Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2017/00964

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2017/00409/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .., … тоотод оршин суух, … овгийн … /РД:…, утас:…/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: … … байрлах утас:../

 

Хариуцагч: … /… утас:… /-нарт холбогдох

... хүчингүй болсоны улмаас учирсан хохирол 8.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ё.Ринзаан, хариуцагч Ч.Э, хариуцагч Ө.О, Д.Б иргэдийн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Д.Д нь ... оны .. дугаар сарын ..-ний өдөр болсон. ... аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч сонгох ээлжит сонгуулийн ... дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж, ард иргэдийн итгэлийг хүлээж, төлөөлөгчөөр сонгогдсон юм. Гэтэл ... СХны хууль бус шийдвэр ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсоны улмаас ... оны .. дугаар сарын ..-ний өдрийн ээлжит сонгуулийн дүнг хүчингүй болгож тус тойрогт ... оны .. дугаар сарын ..-ний өдөр дахин сонгууль явагдсан. Ээлжит сонгуульд миний нэр дэвшин өрсөлдөхдөө 8.200.000 төгрөгийн зардал гаргасан. Энэ нь санхүүгийн баримтаар нотлогдож байх байгаа бөгөөд, аудитын байгууллагаар шалгагдан баталгаажсан байна. Иймээс захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн Д.Д надад учирсан хохирол болох ээлжит сонгуульд зарцуулсан зардалд 8.200.000 төгрөгийг Монгол Улсын СЕХноос гаргуулж, ... аймгийн СХнд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэжээ.

 

Хариуцагч ... аймгийн СХний төлөөлөгч Ч.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч Д.Д Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Аймаг нийслэлийн СХ нь тухайн аймаг, Нийслэлийн хурал түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна. Хуулийн 31.4-т сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн СХг дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нийт 5-аас 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал өгөх өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулна. ... гэсэн заалтын хүрээнд Монгол Улсын СЕХны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор аймгийн СХг 9 хүний бүрэлдэхүүнтэй УИХ-ын болон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг орон нутагт зохион байгуулах үйл ажиллагаанд аймгийн СХ нь хууль бус шийдвэр гаргасан нь ... аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн магадлалаар тогтоогдсоны улмаас 2016.06.29-ний өдрийн ээлжит сонгуулийн холбогдох хэсгийн дүнг хүчингүйд тооцож дахин сонгуулийг 2016.10.29-ний өдөр болох ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуультай хамт нэг өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргаж татан буугдсан болно. Иймд УИХ-ын болон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан аймгийн СХ нь СЕХны 2016.08.31-ний өдрийн 554 тоот 8 дугаар албан бичгээр татан буугдсаныг мэдэгдсэн тул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.07.27-ны өдрийн 68 дугаар тогтоолоор сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах чиг үүрэгтэй байгуулагдсан СХ нь нэхэмжлэгч Д.Д гаргасан нэхэмжлэлд хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

 

Хариуцагч Монгол Улсын СЕХний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулах чиг үүрэг бүхий ... аймгийн СХ, СЕХнд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.5.2-т зааснаар аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн тухайд дээд шатны сонгуулийн байгууллага нь аймаг, нийслэлийн СХ болно. Мөн Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Аймаг нийслэлийн СХ нь тухайн аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохин байгуулна. гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлд аймгийн СХны эрх, хэмжээг тодорхойлсон байна. Иймд СЕХ нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, зөвлөмж хүргүүлэх чиг үүрэгтэй. Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу Улсын Их Хурлын болон аймаг_ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулах, аймаг нийслэлийн СХдод тухай бүрт нь холбогдох асуудлаар зөвлөмж хүргүүлж ажиллаж байсан болно. гэжээ

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... аймгийн СХг СЕХны тогтоолоор байгуулдаг. СЕХ бол Төрийн байгууллага. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод иргэнд хохирол учирсан. Иймд СЕХноос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар гэм хорын хохирол 8,200,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 3 дугаар тойргын дүн хүчингүй болсны улмаас учирсан гэр хорын хохирол сонгуулийн зардал 8 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Д нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон ... аймгийн ИТХ-ын төлөөлөгч сонгох ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн нэр дэвшигч бөгөөд ...аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай 1/01 тогтоолоор ... аймаг нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар ...аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч болсон тул бүрэн эрхийг баталгаажуулан 04 тоот үнэмлэх олгосон байна.

Монгол Улсын СЕХны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор байгуулагдсан Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахаар Аймгийн СХ ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа хууль бус шийдвэр гаргаснаас Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-д зааснаар 3 дугаар тойргын сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон нь ... аймгийн СХны 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Дахин сонгуулийн тов зарлах тухай 19 тоот тогтоолын Тогтоох хэсгийн ... ... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит Сонгуулийн ... сумын ... дугаар тойрогт тус тус дахин сонгууль явуулахаар зарлан,сонгууль явуулах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр тогтоогдож байна.

Дээрх тогтоолын удиртгал хэсэгт ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03 08-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн гэсэн боловч 36-39, 41-43, 45, 47-49, 51-52 дугаар шийдвэрийн аль нь бие даан нэр дэвшигч Д.Д-ын өрсөлдөн, олонхийн санал авч аймгийн Иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхтэй болсон ... дугаар тойргын сонгуулийн дүнд нөлөөлсөн буруутай үйл ажиллагаа буюу сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөнийг тогтоосон, энэ үйлдэлд хариуцагч ... аймгийн СХ, хамтран хариуцагч Монгол Улсын СЕХ буруутай эсэх талаар дүгнэсэн эсэх нь тогтоогдохгүй, энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч Д.Д шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ирүүлээгүй, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдааны үеэр хариуцагч ... аймгийн СХноос СХны хууль бус шийдвэрийн улмаас хохирсон хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хууль бус шийдвэр гаргасан ... аймгийн СХг байгуулах шийдвэр гаргасан Монгол Улсын СЕХноос хохирол 8 200 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа бөгөөд хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн тухайн дээд шатны байгууллага нь аймаг, нийслэлийн СХ болно, СЕХ нь сонгуулийг зохион байгуулж явуулахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, зөвлөмж хүргүүлэх чиг үүрэгтэй, холбогдох асуудлааар зөвлөмж хүргүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Д.Д нэхэмжлэлийн шаардлагадаа ... нэр дэвшин өрсөлдөхдөө 8 200 000 төгрөгний зардал гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас дахин сонгууль явагдах болсноор энэ зардал ямар ч үр дүнгүй болсон тул надад учирсан гэм хорын хохиролыг гаргуулж өгнө үү ... гэж тодорхойлж байгаа болно.

 

Сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ...Нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал гаргана, энэ нь хандив, нэр дэвшигчийн өөрийн хөрнгө байна. ...гэж хуульчилсанаар Д.Д иргэн Т-с 2 200 000 төгрөг, А-с 3 000 000 төгрөг, Н-с 3 000 000 төгрөг хандивт авч нийт сонгуулийн орлого 8 200 000 төгрөг болсныг мөн Сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар зарцуулсан зориулалтаа тайлагнасан байна.

Нэхэмжлэгч Д.Д нэр дэвшигчийнх нь хувьд сонгуулийн үйл ажиллагаанд нь нэмэр, тусламж болгон Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д зааснаар иргэн хандив өгсөн , түүнийг нь нэр дэвшигч хуульд заасан зориулалтаар нь зарцуулсан байна.

Харин нэр дэвшигчийн хувьд бусдаас мөнгөн тусламж болгож ирүүлсэн 8 200 000 төгрөгийн хэмжээгээр орлоготой болсноос тохирох татварыг эрх бүхий байгууллагад төлсөн гэж байгаа боловч нэхэмжлэгч Д.Д энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар сонгуулийн зардал нь өөрийн хөрөнгөөс оруулсан орлого, хандивын орлогоос бүрдэх бөгөөд нэхэмжлэгч Д.Д сонгуулийн үйл ажиллагаанд бусдаас ирүүлсэн тусламж болох 8 200 000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулан тухайн тойрогт төлөөлөгч болон эрхээ баталгаажуулсан үр дүн нь СХны хууль бус шийдвэрийн улмаас дахин сонгууль улмаар ээлжит сонгууль явагдах болсноор үр дүнгүй болсон гэж байгаа боловч Аймгийн СХны ямар хууль бус шийдвэр гарсан, энэ үйлдэлд Монгол Улсын СЕХ буруутай эсэхийг тогтоосон маргааныг хянан шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр байгаа талаарх нотлох баримтийг ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн СЕХ хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Аймгийн СХнд зөвлөмж хүргүүлсэн, СЕХг гэм буруутай гэж тогтоосон шийдвэр байхгүй, Д.Д тухайн хандивийг өөрийгөө таниулах, сурталчлах зорилгодоо ашигласан, үр дүн нь гарсан, одоо тус тойрогт нэр дэвшигчээр бүртгэдсэн, сонгууль 10 дугаар сард дахин явагдана гэсэн татгалзал үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Д Монгол Улсын СЕХноос 8 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгуулийн тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Д.Д 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ... дугаар тойргын дүн хүчингүй болсны улмаас учирсан гэм хорын хохирол буюу сонгуулийн зардал 8 200 000 төгрөгийг Монгол Улсын СЕХноос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ... аймгийн СХноос 8,200,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг дурдсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ... банк төрийн сан ... тоот дансанд урьдчилан төлсөн 146 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ

 

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

 

 

З.ТУНГАЛАГМАА