Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2018/00352

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2018/00352

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Р нэхэмжлэлтэй

Хариуцагч: ӨФ ХХК-д холбогдох,

Сүхбаатар дүүрэг 9-р хороо орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 гудамжны Монтед 84 айл орон сууцны 8 давхрын D загварын 50.5 м.кв байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, уг байрыг Р.Тгийн өмчлөлд шилжүүлж, өмчлөгчийн бүртгэлийг зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Р, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Р.Т нь 2016 оны 6 сарын 28-ны өдөр ӨФ ХХК болон Гариг констракшн ХХК нартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Сүхбаатар дүүрэг 9-р хороо орон сууцны 7 хороолол, Алтай 14 гудамжны Монтед 84 айл орон сууцны 8 давхарын D загварын 50.5 м.кв байрыг захиалсан. Уг гэрээнд заасан захиалагч тал буюу Р.Тгийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг гүйцэтгэгч талд гэрээнд заасны дагуу бүрэн төлсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээний гүйцэтгэгч тал болох ӨФ ХХК нь дээрхи 50.5 м.кв орон сууцыг захиалагч Р.Тгийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд Рагчаагийн Туяаг Сүхбаатар дүүрэг, 9-р хороо орон сууцны 7 хороолол, Алтай 14 гудамжны Монтед 84 айл орон сууцны 8 давхарын D загварын 50.5 м.кв байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, хариуцагч ӨФ ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлж уг байрыг Р.Тгийн өмчлөлд шилжүүлж, өмчлөгчийн бүртгэлд зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ӨФ ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Р.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч Р.Ттай манай компани нь орон сууц захиалан бариулах гэрээг байгуулаагүй. Харин Гариг констракшн ХХК нь манай компанийн нэрийг барьж иргэн Р.Тг хохироосон байх тул ӨФ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гариг констракшн ХХК-ийн захирал Д.Мөнхтөр нь манай компанитай ямар ч хамааралгүй. Харин манайхаас ажилчиддаа 10 орон сууц захиалан бариулахаар 2016 оны 05 сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр төлбөрийг төлөх нөхцөлийг тохирсон боловч тухайн гэрээнд заасан хуваариар төлбөрөө төлөөгүй учир манайх тухайн байрнуудыг худалдан борлуулсан. Гариг констракшн ХХК хэдийгээр иргэдийг хууран мэхэлж хямд үнээр хаана ч байхгүй 1 м.кв-ын үнийг 800 000 төгрөгөөр манайхаас авах байраа зарахаар тохиролцсон нь манайхтай байгуулсан гэрээгээ зөрчсөн. Гариг констракшн ХХК-ийн хохироосон иргэдтэй нь бид уулзан энэ байдлыг нь танилцуулж, манай байр борлуулах үнэ 1 м.кв-т нь 1200000 төгрөгөөр авах боломжтойг хэлсэн ингэхэд зарим нэг иргэд нь харилцан тохиролцож мөнгөө нэмж өгч байрнаас авсан зарим нь буюу Туяа нь үүнийг ойлгохгүйгээс болоод ийм байдалд хүрсэн. Гэвч одоо Туяагийн нэхэмжлээд байгаа байрыг 2017 оны 03 сарын 10-ны өдөр иргэн Ш.Амартүвшинтэй гэрээ хийж, төлбөрийн нөхцөлийг тохирч байрны төлбөрийг бүрэн төлснөөр тухайн байрны өмчлөгч болсон байгаа тул Туяагийн шаардаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Р.Тгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, болон зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Р.Т нь хариуцагч ӨФ ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 гудамжны Монтед 84 айл орон сууцны 8 давхарын D загварын 50.5 м.кв байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, уг байрыг Р.Тгийн өмчлөлд шилжүүлж, өмчлөгчийн бүртгэлийг зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч ӨФ ХХК нь нэхэмжлэгч Р.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, тухайн орон сууцыг өөр хүн худалдаад авчихсан гэж маргаж байна.

Хариуцагч ӨФ ХХК болон Гариг констракшн ХХК, нэхэмжлэгч Р.Т нар 2016 оны 06 сарын 28-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, орон сууцны 7 хороолол Алтай 14 гудамж 431а, 432б, 433а тоот байршилд баригдаж буй орон сууцны барилгын 1-р орц 8-р давхарын D загварын 50,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд барьж захиалагч Р.Тд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь төлбөрийг 100 хувь төлсөн нөхцөлд орон сууцыг хүлээн авах, гэрээний дагуу төлөх төлбөрийг Гариг констракшн ХХК-д бүрэн төлсний дараа түлхүүрийг гардан авах ба энэ талаар мэдэгдлийг захиалагч А тал гаргаж өгнө гэж харилцан тохиролцож, орон сууцны үнийг Р.Т бүрэн төлсөн, энэ талаар маргаангүй байна.

Харин гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Р.Тгийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй, гуравдагч этгээдэд шилжсэн талаар маргаж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хэрэгт авагдсан баримаас үзвэл: нэг талаас ӨФ ХХК /төсөл хэрэгжүүлэгч/ болон Хангарьд пропертийз ХХК /борлуулагч/ нар, нөгөө талаас Гариг констракшн ХХК /захиалагч/ нь 2016 оны 05 сарын 27-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ 09 дугаартайг байгуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, орон сууцны 7 хороолол Алтай 14 гудамж 431а, 432б, 433а тоот байршилд баригдаж буй орон сууцны барилгын 1-р орц нийт 10 орон сууцнуудыг бариулах, уг байр нь тухайн байрны нийт талбайгаар тооцсон 526,2 метр квадрат талбайтай, нийт төлбөр нь 631,440,000 төгрөг, 1 м.кв-ын үнийг 1,200,000 төгрөгөөр тооцсон, хэрэв захиалагч тал гэрээний төлбөрийг 2016 оны 07 сарын 31-ний өдрийн дотор 100% төлж барагдуулсан тохиолдолд 1 м.кв-ийн үнийг 1,100,000 төгрөгөөр тооцохоор, харилцан тохиролцсон гэрээ байгуулагдсан байна.

Түүнчлэн, нэг талаас ӨФ ХХК /төсөл хэрэгжүүлэгч/, болон орон сууцны анхны захиалагч буюу хөрөнгө оруулагч Гариг констракшн ХХК /захиалагч А тал/ нар, нөгөө талаас орон сууц захиалагч Р.Т /захиалагч Б тал/ нар 2016 оны 06 сарын 28-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан байх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, орон сууцны 7 хороолол Алтай 14 гудамж 431а, 432б, 433а тоот байршилд баригдаж буй орон сууцны барилгын 1-р орц 8-р давхарын D загварын 50,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч тал төлбөрөө 100 хувь төлсөн нөхцөлд орон сууцыг хүлээн авах, гэрээний дагуу төлөх төлбөрийг Гариг констракшн ХХК-д бүрэн төлсний дараа түлхүүрийг гардан авах ба энэ талаар мэдэгдлийг захиалагч А тал гаргаж өгнө гэж харилцан тохиролцож гэрээ байгуулжээ./хх-3-6/

Улмаар 2016 оны 08 сарын 15-ны өдөр Орон сууц захиалах онцгой гэрээ-г нэг талаас Гариг констракшн ХХК /худалдагч/, нөгөө талаас Р.Т /худалдан авагч/ нар Иргэний хуулийн 109-110, 189.1, 269 дүгээр зүйлүүдэд заасны дагуу харилцан тохиролцож, Хангарьд пропертийз ХХК-ийн гэрээний нөхцлийн дагуу Гариг констракшн ХХК нь Сүхбаатар дүүргийн 9-р хороонд баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1 блок байрны 50,5 метр талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авагчид хүлээлгэн өгнө, ...2017 оны 1-р улиралд ашиглалтанд орсны дараа орон сууцны гэрчилгээг Гариг констракшн ХХК-тай гэрээ хийсний дараа Р.Тд хүлээлгэн өгнө, 1 м.кв талбайн худалдах үнэ 800,000 төгрөг, нийт үнэ 40,400,000 төгрөг байхаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-10-12/

Ийнхүү дээрх гэрээгээр тохиролцсон орон сууцны төлбөр 40,400,000 төгрөгийг Р.Т нь Гариг констракшн ХХК-д 2016 оны 08 сарын 15-ны өдөр төлсөн /хх-9х/, ба энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан төлбөрийн баримтыг хариуцагч үгүйсгэж чадахгүй байна.

Дээрх байдлаас үзвэл нэхэмжлэгч бий болсон орон сууцыг худалдан авахаар хариуцагчтай тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, орон сууцны 7 хороолол Алтай 14 гудамж 431а, 432б, 433а тоот байршилд баригдаж буй орон сууцны барилгын 1-р орц 8-р давхарын D загварын 50,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэг талаас гүйцэтгэгч ӨФ ХХК, болон Гариг констракшн ХХК, нөгөө талаас захиалагч Р.Т нар харилцан тохиролцож 2016 оны 06 сарын 28-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.6Захиалагчийн захиалсан орон сууцны байрыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй...-г харилцан тохиролцжээ.

Иймээс, нэхэмжлэгч Р.Т нь 2016 оны 08 сарын 15-ны өдөр тухай үл хөдлөх эд хөрөнгийн гэрээгээр тохирсон үнэ 40,400,000 төгрөгийг бүрэн төлснөөр уг орон сууцны өмчлөх эрх шилжсэн бөгөөд хариуцагч нь өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст Гариг констракшн ХХК-ийн захиралд холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа, тухайн хэрэгт манай компани гэрчээр оролцсон, Р.Тгийн маргаан бүхий орон сууцны талаар мөн шалгаж байгаа тул иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарладаг.

Шүүх, хариуцагчийн гаргасан хүсэлтээр тус цагдаагийн хэлтсээс Гариг констракшн ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг шалтгагдаж буй талаархи нотлох баримтыг гаргуулахад тус хэрэг нь Р.Тгийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 201725020897 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолын хуулбараар нотлогдож байна.

Хариуцагч тал татгалзлаа нотолж чадахгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Орон сууцны 7 хороолол Алтай 14 гудамжны Монтед 84 айлын орон сууцны 8 давхарын D загварын /804 тоот/ 50,5 м.кв орон сууцыг Рагчаагийн Туяа өмчлөх эрхтэй болохыг тогтоож, уг орон сууцыг Р.Тгийн өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн бүртгэлийг зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч ӨФ ХХК-д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359950 төгрөгийн улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас 359950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.ТҮМЭНЦЭЦЭГ