Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 156

 

 

 

 

 

 

 

 

 

А.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ариунтуяа,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, С.Пүрэвдорж,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, С.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.Бт холбогдох 201626012774 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 261 дугаар тогтоолын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

.............. овгийн ..............ийн .............., 1972 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужааны ажил хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............../,

А.Б нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүрийн урд шатан дээрээс иргэн Б.Дыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хавсарч унагаан бие махбодид нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүрийн урд шатан дээрээс 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 20-21 цагийн үед яллагдагч А.Б нь иргэн Ж.Ттой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг түлхэж ар дагз хэсгээр нь унагааж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: А.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: .............. овогт ..............ийн ..............ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг албадан ажил хийлгэх ялыг багтаан түүний биечлэн эдлэх ялыг нийт 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар А.Бт оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар А.Бийн цагдан хоригдсон 89 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

А.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгөтэй “Нийслэл” нэртэй шар айрагний сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

А.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гурван шатны шүүхээс намайг гэм буруутай гэж тооцсон. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Хохирол гомдлоо барагдуулсан. Миний 80 настай эцгийг минь бодож оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүндэвтэр хэргийн талаар ярих зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Хүн амины хэргийн тухай бусад зэвсэгтэй хүн амины хэргүүдээс бага зэрэг ялгаатай, хийж байгаа үйлдлийнхээ эцсийн хор хохирлыг энэ хүн ойлгоогүй. Тэр утгаар нь манай үйлчлүүлэгчийн хүсэлтийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж ял оногдуулж өгнө үү. Хүндэвтэр хэргийн тухай хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч С.Пүрэвдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг 2002 оны Эрүүгийн хуулиар шийтгэгдсэн. Өөрөөр хэлбэл урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй. Энэ хэрэгт хоёр гэрчийн асуудал байсан. Прокурор яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт тусгайлан гаргах санал гэж хоёр гэрчийн оролцуулна гэж дурдаж, шүүх хуралдаанд хөдөө явсан гэдэг шалтгаанаар прокурор хүсэлтээсээ татгалзаж шүүх хуралдаан оролцоогүй. Мөн шинжээчийн 5 дугаар дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтлийг дэлгэрэнгүй дурдсан. Анхан шатны шүүхийн нотлох баримтын 1.18 дугаартай шинжээч эмч Чулуунсүх 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “дээрх дүгнэлтийн 1 дүгээр заалтад дурдсан гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна” гэж заасан. Мөн 1.19 дүгээрт шинжээч эмчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд байгаа. Шинжээч эмч Чулуунсүх шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгээр “тухайн гэмтэл нь яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой эсэх талаар” огт яригдаагүй. Анхан шатны шүүх хуралдаан болж байх үед 2015 оны Эрүүгийн хууль үйлчлээгүй байсан. Тэр үед бид нар хүнд гэмтэл учирсны улсаас 2015 оны Эрүүгийн хуульд орж ирнэ гэж бодож байгаагүй, шинжээч эмч мөн яриагүй, энэ асуудал хөндөгдөөгүй үлдсэн байсан. Ийм учраас шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн амь насыг аврах боломжтой байсан талаар дурдаагүй байна. Энэ асуудлыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай, гэм буруугийн талаар авч үзэх нь ач холбогдолтой гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхээр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцааж, энэ хүний эрхийг тодорхой хэмжээгээр хангах нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “А.Бийн хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн гэж байна үүнд хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгч С.Чулуунбаатар хүндэвтэр гэмт хэргийн талаар ярих зүйл байхгүй гэж байна. Харин хүн амины хэргийн талаар зэвсэг хэрэглээгүй мөн үйлдлийнхээ хор уршгийг мэдээгүй байсан иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг заалтыг хэрэглэж өгнө үү гэж байна, мөн хөөн хэлэлцэх хугацаа гэж хүндэвтэр гэмт хэргийн талаар ярьсан. Үүнд хүндэвтэр гэмт хэргийн тухай ярихад хүндэвтэр гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа яриагүй. Учир нь эхний гэмт хэрэг үйлдэгдээд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дараагийн гэмт хэрэг буюу хүн амины гэмт хэрэг үйлдсэн байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэж байна.  Үүнд дээрх хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээ арван хоёр жил эсхүл арван таван жил хүртэл гэж заасан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж байна. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол бусдын биед хүндэвтэр гэмт хэрэгт яригдана. Түүнээс хүн амины гэмт хэргийн тухай яригдах асуудал биш гэж үзэж байна. Өмгөөлөгч С.Пүрэвдорж хоёр гэрчийг анхнаасаа оролцуулна гэж байгаад оролцуулаагүй гэж байна. Хоёр гэрч биш нэг гэрч байгаа. Гэрчийн асуудал анхан шатны шүүх хуралдаанд яригдаж байсан, давж заалдах шатны шүүх хуралдаанд яригдаж байсан, энэ гэрчийн мэдүүлэгтэй мэдүүлэггүй энэ гэмт хэрэг хангалттай нотлох баримтаар тогтоогдсон учраас анхан шатны шүүхээр шүүх хуралдаан хэлэлцүүлэх боломжтой байсан учраас шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж байна. Тухайн үед гэмтлийн хүнд зэргийн, гавал тархины гэмтлийн цус харвалт, зүүн тархины чамархайн үргэлжилсэн хугарлын улмаас нас барсан. Энэ ямар гэмт хэрэг вэ хүнийг санаатай алсан уу, болгоомжгүйгээр алсан юм уу гэдэг асуудал анхан шатны шүүхэд яригдаж дууссан. Хэргийн мөрдөн байцаалтын явцад шинжээч эмчийг гурван удаа байцаасан дүгнэлт байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмчийг биечлэн оролцуулсан учраас дахин тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд Улсын дээд шүүхээс дүгнэлт гарсан учраас анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Б нь архи ууж согтуурсан үедээ 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүрийн урд талбайд иргэн Б.Дтай барилдаж, хоёр удаа унасандаа дургүйцэж улмаар түүний дэлгүүр рүү орохоор шатаар өгсөж явахад нь араас нь очиж тэвэрч аван хавсарч унагаасны улмаас бие махбодид нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг,

2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 20-21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүрийн урд шатан дээрээс иргэн Ж.Ттой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, харилцан заамдалцах явцдаа түүнийг цээжрүү нь түлхэж ар дагз хэсгээр нь газарт унагааж тархинд нь хүнд гэмтэл учруулж Ж.Тыг алсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

ялтан А.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Оргил худалдааны төвийн үүдний гадаа шатан дээр сууж бид нар архиа ууж байхдаа маргалдсан эсэхээ мэдэхгүй байна. Төмөр-Очир ах юунаас болсон юм бүү мэд миний нүд рүү гараараа хэдэн удааг нь мэдэхгүй байна цохисон юм шиг санагдаж байна. Би Төмөр-Очир ахтай зууралдаад барилцаж авч байсанаа санаж байна, цохиж, түлхсэн эсэхээ санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-1, х-100-102/,

түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ярих зүйл байхгүй мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-2, х-130-144/,

хохирогч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны
3 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар
хороонд байрлах “Оргил” дэлгүүр орж талх авах гээд явж байтал уг дэлгүүрийн
гадна миний зүс таних А.Б гэдэг ах таараад намайг “архи аваад өг” гэхээр
нь би “үгүй ээ, мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь А.Б намайг ноолоод
барилдах гээд байхаар нь би түүнтэй 2 удаа барилдаад давсан юм. Тэгээд би
А.Бээс салаад “Оргил” дэлгүүрийн шатаар өгсөөд довжоон дээр нь гартал
А.Б нь миний араас үгийн зөрөөгүй тэвэрч аваад баруун хөлөөрөө миний
баруун хөлийг хавсарч унагаасан бөгөөд би унахдаа баруун талаараа унасан. Тэр
үед миний баруун хөлийн шилбэ шатны ирмэг дээр цохигдоход А.Б миний
дээрээс дарж унахдаа баруун хөлөн дээр дараад уначихсан бөгөөд миний баруун
хөлийн шилбэний яс хугарчихсан юм. Тэгэхээр нь би А.Бт “босооч ээ, миний
хөл хугарчихлаа” гэж хэлсэн чинь А.Б “өө алив үзье” гэж хэлээд миний
баруун хөлийг барьж үзээд “нээрээ тийм байна шүү дээ, за ахын дүү цагдаа
дуудаад хэрэггүй бөөн юм болно, ах нь олон хүүхэдтэй, удахгүй ажил эхлэнэ ёстой
балрана, ах нь ямар ч байсан эмчилгээний чинь зардлыг бүрэн даагаад чамайг
зүгээр болгоноо” гэж хэлэхээр нь би за за олон хүүхэдтэй амьдрах гэж л зовж яваа
юм чинь гэж бодоод цагдаа дуудаагүй. Тэгээд би тэндээсээ гэмтлийн эмнэлэг дээр
очиж хөлийнхөө зургийг авахуулахад “баруун хөлийн шаант яс чинь дундуураа
хугарсан байна” гэж хэлээд намайг хэвтүүлсэн. Тэр өдөр Буяндэлгэр надтай цуг
эмнэлэг дээр очоод намайг эмнэлэгт хэвтүүлээд сахиж хоночихоод явсан бөгөөд
маргаашнаас нь надтай ямар ч холбоогүй алга болчихоор нь би 2016 оны 3
дугаар сарын 30-ны өдөр цагдаад хандсан.” гэх мэдүүлэг /хх-1, х-138-140/,

гэрч С.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Оргил” худалдааны төв орох гээд явж байтал найз Даваажавыг “Оргил” төвийн үүдний довжоон дээр цааш хараад зогсож байхад нь араас нь зүс таних А.Б гэдэг залуу тэвэрч аваад хойш нь татаад тэр хоёр шатны уруу дамналдаад унасан. Намайг хажуугаар нь гарахад А.Б Даваажавын дээр нь байсан бөгөөд Даваажав “босооч ээ п.... минь хөл хугарчихлаа” гэж байсан. Би Даваажавыг “түргэн дуудаач ээ” гэж хэлчихээд дэлгүүр орж юм авчихаад гараад ирэхэд Даваажав хашаа налаад суучихсан, хөл нь шилбээрээ хугарчихсан бололтой бага зэрэг эргэчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-1, х-142-143/,

гэрч М.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг өнгөрөөгөөд би талийгаач нөхрийнхөө хамт “Оргил” дэлгүүр орох гээд явж байтал дэлгүүрийн үүдэнд Даваажав гэдэг залуу А.Б гэдэг залуутай барилдаад зогсож байсан. Манай талийгаач нөхөр “та хоёр болиоч ээ” гэж хэлэхэд болиод Даваажав “Оргил” дэлгүүр рүү орох гээд явж байхад нь араас нь А.Б цээжээр нь тэвэрч аваад хавираад тэр хоёр шатны уруу давхралдаад унасан. Даваажав ёолоод босч ирэхгүй байхаар нь нөхөр бид хоёр очиж баруун хөлийг нь үзэхэд яс шажигнаад дуугарч байсан. ...Даваажав эрүүл, харин А.Б халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хх-1, х-144-145/,

гэрч С.Алтаннавчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай ах Баярцогт тааралдаад надад “Аавыг сая нэг хүн шатнаас түлхэж унагаагаад” гэж ярьсан ба манай аав босч ирээд толгойныхоо ар талыг гараараа дараад “ёооё үхэх гэж байна шүү дээ хүүр гэж” хэлсэн гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-1, х-39-40/,

гэрч Ж.Булагмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны
12 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн үед хүүхдээ сургуулиас авах гээд явж
байхад талийгаач Төмөр-Очир “Оргил” супермаркет дэлгүүрийн гадна зогсож
байсан. Би замын цаанаас харсан очиж уулзаагүй, согтуу байсан эсэхийг нь
мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-1, х-41/,

гэрч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг очиход Амаржаргал, Отгонбаяр, Буяа гэх залуу талийгаачтай хамт байсан ба Амаржаргал гартаа 0.5 литрийн “Эзэн Чингис” гэдэг нэртэй архи барьчихсан зогсож байсан. Тэгээд тэр шилтэй архийг нь хувааж уугаад зогсож байхад талийгаач болон Буяа /Буяндэлгэр/ нар нь хоорондоо тоглоод байгаа ч юм шиг маргалдаад ч байгаа юм шиг учир нь олдохгүй байдалтай байсан. Тэгээд архиа дуусгаад би гэртээ харих гээд явсан. ...Буяа нь 1 жил орчмын өмнө “Оргил” дэлгүүрийн үүдний шатан дээр хүнтэй ноцолдож байгаад хөлийг нь хугалж байсан. Би түргэн иртэл хөл нь хугарсан хүнийх нь хөлийг барьж өгч байсан. Тэр
цагаас хойш Буяатай найз болсон...Намайг очиход талийгаач болон Буяа нар нь нилээд согтуу байсан. Амаржаргал, Отгонбаяр хоёр нь согтуу байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-1, х-44-45/,

гэрч Ч.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би талийгаачтай юм яриад зогсож байтал Буяа /Буяндэлгэр/ гэгч нь ирсэн ба талийгаач Буяа хоёр хоорондоо зодолдоод бие биенийгээ түлхээд байсан. Тэгээд би тэр хоёрыг зодолдоод байхаар нь “боль” гэж хэлчихээд гэр рүүгээ явах замдаа Отгонбаяртай тааралдаад гэрлүүгээ хамт явсан. Талийгаач болон Буяа нарыг зодолдож байх үед талийгаачийн хүү Баяраа найзтайгаа хамт ирээд талийгаачийг аваад явсан. Талийгаач Буяа хоёр нь бие биенээ цохиж зодоогүй зүгээр заамдалцаад шатны уруу бие биенийгээ түлхээд байсан. Тэгээд Буяа гэгч нь талийгаачийн цээжний хэсэг рүү хоёр гараараа түлхэхэд талийгаач нь бөгсөөрөө газар суусан. Тэгээд буцаж босч ирээд дахиад түлхэлцээд байхаар нь би болиоч гэж хэлээд дэлгүүр орж тамхи авчихаад гараад иртэл талийгаачийн хүүхэд нь Баяраа гэдэг найзтайгаа хамт аавыгаа аваад урагш алхаж байгаа харагдсан ба намайг дэлгүүрээс гарч ирэхэд Буяаг гэгч нь байхгүй байсан...Талийгаач болон Буяа нь нилээн согтолттой байсан. Би тухайн үед бага зэрэг согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-1, х-46-48/,

гэрч Т.Баярцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 8-ны орой 20-21 цагийн орчимд Эмээлтийн малын захын хашаанаас гараад хамт ажилладаг Баяраа гэдэг залуутай хамт “Шунхлай” шатахуун түгээх станцын орчимд явж байхад манай аав Төмөр-Очир, Буянаа гэдэг ах, Амараа ах, Отгоо ах 4 “Оргил” дэлгүүрийн урд талын шатан дээр байж байсан. Тэгсэн Буянаа /Буяндэлгэр/ ах манай аав Төмөр-Очирыг шатнаас түлхээд унагахаар нь Баяраа бид хоёр явж очоод “яасан юу болсон” гэж асуусан чинь манай аав “зүгээр зүгээр” гээд байсан. Тухайн үед тэд нар архи уусан байдалтай байсан ба хоорондоо маргалдсан шинж байгаагүй. Би Буянаа ахыг “та чинь тэнэг юм уу, хүн аллаа” гэсэн чинь ойлгож байгаа шинжгүй нилээн согтуу нэг тамхи өгчих гээд байсан. Би аавыг “гэр рүүгээ яв, харь” гэсэн чинь энд ганц шил архи авах гээд байна энийг уучихаад харина гээд байсан. Би аавыг загнаад “тэрийг ууж яадаг юм манайх руу явъя” гэсэн чинь дагаж явах гэж байснаа “за за аав нь ганц юм уучихаад харилаа” гээд Буянаа, Амараа, Отгоо нартай хамт үлдсэн. Би аавыг архи ууж байгаад гэртээ харьчихдаг болохоор нь тоогоогүй гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш өглөө нь нас барсаныг мэдсэн. ...Би ямар шалтгаанаар түлхэж унагаасныг нь мэдээгүй. Баяраа бид хоёрыг яваад очиход хоорондоо маргалдаагүй байсан ба аав Төмөр-Очир “зүгээр зүгээр” гээд байсан. ...“Оргил” дэлгүүрийн шатны хамгийн дээд талын тавцан дээр зогсож байхад нь Буянаа урд талаас нь буюу цээж рүү нь түлхээд аав шатнаас унахдаа биеийнхээ ар хэсгээр толгойны дагзаар унасан. Тухайн үед дэлгүүрийн гадаа Отгоо, Амраа, Буянаа, аав /Төмөр-Очир/ дөрөв байсан. Харин замын эсрэг талд Баяраа бид хоёр явж байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-1, х-51-53/,

гэрч Б.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 9-ний өглөө 6 цагт би охин Цэнд-Аюушийг сургуульд нь хүргэж өгчихөөд гэртээ ирэх замдаа явж байтал замын хажуу талд цэнхэр дээлтэй эрэгтэй хүн хэвтэж байх шиг болохоор нь холоос хараад цагдаад дуудлага өгч мэдэгдсэн. ...Би уг хүнийг танихгүй.” гэх мэдүүлэг /хх-1, х-58/,

гэрч Д.Баасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 8-ны орой 19-20 цагийн үед гадаа гэгээ тасарч байхад гаднаас орж ирсэн худалдан авагч нар орж ирээд “гадаа шатан дээр хоёр хүн хоорондоо маргалдаж байгаад нэгнийгээ түлхээд газар унагачихлаа” гэж хэлж байсан. Би гадагшаа гарах завгүй хүмүүст үйлчлээд ганцаараа байсан болохоор анзаарч тоогоогүй сонсоод өнгөрсөн. Удаагүй нэг хүн орж ирээд “Баяраа ирээд аавыгаа аваад явчихлаа” гээд хоорондоо ярьж байсан. ...Манай дэлгүүрийн гадна талын хяналтын камер ажиллахгүй байсан. Хэдэн өдрийн өмнө цасан шуурганаар ажиллахаа больсон. ...Манайх гадна талдаа гэрэлтүүлэгтэй, их тод дээрээс үүдний шат хэсэгт болон гадна талбай бүгд гэрэлтүүлэхээр хэмжээний гэрэлтүүлэгтэй. Шатнаас хүн унасан гэх үед гэрэл ассан байсан.” гэх мэдүүлэг /хх-1, х-59-60/,

шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.” гэх мэдүүлэг /хх-1, х-149/,

шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дээрх дүгнэлтийн 1 дүгээр заалтанд дурьдсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гавал тархины хүнд гэмтэл авсан дунд зэргийн согтолттой хүн идэвхитэй хөдөлгөөн хийх чадвар муу, хэдий хэр хугацаанд амь явах үйлдэл хийх, хөдөлгөөн хийх цаг хугацаанд нарийн тооцож тогтоох боломжгүй. Гавал тархинд учирсан гэмтэл үүссэн цусан хурааны хэмжээ
байрлал, согтолтын зэргээс хамаарч хүн болгонд харилцан адилгүй байдаг.
Талийгаачийн хувьд гавал ясны хугаралтай тархины эдийн няцрал, цусан хураа
үүссэн учраас дээрх төв мэдрэлийн тогтолцоо алдагдсанаар амьсгал, зүрх
судасны үйл ажиллагааны алдагдалд орж дутагдал үүсч нас барсан байна. Ясны
хугарал, цусан хураа нь цохих, унах гэх мэт гадны хүчний үйлчлэлийн улмаас тэр
даруйдаа үүснэ. ...Дүгнэлтэд тусгагдсан 0-6 цагийн өмнө үүссэн гэх цусан хураа нь
эд эсийн шинжилгээгээр илэрсэн өөрчлөлт бөгөөд 2-4 цагийн хэлбэлзэлтэй байж
болно. Өөрөөр хэлбэл 2-10 цагийн өмнө дээрх гэмтэл үүссэн гэж үзнэ. Мөн энэ
гэмтлийг унах цохих, цохигдох гэх мэт аль ч үйлчлэлийн нэг удаагийн үйлчлэлээр
шууд үүснэ. Толгойн дагз чамархайн хэсгээр хүч үйлчилсэний улмаас үүснэ.
Шугаман хугарал нь дагз болон чамархайн аль хэсгээс эхэлж хугарал үүссэн
болон чиглэсэн гэдгийг тогтоох боломжгүй. Амь хохирогч нь нас барахаас өмнө
осголтын шинж бага зэрэг илэрсэн энэ нь ходоодны салстад цус харвасан
байдлаар илэрсэн, гэхдээ үхлийн шалтгаан биш.” гэх мэдүүлэг /хх-1, х-87-88/,

“...Талийгаач нь гавал тархины гэмтэл авсанаас хойш төвийн гаралтай гэмтлийн шоконд орж идэвхтэй хөдөлгөөн хийхээ болих үед нам хэмийн орчинд байсан учир нас барах хугацаанд осголтын шинж тэмдэг нь бага зэрэг үүссэн байсан. Энэ нь үхэлтэй шалтгаант холбоо байхгүй, үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна. Зураг дээрх шат нь 89 см өндөртэй, 6 дугаар шатны дээд ирмэгээс доод ирмэг хүртэл 175 см зайтай, 45 хэмийн налуутай байна. Амь хохирогч нь 163 см өндөртэй байна. Энэ физикийн хүчин зүйл болох биеийн жин, өндөр газрын татах хүчний үйлчлэлээс хамаарч энерци нь өөр өөр байдаг. Гадны хүч үйлчилсэн үед өндрөөс уналтын энерци нь илүү их буюу учрах гэмтэл нь явганаас унахаас илүү байдаг.
Талийгаачийн хувьд гавал тархины битүү гэмтэл болох дагзны зүүн хэсгээс ташуу
чиглэлтэй зүүн чамархай зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн
шугаман хугарал, зүүн тал бөмблөгийн чамархайн, зулай хэсгийн хатуу бүрхүүл
дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, булчинд цус
хуралт гэмтэл нь дээрх зураг дээр үзүүлсэн шатан дээрээс дагз хэсгээрээ унахад
үүснэ. Дээрх гэмтэл нь хүч үүссэн цэгтээ туссанаар гэмтэл үүсдэг. Бөгс нуруугаараа унах үед дээрх гэмтэл үүсэхгүй. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтэл авсан дунд зэргийн согтолттой байсан байна. Гавал тархинд учирсан гэмтэл үүссэн цусан хурааны хэмжээ байрлал, согтолтын зэргээс хамаарч дээрх зам маршрут метр зайд явах боломжтой. Мохоо зүйл гэдэгт хавтгай гадаргуутай хязгаарлагдмал биет зүйлийг хэлнэ.” гэх мэдүүлэг /хх-2, х-6-7/,

шинжээч эмч С.Чулуунсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Нэг хугарлаас цааш салаалсан байх тул давтамжийн хувьд хатуу мохоо зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой....Надаас “ар дагзаараа унах үед үүсэх үү” гэж асуувал “үүснэ” гэж хариулна. Бусад зүйлийг нь үгүйсгээгүй. ...Цогцосны гадна үзлэгт биологийн гадна өөрчлөлтөөр хэзээ нас барсныг тогтоосон. Илэрсэн өөрчлөлтөөр хэзээ нас барсныг нь тогтоодог. ...Амьд хүн хөлдөхгүй. Задлан шинжилгээгээр осголтын шинж илэрсэн. Осгож нас барсан уу” гээд шинжлээд үзэхэд осголт нь нас баралтын шалтгаан биш байсан. ...Нас барсан цаг нь яг хэлсэн цаг биш, 1, 2 цагийн хэлбэлзэлтэй байдаг. ...Сүүлийн нэмэлт байцаалтад 2-3 цагийн хэлбэлзэлтэй буюу урьд шөнийн 20 цагаас хойш үүсэх боломжтой гэж хариулсан. ...Автомашинаар мөргөгдөх үед бусад эрхтэнд зулгаралт үүсэх, хувцас урагдах зэргээр нэмэлт шинжүүд үүсдэг хэдий ч практикт зөвхөн толгой хэсгээр мөргөгдөж бусад эрхтэнд гэмтэл учраагүй тохиолдол гарч байсан учраас мөргөгдөх үед гэдгийг оруулсан. Энэ тохиолдолд байцаагч зураг харуулсан учраас ар дагзаараа унах үед үүсэх боломжтой гэж үзсэн. Нүдээрээ хараагүй учраас унасан байна, мөргөгдсөн байна гэж 100 хувийн баттай хэлж чадахгүй. Боломжтой бүх хувилбарыг хэлсэн. ...Гавал тархины гэмтэлд саруул үе гэж байдаг. Саруул үе нь өвдөлт мэдрэгдэхгүй зүгээр эрүүл хүн шиг 2-6 цагийн хооронд явах боломжтой байдаг. Саруул үед байхдаа тархи нь дарангуйлагдсан учраас өвдөлт мэдрэгдэхгүй байх тохиолдол байдаг. Саруул үедээ байсан үгүйг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-2, х-130-144/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Даваажавын биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд буюу хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой байна.” гэх 4489 тоот шинжээчийн дүгнэлт /хх-1, х-147/,

“...Талийгаач Ж.Тын цогцост дагзны зүүн хэсгээс зүүн чамархай, зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, өшиглөгдөх, унах, мөргөгдөх аль ч үед үүсэх боломжтой. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд нас баржээ. Талийгаач нь АВО системээр (II) бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь гол судасны хатуурал, зүрхний булчингийн сорвижил, архаг өвчтэй байна. Дээрх өвчин нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаач нь 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 15.50 цагийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 9-11 цаг орчим болсон байжээ. Дээрх зүүн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа нь нас барахаас 0-6 цагийн өмнө үүссэн байх боломтой байна.” гэх 5 тоот шинжээчийн дүгнэлт /хх-1, х-66-68/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-1, х-5-8/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-1, х-9-11/,

Амь хохирогч Ж.Тын унасан гэх шатанд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-1, х-24-30/,

Мэдүүлэг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-1, х-31-33/,

Туршилт хийсэн тэмдэглэл /хх-2, х-2-4/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Бийн үйлдлийг зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан хорих ялыг оногдуулсан нь үндэслэлтэй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэрч Б.Баянмөнх, Ч.Амаржаргал, Т.Баярцогт нарын мэдүүлсэн мэдүүлгээр тухайн цаг хугацаанд шүүгдэгч А.Б, амь хохирогч Ж.Т нар нь хамт архи ууж, улмаар тодорхой шалтгаангүйгээр хоорондоо харилцан үл ойлголцох байдал үүсгэн, хэн хэнийгээ заамдалцаж, харилцан түлхэлцэж байсан бөгөөд тэдний хажууд байсан гэрч Ч.Амаржаргал “Боль” гэсэн шаардлагыг тавьж байсан бөгөөд энэ үед А.Б нь хохирогч Ж.Тын цээж рүү нь түлхэж түүнийг газарт унагаасан үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэж зөв дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч А.Бийн Ж.Тыг түлхэж ар дагз хэсгээр нь унагаасан, Ж.Т нас барсан үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр А.Бийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул өмгөөлөгч С.Пүрэвдоржийн гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр ял шийтгэлийг хөнгөрүүлсэн, мөн бусдын бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг богиносгон тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангаж, шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч С.Пүрэвдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг орууллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “.............. овогт ..............ийн ..............ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас ..............ийн ..............ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхний ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, .............. овогт ..............ийн ..............ийг хүнийг алах болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Адилбишийн Буяндэлгэрийг 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар А.Бт оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Бт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангаж, шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч С.Пүрэвдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Ц.ОЧ