Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2019/00220

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ч.Ганчимэгийн төлөөлөн нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, 14 дүгээр байрны 24 тоотод оршин суух, Дүдэл овогт 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21-252 тоотод оршин суух,  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Рашаант сум, 2 дугаар багт оршин суух, Боржигон овогт 

Хариуцагч: Төв аймаг, Өндөрширээт сум, Уянга 3 дугаар баг, Ногоон хаа гэх газар оршин суух, Боржигон овогт Ш нарт холбогдох,

Гэм хорын хохирол 8229720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00103/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Төлөөлөн нэхэмжлэгч Э. нэхэмжлэгч Ц.

Хариуцагч Ш.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 20-53 тоотод оршин суух,  хариуцагч О. иргэдийн төлөөлөгч Ч.Оюунбат, нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төлөөлөн нэхэмжлэгч Э.Алтан-Уяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч. нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Land cruiser 120 prado маркийн  улсын дугаартай авто машинаар Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот орохоор орой 1900 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт явж байхад О.Э******* МТЗ-80 маркийн авто машинд өвс хаддаг тармуур зүүж замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан юм. О.Э******* нь 5 метр, 75 см-ийн урттай өвс хаддаг тармуур чирж явсан бөгөөд уг тармуур нь эсрэг урсгал руу орсон байсан боловч түүнд гэрэл, таних тэмдэг зүүгээгүй, мөн ослын зогсолтын тэмдэг тавиагүй байснаас болж тармуур дээгүүр гарч жолоодож явсан авто машинд нь маш их эвдрэл, гэмтэл учирсан. Энэ байдал нь осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэлийн хуудас зэргээр нотлогддог. Энэ байдлаас болж Land cruiser 120 prado маркийн 00-59 УНК улсын дугаартай авто машинд дараах хохирлууд учирсан. Авто машинд учирсан бодит хохирол нь Вендо ХХК-ийн үнэлснээр 4108200 төгрөг, үнэлгээ хийхэд гарсан зардал 118000 төгрөг, авто машинд оношлогоо хийлгэхэд 35000 төгрөг, хэрэг шийдвэрлэхэд ирсэн, явсан замын зардал 300020 төгрөг, нотариатын зардал 18500 төгрөг, нийт 4579720 төгрөгийн хохирол одоогоор учирсан байна. Иймд  нараас гэм хорын хохирол 4579720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ц.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Төв аймаг руу Prius 11 маркийн улсын дугаартай авто машинаар явж байхад О.Э******* нь  маркийн тракторт өвс хаддаг тармуур зүүж замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрэм зөрчиж ямар ч гэрэлгүй харанхуйд явж байснаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны улмаас зам тээврийн осол гаргасан юм. Урдаас ирж явсан жипний гэрэл цохиод юу ч харагдахгүй болсон учраас би замын хажууд гарч зогссон. Гэтэл МТЗ-80 маркийн трактор ардаа чирч явсан хадуураараа миний машиныг мөргөж эвдсэн. Ш.Б*******ын эхнэр нь хохиролд 1000000 төгрөг өгөөд өөр мөнгө өгөөгүй. Миний амьдралыг залгуулдаг машиныг эвдчихээд одоог хүртэл төлөхгүй гээд байгаа нь үндэслэлгүй. Бид нар хот ороод машиныг чинь засаад өгнө гэж худлаа яриад өдийг хүргэсэн. Би эмнэлгийн хяналтад байдаг. Нийт нэхэмжлэлийн шаардлагаас 1000000 төгрөг авсан учраас энэ мөнгийг хасаад 3650000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг задалбал авто машинд хийгдэх засварт 2157500 төгрөг, баримт бүрдүүлэхэд гарсан зардал 33000 төгрөг, баримтуудыг нотариатаар батлуулсан зардал 16000 төгрөг, Булган аймагт ирсэн замын зардал 50000 төгрөг, олох байсан орлого 1800000 төгрөг, нийт 3056500 төгрөгийг хариуцагч О.Э*******, Ш.Б******* нараар гаргуулна гэв.

 

Хариуцагч О.Э******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1800 цагийн орчим зам дээр гараад буух гэж байтал Prius 11 маркийн 97-95 УНЭ улсын дугаартай авто машин хурдтай ирэхээр нь би зогсож өгсөн боловч чирч явсан тармуурын дугуйг мөргөсөн. Тэгэхээр нь шууд хөдлөөд зам чөлөөлж зогсоод авто машин дээр очоод эргээд явах хооронд эсрэг урсгалаар орж ирсэн Land cruiser 120 prado маркийн 00-59 УНК улсын дугаартай авто машин тармуур дээр мордоод зогссон. 97-42 ӨВ улсын дугаартай МТЗ-80 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш, Ш.Б*******ын трактор. Ш.Б******* тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Би намрын улиралд тухайн тракторыг барьж тариа хураах ажил хийж, Ш.Б*******аас цалин авдаг байсан. Ш.Б*******аас аваагүй байсан ажлын хөлс 1000000 төгрөгийг осол гарсны дараа Ц.Н*******т өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Ш.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Б*******, О.Э******* нарын хооронд ямар нэг хөдөлмөрийн гэрээ байхгүй. МТЗ-80 маркийн тракторын эзэмшигч нь Хөгжил нэгдэлд бүртгэлтэй ба хариуцагч жолооч нь Цавжинжарангаас Д.Адъяад 1980 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэж өгсөн байдаг. Ажил олгогч нь Ш.Б******* гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Гэм хорын хохирол нь хариуцагч Ш.Б*******тай холбоогүй. Нэхэмжлэгч Ч.Ганчимэгийн нэхэмжлэл нь үндэслэлгүй. Учир нь Ш.Б*******ыг яагаад хариуцагчаар татсан нь тодорхойгүй. Тус "МТЗ-80" маркийн тракторын эзэмшигч Хөгжил нэгдэл юм. 1980 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 онд Лхагваад шилжүүлсэн байдаг. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Ш.Б******* эзэмшигч гэдэг нь харагддаггүй. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас зам тээврийн осол гарсан гэдэг утгаар Ш.Б******* гэм хорын хохирлыг хариуцан арилгах этгээд биш юм. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр авто осол гарсан. Үндэслэл нь О.Э******* замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл нь Ц.Н*******, Ч.Ганчимэг нарт хохирол учирсан талаарх ямар нэгэн тэмдэглэгээ биш юм. Тармуур зам дээр гарсан гэж захиргааны арга хэмжээ авсан. Тармуурын өргөний хэмжээ эсрэг урсгалд орсон. Нөхөн үзлэг дээр нийт замын өргөн 7 м гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Төлөөлөн нэхэмжлэгч Э.Алтан-Уяа, нэхэмжлэгч Ц.Н******* нар нь О.Э*******, Ш.Б******* нараас гэм хорын хохирол 8229720 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч хариуцагч О.Э******* нь 97-42 ӨВ улсын дугаартай МТЗ-80 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш, би гаргасан зам тээврийн зөрчилдөө тохирох хариуцлагыг хүлээсэн тул хохирлыг хариуцан төлөхгүй гэж, хариуцагч Ш.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С******* нь 97-42 ӨВ улсын дугаартай МТЗ-80 маркийн тракторын эзэмшигч нь Хөгжил нэгдэл бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь Ш.Б******* биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

Хариуцагч О.Э******* нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 198 тоот км-ийн шонгийн хажуугийн замд 97-42 ӨВ улсын дугаартай МТЗ-80 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1А, 2.3А дахь заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогджээ.

Үүнтэй холбоотойгоор зөрчил гаргагч О.Э*******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100 /зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Уг ослын улмаас 00-59 УНК улсын дугаартай, Land cruiser 120 prado маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Ч.Ганчимэгт тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ 4108200 төгрөг, үнэлгээний зардал 118000 төгрөг, автомашины оношлогооны зардал 35000 төгрөг, хэрэг шийдвэрлэхэд ирсэн, явсан замын зардал 300020 төгрөг, нотариатын зардал 18500 төгрөг, нийт 4579720 төгрөгийн, 97-95 УНЭ улсын дугаартай, Рrius 11 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Н*******т тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ 2157500 төгрөг, баримт бүрдүүлэхэд гарсан зардал 33000 төгрөг, нотариатын зардал 16000 төгрөг, Булган аймагт ирсэн замын зардал 50000 төгрөг, нийт 2256500 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Энэхүү эд зүйлийн үнэлгээ болон учирсан хохиролд хариуцагч нар маргаж мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй болно.

Нэхэмжэгч Ц.Н******* нь 2256500 төгрөгийн хохиролд олох байсан орлого 1800000 төгрөгийг нэмж нийт 4056500 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч Ш.Б*******ын өгсөн 1000000 төгрөгийг хасч 3056500 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилсэн боловч тэрээр олох байсан орлого 1800000 төгрөгийн хохирол учирсан болохоо баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Хариуцагч тээврийн хэрэгслийг өмнө байсан байдалд нь сэргээж өгөөгүй тул нэхэмжлэгч нар учирсан хохирлоо мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 улсын дугаартай, МТЗ-80 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Хөгжил нэгдэл болох нь тээврийн хэрэгслийн хувийн хэргээр тогтоогдож байгаа хэдий ч уг тээврийн хэрэгслийг хариуцагч Ш.Б*******ын эцэг н.Шоовдор худалдан авсан, тухайн тээврийн хэрэгсэл хариуцагч Ш.Б*******ын эзэмшилд байдаг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан зөрчлийн материалд түүний 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгслийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ш.Б*******д хүлээлгэн өгсөн тухай Төв аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Эрдэнэбаярын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасан тул хариуцагч Ш.Б*******ыг тухайн эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч гэж үзнэ.

Мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч О.Э*******гийн ...Ш.Б*******ын ногоон тэжээл хадах ажилд тусалж түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх тайлбар, хэрэгт нотлох баримтаар судалсан зөрчлийн материалд Ш.Б*******ын өгсөн ...О.Э******* нь САА-д трактор барьдаг байсан болохоор нь трактор барих уу гэж асуугаад сүүлийн 3 жил манайд ажиллаж байгаа. Манайх хувь малдаа өвс хаддаг. Энэ жилийн хувьд О.Э******* нь Эрдэнэсант сумын 4 дүгээр бригадад ногоон тэжээл хадсан гэх тайлбараас үзвэл тэрээр Ш.Б*******аас олгосон эрхийн дагуу түүний эрх ашиг сонирхлын үүднээс 97-42 ӨВ улсын дугаартай МТЗ-80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн мэдэлд байлгаж жолоодож явсан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл тухайн үед хариуцагч О.Э******* эзэмшилдээ тээврийн хэрэгслийг байлгаж Ш.Б*******ын эрх ашгийн үүднээс тээврийн хэрэгслийг жолоодож байснаар түүнийг эзэмшигч гэж үзэхгүй болно.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Ганчимэгт учирсан хохирол 4579720 төгрөг, нэхэмжлэгч Ц.Н*******т учирсан хохирол 1256500 төгрөг, нийт 5836220 төгрөгийг хариуцагч Ш.Б*******аас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н*******ын нэхэмжлэлээс олох байсан орлого 1800000 төгрөг, хариуцагч О.Э*******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ш.Б*******аас 5836220 /таван сая найман зуун гучин зургаан мянга хоёр зуун хорь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ганчимэгт 4579720 /дөрвөн сая таван зуун далан есөн мянга долоон зуун хорь/ төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Н*******т 1256500 /нэг сая хоёр зуун тавин зургаан мянга таван зуу/ төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч Ц.Н*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах, хариуцагч О.Э*******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ганчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88300 /наян найман мянга гурван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Ц.Н*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64000 /жаран дөрвөн мянга/ төгрөгийг Төрийн санд тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б*******аас 123006 /нэг зуун хорин гурван мянга зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ганчимэгт 88300 /наян найман мянга гурван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Ц.Н*******т 33706 /гучин гурван мянга долоон зуун зургаа/ төгрөгийг тус тус олгосугай.