Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 214/МА2020/00031

 

Г.Г ы нэхэмжлэлтэй, Д.Б ,

Б.Д  нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 880 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Г ы нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б , Б.Д  нарт холбогдох, 8.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э гийн давж заалдах гомдлоор 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч, хариуцагч Б.Д гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов. 

Нэхэмжлэгч Г.Г  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г  нь 2016 оны 12 дугаар сард Д.Б , Б.Д  нараас Хас банкинд 30.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэх **-** БУЛ дугаартай автосамосвал тээврийн хэрэгсэлийг 37.000.000 сая төгрөгөнд худалдаж авахаар тохиролцон гэрээ хийж, уг машины төлбөрийн урьдчилгаанд 7.000.000 төгрөгийг Д.Б т бэлнээр өгч, машины үнээс үлдэх 30.000.000 төгрөгийг 2017 оны 2,3,4,5,6,7 саруудад тус бүр 5 000 000 төгрөг төлөхөөр гэрээндээ тусгаж, 2016 оны 12 сарын 10-нд машиныг авч Өмнөговь аймагт ажил хийхээр явсан. Өмнөговьд 2016 оны 12 дугаар сарын 15-нд очиж “Ханамж” ХХК-тай автосамосвал машин түрээслэх гэрээ байгуулан эхний ачаа ачиж гараад л машин эвдэрч өөрөө буулгагч нь ажиллахгүй болж, мөн 5 дугуй нь хагарч явах боломжгүй болсныг авч сольж тавьсан боловч хуучин машин учир эвдрэл гэмтэл байн байн гараад уг гэмтлийн засах хугацаанд цалин мөнгөгүй, ашиг олох боломжгүй байсан учир 2017 оны 2 сард Булганд ирсэн. Булганд ирсний дараа Д.Б , Б.Д  нар нь манай хашаанаас машинаа асаагаад аваад явсан. Д.Б , Б.Д  нар нь тус машиныг цааш зарж борлуулсан байна. Иймд хариуцагч нараас машины урьдчилгаа 7.000.000 төгрөг, сэлбэг түлшний үнэ 1.500.000 төгрөг нийт 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б , Б.Д  нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Г той тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед машин эвдрэлтэй байсан ба засвар үйлчилгээнд гарах зардлыг машины үнэд оруулан тооцон 7.000.000 төгрөгийг Г.Г  гаргана. Эдгээрийн 4.000.000 төгрөг нь засварын үнэд, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг машины зээлэнд төлнө гэж тохирсон. 2017 оны 02 дугаар сарын 23-нд Хас банкинд 1.700.000 төгрөг төлөх байсан ба Г.Г г зээлээ төлөх талаар хэлэхэд төлж чадахгүй гэсэн. Тэгвэл төлж чадахгүй байгаа бол би машинаа авна гэж хэлсэн. Ингээд Б.Д тэй хамт машинаа шалгаж үзсэн. Машин бүрэн бүтэн асаж байсан тул машинаа авсан. Г.Г  нь миний банкны барьцаанд байсан машиныг 75 хоног ашигласан ба энэ хугацаанд надаас ямар нэгэн зүйл шаардаагүй намайг 3 сар хүлээлгэсэн. Энэ хугацаанд надаас 17.000.000 төгрөгийн хохирол гарсан. Одоо надаас 7.000.000 төгрөг нэхэмжилсэн учраас би 7.000.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна гэжээ.  

Хариуцагч Д.Б  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Г  нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр надтай тохирч **-** БУА улсын дугаартай ... авто машин худалдан авч Иргэний хуулийн дагуу гэрээ байгуулж, 3 сарын дараа эхний 5.000.000 төгрөгийг өгөхөөр тохирсон юм. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөнгөө төлөх ёстой байсан боловч өгч чадалгүй энэ хугацаанд миний машиныг 75 хоног ашигласан. 75 хоног ашигласны төлбөрт нэг сарын 2.000.000 төгрөгөөр бодож 3 сарын 6.000.000 төгрөг, уул машиныг гэрээгээр худалдсан учраас түрээсээр хэрэв өгсөн бол сарын 3.500.000 төгрөг байх ёстой. Энэ нь нийтийн жишиг гэрээ хэлцлийн ханштай юм. Б.Д  нь 2016 оны 3 дугаар сараас хойш 9 сар хүртэл ажиллажжд  21.957.515 төгрөг болсон юм. Энэ нь нэг сард дунджаар 3.500.000 төгрөг байдаг юм. Гэвч үүнийг сар тутам 1.500.000 хасч тооцов. Энэ нь 4.500.000 төгрөг болох юм. Хүү Д  нь ажилгүй 4 сар хүлээсэн. Энэ нь зээлийн гэрээний төлбөр ирэхийг хүлээгээд ажилд орж чадаагүй. Иймд энэ төлбөр найдваргүй болсон учир Д  нь сар тутам 1.000.000 төгрөгөөр хохирч өөрт 3.000.000 төгрөгийн хохирол гарсан. Эдгээрийн бүгд дүн 15.600.000 төгрөг болох юм. Миний машиныг 75 хоног хэрэглэсний элэгдлийг тооцож 1.400.000 төгрөг. Эдгээрийн бүгд дүн 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Б , Б.Д  нараас Хас банканд 30.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэх **-** БУЛ дугаартай тээврийн хэрэгсэлийг 37.000.000 төгрөгөнд худалдаж авахаар тохиролцон гэрээ хийж, уг машины төлбөрийн урьдчилгаанд Булган аймгийн Төрийн банкнаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эхнэр С.Э  өөрийн нэр дээр 8.000.000 төгрөгийн цалингийн зээл авсанаасаа, 7.000.000 төгрөгийг Д.Б гуайд бэлнээр өгч, машины үнээс үлдэх 30.000.000 төгрөгийг 2017 оны 2,3,4,5,6,7 саруудад тус бүр 5.000.000 төгрөг төлөхөөр гэрээндээ тусгаж, машиныг нэр дээрээ шилжүүлэх гэхээр банкны барьцаанд байгаад зээлээ төлж дуусахаас нааш шилжүүлэх боломжгүй байсан учир энэ талаар гэрээ хэлцэлдээ дурдаад 2016 оны 12 дугаар сарын 10-нд машиныг авч Өмнөговь аймагт ажил хийхээр явсан. ... 2017 оны 2 сарын эхээр Булганд гэртээ буцаж ирсэн. 2017 онд /Цагаан сарын баяр 2 сарын 27-нд болсон/ цагаан сараас 8-9 хоногийн өмнө буюу 2 сарын 17-18-ны үед Б  гуай манайд ирээд бидэнд худалдсан байсан машинаа манай гэрийн хашаанаас асаагаад аваад явчихсан. Тэгээд тэр машинаа цааш зарж борлуулж Банкны өрөө төлсөн талаараа өмнөх тайлбартаа бичсэн байсан. Д.Б , Б.Д  бидний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгдэж, гэрээнд зааснаар 2017 оны 2 дугаар сараас сар бүр 5 сая төгрөгөөр төлбөрөө хийх байсан, уг машин хэтэрхий хуучин машин учраас ажил гүйцэтгэх боломжгүй байсан. Б  гуайтай би өөрөө Өмнөговиос утсаар ярьж буцаж ирээд байтал 2017 оны 2 сарын 17-18-ны үед Д.Б , Б.Д  нар манай гэрт ирээд уг машинаа асаагаад аваад явснаар тэд Худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 264.1-д зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсний дагуу би машиныг буцааж өгсөн. Харин Д.Б  надаас авсан 7.000.000 төгрөгөө одоог хүртэл өгөөгүй байна.

Миний зүгээс ямар нэг хор хохирол учруулсан зүйл байхгүй, харин урьдчилгаанд өгсөн  7.000.000 төгрөг, бензин, шатахуун сэлбэгийн үнэ 1.500.000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн гэх Даатгалын гэрээнүүд нь 2016 оны 3 дугаар сард буюу надад машинаа 2016 оны 12 дугаар сард зээлээр худалдахаас өмнөх баримтууд байна. Түүний машинд тавьсан сэлбэг, зарцуулсан материалыг би буцааж аваагүй, Д.Б  машиндаа засвар арчлалт хийхэд надаас авсан мөнгөө зарцуулсан гэдгээ өөрөө нэхэмжлэлдээ бичсэн байна. Д.Б  гуайн нэхэмжилсэн 17 сая төгрөг нь ямар ч нотолгоогүй, үндэслэлгүй тул хэрэгсэхгүй эж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх манай нөхөр Г.Г 2016 оны 12 сард Д.Б, Б.Д  нартай худалдах, худалдан авах гэрээ хийгээд машиныг УлаанБ  хотод очиж хамтарч засаж, моторын ээлж хийсэн байна лээ. Тэр үедээ бэлнээр урьдчилгаа болгож 7.000.000 төгрөг өгөөд гэрээ хийсэн байсан. Нийтдээ 37.000.000 төгрөгийн гэрээ хийсэн байсан. Үлдэгдэл 30.000.000 төгрөгийг тодорхой хугацаанд төлөхөөр гэрээ хийгээд худалдаж авсан. Манай нөхөр засварчинтай цуг ажилаад Өмнөговийн нүүрсний уурхай руу аваад явахаар болоод гарсан. Тэр үед би Төрийн банкнаас цалингийн 8.000.000 төгрөгийн зээл авсан. Тэгээд нөхөртөө 7.000.000 төгрөг өгсөн. ...Манай нөхөр үргэлж над руу утасдаад машин болохгүй байна гэж ярьдаг байсан. Өмнө нь 6, 7 жил ажилласан болохоор таньдаг хүн ихтэй байсан. Хүн болгоноос машины болохгүй байгаа зүйлүүдийг аваад 1 сар болсон. Манай нөхөр олон жил машин барьсан учраас эвдрэлгүй авчирсан. Тэгээд ирээд 2-3 хонож байсан. Тухайн өдөр /2017 оны 2 дугаар сарын 18/ намайг цайны цагаар ирэхэд Д.Б  хүүхэдтэйгээ ирээд машиныг аваад явсан. Би гарч байхад нь таарсан. Би гэртээ ороод чи яаж байгаа юм бэ хоёулаа мөнгөө өгөөд авсан шүү дээ мөн гэрээ хийсэн. Яагаад өгөөд явуулчихаж байгаа юм бэ? гэхэд за яахав дээ хөгшин настай хүн байна аваад ирэх байлгүй дээ гэж бодсон. Тэгээд түүнээс хойш ганц ч холбоо бариагүй. Бид хоёр хүлээцтэй хандаад 1 жил гаруй 2 жил болсон. Нөхөр бид хоёр 7.000.000 төгрөг машины сэлбэг болон 5 дугуй  нийтдээ 8.500.000 төгрөг нэхэмжилж байна байсан. Би хариуцагчтай тохиролцохгүй. хариуцагчид 8.000.000 төгрөг төлөх боломжгүй үндэслэлгүй зүйл ярьж байна. Эд хөрөнгөө худалдсан учраас ажилгүй байна уу? ажилтай байна уу? манай талд хамаагүй. Харин бид нэхэмжлэлийн шаардлагаа 1.500.000 төгрөгөөр багасгаж, гэрээний урьдчилгаанд өгсөн 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 8.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.  Г.Г  3 сар хэрэглэж байгаад Говиос авчирсан. Тэр хугацаанд гарсан зардал, хохирлыг Г.Г оос нэхэмжилж байгаа. Г.Г  миний хүүгийн машиныг 37.000.000 төгрөгөөр худалдаж аваад 7.000.000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. 30.000.000 төгрөгийн зээл аваад авч явсан. Надад бүх баримт байгаа.  6 сарын хугацаанд сар бүр 5.000.000 төгрөгийг төөлөөд явна гэж Г.Г  худалдаж авсан. Гэрээнд заасан хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Би эхний 5.000.00 төгрөгийн авах гээд очиход төлж чадахгүй гэсэн учир машиныг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр буцааж авсан. Тиймээс анхны гэрээ цуцлагдсан. Надаас гарсан хохирлыг төлнө шүү би 5 сарын хугацаанд машины зээлийг төлсөн. Мөн бензиний 400.000 төгрөгийг Г.Г ыг явахад өгсөн. Сэлбэг засварын үнийг би төлсөн. Эхний ээлжинд 8.000.000 төгрөг Г.Г ы ашиглаж байсан хугацааны зээлийн мөнгө би төлсөн, хоёдугаарт 17.000.000 төгрөгөөс багасгаад 8.000.000 төгрөг нэхэмжилж байна. 5.000.000 төгрөг нь анх авахдаа төлнө гэсэн нэг сарын төлбөр, мөн хүү Б.Д  Г.Г ыг мөнгө өгөөгүй улмаас ажилдаа явж чадаагүй 3 сарын хугацааны цалин 3.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 880 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт  зааснаар Г.Г гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б , Б.Д  нарт холбогдох 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.950 /нэг зуун тавин мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.000 /хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөгийг тус тус төрийн санд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.гэж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах гомдолдоо: “...Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 880 дугаар шийдвэрийг 10 дугаар сарын 29-ний өдөр гардаж аваад дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: Г ы нэхэмжлэлтэй Б , Д  нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Б , Д  нартай байгуулсан гэрээнд 2017 оны 2 дугаар сараас эхэлж 7 сар дуустал хугацаанд сар бүр 5 сая төгрөг төлөхөөр тохиролцсон байсан ба эхний төлөлт хийх хугацаа дуусаагүй, гэрээний зөрчил үүсээгүй байхад Б  гуай гэнэт ирээд машинаа буцааж аваад явчихсан байсан. Гэрээний хугацаа 2017 оны 8 дуугаар сард дуусах байсан. Б  гуай машиныг авч явах үед Цагаан сар болох дөхөж 7-8 хоног дутуу байсан, битүүний урд өдөр Г  хүүтэйгээ Б  гуайнд очиж 7 сая төгрөгөө авах талаар хэлэхэд нь мөнгөтэй болоод өгнө гэсэн байсан. Машинаа зарчихаад мөнгөтэй болоод өгөх юм байх гэж бид хүлээсэн боловч өгөөгүй. Миний нөхөр Г  2019 оны 5 дугаар сард тус Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж Б , Д  нарт холбогдуулан өргөдөл гаргаж эвлэрэл амжилтгүй дуусгавар боллоо гэж байсан ба энэ тухай шүүх хуралдаан дээр хэлэхэд шүүгч нь тэр манайд хамаагүй, эвлэрүүлэн зуучлагч гэдэг чинь Тамгын газрын харьяаны хүмүүс, тэнд хандсаныг шүүхэд хандсан гэж үзэхгүй гэж хэлж байсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх гэж бодож байна. Мөн Б  гуай 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа гэрээний ...”нөгөө тал Г овогтой Г , эхнэр Э ” гэж өөрийн гараар бичсэн болох нь түүний хэргийн материалд хавсаргаж өгсөн гэрээнээс тодхон харагдаж байдаг. Г ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э  миний бие Б  гуайд машины урьдчилгаа өгөхийн тулд Төрийн банкнаас 8 сая төгрөгийн цалингийн зээл авч 7 сая төгрөгийг Б  гуайд бэлнээр өгч байсан тухай зээлийн баримт хэрэгт авагдсан, Б  гуай ч гэрээнийхээ төгсгөлд өөрийн гараар 7 сая төгрөг авсан тухайгаа бичсэн байдаг.

С.Э  би өөрийгөө гэрээний оролцогч гэж үзэн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан тухайгаа мөн 11 дүгээр сарын 22-ны өдөр утсаар мэдэгдэж тэр өдөрт нь хаягийг тодруулаад нэхэмжлэлээ шүүхэд өгч, шүүх намайг тухайн үед нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзээгүй уг нэхэмжлэлээр 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарч 20-ны өдөр шүүх хуралдаан болж өмнө нь эвлэрэлтэйгээ 3 дахь удаагаа хандахад нэхэмжлэгч гэж үзэж байснаа, гэнэт “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй” гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжид С.Э  миний бие гомдол гаргаж хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүгч Л.Хишигдэлгэр, Г.Мягмарсүрэн, Д.Элбэгзаяа \урд нь эвлэрүүлэн зуучлагчаар оролцож байсан учир өөрөө татгалзах байсан\ нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, ямар ч хууль зүйн үндэслэл заалгүйгээр Д.Б ын “Э  гэж хүнийг танихгүй, Г  гэж хүнтэй гэрээ байгуулсан” гэх тайлбар, \гэрээнд ...нөгөө тал ..эхнэр Э  .. гэж бичигдсэн байхад\ гэрээгээр Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ нь Г.Г , Б , Д  нарын хооронд байгуулагдсан, хариуцагч талаас гэрээг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байгаа нь хэргийг 117.1-ээр хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон \хариуцагчаас гэрээг ирүүлсэн бол буцаана хэрэгсэхгүй болгоно гэсэн хуулийн заалт огт байхгүй атал\ гэх зэргээр дүгнэж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлээд ийм шийдвэр гарсан талаар 2 сарын 13-нд утсаар мэдэгдсэн, гардуулж өгөөгүй, 2 сарын 20-ны өдөр шүүхийн тогтоолыг гардаж авах хугацаа дууссан.

Гэтэл шүүхийн 880 тоот шийдвэрт Иргэний хуулийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. “, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65-д заасан шаардлага хангаагүй нэхэмжпэл гаргасан гэсэн нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 4-нд шүүхэд нэхэмжлэл гаргахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-аар хүлээн авахаас татгалзаад уг захирамжийг гардаж авсан өдрөө зөрчлийг арилган буцаан өгч шүүх мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангасан, 65 дугаар зүйлд заасан татгалзах үндэслэл байхгүй гэж үзээд иргэний хэрэг үүсгэн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байдаг. Шүүх анх буцаахдаа л нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж буцаасан бол иргэн би шүүхэд нэхэмжлэл гаргахгүй эрх бүхий этгээд нь нэхэмжлэлээ гаргаад хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй байх байсан.

Монгол улсын Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж заасны дагуу 2019 оны 5 дугаар сард шүүхэд хандаж /эвлэрэлд/ 11 дүгээр сард нэхэмжлэл гаргаж уг хэргийн нэхэмжлэлийн шаардлага, агуулга, хариуцагч нар болон тэдний тайлбар өөрчлөгдөөгүй одоог хүртэл үргэлжилсээр дээрх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл бүтэн 3 сар 16 хоног шүүхээр уг хэрэг хэлэлцэгдсэн, Г.Г  2020 оны 3 дугаар сарын эхээр тус шүүхэд өөрийн нэрээр дахин нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгэгдэн одоог хүртэл бүтэн жил гаруй хугацаанд шүүхээр хэрэг маань хэлэлцэгдэж байгааг шүүхэд хандсан гэж үзэхгүй байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 880 тоот шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Г  нь хариуцагч Д.Б ,Б.Д  нарт холбогдуулан 8.500.000 төгрөг гаргуулах, хариуцагч Д.Б  нь нэхэмжлэгч Г.Г гоос 17.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус  гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Г  нь  7.000.000 төгрөг, хариуцагч Д.Б  8.000.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас  үзэхэд зохигчид 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгслийг 37.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэхэмжлэгч Г.Г  нь урьдчилгаанд  7.000.000 төгрөг өгч үлдэх 30.000.000 төгрөгийг 2017 оны 2, 3, 4, 5, 6, 7 дугаар саруудад тус бүр 5.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасантай нийцсэн байна. /х.х-ийн 7/

Хариуцагч Д.Б , Б.Д  нар нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэрээний зүйл болох **-** БУЛ дугаар бүхий тээврийн хэрэгслийг буцаан авсан нь   нэхэмжлэгч  Г.Г  гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээнээс татгалзсан  гэж үзэх үндэслэлтэй бөгөөд  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч нараас урьдчилгаанд өгсөн гэх  7.000.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч Г.Г ы эхнэр  С.Э нь зохигчдын хооронд үүссэн маргаанд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар нөхөр Г.Г оос хуулийн дагуу итгэмжлэл аваагүй бөгөөд анхан шатны шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан ”гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэснийг баримтлан нэхэмжлэлийн хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн Иргэний хууль буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126.950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг  төрийн үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

    

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Ё.БЯМБАЦЭРЭН

       ШҮҮГЧИД                            Д.МӨНХӨӨ

                                                            М.ХҮРЭЛБААТАР