Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 19

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 427 дугаартай шийдвэртэй,

Р.О, Р.О нарын нэхэмжлэлтэй, И.Т-д холбогдох, зээлийн үүрэгт 6.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:                                

           Нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов.

Нэхэмжлэгч Р.О, Р.О нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:  Бидний эцэг Ц.Р нь 2013 онд иргэн И.Т-д 8.000.000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд, зээлдэгч И.Т зээлийг төлөхгүй явсаар, 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 8.000.000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр багтааж буцааж төлөхөө амлаж хугацаа тогтоон өөрийн гараар баталгаа бичиж өгсөн. И.Т-н охин А 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Р.О миний Худалдаа хөгжлийн банкны 495024288 тоот дансаар 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөхгүй байсаар 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр бидний эцэг Ц.Р нас барсан.  Нэхэмжлэгч Р.О, Р.О бид нар Ц.Р-н хууль ёсны өв залгамжлагчид бөгөөд өв залгамжлагчаар тогтоогдон нотариатаас өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр эрх залгамжилж авсан болно.

Гэвч Т нь оршин суух хаягтаа байхгүй шалтгаанаар бидний нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 03099 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу бидний эцэг Ц.Р-н 2013 онд И.Т-д зээлүүлсэн 8.000.000 төгрөгийн үлдэгдэл болох 6.500.000 төгрөгийг И.Т-с гаргуулж, хууль ёсны өв залгамжлагч Р.О, Р.О бидэнд олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.О, Р.О нар нь тус шүүхэд Т-г хариуцагчаар татаж, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 6.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нарын аав Р гуай Т-д тодорхой давтамжтайгаар мөнгийг зээлсэн байдаг. 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч О, Т нар уулзаж, мөнгө авсан дээр баримт үйлдэн Т миний бие Р-с 8.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр буцааж бүрэн төлж барагдуулна гэж бичиг хийж өгсөн. 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Т-н охин О-н дансанд 1.500.000 төгрөг хийсэн. Үүний үлдэгдэл болох 6.500.000 төгрөгийг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Албан ёсны хаяг биш гэж нэхэмжлэл буцсан. Баянзүрх дүүргийн шүүхэд хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Цагдаатай хамтран эрэн сурвалжилсны дагуу Булган аймгийн хаягийг тогтоосон. Эрэн сурвалжлахад гарсан зардал 70200 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн. Т-с 6.570.200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Р надад 8.000.000 төгрөг зээлээгүй. Тэрээр өндөр нас, эрүүл мэндийн хувьд сайнгүй байх үедээ надаас тусламж хүссэн бөгөөд би дотрын их эмчийн мэргэжилтэйн хувьд 2 жилийн турш асаргаа сувилгаа хийн тусалж байсан ба иргэн Р үнэн сэтгэлээсээ надад баярласандаа цувуулж өгсөн мөнгөний нийлбэр нь 8.000.000 төгрөг болсон байх. Иргэн Р гуай бид 2-н хооронд зээлийн гэрээ байгуулаагүй, би ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. 2014 оны 6 сард Булган аймагт ажилд томилогдон ирсэн. 2014 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатарт очиход О ах ирээд манай ааваас мөнгө зээлсэн байна цагдаад аваачиж өгнө гэж дарамтлаад яг ингэж бич гэж авсан цаасыг зээлийн баталгаа гэж хавсаргасан байна.  Би Р гуайтай гэрийн гадаа очоод уулзахад би чамаас мөнгө төгрөгөө авах бодолгүй байгаа гэж хэлсэн. Р гуайгаас авсан мөнгөө ажлын хөлс гэж боддог. Хууль, шүүхээс миний зорчих, оршин суух эрхийг хязгаарлаагүй тул эрхийнхээ дагуу албан ажлын шаардлагаар Булган аймаг руу нүүсэн. Ингэж нүүх тухайгаа нэхэмжлэгч нарт мэдэгдэх үүргийг хүлээгээгүй. Нэхэмжлэгчид хууль бус аргаар бүрдүүлсэн баримтдаа түшиглэж шүүхэд ханджээ. Хариуцагчаар татагдах хүнийхээ оршин суугаа газрын хаягийг нэхэмжлэгчид өөрсдөө олж тогтоох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно“ гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 427 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Т-д холбогдох 6570200 /зургаан сая таван зуун далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.О, Р.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.О, Р.О нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123450 /нэг зуун хорин гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Р.О, Р.О нар И.Т.с зээлийн үүрэгт 6.500.000 төгрөг гаргуулах мөн нэхэмжлэлийн шаардлагаа 70200 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 6.570.200 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. Хариуцагч И.Т хариу тайлбартаа их эмчийн мэргэжилтэйн хувьд 2 жилийн турш асаргаа сувилгаа хийн тусалж байсан ба иргэн Р  үнэн сэтгэлээсээ надад баярласандаа цувуулж өгсөн мөнгөний нийлбэр нь 8.000.000 төгрөг болсон байх гэж бичиж шүүхэд тайлбар гаргасан. Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн баталгаанд И.Та өөрөө Р-тэй уулзаж 8.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр багтааж төлнө гэж бичсэн нотлох баримт авагдсан. Гэтэл шүүх 8.000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Үүнд :

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Р нь 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө Т-д бага багаар мөнгө өгдөг байсан гэж тайлбарлаж байгаа нь Тулгад хэзээ хэдэн төгрөг өгсөн нь тодорхойгүй.

2. Хариуцагч Тулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Р өөрөө дуудаж байгаад 4.000.000 төгрөг өгсөн. Иргэн Р 8.000.000 төгрөг зээлдүүлээгүй нас өндөр болохоороо асран тэтгүүлж байсан 2 жилийн хугацааны төлбөр гэж бодож байна гэх тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэлт хийсэн.

3. Нэхэмжлэгч тал хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан баталгаа гэх 8.000.000 төгрөгийн баримт нь хариуцагч энэ баримтыг нэхэмжлэгч Р.О айлган сүрдүүлж дарамталж бичүүлсэн гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн тайлбар болон гэрч Б.А , Б.А  нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймээс хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэхь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлээгүй болно. /хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно/ гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй.

4. Ц.Р хариуцагч И.Т нарын хооронд 4.000.000 төгрөгийн зээлийн гэрээ 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан байх боловч Р.О, Р.О нар хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзлээ.

5. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Дээрх таван үндэслэл нь шүүгч хэтэрхий нэг талыг барьж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралгүй ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн. Иймд хариуцагч И.Т нь Р-с мөнгө авч байснаа мөн 8.000.000 төгрөг авсан гэдгээ хариу тайлбар, шүүх хурал дээр зөвшөөрсөөр байтал үүнээс гадна Р  гуайтай уулзаж 8.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн төлнө гэж өөрөө бичиж өгсөн. Үүнээс 1.500.000 төгрөг төлсөн болох нь баримтаар ногтлогдож байхад шүүх зөвхөн гэрч хариуцагчийн тайлбар мэдүүлгээр нотлогдсон гэдэг үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Р.О, Р.О нар нь хариуцагч И.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.500.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 6.570.000 төгрөг нэхэмжлэснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна.

Харин нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 6.570.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.070.200 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2.500.000 төгрөгийг хариуцагч И.Т нь 2020 оны 6 сарын дугаар 15-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 200.000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 200.000 төгрөг, 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 250.000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т нийцсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүх зохигчдын эвлэрэлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1.  Нэхэмжлэгч Р.О, Р.О, хариуцагч И.Т нар 2.500.000 төгрөг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Р.О, Р.О нарын нэхэмжлэлтэй И.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.100 /нэг зуун хорин мянга нэг зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ё.БЯМБАЦЭРЭН

                                   ШҮҮГЧИД                               С.УРАНЧИМЭГ                                      

                                                                                 М.ХҮРЭЛБААТАР