Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 241

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

иргэдийн төлөөлөгч Б.Мягмар,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюун,

шинжээч эмч С.Чулуунсүх,

шүүгдэгч А.Буяндэлгэр, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар /ҮД:0-009/, С.Пүрэвдорж /ҮД:0-032/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цамхаад овогт Адилбишийн Буяндэлгэрт холбогдох эрүүгийн 201626012774 дугаартай, 188/2017/0289/Э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужааны ажил хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн алтан өлгийн 01 дүгээр гудамж 15 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн Цэцэн дүнгээгийн 20 тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, Цамхаад овогт Адилбишийн Буяндэлгэр /РД:ОЭ72102531/

 

            Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч А.Буяндэлгэр нь 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүрийн урд шатан дээрээс иргэн Б.Даваажавыг хувийн таарамжгүй харьцааны улмаас хавсарч унагаан бие махбодид нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүрийн урд шатан дээрээс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20-21 цагийн үед яллагдагч А.Буяндэлгэр нь иргэн Ж.Төмөр-Очиртой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг түлхэж ар дагз хэсгээр нь унагааж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Яллах талын нотлох баримтууд

 

Нэг : Хохирогч Б.Даваажавын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд.

 

1.1. Хохирогч Б.Даваажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах “Оргил” дэлгүүр орж талх авах гээд явж байтал уг дэлгүүрийн гадна миний зүс таних Буяндэлгэр гэдэг ах таараад намайг “архи аваад өг” гэхээр нь би “үгүй ээ, мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь Буяндэлгэр намайг ноолоод барилдах гээд байхаар нь би түүнтэй 1 удаа барилдаад давсан юм. Тэгээд би Буяндэлгэрээс салаад “Оргил” дэлгүүрийн шатаар өгсөөд довжоон дээр нь гартал Буяндэлгэр нь миний араас үгийн зөрөөгүй тэвэрч аваад баруун хөлөөрөө миний баруун хөлийг хавсарч унагаасан бөгөөд би унахдаа баруун талаараа унасан. Тэр үед миний баруун хөлийн шилбэ шатны ирмэг дээр цохигдоход Буяндэлгэр миний дээрээс дарж унахдаа баруун хөлөн дээр дараад уначихсан бөгөөд миний баруун хөлийн шилбэний яс хугарчихсан юм. Тэгэхээр нь би Буяндэлгэрт босоочээ миний хөл хугарчихлаа гэж хэлсэн чинь Буяндэлгэр “өө алив үзье” гэж хэлээд миний баруун хөлийг барьж үзээд “нээрээ тийм байна шүү дээ, за ахын дүү цагдаа дуудаад хэрэггүй бөөн юм болно, ах нь олон хүүхэдтэй, удахгүй ажил эхлэнэ ёстой балрана, ах нь ямар ч байсан эмчилгээний чинь зардлыг бүрэн даагаад чамайг зүгээр болгоноо” гэж хэлэхээр нь би за за олон хүүхэдтэй амьдрах гэж л зовж яваа юм чинь гэж бодоод цагдаа дуудаагүй. Тэгээд би тэндээсээ гэмтлийн эмнэлэг дээр очиж хөлийнхөө зургийг авахуулахад “баруун хөлийн шаант яс чинь дундуураа хугарсан байна” гэж хэлээд намайг хэвтүүлсэн. Тэр өдөр Буяндэлгэр надтай цуг эмнэлэг дээр очоод намайг эмнэлэгт хэвтүүлээд сахиж хоночихоод явсан бөгөөд маргаашнаас нь надтай ямар ч холбоогүй алга болчихоор нь би 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр цагдаад хандсан. ...2015 оны 10 сард би Буяндэлгэрээр үүдний амбаар хийлгэж анх танилцсан. Түүнээс хойш Буяндэлгэртэй огт уулзаж байгаагүй бөгөөд бид 2 урьд нь хоорондоо маргалдаж муудалцаж байгаагүй. Хувийн таарамжгүй харилцаа байхгүй. …Би тэр өдөр гэртээ найзтайгаа 1 шил 0.5 литрийн архи хувааж уусан байсан бөгөөд бага зэргийн согтолттой буюу халамцуу байсан. Буяндэлгэр тэр өдөр бас бага зэргийн согтолттой буюу өөрийн үйлдэл үг яриаг удирдан жолоодох чадвартай байсан. ...Хэрэг болсноос хойш би Буяндэлгэртэй огт уулзаагүй бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Буяндэлгэр нууцалсан дугаараас над руу залгаад “хагалгаанд орсон уу, бие чинь яаж байна” гэхээр нь би “хагалгаандаа орчихсон таяг авах мөнгө хэрэгтэй байна” гэж хэлэхэд Буяндэлгэр миний данс руу 60.000 төгрөг шилжүүлсэн.

...Эмчилгээний зардал мөнгө нийт 700 орчим мянган төгрөг гарсанаас би грүпптэй болхоор хөнгөлөөд 300 орчим мянган төгрөг болсоныг Буяндэлгэр надад өгсөн би эмчилгээний баримтаа өмнөх байцаагчдаа өгсөн хэрэгт байгаа байх. /1хх-ийн 138-140 х/

 

1.2. Хохирогч Б.Даваажавыг дахин байцаасан тэмдэглэл “...тухайн үед Буяндэлгэр миний хөлийг хугалж гэмтэл учруулсан явдал бол миний хувьд санамсаргүй болсон асуудал гэж бодож байна. Өмнө мэдүүлэг өгөхдөө миний хөлийг Буяндэлгэр санаатай хугалсан асуудал байхгүй таньдаг болохоор танимхайраад араас тэвэрч авах үед хоёулаа хальтирч унасан талаар хэлж мэдүүлж байсан. Санаатай үйлдэл гэж үзэхгүй байгаа. …Надад Буяндэлгэрээс одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй, энэ хэргийг хааж өгнө үү, энэ хэргийг цаашид дахин цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 141 х/

 

1.3. Гэрч С.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Оргил худалдааны төв орох гээд явж байтал найз Даваажавыг Оргил төвийн үүдний довжоон дээр цааш хараад зогсож байхад нь араас нь зүс таних Буяндэлгэр гэдэг залуу тэвэрч аваад хойш нь татаад тэр хоёр шатны уруу дамналдаад унасан. Намайг хажуугаар нь гарахад Буяндэлгэр Даваажавын дээр нь байсан бөгөөд Даваажав босооч ээ пизда минь хөл хугарчихлаа гэж байсан. Би Даваажавыг түргэн дуудаач ээ гэж хэлчихээд дэлгүүр орж юм авчихаад гараад ирэхэд Даваажав хашаа налаад суучихсан, хөл нь шилбээрээ хугарчихсан бололтой бага зэрэг эргэчихсэн байсан. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 142-143 х/

 

1.4. Гэрч М.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг өнгөрөөгөөд би талийгаач нөхрийнхөө хамт Оргил дэлгүүр орох гээд явж байтал дэлгүүрийн үүдэнд Даваажав гэдэг залуу Буяндэлгэр гэдэг залуутай барилдаад зогсож байсан. Манай талийгаач нөхөр та хоёр болиоч ээ гэж хэлэхэд болиод Даваажав Оргил дэлгүүр лүү орох гээд явж байхад нь араас нь Буяндэлгэр цээжээр нь тэвэрч аваад хавираад тэр хоёр шатны уруу давхралдаад унасан. Даваажав ёолоод босч ирэхгүй байхаар нь нөхөр бид хоёр очиж баруун хөлийг нь үзэхэд яс шажигнаад дуугарч байсан. …Даваажав эрүүл, харин Буяндэлгэр халамцуу байсан. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 144-145 х/

 

1.5. Шинжээчийн ¹4489 тоот дүгнэлт

1.Даваажавын биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд буюу хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой байна. Шинжээч эмч Н.Энхцолмон /1хх-ийн 147 х/

 

1.6. Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 149 х/

 

1.7. Б.Даваажавын өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 163-170 х/

 

            Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийн нотлох баримтууд

 

1.8. Гэрч С.Алтаннавчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би талийгаач Ж.Төмөр-Очирын төрсөн охин нь байгаа юм. Би Эмээлтийн амьд малын зах дээр мал зардаг болон мал гаргадаг ажил хийдэг. Манай нөхөр Мөнхбаатар нь надтай хамт ажилладаг. ...Манай аав яаж ч архи ууж согтсон үедээ хүүхдүүдийнхээ нэгнийд юм уу эсвэл дүүгийндээ очиж хонодог байсан. Тэгтэл нас барсан газар нь манай гэрээс эсрэг зүгт байдаг жалганаас олдсон. Талийгаач нь 2016 оны 06 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд амьдардаг хамаатнуудтайгаа самар түүнэ гэж яваад 4 сарын дараа буюу 2016 оны 10 дугаар сарын сүүлээр буцаж ирсэн. Ирснээсээ хойш улам дуу цөөтэй ажилсаг болчихсон байсан. Талийгаач нь ямар нэгэн архаг хууч өвчтэй байгаагүй. Би өөрөө маргалдаж байхыг нь хараагүй, надад өөрөө юу ч хэлээгүй. Харин 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тараад Элбэг хүнсний дэлгүүр лүү орж юм аваад гарч ирэхэд манай ах Баярцогт тааралдаад надад “Аавыг сая нэг хүн шатнаас түлхэж унагаагаад” гэж ярьсан ба манай аав босч ирээд толгойныхоо ар талыг гараараа дараад “ёооё үхэх гэж байна шүү дээ хүүр гэж” хэлсэн гэж байсан. Тэгээд би өөрийг нь харсан чинь “Оргил” хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсож байхаар нь очвол архи нэхнэ гэж бодоод очоогүй. Өөр хүн амьтантай маргалдсан талаар сонсож байгаагүй. Нийлдэг найз нөхдийнх нь нэрийг сайн мэдэхгүй харвал зүс танина. Би хэн түлхэж унагаасан талаар нь лавлаж асуугаагүй Баярцогт ах надад хэлэхдээ “нэг хүн аавыг түлхээд унагаачихсан" гэж ярьсан. Талийгаач аав маань надад бие өвдөөд байна гэж хэлж байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39-40 х/

 

1.9. Гэрч Ж.Булагмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Төмөр-Очирын төрсөн дүү байгаа юм. Талийгаач 12 сар гараад манайд ирээгүй, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед хүүхдээ сургуулиас авах гээд явж байхад талийгаач Төмөр-Очир “Оргил” супермаркет дэлгүүрийн гадна зогсож байсан. Би замын цаанаас харсан очиж уулзаагүй, согтуу байсан эсэхийг нь мэдээгүй. Төмөр-Очир хэнтэй зогсож байсныг нь сайн анзаараагүй, хэнтэй байсныг нь сайн санахгүй байна. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41 х/

 

1.10. Гэрч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би талийгаачтай нас бардаг өдрийн өмнөх едөр буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Оргил” хүнсний дэлгүүрийн үүдэнд тааралдсан ба тухайн үед намайг очиход Амаржаргал, Отгонбаяр, Буяа гэх залуу талийгаачтай хамт байсан ба Амаржаргал гартаа 0.5 литрийн “Эзэн Чингис” гэдэг нэртэй архи барьчихсан зогсож байсан. Тэгээд тэр шилтэй архийг нь хувааж уугаад зогсож байхад талийгаач болон Буяа нар нь хоорондоо тоглоод байгаа ч юм шиг маргалдаад ч байгаа юм шиг учир нь олдохгүй байдалтай байсан. Тэгээд архиа дуусгаад би гэртээ харих гээд явсан. Тэгээд талийгаач, Отгонбаяр, Амаржаргал Буяа нар нь дэлгүүрийн үүдэнд үлдсэн. ...Талийгаач Төмөр-Очир болон Буяа нар нь өмнө нь хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолдож байгаагүй. Буяа нь 1 жил орчмын өмнө Оргил           дэлгүүрийн үүдний шатан дээр хүнтэй ноцолдож байгаад хөлийг нь хугалж байсан. Би түргэн иртэл хөл нь хугарсан хүнийх нь хөлийг барьж өгч байсан. Тэр цагаас хойш Буяа /Буяндэлгэр/-тай найз болсон. …Намайг очиход талийгаач болон Буяа нар нь нилээд согтуу байсан. Амаржаргал, Отгонбаяр хоёр нь согтуу байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 44-45 х/

 

1.11. Гэрч Ч.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Талийгаач нь архи уухаараа агсам тавьж орилж чарлаад яваад байдаг байсан ба эрүүл үедээ бол төлөв даруу зантай хүн байсан. Талийгаач нь Эмээлтийн амьд малын зах дээр мал янзалдаг хүн байсан ба эхнэр нь хамт малын гэдэс дотрыг нь цэвэрлэдэг байсан. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байгаад хүний машин янзалж өгөх гээд явах замдаа дэлгүүрээс тамхи аваад гарч байхад талийгаач тааралдсан ба би талийгаачтай юм яриад зогсож байтал миний янзлах гэж байсан машины жолооч нь ирээд намайг авч явсан. Тэгээд машинаа засч дуусаад 17 цагийн үед буцаад дэлгүүр дээр ирэхэд талийгаач нь халамцуу байдалтай байж байсан. Тэгтэл Буяа гэгч нь ирсэн ба талийгаач Буяа хоёр хоорондоо зодолдоод бие биенийгээ түлхээд байсан. Тэгээд би тэр хоёрыг зодолдоод байхаар нь боль гэж хэлчихээд гэрлүүгээ явах замдаа Отгонбаяртай тааралдаад гэрлүүгээ хамт явсан. Талийгаач болон Буяа нарыг зодолдож байх үед талийгаачийн хүү Баяраа найзтайгаа хамт ирээд талийгаачийг аваад явсан. Талийгаач Буяа хоёр нь бие биенээ цохиж зодоогүй зүгээр заамдалцаад шатны уруу бие биенийгээ түлхээд байсан. Тэгээд Буяа гэгч нь талийгаачийн цээжний хэсэг рүү хоёр гараараа түлхэхэд талийгаач нь бөгсөөрөө газар суусан. Тэгээд буцаж босч ирээд дахиад түлхэлцээд байхаар нь би болиоч гэж хэлээд дэлгүүр орж тамхи авчихаад гараад иртэл талийгаачийн хүүхэд нь Баяраа гэдэг найзтайгаа хамт аавыгаа аваад урагш алхаж байгаа харагдсан ба намайг дэлгүүрээс гарч ирэхэд Буяаг гэгч нь байхгүй байсан. Тухайн үед ойр орчимд ямар нэгэн хүн байгаагүй. Би талийгаач болон Буяа нар нь хоорондоо ямар учир шалтгааны улмаас зодолдсон талаар сайн мэдэхгүй байна. Талийгаач Төмөр-Очир болон Буяа нар өмнө нь хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолдож байгаагүй. ...Талийгаач болон Буяа нь нилээн согтолттой байсан. Би тухайн үед бага зэрэг согтолттой байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46-48 х/

 

1.12. Гэрч Т.Баярцогтын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 08-ны орой 20-21 цагийн орчимд Эмээлтийн малын захын хашаанаас гараад хамт ажилладаг Баяраа гэдэг залуутай хамт “Шунхлай” шатахуун түгээх станцын орчимд явж байхад манай аав Төмөр-Очир, Буянаа гэдэг ах, Амараа ах, Отгоо ах 4 “Оргил” дэлгүүрийн урд талын шатан дээр байж байсан. Тэгсэн Буянаа ах манай аав Төмөр-Очирыг шатнаас түлхээд унагахаар нь Баяраа бид хоёр явж очоод яасан юу болсон гэж асуусан чинь манай аав зүгээр зүгээр гээд байсан. Тухайн үед тэд нар архи уусан байдалтай байсан ба хоорондоо маргалдсан шинж байгаагүй. Би Буянаа ахыг та чинь тэнэг юм уу хүн аллаа гэсэн чинь ойлгож байгаа шинжгүй нилээн согтуу нэг тамхи өгчих гээд байсан. Би аавыг гэр лүүгээ яв харь гэсэн чинь энд ганц шил архи авах гээд байна энийг уучихаад харина гээд байсан. Би аавыг загнаад тэрийг ууж яадаг юм манайх руу явъя гэсэн чинь дагаж явах гэж байснаа за за аав нь ганц юм уучихаад харилаа гээд Буянаа, Амараа, Отгоо нартай хамт үлдсэн. Би аавыг архи ууж байгаад гэртээ харьчихдаг болохоор нь тоогоогүй гэрлүүгээ явсан. Тэгээд маргааш өглөө нь нас барсаныг мэдсэн. ...Би ямар шалтгаанаар түлхэж унагаасныг нь мэдээгүй. Баяраа бид хоёрыг яваад очиход хоорондоо маргалдаагүй байсан ба аав Төмөр-Очир зүгээр зүгээр гээд байсан. … “Оргил” дэлгүүрийн шатны хамгийн дээд талын тавцан дээр зогсож байхад нь Буянаа урд талаас нь буюу цээж рүү нь түлхээд аав шатнаас унахдаа биеийнхээ ар хэсгээр толгойны дагзаар унасан. Тухайн үед дэлгүүрийн гадаа Отгоо, Амраа, Буянаа, аав /Төмөр-Очир/ дөрөв байсан. Харин замын эсрэг талд Баяраа бид хоёр явж байсан. Өөр хүн байгаагүй. Тэр өдрөөс өмнө хэнтэй ч маргалдаж муудалцаагүй. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тааралдахад надад юу ч хэлээгүй. Бие нь зүгээр явж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-53 х/

 

1.13. Гэрч Т.Баярцогтын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн дүү Алтаннавч одоо Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд хүүхдүүдээ хараад гэртээ оршин сууж байгаа бөгөөд гэр нь тийшээ нүүгээд явсан юм. Тийм болохоор одоо наашаа ирэх боломжгүй байгаа юм. Овог нь яагаад зөрүүтэй байгаа гэхээр Сайнбаяр гэж овоглодог шалтгаан нь Алтаннавчийг анх төрсөн үед нь манай ээж, аав хоёр аавын төрсөн эгч болох Цэцэгжаргалд өргүүлээд тэгээд түүний нөхөр болох Сайнбаяр гэх хүний нэрээр овоглох болсон юм. ...Би тэр үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун аймаг руу явдаг төв засмал зам дагуу байдаг Эмээлтийн “Оргил” худалдааны төвийн замын эсрэг талд нь буюу ертөнцийн зүгээр баруун урд талд миний бодлоор 100 гаруй метрийн зайтай явж байгаад аавыгаа “Оргил” худалдааны төвийн үүдэнд байдаг шатнаас унаж байхыг нь харсан юм. Тухайн орой гэгээ тасарсан харанхуй 20.00-21.00 цагийн хооронд байх гэж бодож байна. “Шунхлай” шатахуун түгээх станцын баруун талд нь явж байхдаа харсан тэр газраа зааж өгч чадна. ...Би тэр орой холоос харсан ба миний харсан зүйл гэвэл дэлгүүр гаднаа гэрэлтүүлэгтэй байсан ба шатнаас аавыг унаж байхыг нь харсан. Үүнээс хэн нэгэн хүн түлхсэн эсэхийг нь хараагүй, бие нь нуруу буюу ар талаараа унаж байхыг нь харсан. Түүнээс нарийн зүйл хараагүй. ...Анх мэдүүлэг өгөхдөө шатнаас Буянаа ах түлхсэн, аав толгой ар дагзаараа унасан гэж хэлсэн нь үнэн. Яагаад тэгж мэдүүлсэн гэхээр аавыг ар нуруу биеийн ар талаараа унаж байсан болохоор толгойн ар дагзаараа унасан байх гэж бодоод тэгж мэдүүлсэн. Буянаа ахыг түлхсэн гэдэг нь унаж байхыг нь хараад яваад очтол аав газраас босчихсон байсан ба манай талийгаач аав маань архи уух юм бол их агсан хүн байгаа юм тэгээд тэнд Буянаа ах руу агсраад муудалцаад зогсож байсан тэгэхээр нь би Буянаа ахыг түлхээд унагасан юм байна гэж бодоод тэгж мэдүүлсэн, түүнээс хүн гүтгэх гээгүй. ...Хамгийн сүүлд аавын буяны ажил дээр Баяраатай уулзаад тэрнээс хойш дахин уулзаагүй. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна, гэрийг нь болон утасны дугаарыг нь мэдэхгүй яагаад гэхээр Баяраа бид хоёр нээх дотно биш эмээлтийн амьд малын зах дээр хамт ажиллаж байсан сураг нь Төв аймаг руу явсан гэж сонссон эмээлтээр ерөөсөө ирэхгүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54 х/

 

1.14. Гэрч Ж.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө гэртээ байсан. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 06 цагийн үед манай хүргэн Энхбат орж ирээд урд жалганд хүн нас барсан байна гэж хэлсэн би хараа муутай болохоор гарч хараагүй, тухайн хүнийг хэн гэдгийг мэдэхгүй. ...Тухайн шөнө манай гэрийн урд талын жалганд хүмүүс маргалдаж, зодолдох, хүн орилсон чимээ сонсогдоогүй. Би өглөө 04 цагийн үед сэрэхэд манай гэрээс нилээд урагш машин хаазлах чимээ гарсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57 х/

 

1.15. Гэрч Б.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 06 цагт би охин Цэнд-Аюушийг сургуульд нь хүргэж өгчихөөд гэртээ ирэх замдаа явж байтал замын хажуу талд цэнхэр дээлтэй эрэгтэй хүн хэвтэж байх шиг болохоор нь холоос хараад цагдаад дуудлага өгч мэдэгдсэн. ...Би уг хүнийг танихгүй ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58 х/

 

1.16. Гэрч Д.Баасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 08-ны орой 19-20 цагийн үед гадаа гэгээ тасарч байхад гаднаас орж ирсэн худалдан авагч нар орж ирээд гадаа шатан дээр хоёр хүн хоорондоо маргалдаж байгаад нэгнийгээ түлхээд газар унагачихлаа гэж хэлж байсан. Би гадагшаа гарах завгүй хүмүүст үйлчлээд ганцаараа байсан болохоор анзаарч тоогоогүй сонсоод өнгөрсөн. Удаагүй нэг хүн орж ирээд Баяраа ирээд аавыгаа аваад явчихлаа гээд хоорондоо ярьж байсан. ...Манай дэлгүүрийн гадна талын хяналтын камер ажиллахгүй байсан. Хэдэн өдрийн өмнө цасан шуурганаар ажиллахаа больсон. ...Манайх гадна талдаа гэрэлтүүлэгтэй, их тод дээрээс үүдний шат хэсэгт болон гадна талбай бүгд гэрэлтүүлэхээр хэмжээний гэрэлтүүлэгтэй. Шатнаас хүн унасан гэх үед гэрэл ассан байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-60 х/

 

1.17. Шинжээчийн ¹05 тоот дүгнэлт

1.Талийгаач Ж.Төмөр-Очирын цогцост дагзны зүүн хэсгээс зүүн чамархай, зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, өшиглөгдөх, унах, мөргөгдөх аль ч үед үүсэх боломжтой.

3.Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд нас баржээ.

4.Талийгаач нь АВО системээр (II) бүлгийн цустай байна.

5.Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

6.Талийгаач нь гол судасны хатуурал, зүрхний булчингийн  сорвижил, архаг өвчтэй байна. Дээрх өвчин нь үхэлд нөлөөлөөгүй байна.

7.Талийгаач нь 2016.12.09-ний өдрийн 15.50 цагийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 9-11 цаг орчим болсон байжээ.

8.Дээрх зүүн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа нь нас барахаас 0-6 цагийн өмнө үүссэн байх боломтой байна. Шинжээч эмч С.Чулуунсүх /1хх-ийн 66-68 х/

 

1.18. Шинжээч эмч С.Чулуунсүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Дээрх дүгнэлтийн 1 дүгээр заалтанд дурьдсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гавал тархины хүнд гэмтэл авсан дунд зэргийн согтолттой хүн идэвхитэй хөдөлгөөн хийх чадвар муу, хэдий хэр хугацаанд амь явах үйлдэл хийх, хөдөлгөөн хийх цаг хугацаанд нарийн тооцож тогтоох боломжгүй. Гавал тархинд учирсан гэмтэл үүссэн цусан хурааны хэмжээ байрлал, согтолтын зэргээс хамаарч хүн болгонд харилцан адилгүй байдаг. Талийгаачийн хувьд гавал ясны хугаралтай тархины эдийн няцрал, цусан хураа үүссэн учраас дээрх төв мэдрэлийн тогтолцоо алдагдсанаар амьсгал, зүрх судасны үйл ажиллагааны алдагдалд орж дутагдал үүсч нас барсан байна. Ясны хугарал, цусан хураа нь цохих, унах гэх мэт гадны хүчний үйлчлэлийн улмаас тэр даруйдаа үүснэ. …Дүгнэлтэд тусгагдсан 0-6 цагийн өмнө үүссэн гэх цусан хураа нь эд эсийн шинжилгээгээр илэрсэн өөрчлөлт бөгөөд 2-4 цагийн хэлбэлзэлтэй байж болно. Өөрөөр хэлбэл 2-10 цагийн өмнө дээрх гэмтэл үүссэн гэж үзнэ. Мөн энэ гэмтлийг унах цохих, цохигдох гэх мэт аль ч үйлчлэлийн нэг удаагийн үйлчлэлээр шууд үүснэ. Толгойн дагз чамархайн хэсгээр хүч үйлчилсэний улмаас үүснэ. Шугаман хугарал нь дагз болон чамархайн аль хэсгээс эхэлж хугарал үүссэн болон чиглэсэн гэдгийг тогтоох боломжгүй. Амь хохирогч нь нас барахаас өмнө осголтын шинж бага зэрэг илэрсэн энэ нь ходоодны салстад цус харвасан байдлаар илэрсэн, гэхдээ үхлийн шалтгаан биш. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87-88 х/

 

1.19. Шинжээч эмч С.Чулуунсүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Талийгаач нь гавал тархины гэмтэл авсанаас хойш төвийн гаралтай гэмтлийн шоконд орж идэвхтэй хөдөлгөөн хийхээ болих үед нам хэмийн орчинд байсан учир нас барах хугацаанд осголтын шинж тэмдэг нь бага зэрэг үүссэн байсан. Энэ нь үхэлтэй шалтгаант холбоо байхгүй, үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна. Зураг дээрх шат нь 89 см өндөртэй, 6 дугаар шатны дээд ирмэгээс доод ирмэг хүртэл 175 см зайтай, 45 хэмийн налуутай байна. Амь хохирогч нь 163 см өндөртэй байна. Энэ физикийн хүчин зүйл болох биеийн жин, өндөр газрын татах хүчний үйлчлэлээс хамаарч энерци нь өөр өөр байдаг. Гадны хүч үйлчилсэн үед өндрөөс уналтын энерци нь илүү их буюу учрах гэмтэл нь явганаас унахаас илүү байдаг. Талийгаачийн хувьд гавал тархины битүү гэмтэл болох дагзны зүүн хэсгээс ташуу чиглэлтэй зүүн чамархай зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн тал бөмблөгийн чамархайн, зулай хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, булчинд цус хуралт гэмтэл нь дээрх зураг дээр үзүүлсэн шатан дээрээс дагз хэсгээрээ унахад үүснэ. Дээрх гэмтэл нь хүч үүссэн цэгтээ туссанаар гэмтэл үүсдэг. Бөгс нуруугаараа унах үед дээрх гэмтэл үүсэхгүй. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтэл авсан дунд зэргийн согтолттой байсан байна. Гавал тархинд учирсан гэмтэл үүссэн цусан хурааны хэмжээ байрлал, согтолтын зэргээс хамаарч дээрх зам маршрут метр зайд явах боломжтой. Мохоо зүйл гэдэгт хавтгай гадаргуутай хязгаарлагдмал биет зүйлийг хэлнэ. …” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 06-07 х/

 

1.20. Шинжээч эмч С.Чулуунсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Нэг хугарлаас цааш салаалсан байх тул давтамжийн хувьд хатуу мохоо зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ... Мөргөгдөх гэдэг нь автомашинд мөргөгдөхийг хэлнэ. ... Надаас “ар дагзаараа унах үед үүсэх үү?” гэж асуувал “үүснэ” гэж хариулна. Бусад зүйлийг нь үгүйсгээгүй. ... Цогцосны гадна үзлэгт биологийн гадна өөрчлөлтөөр хэзээ нас барсныг тогтоосон. Илэрсэн өөрчлөлтөөр хэзээ нас барсныг нь тогтоодог. ... Амьд хүн хөлдөхгүй. Задлан шинжилгээгээр осголтын шинж илэрсэн. Осгож нас барсан уу? гээд шинжлээд үзэхэд осголт нь нас баралтын шалтгаан биш байсан. ... Нас барсан цаг нь яг хэлсэн цаг биш, 1, 2 цагийн хэлбэлзэлтэй байдаг гэв.

... Сүүлийн нэмэлт байцаалтад 2-3 цагийн хэлбэлзэлтэй буюу урьд шөнийн 20 цагаас хойш үүсэх боломжтой гэж хариулсан.

... Автомашинаар мөргөгдөх үед бусад эрхтэнд зулгаралт үүсэх, хувцас урагдах зэргээр нэмэлт шинжүүд үүсдэг хэдий ч практикт зөвхөн толгой хэсгээр мөргөгдөж бусад эрхтэнд гэмтэл учраагүй тохиолдол гарч байсан учраас мөргөгдөх үед гэдгийг оруулсан. 

Энэ тохиолдолд байцаагч зураг харуулсан учраас ар дагзаараа унах үед үүсэх боломжтой гэж үзсэн. Нүдээрээ хараагүй учраас унасан байна, мөргөгдсөн байна гэж 100 хувийн баттай хэлж чадахгүй. Боломжтой бүх хувилбарыг хэлсэн.

... Гавал тархины гэмтэлд саруул үе гэж байдаг. Саруул үе нь өвдөлт мэдрэгдэхгүй зүгээр эрүүл хүн шиг 2-6 цагийн хооронд явах боломжтой байдаг. Саруул үед байхдаа тархи нь дарангуйлагдсан учраас өвдөлт мэдрэгдэхгүй байх тохиолдол байдаг. Саруул үедээ байсан үгүйг мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.21. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт ¹1245

1.А.Буяндэлгэр нь сэтгэцийн өвчингүй байна. А.Буяндэлгэр нь сэтгэцийн өвчнөөр өвчилсөн, хяналтанд байдаг гэх баримт өгүүлэмжгүй байна.

2.А.Буяндэлгэрийн удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх өгүүлэмжгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3.А.Буяндэлгэр нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож байсан байна.

4.А.Буяндэлгэр нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.А.Буяндэлгэр нь хэрэг хариуцах чадвартай байна.

6.А.Буяндэлгэрт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

7.А.Буяндэлгэр нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Тэргүүлэх зэрэгтэй их эмч  Д.Дэжидмаа, С.Одонгэрэл, Б.Ерөөлт /хх-ийн 82-84 х/

 

1.22. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-8 х/

1.23. Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 9-11 х/

1.24. Э.Баяраагийн тайлбар /1хх-ийн 12 х/

1.25. Эрүүгийн төлөөлөгчийн илтгэх хуудас /1хх-ийн 16 х/

1.26. Илтгэх хуудас /1хх-ийн 17 х/

1.27. Амь хохирогч Ж.Төмөр-Очирын унасан гэх шатанд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 24-30 х/

1.28. Мэдүүлэг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл /1хх-ийн 31-33 х/

1.29. Туршилт хийсэн тэмдэглэл /2хх-ийн 2-4 х/,

1.30. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримининалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын лабораторийн ахлах шинжээч Ж.Солонгын 2006 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-80 х/

1.31. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Б.Цогбаярын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрий 19 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “... цусанд 2,1 промилли, шээсэнд 2,3 промилли спиртийн агууламж илрэв . ...” /хх-ийн 70 х/

 

Хоёр : Хувийн байдлын талаарх нотлох баримтууд

 

2.1. Гэрч А.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Адилбишийн Буяндэлгэр гэх хүнийг таних танина, миний төрсөн дүү маань байгаа юм. А.Буяндэлгэр нь 1972 оны 10 дугаар сарын 25-нд Увс аймагт төрсөн эхээс зургуулаа бөгөөд айлын хамгийн бага хүүхэд байгаа юм. Бага насандаа аавынхаа гар дээр хөдөө өсөж хүмүүжсэн. Ээж маань 1975 онд Буяндэлгэрийг бага 2 настай байхад нь нас барчихсан юм. Сумынхаа дунд сургуульд 8 настай ороод 10 дугаар ангиа төгсөөд хөдөө буурал ээж дээр очоод малчин болсон. 1997 онд Наранхүү гэх эмэгтэй хүнтэй гэр бүл болоод 1998 онд Улаанбаатар хотруу эхнэрийн хамт нүүж орж ирсэн. Мужааны ажил, барилгын ажлыг хувиараа хийж гэр бүлээ тэжээж амьдардаг байсан. Хэдэн онд гэдгийг нь санахгүй байна Баян-Өлгий аймагт 2 жилийн цэргийн алба хаагаад одоо эхнэр 3 хүүхдийн хамт хувиараа барилгын ажил хийгээд амьдарч байгаа. Гарын ур дүй сайтай хүн. Би дүүгээ цагдаагийн газар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэж мэдээд юунаас болоод яагаад шалгагдсан талаар эхэндээ мэдээгүй. Ааш зангийн хувьд гэвэл их үг дуу цөөтэй дуу муутай аймхай хааяа архи уудаг, архи уухаараа агсам согтуу зан байхгүй их даруухан л мөрөөрөө байдаг хүн. Миний мэдэхийн эхнэр хүүхдээ зовоож, гадуур тэнээд байдаггүй уурлаад уцаарлаад байдаггүй даруу төлөв хүн байгаа юм. Дүүгийнхээ нийлдэг нөхөрлөдөг найз нөхөд гэхээр хүмүүсийг нь танихгүй найз нөхөд гэхээр хүмүүс байдаггүй байх. Их л даруухан үр хүүхэддээ гар хүрч ах дүү бид нартай хэрэлдэж муудалцаж байгаагүй их тусч хүн дээ. ...А.Буяндэлгэрт удмын болон сэтгэцийн өвчин эмгэг, гаж буруу зуршил гэхээр зүйл байхгүй, би багаас нь мэднэ их номхон хүн. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэх хүн биш гэж бодож байна ийм хэрэг хийсэн гэхэд итгэж өгөхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 55 х/

2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 110 х/

2.3. Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 113 х/

 

Гурав : Бусад нотлох баримтууд

 

3.1. Шүүгдэгч А.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “… Би Ж.Төмөр-Очир, Ү.Отгонбаяр, Б.Баянмөнх, Ч.Амаржаргал гэх хүмүүсийг бүгдийг нь танина. Эд нар эмээлт түүхий эдийн зах дээр ачигч хийдэг бөгөөд би өөрөө эмээлт зах дээр ачигч хийдэг болохоор эдгээр хүмүүсийг 10 гаруй жилийн өмнөөс таньж мэддэг бөгөөд ямар нэгэн ах дүү хамаатан садангийн харьцаа холбоо байхгүй. …Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр эмээлт түүхий эдийн захын Цэцэн дүнгээ гэдэг байгууллагын хашаанд манаачаар оршин сууж амьдардаг юм. 2016 оны 12 дугаар сарын 08 ны өглөө 08.00 цагт босоод ганцаараа гэрээсээ гараад гэрийн доод талд байдаг хүнсний дэлгүүр орж 200 граммын архи нэг шилийг авч ганцаараа гэртээ ирж уучихаад кино үзэж байгаад өдөр 15.00 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад гэрийн доод талын нэрийг нь мэдэхгүй байна архи авсан дэлгүүрийн үүдэнд очсон чинь найз Отгоо буюу Отгонбаяртай таарсан чинь надад 4500 төгрөг байна хоёулаа доошоо явж нэг шил архи авч ууя гэхээр нь хамт доошоо Оргил худалдааны төвийн дэлгүүрийн үүдэнд очтол Амаржаргал, Төмөр-Очир ах хоёр архи уучихсан нилээн согтуу зогсож байсан тэгээд Отгонбаярын авсан архийг бид 4 дэлгүүрийн үүдэнд гадаа зогсож байгаад хувааж уусан тэр үед би согтсон байсан ба нэг мэдсэн чинь нөгөө хэд бүгд байхгүй би ганцаараа байж байсан. Гадаа гэгээ тасраад нилээн бүрэнхий болсон байсан болохоор цаг 17.00 цаг болж байсан болов уу гэж бодсон. Тэгээд тэндээсээ шууд хот руу ганцаараа автобусанд сууж явсан байх гэж санаж байна яг юугаар яаж явсан эсэхээ сайн санахгүй байна. Хотруу ороод цайз захын чанх ард байрлах биеийн тамирын спорт заалны хажууд байдаг миний төрсөн эгч болох Энхмандалын гэрт нь очиж хоносон. Эгчийн гэрт очих үед цаг хэд болж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна, ойролцоогоор 20.00-21.00 цаг орчим болж байсан болов уу гэж багцаалж байна. Тэндээ хоноод маргааш өглөө нь буюу 2016 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 09.00 цагийн үед гараад цайзын Асат худалдааны төвийн ард хашаанд танихгүй 2 хүнтэй нийлээд архи ууж байгаад үдээс хойш зүүн салааруу яваад эгчийнхээ гэрт очсон чинь гэрт нь хүн байгаагүй тэгэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах техникийн их сургуулийн хашаанд байрлах манаачийн гэрт орж байж байгаад оройхон 21.00-22.00 цагийн хооронд зүүн салаанд байдаг төрсөн дүү болох Сарангэрэлийн гэрт нь очоод хоносон. Тухайн үед би гайгүй эрүүл байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 11-ны өглөө гэрээс нь гараад ангийнхаа хүүхдийн гэрт очиж уулзаад цайны газар цонх суулгаж өгөөд буцах замдаа нэг шил архи авч өгөхөөр нь архиа уугаад буцаад зүүн салаа орсон чинь намайг цагдаа нар хайгаад байна гэж манай дүү Сарангэрэл хүргэн ах хоёр надад хэлэхээр нь би хүргэн ахтайгаа өөрийн төрсөн том ахтайгаа уулзах гээд явсан тэр үед би жаахан согтуу байсан болохоор хаана уулзсанаа мэдэхгүй байна. Том ах маань намайг цагдаад мэдэгдээд хүлээлгэн өгсөн байсан би тэр хэсгийг санахгүй байгаа юм. …2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ гараад гэрийн доод талын дэлгүүрийн үүдэнд Отгонбаяртай таараад доошоо Оргил худалдааны төвийн дэлгүүр лүү ахлаад очиход тэнд Очироо ах Амараа ах хоёртой таараад 1 шил архи хувааж уусан. Өөр архи уугаагүй би согтсон байсан. Тэр үед миний ухаан санаа орж гараад байсан юм шиг байгаа юм нэг мэдэхэд цасаар нүүрээ угааж байсан нэг болохоор хүнтэй цохилцсон юм болов уу гэмээр миний зүүн нүд хөхөрсөн байх шиг байсан. Ийм зүйл санаж байна өөр зүйл санахгүй байна. ...Оргил худалдааны төвийн үүдний гадаа шатан дээр сууж бид нар архиа ууж байхдаа маргалдсан эсэхээ мэдэхгүй байна, Төмөр-Очир ах юунаас болсон юм бүү мэд миний нүд рүү гараараа хэдэн удааг нь мэдэхгүй байна цохисон юм шиг санагдаж байна. Би Төмөр-Очир ахтай зууралдаад барилцаж авч байсанаа санаж байна, цохиж, түлхсэн эсэхээ санахгүй байна. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 100-102 х/

 

3.2. Шүүгдэгч А.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…Би 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ 15.00 цагийн үед гараад гэрийнхээ доод талд Отгонбаяртай таараад хамт 16.00 цагийн үед Оргил худалдааны төвийн үүдэнд очиход тэнд Төмөр-Очир, Амаржаргал хоёртой таарсан. Ойрд уулзаагүй, таараагүй юм байна гээд ...Отгонбаяр би ганц юм авья гэж хэлээд Оргил дэлгүүр ороод 0.5 граммын эзэн чингис гэдэг архи аваад Оргил дэлгүүрийн зүүн талын хашааны буланд сууж байгаад хувааж уусан. ...Отгонбаяр яваад өгсөн, Төмөр-Очир намайг чи урагшаа Хятад руу явж ажил хийсэн хүн мөнгөтэй байгаа биз дээ ганц юм ав л даа гээд араас татаж чангаагаад шордоод яваад байсан, бид гурав Оргил дэлгүүрийн шатан дээр надад мөнгө байхгүй, мөн тамхи татах гээд зогссон. Төмөр-Очир миний араас өмсөж явсан куртикний баруун гарын ханцуйнаас татсан тэр үед Амаржаргал дэлгүүр лүү орсон, Төмөр-Очирын гар нь миний ханцуйнаас тавигдаад өөрөө арагшаа хий гишгэсэн юм уу хальтирсан юм уу мэдэхгүй газар буюу шатны уруу өнхрөөд унасан. Төмөр-Очир өөрөө газраас босч ирээд зосгож байх үед 2 залуу Төмөр-Очирыг аваад гурвуулаа хэвийн зүгээр алхаад явцгаасан. Би автобусанд суугаад гэртээ харисан. ...Өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө хамт архи уусан хүнийг нас барсан байна гэж дуулаад шоконд ороод цагдаагийн газар ирээд сандраад юу ярихаа мэдэхгүй балмагдаад санахгүй байна гэж хэлж мэдүүлсэн. Миний одоогийн өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. ...Төмөрөө ах архи уусан үедээ их агсам, ер нь барьж аваад зууралдаад байдаг хүн байна лээ, ганц намайг ч биш өөр хүмүүстэй зууралдаад архи авч өг гэх мэтээр яриад байдаг хүн байсан.

...2016 оны 03 дугаар сарын 19-ний орой 17 цагийн үед Оргил худалдааны төвийн үүдэнд ирээд Даваажав гэдэг залуу дэлгүүр лүү орох гээд шат руу өгсөөд явж байхаар нь танидаг хүн байна гээд араас нь очоод тэвэрч аваад юу байна гээд мэндлэх үед хөл алдаад Даваажав бид хоёр хамт шатан дээр унасан, Даваажавын хөл нь хугарсан. Би шууд түргэн дуудаад эмнэлгээр авч яваад эмчилгээ хийлгэж эмнэлэг дээр сахиж хоноод ах нь дараагийн эмчилгээг нь хийлгэж өгнө санаа зоволтгүй гэж хэлээд өнгөрсөн. Би санаатай маргаж муудаж зодолдож хөлийг нь хугалсан асуудал байгаагүй. ...Түлхэж хавсарч унагасан асуудал болоогүй. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 198-202 х/,

 

3.3. Шүүгдэгч А.Буяндэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан хэрэгт ярих зүйл байхгүй мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хэрэгт тухайн өдөр 18-19 цагийн үед “Оргил” дэлгүүрийн үүдэнд хамт нэг шил архи уусан. Нэг шил архиа ууж дуусаад талийгаач дахиад ганц шил архи авчих гэж миний цамцны ханцуйнаас татахаар нь эргээд хартал хальт гишгэсэн үү, халтирсан уу унасан. Би гараас нь барьж татах боломж байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэлээс/,

 

3.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн хурган гэх газрын орчимд айлын хашаанд нөхөр Төмөр-Очир, хүү 8 настай Батнарангийн хамт амьдардаг. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ амь хохирогч Ж.Төмөр-Очирын хамт гараад эмээлтийн Оргил дэлгүүр дээр ирээд би тэндээсээ автобусанд суугаад Улаанбаатар хот руу орж ирсэн. Амь хохирогч Б.Төмөр-Очир Оргил дэлгүүрийн гадаа үлдсэн. Би 18 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 19-р сургуулиас зээ охин Алтансувдийг аваад гэртээ ирсэн. Амь хохирогч Б.Төмөр-Очир тэр орой гэртээ ирээгүй. Маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад миний төрсөн охин Жүгдэр над руу утсаар яриад аав нас барсан байна гэж хэлсэн. …Амь хохирогч эрхэлсэн тодорхой ажилгүй. Заримдаа эмээлтийн амьд малын зах орхоороо архи уучихаад ирдэг. Амараа, Баянмөнх, Шар гэдэг хүмүүстэй хааяа нийлж архи уудаг. ...2016 оны 10 дугаар сард самарнаас ирсэн. Тэрнээс хойш хүнтэй маргалдаж зодолдсон гэж ерөөсөө яриагүй. Амь хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнтэй муудалцах гээд байдаг. Тэрнээс зодоон цохион хийгээд байдаггүй. ...2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ж.Төмөр-Очир бид хоёр гэртээ хувцас хунараа угаагаад өнжсөн, гэрээсээ ерөөсөө гараагүй. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эмээлтийн амьд малын зах ороод мал төхөөрөх ажил байна уу мэдээд ирье гэж өглөө 11 цагийн орчимд яваад орой 07 цагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирсэн. Тэгэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Хүнтэй маргалдаж муудалцсан талаар юу ч яриагүй зүгээр байсан. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байгаад 11 цагийн орчимд амьд малын зах яваад 16 цагийн орчимд гэртээ эрүүл ирсэн. Биеийн байдал нь зүгээр хэвийн байсан. ...Ж.Төмөр-Очир 1963 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Жанчивдорж, Даваалхам нарын 3 дахь хүүхэд. Багаасаа аав, ээжийн гар дээр өссөн. Ховд аймгийн Дарви сумандаа 8 дугаар анги төгссөн. Надтай 1984 онд танилцаж гэр бүл болсон. 1985-1991 оны хооронд Ховд аймгийн Дарви сумын мөнгөн аяга багт тэмээ хариулдаг байсан. Тэрнээс хойш сумандаа мал малладаг байсан. Ж.Төмөр-Очир бид хоёр 1986 онд Цэнд-Аюуш гэдэг охин, 1987 онд Баярцогт гэдэг хүү, 1989 онд Алтаннавч гэдэг охин, 1991 онд Энэбиш гэдэг хүү, 1993 онд Жүгдэр гэдэг охинтой болсон. 2007 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн. …Сонгтууруулах ундаа хэрэглээгүй үедээ төлөв даруухан гэрийн ажил сайн хийдэг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэл ам нь болж өгдөггүй хэрүүлч буруу юм их ярьдаг хүн. …Хуулийн дагуу шалгаж ямар шалтгаанаар нас барсаныг тогтоож өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-38,  х/

 

3.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюуны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хэргийн талаар үзсэн харсан, мэдэх зүйл байхгүй. Хүүхдээсээ дараа нь сонсоход талийгаач шатнаас унахад нь хүүхэд маань “аав зүгээр үү” гэж асуухад “аав нь зүгээр зүгээр” гэж хэлсэн гэсэн өөр мэдэх зүйл байхгүй. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

3.6. Гэрч Э.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би өөрийн төрсөн аав болох Энхбатын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын 29 дүгээр гудамжны 492.б тоотод оршин суудаг бөгөөд миний төрсөн дүү болох Э.Баярааг одоо яг хаана байгааг нь ёстой хэлж мэдэхгүй байна. Аав бид хоёртой хамт амьдардаггүй бөгөөд 2011 оноос хойш хамт байхаа больсон. Хаагуур хэнтэй юу хийж яваад байдаг талаар нь сайн мэддэггүй, өөрөө хувиараа хөдөөгүүр яваад хар бор ажил хийгээд эсвэл байшин бариад явж байдаг юм байна лээ. Утасны дугаар нь 88778100 гэсэн дугаар байдаг ба энэ нь ерөөсөө холбогдохгүй байгаа юм. Хааяа нэг утсаар ярихдаа ямар ч хамаагүй утаснаас залгаад аав бид хоёртой ярьдаг юм, харин 2016 оны 09 сараас хойш нэг ч удаа утсаар болон өөрийн биеэр холбоо бариагүй яриагүй, уулзалдаагүй таараагүй. Манай дүү Баяраа энэ хаяг дээр бүртгэлгүй Өвөрхангай аймагт бүртгэлтэй байгаа байх. Би дүүтэйгээ хамгийн сүүлд 2016 оны 08 сарын сүүл үед намайг гэрт байж байхад Баяраа гаднаас ганцаараа орж ирээд нэг уулзсан, тэр үед хөдөө Булган аймагт зуслангын байшин барьж байгаа гэж хэлж байсан, тэрнээс хойш таараагүй уулзаагүй, нэг хөдөө байшингаа бариад байж байна гээд утсаар л нэг ярьсан. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 207 х/

 

3.7. Гэрч Л.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 4 хүү, 1 охинтой, Баяраа миний хамгийн бага хүү юм. Би Баярааг хаана байгааг мэдэх юм алга, хамгийн сүүлд Баяраа 2016 оны 09 сард манай гэрт ирээд хонолгүй яваад өгсөн. Ирэхдээ хаана юу хийж яваад ирсэн болон хаашаа явах гэж байгаагаа хэлэлгүй яваад өгсөн. Тэр цагаас хойш уулзаагүй хаана байгааг нь мэдэхгүй байна. Утсаар ерөөсөө холбогдоогүй байгаа. Баяраа Улаанбаатар хотод лав байхгүй байх гэж бодож байна Улаанбаатарт байсан бол над дээр ирээд байдаг юм ерөөсөө ирэхгүй байгааг бодоход байхгүй байх. …” гэсэн мэдүүлэг /2-хх-ийн 5 х/

3.8. Хохирол, төлбөрийн баримт /1хх-ийн 117-119 х/

3.9. Тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-ийн 52 х/

3.10. Э.Баяраагийн хаана байгааг тодруулах талаарх лавлагаанууд /2хх-ийн 79-82  х/

3.11. Ү.Отгонбаярыг гэрчээр байцаасан тэмдэглэл /1хх-ийн 42-43 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас 1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан Э.Баяраагийн тайлбарыг хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үзэх боломжгүй. Учир нь уг тайлбар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 11 дүгээр бүлэгт заасан нотлох баримтын төрөлд хамаарахгүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Э.Баяраагийн тайлбар /1хх-ийн 12 х/-аас бусад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Нэг : Шүүгдэгч А.Буяндэлгэр нь 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүрийн үүд хавьцаа Б.Даваажаваас архи нэхэж улмаар барилдах зэргээр ноцолдож байгаад салаад шатан дээр гараад зогсож байхад Б.Даваажавыг араас нь тэвэрч аван шат руу хавсарч унагаах явцад баруун хөлийн шилбээрээ шатны ирмэг дээр цохигдон хугарч бие махбодид нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

 

Хохирогч Б.Даваажавын : “...2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах “Оргил” дэлгүүр орж талх авах гээд явж байтал уг дэлгүүрийн гадна миний зүс таних Буяндэлгэр гэдэг ах таараад намайг “архи аваад өг” гэхээр нь би “үгүй ээ, мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь Буяндэлгэр намайг ноолоод барилдах гээд байхаар нь би түүнтэй 1 удаа барилдаад давсан юм. Тэгээд би Буяндэлгэрээс салаад “Оргил” дэлгүүрийн шатаар өгсөөд довжоон дээр нь гартал Буяндэлгэр нь миний араас үгийн зөрөөгүй тэвэрч аваад баруун хөлөөрөө миний баруун хөлийг хавсарч унагаасан бөгөөд би унахдаа баруун талаараа унасан. Тэр үед миний баруун хөлийн шилбэ шатны ирмэг дээр цохигдоход Буяндэлгэр миний дээрээс дарж унахдаа баруун хөлөн дээр дараад уначихсан бөгөөд миний баруун хөлийн шилбэний яс хугарчихсан юм. ... /1хх-ийн 138-140 х/

 

Гэрч С.Чулуунбаатарын : “…2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Оргил” худалдааны төв орох гээд явж байтал найз Даваажавыг “Оргил” төвийн үүдний довжоон дээр цааш хараад зогсож байхад нь араас нь зүс таних Буяндэлгэр гэдэг залуу тэвэрч аваад хойш нь татаад тэр хоёр шатны уруу дамналдаад унасан. Намайг хажуугаар нь гарахад Буяндэлгэр Даваажавын дээр нь байсан бөгөөд Даваажав босооч ээ пизда минь хөл хугарчихлаа гэж байсан. Би Даваажавыг түргэн дуудаач ээ гэж хэлчихээд дэлгүүр орж юм авчихаад гараад ирэхэд Даваажав хашаа налаад суучихсан, хөл нь шилбээрээ хугарчихсан бололтой бага зэрэг эргэчихсэн байсан. …” /1хх-ийн 142-143 х/

 

Гэрч М.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг өнгөрөөгөөд би талийгаач нөхрийнхөө хамт “Оргил” дэлгүүр орох гээд явж байтал дэлгүүрийн үүдэнд Даваажав гэдэг залуу Буяндэлгэр гэдэг залуутай барилдаад зогсож байсан. Манай талийгаач нөхөр та хоёр болиоч ээ гэж хэлэхэд болиод Даваажав “Оргил” дэлгүүр лүү орох гээд явж байхад нь араас нь Буяндэлгэр цээжээр нь тэвэрч аваад хавираад тэр хоёр шатны уруу давхралдаад унасан. Даваажав ёолоод босч ирэхгүй байхаар нь нөхөр бид хоёр очиж баруун хөлийг нь үзэхэд яс шажигнаад дуугарч байсан. …Даваажав эрүүл, харин Буяндэлгэр халамцуу байсан. …” /1хх-ийн 144-145 х/

 

Шинжээчийн ¹4489 тоот дүгнэлт

1.Даваажавын биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд буюу хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой байна. Шинжээч эмч Н.Энхцолмон /1хх-ийн 147 х/

 

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн : “…Хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 149 х/

 

Б.Даваажавын өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 163-170 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хоёр : Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүрийн урд шатан дээрээс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20-21 цагийн үед яллагдагч А.Буяндэлгэр нь архидан согтуурсан үедээ иргэн Ж.Төмөр-Очиртой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдах явцдаа түүний цээж хэсэг рүү түлхэж шатнаас унагаасны улмаас толгойны ар дагз хэсгээр нь унаж, амь насанд аюултай хүнд гэмтэл авч улмаар нас барж хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

Гэрч С.Алтаннавчын : “… 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тараад “Элбэг” хүнсний дэлгүүр лүү орж юм аваад гарч ирэхэд манай ах Баярцогт тааралдаад надад “Аавыг сая нэг хүн шатнаас түлхэж унагаагаад” гэж ярьсан ба аав босч ирээд толгойныхоо ар талыг гараараа дараад “ёооё үхэх гэж байна шүү дээ хүүр гэж” хэлсэн гэж байсан. Тэгээд би өөрийг нь харсан чинь “Оргил” хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсож байхаар нь очвол архи нэхнэ гэж бодоод очоогүй. ... Би хэн түлхэж унагаасан талаар нь лавлаж асуугаагүй Баярцогт ах надад хэлэхдээ “нэг хүн аавыг түлхээд унагаачихсан" гэж ярьсан. …” /1хх-ийн 39-40 х/

 

Гэрч Б.Баянмөнхийн : “…Би талийгаачтай нас бардаг өдрийн өмнөх едөр буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Оргил” хүнсний дэлгүүрийн үүдэнд тааралдсан ба тухайн үед намайг очиход Амаржаргал, Отгонбаяр, Буяа /шүүгдэгч Буяндэлгэр/ гэх залуу талийгаачтай хамт байсан ба Амаржаргал гартаа 0.5 литрийн “Эзэн Чингис” гэдэг нэртэй архи барьчихсан зогсож байсан. Тэгээд тэр шилтэй архийг нь хувааж уугаад зогсож байхад талийгаач болон Буяа нар хоорондоо тоглоод байгаа ч юм шиг маргалдаад ч байгаа юм шиг учир нь олдохгүй байдалтай байсан. Тэгээд архиа дуусгаад би гэртээ харих гээд явсан. Тэгээд талийгаач, Отгонбаяр, Амаржаргал Буяа нар нь дэлгүүрийн үүдэнд үлдсэн. ... Буяа 1 жил орчмын өмнө “Оргил”          дэлгүүрийн үүдний шатан дээр хүнтэй ноцолдож байгаад хөлийг нь хугалж байсан. …Намайг очиход талийгаач болон Буяа нар нь нилээд согтуу байсан. Амаржаргал, Отгонбаяр хоёр нь согтуу байгаагүй. …” /1хх-ийн 44-45 х/

 

Гэрч Ч.Амаржаргалын : “… буцаад дэлгүүр дээр ирэхэд талийгаач нь халамцуу байдалтай байж байсан. Тэгтэл Буяа ирсэн ба талийгаач Буяа хоёр хоорондоо зодолдоод бие биенийгээ түлхээд байсан. Тэгээд би тэр хоёрыг зодолдоод байхаар нь боль гэж хэлчихээд гэрлүүгээ явах замдаа Отгонбаяртай тааралдаад гэрлүүгээ хамт явсан. Талийгаач болон Буяа нарыг зодолдож байх үед талийгаачийн хүү Баяраа найзтайгаа хамт ирээд талийгаачийг аваад явсан. ... Буяа гэгч нь талийгаачийн цээжний хэсэг рүү хоёр гараараа түлхэхэд талийгаач нь бөгсөөрөө газар суусан. Тэгээд буцаж босч ирээд дахиад түлхэлцээд байхаар нь би болиоч гэж хэлээд дэлгүүр орж тамхи авчихаад гараад иртэл талийгаачийн хүүхэд нь Баяраа гэдэг найзтайгаа хамт аавыгаа аваад урагш алхаж байгаа харагдсан ...” /1хх-ийн 46-48 х/

 

Гэрч Т.Баярцогтын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 08-ны орой 20-21 цагийн орчимд Эмээлтийн малын захын хашаанаас гараад хамт ажилладаг Баяраа гэдэг залуутай хамт “Шунхлай” шатахуун түгээх станцын орчимд явж байхад манай аав Төмөр-Очир, Буянаа /Буяндэлгэр/ гэдэг ах, Амараа ах, Отгоо ах 4 “Оргил” дэлгүүрийн урд талын шатан дээр байж байсан. Тэгсэн Буянаа ах манай аав Төмөр-Очирыг шатнаас түлхээд унагахаар нь Баяраа бид хоёр явж очоод яасан юу болсон гэж асуусан чинь манай аав зүгээр зүгээр гээд байсан. Тухайн үед тэд нар архи уусан байдалтай байсан ба хоорондоо маргалдсан шинж байгаагүй. Би Буянаа ахыг та чинь тэнэг юм уу хүн аллаа гэсэн чинь ойлгож байгаа шинжгүй нилээн согтуу нэг тамхи өгчих гээд байсан. ... Би аавыг архи ууж байгаад гэртээ харьчихдаг болохоор нь тоогоогүй гэрлүүгээ явсан. … “Оргил” дэлгүүрийн шатны хамгийн дээд талын тавцан дээр зогсож байхад нь Буянаа урд талаас нь буюу цээж рүү нь түлхээд аав шатнаас унахдаа биеийнхээ ар хэсгээр толгойны дагзаар унасан. ...” /1хх-ийн 51-53 х/

 

Гэрч Т.Баярцогтын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн : “... Би тэр үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун аймаг руу явдаг төв засмал зам дагуу байдаг Эмээлтийн “Оргил” худалдааны төвийн замын эсрэг талд нь буюу ертөнцийн зүгээр баруун урд талд миний бодлоор 100 гаруй метрийн зайтай явж байгаад аавыгаа “Оргил” худалдааны төвийн үүдэнд байдаг шатнаас унаж байхыг нь харсан юм. Тухайн орой гэгээ тасарсан харанхуй 20.00-21.00 цагийн хооронд байх гэж бодож байна. “Шунхлай” шатхуун түгээх станцын баруун талд нь явж байхдаа харсан тэр газраа зааж өгч чадна. ...Би тэр орой холоос харсан ба миний харсан зүйл гэвэл дэлгүүр гаднаа гэрэлтүүлэгтэй байсан ба шатнаас аавыг унаж байхыг нь харсан. Үүнээс хэн нэгэн хүн түлхсэн эсэхийг нь хараагүй, бие нь нуруу буюу ар талаараа унаж байхыг нь хараад хүнд түлхүүлсэн байх гэж бодсон.. ...” /1хх-ийн 54 х/

Гэрч Д.Баасангийн : “...2016 оны 12 дугаар сарын 08-ны орой 19-20 цагийн үед гадаа гэгээ тасарч байхад гаднаас орж ирсэн худалдан авагч нар орж ирээд гадаа шатан дээр хоёр хүн хоорондоо маргалдаж байгаад нэгнийгээ түлхээд газар унагачихлаа гэж хэлж байсан. ...Манайх гадна талдаа гэрэлтүүлэгтэй, их тод дээрээс үүдний шат хэсэгт болон гадна талбай бүгд гэрэлтүүлэхээр хэмжээний гэрэлтүүлэгтэй. Шатнаас хүн унасан гэх үед гэрэл ассан байсан. ...” /1хх-ийн 59-60 х/

Шинжээчийн ¹05 тоот дүгнэлт

1.Талийгаач Ж.Төмөр-Очирын цогцост дагзны зүүн хэсгээс зүүн чамархай, зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, өшиглөгдөх, унах, мөргөгдөх аль ч үед үүсэх боломжтой.

3.Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

4.Талийгаач нь АВО системээр (II) бүлгийн цустай байна.

5.Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

6.Талийгаач нь гол судасны хатуурал, зүрхний булчингийн  сорвижил, архаг өвчтэй байна. Дээрх өвчин нь үхэлд нөлөөлөөгүй байна.

7.Талийгаач нь 2016.12.09-ний өдрийн 15.50 цагийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 9-11 цаг орчим болсон байжээ.

8.Дээрх зүүн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа нь нас барахаас 0-6 цагийн өмнө үүссэн байх боломтой байна. Шинжээч эмч С.Чулуунсүх /1хх-ийн 66-68 х/

 

Шинжээч эмч С.Чулуунсүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Дээрх дүгнэлтийн 1 дүгээр заалтанд дурьдсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ... Гавал тархинд учирсан гэмтэл үүссэн цусан хурааны хэмжээ байрлал, согтолтын зэргээс хамаарч хүн болгонд харилцан адилгүй байдаг. Талийгаачийн хувьд гавал ясны хугаралтай тархины эдийн няцрал, цусан хураа үүссэн учраас дээрх төв мэдрэлийн тогтолцоо алдагдсанаар амьсгал, зүрх судасны үйл ажиллагааны алдагдалд орж дутагдал үүсч нас барсан байна. … Дүгнэлтэд тусгагдсан 0-6 цагийн өмнө үүссэн гэх цусан хураа нь эд эсийн шинжилгээгээр илэрсэн өөрчлөлт бөгөөд 2-4 цагийн хэлбэлзэлтэй байж болно. Өөрөөр хэлбэл 2-10 цагийн өмнө дээрх гэмтэл үүссэн гэж үзнэ. Мөн энэ гэмтлийг унах цохих, цохигдох гэх мэт аль ч үйлчлэлийн нэг удаагийн үйлчлэлээр шууд үүснэ. Толгойн дагз чамархайн хэсгээр хүч үйлчилсэний улмаас үүснэ. Шугаман хугарал нь дагз болон чамархайн аль хэсгээс эхэлж хугарал үүссэн болон чиглэсэн гэдгийг тогтоох боломжгүй. Амь хохирогч нь нас барахаас өмнө осголтын шинж бага зэрэг илэрсэн энэ нь ходоодны салстад цус харвасан байдлаар илэрсэн, гэхдээ үхлийн шалтгаан биш. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87-88 х/

 

Шинжээч эмч С.Чулуунсүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Талийгаач нь гавал тархины гэмтэл авсанаас хойш төвийн гаралтай гэмтлийн шоконд орж идэвхтэй хөдөлгөөн хийхээ болих үед нам хэмийн орчинд байсан учир нас барах хугацаанд осголтын шинж тэмдэг бага зэрэг үүссэн байсан. Энэ нь үхэлтэй шалтгаант холбоо байхгүй, үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна. Зураг дээрх шат нь 89 см өндөртэй, 6 дугаар шатны дээд ирмэгээс доод ирмэг хүртэл 175 см зайтай, 45 хэмийн налуутай байна. Амь хохирогч нь 163 см өндөртэй байна. Энэ физикийн хүчин зүйл болох биеийн жин, өндөр газрын татах хүчний үйлчлэлээс хамаарч энерци нь өөр өөр байдаг. Гадны хүч үйлчилсэн үед өндрөөс уналтын энерци нь илүү их буюу учрах гэмтэл нь явганаас унахаас илүү байдаг. Талийгаачийн хувьд гавал тархины битүү гэмтэл болох дагзны зүүн хэсгээс ташуу чиглэлтэй зүүн чамархай зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн тал бөмблөгийн чамархайн, зулай хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, булчинд цус хуралт гэмтэл нь дээрх зураг дээр үзүүлсэн шатан дээрээс дагз хэсгээрээ унахад үүснэ. Дээрх гэмтэл нь хүч үүссэн цэгтээ туссанаар гэмтэл үүсдэг. …” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 06-07 х/

 

Шинжээч эмч С.Чулуунсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Нэг хугарлаас цааш салаалсан байх тул давтамжийн хувьд хатуу мохоо зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ... Мөргөгдөх гэдэг нь автомашинд мөргөгдөхийг хэлнэ гэв. ... Надаас “ар дагзаараа унах үед үүсэх үү?” гэж асуувал “үүснэ” гэж хариулна. Бусад зүйлийг нь үгүйсгээгүй. ... Цогцосны гадна үзлэгт биологийн гадна өөрчлөлтөөр хэзээ нас барсныг тогтоосон. Илэрсэн өөрчлөлтөөр хэзээ нас барсныг нь тогтоодог. ... Амьд хүн хөлдөхгүй. Задлан шинжилгээгээр осголтын шинж илэрсэн. Осгож нас барсан уу? гээд шинжлээд үзэхэд осголт нь нас баралтын шалтгаан биш байсан. ... Нас барсан цаг нь яг хэлсэн цаг биш, 1, 2 цагийн хэлбэлзэлтэй байдаг.

... Сүүлийн нэмэлт байцаалтад 2-3 цагийн хэлбэлзэлтэй буюу урьд шөнийн 20 цагаас хойш үүсэх боломжтой гэж хариулсан.

... Автомашинаар мөргөгдөх үед бусад эрхтэнд зулгаралт үүсэх, хувцас урагдах зэргээр нэмэлт шинжүүд үүсдэг хэдий ч практикт зөвхөн толгой хэсгээр мөргөгдөж бусад эрхтэнд гэмтэл учраагүй тохиолдол гарч байсан учраас мөргөгдөх үед гэдгийг оруулсан. 

Энэ тохиолдолд байцаагч зураг харуулсан учраас ар дагзаараа унах үед үүсэх боломжтой гэж үзсэн. Нүдээрээ хараагүй учраас унасан байна, мөргөгдсөн байна гэж 100 хувийн баттай хэлж чадахгүй. Боломжтой бүх хувилбарыг хэлсэн.

... Гавал тархины гэмтэлд саруул үе гэж байдаг. Саруул үе нь өвдөлт мэдрэгдэхгүй зүгээр эрүүл хүн шиг 2-6 цагийн хооронд явах боломжтой байдаг. Саруул үед байхдаа тархи нь дарангуйлагдсан учраас өвдөлт мэдрэгдэхгүй байх тохиолдол байдаг. Саруул үедээ байсан үгүйг мэдэхгүй байна ...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

А.Буяндэлгэр нь хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 1245 тоот дүгнэлт /хх-ийн 82-84 х/-ээр тогтоогдсон.

 

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдоржийн санал: Гэрч Амаржаргал “бөгсөөрөө унасан” гэдэг, цогцос олдсон газар талийгаачийн гэр лүүгээ явдаг зүгээс эсрэг зүгт байдаг, цогцсыг чирч дамжилсан байж болзошгүй, тухайн газар олон хүний мөртэй, жалгатай газар байдаг, жалга руу унасан байх магадлалтай, мөн авто зам байдаг бөгөөд автомашинд дайрагдсан байхыг үгүйсгэхгүй. Шинжээч мөргөгдөх гэдгийг машинд мөргүүлэх гэдгээр нь тайлбарласан, гэрч Баярцогтоос хөтөлж мэдүүлэг авсан, мөн гэрч Баярааг олж байцаалт авах шаардлагатай, цээж рүү нь түлхсэн гэдгийг туршилтаар үгүйсгэсэн, мөрдөн байцаагч шинжээчийг хөтөлж асуусан, криминалистикийн шинжээчээр талийгаач хэвтэж байсан газартаа өөрөө ирсэн гэдгийг нотлох ёстой, туршилтын ажлыг мөрдөн байцаагчийн тогтоол гаргалгүй хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсгийг зөрчсөн тул нотлох баримтаас хасах ёстой тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж дээрх асуудлуудыг нэг мөр тогтоолгож өгнө үү гэснийг шүүх бүрэлдэхүүн дараах байдлаар хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Үүнд:

 

- Хэргийн газарт хамт байсан гэрч Ч.Амаржаргалын : “…талийгаач, Буяа хоёр хоорондоо зодолдоод бие биенийгээ түлхээд байсан. ... Буяа гэгч нь талийгаачийн цээжний хэсэг рүү хоёр гараараа түлхэхэд талийгаач нь бөгсөөрөө газар суусан. Тэгээд буцаж босч ирээд дахиад түлхэлцээд байхаар нь би болиоч гэж хэлээд дэлгүүр орж тамхи авчихаад гараад иртэл талийгаачийн хүүхэд нь Баяраа гэдэг найзтайгаа хамт аавыгаа аваад урагш алхаж байгаа харагдсан ...” /1хх-ийн 46-48 х/ гэх мэдүүлгээс дүгнэхэд уг гэрч нь түлхээд бөгсөөр унах үед байсан, босож ирээд дахиад түлхэлцээд байснаас хойш юу болсныг мэдэхгүй “шат руу түлхэж унагасан” болохыг хараагүй “дэлгүүр лүү орсон байсан” гэж ойлгогдохоор байгаа тул түүний “түлхэхэд бөгсөөрөө унасан” гэх мэдүүлгийг хэргийн бодит байдлыг үгүйсгэх хэмжээний чухал ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэх боломжгүй.

 

Гэрч Б.Баянмөнхийн : “…намайг очиход Амаржаргал, Отгонбаяр, Буяа /шүүгдэгч Буяндэлгэр/ гэх залуу талийгаачтай хамт байсан ... талийгаач болон Буяа нар хоорондоо тоглоод байгаа ч юм шиг маргалдаад ч байгаа юм шиг учир нь олдохгүй байдалтай байсан. …” /1хх-ийн 44-45 х/ гэх мэдүүлгээр гэрч Ч.Амаржаргалын “түлхэлцээд, маргалдаад байсан” гэдэг нь давхар нотлогддог.

 

Гэрч Т.Баярцогтын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөрийн: “... “Шунхлай” шатахуун түгээх станцын орчимд явж байхад манай аав Төмөр-Очир, Буянаа /Буяндэлгэр/ гэдэг ах, Амараа ах, Отгоо ах 4 “Оргил” дэлгүүрийн урд талын шатан дээр байж байсан. Тэгсэн Буянаа ах манай аав Төмөр-Очирыг шатнаас түлхээд унагахаар нь Баяраа бид хоёр явж очоод яасан юу болсон гэж асуусан чинь манай аав зүгээр зүгээр гээд байсан. ... Би тэр орой холоос харсан ба миний харсан зүйл гэвэл дэлгүүр гаднаа гэрэлтүүлэгтэй байсан ба шатнаас аавыг унаж байхыг нь харсан.  ” /1хх-ийн 51-53, 54 х/ гэснээс дүгнэлт хийхэд шат руу унаж байхыг нь харсан хүн бол гэрч Т.Баярцогт бөгөөд түүний талийгаач болох эцгийгээ шатнаас унаж байхыг мөн дэлгүүрийн үүд орчим тод гэрэлтүүлэгтэй байсан талаарх мэдүүлгүүд  нь гэрч С.Алтаннавчын : “… 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тараад “Элбэг” хүнсний дэлгүүр лүү орж юм аваад гарч ирэхэд манай ах Баярцогт тааралдаад надад “Аавыг сая нэг хүн шатнаас түлхэж унагаагаад” гэж ярьсан ба аав босч ирээд толгойныхоо ар талыг гараараа дараад “ёооё үхэх гэж байна шүү дээ хүүр гэж” хэлсэн гэж байсан. Тэгээд би өөрийг нь харсан чинь “Оргил” хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсож байхаар нь очвол архи нэхнэ гэж бодоод очоогүй. ... Би хэн түлхэж унагаасан талаар нь лавлаж асуугаагүй Баярцогт ах надад хэлэхдээ “нэг хүн аавыг түлхээд унагаачихсан" гэж ярьсан. …” /1хх-ийн 39-40 х/,

 

Гэрч Д.Баасангийн : “...2016 оны 12 дугаар сарын 08-ны орой 19-20 цагийн үед гадаа гэгээ тасарч байхад гаднаас орж ирсэн худалдан авагч нар орж ирээд гадаа шатан дээр хоёр хүн хоорондоо маргалдаж байгаад нэгнийгээ түлхээд газар унагачихлаа гэж хэлж байсан. ...Манайх гадна талдаа гэрэлтүүлэгтэй, их тод дээрээс үүдний шат хэсэгт болон гадна талбай бүгд гэрэлтүүлэхээр хэмжээний гэрэлтүүлэгтэй. Шатнаас хүн унасан гэх үед гэрэл ассан байсан. ...” /1хх-ийн 59-60 х/ гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдож байгаа.

 

            - Цогцос олдсон газар талийгаачийн гэр лүүгээ явдаг зүгээс эсрэг зүгт байдаг, цогцсыг чирч дамжилсан байж болзошгүй, тухайн газар олон хүний мөртэй, жалгатай газар байдаг, жалга руу унасан, автомашинд мөргүүлсэн байх боломжтой, криминалистикийн шинжээчээр талийгаачийг хэвтэж байсан газартаа өөрөө ирсэн гэдгийг нотлох ёстой  гэх асуудлын талаарх няцаалт :

            Талийгаачийн цогцос гэрээсээ эсрэг зүгт байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд хавтаст хэргийн 7-8 дугаар хуудаснуудад авагдсан фото зураг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд уг газар хүн унаад үхэлд хүрэхээр гэмтэл бэртэл аваад байхаар өндөр гуу, жалгатай газар биш, мөн ойролцоо айлууд байрладаг хүн, автомашин зорчдог хөл хөдөлгөөн ихтэй газар болох нь тодорхой харагдаж байгаа болно.

            Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /5 дугаар хуудасны ар тал/: “... Цогцосны баруун гутлын ул орчимд гутлын улны гадна хажуу хэсгээр цасан дээр шаталсан 6 ширхэг мөр байв. Зүүн хөлийн гутлын улны орчимд газрын гадарга дээрх 10-15 см зузаан цасыг хөдөлгөж газрын хөрсийг 15х25 см талбайд гаргасан байв.

            Цогцсыг эргүүлж доош харуулахад цогцосны нуруу, өгзөг байсан харалдаа хэсэгт цас хайлж, нуруу байсан газарт 12х15 см, өгзөг байсан газарт 8х11 см талбайд мөстсөн байв.

            Цогцосны ойр орчимд самналт хийж гутлын улны хээний мөр, тээврийн хэрэгслийн дугуйны мөр хайхад ... тээврийн хэрэгслийн хуучин мөр байх боловч дугуйны хээг тодорхойлох боломжгүй, гутлын улны хээний тодорхой мөргүй байв” гэснээс дүгнэлт хийхэд цогцос байсан газраас автомашины болон хүний гутлын ул мөр олдоогүй, цогцосны доод талд буюу нуруу, өгзөг хэсгийн газруудын цас хайлж мөстсөн зэргээс үзэхэд талийгаач амьд байхдаа уг газарт ирсэн, нас барсан хүнийг уг газарт авчирч орхисон бол түүний нуруу, өгзөг хэсгийн газрын цас хайлж мөстсөн хэлбэрт орохгүй зэрэг нь тодорхой байгаа болно. Учир нь хүн нас барсан үед цусны эргэлт зогсож, бие хөрч гадагш дулаан ялгаруулах боломжгүй байдалтай болдог.

   2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаартай мөр судлалын шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн өмсөж явсан хувцаст үзлэг хийхэд талийгаачийн хувцас нь шинэ урагдал байхгүй бүгд хуучин урагдалтай гэж гарсан. Авто замын осолд орсон хүн биед нь биш гэхэд хувцаст нь урагдал, цоорол үүсэх магадлал ихтэй. Шинжээч эмчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт автомашинд мөргүүлсэн бол тархины хүнд гэмтлээс гадна бие махбодид нь шарх, хувцасны урагдал гэх мэт ул мөрнүүд үлдэх боломжтой, Цогцосны гадна үзлэгээр цогцост дээрх ул мөр тогтоогдоогүй, хэргийн газрын фото зургаас харахад цогцос байгаа газар нь цастай, авто машин явдаг замын хажуу талд байх бөгөөд машинд мөргүүлсэн бол машины дугуйны ул мөр болон хүний ул мөр цасан дээр тодорхой гарахаар байгаа бөгөөд тийм ул мөр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоогүй болно.

 

            Гэмтэл авсан цаг хугацааг шинжээч 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагаас хойш 24 цагийн хооронд авсан байх магадлалтай гэх тайлбарыг өгсөн, шатнаас түлхэж унагаасан үйлдэл нь тухайн өдрийн 20-21 цагийн хооронд болсон гэдгийг гэрч Т.Баярцогт тодорхой мэдүүлсэн.

Шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт “гавал тархины гэмтэлд “саруул үе” гэж байдаг. “Саруул үе” нь өвдөлт мэдрэгдэхгүй зүгээр эрүүл хүн шиг 2-6 цагийн хооронд явах боломжтой байдаг. Саруул үед байхдаа тархи нь дарангуйлагдсан учраас өвдөлт мэдрэгдэхгүй байх тохиолдол байдаг” гэх тайлбар өгсөн бөгөөд үүнээс үзэхэд талийгаач шатнаас унасан даруйдаа хүмүүстэй харьцаад эрүүл хүн шиг хэсэг хугацаанд байсан гэх байдлыг үгүйсгэх боломжгүй.

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Баярцогтоос мэдүүлэг авахдаа хөтөлж асуусан учраас түүний мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах, мөн туршилтын ажиллагаа явуулахдаа мөрдөн байцаагч тогтоол гаргаагүй, туршилтанд гэрч Д.Баярцогтыг оролцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх асуудлын талаар:

Гэрч Т.Баярцогтоос мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг /1хх-ийн 51-53, 54 х/ авсан байх бөгөөд түүнээс асуусан асуултуудад хөтөлсөн шинжтэй асуултууд тавигдаагүй болох нь байцаалтын тэмдэглэлүүдээс тодорхой харагдаж байгаа, туршилтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131, 130, 146, 154 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагад нийцсэн ба мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 “... шаардлагатай бол ... гэрч ... оролцуулж болно.” гэж зааснаас үзэхэд уг туршилтын ажиллагаанд гэрч Т.Баярцогтыг оролцуулаагүй нь хуульд заасан журам зөрчигдөөгүй болно.

 

- Талийгаачийн хүү гэрч Т.Баярцогттой хамт явж байгаад талийгаач Төмөр-Очирыг шатнаас түлхэгдэж унахыг харсан гэх Э.Баярааг олж гэрчээр байцаах шаардлагатай гэх асуудлын талаар :

Э.Баярааг олох талаар мөрдөн байцаалтын шатанд тодорхой ажиллагаанууд явуулсан болох нь гэрч Э.Лхагвадоржийн: “… миний төрсөн дүү болох Э.Баярааг одоо яг хаана байгааг нь ёстой хэлж мэдэхгүй байна. Аав бид хоёртой хамт амьдардаггүй бөгөөд 2011 оноос хойш хамт байхаа больсон. ... Утасны дугаар нь 88778100 гэсэн дугаар байдаг ба энэ нь ерөөсөө холбогдохгүй байгаа юм. ... 2016 оны 09 сараас хойш нэг ч удаа утсаар болон өөрийн биеэр холбоо бариагүй яриагүй, уулзалдаагүй таараагүй. .... Би дүүтэйгээ хамгийн сүүлд 2016 оны 08 сарын сүүл үед намайг гэрт байж байхад Баяраа гаднаас ганцаараа орж ирээд нэг уулзсан, тэр үед хөдөө Булган аймагт зуслангын байшин барьж байгаа гэж хэлж байсан, тэрнээс хойш таараагүй уулзаагүй, нэг хөдөө байшингаа бариад байж байна гээд утсаар л нэг ярьсан. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 207 х/,

гэрч Л.Энхбатын: “… Баяраа миний хамгийн бага хүү юм. Би Баярааг хаана байгааг мэдэх юм алга, хамгийн сүүлд Баяраа 2016 оны 09 сард манай гэрт ирээд хонолгүй яваад өгсөн. ... Баяраа Улаанбаатар хотод лав байхгүй байх гэж бодож байна Улаанбаатарт байсан бол над дээр ирээд байдаг юм ерөөсөө ирэхгүй байгааг бодоход байхгүй байх. …” гэсэн мэдүүлэг /2-хх-ийн 5 х/

Э.Баяраагийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа /2хх-ийн 52 х/

Э.Баяраагийн хаана байгааг тодруулах талаарх төв орон нутгийн цагдаагийн байгууллагын лавлагаанууд /2хх-ийн 79-82  х/ зэргээр тогтоогдож байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн тул Э.Баярааг гэрчээр байцаах шаардлагагүй гэж шүүх үзсэн.

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох талаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатараас : А.Буяндэлгэрийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нотлогдохгүй байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан бөгөөд уг гэмт хэргийг А.Буяндэлгэр үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

            Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн талаар :

А.Буяндэлгэрийн сэжигтнээр өгсөн: “… “Оргил” худалдааны төв дэлгүүрийн үүдэнд очтол Амаржаргал, Төмөр-Очир ах хоёр архи уучихсан нилээн согтуу зогсож байсан тэгээд Отгонбаярын авсан архийг бид 4 дэлгүүрийн үүдэнд гадаа зогсож байгаад хувааж уусан тэр үед би согтсон байсан ба нэг мэдсэн чинь нөгөө хэд бүгд байхгүй би ганцаараа байж байсан. ...”Оргил” худалдааны төвийн үүдний гадаа шатан дээр сууж бид нар архиа ууж байхдаа маргалдсан эсэхээ мэдэхгүй байна, Төмөр-Очир ах юунаас болсон юм бүү мэд миний нүд рүү гараараа хэдэн удааг нь мэдэхгүй байна цохисон юм шиг санагдаж байна. Би Төмөр-Очир ахтай зууралдаад барилцаж авч байсанаа санаж байна, цохиж, түлхсэн эсэхээ санахгүй байна. …” /1хх-ийн 100-102 х/

 

А.Буяндэлгэрийн яллагдагчаар өгсөн: “...Отгонбаяр яваад өгсөн, Төмөр-Очир намайг чи урагшаа Хятад руу явж ажил хийсэн хүн мөнгөтэй байгаа биз дээ ганц юм ав л даа гээд араас татаж чангаагаад шордоод яваад байсан, бид гурав “Оргил” дэлгүүрийн шатан дээр надад мөнгө байхгүй, мөн тамхи татах гээд зогссон. Төмөр-Очир миний араас өмсөж явсан куртикний баруун гарын ханцуйнаас татсан тэр үед Амаржаргал дэлгүүр лүү орсон, Төмөр-Очирын гар нь миний ханцуйнаас тавигдаад өөрөө арагшаа хий гишгэсэн юм уу хальтирсан юм уу мэдэхгүй газар буюу шатны уруу өнхрөөд унасан. …” /1хх-ийн 198-202 х/,

А.Буяндэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хэргийн хувьд тухайн өдөр 18-19 цагийн үед “Оргил” дэлгүүрийн үүдэнд хамт нэг шил архи уусан. Нэг шил архиа ууж дуусаад талийгаач дахиад ганц шил архи авчих гэж миний цамцны ханцуйнаас татахаар нь эргээд хартал хальт гишгэсэн үү, халтирсан уу унасан. Би гараас нь барьж татах боломж байгаагүй ...” /шүүх хуралдаан тэмдэглэлээс/ зэргээр зөрүүтэй мэдүүлгүүдийг өгдөг бөгөөд эдгээр мэдүүлгийн эх сурвалжууд тодорхойгүй, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдохгүй байгаа болно.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас А.Буяндэлгэрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

         А.Буяндэлгэр нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         Хохирлын талаар :

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюун амь хохирогч Ж.Төмөр-Очирын оршуулгын зардалд нийт 3,453,500 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан байх боловч шүүгдэгч А.Буяндэлгэрээс дээрх зардлыг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюуны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/-аар,

          хохирогч Б.Даваажав ...Эмчилгээний зардал мөнгө нийт 700 орчим мянган төгрөг гарсанаас би грүпптэй болхоор хөнгөлөөд 300 орчим мянган төгрөг болсон. Буяндэлгэр надад нийт 360,000 төгрөг өгсөн. … Буяндэлгэрээс одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 141, 2хх-ийн 93 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул А.Буяндэлгэрийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

        Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон 89 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгөтэй “Нийслэл” нэртэй шар айрагны сав 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус шийтгэх тогтоолд тусгах  нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цамхаад овогт Адилбишийн Буяндэлгэрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. А.Буяндэлгэрийг :

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг албадан ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан А.Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар оногдуулсан 10 /арван/ жил 01 /нэг/ сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуун/ цаг албадан ажил хийлгэх ялыг багтаан түүний биечлэн эдлэх ялыг нийт 10 /арван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар А.Буяндэлгэрт оногдуулсан 10 /арван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар А.Буяндэлгэрийн цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6.А.Буяндэлгэрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгөтэй “Нийслэл” нэртэй шар айрагний сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Буяндэлгэрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялын хугацааг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДАШДОНДОВ

 

 

 

       ШҮҮГЧИД                                 Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

                                                Л.БААТАР