Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2018/00046

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ... дүгээр багт оршин суух, Ш овогт Мын З,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, Н овогт Х А,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, Ү овогт Х  Ө,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт оршин суух, Х  овогт Х. Г,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт оршин суух, Н овогт А. С,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт оршин суух, Ө овогт Б. Л,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт оршин суух, Н С. Х,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, С овогт Д. Г,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, Т овогт МА нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Ө С эмнэлэг /дарга Д.С/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгч Х.Ө, А.С, С.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч М.З, нэхэмжлэгч Д.Г, Х.Г, М.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я.С, хариуцагч С эмнэлгийн дарга Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ө С эмнэлгээс таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох 30379605 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч М.З, Х.А, Х.Ө, Х.Г, М.А, А.С, Б.Л, С.Х, Д.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид тус С эмнэлэгт тасралтгүй олон жил ажиллаж байгаа эмч, бага эмч, сувилагч болон бусад мэргэжилтнүүд байгаа юм. Монгол Улсын Их хурлын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барихад дагалдах хуулиар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан юм. Уг хуулийн 28, 29 дэх хэсэгт өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвд тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэй, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно гэж заасан байдаг. Бид байгууллагын даргад мөнгөн тэтгэмжээ авах талаар өргөдөл гаргасан боловч энэ асуудлын талаар шүүхэд хандаарай, би тайлбараа шүүхэд өгнө гэсэн тул уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд бидний нийт мөнгөн тэтгэмж бол 30379605 төгрөг ба үүнээс М.З /статистикч эмч/ 3527560 төгрөг, Х.А /сувилагч/ 3159859 төгрөг, Х.Ө /эм найруулагч/ 3135342 төгрөг, Х.Г /ахлах сувилагч/ 3828384 төгрөг, М.А /лаборант/ 3527962 төгрөг, А.С /ээлжийн сувилагч/ 3159858 төгрөг, Б.Л /эм найруулагч/ 3353220 төгрөг, С.Х /бага эмч/ 3527562 төгрөг, Д.Г /ээлжийн сувилагч/ 3159858 төгрөгийг тус тус Ө С эмнэлгийн санхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө С эмнэлгийн дарга Д.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: С сувилал нь 1997 онд аймгийн Засаг даргын 210 дугаартай захирамжаар байгуулагдсан. Улмаар С сувиллыг 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын 257 тоот захирамжаар Халамж нэртэй эмнэлэг болж аймгийн Нэгдсэн эмнэлгээс 20 хүний орыг тасалж аваад ахмад, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр байгуулагдсан төрийн өмчит орон нутгийн эмнэлэг юм. Энэ захирамжид эмнэлэгт эмчлүүлэгч, даатгалтай иргэдийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байхаар Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгосон байдаг. Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр тушаалаар Халамж эмнэлгийн нэрийг С эмнэлэг болгон өөрчилсөн. Одоо манай эмнэлэг нь 40 ортой, 37 ажилчинтай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа болно. Манай эмнэлэг нь жилд 1650 гаруй иргэнийг эмчилдэг. Эмчлүүлэгчийн эмчилгээний зардал, хоол хүнс, халаалт, бохир цэвэр ус, цахилгааны зардал, ажилчдын цалин хөлс зэргийг Эрүүл мэндийн даатгалын сангаас ирж буй санхүүжилтэд багтаан үйл ажиллагаа явуулж байна. Тус эмнэлгийн ажилчдад 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох асуудлыг урьд өмнө Эрүүл мэндийн яамаар дамжин шийдэгдэж байсан. Яагаад гэвэл манай эмнэлгийн тэтгэвэрт гарсан болон тэтгэмж авч байсан хүмүүсийн жагсаалтыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдын жагсаалтын хамт хүргүүлж байсан. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тоотоор манай эмнэлгийн тэтгэвэрт гарсан хүмүүс болон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө авах хүмүүсийн жагсаалтыг Б аймгийн Эрүүл мэндийн газраар дамжуулж 1 жилийн өмнө явуулж төсөвт нь суулгаж өгөөд шийдвэрлүүлж байсан. Манай эмнэлэг нь зөвхөн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг. Өөрөөр хэлбэл 414500000 төгрөгийн тогтмол санхүүжилттэй. Үүнийг эрүүл мэндийн даатгал, 1450 хүнийг эмчлэх зардал, эмийн зардал, халаалт, цахилгаан зэрэг бас бус зардалд зарцуулж байгаа. Бид нарт эрүүл мэндийн салбараас тодорхой тусгасан төсөв байхгүй тул эрүүл мэндийн даатгалын сангаас авч байгаа санхүүжилтэд 37 хүний цалинг багтаагаад үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр Эрүүл мэндийн газраар дамжуулж удаа дараа бид нарт албан ёсны төсөв тавьж өгөх талаар хандаж байсан боловч танай эмнэлэг Эрүүл мэндийн яамны багцад байхгүй, орон нутгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан учраас орон нутгийн захиргаа нь та нарт тусдаа төсөв тавьж өгөх ёстой, та нар энэ мөнгийг орон нутгаар дамжуулж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга О гуай С эмнэлэг нь төрийн өмчит улсын эмнэлэг мөн, гэхдээ улсын эдийн засгийн асуудалтай холбоотой 2021 он хүртэл тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Энэ албан бичгийг би шүүхэд хүргүүлсэн тайлбартай хавсаргаж өгсөн. Тэгээд би уг хариуг үндэслээд аймгийн Засаг төрд асуудал тавьсан. Энэ жил өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа 2 хүнийг тэтгэмжийн мөнгө болон төрийн албан хаагчдад олгох 300000 төгрөгийг орон нутгаас шийдвэрлүүлсэн. Нэгэнт аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан төрийн өмчит байгууллага учраас тусдаа төсөв тавьж өгөхийг хүсэж удаа дараа хандсан. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгээс энэ асуудлыг 2021 он хүртэл хойшлуул гэсэн хариу ирсэн учраас ажилчдад энэ тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй болоод байна. Энэ тэтгэмжийг өгье гэсэн боловч төсөв нь байхгүй байна. Манай эмнэлэг аймгийн Нэгдсэн эмнэлгийн статустай адилхан. Манай эмнэлэг нь төрийн өмчит улсын эмнэлэг мөн боловч аль нэг талдаа харьяалалгүй учраас төсөвгүй болоод байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас ирж байгаа санхүүжилт нь эмчлүүлэгч тухайн жилдээ гэрээ хийгээд эмчлүүлэхээр ирсэн үед тухайн мөнгө нь ирнэ. Эмчлүүлэхээр ирсэн боловч тухайн эмчлүүлэгчийн регистрийн дугаар, харьяаллын хувьд ямар нэгэн алдаа гарсан үед тэр хүний мөнгө хасагддаг. Бид нар сардаа 28 сая төгрөг хүртэл санхүүжилт авдаг. Бид нар 120 хүний эмчилгээний зардал нэхээд явуулсан ч гэсэн бүх зүйл онлайн, цахим хэлбэртэй байгаа тул мөнгө нь хасагдаж, нэмэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл тухайн эмчлүүлэгч хэвтэж эмчлүүлбэл төсөв нь ирнэ, эмчлүүлэхгүй бол ирэхгүй гэсэн үгИймээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тэтгэврийн тэтгэмж болон 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох боломжгүй байна гэв.

Нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч М.З, Б.Л нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдааС эмнэлгийн төсөв нь хүрэлцэхгүй байгаа тул 5 жил тутамд олгогдох тэтгэмжийг авч чадалгүй 1 жилийн хугацаа болж байна. Улмаар ажилчид бид нар байгууллагадаа болон орон нутгийн захиргаанд хандсан боловч шийдвэрлүүлж чадаагүй тул шүүхэд хандсан. Эрүүл мэндийн тухай хуульд 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно гэж заасан. Энэ нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд хэрэгжиж эхэлсэн. Тэрний дагуу бид тэтгэмжийн мөнгийг нэхэмжилж байна. Хариуцагч Ө С эмнэлгээс төсөв хүрэлцэхгүй, төсөв байхгүй, төрийн өмчит байгууллага гэх үндэслэлээр олгох боломжгүй гэсэн тайлбар өгч байгаа тул хуулийн дээрх заалтаар бидний тэтгэмжийн мөнгийг хариуцагч байгууллагаас гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсье гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.З, Х.А, Х.Ө, Х.Г, М.А, А.С, Б.Л, С.Х, Д.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хариуцагч Ө С эмнэлэгээс таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох бүгд 30379605 төгрөг, үүнээс нэхэмжлэгч М.Зт 3527560 төгрөг, Х.Ад 3159859 төгрөг, Х.Өд 3135342 төгрөг, Х.Гд 3828384 төгрөг, М.Ад 3527962 төгрөг, А.Сд 3159858 төгрөг, Б.Лд 3353220 төгрөг, С.Хт 3527562 төгрөг, Д.Гд 3159858 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 257 дугаартай захирамж, 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн регистрийн 9007318 дугаартай, улсын бүртгэлийн 270001037 дугаартай гэрчилгээ, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн эмнэлгийн нэрийг өөрчлөх тухай 40 дугаартай тушаал, 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй №ЭУ-10/02/16 дугаартай гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Ө С эмнэлэг нь анх 1998 онд аймгийн Засаг даргын харьяалалд ажиллах 100 хувийн төрийн өмчийн ахмад настай, тахир дутуу болон нэн ядуу иргэдэд үйлчлэх 20 ортой Халамж нэртэй эмнэлэг болж байгуулагдсан байна. Улмаар 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 40 дугаартай тушаалаар уг Халамж эмнэлгийн нэрийг Ө сумын С эмнэлэг гэж нэрийг нь өөрчилж 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, Б аймгийн Ө сумын 3 дугаар багт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит, эрүүл мэндийн байгууллага байх ба үүнд зохигчид маргаагүй болно.

Нэхэмжлэгч нар манай С эмнэлэг нь аймгийн орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллага тул бид Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-т зааснаар эмнэлгээс таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

Гэтэл Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д Өрхийн болон сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 3 жил тутамд нэг удаа 6 сарын, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно гэснийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар уг Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дэх заалтыг Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно гэж өөрчлөн найруулсан ба уг заалтын хэрэгжилтийг Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон байжээ.

Нэхэмжлэгч нар нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтөөр таван жил тутамд нэг удаа олгох зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг авах эрх үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ажилд орсон тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 онд мөнгөн тэтгэмж авах хүмүүсийн судалгаа зэрэг бичиг нотлох баримтаар нотлогдож байна.

Гэвч 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д орсон нэмэлт өөрчлөлтөөр нэхэмжлэгч нар таван жил тутамд нэг удаа олгох зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг авах эрхтэй хэдий боловч Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар уг заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч нарын Ө С эмнэлгээс таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох бүгд 30379605 төгрөг, үүнээс нэхэмжлэгч М.Зт 3527560 төгрөг, Х.Ад 3159859 төгрөг, Х.Өд 3135342 төгрөг, Х.Гд 3828384 төгрөг, М.Ад 3527962 төгрөг, А.Сд 3159858 төгрөг, Б.Лд 3353220 төгрөг, С.Хт 3527562 төгрөг, Д.Гд 3159858 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632926 төгрөгөөс нэхэмжлэгч С.Хт 71390 төгрөг, А.Сд 65510 төгрөг, Д.Гд 65510 төгрөг, Б.Лд 68601 төгрөг, М.Ад 71400 төгрөг, Х.Гд 88500 төгрөг, Х.Өд 65115 төгрөг, М.Зт 71390 төгрөг, Х.Ад 65510 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан хариуцагч Ө С эмнэлгээс таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох бүгд 30379605 төгрөг, үүнээс нэхэмжлэгч М.Зт 3527560 төгрөг, Х.Ад 3159859 төгрөг, Х.Өд 3135342 төгрөг, Х.Гд 3828384 төгрөг, М.Ад 3527962 төгрөг, А.Сд 3159858 төгрөг, Б.Лд 3353220 төгрөг, С.Хт 3527562 төгрөг, Д.Гд 3159858 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632926 төгрөгөөс нэхэмжлэгч С.Хт 71390 төгрөг, А.Сд 65510 төгрөг, Д.Гд 65510 төгрөг, Б.Лд 68601 төгрөг, М.Ад 71400 төгрөг, Х.Гд 88500 төгрөг, Х.Өд 65115 төгрөг, М.Зт 71390 төгрөг, Х.Ад 65510 төгрөгийг тус тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ