Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01375

 

С гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

    Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00352 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 848 дугаар магадлалтай,                                                                                                    

             С гийн нэхэмжлэлтэй,

             “Ө ” ХХК-д холбогдох

         Сүхбаатар дүүрэг 9-р хороо, 7 дугаар хороолол, Алтай 14 гудамжны Монтед 84 айлын орон сууцны 8 давхрын D загварын 50.5 м.кв байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, уг байрыг Р.Туяагийн өмчлөлд шилжүүлж, өмчлөгчийн бүртгэлийг зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Р.Туяа нь 2016 оны 06 сарын 28-ны өдөр “Ө ” ХХК болон “Гариг констракшн” ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 гудамжны Монтед 84 айл орон сууцны 8 давхрын D загварын 50.5 м.кв байрыг захиалсан. Уг гэрээнд заасан захиалагч тал буюу Р.Туяагийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг гүйцэтгэгч талд бүрэн төлсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээний гүйцэтгэгч тал болох “Ө ” ХХК нь дээрх 50.5 м.кв орон сууцыг захиалагч Р.Туяагийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Р.Туяаг Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 гудамжны Монтед 84 айл орон сууцны 8 давхарын D загварын 50.5 м.кв байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, хариуцагч “Ө ” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлж уг байрыг Р.Туяагийн өмчлөлд шилжүүлж, өмчлөгчийн бүртгэлд зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: “Ө ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Р.Туяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч Р.Туяатай манай компани нь орон сууц захиалан бариулах гэрээг байгуулаагүй. Харин “Гариг констракшн” ХХК нь манай компанийн нэрийг барьж иргэн Р.Туяаг хохироосон байх тул “Ө ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Гариг констракшн” ХХК-ийн захирал Д.Мөнхтөр нь манай компанитай ямар ч хамааралгүй. Харин манайхаас ажилчиддаа 10 орон сууц захиалан бариулахаар 2016 оны 05 сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр төлбөр төлөх нөхцлийг тохирсон боловч тухайн гэрээнд заасан хуваариар төлбөрөө төлөөгүй учир манайх тухайн байрнуудыг худалдан борлуулсан. “Гариг констракшн” ХХК хэдийгээр иргэдийг хууран мэхэлж хямд үнээр хаана ч байхгүй 1 м.кв-ын үнийг 800,000 төгрөгөөр манайхаас авах байраа зарахаар тохиролцсон нь манайхтай байгуулсан гэрээгээ зөрчсөн. Р.Туяагийн нэхэмжлээд байгаа байрыг 2017 оны 03 сарын 10-ны өдөр иргэн Ш.Амартүвшинтэй гэрээ хийж, төлбөрийн нөхцлийг тохирч байрны төлбөрийг бүрэн төлснөөр тухайн байрны өмчлөгч болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00352 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Орон сууцны 7 дугаар хороолол Алтай 14 гудамжны Монтед 84 айлын орон сууцны 8 давхрын D загварын /804 тоот/ 50,5 м.кв орон сууцыг Рагчаагийн Туяа өмчлөх эрхтэй болохыг тогтоож, уг орон сууцыг Р.Туяагийн өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн бүртгэлийг зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч “Ө ” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359,950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас 359,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 848 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00352 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “106 дугаар зүйлийн 106.1” гэснийг “250 дугаар зүйлийн 250.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/00352 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 848 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгсөний улмаас хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Тодруулбал, Р.Туяа болон “Ө ” ХХК, “Гариг констракшн” ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 25 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” цуцлагдаж хүчингүй болсон. Дээрх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн мөн өдрийн “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”, “Орон сууц захиалах онцгой гэрээ” мөн адил цуцлагдсан болно. Энэ тухай хариуцагч “Ө ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 42 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” цуцлагдсан байхад дээрх нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч цуцлагдсан гэрээний үр дагаврыг хариуцагчид ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн “Гариг констракшн” ХХК-ийн захирал Д.Мөнхтөр гэгч нь манай компанитай 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ”-г ашиглан “бартераас авсан орон сууц хямд зарна” гэсэн зарыг олон нийтийн цахим сүлжээгээр тавьж 10 гаруй иргэдийг залилан мэхэлсэн байдаг. “Гариг констракшн” ХХК-ийн Д.Мөнхтөр нь бусдыг залилан мэхэлсэн үйлдэлд нь одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. Тухайн эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор “Ө ” ХХК-ийн дансыг цагдаагийн байгууллагаас хаасан байгаа болно. 2016 оны 08 сарын 15-ны өдрийн “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” гурвалсан гэрээгээр Р.Туяа нь орон сууцны үнийг “Гариг констракшн” ХХК-д 100 хувь төлөх үүргийг хүлээн, мөн өдөр 40,400,000  төгрөгийг “Гариг констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд төлсөн байдаг. /хх-9 дэх тал/ Нэхэмжлэгчийн байрны үнэд төлсөн төлбөрөөс “Ө ” ХХК нэг ч төгрөг аваагүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгчийн байрны төлбөрөөс “Ө ” ХХК нэг ч төгрөг хүлээн аваагүй нотлох баримт хэрэгт авагдсан байхад хариуцагч биш “Ө ” ХХК-д үүрэг ногдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх байдлаар маргааны үйл баримт, нотлох баримтад анхан болон давж заалдах шатны шүүх зөв үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийг ноцтой зөрчсөн, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гарсанд гомдолтой байна. Шүүхийн дээрх үндэслэлгүй шийдвэрээс болж “Ө ” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой хохирч байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Р.Туяа нь иргэн С д 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр “Ө ” ХХК-д холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууц гаргуулах тухай нэхэмжлэл гаргах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрхийг олгожээ.

Хариуцагч “Ө ” ХХК-д холбогдуулан төлөөлөн нэхэмжлэгч С  нь Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 гудамжны Монтед 84 айл орон сууцны 8 давхрын D загварын 50.5 м.кв байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, уг байрыг Р.Туяагийн өмчлөлд шилжүүлж, өмчлөгчийн бүртгэлийг зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Р.Туяатай манай компани гэрээ байгуулаагүй, “Гариг констракшн” ХХК нь Р.Туяаг хохироосон, тухайн байрыг иргэн Ш.Амартүвшинд худалдсан,  нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримттай холбоотой 3 гэрээ хэрэгт авагдсан байна. 

Хэрэгт 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Гариг констракшн” ХХК болон “Ө ” ХХК, “Хангарьд пропертийз” ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр “Гариг констракшн” ХХК нь 526.2 м.кв талбай бүхий 10 ширхэг орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,200,000 төгрөгөөр тооцож, нийт 631,440,000 төгрөг төлөх, “Ө ” ХХК нь гэрээний зүйлийг “Гариг констракшн” ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон, түүнчлэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Р.Туяа болон хариуцагч “Ө ” ХХК, “Гариг констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр Р.Туяа нь орон сууцны үнийг “Гариг констракшн” ХХК-д 100 хувь төлөх, “Ө ” ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, орон сууцны 7 хороолол Алтай 14 гудамж 431а, 432б, 433а тоот байршилд баригдаж буй орон сууцны барилгын 1 дүгээр орц 8  давхрын D загварын 50,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд барьж, Р.Туяад хүлээлгэн өгөх тухай гэрээ, мөн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Р.Туяа, “Гариг констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалах онцгой гэрээгээр дээрх орон сууцны 1 м.кв талбайн үнийг 800,000 төгрөг, нийт 40,400,000 төгрөг гэж тохиролцсон гэрээ тус тус авагджээ.

Дээрх гэрээгээр тохиролцсон орон сууцны төлбөр 40,400,000 төгрөгийг Р.Туяа нь  “Гариг констракшн “ХХК-д 2016 оны 08 сарын 15-ны өдөр төлсөн ба энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан төлбөрийн баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна. /хх-9/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан   “Гариг констракшн” ХХК-ийн “Ө ” ХХК, “Хангарьд пропертийз” ХХК-аар захиалан бариулсан 10 ширхэг орон сууцнаас Р.Туяа 50.5 м.кв талбайтай 2 өрөө байрыг 40,400,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, үнийг нь “Гариг констракшн” ХХК-д төлсөн нөхцөлд “Ө ” ХХК нь орон сууцыг Р.Туяагийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хэргийн баримтаар нэхэмжлэгч нь гэрээний дагуу орон сууцны үнийг “Гариг констракшн” ХХК-д бүрэн төлсөн боловч хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тул худалдан авагчийн хувьд нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч “Ө ” ХХК нь иргэн Ш.Амартүвшинтэй 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, маргааны зүйл болох орон сууцыг 68,175,000 төгрөгөөр худалдан борлуулсан баримт хэрэгт авагдсан ба тэрээр энэ баримтаар маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй гэдгийг нотлохоор гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг нэхэмжлэгч Р.Туяатай 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, захиалагч Ш.Амартүвшинтэй 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй “...өөр этгээдэд худалдсан” гэсэн үндэслэл нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар няцаагдаж байна.

Иймээс нэхэмжлэгч Р.Туяа нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 гудамжны Монтед 84 айл орон сууцны 8 давхрын D загварын 50.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шаардах эрхийг хангаж буй Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалтыг орхигдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 848 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагч “Ө ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН