Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 20

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00409/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 131 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд тус тус холбогдох

          “Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль хүчингүй болсны улмаас учирсан хохирол 8.200.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Д.Д-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одсүрэн, Д.Бат-Эрдэнэ,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д-аас:

Би 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч сонгох ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж, ард иргэдийн итгэлийг хүлээж, төлөөлөгчөөр сонгогдсон. Гэтэл Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны хууль бус шийдвэр Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсоны улмаас 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит сонгуулийн дүнг хүчингүй болгож тус тойрогт 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дахин сонгууль явагдсан. Ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө 8.200.000 төгрөгийн зардал гаргасан. Энэ нь санхүүгийн баримтаар нотлогдож байгаа бөгөөд, аудитын байгууллагаар шалгагдан баталгаажсан. Дахин сонгууль явагдсан учраас өмнөх сонгууль үр дүнгүй болсон. Иймд 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн сонгуульд зарцуулсан 8.200.000 төгрөгийг Сонгуулийн Ерөнхий хороо болон Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос аль алинаас нь нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаанаас:

2016 онд Д.Д- нь сонгуульд нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон. Гэтэл Сонгуулийн хорооны буруутай үйл ажиллагаанаас болж дахин сонгууль явагдсан. Тухайн үед Сонгуулийн хороонд бүртгүүлээгүй нэр дэвшигч нь шүүхэд хандахад бүх шатны шүүх Сонгуулийн хороог буруутай үйл ажиллагаа явуулсан байна гэж үзсэн. Дахин сонгууль явагдахад н.Энхзаяа, Д.Д- нар оролцсон. Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор н.Соёлмаа даргатай 9 гишүүнтэй Аймгийн Сонгуулийн хороо байгуулагдаж, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 262 дугаартай тогтоолоор татан буугдсан. Аймгийн сонгуулийн хороо нь хуулийн этгээдийн эрхгүй. Сонгууль улсын төсвөөр явагддаг бөгөөд Сонгуулийн Ерөнхий хорооноос төсөв баталж Аймгийн сонгуулийн хороо түүнийг нь зарцуулсан тул хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны төлөөлөгч Ч.Энхбатаас:

Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Аймаг нийслэлийн Сонгуулийн хороо нь тухайн аймаг, Нийслэлийн хурал түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна” мөн хуулийн 31.4-т “Сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нийт 5-аас 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал өгөх өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулна” гэсэн заалтын хүрээнд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй Улсын Их хурлын болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны ээлжит сонгуулийг орон нутагт зохион байгуулах үйл ажиллагаанд аймгийн Сонгуулийн хороо нь хууль бус шийдвэр гаргасан нь Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн магадлалаар тогтоогдсоны улмаас 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит сонгуулийн холбогдох хэсгийн дүнг хүчингүйд тооцож дахин сонгуулийг 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр болох иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуультай хамт нэг өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргаж татан буугдсан. Иймд 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан аймгийн сонгуулийн хороо нь Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 554 тоот 8 дугаар албан бичгээр татан буугдсаныг мэдэгдсэн тул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн  тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар тогтоолоор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах чиг үүрэгтэй байгуулагдсан Сонгуулийн хороо нь нэхэмжлэгч Д.Д-ын гаргасан нэхэмжлэлд хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнээс:

Сонгуулийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.5.2-т зааснаар аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн тухайд дээд шатны сонгуулийн байгууллага нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороо болно. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Аймаг нийслэлийн сонгуулийн хороо нь тухайн аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохин байгуулна.” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлд аймгийн Сонгуулийн хорооны эрх, хэмжээг тодорхойлсон байна. Иймд Сонгуулийн Ерөнхий хороо нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, зөвлөмж хүргүүлэх чиг үүрэгтэй. Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулах, аймаг нийслэлийн сонгуулийн хороодод тухай бүрт нь холбогдох асуудлаар зөвлөмж хүргүүлж ажиллаж болно гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одсүрэнгээс:

Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор Сонгуулийн Ерөнхий хороог гэм буруутай гэж тогтоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгч хэрэгт Сонгуулийн Ерөнхий хороог гэм буруутай гэсэн баримтыг гаргаж өгөөгүй. Сонгуулийн Ерөнхий хороо нь аймгийн Сонгуулийн хороодод шийдвэр зөвлөмж хүргүүлдэг. Сонгуулийн Ерөнхий хорооноос Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн зөвлөмжөө хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн. Сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т сонгуулийн зардал нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс бүрдэнэ гэж заасан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн зүйлд сонгуулийн зардлыг хэрхэн зарцуулах талаар хуульчилсан. Хандив гэдэг нь тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж байгаа явдал юм. Нэхэмжлэгч нь хандиваа хуульд заасан зориулалтын дагуу зарцуулсан байсан. Тиймээс уг мөнгийг нэхэмжлэх эрх байхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 131 дүгээр шийдвэрээр:

            Сонгуулийн тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Д.Д-ын 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 3 дугаар тойргийн дүн хүчингүй болсны улмаас учирсан гэм хорын хохирол буюу сонгуулийн зардал 8,200,000 төгрөгийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банк төрийн сан 100.190.000.941 тоот дансанд урьдчилан төлсөн 146.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. .

Нэхэмжлэгч Д.Д- давж заалдсан гомдолдоо:

            Ухуулагч нарт хөлс төлж, түүнээсээ татвар төлсөн тухай Аудитын тайланг өгч баталгаажуулсан байхад төлсөн баримтыг тусгайлан хэрэгт хавсаргаагүй, өөрийн болон хандивын мөнгийг өөрийгөө сурталчлах зорилгодоо ашигласан, үр дүн нь өөрөөс нь гарсан шууд зардал биш гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Сонгуулийн хорооны ажилтны буруутай үйлдлээс болж миний эрх ашиг зөрчигдсөн байхад хэргийг анхан шатны шүүх Сонгуулийн хорооны талд шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа, төрийн үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчийн буруутай үйлдэл нь шүүхээр нотлогдсон тул өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг төрөөс гаргуулж хандив өгсөн хүмүүст хэлэх зүйлтэйгээр хандивыг буцааж өгмөөр байна. Иймд эд хөрөнгийн хохирол 8.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Д- Сонгуулийн Ерөнхий Хороо /цаашид СЕХ / болон Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулж, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 3 дугаар тойргийн дүн хүчингүй болсны улмаас учирсан гэм хорын хохирол буюу сонгуульд зарцуулсан 8.200.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо аймаг нийслэлийн иргэдийн хурлын сонгуулийн тухайн шатны дээд байгууллага нь аймаг нийслэлийн сонгуулийн хороо мөн боловч УИХ-ын болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулсан аймгийн сонгуулийн хороо нь СЕХ-ны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 554 тоот албан бичгээр татан буугдсан тул энэ нэхэмжлэлд хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж, СЕХ аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, зөвлөмж хүргүүлэх чиг үүргийн дагуу ажилласан бөгөөд СЕХ-г гэм буруутайг тогтоосон зүйл байхгүй гэж маргасан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох болон болсон үйл баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Д.Д- 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч сонгох ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогт Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бие даан нэр дэвшин өрсөлдөж, олонхийн санал авч аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч болсон байх бөгөөд аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/01 тоот тогтоолоор төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, баталгаажуулан 04 тоот үнэмлэх олгосон байна.

3 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн О.Энхзаяа гомдол гаргаснаар  захиргааны хэрэг үүсгэгдэн шалгагдаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр нэр дэвшигч О.Энхзаяаг бүртгэхээс татгалзсан нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасан “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэх заалтыг баримталсан нь хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр О.Энхзаяад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигч О.Энхзаяаг Дархан-Уул аймгийн ИТХ-ын сонгуулийн 3 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 06  дугаар  сарын 21-ний өдрийн 221/ма2016/0395 дугаар магадлалаар захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Ийнхүү нэхэмжлэгч Д.Д-ын бие даан нэр дэвшин өрсөлдөж, олонхийн санал авсан сонгуулийн 3 дугаар тойргийн дүн хүчингүй болж дахин санал хураалт явуулах болсон бөгөөд нэхэмжлэгч нь эхний сонгуулийн үйл ажиллагаанд  зарцуулсан 8.200.000 төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасан төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөний улмаас өөрт учирсан гэм хорын хохирол гэж тодорхойлжээ.

Сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Сонгуульд оролцож байгаа буюу нэр дэвшүүлсэн нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчилах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал гаргана”, 40 дүгээр зүйлийн 40.2.1-т “хандив”, 40.2.3-т “нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Д- нэр бүхий иргэдээс 8.200.000 төгрөгийн хандив авч сонгуулийн сурталчилгаандаа зарцуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдоно.

Нэр бүхий иргэдийн өгсөн хандив нь Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасантай нийцэх бөгөөд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.5-д “Тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно”, 276.6-д “Хандив хүлээн авагч нь хандивын хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд...” гэж заасныг болон Сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг нэр дэвшигч Д.Д- тус тус зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн шаардаж буй 8.200.000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хор гэж үзэхэд учир дутагдалтай бөгөөд нэхэмжлэгч Д.Д- тухайн хандивыг өөрийгөө таниулах, сурталчилах зорилгодоо ашигласан, тодорхой үр дүнд хүрсэн байх бөгөөд өөрөөс нь шууд гарсан зардал биш байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгч Д.Д-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 131 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146.150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                                      С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                               Л.АМАРСАНАА