Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2020/00059/И |
Дугаар | 137/ШШ2021/00059 |
Огноо | 2021-02-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 137/ШШ2021/00059
2021 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 137/ШШ2021/00059 | Замын-Үүд сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг р хороолол дугаар хороо - -15 тоотод оршин суух, Б.овогт Ц.Ж /РД: /,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг хороолол, -р хороо тоотод оршин суух, А. овогт Б.У /РД: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум р баг Шунхлайн тоотод оршин суух, А.овогт Д.Б/РД: д холбогдох
“11,007,300 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ж , Б.У нар онлайн, хариуцагч Д.Б , нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ж с, Б.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Ц.Жа , Б.У бид хоёр БНХАУ-н эрээн хотод ресторан ажиллуулах гэж байгаад хууль чанга шаардлага өндөртэй орон учраас рестораны тусгай зөвшөөрөл бүтэн нэг жилийн дараа гарсан боловч Монголдоо тоног төхөөрөмжөө авч яваад хийе гэж ярилцаад Эрээн хотоос УБ хот руу бүх тоног төхөөрөмжөө ачуулахаар болсон. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Жавхлантөгс би Монгол руу ачаа зөөдөг том карго машины газар очиж асууж судалж байхад үл таних эмэгтэй таараад эгч нь тоног төхөөрөмж Монгол руу гаргадаг хүн байна. Танай ачааг очиж харъя гээд ресторан дээр хамт ирсэн. Манай ачааг хараад УБ хот хүртэл 4000 юань хөлсийг нь тохироод ачуулахаар болсон. Б өөрийгөө арван хэдэн жил тоног төхөөрөмж Монгол руу гаргаж байна, манай машин тусгай машин ямар ч асуудал байхгүй гэж хэлээд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Эрээн хотоос ачиж өгөөд явуулсан.Б нь Эрээн хотоос Замын-Үүд-Улаанбаатар хүртэл каргод өгөөд явуулна гэж хэлээд ачааны зардал болох 1,520,000 төгрөгийг өөрийн дансандаа бэлнээр хүлээн авсан. Б гэдэг хүний буруу тээвэрлэлтээс болж 11,007,300 төгрөгөөр хохирсон байна. Б ээр энэ зардлыг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ж шүүх хуралдаанд: “...2019 оны 09 сарын 24-ний өдөр байх хугацааг яг тодорхой санахгүй байна, энэ өдөр Б гэдэг хүнтэй анх ачаа бараа зөөлгөнө гэж би уулзаагүй, манай ах уулзсан. Би машин хайж явж байгаад чөлөөт бүсийн том машины хашаан дотор уулзсан. Манай ахтай яриад яваад л байсан, тэгээд ярьж байгаад манай ресторан дээр ирсэн. Би Өвөр-Монгол хүнээр ачаагаа ачуулах гээд ярьсан байсан. Манай ах Б-нд мөнгө төгрөг нь бага байгаа гээд миний учрыг ярьсан байсан. Тэгээд энэ хүн 10 гаран жил ийм бараа зөөгөөд мэргэшсэн хүн. Гааль аргалдаг, татваргүй гаргадаг, маш хямдаар гарна гэж өөрийгөө танилцуулсан. Татварын бичиг, энээ тэрийг ямар ч асуудалгүй гаргаж өгнө гэж ярихаар нь настай хүн болохоор нь итгэсэн. Улаанбаатар хот руу очих хүртэлх мөнгөө өгсөн. 1 тонн ачааг 100,000 төгрөгөөр ачдаг гэж тооцоод бид 2-оос мөнгө авсан. Тэгээд тусгай машин үзүүлээд ийм машинаар гаргана, явуулна гэж хэлсэн. Та 2 хот руу явж байхгүй юу гээд бид 2 тухайн үед бэлэн мөнгө байхгүй байсан болохоор хотод очоод шилжүүлсэн. Тэгэхэд каргонд өгөөгүй зориулалтын бус барилгын хог материал ачсан шаланзанд ачуулаад татлага татаад хог новш болгоод хот руу явуулсан байсан. Зориулалтын бус машинаар ачуулсан болохоор би маш их хохирол амссан. Ямар ч үйл ажиллагаагүй болсон байсан. Сэтгэл санаа болон мөнгө төгрөг маш их зүйлээрээ бид нар хохирч байна, хохироод бид нар өдийг хүртэл явж байна. Ер нь бол энэ хүнд итгэсэн ганц зүйл нь энэ хүний худлаа ярьсанд итгэсэн, бид 2 үнэхээр итгэсэн. Зүгээр л замын машинд хийгээд, барилгын хог материалтай хамт ачуулснаас болоод бид ингээд хохироод сууж байна. Миний мэргэжилтэй холбоотой насаараа ажиллаж олсон мөнгөөрөө авсан хоолоо олж идэх зүйлийг минь авч, ингэж эвдчихээд сууж байгаад нь харамсалтай байна. Үнэлгээний компанийн гаргасан үнэлгээний дагуу эвдрэлийн мөнгийг төлбөл цаашдаа энэ хүнтэй маргалдаад байх зүйл байхгүй. Эвдэж хэмхэлсэн зүйлээ л төлж өгөөч гэж хүсэж байна. 11,007,300 төгрөг нэхэмжилж байна, үнэлгээний компанийн гаргасан үнэлгээний дагуу л би нэхэмжилж байгаа. Үнэлгээнээс гадна би маш ихээр хохирсон байгаа... Улаанбаатар хотод хүргэж өгөхөөр тохиролцсон. Бүх тоног төхөөрөмжүүдээ зарахыг нь зараад хөдөө явуулахыг нь явуулсан. Надад эд зүйлүүд маань байхгүй, 3 эд зүйл үлдсэн ашиглагдахаа больсон. Зарим эд зүйлүүдээ үнэлүүлээгүй орхигдуулсан байсан. Одоо би энэ 3 зүйлийг үнэлүүлэхгүй, үнэлүүлэхээр бусад зүйлийн үнэлгээ гарахгүй учраас би хохирно шүү дээ...” гэв.
Нэхэмжлэгч Б.У шүүх хуралдаанд: Манай ресторан дээр Б гэдэг хүнийг орж ирэхэд би өөрөө байсан. 2019 оны 09 сарын 24-ний өдөр байхаа Б н гэж хүнийг орж ирэхэд нь тоног төхөөрөмжийнхөө бичлэгийг хийсэн байсан. Тэгээд 26-ны өдөр Б гэж хүн орж ирээд бүх юмыг чинь үзэж харлаа. Тоног төхөөрөмжийн үйлдвэрийнх нь цаасан логог дарж авна гээд өөрөө зургийг нь дарсан. Би бас давхар зургийг нь авсан. Танай бүх зүйл шинэ юм байна эгч нь найдвартай хил, гаалиар гаргаж өгнө. Хамгийн гол нь татвар маш их авдаг юм том, том хөргөгчийн нөхрийнхөө машины урд хийе, гаалийнхан тэр зэргийн зүйлийг анзаардаггүй гэж надад хэлсэн. Тэгээд тоног төхөөрөмжийн паспортоо Б-д өгөөд явуулсан. Тэгээд бид хоёр 1,520,000 төгрөг Б эгчийн дансанд 2 хувааж хийсэн. Хүүхдийнхээ машин дээр ачаад өгөөд явуулсан байсан. Ирэхдээ бүгд эвдэрсэн байдалтай ирсэн. Одоог хүртэл газ, өөр илүү дутуу зүйлээ аваагүй байгаа. Энэ хүнд маш их гомдолтой. Манай тоног төхөөрөмжүүд цоо шинэ эвдрээгүй зүйлүүд байсан. Одоо 11,007,300 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: “...Ж гээд залуу хятадын гааль дээр унаа хайгаад явж байхад нь би очоод ачаа тээвэр гаргадаг юм танай ачаа барааг очиж үзье гэтэл бүх юмаа баглаад боосон байсан. Тэгээд би гааль дээр тоног төхөөрөмжийн чинь паспортыг үздэг юм гээд авсан. Би барааг нь үзээгүй, хараагүй битүү боолттой байсан. Тэгээд би гэрт нь очиж үзээд 2 хоногийн дараа өө би танаар гаргуулахаа болилоо таных үнэтэй байна гэхээр нь би тэг, тэг чиний ааш араншин ч надад таалагдахгүй байна гэсэн. Тэгээд дараа нь та ачаад өгөөч тэгэх үү гээд гуйгаад байхаар нь за яах вэ гээд өөрөөсөө жижиг машинаар зөөлгөөд ачаад өгсөн. Энэ залуугийн ачааг бага мөнгөөр ачсан. Өөрийнх нь мөнгө тээврийн зардалд ч хүрэхгүй, гааль дээр мөнгө нь ч хүрэхгүй байсан. Энэ мөнгө чинь хүрэхгүй байна гэсэн чинь та нар явуулдаг биз дээ, аргалдаг биз дээ гээд байхаар нь би нялх нойтон хүүхэдтэй хэцүү байгаа юм байлгүй гээд хөлсний жолоочид бүрэн бүтэн өгсөн. Ачааг ачсан хүмүүс нь хүртэл цагдаа дээр хэд хэд очиж байцаагдсан. Тэр жолоочийн л буруу юм байгаа биз, би бол тэрийг хариуцахгүй. Бид нарын хооронд бичгээр хийсэн гэрээ ч байхгүй. Вендо компаниар үнэлгээ хийлгэнэ гээд байсан хийлгээгүй. Намайг дуудаж ачаа барааг үзүүлээгүй, өөрсдөө баглаад боочихсон байсан тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... Хэдэн төмөр хөл байсан тэр нь мурийсан байсан өөр эд зүйл эвдэрснийг мэдэхгүй. Улаанбаатар хот хүргэж өгөхөөр тохирсон. Гэвч гааль дээр ирээд хөлс нь хүрээгүй...” гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ж , Б.У нар нь хариуцагч Д.Б-эс тээвэрлэлтийн явцад эвдэрч гэмтсэн барааны хохирол 11,007,300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Д.Б нь Бүгд найрамдах Хятад улсын Эрээн хотоос Улаанбаатар хот руу Ц.Ж , Б.У нарын ачаа бараа буюу зоогийн газрын гал тогооны тоног төхөөрөмж, сандал ширээ хүргэхээр, нэхэмжлэгч нар 4000 юань буюу 1,520,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон, тогтоосон газар буюу Улаанбаатар хотод очиход ачаа бараа нь эвдэрч гэмтсэн талаарх үйл баримт болсон байна.
Хариуцагч Д.Б нь “...тээврийн хөлс нь хүрээгүй, ачаа барааг үзүүлээгүй, өөрсдөө баглаад боочихсон байсан, Вендо компаниар үнэлгээ хийлгэнэ гэсэн боловч хийлээгүй... ” гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Ц.Ж , Б.У нар нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Хятад улсын Эрээн хотоос зоогийн газрын гал тогооны тоног төхөөрөмж, сандал, ширээ зэрэг эд зүйлийг тээвэрлүүлж, хөлс 4000 юань буюу 1,520,000 төгрөг төлөхөөр хариуцагч Д.Б-тэй харилцан тохиролцсон, Д.Б нь ачаа барааг Эрээнээс Замын-Үүд хүртэл нөхрийнхөө машинаар, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл хүүгийнхээ машинаар тээвэрлүүлэн нэхэмжлэгч Б.У-д хүлээлгэн өгсөн, ачаа барааг хүлээж авахад эвдэрч тээвэрлүүлэгч Ц.Ж , Б.У нарт хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан фото зураг, Итгэлт эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Д.Б нь ачаа барааг тээвэрлэлтийн гэрээний гол нөхцөл болох тогтоосон газар буюу Улаанбаатар хотод ачааг хүргэх, Ц.Ж , Б.У нар нь хөлс төлөхөөр амаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний хооронд ачаа тээвэрлэлтийн гэрээ буюу Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Ц.Ж , Б.У нар нь тээвэрлэлтийн гэрээний улмаас үүссэн хохирлоо хариуцагч Д.Б-ээс Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-т зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ.
Тээвэрлэлтийн гэрээний дагуу Ц.Ж , Б.У нар нь тээвэрлэгч Д.Б-нд ачаа бараагаа тээвэрлүүлэхдээ дагалдах бичиг үйлдэж, зориулалтын сав баглаа, боодолтой хүлээлгэж өгөх үүрэгтэй, тээвэрлэгч Д.Баярсүрэн нь мөн ачаа бараагаа шалгаж дагалдах бичиг үйлдүүлж, ачих зориулалтын сав баглаа, боодолтой байгаа эсэхийг шалгаж хүлээж авах үүрэгтэй. Гэтэл хэн аль нь уг үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Ц.Ж , Б.У нарт хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Ж , Б.У нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн хохирлоо “Итгэлт эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн 11,007,300 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүх хариуцагч Д.Б-ийн хүсэлтээр Вендо ХХК-нийг шинжээчээр томилж “Итгэлт эстимэйт” ХХК-ний үнэлсэн 18 нэр төрлийн эд зүйлийн эвдрэлд үнэлгээ тогтоолгохоор шийдвэрлэсэн. Гэвч Вендо ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзсан тул шүүх “Итгэлт эстимэйт” ХХК-ний шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Шинжээч Э.Ганбаатар нь шүүх хуралдаанд “... манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Золбоо очиж ачигдсан тоног төхөөрөмжийг үзсэн тухайн үед 18 нэр төрлийн зүйл байсан. Шилэн хөргөгч нь эргэн тойрондоо зурагдсан байдалтай, 4 хаалгатай хөргөгч нь зурагдсан байсан, хөргүүр нь мотор доргисон байсан. Үзлэг хийхэд өмнө нь ашиглаж хэрэглэсний улмаас эвдэрсэн байх боломжгүй шинэ зүйлс байсан учир тээвэрлэлтээс болсон гэж үзсэн... эд зүйлүүд нь бүр ашиглах боломжгүй бол биш байсан, ашиглах боломжтой ч үнэ цэнэ нь буурсан гэдгийг оруулж өгсөн байгаа. Жишээ нь 1,300,000 төгрөгийн үнэтэй шилэн хөргөгч тээвэрлэлтээс болоод шил нь зурагдаж эргэн тойрон холгогдсон байсан, уг хөргөгч нь үйлчилгээний байгууллагуудад хэрэглэгддэг учир шилнүүд нь зурагдвал үндсэн зориулалтаар ашиглах боломжгүй болно шүү дээ тийм учраас хувилж үнэлгээ гаргасан. Огт ашиглах боломжгүй бол болоогүй байсан. Тээвэрлэлттэй холбоотойгоор 11,000,000 төгрөг болно гэж тооцоолсон байгаа. Нийт 39,000,000 орчим сая төгрөгийн үнэ бүхий бараа байсан. Тээвэрлэлттэй холбоотойгоор тодорхой хэмжээгээр үнэ цэнийг бууруулсан. Гэхдээ яг ашиглах боломжгүй болсон зүйл байхгүй байсан. Бүгд тодорхой хэмжээгээр үнэ нь буурсан. Жижиг зүйлүүд нь ашиглах боломжгүй болсон байсан... Тухайн эд зүйлийг бодит байдлаар нь И.Золбоо үзэж фото зургуудыг авсан тэгээд бид хоёр нэг бүрчлэн танилцаж үнэлгээгээ гаргасан...” гэж мэдүүлсэн, мөн нэхэмжлэгч Ц.Жавхлантөгс, Б.Ундрах нар нь “...зарим зүйлээ зарсан, хөдөө явуулсан, 3 ширхэг зүйл болох Комби Овон, гэрийн хөргөгч, 2 хаалгатай хөргөгч байгаа... зарим зүйлээ үнэлүүлээгүй орхисон байна лээ ...” гэж Вендо ХХК болон шүүх хуралдаанд тайлбарласан тул шинжээч нь дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал бий болсон, шүүх мөн эд зүйлд үнэлгээ тогтоох шаардлагагүй “Итгэлт эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй, уг нотлох баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Хариуцагч Д.Б нь “...тээврийн хөлс хүрэлцээгүй, өөрсдөө баглаж боосон... бичгээр гэрээ байгуулаагүй ...” гэж мэтгэлцэх боловч хуульд тээвэрлэлтийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардаагүй, мөн хариуцагч нь тухайн үед ачаа барааны сав баглаа боодлыг шалгаж авах үүрэгтэй бөгөөд шаардлага хангаагүй бол зориулалтын сав баглаа боодолтой байлгахыг шаардах эсвэл гэрээ байгуулахгүй буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй атал тохирсон хөлсөө авч эд зүйлийг ачиж Улаанбаатар хотод хүргэж өгсөн байна.
Иймд шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын дээрх гэм буруугийн хэмжээг харгалзан нэхэмжлэгч Ц.Ж , Б.У нарт учирсан хохирлыг 20 хувиар багасгаж тооцон, /11,007,300х20%=2,201,460/ хариуцагч Д.Б-с 8,805,840 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,201,460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д зааснаар хариуцагч Д.Б-ээс 8,805,840 төгрөгийг гаргуулан Ц.Ж , Б.У нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,201,460 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 191,067 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ээс 155,843 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ж , Б.У нарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ