Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00036

 

М.З нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00046 дугаар шийдвэртэй,

М.З, Х.А, Х.Г, А.С, Б.Л, С.Х, Д.Г, М.А нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, “С” эмнэлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Х.Ө, С.Х, А.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Д.Г, Х.Г, М.Ай нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн төлөөлөгч Д.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “С” эмнэлгээс таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох 30379605 төгрөг гаргуулах тухай.

            Нэхэмжлэгч М.З, Х.А, Х.Ө, Х.Г, М.А, А.С, Б.Л, С.Х, Д.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “Бид тус С эмнэлэгт тасралтгүй олон жил ажиллаж байгаа эмч, бага эмч, сувилагч болон бусад мэргэжилтнүүд юм. Монгол Улсын Их хурлын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барихад дагалдах хуулиар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. Уг хуулийн 28, 29 дэх хэсэгт “өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвд тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэй, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан байдаг. Бид байгууллагын даргад мөнгөн тэтгэмжээ авах талаар өргөдөл гаргасан боловч “энэ асуудлын талаар шүүхэд хандаарай, би тайлбараа шүүхэд өгнө” гэсэн тул уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд М.З /статистикч эмч/ 3527560 төгрөг, Х.А /сувилагч/ 3159859 төгрөг, Х.Ө /эм найруулагч/ 3135342 төгрөг, Х.Г /ахлах сувилагч/ 3828384 төгрөг, М.А /лаборант/ 3527962 төгрөг, А.С /ээлжийн сувилагч/ 3159858 төгрөг, Б.Л /эм найруулагч/ 3353220 төгрөг, С.Х /бага эмч/ 3527562 төгрөг, Д.Г /ээлжийн сувилагч/ 3159858 төгрөг нийт тэтгэмж 30379605 төгрөгийг “С” эмнэлгийн санхүүгээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагчийн тайлбарын агуулга: “Манай С эмнэлэг нь 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын 257 тоот захирамжаар аймгийн Нэгдсэн эмнэлгээс 20 хүний орыг тасалж ахмад, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр байгуулагдсан төрийн өмчит орон нутгийн эмнэлэг юм. Одоо манай эмнэлэг нь 40 ортой, 37 ажилчинтай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа болно. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тоотоор манай эмнэлгийн тэтгэвэрт гарсан хүмүүс болон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө авах хүмүүсийн жагсаалтыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраар дамжуулж 1 жилийн өмнө явуулж төсөвт нь суулгаж өгөөд шийдвэрлүүлж байсан. Манай эмнэлэг нь зөвхөн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг. Өөрөөр хэлбэл 414500000 төгрөгийн тогтмол санхүүжилттэй. Үүнийг эрүүл мэндийн даатгал, 1450 хүнийг эмчлэх зардал, эмийн зардал, халаалт, цахилгаан зэрэг бас бус зардалд зарцуулж байгаа. Бид нарт эрүүл мэндийн салбараас тодорхой тусгасан төсөв байхгүй тул эрүүл мэндийн даатгалын сангаас авч байгаа санхүүжилтэд 37 хүний цалинг багтаагаад үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр Эрүүл мэндийн газраар дамжуулж удаа дараа “албан ёсны төсөв” тавьж өгөх талаар хандаж байсан боловч “танай эмнэлэг Эрүүл мэндийн яамны багцад байхгүй, орон нутгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан учраас орон нутгийн захиргаа нь та нарт тусдаа төсөв тавьж өгөх ёстой, та нар энэ мөнгийг орон нутгаар дамжуулж шийдвэрлүүл” гэсэн хариу өгсөн. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Очирбат  “С эмнэлэг нь төрийн өмчит улсын эмнэлэг мөн, гэхдээ улсын эдийн засгийн асуудалтай холбоотой 2021 он хүртэл тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн. Миний бие уг хариуг үндэслээд аймгийн Засаг удирдлагуудад хандсан. Энэ жил өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа 2 хүний тэтгэмжийн мөнгө болон төрийн албан хаагчдад олгох 300000 төгрөгийг орон нутгаас шийдвэрлүүлсэн. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгээс энэ асуудлыг 2021 он хүртэл хойшлуул гэсэн хариу ирсэн учраас ажилчдад энэ тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй байна. Энэ тэтгэмжийг өгье гэсэн боловч төсөв нь байхгүй байна. Манай эмнэлэг аймгийн Нэгдсэн эмнэлгийн статустай адилхан. Манай эмнэлэг нь төрийн өмчит улсын эмнэлэг мөн боловч аль нэг талдаа харьяалалгүй учраас төсөвгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас ирж байгаа санхүүжилт нь эмчлүүлэгч тухайн жилдээ гэрээ хийгээд эмчлүүлэхээр ирсэн үед тухайн мөнгө нь ирнэ. Эмчлүүлэхээр ирсэн боловч тухайн эмчлүүлэгчийн регистрийн дугаар, харьяаллын хувьд ямар нэгэн алдаа гарсан үед тэр хүний мөнгө хасагддаг. Бид нар сардаа 28 сая төгрөг хүртэл санхүүжилт авдаг. Бид нар 120 хүний эмчилгээний зардал нэхээд явуулсан ч гэсэн бүх зүйл онлайн, цахим хэлбэртэй байгаа тул мөнгө нь хасагдаж, нэмэгдэж байдаг. Иймээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тэтгэврийн тэтгэмж болон 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох боломжгүй байна.” гэжээ.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00046 дугаар шийдвэрээр: “Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан хариуцагч “С” эмнэлгээс таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох бүгд 30379605 төгрөг, үүнээс нэхэмжлэгч М.З-т 3527560 төгрөг, Х.А-д 3159859 төгрөг, Х.Ө-д 3135342 төгрөг, Х.Г-д 3828384 төгрөг, М.А-д 3527962 төгрөг, А.С-д 3159858 төгрөг, Б.Л-д 3353220 төгрөг, С.Х-т 3527562 төгрөг, Д.Г-д 3159858 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтыг өөрчлөн найруулсан заалтад нийцэж байна. Анхан шатны шүүх нь “...Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар уг заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ. ” гэжээ. Гэтэл Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д заасан “аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд хуулийг дагаж мөрдөх хүртэл хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгоно” гэж 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу нэхэмжлэгч нарт байгууллагаас олгох нэг удаагийн тэтгэмжийг “С” эмнэлгээс гаргуулах боломжтой байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

“С” эмнэлэг нь орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллага учраас Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт орсон өөрчлөлтөөр нэр бүхий нэхэмжлэгч нар таван жил тутамд нэг удаа олгох зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг авах эрх нь үүссэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байна. Энэ талаар ч анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн мөртлөө нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхэд хариуцагчаас гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын  “...Тэгэхээр Эрүүл мэндийн газраар дамжуулж удаа дараа бид нарт албан ёсны төсөв тавьж өгөх талаар хандаж байсан боловч танай эмнэлэг Эрүүл мэндийн яамны багцад байхгүй, орон нутгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан учраас орон нутгийн захиргаа нь та нарт тусдаа төсөв тавьж өгөх ёстой, та нар энэ мөнгийг орон нутгаар дамжуулж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн, нэхэмжлэгч нар хуульд заасан нэг удаа авах тэтгэмж авах шаардлагыг хангаж байгаа учраас тэтгэмжийг олгоход татгалзах зүйлгүй, гагцхүү манай байгууллага эрүүл мэндийн даатгалын зардлаас санхүүждэг, энэ асуудлыг Д.С нь Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хувьд хэрвээ энэ талаар шүүхийн шийдвэр гарвал уг тэтгэмжийг орон нутгийн төсвөөс тухайлбап төсвийн давсан хэсгээс олгох боломж бий.” гэсэн хэсэгт анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлд “Энэ хуулийн 25.4 дэх хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”, 25.4-т “Энэ хуулийн 24.3.1-т заасан резидент эмч нь төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.”, 25.1.3-т “резидент эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг үндсэн мэргэшлийн сургалтын хугацаагаар олгоно.” гэсэн заалт гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх хууль хэрэглээний талаар хууль зүйн буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 130/ШШ2018/00046 дугаартай шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            М.З, Х.А, Х.Ө, Х.Г, М.А, А.С, Б.Л, С.Х, Д.Г нар нь “С” эмнэлэгт холбогдуулан таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж  М.З-т 3527560 төгрөг, Х.А-д 3159859 төгрөг, Х.Ө-д 3135342 төгрөг, Х.Г-д 3828384 төгрөг, М.А-д 3527962 төгрөг, А.С-д 3159858 төгрөг, Б.Л-д 3353220 төгрөг, С.Х-д 3527562 төгрөг, Д.Г-д 3159858 төгрөг нийт 30379605 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Эрүүл мэндийн тухай хуульд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэж өөрчлөлт орсон гэж тайлбарлаж, хариуцагч “С эмнэлэг нь орон нутгийн өмчит байгууллага, эрүүл мэндийн даатгалын сангаар санхүүждэг, Эрүүл мэндийн яам болон орон нутгаас ямар ч төсөв авдаггүй тул тэтгэмж олгох боломжгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан хариуцагч “С” эмнэлгээс таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох бүгд 30379605 төгрөг, үүнээс нэхэмжлэгч М.З-т 3527560 төгрөг, Х.А-д 3159859 төгрөг, Х.Ө-д 3135342 төгрөг, Х.Г-д 3828384 төгрөг, М.А-д 3527962 төгрөг, А.С-д 3159858 төгрөг, Б.Л-д 3353220 төгрөг, С.Х-т 3527562 төгрөг, Д.Г-д 3159858 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, С эмнэлэг нь аймгийн Засаг даргын захирамжаар 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан, орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллага болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно.” гэж 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөлт орж нэхэмжлэгч нарт тэтгэмж авах эрх үүссэн боловч Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно.” гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-т зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       

Д.КӨБЕШ