Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01527

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 455 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар магадлалтай,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.С-т холбогдох,

19.189.008 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.С- нь  2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, байраа засварлах зориулалтаар зээл авсан. Мөн барьцааны гэрээ байгуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 234 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай Ү-2003000633 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан.

Хариуцагч зээлийг хугацаанд нь буцаан төлөөгүй тул үндсэн зээл 8.334.000 төгрөг, хүү 9.299.499 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.536.509 төгрөг, нотариатын төлбөр 19.000 төгрөг, нийт 19.189.008 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324.095 төгрөгийн хамт гаргуулж, зээлийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.С- шүүхэд гаргасан тайлбартаа: Би Г ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн 1 өрөө орон сууцыг барьцаалан 10.000.000 төгрөгийг зээлсэн. Үндсэн зээл болон хүүг төлнө, харин нэмэгдүүлсэн хүү гэх 1.536.509 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Иймд үндсэн зээл болон хүүг нь төлөх боломжийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар хариуцагч Ц.С-ээс 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ-0502150030 тоот Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 8.334.000 төгрөг, хүү 9.299.499 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1.536.509 төгрөг нотариатын зардалд 19.000 төгрөг, нийт 19.189.008 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324.095 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.С-ээс 324.095 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдэж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.С- нь 19.189.008 төгрөг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр 324 тоот хаягт орших 18.0 м,кв талбайтай орон албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлага 19.189.008 төгрөгийг хангах учрыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.000 төгрөгийг Төрийн сангийн орлогд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Хариуцагч нь “Газар капитал партнерс” ББСБ-аас 12 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийг өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4дүгээр баг, 234 тоот хаягт байршилтай 18мкв талбайтай Ү200300633тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцыг барьцаалан зээлсэн. “Газар капитал партнерс” ББСБ-нь өөрийн доод үйл ажиллагааны зардал буюу нотариатын зардал 19.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.536.509 төгрөг нэхэмжилснийг анхан болон давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөө хэлбэл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч миний бие нь нотариатын зардал 19.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.536.509 төгрөг нийт 1,555,509 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Ц.С-ээс 19.189.008 төгрөг нэхэмжлэхдээ зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал гэжээ. Хариуцагч нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч, маргасан. 

Зохигчийн хооронд 2015 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр 234 тоот хаягт орших 18.0 м,кв талбайтай орон сууцыг барьцаалан нэхэмжлэгчээс 10.000.000 төгрөгийг 12 сарын хугацаагаар, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохирчээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Шүүх, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны  гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдал, зээлийн гэрээний биелэлт зэрэг маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1.-т заасантай нийцжээ.

Нотариатын үйлчилгээний хөлсөнд 19.000 төгрөг гаргуулах шаардлагыг хангахдаа шүүх хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-г зөрчөөгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 455 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 40.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ