Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2018/01193

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2018/01193

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У.О ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н ХХК /РД:................-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг У.О ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Н ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ж, хариуцагч Н ХХК-ийн захирал Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Н ХХК-тай 2016 оны 06 сарын 27-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Бид гэрээгээр компанийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2-р хороо 40,50 мянгатын 45-1 тоотод байрлах 204,28 м.кв үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 490,000,000 төгрөгөөр Н ХХК-д худалдаж, Н ХХК нь 2012 оны XCMG маркийн ................... улсын дугаартай авто буулгагч, 2010 оны NORDBENZ маркийн ......................:улсьн дугаартай өөрөө буулгагч ачааны автомашинуудыг нийт 130,000,000 төгрөгөөр бартерт, үлдэх 360,000,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр харилцан тохиролцсон билээ. Үүнээс Н ХХК нь бидэнд 2016 оны 9 сарын 8-ны өдөр 260,000,000 төгрөг, 2016 оны 9 сарын 9-ний өдөр 19,500,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлснээр нийт 279,500,000 төгрөгийг төлсөн. Харин манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж Н ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлсэн. Гэвч Н ХХК нь 1876 УБ улсын дугаартай авто буулгагчийн бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлэн өгсөн боловч уг ковшийг биет байдлаар нь хүлээлгэн өгөөгүй. Улмаар эдгээр өөрөө буулгагч ачааны машин болон ковшийг бусдад худалдан борлуулсан байсныг нь гэрээ байгуулсныхаа дараа олж мэдсэн. Ийнхүү Н ХХК-д гэрээний үүргээ биелүүлэх хугацаа олгосоор байхад ямар ч үр дүн гарахгүй байсан учир бид 2017 оны 5 сарын 3-ны өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. 2017 оны 5 сарын 4-ний өдөр хоёр дахь удаагаа мэдэгдэл хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийг Н ХХК нь хүлээн авсан боловч ямар ч үр дүн гараагүй. Иймээс Н ХХК-ийн захирал Н.Б-ийндээрх үйлдэл нь манай компанийг залилан мэхэлсэн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй учир бид 2017 оны 5 сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Тус цагдаагийн хэлтэст Н ХХК-ийн захирал Н.Б нь ... автомашин, төлбөрийг удахгүй барагдуулна гэсэн тайлбарыг өгсөн учир Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Манай компани 2016 оны 6 сараас хойш жил гаруй хугацаанд Н ХХК-аас ачааны машин болон ковш, үлдэгдэл төлбөрөө гаргуулан авах гэхэд бидэнд Н.Б нь худал хэлэн, хуурч мэхэлсээр өнөөдрийг хүрлээ. Одоогийн байдлаар манай компани үл хөдлөх хөрөнгө ч үгүй, гэрээний төлбөрт авах автомашин, техник мөнгө ч үгүй болоод байна. Мөн Н ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй атлаа 2016 оны 6 сард худалдах, худалдан авах гэрээгээр худалдан борлуулахаар харилцан тохиролцоогүй манай компанийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2-р хороо 40, 50 мянгаын 45-1 тоотод байрлах 2 давхар өргөтгөлд үйл ажиллагаа явуулан Н ХХК нь хууль бусаар эзэмшиж, ашигласаар өнөөдрийг хүрсэн. Иймд Н ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, цаашид үр дүн гарахгүй болсон тул 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг У.О ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Н ХХК-д даалгаж, өргөтгөлийг Н ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь У.О ХХК-тай нэг байранд өөрсдийн тус тусын эзэмшлийн объектод үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл 2016 оны 4 сараас эхлэн У.О ХХК-ийн үүсгэн байгуулагчид гэх З.Энхтуяа, З.Энхжаргал нар нь манай компани Худалдаа хөгжлийн банкинд 100,000,000 төгрөгийн зээлтэй, зээл нэхэгдээд хэцүү байгаа учраас караоке худалдах гэсэн юм. Танай компани манай караокег худалдаад авчих манайх ашиг орлого ихтэй та нарт ашигтай тэгээд ч нэг байранд байдаг юм чинь өргөтгөлд нь ажлын өрөөгөө хийчих боломжтой бид нар даанч зээлээ төлж чадахгүй балраад байна гэх мэтээр байн байн гуйх болсон. Тэгээд би У.О ХХК-ийн караоке үйл ажиллагаа явуулж буй объектыг үзэхэд дээвэр тал нь цоорхой, ус гоождог, шарлаж мөөгөнцөртсөн нуралт үүссэн байсан. Тэгэхээр нь миний бие ийм байрыг авахгүй гэхэд, бид нар засварлаад өгнө танайх засварын мөнгийг урьдчилаад гаргачих бид янзлаад гоё болгоод өгнө та нар авсандаа аваач та нарт ашигтай шүү бүр болохгүй бол ажиллуулахад чинь туслана, бид зээлтэй болохоор аргагүй эрхэнд зарж байна гэж надад итгэл төрүүлсэн. Тэд засварт өгсөн мөнгийг чинь объектыг худалдан авах төлбөр 490,000,000 төгрөгөөс чинь хасаад тооцно. Мөн тус мөнгөний тодорхой хэсэгт хоёр машин оролцуулан авахад татгалзах зүйлгүй гэсэн. Ингээд би гэрээ хийхээс өмнө 2016 оны 6 сарын 8-ны өдрөөс эхлэн дараах байдлаар төлбөрийг төлж эхэлсэн. 2016 оны 6 сарын 27-ны өдөр У.О ХХК-ийг төлөөлж захирап З.Энхтуяа үүсгэн байгуулагч З.Энхжаргал, Ц.Содном нар нь манай Н ХХК-ийг төлөөлж Н.Б миний бие оролцон Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний гол нөхцөл нь худалдагч тал У.О ХХК нь Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 40,50 мянгат /15171/ хороолол жуулчны гудамж, 45-1 тоотод байрлалтай 204,28 м2 үйлчилгээний зориулалттай Ү2202000360 дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн 000349695 тоот гэрчилгээтэй Үл хөдлөх хөрөнгийг 490,000,000 төгрөгөөр манай компанид худалдахаар тохиролцож доорх нөхцөлөөр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа төлбөр болох 130,000,000 төгрөгт Н.Б-ийнХСМG маркын УБ1876 улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэсэн шинэвтэр авто буулгагч, УНЧ 3443 улсын дугаартай ТОҮОТО САМRҮ маркийн 2007 оны машин зэргийг У.О ХХК-ийн эзэмшилд шилжүүлж үлдэгдэл 360,000,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Манай Н ХХК нь гэрээний дагуу УБ 18-76 улсын дугаартай авто ачигчийг У.О ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Ц.Содномын нэр дээр албан ёсоор шилжүүлсэн. Харин УНЧ 34-43 улсын дугаартай суудпын машиныг шилжүүлээгүй байгаа учир нь бидний дунд тохирсон яриа байгаа.

Н ХХК хэлсэн ёсоороо гэрээ байгуулахаас өмнө дараах байдлаар төлбөрийг хийж эхэлсэн.

1. 2016 оны 06 сарын 08-ны өдөр 3,000,000 бэлэн мөнгөний баримт байгаа-У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргал, Содном

2. 2016 оны 06 сарын 08-ны өдөр 2,900,000- 5024210459 Энхжаргал -У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч

3. 2016 оны 06 сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар 2,000,000 төгрөг-У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч Энхжаргал

4. 2016 оны 06 сарын 18-ны өдөр 2,100,000 төгрөг 5029530020 /андуурч хийгээд Эрэндэн-Очироос Содном Энхжаргал хоёр очиж авсан/

5. 2016 оны 06 сарын 27 өдөр гэрээ хийсний дараа 22,000,000 төгрөг Энхжаргап Содном хоёрт өгсөн.

6. 2016 оны 07 сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг бэлнээр -У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргал

7. 2016 оны 09 сарын 05-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн татвар болох 6,000,000 төгрөг Чингэлтэй дүүргийн үл хөдлөхийн гадаа миний бие болон Ц.Моломжамцын хамт байсан У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч Содном, З.Энхжаргал нарт өгсөн.

8. 2016 оны 08 сарын 05-ны 500,000 төгрөг- 500726930 дансаар - У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргал

9. 2016 оны 09 сарын 09-ний өдөр дулааны төлбөрт өртэй байсан 747,790 төгрөг- У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхтуяа,Содном, З.Энхжаргал нар

10. 2016 оны 09 сарын 09-ний өдөр- Гэрээ болон нотариатын зардал бусад зардалд- 252,210 төгрөг З.Энхтуяа, З.Энхжаргал Содном нар

11. 2016 оны 9 сарын 9-ний өдөр 19,500,000 төгрөг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч Энхтуяагийн 5011207828 тоот дансанд

12. 2016 оны 9 сарын 9-ний өдөр өдөр Н ХХК-ийн 5020614896 тоот данснаас 260,000,000 төгрөг, У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч гэх З.Энхтуяагийн 5011207882 тоот дансанд

13. 2016 оны 9 сарын 19-ний өдөр Хаан банк 5024210459-8,000,000 төгрөг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргал

14. 2016 оны 9 сарын 26-ны өдөр 300,000 төгрөг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхтуяа манайд тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гээд авсан.

15. 2016 оны 11 сарын 30-ны өдөр 5014249183 дансаар 5,000,000 төгрөг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч гэх Содном, З.Чимгээгийн дансанд хийлгэсэн.

16. 2016 оны 12 сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргал

17. 2017 оны 1 сарын 11-ний өдөр 500,000 төгрөг 5024210459 У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргал

18. 200,000 төгрөг Моломжамцаас У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргал

19. 500,000 төгрөг Гантулгаар өгүүлсэн. У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргал

20. 300,000 төгрөг Моломжамцаас У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргал

21. 2017 оны 3 сарын 13-ны өдөр 1,200,000 төгрөг 5024210459-У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргал

22. 2017 оны 3 сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг 5024210459-У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргал

23. Цахилгааны гэрээ авч өгөх 1,500,000 төгрөг, нийт 360,500,000 төгрөгийн төлбөр биет байдлаар хийгдсэн.

2016 оны 9 сарын 5-ны өдөр банкны шийдвэр гарч, 300,000,000 төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгох, газрын гэрчилгээ байхгүй байгаа тул 40,000,000 төгрөгийг газрын гэрчилгээ гарсны дараа олгох шийдвэр гарсан, бид У.О ХХК-ийн үүсгэн байгуулагчид Энхтуяа, Содном, Энхжаргап нарт энэ тухай танилцуулсан тэд ч газрын бичгээ гаргаж өгнө, энэ мөнгөө авч байя гээд зээлээ авах болоход У.О ХХК-ийн үүсгэн байгуулагчид бид мөнгө байхгүй чи мөнгө зээлээд тус үл хөдлөх хөрөнгийг суллаад өгөөч бидэнд мөнгө зээлэх хүн байхгүй гэж хүссэний дагуу би 100,000,000 төгрөг Г.Өнөрбатаас зээлж, Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан тооцооны төв рүү Энхжаргал, Энхтуяа, Содном нарын хамт явж тус үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлүүлсэн. 2016 оны 9 сарын 9-ний өдөр бид кароакег хүлээж аваад дотор нь мэргэжлийн хяналтын байцаагчийн зөвлөмжийн дагуу хана, шал, тааз гал тогооны өрөө бүгдэд засвар хийсэн. У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч Содном нь бид одоо ямар нэгэн бизнес байхгүй хоолны мөнгөө олох хэрэгтэй байна. Танайх одоохондоо зөвшөөрөл чинь гараагүй байгаа юм чинь түр хугацаагаар түрээслээч гэсэн санал тавьсан. Караокег тусгай зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгж ажиллуулах ёстой. Тухайн үед энэ зөвшөөрлийг түр хугацаагаар хаасан байсан учир манай байгууллага У.О ХХК-ийн түрээслэх саналыг хүлээж авсан. 2016 оны 9 сарын 15-ны өдрөөс эхлэн У.О ХХК-д түрээсэлсэн. Түрээсийг гэрээг У.О ХХК-ийн захирал З.Энхтуяа, Н.Б бид хоёрын дунд байгуулсан. Гэтэл манай байгууллагын санхүүгийн мэргэжилтний зүгээс энэ объектод караоке барын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж явуулах ёстой хувь хүнд тийм эрх байхгүй цаашлаад мэргэжлийн хяаналтын байгууллага хүртэл энэ үйл ажиллагааг явуулахыг хориглодог тул гэрээг У.О ХХК-тай хийх ёстой гэсэн. Ингээд тэр өдрөө Энхтуяатай дахин уулзаж У.О ХХК-тай дахин түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөр болох 2,200,000 төгрөгийг сар сард нь төлж байхаар тохиролцсон. Сарын дараа эхний түрээсийн төлбөр болох 2,200,000 төгрөгийг У.О ХХК нь төлсөн. Түүнээс хойш хэд хоногийн дараа У.О ХХК-ийн захирал З.Энхтуяа манай байгууллага дээр ирээд нөгөө түрээсийн гэрээ чинь хэрэг болоод байна. Би гэрээгээ олохгүй байна. Содномд үзүүлчхээд эргээд аваад ирнэ гэж авч яваад ирээгүй. Дараа сарын түрээсийн төлбөр төлөх хугацаа өнгөрөхөөр нь төлбөрөө гэрээгээ нэхэхэд би түрээсээ одоохон өгнө, дансаа өгчих, одоохондоо бэлэн мөнгө алга удахгүй мөнгөтэй болохоор гэрээтэй чинь хамт аваад очно гэж хэлчхээд түүнээс хойш таг чиг болсон. Харин сүүлдээ төлбөр төлөх талаар шаардахад та нар манайхыг мэхэлсэн гэж хэлээд цагдаад өгч шалгуулж, маргаан үүсгэн цаг хожих болсон. Цагдаа уг асуудлыг эрүүгийн хэрэг биш гээд татгалзаж хаасан. У.О ХХК нь одоогийн байдлаар манай байгууллагад 24,500,000 төгрөгийн түрээсийн өртэй. Газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй бөгөөд одоог хүртэл манай байрыг суллаж өгдөггүй, танайхыг шүүхэд өгсөн гэж хэлчхээд үйл ажиллагаа явуулсаар байгаа. У.О ХХК-ийн үүсгэн байгуулагчид нь манай байгууллагаар 100,000,000 төгрөгийн зээлээ хаалгачхаад, мөн 360,000,000 төгрөгийн зээл авахуулж өчнөөн төгрөгийн хүү төлүүлчхээд, 360,500,000 төгрөг төлбөрт авчихаад иж бүрэн засвар хийлгэчхээд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжгүй болсны дараа урьд хийсэн гэрээнээсээ татгалзаж байгаа нь үнэхээр бусармаг үйлдэл юм. Иймд У.О ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч У.О ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах, өргөтгөлийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2016 оны 6 сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 5 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр У.О ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000360 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат /15171/, Жуулчны гудамж 45/1 тоот хаягт байрлалтай, 204.28 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Н ХХК-д 490,000,000 төгрөгөөр худалдах, Н ХХК нь 130,000,000 төгрөгт тооцон Н.Б-ийнөмчлөлийн CXG00951HOO1C1394 арлын дугаартай XG951-III загварын авто ачигч, 3443 УНЧ улсын дугаартай Тоёота камри загварын автомашиныг У.О ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, үлдэх 360,000,000 төгрөгийг банкны зээлээр У.О ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг худалдагчид төлөх, худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг харилцан хүлээнэ.

Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах шаардлагын үндэслэлээ хариуцагч худалдах худалдан авах гэрээний дагуу хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй, хэлэлцэн тохирсон үнээс тухайн үеийн гүйцэтгэх захирал байсан З.Энхтуяагийн дансаар 2016 оны 9 сарын 8-ны өдөр 260,000,000 төгрөг, 2016 оны 9 сарын 9-ний өдөр 19,500,000 төгрөг, нийт 279,500,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэх төлбөрийг төлөөгүй, төлбөр төлөх үүргээ зөрчсөн учраас гэрээнээс татгалзаж байгаа гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дахь заалтад Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан тул худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд худалдагч худалдах худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтад зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийн хүлээнэ.

Хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлын үндэслэлийг тайлбарлахдаа гэрээнд заасан 360,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн, гэрээний дагуу өмчлөх эрхийг нь шилжүүлэхээр тохиролцсон CXG00951HOO1C1394 арлын дугаартай XG951-III загварын авто ачигчийг У.О ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Содномын нэр дээр албан ёсоор шилжүүлсэн, 3443 УНЧ улсын дугаартай Тоёота камри загварын автомашиныг шилжүүлээгүй байгаа бөгөөд шилжүүлээгүй шалтгаан нь худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өргөтгөлийн хэсгийн газрын гэрчилгээг У.О ХХК гаргаж өгнө гээд гаргаж өгөөгүй байгаатай холбоотой гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгч У.О ХХК-д 346,400,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн, 80,000,000 төгрөгийн үнэ бүхий авто ачигчийг нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлын нэр дээр шилжүүлсэн, гэрээний дагуу төлөх ёстой төлбөр болох 490,000,000 төгрөгөөс дээр дурдсаны дагуу бэлнээр болон дансаар шилжүүлсэн мөнгөн төлбөр болон бодитоор шилжүүлсэн эд хөрөнгийн үнэ нийтдээ 426,400,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

Тухайлбал:

-   2016 оны 6 сарын 8-ны өдөр 3,000,000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Энхжаргалд бэлнээр өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримт /хэргийн 1 хавтас 29 тал/-аар тогтоогдсон,

-   2016 оны 6 сарын 8-ны өдөр 2,900,000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Энхжаргалын Хаан банкны 5024210459 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга /хэргийн 1 хавтас 30 тал/-аар тогтоогдсон,

-   2016 оны 6 сарын 8-ны өдөр 2,000,000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Энхжаргалын Хаан банкны 5024210459 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга /хэргийн 1 хавтас 31 тал/-аар тогтоогдсон,

-   2016 оны 6 сарын 18-ны өдөр 2,100,000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Энхжаргалд бэлнээр шилжүүлсэн болох нь гэрч М.Рэндэн-Очирын мэдүүлэг /хэргийн 1 хавтас 180,181 тал/-ээр тогтоогдсон,

-   2016 оны 6 сарын 27-ны өдөр 22,000,000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Энхжаргалд өгсөн болох нь гэрч З.Энхжаргалын 2016 оны 6 сарын 27-ны өдрийн гэрээний дагуу Н ХХК-аас ямар нэгэн төлбөр авсан уу гэсэн асуултад ... би өөрийнхөө дансаар бол аваагүй, ... 31,000,000 төгрөгийг Бгаас авсан, 31,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг гэрээ хийхдээ урамшуулал болгож өгсөн гэх гэрчийн мэдүүлэг /хэргийн 2 хавтас 4-6 тал/-ээр тогтоогдсон бөгөөд хэдийгээр 31,000,000 төгрөгийн 10,000,000 нь гэрээ хийхэд урамшуулал болгож авсан гэх боловч энэ талын баримт хэрэгт авагдаагүй тул шүүх уг 31,000,000 төгрөгийн 22,000,000 төгрөгийг 2016 оны 6 сарын 27-ны өдөр төлсөн 22,000,000 төгрөгт оруулан тооцсон.

-   2016 оны 7 сарын 6-ны өдөр 3,000,000 төгрөгийг бэлнээр У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Энхжаргалд өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримт /хэргийн 1 хавтас 33 тал/-аар тогтоогдсон,

-   2016 оны 8 сарын 5-ны өдөр 500,000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Энхжаргалын эхнэрийн 5007269130 тоот дансаар шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга /хэргийн 1 хавтас 34 тал/-аар, уг данс нь З.Энхжаргалын эхнэрийн данс бөгөөд төлбөрийг З.Энхжаргал хүлээн авсан болох нь гэрч З.Энхжаргалын гэрчийн мэдүүлэг / хэргийн 2 хавтас 4-6 тал /-ээр тогтоогдсон,

-   2016 оны 9 сарын 9-нд 19,500,000 төгрөгийг У.О ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Энхтуяагийн 5011207828 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга /хэргийн 1 хавтас 39 тал/-аар тогтоогдсон ба нэхэмжлэгч үүнд маргадаггүй,

-   2016 оны 9 сарын 9-ний өдөр 260,000,000 төгрөгийг У.О ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Энхтуяагийн 5011207828 тоот дансанд шилжүүлсэн гэдэгт нэхэмжлэгч маргадаггүй,

-   2016 оны 9 сарын 19-ний өдөр 8,000,000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Энхжаргалын Хаан банкны 5024210459 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга /хэргийн 1 хавтас 40 тал/-аар тогтоогдсон,

-   2016 оны 12 сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Энхжаргалд өгсөн болох нь гэрч З.Энхжаргалын 2016 оны 12 сарын 22-ны өдрийн 20,000,000 төгрөг авсан нь үнэн гэж бичсэн таны бичиг мөн үү гэсэн асуултад мөн гэж хариулсан гэрчийн мэдүүлэг / хэргийн 2 хавтас 4-6 тал /-ээр тогтоогдсон,

-   2017 оны 1 сарын 11-ний өдөр 500,000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Энхжаргалын Хаан банкны 5024210459 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга /хэргийн 1 хавтас 44 тал/-аар тогтоогдсон,

-   2017 оны 1 сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг Н.Б-ийнхамтран амьдрагч Ц.Моломжамцаас, 2017 оны 2 сарын 13-ны өдөр 500,000 төгрөгийг Гантулга гэгчээр өгүүлснийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Энхжаргал авсан болох нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Ц.Моломжамцын мэдүүлгээр тогтоогдсон,

-   2017 оны 3 сарын 13-ний өдөр 1,200,000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Энхжаргалын Хаан банкны 5024210459 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга /хэргийн 1 хавтас 45 тал/-аар тогтоогдсон,

-   2017 оны 3 сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Энхжаргалын Хаан банкны 5024210459 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга /хэргийн 1 хавтас 46 тал/-аар тогтоогдсон,

З.Энхжаргалын дансаар болон бусад байдлаар гэрээ байгуулагдахаас өмнө авсан төлбөрүүдийг худалдах худалдан авах гэрээний төлбөрт тооцохоор талууд харилцан тохиролцож тооцоо нийлсэн гэдгийг гэрч З.Энхжаргал нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2016 оны 9 сарын 9-ний өдөр тооцоо нийлэхэд байсан бөгөөд талуудын нийлсэн тооцоог асуудалгүй гэж үзэж байгаа талаараа болон гэрээ байгуулагдахаас өмнө Н ХХК болон захирал Н.Бахяржавхлан нараас авлагатай байгаагүй талаараа мэдүүлсэн тул шүүх дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнөх хугацааны баримтаар нотлогдсон төлбөрүүдийг худалдах худалдан авах гэрээний төлбөрт оруулан тооцсон болно.

Нэхэмжлэгч нь 2016 оны 9 сарын 5-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварын мөнгийг Чингэлтэй дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн газрын гадаа У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч болох Ц.Содном, З.Энхжаргал, З.Энхтуяа нарт өгсөн гэх боловч баримт нь хэрэгт авагдаагүй, мөн зориулалт нь өөр агуулгатай байх тул уг төлбөрийг, 2016 оны 9 сарын 9-нд 2016 оны дулааны төлбөрийн өр 747,790 төгрөгийг төлсөн гэх боловч уг төлбөрийн зориулалт нь өөр байх тул уг төлбөрийг, 2016 оны 9 сарын 9-ний өдөр гэрээ болон нотариатын зардал, бусад зардалд 252,210 төгрөгийг З.Энхтуяа, З.Энхжаргал Содном нарын өмнөөс төлсөн гэх боловч баримтгүй, хэрэгт өгсөн нотариатын мөнгөний тасалбар нь өөр үнийн дүнтэйгээс гадна нотлох баримтын шаардлага хангахгүй, шүүх үнэлэх боломжгүй баримт байх тул уг төлсөн гэх төлбөрийг, 2016 оны 9 сарын 26-ны өдөр 300,000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхтуяа манайд тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гээд авсан гэх боловч төлбөрийн зориулалт өөр агуулгатай байх тул уг төлсөн гэх төлбөрийг, 2016 оны 11 сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч гэх Содном З.Чимгээгийн 5014249183 тоот дансанд хийлгэсэн гэж тайлбарласан, хэрэгт уг дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн баримт байх боловч Ц.Содномын хүсэлтээр уг дансанд мөнгийг шилжүүлсэн болохыг нотлох баримтгүй байх тул уг төлбөрийг, 2017 оны 2 сарын 9-ний өдөр У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргал 300,000 төгрөгийг бэлнээр авсан гэж тайлбарласан, хэрэгт кассын зарлагын ордер /хэргийн 1 хавтас 47 тал/-ыг баримтаар өгсөн боловч уг баримтын (мөнгө хүлээн авсан) гэсэн хэсэгт Эрдэнэжаргал гэж тэмдэглэсэн байх тул уг төлбөрийг, 2015 оны 1 сарын 19-ний өдөр цахилгааны гэрээгээ шилжүүлж өгнө гэж З.Энхтуяа 1,500,000 төгрөг авсан гэх боловч баримтгүй байх тул уг төлбөрийг зохигч талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөр гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх дээр дурдсан төлбөрүүдийг зохигч талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөр гэж үзээгүй нь хариуцагч тухайн мөнгийг шилжүүлэн өгсөн гэх этгээдээсээ уг мөнгийг буцаан шаардах эрхийг хязгаарлахгүй болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй нийт мөнгөн төлбөр болох 346,400,000 төгрөгийн төлбөрөөс зөвхөн З.Энхтуяагийн дансаар шилжсэн төлбөрийг зохигч талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөр гэж үзнэ, бусад төлбөрийг гэрээний дагуу төлөгдсөн төлбөр гэж үзэхгүй гэж тайлбарлаж байх боловч худалдах худалдан авах гэрээнд У.О ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргал оролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, хариуцагч нь гэрээнд оролцогч этгээдийн дансаар болон гэрээнд оролцогч этгээдэд бэлнээр зарим төлбөрийг шилжүүлсэн байгааг зохигч талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөр гэж үзэхгүй байх үндэслэлгүй бөгөөд компанийн дансаар нэг ч төгрөгийн төлбөр шилжүүлэн аваагүй атлаа З.Энхтуяагийн дансаар шилжсэн төлбөрийг зохигч талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөр гэж үзнэ, бусад хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, гэрээний оролцогчийн дансаар болон тэдгээрт бэлнээр шилжүүлсэн төлбөрийг гэрээний дагуу төлөгдсөн төлбөр гэж үзэхгүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй нийт мөнгөн төлбөр болох 346,400,000 төгрөгийн төлбөрөөс гадна CXG00951HOO1C1394 арлын дугаартай XG951-III загварын авто ачигчийг У.О ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Содномын нэр дээр албан ёсоор шилжүүлсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хэргийн 1 хавтас 85-88 тал/-гаар тогтоогдсон.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд CXG00951HOO1C1394 арлын дугаартай XG951-III загварын авто ачигч, 3443 УНЧ улсын дугаартай Тоёота камри загварын автомашиныг хамтад нь 130,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан ба нэхэмжлэгч тал уг авто ачигч болон Тоёота камри загварын автомашиныг тус бүрд нь хэдэн төгрөгөөр үнэлэхээр тохиролцсон талаар тодорхой тайлбаргүй, хариуцагч нь Тоёота камри загварын автомашин 12,000,000 төгрөгийн үнэтэй, авто ачигч нь 118,000,000 төгрөгийн үнэтэй байсан гэсэн тайлбар гаргасан боловч шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Ц.Моломжамц талууд анх гэрээ байгуулах үед CXG00951HOO1C1394 арлын дугаартай XG951-III загварын авто ачигчийг 80,000,000 төгрөгөөр, өөр нэг техникийг 50,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцож байсан бөгөөд 50,000,000 төгрөгт тооцон шилжүүлэхээр тохиролцсон техник нь шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжлэгдсэн байсан тул түүний оронд Тоёота камри загварын автомашиныг оронд нь өгөхөөр тохиролцож гэрээгээ хийж байсан гэж мэдүүлсэн тул шүүх CXG00951HOO1C1394 арлын дугаартай XG951-III загварын авто ачигчийг зохигч талууд 80,000,000 төгрөгт тооцон шилжүүлэхээр тохиролцсон гэж үзсэн.

Нэхэмжлэгч тал хариуцагч нь CXG00951HOO1C1394 арлын дугаартай XG951-III загварын авто ачигчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг л шилжүүлж өгсөн болохоос бус бодитоор нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч уг авто ачигчийг бодитоор өөрийн өмчлөлд шилжүүлэн авч улмаар өөр этгээдтэй уг авто ачигчийн талаар хэлцэл хийсэн болох нь гэрч З.Энхжаргалын шүүхэд өгсөн Машин дээр очиж харсан, Содном, Ганзориг, Моломжамц гуравтай машины талаар уулзаж байсан, Ганзориг би авсан байгаа, мөнгийг нь 2 хувааж төлнө гэж байсан, 11 сарын 15-ны өдөр тал мөнгийг нь өгнө үлдсэнийг нь хавар өгнө гэсэн гэх мэдүүлэг /хэргийн 2 хавтас 4-6 тал/, гэрч Ц.Моломжамцын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дахь заалтад Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дахь заалтад үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж тус тус заасан байна.

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлсэн, гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн 85 гаруй хувийн төлбөрийг төлсөн, үлдэх 15 орчим хувийн төлбөр төлөгдөөгүй байгаа шалтгаан нь талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэх өргөтгөлийн маргаан болон талуудын хоорондын төлбөр тооцоог хүлээн зөвшөөрөх эсэх асуудалтай холбоотой байх тул хариуцагч хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал үүсэн гэж үзэх үндэслэлгүй, үүргийн ялимгүй зөрчил гарсан байхад нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж буй нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь өргөтгөлийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000360 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат /15171/, Жуулчны гудамж 45/1 тоот хаягт байрлалтай, 204.28 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өргөтгөлийн хэсгийг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа, талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд өргөтгөлийн хэсэг ороогүй тул өргөтгөлийн хэсгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байгаа гэж шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлд Худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат /15171/ хороолол, Жуулчны гудамж 45/1 тоот хаягт байрлалтай, 204.28 м.кв, үйлчилгээний зориулалттай, Ү2202000360 дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн 000349695 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлнэ гэж заасан өргөтгөлийн хэсгийн талаар гэрээнд дурдагдаагүй байна.

Хариуцагч нь өргөтгөлийн хэсгийн талаар гэрээнд тусгаагүй шалтгааны шүүх хуралдаанд тайлбарлахдаа өргөтгөлийн хэсэг нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байсан учраас гэрээнд тусгах боломжгүй байсан. Гэсэн хэдий ч бодит байдал дээр өргөтгөлийн хэсэг нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй салшгүй холбоотой нэг бүхэл объект бөгөөд анхнаасаа өргөтгөлийн хэсгийн хамтаар худалдах худалдан авахаар тохиролцсон, тийм ч учраас гэрээ байгуулагдсаны дараа нэхэмжлэгч тал уг хэсгийг хариуцагчаас түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан гэж тайлбарласан.

Өргөтгөлийн хэсэгт тусад нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй, өргөтгөлийн хэсгийн талбайг үндсэн үл хөдлөх эд хөрөнгийн талбайд нэмж үндсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээн дахь талбайн хэмжээнд нэмэлт оруулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийг өргөтгөлийн хэсэгтэй нь хамтад нь худалдан авсан бөгөөд нэхэмжлэгч уг өргөтгөлийн хэсгийг хариуцагчаас түрээслэн ашиглаж байсан болох нь нэхэмжлэгч У.О ХХК нь хариуцагч Н ХХК-д өргөтгөлийн хэсгийг ашигласны түрээсийн төлбөр төлж байсан баримт /хэргийн 1 хавтас 56 тал/-аар тогтоогдож байх тул хариуцагчийг үл хөдлөх эд хөрөнгийн өргөтгөлийн хэсгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн өргөтгөлийн хэсгийг чөлөөлөхийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь заалтад зааснаар шаардах эрхгүй байна.

Түрээсийн төлбөр төлж байсан баримтад гарын үсэг зурсан У.О ХХК-ийн тухайн үеийн захирал байсан З.Энхтуяа нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө уг баримтыг хоосон цаас байсан бөгөөд хоосон цаасан дээр надаар гарын үсэг зуруулсан, уг төлбөр нь өөр зориулалттай байсан гэсэн мэдүүлэг өгсөн байх боловч түүний мэдүүлэг нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх үед өгч байсан өөрийнх нь мэдүүлэгтэй нь зөрж байх тул шүүх гэрч З.Энхтуяагийн мэдүүлгээр түрээсийн төлбөрийн баримтыг үгүйсгэх боломжгүй гэж үзсэн болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч У.О ХХК-ийн хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг У.О ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Н ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч У.О ХХК-ийн хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг У.О ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Н ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 2,748,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР