Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/00848

 

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/00848

 

 

 

 

С.Рагчаагийн төлөөлөн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07ы өдрийн 181/ШШ2018/00352 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Туяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Өнгөт фасад ХХК-д холбогдох

Сүхбаатар дүүрэг 9-р хороо орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 гудамжны Монтед 84 айл орон сууцны 8 давхрын D загварын 50.5 м.кв байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, уг байрыг Р.Туяагийн өмчлөлд шилжүүлж, өмчлөгчийн бүртгэлийг зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Рагчаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Р.Туяа нь 2016 оны 06 сарын 28-ны өдөр Өнгөт фасад ХХК болон Гариг констракшн ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 гудамжны Монтед 84 айл орон сууцны 8 давхрын D загварын 50.5 м.кв байрыг захиалсан. Уг гэрээнд заасан захиалагч тал буюу Р.Туяагийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг гүйцэтгэгч талд бүрэн төлсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээний гүйцэтгэгч тал болох Өнгөт фасад ХХК нь дээрх 50.5 м.кв орон сууцыг захиалагч Р.Туяагийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Р.Туяаг Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 гудамжны Монтед 84 айл орон сууцны 8 давхарын D загварын 50.5 м.кв байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, хариуцагч Өнгөт фасад ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлж уг байрыг Р.Туяагийн өмчлөлд шилжүүлж, өмчлөгчийн бүртгэлд зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Өнгөт фасад ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Р.Туяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч Р.Туяатай манай компани нь орон сууц захиалан бариулах гэрээг байгуулаагүй. Харин Гариг констракшн ХХК нь манай компанийн нэрийг барьж иргэн Р.Туяаг хохироосон байх тул Өнгөт фасад ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гариг констракшн ХХК-ийн захирал Д.Мөнхтөр нь манай компанитай ямар ч хамааралгүй. Харин манайхаас ажилчиддаа 10 орон сууц захиалан бариулахаар 2016 оны 05 сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр төлбөр төлөх нөхцлийг тохирсон боловч тухайн гэрээнд заасан хуваариар төлбөрөө төлөөгүй учир манайх тухайн байрнуудыг худалдан борлуулсан. Гариг констракшн ХХК хэдийгээр иргэдийг хууран мэхэлж хямд үнээр хаана ч байхгүй 1 м.кв-ын үнийг 800 000 төгрөгөөр манайхаас авах байраа зарахаар тохиролцсон нь манайхтай байгуулсан гэрээгээ зөрчсөн. Р.Туяагийн нэхэмжлээд байгаа байрыг 2017 оны 03 сарын 10-ны өдөр иргэн Ш.Амартүвшинтэй гэрээ хийж, төлбөрийн нөхцлийг тохирч байрны төлбөрийг бүрэн төлснөөр тухайн байрны өмчлөгч болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Орон сууцны 7 дугаар хороолол Алтай 14 гудамжны Монтед 84 айлын орон сууцны 8 давхрын D загварын /804 тоот/ 50,5 м.кв орон сууцыг Рагчаагийн Туяа өмчлөх эрхтэй болохыг тогтоож, уг орон сууцыг Р.Туяагийн өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн бүртгэлийг зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч Өнгөт фасад ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359 950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас 359 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрх "Өнгөт Фасад ХХК, Гариг констракшн" ХХК-ийн алинд нь байгаа, орон сууцны үнийг нэхэмжлэгч "Өнгө фасад" ХХК-д төлсөн эсэх, нэхэмжлэгч Р.Туяа болон Гариг констракшн ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний захиалагч тал бөгөөд 2 захиалагч тал орон сууцыг захиран зарцуулах талаар хоорондоо гэрээ байгуулаад орон сууцны төлбөрийн төлсөн гэж маргаж байгаа нь үндэслэлтэй эсэх зэрэг нөхцөл байдал тодорхойгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь орон сууц худалдах худалдан авах гэрээ, эсхүл ажил гүйцэтгэх гэрээ гэдгийг зөв тодорхойлойгүй. Өөрөөр хэлбэл 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулах үед орон сууцны барилгын ажил дөнгөж эхэлж байсан, одоо ч барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын акт гараагүй барилгыг ашиглалтад хүлээн аваагүй байна. Мөн Гариг констракшн ХХК-ийн захирал Д.Мөнхтөр гэгч нь манай компанитай 2016 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг ашиглан "бартераас авсан орон сууц хямд зарна" гэсэн зарыг олон нийтийн сүлжээгээр тавьж 10 гаруй иргэдийг залилан мэхэлж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. Тухай эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор "Өнгөт фасад" ХХК-ийн дансыг цагдаагийн байгууллагаас хаасан байгаа болно. Шүүхийн үндэслэлгүй шийдвэрээс болж Өнгөт фасад ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой хохирч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Р.Туяа нь С.Рагчаад 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр Өнгөт фасад ХХК-д холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулагчтай гэрээний дагуу 50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууц гаргуулах тухай нэхэмжлэл гаргах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрхийг олгосон байна.

 

Төлөөлөн нэхэмжлэгч С.Рагчаа нь хариуцагч Өнгөт фасад ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 гудамжны Монтед 84 айл орон сууцны 8 давхрын D загварын 50.5 м.кв байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, уг байрыг Р.Туяагийн өмчлөлд шилжүүлж, өмчлөгчийн бүртгэлийг зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Гариг констракшн ХХК болон Өнгөт фасад ХХК, Хангарьд пропертийз ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр Гариг констракшн ХХК нь 526.2 м.кв талбай бүхий 10 ширхэг орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1 200 000 төгрөгөөр тооцож, нийт 631 440 000 төгрөг төлөх, Өнгөт фасад ХХК нь гэрээний зүйлийг Гариг констракшн ХХК-д хүлээлгэн өгөх,

2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Р.Туяа болон хариуцагч Өнгөт фасад ХХК, Гариг констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр Р.Туяа нь орон сууцны үнийг Гариг констракшн ХХК-д 100 хувь төлөх, Өнгөт фасад ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, орон сууцны 7 хороолол Алтай 14 гудамж 431а, 432б, 433а тоот байршилд баригдаж буй орон сууцны барилгын 1-р орц 8-р давхарын D загварын 50,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд барьж, Р.Туяад хүлээлгэн өгөх,

2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Р.Туяа, Гариг констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалах онцгой гэрээгээр дээрх орон сууцны 1 м.кв талбайн үнийг 800 000 төгрөг, нийт 40 400 000 төгрөг болохыг тогтоосон гэрээ тус тус авагдсан байна.

Дээрх гэрээнүүдийг нэгтгэн дүгнэвэл, Гариг констракшн ХХК-ийн Өнгөт фасад ХХК, Хангарьд пропертийз ХХК-аар захиалан бариулсан 10 ширхэг орон сууцнаас Р.Туяа 50.5 м.кв талбайтай 2 өрөө байрыг 40 400 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, үнийг нь Гариг констракшн ХХК-д төлсөн нөхцөлд Өнгөт фасад ХХК нь орон сууцы Р.Туяагийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь тодорхой зураг төслийн үндсэн дээр баригдаж байгаа орон сууцнаас 1-р орц 8-р давхарын D загварын 50.5 м.кв талбайтай 2 өрөө байрыг худалдан авахаар тохиролцсон байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээх бөгөөд хэргийн баримтаар нэхэмжлэгч нь гэрээний дагуу орон сууцны үнийг Гариг констракшн ХХК-д бүрэн төлсөн боловч хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, орон сууцны 7 хороолол Алтай 14 гудамж 431а, 432б, 433а тоот байршилд баригдаж буй орон сууцны барилгын 1-р орц 8-р давхарын D загварын 50,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан бариулсан этгээд болох Гариг констракшн ХХК, хариуцагч Өнгөт фасад ХХК, нэхэмжлэгч Р.Туяа нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан, хариуцагч нь гэрээний нэг тал болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 гудамжны Монтед 84 айл орон сууцны 8 давхарын D загварын 50.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагчаас шаардах эрхтэй. Хариуцагч Өнгөт фасад ХХК нь иргэн Ш.Амартүвшинтэй 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, маргааны зүйл болох орон сууцыг 68 175 000 төгрөгөөр худалдан борлуулсан баримт хэрэгт байгаа боловч Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заажээ.

 

Хариуцагч нь орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг нэхэмжлэгч Р.Туяатай 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, захиалагч Ш.Амартүвшинтэй 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан байна.

 

Эдгээр гэрээнд заагдсан орон сууцыг худалдан авагч Р.Туяад болон Ш.Амартүвшингийн аль нэгний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн гэх баримт хэрэгт байхгүй, худалдах, худалдан авах гэрээний зүйлийг шилжүүлээгүй гэх байдал зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд түрүүлж гэрээ байгуулсан нэхэмжлэгч Р.Туяа нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 гудамжны Монтед 84 айл орон сууцны 8 давхарын D загварын 50.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Маргаан бүхий орон сууцыг улсын комисс хүлээн аваагүй, улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй тохиолдолд тухайн орон сууцыг хэн нэгэн этгээд эзэмшилдээ авсан гэж үзэх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07ы өдрийн 181/ШШ2018/00352 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 106 дугаар зүйлийн 106.1 гэснийг 250 дугаар зүйлийн 250.1 гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 000 төгрөгийг улсын орлгогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ