| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2017/03393/И |
| Дугаар | 181/ШШ2018/00284 |
| Огноо | 2018-01-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2018/00284
| 2018 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 181/ШШ2018/00284 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХБЭХАВ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж Г ХХК-д холбогдох,
88 330 658 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.Энхсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, И.Э, өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн даргад Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар ХБХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар ХБХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг нэг жил хүртэл хугацаагаар, 2015 оны 07 сарын 21-ний өдрийн А-116 дугаартай тушаалаар 6 сар хүртэл, 2017 оны 07 сарын 07-ны өдрийн А-172 дугаартай тушаалаар 6 сар хүртэл, 2017 оны 01 сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалаар 6 сарын хугацаагаар, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-214 дугаартай тушаалаар 18 сарын хугацаагаар тус тус сунгаж мөн өдрийн А-216 дугаартай тушаалаар Банкны эрх хүлээн авагчаар М.Эийг томилсон.
Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ХБХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.
Монгол банкнаас 2013 онд Хадгаламж банкинд хийсэн шалгалтаар Монгол банкны улсын байцаагч нь хадгаламж банкнаас Монголшуудан банкны жижиг хувьцаа эзэмшигчдэд хувьцааны төлбөрт төлсөн төлбөрийг төлүүлэхээр 116/13/003 тоот актыг гаргасан. Хадгаламж банкнаас актанд дурдсан нийт 765.690.016,36 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр бүртгэсэн байдаг.
Ж Г ХХК-аас хадгаламж банкинд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1/244 дугаартай Шаардах эрх шилжүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн байдаг. Тус албан бичигт тус компанийн барьж гүйцэтгэн ашиглалтад оруулсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, Энхтайвны өргөн чөлөөнд байрлах барилгын цогцолбороос Олон овоот гоулд ХХК-ийн нэр бүхий ажилтнууд нь орон сууц худалдан авсан бөгөөд эдгээр ажилтнуудад орон сууцны төлбөрийн 25.000.000 төгрөгийг Хадгаламж банкны зээлээр, үлдэгдэл төлбөрийг Олон овоот гоулд ХХК-ийн санхүүгийн нөхцөл байдал болон бусад янз бүрийн нөхцөл байдлын улмаас орон сууц худалдан авсан зарим ажилтнууд ажлаасаа чөлөөлөгдөж, мөн ажиллаж байгаа ажилтнуудын орон сууцны үлдэгдэл төлбөрийг Олон овоот гоулд ХХК нь хариуцан барагдуулах боломжгүй болсон. Иймд ажилтнуудын ажилласан хугацаанд ногдох төлбөрийг байгууллага хариуцан, үлдэгдэл төлбөрийг ажилтан хариуцан барагдуулахаар болж ажилтан тус бүртэй төлбөр хариуцан барагдуулах гэрээ байгуулан нийт 490.922.873 төгрөгийн төлбөрийг барагдуулахаар тохиролцоод байна. Дээрх төлбөрөөр Ж Г ХХК нь танай банкинд хариуцан төлөх ёстой Монголшуудан банкны жижиг хувьцаа эзэмшигчдэд төлсөн хувьцааны төлбөрийг барагдуулахаар төлөвлөж буй тул энэхүү төлбөрийн шаардах эрхийг холбогдох гэрээ байгуулсны үндсэн дээр танайд өгөх саналыг үүгээр хүргүүлж байна гэж дурдсан байдаг. Үүний дараа Ж Г болон Хадгаламж банкны хооронд 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 7/1-440 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж гэрээгээр тус гэрээний 1 дүгээр хавсралтад заасан Төлбөр хариуцан барагдуулах гэрээнүүдийн төлбөрийг хүлээн авах эрхийг холбогдох бичиг баримтын хамт бүхэлд нь эрх шилжүүлэгч Ж Г ХХК-иас шинэ үүрэг гүйцэтгүүлэгч Хадгаламж банкинд шилжүүлэхээр тохиролцсон.
Гэрээний 1 дүгээр хавсралтад нийт 34 иргэдийн нэрс, гэрээний дагуу төлбөр төлөгчдөөс төлж барагдуулах үүргийн дүн, гэрээний үүргийг биелүүлсэн тохиолдолд хөнгөлөлт үзүүлэх дүн, төлбөр барагдуулах эцсийн хугацаа, төлбөр барагдуулах хуваарь зэргийг тусгасан. Энэхүү хавсралтад зааснаар дараах иргэдийн Ж Г ХХК-д доорхи хэмжээгээр төлөх төлбөрийн шаардах эрх нь Хадгаламж банкинд шилжсэн. Үүнд:
1. Иргэн А.Баас авах 14.177.143 төгрөгийн төлбөрийн шаардах эрх /хавсралтын 34-рт бичигдсэн/
2. Иргэн ПГаас авах 16.658.143 төгрөгийн төлбөрийн шаардах эрх /хавсралтын 5-рт бичигдсэн/
3. Иргэн Д.Гоос авах 12.192.343 төгрөгийн төлбөрийн шаардах эрх /хавсралтын 23-рт бичигдсэн/
4. Иргэн Г.Дгээс авах 13.917.143 төгрөгийн шаардах эрх /хавсралтын 32-рт бичигдсэн/
5. Иргэн С.Ц авах 11.968.743 төгрөгийн шаардах эрх /хавсралтын 21-рт бичигдсэн/
6. Иргэн Л.М авах 13.917.143 төгрөгийн төлбөрийн шаардах эрх /хавсралтын 33-рт бичигдсэн/
7. Иргэн Г.Э авах 12.756.429 төгрөгийн төлбөрийн шаардах эрх /хавсралтын 30-рт бичигдсэн/
Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны хуучин удирдлагуудаас хүлээн авсан Хадгаламж банкны 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тэнцэлд дээрх нэр бүхий 7 иргэдийн тус бүрийн нэр дээр Ж Г ХХК-тай байгуулсан Шаардах эрх шилжүүлэх гэрээг үндэслэн шилжүүлэн авсан шаардах эрхийн хэмжээгээр данс 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нээсэн байсан.
Шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлэгч буюу Ж Г ХХК нь шаардах эрхээ шилжүүлсэн тухай төлбөр төлөгч буюу үүрэг гүйцэтгэгчид албан бичгээр мэдэгдэх үүргийг хүлээсэн байсан.
Банкны эрх хүлээн авагчаас үүрэг гүйцэтгэгч буюу иргэн А.Б, ПГ, Д.Г, Г.Д, С.Ц, Л.М, Г.Э нараас шаардах эрхийг нь шилжүүлэн авсан үүргийн гүйцэтгэлийг шаардсан боловч үүрэг гүйцэтгэгч нараас уг мөнгийг Ж Г ХХК-д бэлнээр болон бэлэн бусаар төлсөн гэх үндэслэлээр татгалзсан. Иймд банкны эрх хүлээн авагчаас Иргэний хуулийн 123 дугаар зүйлийг үндэслэн дээрх нэр бүхий 7 иргэдээс шаардах эрхийг нь шилжүүлэн авсан төлбөрийг төлүүлэхээр иргэн тус бүрээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх дараах байдлаар шийдвэрлэж шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Тодруулбал,
1. Иргэн А.Бд холбогдуулан шаардах эрхийг нь шилжүүлэн авсан төлбөрийн үүрэгт 14.177.143 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шаардлагад дурдсан 14.177.143 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ж Г ХХК-д бэлнээр төлсөн тухай баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 101/ШШ2017/00910 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт А.Б нь 14.177.143 төгрөгийг Ж Г ХХК-д бэлнээр төлсөн нь тогтоогдож байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1128 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
2. Иргэн ПГд холбогдуулан шаардах эрхийг нь шилжүүлэн авсан төлбөрийн үүрэгт 16.658.143 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шаардлагад дурдсан 16.658.143 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ж Г ХХК-ийн дансанд төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 101/ШШ2016/06873 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ПГ нь 16.658.143 төгрөгийг Ж Г ХХК-д төлсөн нь тогтоогдож байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Иргэн Д.Год холбогдуулан шаардах эрхийг нь шилжүүлэн авсан төлбөрийн үүрэгт 12.192.343 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хэнтий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шаардлагад дурдсан 12.192.343 төгрөгийг 2013 оны 12 сарын 27-ны өдөр Ж Г ХХК-д бэлнээр төлсөн тухай баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 156/ШШ2016/00029 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.Г нь 12.192.343 төгрөгийг Ж Г ХХК-д төлсөн нь тогтоогдож байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4. Иргэн Г.Дд холбогдуулан шаардах эрхийг нь шилжүүлэн авсан төлбөрийн үүрэгт 13.917.143 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Банязүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шаардлагад дурдсан 13.917.143 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ж Г ХХК-д бэлнээр төлсөн тухай баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Шүүхээс 2017 оны 04 сарын 12-ны өдөр 101/ШШ2017/01259 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Г.Д нь 13.917.143 төгрөгийг Ж Г ХХК-д төлсөн нь нотлогдож байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрт төлбөр барагдуулах гэрээний дагуу шаардах эрхээ шилжүүлсэн, өөрөөр хэлбэл шаардах эрх нь дуусгавар болсон этгээд төлбөрийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байгаа ба нэхэмжлэгч нь маргаж буй төлбөр болон үүнтэй холбогдох учирсан хохирлын талаар зохих этгээдэд холбогдуулан дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5. Иргэн С.Цт холбогдуулан шаардах эрхийг нь шилжүүлэн авсан төлбөрийн үүрэгт 11.968.743 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шаардлагад дурдсан 11.968.743 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ж Г ХХК-д бэлнээр төлсөн тухай баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байсан. Шүүхээс 2017 оны 04 сарын 10-ны өдөр 101/ШШ2017/01228 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт С.Ц нь 11.968.743 төгрөгийг Ж Г ХХК-д төлсөн нь тогтоогдсон байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
6. Иргэн Л.Мд холбогдуулан шаардах эрхийг нь шилжүүлэн авсан төлбөрийн үүрэгт 13.917.143 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шаардлагад дурдсан 13.917.143 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 23, 31-ний өдрүүдэд Ж Г ХХК-д бэлнээр төлсөн тухай баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 101/ШШ2017/00910 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Л.М нь 13.917.143 төгрөгийг Ж Г ХХК-д төлсөн нь тогтоогдож байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 409 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүх 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2017/00589 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
7. Иргэн Г.Эд холбогдуулан шаардах эрхийг нь шилжүүлэн авсан төлбөрийн үүрэгт 12.759.429 төгрөгөөс 5.500.000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ж Г ХХК-д бэлнээр төлсөн тухай баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/00056 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Г.Э нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 12.759.429 төгрөгөөс 5.500.000 төгрөгийг Ж Г ХХК-д төлсөн нь тогтоогдож байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 5.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Үүнээс дүгнэхэд дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор Ж Г ХХК болон Хадгаламж банкны хооронд 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 7/1-440 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч Ж Г ХХК нь төлбөр барагдуулах гэрээний дагуу бусдаас авах төлбөрийн шаардах эрхээ нэгэнт бусдад шилжүүлсэн, өөрөөр хэлбэл шаардах эрх нь дуусгавар болсон байхад үүрэг гүйцэтгэгч буюу иргэн А.Б, ПГ, Д.Г, Г.Д, С.Ц, Л.М, Г.Э нараас нийт 88.330.658 төгрөгийн төлбөрийг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Иймд Ж Г ХХК-иас 88.330.658 төгрөг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ХБХК дахь банкны эрх хүлээн авагч нь нэр бүхий 7 иргэнээс тус бүрээс Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу холбогдох төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна. Гэтэл ХБХК-ийн Банкны эрх хүлээн авагч нь Ж Г ХХК-аас тухайн мөнгийг гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлээр гаргуулах гээд байгаа 88.330.658 төгрөгийг Шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Манайх ХБХК-ийн Банкны эрх хүлээн авагч, Ж Г ХХК-ийн хооронд байгуулагдсан Шаардах эрх шилжүүлэх гэрээ дууссан талаархи Ж Г ХХК-иас Хадгаламж банкны эрх хүлээн авагчид хүргүүлсэн 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б-01/42 дугаартай албан бичгийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Тухайн албан бичигт шаардах эрх шилжүүлэх гэрээгээр манай компани эдний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болохыг баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл Ж Г ХХК нь ХБХК-тай 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 7/1-440 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан уг гэрээнээсээ татгалзсан саналаа Хадгаламж банкинд манайх тавьсан гэтэл албан ёсоор манайд эднийх хариу өгөөгүй. Тиймээс манайх гэрээнээсээ татгалзчихсан учир уг гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийг хуралдаанаар хэлэлцээд талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч ХБХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ж Г ХХК-д холбогдуулан 88.33.658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан боловч уг гэрээнээсээ татгалзсан саналаа Хадгаламж банкинд манайх тавьсан гэтэл албан ёсоор манайд хариу өгөөгүй. Тиймээс уг гэрээ дуусгавар болчихсон учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.
Монгол Банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 сарын 22-ны өдрийн А-153 дугаар ХБХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаалаар ХБХК-д 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ жил хүртэл хугацаатайгаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авчээ.
Мөн банкны ерөнхийлөгчийн 2014 оны 07 сарын 21-ний өдрийн А-114 дүгээр ХБХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай тушаалаар эрх хүлээн авагчийн ажиллах хугацааг 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаатайгаар,
2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаар тушаалаар 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ жил хүртэл хугацаагаар,
2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А-172 дугаар тушаалаар 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 6 /зургаа/ сар хүртэл хугацаагаар,
2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаар тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 6 /зургаа/ сарын хугацаагаар,
2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-214 дүгээр тушаалаар 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 18 сарын хугацаагаар тус тус сунгасан,
түүнчлэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-216 дугаар тушаалаар Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Минжүүрийн Энхтөрийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс ХБХК-ийн Банкны эрх хүлээн авагчаар томилсон талаар тушаалууд тус тус хэрэгт авагдсан байна.
Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар ХБХК-д банкны эрх хүлээн авагчийг томилсноор ХБХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн гэж үзнэ.
ХБХК, Ж Г ХХК нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 7/1-440 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээгээр төлбөр барагдуулах гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч Ж Г ХХК нь өөрийн шаардах эрхийг ХБХК-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.
Тухайн гэрээгээр шилжүүлсэн шаардах эрхийн хэмжээ энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад заасны дагуу 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 490.922.876 төгрөг ба Төлбөр төлөгч нартай байгуулсан Төлбөр хариуцан барагдуулах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 1-д зааснаар тооцогдох төлбөр, бусад зардал байна гэж талууд гэрээний нөхцөлдөө тохирсон байдал нь тодорхойлогдож байна. /хх-ийн 17-20 дугаар тал/
Нэхэмжлэгч ХБХК-ийн банкны эрх хүлээн авагч нь энэхүү шаардаж буй дээрх гэрээний 1 дүгээр хавсралтын 5, 21, 23, 30, 32, 33, 34 дүгээрт бичигдсэн нэр бүхий 7 иргэдээс авах нийт 88.330.658 төгрөгийг Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу тухайн хариуцагч нарт холбогдуулан харьяалагдах шүүхүүдэд нэхэмжлэл гаргасан байх боловч шүүх тухайн маргааныг нь Ж Г ХХК-д төлбөрүүдийг төлсөн болох нь нотлогдож байна гэж дүгнээд ХБХК-ийн банкны эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөдлөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд тус тус хэрэгт баримтаар авагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлохгүй. /хх-ийн 21-67 дугаар тал/
Хариуцагч тал нь Ж Г ХХК-ийн 2014 оны 03 сарын 20-ны өдрийн Б-01/42 дугаартай Хадгаламж банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд танаа гэсэн Тайлбар хүргүүлэх тухай албан бичигт: ...Монголбанкны зүгээс дунд хугацааны хөтөлбөрөө өөрөө цуцлан, Хадгаламж банкинд эрх хүлээн авагч томилсон тул Хадгаламж банкны хувьцаа эзэмшигч Ш.Батхүү нь дээр дурдсан муу активуудыг хариуцан барагдуулах үүргээс чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа болно. Иймд Хадгаламж банк, Ж Г ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Шаардах эрх шилжүүлэх гэрээ нь Хадгаламж банкинд эрх хүлээн авагч томилогдсноор дуусгавар болсон ба энэхүү гэрээний дагуу Ж Г ХХК нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчид ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болно... гэж /шүүхэд нотлох баримтаар өгсөн/ хүргүүлсэн байхад манайд хариу ирүүлээгүй. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д заасны дагуу манайх гэрээнээсээ татгалзсан учир нэхэмжлэгч манайхаас тухайн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж маргаж байна.
Хариуцагчийн маргаж буй дээрх үндэслэл хуульд нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал, хариуцагчийн шүүхэд бичгийн баримтаар гаргасан Ж Г ХХК-ийн 2014 оны 03 сарын 20-ны өдрийн Б-01/42 дугаартай Хадгаламж банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэдэд хандсан Тайлбар хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Мөн хариуцагч нь тухайн гэрээнээсээ татгалзсан учир дуусгавар болчихсон гэж байгаа боловч уг гэрээг дуусгавар болгосон талаар бичгийн баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу ХБХК, Ж Г ХХК-тай шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан, тухайн гэрээний хавсралтад заасан ПГ, С.Ц, Д.Г, Г.Э, Г.Д, Л.М, А.Б нарын 7 иргэдээс гаргуулахаар нэхэмжилсэн нийт 88.330.658 төгрөгийг хариуцагч Ж Г ХХК-д төлөгдсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдож байна.
Иймд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх тул нэхэмжлэгч ХБХК-ийн банкны эрх хүлээн авагчийн гаргасан 88.330.658 төгрөгийг хариуцагч Ж Г ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг баримтлан хариуцагч Ж Г ХХК-иас 88 330 658 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХБХК-ийн банкны эрх хүлээн авагчид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасныг баримтлан ХБХК-ийн эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ж Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 599603 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон талууд энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ