коул энд Энержи" ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг бусад компаниудад мөрдөх талаар баталж, “Г  ” ХХК, “Гоби Коул энд Энержи” ХХК зэрэг таван компаниуд нь харилцан хамаарал бүхий гэдгийг нотолсон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн тогтоолыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснийг анхан шатны шүүхээс ямар нэгэн захирамж шийдвэргүй нотлох баримтаас хассан байгааг давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан. Энэхүү нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1191 дүгээр шийдвэрийн хурлын тэмдэглэлийн 136 дугаар хуудсанд 2018 оны 01 сарын 08-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол орчуулгын хамт гаргаж байна” гэж тэмдэглэгдсэнээр нотлогдоно. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх тогтоол нь анхан шатны шүүхийн шийдвэрт “өөр компанийн мэдээллийг авахаар утсаар ярьсан нь “Г  ” XХК-д хамаарахгүй асуудал” гэсэн утга бүхий тайлбар хийснийг нотлох гол баримт байсан болно. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгчийн энэ тайлбарыг давж заалдах шатны шүүх тайлбарлахдаа "Мөн хариуцагч талаас гаргасан нотлох баримт хасч шийдвэрлэхдээ хуульд зааснаар захирамж гаргаагүй гэх боловч М.Баярманла нарын гарын үсэг зурсан өнгөтөөр хэвлэсэн баримт санхүүгийн үйл ажиллагааны 6 хуудас баримт, тушаалын жагсаалт гэсэн бүх баримтуудыг хариуцагчаас гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, харин эдгээрийг шүүх нотлох баримтаас хассан агуулга тэмдэглэлд байхгүй. Иймд, хариуцагч талын шүүх нотлох баримтыг захирамж гаргалгүйгээр нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гомдол нотлогдохгүй байна" гэж өөр бичиг баримтуудын нэрсийг дурдан зөрүү тайлбарласан. Давж заалдах шатны тэмдэглэлээс хариуцагчийн өмгөөлөгч Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг нотлох баримтаас захирамж, шийдвэргүй хассан гэж тайлбарласан нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүхээс огт өөр нотлох баримтуудыг дурдаж, эдгээр нь хэрэгт байгаа гэж магадлалын 8 дугаар хуудсанд тайлбарласан нь нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчин анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Шүүхэд тайлбарлаж буй тайлбар, гомдлын агуулгыг буруу тайлбарлаж “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д “...нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах...эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх 2018 оны 01 сарын 08-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолыг хэрэгт ач холбогдолтой эсэх, эс бөгөөд хуулиар зөвшөөрөгдөөгүй юу үгүй юу гэдгийг тодорхойлоогүй, мөн шүүх хуралдаанд гаргаж нотлох баримтын шаардлага хангаж нотариатаар батлуулан өгсөн хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг ямар нэг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжгүйгээр хариуцагчид буцаасан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Энэ талаар Давж заалдах шатны хариуцагчийн зүгээс шүүхэд гомдол гаргаж, тайлбартаа дурдаад байхад хэргийн бодит нөхцөлийг ойлгохгүй, нэг өнцгөөс харж магадлалын 8 дугаар талд "...хариуцагч талын шүүх нотлох баримтыг захирамж гаргалгүйгээр хасч, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх гомдол нотлогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон. Давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр хариуцагчийн өмгөөлөгч “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 13.1.3-т заасан зохицуулалт нь мөн хуулийн 24.1.2-т заасан хэсэгтэй шууд холбогддог. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24.1.2-т заасан хэсэг нь энэ хуулийн 20.1.2-т заасны дагуу хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулах гэж заасан. “Шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай" захирамж гаргасан атлаа хэзээ, хэрхэн хийгдсэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг албажуулсан гэдэг нь тодорхойгүй. Б.Ууганбаяр шүүгчийг ямар хуваарийн дагуу томилсон нь ойлгомжгүй байхад албажуулж буй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78.1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 13.1.3, 24.1.2-т зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн томилсон шийдвэрийг албажуулахыг тус тус заасан. Томилсон шийдвэрийг захирамжид дурдахгүйгээр Б.Ууганбаяр шүүгчийг энэ хэрэг, маргааныг хэлэлцүүлж, хянан шийдвэрлүүлэхээр томилсон нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж тайлбарласаар байхад давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлийг авч хэлэлцэлгүйгээр шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, магадлалын 7-8 дугаар хуудсанд “...хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийг томилсон шүүгчийн зөвлөгөөний тогтоол хэрэгт байхгүй боловч энэ нь хууль ёсны бүрэлдэхүүн гэж үзэхэд эргэлзээтэй гэх боловч нотлох баримтыг бүрдүүлэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд эргэлзээтэй, үндэслэлгүй тайлбар болжээ. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчигдөж хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь хянаж, шүүгчдийн зөвлөгөөнөөр тухайн хэргийг шийдвэрлэх шүүгчийг томилдог харин түүний дараа буюу хэргийг шүүхээр хэлэлцүүлэхийн өмнө тухайн шүүгчийг буюу зөвлөгөөний тогтоолыг баталгаажуулдаг. Ийнхүү баталгаажуулж, албажуулж буй гол зарчим нь тухайн хэргийг хөндлөнгийн бөгөөд хараат бусаар шийдвэрлэхийг илэрхийлж буй хэрэг. Энэ ажиллагаа тухайн хэрэгт нь заавал хийх ёстой болохоос эргэлзээ байвал Шүүхийн тамгын газар тодруулах ажиллагаа биш юм. Эргэлзээ байхгүй, нөлөөлөлгүй хэргийг шийдвэрлэсэн гэдгийг баталгаажуулж албажуулсан шийдвэр нь хэргийн материалд хэн ч харсан байх ёстой бөгөөд энэ процесс нь өөрөө хуулийн үзэл санаа юм. Энэ бүхнээс дүгнэн үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлал нь хууль зүйн үндэслэлгүй хэт нэг талыг барьж нотлох баримт, хариуцагчийн тайлбарыг дутуу, буруу үнэлж шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01191 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1626 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна. Нэхэмжлэгч Н  нь хариуцагч “Г  ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул гэрээг цуцалсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н  нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс “Г  ” ХХК-д Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерээр   ажилласан ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн GD/10 дугаар тушаалаар цуцлахдаа хөдөлмөрийн гэрээний 10.2.1, 11.1, 13.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэл болгосон боловч тушаалд гаргасан зөрчлийг тодорхой заагаагүй байна. Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэл болох ноцтой зөрчил гаргасан гэдгийг “...компанийн хувьд шийдвэрлэх ач холбогдол бүхий мэдээ, мэдээллийг буюу техникийн гэрчилгээний хувийг зүй бусаар авч ашиглахыг оролдон 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр компанийн ажилтан руу утсаар ярьж шаардсан, ажил олгогчийн өмч болох нөүтбүүкийг хүлээлгэн өгөөгүй, компанийн цахим шуудан дахь мэдээ, мэдээллийг буюу өөрийн ашиглаж байсан цахим шуудангийн мэдээллийг тодорхой бус шалтгаанаар устгасан, эдгээр нь хөдөлмөрийн гэрээний 10.2.1, 11.1, 13.1.1 дэх заалтыг зөрчсөн” гэж тайлбарласан.

Ажилтныг “...ач холбогдол бүхий мэдээ, мэдээлэл болох техник тоног төхөөрөмжийн гэрчилгээний хувийг авч ашиглахыг оролдсон, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр компанийн ажилтан руу утсаар ярьж шаардсан” зөрчил гаргасан гэсэн боловч   тухайн техник тоног төхөөрөмжүүд нь “Гоби гоулд энержи” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тухай шүүх хуралдаанд тайлбарлажээ. Өөр компанийн нэр дээрх техник тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл нь хариуцагч “Г  ” ХХК-ийн дотоод журамд заасан нууц мэдээлэлд хамаарахгүйгээс гадна “...Энхзаяа над руу утсаар ярьж, техник тоног төхөөрөмжийн гэрчилгээний хувийг шаардсан” гэсэн гэрч Л.Мөнх-Эрдэнийн мэдүүлгээс өөр гэрээний 10.2.1-т заасан нууц мэдээллийг хулгайлах, зүй бусаар ашиглах, задруулахгүй байх үүргээ зөрчсөн гэх нөхцөл байдлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч энэ тайлбараа баримтаар нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нийцсэн гэж үзнэ. 

Түүнчлэн “...компанийн цахим шуудан дахь мэдээ, мэдээллийг буюу өөрийн ашиглаж байсан цахим шуудангийн мэдээллийг устгасан” гэсэн нь баримтаар тогтоогдоогүй буюу хариуцагчаас шүүхэд ирүүлсэн ... Г.Батцогт, М.Баярманла нарын гарын үсэг зурсан өнгөтөөр хэвлэсэн 2 хуудас баримтыг зөрчлийг шалгаж тогтоосон эрх бүхий этгээдийн зохих журмын дагуу гаргасан дүгнэлт гэж үзэхгүй тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Иймээс хөдөлмөрийн гэрээний 11.1-д “ажилтан ажил үүрэг гүйцэтгэхдээ олж мэдсэн, хүлээн авсан, цуглуулсан, хадгалж байгаа, бичиж бүртгэсэн бүх мэдээ, мэдээлэл, үүний дотор бүх нууц мэдээлэл, эд хөрөнгийг зөвхөн ажил олгогчийн тусын тулд онцгой эрхтэйгээр ашиглах эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн гэж ажилтныг буруутган, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд удирдлагаас даалгасан хэмжээнд ажил үүргээ гүйцэтгэн, цалин хөлс авч байсан нь цалингийн хүснэгт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба ажил олгогчийн өмч, нөүтбүүкийг ажлын байрнаас зөвшөөрөлгүй авч гарсан гэж ажилтныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн татгалзал нь баримтаар нотлогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн ганцаарчилсан маргаанд хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд заасан “...шүүгчийг томилсон шүүгчдийн зөвлөгөөний тогтоол хэрэгт байхгүй, ...нотлох баримтыг хасч шийдвэрлэхдээ хуульд зааснаар захирамж гаргаагүй...” гэсэн үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01191 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1626 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагч “Г  ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,560.00 /нэг зуун наян гурван мянга, таван зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН