Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 132/ШШ2020/00880

 

  

 

 

 

   

                  Булган сум

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Галсангийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дашнямын ******* /*******/,

Хариуцагч: *******ын ******* /*******/ нарт холбогдох 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Г.*******гоос 17.000.000 /арван долоон сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч болон хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь 2016 оны 12 дугаар сард Д.*******, Б.******* нараас ******* банкинд 30.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэх ******* дугаартай автосамосвал тээврийн хэрэгсэлийг 37.000.000 сая төгрөгөнд худалдаж авахаар тохиролцон гэрээ хийж, уг машины төлбөрийн урьдчилгаанд 7.000.000 төгрөгийг Д.*******т бэлнээр өгч, машины үнээс үлдэх 30.000.000 төгрөгийг 2017 оны 2,3,4,5,6,7 саруудад тус бүр 5 000 000 төгрөг төлөхөөр гэрээндээ тусгаж, 2016 оны 12 сарын 10-нд машиныг авч Өмнөговь аймагт ажил хийхээр явсан. Өмнөговьд 2016 оны 12 дугаар сарын 15-нд очиж “Ханамж” ХХК-тай автосамосвал машин түрээслэх гэрээ байгуулан эхний ачаа ачиж гараад л машин эвдэрч өөрөө буулгагч нь ажиллахгүй болж, мөн 5 дугуй нь хагарч явах боломжгүй болсныг авч сольж тавьсан боловч хуучин машин учир эвдрэл гэмтэл байн байн гараад уг гэмтлийн засах хугацаанд цалин мөнгөгүй, ашиг олох боломжгүй байсан учир 2017 оны 2 сард Булганд ирсэн. Булганд ирсний дараа Д.*******, Б.******* нар нь манай хашаанаас машинаа асаагаад аваад явсан. Д.*******, Б.******* нар нь тус машиныг цааш зарж борлуулсан байсан.

          Иймд хариуцагч нараас машины урьдчилгаа 7.000.000 төгрөг, сэлбэг түлшний үнэ 1.500.000 төгрөг нийт 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч Д.*******, Б.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.*******той тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед машин эвдрэлтэй байсан ба засвар үйлчилгээнд гарах зардлыг машины үнэд оруулан тооцон 7.000.000 төгрөгийг Г.******* гаргана. Эдгээрийн 4.000.000 төгрөг нь засварын үнэд, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг машины зээлэнд төлнө гэж тохирсон. 2017 оны 02 дугаар сарын 23-нд ******* банкинд 1.700.000 төгрөг төлөх байсан ба Г.*******г зээлээ төлөх талаар хэлэхэд төлж чадахгүй гэсэн. Тэгвэл төлж чадахгүй байгаа бол би машинаа авна гэж хэлсэн. Ингээд Б.*******тэй хамт машинаа шалгаж үзсэн. Машин бүрэн бүтэн асаж байсан тул машинаа авсан. Г.******* нь миний банкны барьцаанд байсан машиныг 75 хоног ашигласан ба энэ хугацаанд надаас ямар нэгэн зүйл шаардаагүй намайг 3 сар хүлээлгэсэн. Энэ хугацаанд надаас 17.000.000 төгрөгийн хохирол гарсан. Одоо надаас 7.000.000 төгрөг нэхэмжилсэн учраас би 7.000.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна гэжээ.

 

             Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.******* нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр надтай тохирч 3545БУА улсын дугаартай ... авто машин худалдан авч Иргэний хуулийн дагуу гэрээ байгуулж, 3 сарын дараа эхний 5.000.000 төгрөгийг өгөхөөр тохирсон юм. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөнгөө төлөх ёстой байсан боловч өгч чадалгүй энэ хугацаанд миний машиныг 75 хоног ашигласан. 75 хоног ашигласны төлбөрт нэг сарын 2.000.000 төгрөгөөр бодож 3 сарын 6.000.000 төгрөг, уул машиныг гэрээгээр худалдсан учраас түрээсээр хэрэв өгсөн бол сарын 3.500.000 төгрөг байх ёстой. Энэ нь нийтийн жишиг гэрээ хэлцлийн ханштай юм. Б.******* нь 2016 оны 3 дугаар сараас хойш 9 сар хүртэл ажиллажжд  21.957.515 төгрөг болсон юм. Энэ нь нэг сард дунджаар 3.500.000 төгрөг байдаг юм. Гэвч үүнийг сар тутам 1.500.000 хасч тооцов. Энэ нь 4.500.000 төгрөг болох юм. Хүү ******* нь ажилгүй 4 сар хүлээсэн. Энэ нь зээлийн гэрээний төлбөр ирэхийг хүлээгээд ажилд орж чадаагүй. Иймд энэ төлбөр найдваргүй болсон учир ******* нь сар тутам 1.000.000 төгрөгөөр хохирч өөрт 3.000.000 төгрөгийн хохирол гарсан. Эдгээрийн бүгд дүн 15.600.000 төгрөг болох юм. Миний машиныг 75 хоног хэрэглэсний элэгдлийг тооцож 1.400.000 төгрөг. Эдгээрийн бүгд дүн 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.*******, Б.******* нараас ******* банканд 30.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэх ******* дугаартай тээврийн хэрэгсэлийг 37.000.000 төгрөгөнд худалдаж авахаар тохиролцон гэрээ хийж, уг машины төлбөрийн урьдчилгаанд Булган аймгийн Төрийн банкнаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эхнэр С.******* өөрийн нэр дээр 8.000.000 төгрөгийн цалингийн зээл авсанаасаа, 7.000.000 төгрөгийг Д.******* гуайд бэлнээр өгч, машины үнээс үлдэх 30.000.000 төгрөгийг 2017 оны 2,3,4,5,6,7 саруудад тус бүр 5.000.000 төгрөг төлөхөөр гэрээндээ тусгаж, машиныг нэр дээрээ шилжүүлэх гэхээр банкны барьцаанд байгаад зээлээ төлж дуусахаас нааш шилжүүлэх боломжгүй байсан учир энэ талаар гэрээ хэлцэлдээ дурдаад 2016 оны 12 дугаар сарын 10-нд машиныг авч Өмнөговь аймагт ажил хийхээр явсан. ... 2017 оны 2 сарын эхээр Булганд гэртээ буцаж ирсэн. 2017 онд /Цагаан сарын баяр 2 сарын 27-нд болсон/ цагаан сараас 8-9 хоногийн өмнө буюу 2 сарын 17-18-ны үед ******* гуай манайд ирээд бидэнд худалдсан байсан машинаа манай гэрийн хашаанаас асаагаад аваад явчихсан. Тэгээд тэр машинаа цааш зарж борлуулж Банкны өрөө төлсөн талаараа өмнөх тайлбартаа бичсэн байсан. Д.*******, Б.******* бидний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгдэж, гэрээнд зааснаар 2017 оны 2 дугаар сараас сар бүр 5 сая төгрөгөөр төлбөрөө хийх байсан, уг машин хэтэрхий хуучин машин учраас ажил гүйцэтгэх боломжгүй байсан. ******* гуайтай би өөрөө Өмнөговиос утсаар ярьж буцаж ирээд байтал 2017 оны 2 сарын 17-18-ны үед Д.*******, Б.******* нар манай гэрт ирээд уг машинаа асаагаад аваад явснаар тэд Худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 264.1-д зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсний дагуу би машиныг буцааж өгсөн. Харин Д.******* надаас авсан 7.000.000 төгрөгөө одоог хүртэл өгөөгүй байна.

Миний зүгээс ямар нэг хор хохирол учруулсан зүйл байхгүй, харин урьдчилгаанд өгсөн  7.000.000 төгрөг, бензин, шатахуун сэлбэгийн үнэ 1.500.000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн гэх Даатгалын гэрээнүүд нь 2016 оны 3 дугаар сард буюу надад машинаа 2016 оны 12 дугаар сард зээлээр худалдахаас өмнөх баримтууд байна. Түүний машинд тавьсан сэлбэг, зарцуулсан материалыг би буцааж аваагүй, Д.******* машиндаа засвар арчлалт хийхэд надаас авсан мөнгөө зарцуулсан гэдгээ өөрөө нэхэмжлэлдээ бичсэн байна. Д.******* гуайн нэхэмжилсэн 17 сая төгрөг нь ямар ч нотолгоогүй, үндэслэлгүй тул хэрэгсэхгүй эж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх манай нөхөр Г.******* 2016 оны 12 сард Д.*******, Б.******* нартай худалдах, худалдан авах гэрээ хийгээд машиныг Улаанбаатар хотод очиж хамтарч засаж, моторын ээлж хийсэн байна лээ. Тэр үедээ бэлнээр урьдчилгаа болгож 7.000.000 төгрөг өгөөд гэрээ хийсэн байсан. Нийтдээ 37.000.000 төгрөгийн гэрээ хийсэн байсан. Үлдэгдэл 30.000.000 төгрөгийг тодорхой хугацаанд төлөхөөр гэрээ хийгээд худалдаж авсан. Манай нөхөр засварчинтай цуг ажилаад Өмнөговийн нүүрсний уурхай руу аваад явахаар болоод гарсан. Тэр үед би Төрийн банкнаас цалингийн 8.000.000 төгрөгийн зээл авсан. Тэгээд нөхөртөө 7.000.000 төгрөг өгсөн. ...Манай нөхөр үргэлж над руу утасдаад машин болохгүй байна гэж ярьдаг байсан. Өмнө нь 6, 7 жил ажилласан болохоор таньдаг хүн ихтэй байсан. Хүн болгоноос машины болохгүй байгаа зүйлүүдийг аваад 1 сар болсон. Манай нөхөр олон жил машин барьсан учраас эвдрэлгүй авчирсан. Тэгээд ирээд 2-3 хонож байсан. Тухайн өдөр /2017 оны 2 дугаар сарын 18/ намайг цайны цагаар ирэхэд Д.******* хүүхэдтэйгээ ирээд машиныг аваад явсан. Би гарч байхад нь таарсан. Би гэртээ ороод чи яаж байгаа юм бэ хоёулаа мөнгөө өгөөд авсан шүү дээ мөн гэрээ хийсэн. Яагаад өгөөд явуулчихаж байгаа юм бэ? гэхэд за яахав дээ хөгшин настай хүн байна аваад ирэх байлгүй дээ гэж бодсон. Тэгээд түүнээс хойш ганц ч холбоо бариагүй. Бид хоёр хүлээцтэй хандаад 1 жил гаруй 2 жил болсон. Нөхөр бид хоёр 7.000.000 төгрөг машины сэлбэг болон 5 дугуй  нийтдээ 8.500.000 төгрөг нэхэмжилж байна байсан. Би хариуцагчтай тохиролцохгүй. хариуцагчид 8.000.000 төгрөг төлөх боломжгүй үндэслэлгүй зүйл ярьж байна. Эд хөрөнгөө худалдсан учраас ажилгүй байна уу? ажилтай байна уу? манай талд хамаагүй. Харин бид нэхэмжлэлийн шаардлагаа 1.500.000 төгрөгөөр багасгаж, гэрээний урьдчилгаанд өгсөн 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 8.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.  Г.******* 3 сар хэрэглэж байгаад Говиос авчирсан. Тэр хугацаанд гарсан зардал, хохирлыг Г.*******ноос нэхэмжилж байгаа. Г.******* миний хүүгийн машиныг 37.000.000 төгрөгөөр худалдаж аваад 7.000.000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. 30.000.000 төгрөгийн зээл аваад авч явсан. Надад бүх баримт байгаа.  6 сарын хугацаанд сар бүр 5.000.000 төгрөгийг төөлөөд явна гэж Г.******* худалдаж авсан. Гэрээнд заасан хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Би эхний 5.000.00 төгрөгийн авах гээд очиход төлж чадахгүй гэсэн учир машиныг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр буцааж авсан. Тиймээс анхны гэрээ цуцлагдсан. Надаас гарсан хохирлыг төлнө шүү би 5 сарын хугацаанд машины зээлийг төлсөн. Мөн бензиний 400.000 төгрөгийг Г.*******ныг явахад өгсөн. Сэлбэг засварын үнийг би төлсөн. Эхний ээлжинд 8.000.000 төгрөг Г.Гандолгионы ашиглаж байсан хугацааны зээлийн мөнгө би төлсөн, хоёдугаарт 17.000.000 төгрөгөөс багасгаад 8.000.000 төгрөг нэхэмжилж байна. 5.000.000 төгрөг нь анх авахдаа төлнө гэсэн нэг сарын төлбөр, мөн хүү Б.******* Г.*******ныг мөнгө өгөөгүй улмаас ажилдаа явж чадаагүй 3 сарын хугацааны цалин 3.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

        Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдуулан 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай, хариуцагч Д.******* нь Г.*******гоос 17.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр багасгаж, хариуцагч Д.*******, Б.******* нараас машины урьдчилгаанд өгсөн 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулахаар, хариуцагч Д.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага 17.000.000 төгрөгөөс 9.000.000 /есөн сая/  төгрөгийг багасгаж, 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулахаар мэтгэлцэн маргажээ.

 

Шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1 хэсэгт заасныг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Д.*******, Б.******* нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээний хүчин төгөлдөр байдлын байдлаар зохигч маргаагүй. Гэрээний үнэ 37.000.000 төгрөг байсан бөгөөд урьдчилгаанд 7.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******т өгсөн болох нь хэргийн 7-8-р хуудсанд авагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар /нэхэмжлэгчийн итгэжлэгдсөн төлөөлөгч С.******* машиныг хариуцагчаас 37.000.000 төгрөгөөр худалдан авч урьдчилгаанд 7.000.000 төгрөг өгсөн гэх, хариуцагч мөн адил тайлбарыг гаргаж байна./-аар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.******* нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагчаас худалдан авахдаа үлдэх 30.000.000 төгрөгийг 2017 оны 2,3,4,5,6,7 саруудад 5.000.000 төгрөгөөр төлөхөөр гэрээгээр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагчтай гэрээгээр тохиролцсоны дагуу  2017 оны 2 дугаар сард төлөх байсан 5.000.000 төгрөгийг хариуцагчид төлөөгүйн  улмаас хариуцагч Д.*******, Б.******* нар 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид худалдсан тээврийн хэрэгсэл болох ******* улсын дугаартай автосамосвал машиныг буцаан авч гуравдагч этгээдэд худалдсан болох нь зохигчийн тайлбар, шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ гэжээ. Хариуцагч Д.*******, Б.******* нар 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид худалдсан тээврийн хэрэгсэл болох ******* улсын дугаартай автосамосвал машиныг буцаан авсан бөгөөд энэ өдөр нь нэхэмжлэгч өөрөө хариуцагч нарт өгч явуулсан болох нь мөн зохигч / нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэртээ ирэхэд нь хариуцагч нар түүний нөхөр Г.*******ны худалдан авсан машиныг авч явж байсан. Нөхөртөө мөнгөө авалгүй машин өгч явуулдаг нь яаж байгаан, намайг иртэл байлгаж байхгүй яасан юм гэж хэлсэн гэх тайлбар, хариуцагч Д.*******ын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төлөх байсан 5.000.000 төгрөгийг төлөөгүй учир худалдсан машинаа буцаан авч өөр хүнд худалдан борлуулж банкны зээлээ төлсөн гэх тайлбар/-ийн тайлбараар тогтоогдож байна. Иймээс хариуцагч нарыг Иргэний хуулийн 204.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн гэж үзнэ. Мөн зохигчийн хэн аль нь шүүх хуралдаанд гэрээнээс татгалзсан гэж тайлбарладаг. Нэгэнт гэрээнээс татгалзсан бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар авсан өгсөн зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******, Б.******* нараас гэрээний урьчилгаанд өгсөн 7.000.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.*******ны шаардах эрх нь Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэсэн байх тул 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлж 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр дуусвар болохоор байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан болох нь Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан дардасаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдох маргааны талаар 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр анх нэхэмжлэл гаргаж байсан. Хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. Хариуцагчийн хаягийг тодруулаад дахин 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэжээ.

Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргах нь гэдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу нэхэмжлэлийг харъяалах шүүхэд, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж гаргасан байхыг ойлгоно. Харин нэхэмжлэгч тогтоосон журмын дагуу гаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл, 65 дугаар зүйлийг зөрчсөн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал 2019 оны 11 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасныг нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан мөн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж байгаа боловч 2019 оны 11 дүгээр сард шүүхэд энэхүү маргаантай асуудлаар гаргаж байсан нэхэмжлэлийг нэхэмжлэгч Г.******* гаргаагүй харин түүний эхнэр С.******* нэхэмжлэгч Г.*******ноос итгэмжлэл авалгүйгээр гаргаж байсан болох нь хэргийн 86, 92-93-р хуудсан авагдсан Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл эрх нь зөрчигдсөн этгээд өөрөө нэхэмжлэл гаргана. Бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа бол түүнийг бүрэн эрхийг тодорхойлсон итгэмжлэлтэй байна гэсэн хуулийн шаардлагатай.

Иймд нэхэмжлэгч Г.*******ны эхнэр С.******* нь нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Д.*******, Б.******* нарын байгуулсан гэрээний харилцаанаас үүссэн маргаанд нэхэмжлэл гаргахдаа нөхөр Г.*******ноос хуулийн дагуу итгэмжлэл авалгүй нэхэмжлэл гаргаж байсан байх тул С.*******гийн тус шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлийг үндэслэн тухайн маргааны хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй.

 

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт  зааснаар Г.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдох 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.950 /нэг зуун тавин мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.000 /хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөгийг тус тус төрийн санд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ХИШИГДЭЛГЭР