Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2018/00199

 

Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт үйл ажиллагаа явуулах, НХХК /захирал А.Е/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Ө сумын 2 дугаар бүрэн дунд сургууль /захирал Н.О/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын 2 дугаар бүрэн дунд сургуулиас урсдаг самбарын үнээс үлдсэн мөнгө болох 710000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч НХХК-ийн захирал А.Е шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургууль нь тус сургуулийн 90 жилийн ойн баярыг тохиолдуулан 2 ширхэг мэдээлэл урсдаг самбарыг 1110000 төгрөгөөр үнэлж 2017 оны 09 дүгээр сард НХХК-иар хийлгүүлж авсан бөгөөд урьдчилгаа болгож 400000 төгрөгийг бэлнээр өгч үлдсэн 710000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцсон боловч одоо хүртэл төлж өгөхгүй хохироож байна. Ийм учраас хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн мэдээлэл урсдаг самбарын үлдсэн үнэ 710000 төгрөгийг хариуцагч байгууллага болох Б аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийн Ө сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сургуулийн 90 жилийн ой 2017 онд тохиосон. Уг ойд зориулж улсын төсвөөс нэр зааж ямар нэгэн хөрөнгө зардал хуваарилж олгоогүй ба бусад сургуулийн адил төсвийн нэр төрөл, сар улирлын хуваарьтай үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах төсөвтэй ажилласан болно. Түүний дотор хаяг самбар худалдаж авах ямар ч зардал тусгагдаагүй болно. Уг компаниар хийлгэсэн гэгдэх 2 ширхэг урсдаг самбарын тухай захиалга, хүсэлт, албан бичиг, үнэ ханш тохирч хийгдсэн албан ёсны баримт бичиг манай байгууллагаас явуулсан тухай бичиг хэрэг архивт огт байхгүй, бүртгэгдээгүй. Уг 2 ширхэг самбарыг Төсвийн болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, журмын дагуу нягталж үзэхэд хүлээн авч орлогод авсан анхан шатны баримт болон ня-бо бүртгэлийн журнал данс баланс хөрөнгийн тооцоонд ороогүй байна.

Манай сургууль болон тухайн үед ажиллаж байсан захирал М.А самбар хийлгэх, худалдаж авахаар ямар ч тушаал шийдвэр, эрх зүйн акт гаргаагүй болно. Хэрвээ эрх зүйн акт гаргасан бол төсвийн ямар зардлаас хэдэн төгрөгөөр авах тухай тодорхой эзэнтэй хариуцагчтай байх ёстой байсан.

Монгол улсын төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, мөн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэсэн хуулийн тодорхой заалтуудаас гадна Монгол Улсын Их хурлаас баталсан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 47 тоот тогтоолын 2 дахь заалтын в.3-д тавилга шинээр худалдаж авахгүй байх, в.4-д эмнэлэг, цэцэрлэг сургуульд зайлшгүй урсгал засвар хийхээс бусад тохиолдолд байгууллагын албан контор, ажлын байранд урсгал засвар хийхгүй байх, в.5-д төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх гэх зэрэг хууль журам үйлчилж байгаа учраас түүнийг сургуулийн захирал хэн байсан ч зөрчих эрх байхгүй, чанд мөрдөж ажиллах зарчимтай.

Төсвийн тухай хуулиар сургуулийн төсвийн шууд захирагч нь захирал эрхлэгч байдаг ба харин сургалтын менежерүүд болон өөр хэн ч төсөв хөрөнгө захиран зарцуулахад сургуулийг төлөөлөх болон баримт нотолгоо гаргаж оролцох, шийдвэрлэх эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэг тэдний ажлын байрны тодорхойлолтод болон ямар ч хууль журмаар оногдоогүй байдаг учраас НХХК-ийн албан тоотод хавсаргасан 2 гар бичмэл баримт болох Э болон сургалтын менежер гэсэн тамгатай баримтууд нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй, үнэлж болохооргүй нотолгоо гэж үзэж байна.

Сургуулийн 90 жилийн ойг тохиолдуулан тухайн үед захирлаар ажиллаж байсан М.А нь 90 жилийн ойн ажлыг өөрөө шууд хариуцан зохион байгуулж Ойг угтаж хийгдэж буй бүтээлч ажлууд гэх 30 нэр төрлийн бүгд 886 сая 75 мянган төгрөгийн төсөв зардлын тооцоо бүхий асуудлыг тус сургуулийн төрийн сан дахь төсвийн дансанд огт хамааралгүйгээр түүгээрээ өөрөө шийдвэрлэж захиран зарцуулж хандив тусламж зэрэг бусдын хөрөнгө санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байдаг ба энэ тухай орлого зарлага, санхүүгийн тайланг бид мэдэхгүй учраас гаргасан эсэхийг манай сургууль болон захирал миний бие хариуцах ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс манай сургуулийн засгаас санхүүжилтээр өгсөн төсөвт тийм зардал тусгагдаагүй /эх үүсвэр байхгүй/ болохоор хариуцаж зөвшөөрөх, төлж барагдуулах үндэслэл байхгүй болно. Эцэст нь энэхүү нэхэмжлэлд бодит байдал болон төсвийн хууль журмын дагуу тайлбар гаргасан учир шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч НХХК-ийн захирал А.Е нь хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулиас урсдаг самбарын үнээс үлдсэн 710000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Учир нь, нэхэмжлэгч НХХК-иас хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургууль нь захиалгаар 2 ширхэг урсдаг самбарыг хийлгэж 1110000 төгрөгөөр худалдан авч, түүнээс 400000 төгрөг өгч одоо 710000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тус сургуулийн сургалтын менежер М.Ц, Ө.Э нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, фото зураг, зохигч нарын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тус сургуулиас уг 2 ширхэг урсдаг самбарыг хүлээж авч орлогод авсан анхан шатны баримт болон ня-бо бүртгэлийн журнал, данс баланс хөрөнгийн тооцоонд ороогүй бөгөөд тус сургуулийн 90 жилийн ойгоор захирал байсан М.А нь төгсөгчдийн хандиваар өгөхөөр болж захиалгаар хийлгэж худалдаж авсан байх тул тус сургуулийн төсвөөс төлөх боломжгүй байна. Иймд захиалгаар хийлгэсэн хүн болох М.А нь хариуцаж төлөх ёстой гэжээ.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэж хариуцагчийг тодорхойлох эрхийг нэхэмжлэгчид олгосон, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /...шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн / бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээд сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно, мөн зүйлийн 30.2-т эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж тус тус зааснаар хариуцагч аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.Огийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хариуцагч нь би биш тухайн үед тус сургуулийн захирлаар ажиллаж байсан асан М.А нь захиалгаар хийлгэсэн учраас тэрээр хариуцах ёстой гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч байгууллагад захиалага өгч хийлгэсэн 2 ширхэг урсдаг самбарын үнэ болон эд хөрөнгийн доголдлын талаар талууд маргаагүй бөгөөд харин уг урсдаг самбарыг худалдаж авах тухай тус сургуулийн төсөвт тусгаагүй, мөн хүлээж авч орлогод авсан анхан шатны баримт болон ня-бо бүртгэлийн журнал, данс баланс хөрөнгийн тооцоонд ороогүй тул төлөх боломжгүй гэж маргажээ.

Гэвч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдах авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ,түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгч НХХК нь хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захиалгаар 2 ширхэг урсдаг самбарыг хийж 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус сургуулийн сургалтын менежер Ө.Эад хүлээлгэж өгсөн болох түүний гарын баримт болон гэрчийн мэдүүлгээр, уг самбарууд нь тус сургуулийн үүдэнд үдэж ашиглаж байгаа болох нь фото зураг, зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургууль уг самбарын үнийг төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин уг 2 ширхэг урсдаг самбарын үнийг төсвийн мөнгөөр төлөх, эсхүл сургуулийн төгсөгчдийн хандивын мөнгөөр төлөх асуудал нь хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн дотоод асуудал тул түүнд нэхэмжлэгч НХХК-ийг буруутгах боломжгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулиас урсдаг самбарын үнээс үлдсэн 710000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НХХК-д олгож, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21590 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээж, хариуцагчаас 21590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулиас урсдаг самбарын үнээс үлдсэн 710000 /долоон зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НХХК-д олгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн санхүүгээс 21590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, түүний төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ЖАРХЫНГҮЛ