Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 194

 

А.Бу-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 156 дугаар магадлалтай 201626012774 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Бу-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай А.Бу- нь 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1900 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” хүнсний дэлгүүрийн урд шатан дээрээс иргэн Б.Да-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас хавсарч унагаан бие махбодид нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

мөн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2000-2100 цагийн үед иргэн Ж.Тө-той хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг түлхэж ар дагз хэсгээр нь унагааж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт буруутгагдан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах”, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Бу-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг албадан ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялд мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуун/ цаг албадан ажил хийлгэх ялыг багтаан түүний биечлэн эдлэх ялыг нийт 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, А.Бу-ийн цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, А.Бу-ийг хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж, 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бу-ийг 8 жил хорих ял шийтгэсүгэй” гэж, 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Бу-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Бу- гаргасан гомдолдоо “Миний бие хэрэг болох цаг үед талийгаач Ж.Тө-той хэрэлдэн, муудалцах зодоон цохион хийх ямар нэгэн үйл ажиллагаа болоогүй билээ. Түүнчлэн хавтаст хэргийн материалд авагдсан гэрч Ч.Ам-, От- нар нь тухайн үед талийгаач бид хоёртой хамт архи уусан, согтуу байсан хүмүүс бөгөөд тэдний өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Үүнээс гадна гэрч Т.Ба-, Э.Ба- нар нь хэрэг болсон гэх газраас 200-300 метрийн зайнаас харсан байдаг. Гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч оролцуулаагүй. Ж.Тө- нь миний хувцасны араас татахад би эргээд хөл алдах үед барьж авах гээд амжаагүй тэр унасан. Мөрдөн байцаалтын ажиллагаа нь дэндүү яллах талыг барьж хийснээс гадна мэдүүлэг болон бусад нотлох баримтыг харьцуулан бэхжүүлэх, нотлуулах тал дээр учир дутагдалтай байсан. Миний үйлдэл нь болгоомжгүй үйлдэл бөгөөд хэргийг уг зүйлээр зүйлчилж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн гомдлыг бүрэн дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлд заасан үйлдэлтэй холбоотой хэлэх зүйл байхгүй. Харин хүний амь насыг санаатай хохироосон гэж үзэж ял шийтгэл оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Бу- нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хангалттай нотлогдсон. Өмгөөлөгчийн хэлж байгаа шиг шүүгдэгч нь бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүгдэгч А.Бу- нь 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1900 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Оргил” хүнсний дэлгүүрийн урд иргэн Б.Да-ыг хавсарч унагаан бие махбодид нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар,

мөн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2000-2100 цагийн үед иргэн Ж.Тө-той хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг тус дэлгүүрийн урд шатнаас түлхэж ар дагз хэсгээр нь унагааж алсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх А.Бу-ийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч А.Бу-ийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Бу-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх үед 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бу-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 156 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бу-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                      ДАРГАЛАГЧ                                             Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН