Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2017/00162

 

*******ын нэхэмжлэлтэй

                                                                                      иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2017/00409/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 964 дүгээр шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,         

            Хариуцагч *******, *******нд тус тус холбогдох    

          Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгууль хүчингүй болсоны улмаас учирсан хохирол ******* төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч *******аас:

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч сонгох ээлжит сонгуулийн ******* тойрогт нэр дэвшин өрсөлдөж, ард иргэдийн итгэлийг хүлээж, төлөөлөгчөөр сонгогдсон. Гэтэл *******ны хууль бус шийдвэр Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсоны улмаас 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит сонгуулийн дүнг хүчингүй болгож тус тойрогт 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дахин сонгууль явагдсан. Ээлжит сонгуульд миний нэр дэвшин өрсөлдөхдөө ******* төгрөгийн зардал гаргасан. Энэ нь санхүүгийн баримтаар нотлогдож байгаа бөгөөд, аудитын байгууллагаар шалгагдан баталгаажсан. Иймд захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн ******* надад учирсан хохирол болох ээлжит сонгуульд зарцуулсан зардалд *******  төгрөгийг Монгол  Улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргуулж өгнө үү. *******нд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

            Хариуцагч *******ны төлөөлөгч *******аас:

Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Аймаг нийслэлийн Сонгуулийн хороо нь тухайн аймаг, Нийслэлийн хурал түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна. Хуулийн 31.4-т заасан заалтын хүрээнд *******ны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй УИХ-ын болон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг орон нутагт зохион байгуулах үйл ажиллагаанд аймгийн Сонгуулийн хороо нь хууль бус шийдвэр гаргасан нь Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн магадлалаар тогтоогдсоны улмаас 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит сонгуулийн холбогдох хэсгийн дүнг хүчингүйд тооцож дахин сонгуулийг 2016 оны 10дугаар сарын 29-ний өдөр болох иргэдийн төлөөлөгчийн хурлын 2016 оны ээлжит сонгуультай хамт нэг өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргаж татан буугдсан болно. Иймд УИХ-ын болон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан аймгийн сонгуулийн хороо нь Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 554 тоот 8 дугаар албан бичгээр татан буугдсаныг мэдэгдсэн тул аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар тогтоолоор сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах чиг үүрэгтэй байгуулагдсан Сонгуулийн хороо нь нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлд хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******эс:

Сонгуулийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.5.2-т зааснаар аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн тухайд дээд шатны сонгуулийн байгууллага нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороо болно. Мөн Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Аймаг нийслэлийн сонгуулийн хороо нь тухайн аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна.” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлд аймгийн Сонгуулийн хорооны эрх, хэмжээг тодорхойлсон байна. Иймд Сонгуулийн Ерөнхий хороо нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, зөвлөмж хүргүүлэх чиг үүрэгтэй. Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу Улсын Их Хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулах, аймаг нийслэлийн сонгуулийн хороодод тухай бүрт нь холбогдох асуудлаар зөвлөмж хүргүүлж ажилласан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаанаас:

*******г Сонгуулийн Ерөнхий хорооны тогтоолоор байгуулдаг. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод иргэнд хохирол учирсан. Иймд Сонгуулийн Ерөнхий хорооноос гэм хорын хохирол ******* төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 964 дүгээр шийдвэрээр:

Сонгуулийн тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар *******ын 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ******* тойргын дүн хүчингүй болсны улмаас учирсан гэм хорын хохирол буюу сонгуулийн зардал ******* төгрөгийг *******ноос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******ноос ******* төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 0******* сарын 31-ний өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд урьдчилан төлсөн 146.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

Би аймгийн Иргэдийн хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшиж ялалт байгуулж Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдож бүрэн эрхээ зөвшөөрүүлж үнэмлэхээ авсан. Гэтэл аймгийн сонгуулийн хорооны шийдвэр буруутай болох нь шат шатны шүүхээр нотлогдож манай тойрогт дахин сонгууль 10 дугаар сард явагдаж би ******* төгрөгний зардал гаргасан боловч үргүй зардал болон хохирсон. Иймд төрийн байгууллагын буруутай үйлдлийг зөв болгон шүүхийн практик тогтоож байгаа шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

   Нэхэмжлэгч ******* *******нд холбогдуулж, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн ******* тойргийн дүн хүчингүй болсны улмаас Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч сонгох ээлжит сонгуульд өрсөлдөж төлөөлөгчөөр сонгогдоход гарсан зардал өөрт учирсан гэм хорын хохирол ******* төгрөгийг   гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Сонгуулийн хороо  нь Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 554 тоот албан бичгээр татан буугдсан тул энэ нэхэмжлэлд хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж маргасан байна.

   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаар татсан Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо болон хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдан оролцсон Сонгуулийн Ерөнхий Хороог  буруутай гэдгийг тогтоосон  эрх бүхий этгээдийн ямар нэгэн шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, нэхэмжлэгч өөрөө нотлоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

  Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч ******* Төрийн байгууллагын буруутай үйлдлийг зөвтгөн шүүхийн практик тогтоож байгаа шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, төрийн байгууллагыг хариуцлагажуулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргажээ.

  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Сонгуулийн Ерөнхий Хороог  хариуцагчаар татсан бөгөөд шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч *******нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан байна.

Нэхэмжлэгч ******* 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон Дархан-Уул аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч сонгох ээлжит сонгуулийн ******* тойрогт нэр дэвшин өрсөлдөж аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байх бөгөөд сонгуулийн зардалд ******* төгрөг зарцуулсан болох нь хэргийн  24-41 дүгээр талд авагдсан баримтуудаар нотлогдож байна.

  Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль тодорхой үндэслэлүүдээр  хүчингүй болж дахин сонгууль зарлагдсан болох нь хэрэгт авагдсан  бичгийн нотлох баримтуудаар нотлогдсоор байхад зөвхөн Сонгуулийн Ерөнхий хороог буруутай эсэхийг тогтоосон баримт ирүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа   сонгуулийн дүнг хүчингүй болгосон аймгийн сонгуулийн хорооны шийдвэр нь Захиргааны хэргийн шат шатны шүүх тогтоосон бөгөөд энэ шийдвэрийг авахаар шүүхэд хандсан боловч энэ шийдвэрийг хэргийн оролцогч биш хүнд өгөх нь хууль зөрчинө гэсэн болохыг шүүхэд тайлбарласан гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн дүгнэлтийн хэсэгтээ  “Монгол улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор байгуулагдсан Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Аймгийн сонгуулийн хороо  ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа хууль бус шийдвэр гаргаснаас Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т зааснаар ******* тойргийн сонгуулийн дүн гаргасан  шийдвэр хүчингүй болсон нь Дархан уул аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Дахин сонгуулийн тов зарлах тухай” 19 тоот тогтоолын Тогтоох хэсгийн...Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг Дархан сумын ******* тойрогт тус тус дахин сонгууль явуулахаар зарлан сонгууль явуулах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр  зарласнаар тогтоогдож байна.

 Дээрх тогтоолын удиртгал хэсэгт Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-08-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэсэн боловч 36-39, 41-43, 45, 47-49, 51-52 дугаар шийдвэрийн аль  нь бие даан нэр дэвшигч *******ын өрсөлдөн олонхийн санал авч аймгийн Иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхтэй болсон ******* тойргийн сонгуулийн дүнд нөлөөлсөн буруутай үйл ажиллагаа буюу сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчсөнийг тогтоосон энэ үйлдэлд хариуцагч  Дархан уул аймгийн сонгуулийн хороо, Сонгуулийн ерөнхий хороо буруутай эсэх талаар дүгнэсэн эсэх нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч энэ талаар нотлох үүргээ биелүүлээгүй гэжээ.

 Үүнээс үзэхэд маргааны зүйл, хариуцагчийн гэм буруугийн асуудлын талаар шүүх хэргийн бодит байдлыг тогтоогоогүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд сонгуулийн хорооны үйл ажиллагааг буруутай болохыг тогтоосон захиргааны хэргийн шийдвэрүүдийн талаар дурдсан байхад нэхэмжлэгчид нотолгооны үүргийг тайлбарлан нэхэмжлэгчийн өөрөө бүрдүүлэх боломжгүй баримтыг түүний хүсэлтийн дагуу шүүхээр бүрдүүлэх, ажиллагааг хийгээгүй  нь  шүүх хэргийн оролцогчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэх үндэстэй байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

  Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 964 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т  зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.150 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ 

                                                                                          ШҮҮГЧИД                                С.ЭНХЖАРГАЛ

                                                                                       Л.АМАРСАНАА