Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2018/00455

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2018/00154/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “ГКПББСБ” ХХК /... хот, ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... төвд байрлах, утас:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Ц.С /РД: ...., утас: .../-т холбогдох

 

“19,189,008 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ГКПББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           “...ГКП ББСБ нь Ц.Стэй 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ... тоот Зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, байраа засварлах зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ц.С нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ... дугаартай барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байршилтай, 18 мкв талбайтай ...тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

1. Үндсэн зээл 8,334,000 төгрөг, зээлийн хүү 9,299,499 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,536,509 төгрөг, нотариатын төлбөр 19,000 төгрөг, нийт 19,189,008 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324,095 төгрөгийн хамт Ц.Сээс гаргуулах,

2. Зээлдэгч зээлийн өрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Зээлийн барьцааны гэрээний 2.1 дэх заалтад заасны дагуу доорх барьцаа хөрөнгө болох ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байршилтай, 18 мкв талбайтай ...тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “ГКПББСБ ХХК болон Ц.Стэй 2015.04.16-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, байраа засварлах зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгож Ц.С нь 2015.04.16-ны өдөр ... дугаартай барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байршилтай, 18 мкв талбайтай ... тоот үл хөдлөх эд  хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ... дугаартай барьцааны гэрээг 2015.04.16-ны өдөр Улсын бүртгэлийн ... дугаар тамгаар баталгаажуулан ГКП ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэснийг баталгаажуулсан. Зээлийн гэрээний 2.3-т Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д заасан хувиар тус тус тооцон авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222.5, 452.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн. Мөн зээлийн гэрээнд зээл болон зээлийн хүү төлөх графикийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсоноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн. Ц.С нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2015.06.09-ний өдөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 2,372,000 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 1,666,000 төгрөг, зээлийн хүүнд 701,529 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,471 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Ц.С нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2015.05.16-аас эхлэн сар бүр үндсэн зээлээс 833,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон.  Зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул ББСБ-ийн зүгээс зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацаа өгч мэдэгдэж байсан. 2016.04.16-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч Ц.Сээс үндсэн зээл 8,334,000 төгрөг, зээлийн хүү 9,299,499 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,536,509 төгрөг, нотариатын төлбөр 19,000 төгрөг нийт 19,189,008 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 324,095 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагч Ц.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            “Ц.С миний бие нь “ГКП” ББСБ-аас 2015.04.16-ны өдөр өөрийн эзэмшлийн 1 өрөө орон сууцыг барьцаалан 10,000,000 төгрөгийг зээлсэн. Үндсэн зээл болон хүүг нь зохих хугацаанд төлнө, харин нэмэгдүүлсэн хүү гэх 1,536,509 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Иймд үндсэн зээл болон хүүг нь төлөх боломжийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хариуцагч Ц.С нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 10,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүг хуулиар 0,7 хувиар тооцож, 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцох хуулийн зохицуулалт байгаа бол шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Уг зээлийг Ц.С авсан нь үнэн, төлөх нь үнэн.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ГКПББСБ” ХХК нь хариуцагч Ц.Ст холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ...тоот Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 8 334 000 төгрөг, хүү 9 299 499 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1 536 509 төгрөг нотариатын зардалд 19 000  төгрөг,  нийт 19 189 008 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Ц.С,  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэл байхгүй... гэж маргаж байгаа  болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгч “ГКП” ББСБ нь 2015 оны 04 дүгээр  сарын  16-ны өдөр хариуцагч Ц.Стэй Зээлийн гэрээ байгуулж, тэдэнд 10 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирчээ.

             Нэхэмжлэгч “ГКПББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 09 дүгээр 28-ны өдрийн 1/130 дугаар тогтоолоор авч, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйл болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22, 24 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан ба зээлдэгч болон зээлдүүлэгч нараас гэрээний зүйл болсон 10 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсхүл шилжүүлээгүй гэх үйл баримтын талаар маргахгүй байх тул тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдаж, Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Гэрээнд зааснаар зээлдэгч Ц.С нь 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаанд ашиглаж, тохирсон хуваарь, эргэн төлөх дүнгийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 16–ны өдөр үндсэн зээлийг хүү 2 314 599 төгрөгийн хамт нийт 12 314 599  төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээж, хэрэв үндсэн зээл, зээлийн хүүг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.

 

Гэвч зээлдэгч  Ц.С  Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч тэрээр үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.С Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т зааснаар зээл, зээлийн хүүг тохирсон хугацаанд төлөөгүй байх тул түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Зохигчид нь зээл, зээлийн хүүгийн тооцооллын талаар маргаагүй болохыг дурдаж байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний  2 дугаар зүйлийн 2.3–д зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр зааж, гэрээний 1.2.3-т нэмэгдүүлсэн хүүг 0,7 хувь, үндсэн хүүний 20 хувь байхаар тогтоожээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж  хуульчилсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний  2.3–д заасан нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд нэгэнт хариуцагч зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй гэрээний хугацаа дууссанаас  хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөлт хийгээгүй байх тул тэрээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

            Иймд нэхэмжлэгч “ГКПББСБ” ХХК нь хариуцагч Ц.Сээс  2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ...тоот Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 8 334 000 төгрөг, хүү 9 299 499 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1 536 509 төгрөг нотариатын зардалд 19 000  төгрөг  нийт 19 189 008 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

             Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал…-ыг хохиролд тооцно” гэж тус тус заасан байх тул хариуцагч нараас нотариатын зардалд  19 000  төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч Ц.Сийн өмчлөлийн ...тоот улсын бүртгэлийн дугаартай ... аймгийн ... сумын ... баг ... хороолол  4 дүгээр байр ... тоот хаягт орших  18.0 м,кв талбайтай орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулжээ.

             

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.11 -т зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгөөр гүйцэтгэлийг хангуулах үүрэг зээлдэгч нар хүлээсэн бөгөөд талууд ...  тоот Баталгаат ипотекийн гэрээг бичгээр үйлдэж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан барьцааны гэрээг бичгээр байгуулна, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэснийг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

            Иймд барьцааны гэрээний зүйл болох дээрх орон сууцыг дуудлага худалдаагаар борлуулсан үнээс 19 189 008  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 095  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Ц.Сээс тэмдэгтийн хураамж  324 095 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар хариуцагч Ц.Сээс 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ...тоот Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 8 334 000 төгрөг, хүү 9 299 499 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1 536 509 төгрөг нотариатын зардалд 19 000  төгрөг,  нийт 19 189 008 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ГКПББСБ” ХХК -д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  324 095 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Ц.Сээс 324 095 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ГКПББСБ” ХХК -д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.С  нь  19 189 008  төгрөг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиодолд барьцааны зүйл болох ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр  ... тоот хаягт орших  18.0 м,кв талбайтай орон албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлага 19 189 008 төгрөгийг хангах учрыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг томилсугай.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ