Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2020/00974

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/00009/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ................ тоотод оршин суух, регистрийн дугаар ................., Барнууд овогт*******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь*******т холбогдох, 3.965.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, Л.Сүхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие******* овогтой ******* нь ам бүл 6, өөрийн ах, хүүхэд, гэмт хэргийн улмаас амь насаа алдсан төрсөн дүүгийн 3 өнчин хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй билээ. Миний аав С.Нэргүй нь 2008 онд Капитал банкнаас зээл авсан бөгөөд төлж чадалгүй нас барсан, мөн түүний эхнэр Б.Нямсүрэн нь ч удалгүй нас барсан юм. Б.Нямсүрэнгээр зээлийг нь төлүүл гэсэн шүүхийн шийдвэр гарсан боловч нас барсан учраас хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон билээ. Гэтэл аймгийн******* нь үндэслэлгүйгээр 5.465.450 төгрөгийг данс барьцаалан болон гэмт хэрэг үйлдсэн төлбөр төлөгчийн миний дүүгийн оршуулгын зардалд гэмт хэрэгтний ээжээс өгсөн мөнгийг хууль бусаар хурааж авсан юм. Миний бие мөнгөө буцааж авахаар өргөдөл гаргахад 1.500.000 төгрөгийн үлэгдэлтэй дансыг чөлөөлсөн боловч 3.965.450 төгрөгийг буцааж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Би нас барсан аав, ээжийн эрх, үүргийг залгамжлаагүй. Мөн түүнчлэн Капитал банкны төлбөрийг төлж барагдуулахтай холбоотой миний нэр дээр гарсан ямар нэгэн шийдвэр байхгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэр биелүүлж байгаа нэрийн дор элдэв хууль бус дарамт үзүүлж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банкны зээлийн төлбөр барагдуулах үйл ажиллагаатай холбогдуулан Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үндэслэлгүйгээр төлүүлсэн нийт 3.965.450 төгрөгийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн******* овогтой ******* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банкны зээлийн төлбөр барагдуулах үйл ажиллагаатай холбогдуулан Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үндэслэлгүйгээр төлүүлсэн 3.965.450 төгрөгийг гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан билээ.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн тайлбартай танилцаад эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Хариуцагчийн тайлбарт Улсын дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоол, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эхлүүлсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна. Гүйцэтгэх хуудас бичигдсэнээс хойш 4 жил гаруй хугацаа өнгөрч, талбөр төлөгч нар нас барсан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжгүй байсан гэж үзэж байна.

2.Хариуцагч тайлбартаа Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ байдлаар тухайн үеийн ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгч нартай ярилцан хөрөнгийг хураан, худалдан борлуулж, төлбөрийг төлүүлэх, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг хойшлуулж цаг хугацаа авч явсаар Н.******* нь эхний төлөлтийг 2016 онд 500.000 төгрөг төлж, Капитал банкны 2000009919 тоот дансанд Б.Нямсүрэн /С.Батсүх/-ийн зээлэнд төлж байсан байна.

...төлбөрийг төлнө гэсэн боловч төлөлгүй байсаар 2018 онд 100.000 төгрөг төлж, 2019 онд 1.300.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус газарт хүсэлт гаргаж Ш.Баттөр гэх хүнээс авах авлагын 2.165.450 төгрөгийг Капитал банкны төлбөрт тооцуулж шилжүүлж өгөх хүсэлт гаргасны дагуу Ш.Баттөрөөс 2.065.450 төгрөг төлөгдсөнийг Капитал банкны 2000009919 дансанд шилжүүлсэн байна. гэсэн нь нэхэмжлэгч С.*******ээс 3.965.450 төгрөгийг хууль бусаар гаргуулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжинд нийцсэн байх ёстой учраас төлбөр төлөгч биш хүнийг төлбөр төлөгч болгох хуулиар хориглосон төлбөрт суутгаж болохгүй хөрөнгийг төлбөрт суутгаж авах боломжгүй байсан. Нэхэмжлэгч Н.*******ийг хууль ёсны эрх залгамжлагч гэж үзсэн шүүхийн шийдвэр байхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлд заасан төлбөр гаргуулж болохгүй орлогод 88.1.8-д заасан эрүүл мэндэд учруулсан хохирлын нөхөн төлбөр буюу оршуулгын зардал хамаарсан, Улсын дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолын дагуу төлбөр төлөгч нь С.Нэргүй, түүний эхнэр Б.Нямсүрэн нар байсан, тэдгээрт хамааралтай шүүхийн шийдвэр гүйцэтгэх аижллагаа дуусгавар болсон байхад Н.******* болон бусад хүмүүсийг төлбөр төлөгч болгон мөнгийг үндэслэлгүйгээр хураан авч байсан нь хуульд нийцээгүй байна.

3. Хариуцагчийн тайлбарт ...Өөрийн хүсэлтээр төлсөн төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан нь огт үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч С.******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас янз бүрийн дарамт шахалт үзүүлэх замаар үндэслэлгүйгээр авсан мөнгийг буцааж авах талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өргөдөл гаргахад барилт хийсэн 1.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй дансыг чөлөөлж, 3.965.450 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийг зарсны дараа буцааж өгөх боломжтой гэсэн хариуг өгсөн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн атлаа үл хөдлөх хөрөнгийг зарсны дараа буцааж өгөх боломжтой гэсэн хоорондоо зөрүүтэй мэдүүлэг, тайлбарыг өгч байгаа нь тухайн газрын үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй болохыг нотолж байна.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс бусдын хийсэн гэм бурууг хэн нэгэн өөр хүмүүст тохож янз бүрийн дарамт шахалт үзүүлэн тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцэхгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэлийн бичиг баримтын дагуу үйл ажиллагаа явуулах учиртай, түүнээс биш аливаа тохиролцоо, хэн нэгний хүсэлт, дарамт шахалтаар үйл ажиллагаагаа явуулах ёсгүй гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Н.*******ээр 3.965.450 төгрөгийг үндэслэлгүйгээр төлүүлсэн үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.*******ийн нэхэмжлэлтэй тус газарт холбогдуулан төлбөр төлөгч Б.Нямсүрэнгийн /Зээлдэгч С.Нэргүй/ төлбөрийг үндэслэлгүйгээр төлүүлсэн 3.965.450 төгрөгийг тус газраас гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Улсын дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолоор Б.Нямсүрэнгээс 10.723.080 төгрөг гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Тус газар нь Улсын дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоол, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Нямсүрэн нь нас барсан байсан тул барьцаа хөрөнгөнд ажиллагаа явуулахаар, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-22-01 тоотод ажиллагаа явуулахад, тухайн хөрөнгийг эзэмшиж буй Ж.Наранчулуун гэх иргэн уг хөрөнгийг худалдаж авсан гэх тайлбарыг өгч, хөрөнгийг хураалгахгүйгээр өрийг нь өмнөөс нь төлөөд хөрөнгийг чөлөөлүүлж авмаар байгаагаа илэрхийлж тайлбар өгч, төлбөр төлөгчийн охин гэх Н.******* ч мөн адил үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаа хөрөнгийг хураалгахгүйгээр эцэг, эхийн минь өр тул төлбөрийн 50 хувийг Ж.Наранчулуунаар төлүүлж, 50 хувийг Н.******* өөрөө төлөхөөр тайлбар өгч байсан байх бөгөөд төлбөр авагч тал болох Капитал банкны удирдлагуудтай ч тухайн үед ярилцсан байдаг.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ байдлаар тухайн үеийн ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгч нартай ярилцан хөрөнгийг хураан, худалдан борлуулж төлбөрийг төлүүлэх, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг хойшлуулж цаг хугацаа авч, явсаар Н.******* нь эхний төлөлтийг 2016 онд 500.000 төгрөг төлж, Капитал банкны 2000009919 тоот дансанд Б.Нямсүрэн /С.Батсүх/-ийн зээлэнд төлж байсан байна.

Шийдвэр гүйцэтгэгч нарт Н.******* нь тайлбар өгөхдөө ... манай хашаа байшинг харин ч сайн хүн авсан,******* гэж хүн байгаа, энэ хүн намайг төлбөрийн 50 хувийг төлчихвөл үлдэгдлийг нь төлнө ... гэсэн тайлбарыг өгч, хашаа байшинг хураалгахгүйн тулд төлбөрийг төлнө гэж шийдвэр гүйцэтгэгчийг төөрөгдүүлэн, хуурч хугацаа авч байсан байна. Ийнхүү төлбөрийг төлнө гэсэн боловч төлөлгүй байсаар 2018 онд 100.000 төгрөг төлж, 2019 онд 1.300.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус газарт хүсэлт гаргаж Ш.Баттөр гэх хүнээс авах авлагын 2.165.450 төгрөгийг Капитал банкны төлбөрт тооцуулж шилжүүлж өгөх хүсэлт гаргасны дагуу Ш.Баттөрөөс 2.065.450 төгрөг төлөгдсөнийг Капитал банкны 20000009919 тоот дансанд шилжүүлсэн байна.

Н.******* нь барьцаа хөрөнгийг хураалгаж, худалдан борлуулахгүйн тулд би төлнө гэж хугацаа аван, тайлбар өгч байсан тул, тус газрын зүгээс Н.*******, Ж.Наранчулуун нараас төлбөрийг тохиролцсон ёсоор төлөх, Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх нь гуравдагч этгээдийн эрхийг хөндөхөөр байвал тухайн гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах замаар барьцааны эрхийг өөртөө шилжүүлэн авч болно гэсний дагуу хөрөнгийг чөлөөлүүлж авах эрх нээлттэй байгааг тайлбарлан төлөх талаар ярилцахад төлбөрийг төлөхгүй гэсэн тул шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд барьцаа хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад, өөрийн хүсэлтээр Капитал банкны төлбөрт шилжүүлсэн 3.965.450 төгрөгийг тус газраас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажилалагаанд саад учруулж төлбөр төлөгчийн өмнөөс төлбөрийг төлнө гэж 2015 оноос хойш өдийг хүргэсэн байсан тул барьцааны хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлмэгц Капитал банкны төлбөрт өөрийн хүсэлтээр төлсөн төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Н.*******ийн төлсөн төлбөр Капитал банкны дансанд шилжин орсон тул Капитал банкны эрх хөндөгдөх болно.

Жич: Н.******* нь 2014 оны 02 дугаар сарын 18-нд зээлдэгч С.Нэргүй /Б.Нямсүрэн/-ын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгон, өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэж байсан, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т заасны дагуу Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Үүний дагуу тус газар нь өвийн хэмжээгээр төлбөрийг шаардах эрх үүссэн байсан боловч Н.******* сайн дураар төлбөрийг төлнө гэж байсан тул шаардаагүй. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч ... өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасан байгаа. Үүний дагуу зээлдэгч С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын хөрөнгийг шууд өвлөх авах хууль ёсны өв залгамжлагч болох Н.*******ээс гаргуулсан нь зүйтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсахгүй болгож өгнө үү. гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, Л.Сүхбаатар нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.*******ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймаг дахь*******, бие даасан шаардлага гаргах эрхгүй гуравдагч этгээд Капиатал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

С.Нэргүй, Б.Нямсүрэн нар нь Капитал банктай 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №16251 тоот зээлийн гэрээ байгуулж, 7.500.000,00 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэйгээр, 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул тус аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №354 тоот шийдвэр, 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №18 тоот магадлал, 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №414 тоот дээд шүүхийн тогтоолоор Б.Нямсүрэнгээс 10.564.259,00 төгрөг гаргуулж, Капитал банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу Хөвсгөл аймаг дахь*******т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд төлбөр төлөгч Б.Нямсүрэн нь шүүхийн шийдвэр гарсанаас хойш 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 99.700,00 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 1.300.000,00 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2.065.450,00 төгрөг бүгд 3.465.150,00 /гурван сая дөрвөн зуун жаран таван мянга нэг зуун тавь/ төгрөгийг төлсөн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 6.654.409.00 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Капитал банк ХХК, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банктай байгуулсан 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №16251 тоот зээлийн гэрээний үүрэг, дээрх шүүхийн шийдвэрийг төлүүлэхээр нэхэмжлэгч Н.*******ээс шаардсан, холбогдох данснаас төлбөрийн суутгал хийсэн үйлдэл хийгээгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь Хөвсгөл аймаг дахь*******т холбогдуулан 3.965.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг нь талийгаач С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын зээлийн төлбөрийг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байхад Н.*******ээр төлүүлсэн нь үндэслэлгүй учир Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.*******ээр үндэслэлгүй төлүүлсэн 3.965.450 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлан Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/1365 дугаар албан бичиг, Н.*******ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар Хорих 433 дугаар нээлттэй хорих ангийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 9/385 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н.*******ийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/129 дүгээр захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н.*******ийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 013 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0283 дугаар эд хөрөнгийн битүүмжлэх актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн кассын орлогын баримт, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам нь нэхэмжлэгч Н.******* нь талийгаач С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын хууль ёсны өв залгамжлагч мөн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авсан, үл хөдлөх эд хөрөнгөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэхэд нэхэмжлэгч Н.******* нь зээлийн төлбөрийг төлж барагдуулахаа удаа дараа илэрхийлж 3.965.450 төгрөгийг төлсөн тул Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг мөнгийг гаргуулах үндэслэлгүй гэж марган Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар Шүүхийн архив хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 354 дүгээр шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар Шүүхийн архив хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 04-ний 18 дугаар магадлал, шийдвэр гүйцэтгэгчийн нотариатчаар гэрчлүүлсэн тэмдэглэлүүдийн хуулбар, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16230003 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шийдвэр гүйцэтгэх алба ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүйд тооцох тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төлбөрийн даалгавруудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтуудыг хэрэгт ирүүлжээ.

Нэхэмжлэгч Н.******* нь талийгаач С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банкнаас авсан зээлийн төлбөрт 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1.300.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2.065.450 төгрөг, нийт 3.965.450 төгрөг төлсөн болох нь зохигч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарууд, төлбөрийн даалгавруудын хуулбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2016 оны 6 сарын 2-ны өдрийн кассын орлогын баримт зэрэг баримтуудаар тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Н.*******ийн талийгаач эцэг С.Нэргүй нь Капитал банкинд 10.564.259,28 төгрөгийн өр төлбөртэй байж байгаад нас барж, дээрх төлбөрийг талийгаачийн эхнэр Б.Нямсүрэнд хариуцуулан төлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтанд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч тал талийгаач С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банкинд төлөх төлбөрийг Н.******* хариуцах үндэслэлгүй, энэ талаар гарсан албан ёсны шийдвэр байхгүй, түүнчлэн хуулиар хориглосон төлбөрт суутгаж болохгүй хөрөнгийг төлбөрт суутгаж авсан тул хариуцагч байгууллагаас 3.965.450 төгрөгийг гаргуулна хэмээн тайлбар гарган мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ. гэж заасан байх ба нэхэмжлэгч Н.******* нь талийгаач С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын төрсөн охин болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож, дээрх хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт: нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсны хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байхаар хуульчилсны дагуу нэхэмжлэгч нь талийгаач нарын дээрх Капитал банкны зээлийн өр төлбөрийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хариуцах үүрэг үүсчээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.8 дахь хэсэгт заасан эрүүл мэндэд учирсан хохирлын нөхөн төлбөр-т өгсөн 2.065.450 төгрөгийг төлбөрт авсан нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай баримтаа шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд дээр дурдаж буй үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймаг дахь*******т холбогдуулан гаргасан хууль ёсны шийдвэргүйгээр 3.965.450 төгрөгийг талийгаач С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын өр төлбөрт суутган авсныг буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 520 дугаар зүйлийн 520.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт тус тус зааснаар Н.*******ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймаг дахь*******т холбогдох холбогдох 3.965.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА