Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 56

 

“Газаркапитал партнерс ББСБ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00154/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 455 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.С-т холбогдох

“19.189.008 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мандалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-аас:

...”Газаркапитал партнерс ББСБ” ХХК нь Ц.С-тэй 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ0502150030 тоот Зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, байраа засварлах зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ц.С- нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ0502150030 дугаартай барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 234 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай Ү-2003000633 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

           1. Үндсэн зээл 8.334.000 төгрөг, зээлийн хүү 9.299.499 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.536.509 төгрөг, нотариатын төлбөр 19.000 төгрөг, нийт 19.189.008 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324.095 төгрөгийн хамт Ц.С-ээс гаргуулах,

2. Зээлдэгч зээлийн өрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Зээлийн барьцааны гэрээний 2.1 дэх заалтад заасны дагуу доорх барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээ байр, 234 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай Ү-2003000633 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мандалмаагаас:

“Газаркапитал партнерс ББСБ” ХХК болон Ц.С-тэй 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ0502150030 тоот зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, байраа засварлах зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгож Ц.С- нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЗБ0502150030 дугаартай барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Дархан-Уул аймаг, дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 234 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай Ү200300633 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ЗБ0502150030 дугаартай барьцааны гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн 29/1-27 дугаар тамгаар баталгаажуулан “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-ний барьцаанд бүртгэснийг баталгаажуулсан. Зээлийн гэрээний 2.3-т Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д заасан хувиар тус тус тооцон авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн. Мөн зээлийн гэрээнд зээл болон зээлийн хүү төлөх графикийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсоноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн. Ц.С- нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 2.372.000 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 1.666.000 төгрөг, зээлийн хүүнд 701.529 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4.471 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Ц.С- нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 16-аас эхлэн сар бүр үндсэн зээлээс 833.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул ББСБ-ийн зүгээс зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацаа өгч мэдэгдэж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч Ц.С-ээс үндсэн зээл 8.334.000 төгрөг, зээлийн хүү 9.299.499 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.536.509 төгрөг, нотариатын төлбөр 19.000 төгрөг нийт 19.189.008 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 324.095 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.С-ээс:

Ц.С- миний бие нь “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн 1 өрөө орон сууцыг барьцаалан 10.000.000 төгрөгийг зээлсэн. Үндсэн зээл болон хүүг нь зохих хугацаанд төлнө, харин нэмэгдүүлсэн хүү гэх 1.536.509 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Иймд үндсэн зээл болон хүүг нь төлөх боломжийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяагаас:

Хариуцагч Ц.С- нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 234 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 10.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүг хуулиар 0,7 хувиар тооцож, 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцох хуулийн зохицуулалт байгаа бол шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Уг зээлийг Ц.С- авсан нь үнэн, төлөх нь үнэн гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.С-ээс 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ-0502150030 тоот Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 8.334.000 төгрөг, хүү 9.299.499 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.536.509 төгрөг, нотариатын зардалд 19.000 төгрөг, нийт 19.189.008 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324.095 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.С-ээс 324.095 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.С- нь 19 189 008 төгрөг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр 324 тоот хаягт орших 18.0 м.кв талбайтай орон албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлага 19.189.008 төгрөгийг хангах учрыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяа давж заалдсан гомдолдоо:

...Ц.С- нь “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-аас 12 сарын хугацаатай 10.000.000 төгрөгийг өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр баг, 234 тоот хаягт байршилтай 18м.кв талбайтай Ү-200300633 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцыг барьцаалан зээлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2.372.000 төгрөг төлсөн. Учир нь үндсэн зээл 8.334.000 төгрөг, хүү 9.299.499 төгрөг тэмдэгтийн хураамж 324.095 төгрөг, нотариатын зардал 19.000 төгрөг нийт 17.976.594 төгрөгийг төлье, нэмэгдүүлсэн хүү 1.536.509 төгрөгийг чөлөөлж өгөх хүсэлт гаргахад нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж тусгажээ. Дээрх нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Иймд нэмэгдүүлсэн хүү 1.536.509 төгрөгийг төлөх мөнгөнөөс хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                            

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК нь хариуцагч Ц.С-т холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ0502150030 тоот Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 8.334.000 төгрөг, хүү 9.299.499 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.536.509 төгрөг, нотариатын зардалд 19.000 төгрөг нийт 19.189.008 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Зохигчдын дунд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зээлдэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч гэрээг цуцалсан нь хууль болон гэрээнд нийцжээ.

            Банк, эрх бүхий хуулийн этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчсөн этгээд зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийг эргэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү болон гэрээгээр  тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар үүрэг болгосон байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байдал тогтоогдсон тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь хууль болон гэрээнд нийцсэн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа нэмэгдүүлсэн хүүг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлээ дурдаагүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.000 төгрөгийг Төрийн сангийн орлогд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                                    

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ       

                                                       ШҮҮГЧИД                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                             О.НАРАНГЭРЭЛ