Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 21

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 455 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Г гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б , Б.Д  нарт холбогдох, 8.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Г.Г гоос 17.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Д.Б , Б.Д  нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатар ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Д.Б , нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Г  нь 2016 оны 12-р сард Д.Б , Б.Д  нараас Хас банканд 30.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэх **-** БУЛ дугаартай автосамосвал тээврийн хэрэгсэлийг 37.000.000 төгрөгөнд худалдаж авахаар тохиролцон гэрээ хийж, уг машины төлбөрийн урьдчилгаанд 7 сая төгрөгийг Д.Б т бэлнээр өгч, машины үнээс үлдэх 30.000.000 төгрөгийг 2017 оны 2, 3, 4, 5, 6, 7 саруудад тус бүр 5.000.000 төгрөг төлөхөөр гэрээндээ тусгаж, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр машиныг авч Өмнөговь аймагт ажил хийхээр явсан. Өмнөговьд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр очиж “Х ” ХХК-тай автосамосвал машин түрээслэх гэрээ байгуулан эхний ачаа ачиж гараад л машин эвдэрч өөрөө буулгагч нь ажиллахгүй болж, мөн 5 дугуй нь хагарч явах боломжгүй болсныг авч сольж тавьсан боловч хуучин машин учир эвдрэл гэмтэл байн байн гараад уг гэмтлийн засах хугацаанд цалин мөнгөгүй, ашиг олох боломжгүй байсан учир 2017 оны 2 сард Булганд ирсэн. Булганд ирсний дараа Д.Б , Б.Д  нар нь манай хашаанаас машинаа асаагаад аваад явсан. Д.Б , Б.Д  нар нь тус машиныг цааш зарж борлуулсан байсан. Иймд хариуцагч нараас машины урьдчилгаа 7 000 000 төгрөг, сэлбэг түлшний үнэ 1 500 000 төгрөг нийт 8 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Б , Б.Д  нараас Хас банканд 30.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэх **-** БУЛ дугаартай тээврийн хэрэгсэлийг 37.000.000 төгрөгөнд худалдаж авахаар тохиролцон гэрээ хийж, уг машины төлбөрийн урьдчилгаанд Булган аймгийн Төрийн банкнаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эхнэр С.Э  өөрийн нэр дээр 8.000.000 төгрөгийн цалингийн зээл авснаасаа, 7.000.000 төгрөгийг Д.Б  гуайд бэлнээр өгч, машины үнээс үлдэх 30.000.000 төгрөгийг 2017 оны 2, 3, 4, 5, 6, 7 саруудад тус бүр 5.000.000 төгрөг төлөхөөр гэрээндээ тусгаж, машиныг нэр дээрээ шилжүүлэх гэхээр банкны барьцаанд байгаад зээлээ төлж дуусахаас нааш шилжүүлэх боломжгүй байсан учир энэ талаар гэрээ хэлцэлдээ дурдаад 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр машиныг авч Өмнөговь аймагт ажил хийхээр явсан. Өмнөговьд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр очиж “Х ” ХХК-тай автосамосвал машин түрээслэх гэрээ байгуулан хэсэг хугацаанд ажиллахаар болоод ажиллах гэтэл Б  гуайгаас худалдаж авсан машин нь эвдрэл гэмтэл ихтэй, өөрөө буулгагч нь ажиллахгүй болж, ажил гүйцэтгэж чадахаа байгаад 2017 оны 2 сарын эхээр Булганд гэртээ буцаж ирсэн. 2017 онд /Цагаан сарын баяр 2 сарын 27-нд болсон/ Цагаан сараас 8-9 хоногийн өмнө буюу 2 сарын 17-18-ны үед Б  гуай манайд ирээд бидэнд худалдсан байсан машинаа манай гэрийн хашаанаас асаагаад аваад явчихсан. Тэгээд тэр машинаа цааш зарж борлуулж Банкны өрөө төлсөн талаараа өмнөх тайлбартаа бичсэн байсан. Д.Б , Б.Д  бидний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгдэж, гэрээнд зааснаар 2017 оны 2 дугаар сараас сар бүр 5 сая төгрөгөөр төлбөрөө хийх байсан, уг машин хэтэрхий хуучин машин учраас ажил гүйцэтгэх боломжгүй байсан. Б  гуайтай би өөрөө Өмнөговиос утсаар ярьж буцаж ирээд байтал 2017 оны 2 сарын 17-18-ны үед Д.Б , Б.Д  нар манай гэрт ирээд уг машинаа асаагаад аваад явснаар тэд Худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 264.1-д зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсний дагуу би машиныг буцааж өгсөн харин Д.Б  надаас авсан 7.000.000 төгрөгөө одоог хүртэл өгөөгүй байна. Миний зүгээс ямар нэг хор хохирол учруулсан зүйл байхгүй, харин урьдчилгаанд өгсөн 7.000.000 төгрөг, бензин, шатахуун сэлбэгийн үнэ 1.500.000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн гэх Даатгалын гэрээнүүд нь 2016 оны 3 дугаар сард буюу надад машинаа 2016 оны 12 дугаар сард зээлээр худалдахаас өмнөх баримтууд байна. Түүний машинд тавьсан сэлбэг, зарцуулсан материалыг би буцааж аваагүй, Д.Б  машиндаа засвар арчлалт хийхэд надаас авсан мөнгөө зарцуулсан гэдгээ өөрөө нэхэмжлэдээ бичсэн байна. Д.Б  гуайн нэхэмжилсэн 17 сая төгрөг нь ямарч нотолгоогүй, үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 12 дугаар сарын 10-нд гэрээ хийж Д.Б , Б.Д  нараас “SINOTRUKZZ 32” маркийн машиныг 37.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод тус тээврийн хэрэгсэлд УлаанБ  хотод 10 гаруй хоног засвар хийсэн. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр 7.000.000 төгрөг урьдчилгаанд өгсөн. 30.000.000 төгрөг 02 дугаар сараас эхэлж төлөхөөр байсан. 2016 оны 12 дугаар сарын 26-27-нд Өмнөговь аймагт Таван толгойд “Х ” ХХК-д ажиллах гэрээ хийсэн. Машин эвдрэл ихтэй байсан учраас 1 сар болоод гэрээгээ цуцлаад ирсэн.  Ирэхээсээ өмнө “машин эвдрээд болохгүй байна” гэж 2017 оны 01 дүгээр сарын 20-д гаргаад Б  гуайтай ярьсан.  Тэгээд 2 сарын эхээр Булган аймагт ирсэн маргааш нь Б  гуайн гэрийг нь заалгаад очиж уулзсан. Эвдээд ажил үүрэг гүйцэтгэж болохгүй байна. Тэгээд Д.Б , Б.Д  нар нь машинаа 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр асаагаад аваад явсан.  Миний машины урьдчилгаанд өгсөн мөнгө болон бусад зардлыг өгөх байх гэж бодож байсан боловч өгөлгүй 2 жил болж болсон гэв.  

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Г той тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед машин эвдрэлтэй байсан ба засвар үйлчилгээнд гарах зардлыг машины үнэд оруулан тооцон 7 000 000 төгрөгийг Г.Г н гаргана. Эдгээрийн 4.000.000 төгрөг нь засварын үнэд, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг машины зээлэнд төлнө гэж тохирсон. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хас банканд 1.700.000 төгрөг төлөх байсан ба Г.Г г зээлээ төлөх талаар хэлэхэд төлж чадахгүй гэсэн. Тэгвэл төлж чадахгүй байгаа бол би машинаа авна гэж хэлсэн. Ингээд Б.Д тэй хамт машинаа шалгаж үзсэн. Машин бүрэн бүтэн асаж байсан тул машинаа авсан. Г.Г  нь миний банкны барьцаанд байсан машиныг 75 хоног ашигласан ба энэ хугацаанд надаас ямар нэгэн зүйл шаардаагүй намайг 3 сар хүлээлгэсэн. Энэ хугацаанд надаас 17.000.000 төгрөгийн хохирол гарсан. Одоо надаас 7.000.000 төгрөг нэхэмжилсэн учраас би 17.000.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Машин худалдах, худалдан авах гэрээний дагуу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг өгөх хуваарь заалтаар уул мөнгөнөөс тооцох ёстой юм. Г.Г  нь миний машиныг зальт аргаар 3 сар болох 75 хоног ашигласны төлбөрт нэг сарын 2.000.000 төгрөгөөр бодож 3 сарын 6.000.000 төгрөг нэхэмжилж байна. Уул машиныг гэрээгээр худалдсан учраас түрээсээр хэрэв өгсөн бол сарын 3.500.000 төгрөг байх ёстой. Энэ нь нийтийн жишиг гэрээ хэлцлийн ханштай юм. Б.Д  нь 2016 оны 3 дугаар сараас хойш мөн оны 9 дугээр сарыг хүртэл ажиллаад 21.957.515 төгрөг болсон юм. Энэ нь нэг сард дунджаар 3.500.000 төгрөг байдаг юм. Гэвч үүнийг сар тутам 1.500.000 хасч тооцов. Энэ нь 4.500.000 төгрөг болох юм. Хүү Д  нь ажилгүй 4 сар хүлээсэн. Энэ нь зээлийн гэрээний төлбөр ирэхийг хүлээгээд ажилд орж чадаагүй. Иймд энэ төлбөр найдваргүй болсон учир Д  нь сар тутам 1.000.000 төгрөгөөр хохирч өөрт 3.000.000 төгрөгийн хохирол гарсан. Эдгээрийн бүгд дүн 15.600.000 төгрөг болох юм. Миний машиныг 75 хоног хэрэглэсний элэгдлийг тооцож 1.400.000 төгрөг нэхэмжлэв. Эдгээрийн бүгд дүн 17.000.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн зүйл заалтыг үндэслэж худалдах худалдан авах гэрээ хийсэн. Г.Г д өгсөн машин Хятад улсад үйлдвэрлэсэн, 25-30 тонны даацын машин. Энэ машиныг худалдаж авна гэсэн санал гаргаж яриа эхэлсэн. Яриа эхлэхдээ нэгдүгээрт машинд засварт орно гэж ярьсан. Хоёр том ачаа тэнцүүлэгчийн 1 нь эвдэрсэн байсан. Манай хүүтэй таараад авна гээд 37.000.000 төгрөгөөр зарна гэж яриад тохирсон. Нилээн олон жил явсан машин бөгөөд 2 төрлийн засвар хийж өгнө гэж тохирсон. УлаанБ  орж мэргэжлийн засварчин аваад засаад өгнө гэхэд Г.Г  “өөрөө засна” гээд засварын газарт орхиод явсан. Би Г ноос асуусан “7.000.000 төгрөг өгчихвөл үлдэгдэл 30.000.000 төгрөгийг яах вэ?” гэхэд дараа нь хуваагаад төлөөд явна гэж хэлсэн. 7.000.000 төгрөгийг надад өгөөд 350.000 төгрөгт моторт ээлж хийсэн, палмсерт засвар хийгээд машин 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бэлэн болсон. Г.Г  “явах гэсэн бензин байхгүй” гээд манай хүн түлшний мөнгө болох 400.000 төгрөг өгсөн. Тэгээд Өмнөговь руугаа явсан. 2017 оны 02 дугаар 23-ны өдөр 5.000.000 төгрөгийг өгөх ёстой байсан тэр мөнгөө өгөөгүй.  Машинаа засч байна гэж 2017 оны 01 дүгээр сарын дундуур нэг удаа ярьсан. Өөр яриагүй. Энэ хүн эвдэрхий машин авсан гэж яриад байгаа. Энэ ярьж байгаа зүйл нь худлаа. Тэр машины өөрөө өргөгч 30 тонн дээшээ өргөдөг байсан. Ерөөсөө эвдэрнэ гэж байхгүй. Тэнд очоод ажиллаагүй гэдэг нь худлаа. Миний хохирлыг төлөх ёстой. Тэгээд 5.000.000 төгрөг төлөөгүй тул би банканд зээлээ өөрөө хийсэн. Нэг ч төгрөг өгөөгүй, машин чинь эвдэрхий гэж хэлсэн ор сураггүй 75 хоноод машины мөнгө өгөөгүй. Бид хоёрын дунд маргаан үүссэн. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр мөнгөө нэхэж хүүтэйгээ очиход Г.Г  “мөнгө байхгүй, ажил хийж чадаагүй” гэсэн би “гэрээгээ цуцалъя хоёулаа хоорондоо тохиролцоод чиний мөнгийг төлөөд чи бас миний мөнгийг төл” гэж ярьсан. Өмнөговьд засвар орсон мөнгийг надаас авна гэж байна. Тийм зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 455 дугаартай шийдвэрээр:

  1. Иргэний хуулийн 243 дугар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Д.Б , Б.Д мөрөг нараас 7 000 000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах, 17 000 000 /арван долоон сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нэхэмжлэгчийн 150.950 /нэгзуун тавин мянга есэн зуун тавь/ төгрөг, хариуцагчийн 243.000 /хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөгөөс 235.315 /хоёр зуун гучин таван мянга гурван зуун арван тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 7685 /долоон мянга зургаан зуун наян тав/ төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Б т, хариуцагч нараас 126.950 /нэг зуун хорин зургаан мянга есэн зуун тавь/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Г.Г д тус тус буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б , Б.Д  нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Г н нь хариуцагч нараас 8.500.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б , Б.Д  нар нь Г.Г ноос 17.000.000 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх хянаад үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 7.000.000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж үлдсэн 1.500.000 төгрөг гаргуулах хэсэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гомдлын үндэслэлийн талаар: Хэдийгээр шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч гэрээнээс татгалзсантай холбоотойгоор өгсөн авсан зүйлээ харилцан буцаах тухай мөн хуулийн 205-р зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримталсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Учир нь талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээний хугацаанд худалдсан эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор маргаан үүсч улмаар талууд өгч авалцсан зүйлээ харилцан буцаах талаар тохиролцсон буюу гэрээнээс татгалзах тухай харилцан мэдэгдэж улмаар хариуцагч нар нь 35- 45 БУЛ дугаартай ачааны зориулалт бүхий автомашиныг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Г.Г ноос буцаан авч бусдад худалдсан тул автомашин буцаан авсан өдрийг гэрээнээс татгалзсан өдөр гэж үзнэ. Ингэснээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар буюу эрх зөрчигдсөн тухай мэдэгдсэнээр талуудын шаардах эрх үүсчээ. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээгээр зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар энэ өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Гэтэл нэхэмжлэгч Г.Г н нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Харин нэхэмжлэгчийн эхнэр С.Э  хариуцагч нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 132/ШШ32020/00266 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулинд нийцжээ. Гэхдээ шаардах эрхгүй этгээд болох С.Э  нь хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл үйл баримтыг нэхэмжлэгч Г.Г н шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу Иргэний хуулийн 79 дугаар зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 7. 2.1 дэх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Санал гаргах нь: Худалдах, худалдах хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх хугацаа хуулийн зүйл заалтын дагуу мөрдөгдөж байгаагаар 02 дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг бэлэн өгөх ёстой учраас Г.Г н надад хууль ёсоор өгөх болно. Миний хүү Б.Д  нь энэ гэрээний төлбөрийг хүлээгээд 75 хоног хохирсон, мөн уул машиныг 75 хоног Г.Г н эзэмшсэний зардал, элэгдэл хоргодол оролцвол 3.000.000 төгрөг гарах бөгөөд бүгд 8.000.000 төгрөг болно. Ийм Г.Г н бид хоёрыг өглөг, авлагагүй болгож өгөхийг хүсч байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 132/ШШ2020/00455 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Г  нь хариуцагч Д.Б , Б.Д  нарт холбогдуулан 8.500.000 төгрөг гаргуулах тухай, Д.Б  нь Г.Г ноос 17.000.000 төгрөг гаргулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээ байгуулж нэхэмжлэгч Г.Г  нь хариуцагч Б.Д гийн “SINOTRUKZZ 32” маркийн **-** БУЛ дугаартай тээврийн хэрэгслийг 37.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 7.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлж дуусгахаар тээврийн хэрэгслийг хүлээн авчээ.

Хариуцагч Д.Б , Б.Д  нар нь дээр дурдсан тээврийн хэрэгслийн үнийг худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй гэж үзэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Г.Г ноос тээврийн хэрэгслээ буцааж авсан  байна.

 Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ  дээр дурдсан үйл баримт нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т “ Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэснийг Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т “гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно” гэсэнтэй нийцсэн эсэхэд  дүгнэлт хийгээгүй нь хууль хэрэглээний хувьд алдаа болжээ.

Нөгөө талаар анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэснийг анхаарч үзээгүй Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх талаар судлаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.   

Харин хариуцагч Д.Б  нь нэхэмжлэгч Г.Г д холбогдуулан зээлийн төлбөр 6.573.061 төгрөг, түрээсийн төлбөр 4.500.000 төгрөг, олох байсан орлого 3.000.000 төгрөг, тээврийн хэрэгсэл 75 хоног ашигласны элэгдэл хорогдлын төлбөр 1.400.000 төгрөг, нийт 17.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа  баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Б ын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5- дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

1. Хариуцагч Д.Б , Б.Д  нарын давж заалдсан гомдлыг  хангаж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 455 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч Д.Б , Б.Д  нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 /зуун хорин зургаа есөн зуун тавин/ төгрөгийг  шүүгчийн захирамжаар  буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Ё.БЯМБАЦЭРЭН

                                 ШҮҮГЧИД                                      Д.МӨНХӨӨ  

                                                                                        М.ХҮРЭЛБААТАР