Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01223

 

М.З нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00046 дугаар шийдвэр

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00036 дугаар магадлалтай

М.З, Х.А, Х.Ө, Х.Г, А.С, Б.Л, С.Х, Д.Г, М.А нарын нэхэмжлэлтэй

“Ө” эмнэлэгт холбогдох

Нийт 30 379 605 төгрөгийн тэтгэмж гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я.Съездын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я.Съезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М.З, Х.А, Х.Ө, Х.Г, М.А, А.С, Б.Л, С.Хуандых, Д.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид тус Ө эмнэлэгт тасралтгүй олон жил ажиллаж байгаа эмч, бага эмч, сувилагч болон бусад мэргэжилтнүүд юм. Монгол Улсын Их хурлын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барихад дагалдах хуулиар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. Уг хуулийн 28, 29 дэх хэсэгт өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвд тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэй, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно гэж заасан байдаг. Бид байгууллагын даргад мөнгөн тэтгэмжээ авах талаар өргөдөл гаргасан боловч энэ асуудлын талаар шүүхэд хандаарай, би тайлбараа шүүхэд өгнө гэсэн тул уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд М.Зт /статистикч эмч/ 3 527 560 төгрөг, Х.Ад /сувилагч/ 3 159 859 төгрөг, Х.Өд /эм найруулагч/ 3 135 342 төгрөг, Х.Гд /ахлах сувилагч/ 3 828 384 төгрөг, М.Ад /лаборант/ 3 527 962 төгрөг, А.Сд /ээлжийн сувилагч/ 3 159 858 төгрөг, Б.Лд /эм найруулагч/ 3 353 220 төгрөг, С.Хт /бага эмч/ 3 527 562 төгрөг, Д.Гүлбаршад /ээлжийн сувилагч/ 3 159 858 төгрөг нийт тэтгэмж 30 379 605 төгрөгийг Ө эмнэлгийн санхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай Сансар эмнэлэгт нь 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын 257 тоот захирамжаар аймгийн Нэгдсэн эмнэлгээс 20 хүний орыг тасалж ахмад, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр байгуулагдсан төрийн өмчит орон нутгийн эмнэлэг юм. Одоо манай эмнэлэг нь 40 ортой, 37 ажилчинтай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа болно. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тоотоор манай эмнэлгийн тэтгэвэрт гарсан хүмүүс болон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө авах хүмүүсийн жагсаалтыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраар дамжуулж 1 жилийн өмнө явуулж төсөвт нь суулгаж өгөөд шийдвэрлүүлж байсан. Манай эмнэлэг нь зөвхөн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг. Өөрөөр хэлбэл 41 450 000 төгрөгийн тогтмол санхүүжилттэй. Үүнийг эрүүл мэндийн даатгал, 1 450 хүнийг эмчлэх зардал, эмийн зардал, халаалт, цахилгаан зэрэг бас бус зардалд зарцуулж байгаа. Бид нарт эрүүл мэндийн салбараас тодорхой тусгасан төсөв байхгүй тул эрүүл мэндийн даатгалын сангаас авч байгаа санхүүжилтэд 37 хүний цалинг багтаагаад үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр Эрүүл мэндийн газраар дамжуулж удаа дараа албан ёсны төсөв тавьж өгөх талаар хандаж байсан боловч танай эмнэлэг Эрүүл мэндийн яамны багцад байхгүй, орон нутгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан учраас орон нутгийн захиргаа нь та нарт тусдаа төсөв тавьж өгөх ёстой, та нар энэ мөнгийг орон нутгаар дамжуулж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Очирбат Сансар эмнэлэг нь төрийн өмчит улсын эмнэлэг мөн, гэхдээ улсын эдийн засгийн асуудалтай холбоотой 2021 он хүртэл тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Миний бие уг хариуг үндэслээд аймгийн Засаг, удирдлагуудад хандсан. Энэ жил өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа 2 хүний тэтгэмжийн мөнгө болон төрийн албан хаагчдад олгох 300 000 төгрөгийг орон нутгаас шийдвэрлүүлсэн. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгээс энэ асуудлыг 2021 он хүртэл хойшлуул гэсэн хариу ирсэн учраас ажилчдад энэ тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй байна. Энэ тэтгэмжийг өгье гэсэн боловч төсөв нь байхгүй байна. Манай эмнэлэг аймгийн Нэгдсэн эмнэлгийн статустай адилхан. Манай эмнэлэг нь төрийн өмчит улсын эмнэлэг мөн боловч аль нэг талдаа харьяалалгүй учраас төсөвгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас ирж байгаа санхүүжилт нь эмчлүүлэгч тухайн жилдээ гэрээ хийгээд эмчлүүлэхээр ирсэн үед тухайн мөнгө нь ирнэ. Эмчлүүлэхээр ирсэн боловч тухайн эмчлүүлэгчийн регистрийн дугаар, харьяаллын хувьд ямар нэгэн алдаа гарсан үед тэр хүний мөнгө хасагддаг. Бид нар сардаа 28 сая төгрөг хүртэл санхүүжилт авдаг. Бид нар 120 хүний эмчилгээний зардал нэхээд явуулсан ч гэсэн бүх зүйл онлайн, цахим хэлбэртэй байгаа тул мөнгө нь хасагдаж, нэмэгдэж байдаг. Иймээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тэтгэврийн тэтгэмж болон 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох боломжгүй байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00046 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан хариуцагч Ө эмнэлгээс таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох бүгд 30 379 605 төгрөг, үүнээс нэхэмжлэгч М.Зт 3 527 560 төгрөг, Х.Ад 3 159 859 төгрөг, Х.Өд 3 135 342 төгрөг, Х.Гд 3 828 384 төгрөг, М.Ад 3 527 962 төгрөг, А.Сд 3 159 858 төгрөг, Б.Лд 3 353 220 төгрөг, С.Хт 3 527 562 төгрөг, Д.Гд 3 159 858 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632926 төгрөгөөс нэхэмжлэгч С.Хт 71 390 төгрөг, А.Сд 65 510 төгрөг, Д.Гд 65 510 төгрөг, Б.Лд 68601 төгрөг, М.Ад 71 400 төгрөг, Х.Гд 88 500 төгрөг, Х.Өд 65 115 төгрөг, М.Зт 71 390 төгрөг, Х.Ад 65 510 төгрөгийг тус тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 922 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00046 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00036 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх М.З нарын 8 иргэний нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Ө” эмнэлэгт холбогдох тэтгэмж хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хууль болон маргаан бүхий харилцааг зохицуулсан салбар хуулиудыг буруу тайлбарлан хэрэглэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1. ... анхан шатны шүүх нь “...Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.” гэжээ. Гэтэл Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. 2016 оны 04 дүгээр сарын 22- ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5. “аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд хуулийг дагаж мөрдөх хүртэл хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгоно” гэж 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу нэхэмжлэгч нарт байгууллагаас олгох нэг удаагийн тэтгэмжийг “Сансар-Өлгий” орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас гаргуулах боломжтой байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

2. Өнь орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллага учраас Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт орсон өөрчлөлтөөр нэр бүхий нэхэмжлэгч нар таван жил тутамд нэг удаа олгох зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг авах эрх нь үүссэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байна. Энэ талаар ч анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн мөртлөө нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхэд хариуцагчаас гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа“...Тэгэхээр Эрүүл мэндийн газраар дамжуулж удаа дараа бид нарт албан ёсны төсөв тавьж өгөх талаар хандаж байсан боловч танай эмнэлэг Эрүүл мэндийн яамны багцад байхгүй, орон нутгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан учраас орон нутгийн захиргаа нь та нарт тусдаа төсөв тавьж өгөх ёстой, та нар энэ мөнгийг орон нутгаар дамжуулж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн, нэхэмжлэгч нар хуульд заасан нэг удаа авах тэтгэмж авах шаардлагыг хангаж байгаа учраас тэтгэмжийг олгоход татгалзах зүйлгүй, гагцхүү манай байгууллага эрүүл мэндийн даатгалын зардлаа санхүүжүүлдэг, энэ асуудлыг Д.Сара би Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хувьд хэрвээ энэ талаар шүүхийн шийдвэр гарвал уг тэтгэмжийг орон нутгийн төсвөөс тухайлбал төсвийн давсан хэсгээс олгох боломж бий” гэсэн юм. Ер нь “Ө” эмнэлгийн статус нь бусад аймагт байдаггүй, зөвхөн Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллага юм. Нэр бүхий ажилтан нарт 5 жил тутам нэг олгодог мөнгөн тэтгэмжийг орон нутгийн төсвийн давсан хэсгээс тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргасны үндсэн дээр аймгийн Засаг дарга захирамж гаргах боломж байгаа юм. Энэ талаар хариуцагчийн удаа дараа өгсөн тайлбаруудыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

3.   Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйл. Энэ хуулийн 25.4 дэх хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. \энэ зүйлийг 2016 оны 09 дүгээр зүйлийн 07-ны өдрийн хуулиар нэмсэн \25.4. Энэ хуулийн 25.4. Энэ хуулийн 24.3.1-д заасан резидент эмч нь төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана. 25.1.3 резидент эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг үндсэн мэргэшлийн сургалтын хугацаагаар“ олгоно гэсэн заалт гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх хууль хэрэглээний талаар хууль зүйн буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

4.   Нэр бүхий эмнэлгийн ажилтан нар ард түмний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд ухамсарт амьдралаа зориулж, төрд хоёр сэтгэлээр хүчин зүтгэж буй, хуульд заасан болзол шаардлагыг буюу 5 жил тутам нэг удаа 6 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах эрх үүссэн хүмүүс юм.

Монгол улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1. Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчмаар эдгээр иргэд бусад төрийн эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүстэй нэгэн адил 5 жил тутамд ажилласны тэтгэмжийг авах ёстой гэж үзэж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130\ШШ2018\00046 дугаартай шүүхийн шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212\МА2018\00036 дугаартай магадлалын хууль зүйн үндсийг хянан үзээд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүйд тооцон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.З нарын 9 иргэн “Ө” эмнэлэгт холбогдуулан аймаг дахь төрийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй олон жил ажилласан  үндэслэлээр Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.-д заасны дагуу тус бүр 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тус эмнэлэг нь зөвхөн эрүүл мэндийн даатгалын сангаар санхүүждэг, Эрүүл мэндийн яам болон орон нутгаас ямар ч төсөв авдаггүй тул дээрх тэтгэмжийг олгох боломжгүй гэж тайлбарлажээ.

Баян-Өлгий аймгийн “Ө” эмнэлэг нь Сансар клиник сувилал нэртэйгээр 1997 онд байгуулагдсан, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тахир дутуу болон нэн ядуу иргэдэд үйлчлэх “Халамж” эмнэлэг болж өөрчлөгдсөн, Аймгийн эрүүл мэндийн газрын даргын 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр тушаалаар “Халамж” нэрийг “Сансар” эмнэлэг болгож өөрчилсөн, одоо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж ажилладаг, 2007 оноос Төрийн байгууллага болсон байна.

2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.-д заасан  “..., аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд ...мөнгөн тэтгэмжийг ...олгоно” гэсэн заалтыг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “..., аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд ... мөнгөн тэтгэмжийг ...олгоно” гэж өөрчилжээ.

“Ө” эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд Эрүүл мэндийн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт орсон хуулийн дагуу тэтгэмж авах эрх үүсч байгаа боловч хуулийн дээрх заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дэх заалтад тусгасан байх тул хуулийн дээрх заалтыг үндэслэж, мөнгөн тэтгэмж олгуулахыг хүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан  нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.  

Шүүх Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.  

“Ө” эмнэлэг нь аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв биш тул тус эмнэлэгт ажиллаж байгаа нэхэмжлэгч нар нь “...хуулийг дагаж мөрдөх хүртэлх хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно” гэсэн заалтад хамаарахгүй бөгөөд хуулийн энэ заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй юм.

Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00046 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00036 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я.Съездын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                        Х.ЭРДЭНЭСУВД