Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2020/00506

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

НэхэмжлэгчХөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулах Анунхангай хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох

Түрээсийн төлбөр, алданги 5.227.752 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 155/2020/00060/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэболд, хариуцагч Анунхангай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ч.Найдансүрэн, хариуцагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шинэ Мөрөн худалдааны төв ОНӨХК нь Анунхангай ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1 жилийн хугацаатай ахуйн барааны /бөөний/ зориулалттайгаар 1 м2-ийг 22.000 төгрөгөөр тооцон 53 м2 талбайг түрээслэгч талыг төлөөлж Анунхангай ХХК-ийн захирал Чулуунбаатарын Найдансүрэн нь түрээсийн №1-00083 дугаартай гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх гэрээ байгуулахдаа түрээслэгч нэг сарын төлбөр болох 1.166.000 төгрөгийг төлсөн болно. Түрээсийн гэрээ байгуулахдаа манай байгууллагаас түрээслэгч талыг 1 сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн ба 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш түрээсээ төлөх хуваарь гаргаж өгсөн боловч төлбөр хийгдээгүй өнөөдрийг хүрсэн. Манай байгууллагаас түрээсийн төлбөрийг Анунхангай ХХК-аас гаргуулахаар анх Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Анунхангай ХХК-аас үнийн дүнг зөвшөөрөөгүй тул эвлэрэл амжилтгүй болсон гэдэг үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Түүний дараагаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Анунхангай ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Анунхангай ХХК-ийн захирал ажилтай Чулуунбаатарын Найдансүрэн нь оршин суух хаягтаа байхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн бөгөөд манай байгууллагын зүгээс Анунхангай ХХК-ийн захирал ажилтай Чулуунбаатарын Найдансүрэнг эрэн сурвалжлуулахаар дахин шүүхэд хандсан боловч одоо хариуцагч нь хаягтаа байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзсан. Манай байгууллагын хувьд түрээслэгч Анунхангай ХХК-ийн захирал ажилтай Чулуунбаатарын Найдансүрэнгээс түрээсийн төлбөр гаргуулахаар удаа дараа шүүхэд хандахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн, мөн цаг хугацааны хувьд хугацаа алдаж байна. Иймд Анунхангай ХХК-ийн захирал Ч.Найдансүрэнгээс нийт түрээсийн төлбөр 3.423.000 төгрөг, түрээсийн гэрээний 4.5-д заасны дагуу алданги 1.804.752 төгрөг, нийт 5.227.752 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анунхангай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч түрээсийн гэрээг байгуулж байсан. Уг гэрээнд Шинэ Мөрөн худалдаа үйлчилгээний төв дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, түрээсийн төлбөрийг төлөх, гэрээнд заасан хугацаа зэргийг хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн гэрээг байгуулсан. Энэ гэрээг хийхдээ манай байгууллагатай уулзаж тохижолтын үйл ажиллагааг хийх хүсэлт гаргасныг бид хүлээж авсан. Тохижилтоо хийсэн боловч энэ компани нь үйл ажиллагаагаа явуулахгүй байсан. Гэрээ ёсоор үйл ажиллагаагаа явуулах ёстой гэдгийг захирал Ч.Найдансүрэнд хэлж шаардсан боловч өөрийн гэсэн худалдагч байхгүй, бараа бүтээгдэхүүн ирээгүй байна гэх мэт шалтгаан тоочиж үйл ажиллагаагаа явуулаагүй. Аль аль талдаа шинээр бизнес эхлүүлж байгаа гэдэг үүднээс хүндэтгэн үзэх шалтгааныг ойлгож Анунхангай компаниас 2 сарын түрээсийн төлбөрийг буюу 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааг захирал Ч.Найдансүрэнтэй ярилцаж тохиролцсоны үндсэн дээр миний зөвшөөрлөөр хөнгөлсөн. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрийг 2018 оны 4 дүгээр сарын 31-ний дотор төлнө гэж хүлээн зөвшөөрсөн. Бусад төлбөрийг бол тухайн үед нь графикийн дагуу төлнө гэж тохиролцож Ч.Найдансүрэн гуай өөрөө баталгаажуулж гарын үсэг тамга тэмдэг дарсан баримт байгаа. Анунхангай компани нь төлбөрөө төлөхгүйгээс гадна манай байгууллагыг ор үндэслэлгүй гүтгэж 2 давхраас дусаал гоожиж бараа материал болон үнэт зүйлүүд эвдэрч гэмтсэн гэдэг боловч энэ талаар гэрээнд заасны дагуу манай захиргаанд бичгээр гомдол санал гаргаж мэдүүлэх журамтай байтал энэ талын хүсэлт шаардлага гаргаж байгаагүй учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Анунхангай компани нь байгууллага дээр тохижолт хийсэн зардлаа хасуулна гэж үздэг юм байна. Түрээсийн гэрээний 6.2.4-т түрээслэгч түрээсийн гэрээний дагуу тохижолт хийсэн зардлаа өөрсдөө хариуцах ёстой гэж заасан. Ингэхээр тохижолттой холбоотой зардлыг бид хариуцан төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Тохижуулсан эд зүйлсээ энэ компани нь өөрсдөдөө буцаагаад аваад явсан. Манай төвд одоогийн байдлаар 300 гаруй байгууллага болон хувь хүмүүс 2 жилийн хугацаанд тогтмол үйл ажиллагаа явуулж, энэ төвийнхөө зэргэлдээ сумдын товчоог байгуулж, засмал замаар төв замтай холбож, гадна талдаа авто зогсоол, агуулах байршуулах гэх мэт тухайн үед хэлж ярьж байсан зүйлийг одоо бүгдийг хийж гүйцэтгэсэн. Тухайн үед Анунхангай компанид хөнгөлөлт үзүүлж тусалж дэмжиж байсан, бидний хийсэн гэрээ бичиг баримт бүгд цаасан дээр тамга тэмдэгтэй байгаа болохоор нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна.

Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түрээсийн төлбөр 3.423.000 төгрөг, алданги 1.804.752 төгрөг, нийт 5.227.752 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2018 оны 3, 4, 5 сарын түрээсийн төлбөрийг өвлийн цагийн үнэ тарифаар тооцож сард 832.000 төгрөгөөр, 2018 оны 6 сараас зуны цагийн үнэ тарифаар буюу 624.000 төгрөг, 2018 оны 7 сарын 15 хүртэл хугацааны төлбөр 312.000 төгрөг, нийт 3.432.000 төгрөг, түүний алданги 1.508.160 төгрөг, бүгд 4.940.160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Анунхангай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ч.Найдансүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Анунхангай ХХК нь 2018 оны 01 сарын 08-ны өдөр Шинэ Мөрөн худалдааны төв ОНӨХК-тай түрээсийн гэрээ байгуулан тус худалдааны төвд 53м2 өрөө түрээсэлсэн. Өрөөний засвар үйлчилгээ, лангуу, тавиур зэрэг тохижилт хийж 2018 оны 4 дүгээр сарын 15-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Анунхангай ХХК-ийн зүгээс яг ажилласан, үйл ажиллагаа явуулсан саруудын түрээсийн төлбөрийг төлье гэсэн саналыг удаа дараа тавьж байсан бөгөөд нэхэмжлэгч Шинэ Мөрөн худалдааны төв ОНӨХК-ийн зүгээс уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй, санал зөрсөн байдалтай байсан нь энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Түрээслэгчийн үйл ажиллагаа хэвийн явагдахад түрээслүүлэгчийн зүгээс саад тотгор учруулах бодит нөхцөл байдлыг бий болгож байсан бөгөөд энэ байдлыг ч мөн түрээслэгч нь түрээслүүлэгчид тухайн үед нь удаа дараа хэлж байсан боловч түрээслүүлэгч нь уг байдлыг засна, хэвийн болгоно гэж хэлсээр манай үйл ажиллагаа зогсох өдөр хүртэл буюу 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно. Түрээслэгчийн үйл ажиллагаанд саад тотгор учруулсан гэдгийг дараах байдлаар тайлбарлаж байна.

Манай түрээсэлж байсан 5 тоот өрөө нь 2 давхар луу гардаг шатны хажууд байрлаж байсан бөгөөд Шинэ Мөрөн худалдааны төв ОНӨХК нь үйлчлүүлэгч, худалдан авагч нарын явах урсгалыг хааж, шатны хонгилыг битүүлж бусдад түрээсэлсэн нь худалдан авагчдын зорчих хэсгийг хааж, энэ байдал нь зөвхөн манай байгууллагад төдийгүй бусад тэр хавийн түрээслэгч нарын бараа борлуулалтыг багасгаж, орлого буурахад огцом нөлөөлсөн. Энэ байдлыг эрх ашиг нь хөндөгдөж байсан түрээслэгч нар Шинэ Мөрөн худалдааны төв ОНӨХК-ийн ажилтнууд, захиралд байнга хэлдэг байсан. Мөн тус төвийн дээврээс борооны ус нэвтэрч манай суурилуулсан камерын бичигч, /8 портын РоеNVR сүлжээний бичигч төхөөрөмж/ -ийг шатаасан. Уг төхөөрөмж нь 240.000 төгрөгийн үнэтэй бөгөөд энэ байдлыг менежерт хэлэхэд арга хэмжээ авч сольж өгнө, төвийн агааржуулалтын хоолойны гаралт нь манай түрээсэлж байсан өрөөгөөр дамжиж гардаг бөгөөд уг хоолой нь битүүмж муугаас болж нарийн ширхэгтэй тоос, шороо их ордог байсан нь хэвийн ажиллахад муугаар нөлөөлдөг байсан. Энэ байдлыг мөн тус төвийн захиралд хэлж байсан бөгөөд арга хэмжээ авна гээд л таг болсон. Энэ байдлууд нь түрээслэгчийг түрээсийн төлбөр төлөх боломжгүй болгосон. Хариуцагч Анунхангай ХХК нь тус өрөөг түрээслэн үйл ажиллагаа явуулсан 2018 оны 04 дүгээр сарын 15-аас мөн оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр нь 2.288.000 төгрөг /нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн тооцоогоор/ болдог бөгөөд үүнээс анх гэрээ байгуулахдаа төлсөн 1.168.000 төгрөг, мөн дээр дурдсан камер бичигчийн төлбөр болох 240.000 төгрөгийг хасаж үлдэх 880.000 төгрөгийг төлөх боломжтой гэж үзэж байна. Энэ төрлийн гэрээ нь Иргэний хуульд заасан агуулга, шаардлагаараа бол Үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж байж хүчин төгөлдөр болдог гэрээ бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээнд тооцогддог. Бидний хооронд байгуулсан гэрээ нь ийм бүртгэл хийлгээгүй, мөн түрээслүүлэгч байгууллага нь түрээслэгч миний Иргэний хууль тогтоомжоор олгогдсон эрх ашгийг дээр дурдсанчлан ноцтойгоор зөрчсөөр ирсэн тул харин ч түрээслэгч Анунхангай ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой юм гэжээ.

Хариуцагч Анунхангай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ч.Найдансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 1 дүгээр сарын 08-нд талбай түрээслэх гэрээг байгуулсан нь үнэн. Гэхдээ гэрээг байгуулж байх үед Шинэ Мөрөн худалдааы төв -ийн үйл ажиллагаа жигдрээгүй, бид нар хоосон өрөө түрээсэлж, тохижолт, засвар үйлчилгээ хийсэн. Би өөрөө Эрээн хот явж тохижолтын ажиллагааны материал, тоног төхөөрөмж авчирсан. Улаанбаатар хотоос зураг төслийн хүн авчирч загвар болон тохижолтоо хийлгүүлж байсан. Худалдагч энэ тэр байхгүй гэж тийм зүйл яригдаагүй. Эхний үед зөвхөн тохижолт л хийгдэж надаас нийт 16.000.000 төгрөгийн зардал гарч засвар үйлчилгээ хийгдсэн. Тэнд байсан бүх түрээслэгч нар засвар хийж байсан. Шинэ Мөрөн худалдааны төв албан ёсоор 2018 оны 4 дүгээр сарын 14-нд нээлт хийж энэ үйл ажиллагаа нь зурагтаар цацагдаж байсан. Энэ өдрөөс эхэлж би 2 худалдагч авч, 2 тасагт 1 менежертэй анхны үйл ажиллагаа эхэлсэн. Үндсэндээ үйл ажиллагаа жигдрээгүй, орлого орохгүй байсан. Манай түрээсэлсэн талбай 2 давхрын шатны хажууд байрлалтай байсан. Байршил гэдэг бол хамгийн чухал зүйл. Шатны хонгилын доор талбай түрээсэлж болохгүй гэж би зөндөө хэлж ярьж байсан боловч хүлээж аваагүй, зориулалтын бус газрыг түрээсэлж бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж эхэлсэн. Зарим хүмүүс нь орлого нь хаагдаад үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод гарч эхэлсэн. Албан ёсоор би захирал Д.Эрдэнэболд, менежер н.Мөнхтөр нарт ч хэлж байсан. Орлого орохгүй байна, өөр газар байна уу? эсвэл дээд давхарт чинь түрээслэх саналтай байна. Энэ шатны хажуудах түрээслэгчээ болиулчих гэж удаа дараа хэлж байсан ба хариуд нь арга хэмжээ авна, түрээслэгч нь байхгүй байна бид нар хүнд нь хэлсэн гэж хэлээд яваад байдаг байсан. Энэ байдлууд нь биднийг үйл ажиллагаагаа хаах хэмжээнд хүргэсэн гол шалтгаан юм. Одоо ч тэр газар хэвээрээ байж л байгаа би мэдэж байна. Хүмүүс манайхыг олохгүй болохоор төөрдөг байшин гэдэг яриаг хүртэл гаргасан байсан. Хоёр давхраас ус алдаагүй гэж байна. Би худал ярих хүн биш. Нэг удаа аадар бороо ороход тэр шугамаар нь дамжиж ус орж камер шатсан, хэлэхэд төлж өгнө л гэсэн. Хавраас хот хоорондын замтай холбож засмал зам тавина, сумдын бүх тээврийг эндээс явуулна, хүний хөл хөдөлгөөнийг татна гэх мэт амлалт өгч гэрээ байгуулсан. Тэр амлалтуудаас тухайн үед юу ч хийгдээгүй. Тэгээд манайх аргагүй байдалд ороод л энэ янзаар удаан явах юм бол алдагдалд орох юм гэж үзээд түрээсээ зогсооход хүрсэн. Шинэ байсан учраас орлого орохгүй байсан. Орж байсан орлого болон зарлагын баримт одоо байж л байна. Ингээд албан ёсоор 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр түрээсээ зогсоож манайх нүүсэн. Мэдээж гарах үед түрээсийн асуудал яригдаж байсан. Тэгэхэд нь бид нар ажилласан хугацааныхаа зардлыг төлье. Харин тохижолт, засвар хийгээд үйл ажиллагаа явуулаагүй үеийн зардлаа төлөхгүй гэсэн. Тэгээд л асуудал маргаан үүсч шүүхийн шатанд одоо явж байна. Маргаантай байгаа энэхүү түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй гэрээ байх тул хүчин төгөлдөр бус юм. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компани нь хариуцагч Анунхангай хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан түрээсийн төлбөр, алданги нийт 5.227.752 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасган түрээсийн төлбөр болон алдангид нийт 4.940.160 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ хариуцагч Анунхангай хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан №100083 дугаартай Түрээсийн гэрээний дагуу хариуцагч нь 1 метр квадрат талбайг 22.000 төгрөгөөр, нийт 53 метр квадрат талбайг 1.166.000 төгрөгөөр тохиролцсон. 2018 оны 1 сараас 3 сарыг хүртэл хугацааны түрээсийн өр, төлбөр тооцоогүй. Харин 2018 оны 3 сараас 7 сарын 15 хүртэлх хугацааны түрээсийн төлбөр огт хийгдээгүй тул энэ хугацааны түрээсийн төлбөр, алдангийг нэхэмжилнэ. Үүнд: 2018 оны 3 дугаар сард 832.000 төгрөг, 4 дүгээр сард 832.000 төгрөг, 5 дугаар сард 832.000 төгрөг, 6 дугаар сард 624.000 төгрөг, 07 дугаар сард 312.000 төгрөг, нийт 3.432.000 төгрөг, түүний алданги 1.508.160 төгрөг, бүгд 4.940.160 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм хэмээн татгалзлаа тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр №100083 дугаартай Түрээсийн гэрээ-г байгуулж энэхүү гэрээгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах Шинэ Мөрөн худалдааны төв-ийн 1 дүгээр давхрын 5 тоотод байрлалтай 53 квадрат метр талбайг ахуйн барааны бөөний төвийн зориулалтаар түрээслэх, нэг сарын төлбөрийг 1.168.000 төгрөг байхаар хэлэлцэн тохирч гэрээг байгуулжээ. /хх-ийн 6-12-р тал/

Хариуцагч нь түрээсийн гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэмээн тайлбарлаж байх боловч энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээнд хамаарахаар байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Талууд ахуйн барааны бөөний төв-ийн зориулалтаар 53 метр квадрат талбайг 1жилийн хугацаатай түрээслэхээр 2018 оны 01 сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан ба түрээслэгч тал болох Анунхангай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2018 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зохигчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа 2018 оны 04 сарын 15-аас 07 сарын 15-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр нь 2.288.000 төгрөг, үүнээс анх гэрээ байгуулахдаа төлсөн 1.168.000 төгрөгийг, дээр нь камер бичигчийн төлбөр болох 240.000 төгрөгийг тус тус хасаад үлдэх 880.000 төгрөгийг төлөх боломжтой хэмээн тайлбарлаж байгаа нь түрээсийн гэрээг хүлээн зөвшөөрсөн, хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлээ үгүйсгэсэн гэж ойлгогдохоор байна.

Иймээс түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн хариуцагч нь Шинэ Мөрөн худалдааны төв албан ёсоор 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нээлтээ хийсэн, тэр өдрөөс эхэлж би 2 худалдагчтай, 2 тасагт, 1 менежертэй анхны үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ийм учраас тохижолт, засвар хийгээд үйл ажиллагаа явуулаагүй үеийн зардлыг төлөхгүй. Мөн түрээсэлсэн талбай харагдах орчин, байршил муутайгаас болж борлуулалтын орлого байхгүй байсан тул нэхэмжилсэн түрээсийн төлбөрөөс 880.000 төгрөгийг төлөх боломжтой, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргаж байх боловч уг татгалзал болон нэхэмжлэгчийн шаардлагад хамаарах баримтыг нотолгооны бусад хэрэгслээр нотлоогүй байна.

Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлыг нотлох үүргийг хэрэгжүүлээгүй тул түүний тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд дурдан буй дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанийн түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 3.432.000 төгрөгийг, мөн алдангид нэхэмжилсэн 1.508.160 төгрөг нь талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалттай нийцэж байх тул түрээсийн гэрээний 4.5 дахь заалтыг үндэслэн алданги 1.508.160 төгрөг, нийт 4.940.160 төгрөгийг хариуцагч Анунхангай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Анунхангай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 4.940.160 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 93.993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Анунхангай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 4.940.160 /дөрвөн сая есөн зуун дөчин мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.594 /ерэн найман мянга таван зуун ерэн дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Анунхангай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 93.993 /ерэн гурван мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН