Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 9

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 220 дугаартай шийдвэртэй,

Ц.Н, Ч.Г.н төлөөлөн нэхэмжлэгч Э.А нарын нэхэмжлэлтэй, О.Э, Ш.Б нарт холбогдох, гэм хорын хохирол 8 229 720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Ш.Б.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С.н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

     Ч.Ганчимэгийн төлөөлөн нэхэмжлэгч                          Э.А    

      Нарийн бичгийн дарга                                                   Б.Энхзул нар оролцов.

Ч.Г.н төлөөлөн нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Г нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Land cruiser 120 prado” маркийн **-** УНК улсын дугаартай авто машинаар Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот орохоор орой 1900 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт явж байхад О.Э “МТЗ-80” маркийн авто машинд өвс хаддаг тармуур зүүж замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан юм. О.Э нь 5 метр, 75 см-ийн урттай өвс хаддаг тармуур чирж явсан бөгөөд уг тармуур нь эсрэг урсгал руу орсон байсан боловч түүнд гэрэл, таних тэмдэг зүүгээгүй, мөн ослын зогсолтын тэмдэг тавиагүй байснаас болж тармуур дээгүүр гарч жолоодож явсан авто машинд нь маш их эвдрэл, гэмтэл учирсан. Энэ байдал нь осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэлийн хуудас зэргээр нотлогддог. Энэ байдлаас болж “Land cruiser 120 prado” маркийн **-** УНК улсын дугаартай авто машинд дараах хохирлууд учирсан. Авто машинд учирсан бодит хохирол нь “Вендо” ХХК-ийн үнэлснээр 4108200 төгрөг, үнэлгээ хийхэд гарсан зардал 118000 төгрөг, авто машинд оношлогоо хийлгэхэд 35000 төгрөг, хэрэг шийдвэрлэхэд ирсэн, явсан замын зардал 300020 төгрөг, нотариатын зардал 18500 төгрөг, нийт 4579720 төгрөгийн хохирол одоогоор учирсан байна. Иймд О.Э, Ш.Б нараас гэм хорын хохирол 4579720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Төв аймаг руу “Prius 11 ” маркийн **-** УНЭ улсын дугаартай авто машинаар явж байхад О.Э нь “МТЗ-80” маркийн тракторт өвс хаддаг тармуур зүүж замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрэм зөрчиж ямар ч гэрэлгүй харанхуйд явж байснаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны улмаас зам тээврийн осол гаргасан юм. Урдаас ирж явсан жипний гэрэл цохиод юу ч харагдахгүй болсон учраас би замын хажууд гарч зогссон. Гэтэл “МТЗ-80” маркийн трактор ардаа чирч явсан хадуураараа миний машиныг мөргөж эвдсэн. Ш.Б.н эхнэр нь хохиролд 1000000 төгрөг өгөөд өөр мөнгө өгөөгүй. Миний амьдралыг залгуулдаг машиныг эвдчихээд одоог хүртэл төлөхгүй гээд байгаа нь үндэслэлгүй. Бид нар хот ороод машиныг чинь засаад өгнө гэж худлаа яриад өдийг хүргэсэн. Би эмнэлгийн хяналтад байдаг. Нийт нэхэмжлэлийн шаардлагаас 1000000 төгрөг авсан учраас энэ мөнгийг хасаад 3650000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг задалбал авто машинд хийгдэх засварт 2157500 төгрөг, баримт бүрдүүлэхэд гарсан зардал 33000 төгрөг, баримтуудыг нотариатаар батлуулсан зардал 16000 төгрөг, Булган аймагт ирсэн замын зардал 50000 төгрөг, олох байсан орлого 1800000 төгрөг, нийт 3056500 төгрөгийг хариуцагч О.Э, Ш.Б нараар  гаргуулна гэжээ.

Хариуцагч О.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1800 цагийн орчим зам дээр гараад буух гэж байтал “Prius 11” маркийн **-** УНЭ улсын дугаартай авто машин хурдтай ирэхээр нь би зогсож өгсөн боловч чирч явсан тармуурын дугуйг мөргөсөн. Тэгэхээр нь шууд хөдлөөд зам чөлөөлж зогсоод авто машин дээр очоод эргээд явах хооронд эсрэг урсгалаар орж ирсэн “Land cruiser 120 prado” маркийн **-** УНК улсын дугаартай авто машин тармуур дээр мордоод зогссон. **-** ӨВ улсын дугаартай “МТЗ-80” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш, Ш.Б.н трактор. Ш.Б тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Би намрын улиралд тухайн тракторыг барьж тариа хураах ажил хийж, Ш.Б.с цалин авдаг байсан. Ш.Б.с аваагүй байсан ажлын хөлс 1000000 төгрөгийг осол гарсны дараа Ц.Н.т өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Ш.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Б, О.Э нарын хооронд ямар нэг хөдөлмөрийн гэрээ байхгүй. “МТЗ-80” маркийн тракторын эзэмшигч нь “Хөгжил” нэгдэлд бүртгэлтэй ба хариуцагч жолооч нь Ц.с Д.А.д 1980 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэж өгсөн байдаг. Ажил олгогч нь Ш.Б гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Гэм хорын хохирол нь хариуцагч Ш.Б.тай холбоогүй. Нэхэмжлэгч Ч.Г.н  нэхэмжлэл нь үндэслэлгүй. Учир нь Ш.Б.г яагаад хариуцагчаар татсан нь тодорхойгүй. Тус "МТЗ-80" маркийн тракторын эзэмшигч “Хөгжил” нэгдэл юм. 1980 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 онд Л.д шилжүүлсэн байдаг. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Ш.Б эзэмшигч гэдэг нь харагддаггүй. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас зам тээврийн осол гарсан гэдэг утгаар Ш.Б гэм хорын хохирлыг хариуцан арилгах этгээд биш юм.  2017 оны  10 дугаар сарын 21-ний өдөр авто осол гарсан. Үндэслэл нь О.Э замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл нь Ц.Н, Ч.Г нарт хохирол учирсан талаарх ямар нэгэн тэмдэглэгээ биш юм. Тармуур зам дээр гарсан гэж захиргааны арга хэмжээ авсан. Тармуурын өргөний хэмжээ эсрэг урсгалд орсон. Нөхөн үзлэг дээр нийт замын өргөн 7 м гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 220 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ш.Б.с 5836220 /таван сая найман зуун гучин зургаан мянга хоёр зуун хорь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Г.т  4579720 /дөрвөн сая таван зуун далан есөн мянга долоон зуун хорь/ төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Н.т 1256500 /нэг сая хоёр зуун тавин зургаан мянга таван зуу/ төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч Ц.Н.н нэхэмжлэлийн шаардлагаас 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах, хариуцагч О.Э.д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Г.н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88300 /наян найман мянга гурван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Ц.Н.н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64000 /жаран дөрвөн мянга/ төгрөгийг Төрийн санд тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б.с 123006 /нэг зуун хорин гурван мянга зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г.т 88300 /наян найман мянга гурван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Ц.Н.т 33706 /гучин гурван мянга долоон зуун зургаа/ төгрөгийг тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурьдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагч Ш.Б.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С давж заалдах гомдолдоо: “...Хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хариуцагчыг зөв тогтоогоогүй мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх \адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр\ буюу учруулсан хохиролыг мөнгөөр төлнө гэж заасан. Мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байхад анхан шатны шүүх нь Хөрөнгө үнэлгээний тогтоосон эд хөрөнгийн үнэлгээг гэм хорын хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Н, Г нарын нэхэмжпэлтэй Б, Э нарт холбогдох гэм хорын хохирол гаргуулах иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж харин нэг хариуцагчид холбогдох нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгосон атлаа шүүхээс тогтоол гаргажээ. Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгоогүй тул тогтоол гаргах үндэслэлгүй билээ. Иймд эрх зүйн хүчин төгөлдөр бус акт гаргасан байх тул Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 132\ШШ2019\00220 дугаар шүүхийн тогтоолыг хэрэгсэхгүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаана уу...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бшхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. 

Төлөөлөн нэхэмжлэгч Э.А, нэхэмжлэгч Ц.Н нар нь хариуцагч О.Э, Ш.Б нараас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 8.229.720 төгрөг гаргуулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч О.Э нь **-** ӨВ улсын дугаартай “МТЗ-80”маркын тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш би гаргасан зам тээврийн зөрчилдөө тохирох хариуцлагыг хүлээсэн тул хохиролыг хариуцахгүй гэж,

Хариуцагч Ш.Б.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С нь **-**ӨВ улсын дугаартай “МТЗ-80” маркын тракторын эзэмшигч нь” Хөгжил” нэгдэл бөгөөд Ш.Б нь тухайн тээврийн хэрэгсэлийн өмчлөгч, эзэмшигч нь биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус мэтгэлзсэн байна. 

 Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч О.Э нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний 19-н цагийн үед Төв аймгийн Эрдэнэцогт сумын 198 тоот км-ийн шонгийн хажуугийн замд **-** ӨВ улсын дугаартай “МТЗ-80” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1а,2.3а дахь заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.3,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэсэн байна.

Шүүхийн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг дээр дурьдсан байдлаар эцэслэн шийдвэрлэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д зааснаар шүүхийн шийдвэр гаргах байтал тогтоол гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С.н дээр дурьдсан үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:             

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 220 дугаар тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 123006 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ё.БЯМБАЦЭРЭН

                              ШҮҮГЧИД                                   С.УРАНЧИМЭГ

                                                                                М.ХҮРЭЛБААТАР