Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2018/00056

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00199 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бахыт, хариуцагчийн төлөөлөгч Н.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын бүрэн дунд сургуулиас урсдаг самбарын үнээс үлдсэн мөнгө болох 710000 төгрөг гаргуулах” тухай.

 

            Нэхэмжлэлд: “Тус сургууль нь 90 жилийн ойн баяраа тохиолдуулан 2 ширхэг мэдээлэл урсдаг самбарыг 1.110.000 төгрөгөөр үнэлж 2017 оны 9 дүгээр сард “Н” ХХК-аар хийлгүүлж авсан бөгөөд урьдчилгаа болгож 400.000 төгрөгийг бэлнээр өгч үлдсэн 710.000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцсон боловч одоо хүртэл төлж өгөхгүй хохироож байна. Ийм учраас хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн мэдээлэл урсдаг самбарын үлдсэн үнэ 710000 төгрөгийг хариуцагч байгууллага болох Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

            Хариуцагчийн тайлбарт: “Тус сургуулийн 90 жилийн ой 2017 онд тохиосон. Уг ойд зориулж улсын төсвөөс нэр зааж ямар нэгэн хөрөнгө зардал хуваарилж олгоогүй ба бусад сургуулийн адил төсвийн нэр төрөл, сар улирлын хуваарьтай үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах төсөвтэй ажилласан болно. Түүний дотор хаяг самбар худалдаж авах ямар ч зардал тусгагдаагүй болно. Уг компаниар хийлгэсэн гэгдэх 2 ширхэг урсдаг самбарын тухай захиалга, хүсэлт, албан бичиг, үнэ ханш тохирч хийгдсэн албан ёсны баримт бичиг манай байгууллагаас явуулсан тухай бичиг хэрэг архивд огт байхгүй, бүртгэгдээгүй. Уг 2 ширхэг самбарыг Төсвийн болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, журмын дагуу нягталж үзэхэд хүлээн авч орлогод авсан анхан шатны баримт болон ня-бо бүртгэлийн журнал данс баланс хөрөнгийн тооцоонд ороогүй байна. Манай сургууль болон тухайн үед ажиллаж байсан захирал М.А самбар хийлгэх, худалдаж авахаар ямар ч тушаал шийдвэр, эрх зүйн акт гаргаагүй болно. Хэрвээ эрх зүйн акт гаргасан бол төсвийн ямар зардлаас хэдэн төгрөгөөр авах тухай тодорхой эзэнтэй хариуцагчтай байх ёстой байсан.

Монгол улсын төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, мөн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэсэн хуулийн тодорхой заалтуудаас гадна Монгол Улсын Их хурлаас баталсан 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 47 тоот тогтоолын 2 дахь заалтын в.3-т тавилга шинээр худалдаж авахгүй байх, в.4-т эмнэлэг, цэцэрлэг сургуульд зайлшгүй урсгал засвар хийхээс бусад тохиолдолд байгууллагын албан контор, ажлын байранд урсгал засвар хийхгүй байх, в.5-т төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх гэх зэрэг хууль журам үйлчилж байгаа учраас түүнийг сургуулийн захирал хэн байсан ч зөрчих эрх байхгүй, чанд мөрдөж ажиллах зарчимтай.

Төсвийн тухай хуулиар сургуулийн төсвийн шууд захирагч нь захирал эрхлэгч байдаг ба харин сургалтын менежерүүд болон өөр хэн ч төсөв хөрөнгө захиран зарцуулахад сургуулийг төлөөлөх болон баримт нотолгоо гаргаж оролцох, шийдвэрлэх эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэг тэдний ажлын байрны тодорхойлолтод болон ямар ч хууль журмаар оногдоогүй байдаг учраас “Н” ХХК-ийн албан тоотод хавсаргасан 2 гар бичмэл баримт болох Э болон сургалтын менежер гэсэн тамгатай баримтууд нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй, үнэлж болохооргүй нотолгоо гэж үзэж байна.

Сургуулийн 90 жилийн ойг тохиолдуулан тухайн үед захирлаар ажиллаж байсан М.А нь 90 жилийн ойн ажлыг өөрөө шууд хариуцан зохион байгуулж “Ойг угтаж хийгдэж буй бүтээлч ажлууд” гэх 30 нэр төрлийн бүгд 886 сая 75 мянган төгрөгийн төсөв зардлын тооцоо бүхий асуудлыг тус сургуулийн төрийн сан дахь төсвийн дансанд огт хамааралгүйгээр түүгээрээ өөрөө шийдвэрлэж захиран зарцуулж хандив тусламж зэрэг бусдын хөрөнгө санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байдаг ба энэ тухай орлого зарлага, санхүүгийн тайланг бид мэдэхгүй учраас гаргасан эсэхийг манай сургууль болон захирал миний бие хариуцах ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс манай сургуулийн засгаас санхүүжилтээр өгсөн төсөвт тийм зардал тусгагдаагүй /эх үүсвэр байхгүй/ болохоор хариуцаж зөвшөөрөх, төлж барагдуулах үндэслэл байхгүй болно. Эцэст нь энэхүү нэхэмжлэлд бодит байдал болон төсвийн хууль журмын дагуу тайлбар гаргасан учир шударгаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00199 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас урсдаг самбарын үнээс үлдсэн 710000 /долоон зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 130\ШШ2018\00199 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Тус сургуулийн 90 жилийн ой 2017 онд болж, түүнд зориулж улсын төсвөөс нэр зааж ямар нэгэн хөрөнгө зардал хуваарилж олгоогүй ба бусад сургуулийн адил төсвийн нэр төрөл, сар улирлын хуваарьтай үндсэн үйл ажиллагаа хэвийн явуулах төсөвтэй ажилсан болно.Түүний дотор хаяг самбар худалдаж авах ямар ч зардал тусгагдаагүй болно.

2. Уг компаниар хийлгэсэн гэгдэх 2 ширхэг урсдаг самбарын тухай захиалга, хүсэлт, албан бичиг, үнэ ханш тохирч хийгдсэн албан ёсны баримт бичиг манай байгууллагаас явуулсан тухай бичиг хэрэг архивд огт байхгүй, бүртгэгдээгүй.

3. Уг 2 самбарыг Төсвийн болон ня-бо бүртгэлийн тухай хууль журмын дагуу нягталж үзэхэд хүлээн авч орлогод авсан анхан шатны баримт болон ня- бо бүртгэлийн журнал данс баланст хөрөнгийн тооцоонд ороогүй байна.

4. Манай сургууль болон тухайн үед ажиллаж байсан захирал М.А самбар хийлгэх худалдаж авахаар ямар ч тушаал шийдвэр, эрх зүйн акт гаргаагүй болно. Хэрвээ эрх зүйн акт гаргасан бол төсвийн ямар зардлаас хэдэн төгрөгөөр авах тухай тодорхой эзэнтэй хариуцагчтай байх ёстой байсан.

5. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т  төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, мөн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэгт батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэсэн хуулийн тодорхой заалтуудаас гадна Монгол Улсын Их Хурлаас баталсан 2016 оны 9 сарын 09-ний өдрийн 47 тоот тогтоолын 2 дахь заалтын в.З-т тавилга шинээр худалдаж авахгүй байх, в.4-т эмнэлэг цэцэрлэг сургуульд зайлшгүй урсгал засвар хийхээс бусад тохиолдолд байгууллагын албан контор, ажлын байранд урсгал засвар хийхгүй байх, в.5-д төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх гэх зэрэг хууль журам үйлчилж чанд мөрдөж түүнийг сургуулийн захирал хэн байсан ч зөрчих эрх байхгүй ажиллах зарчимтай.

6. “Н” ХХК-ийн албан тоотод хавсаргасан 2 гар бичмэл баримт болох Э болон сургалтын менежер гэсэн тамгатай баримтууд нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй үнэлж болохооргүй нотолгоо болохгүй баримт бичиг гэж үзэж байна.

7. Сургуулийн 90 жилийн ойг тохиолдуулан тухайн үед захирлаар ажиллаж байсан М.А нь 90 жилийн ойн ажлыг өөрөө шууд хариуцан зохион байгуулж “Ойг угтаж хийгдэж буй бүтээлч ажлууд” гэх 31-н нэр төрлийн бүгд 886 сая 75 мянган төгрөгийн төсөв зардлын тооцоо бүхий асуудлыг тус сургуулийн төрийн сан дахь төсвийн дансанд огт хамааралгүйгээр түүгээрээ өөрөө шийдвэрлэж захиран зарцуулж хандив тусламж зэрэг бусдын хөрөнгө санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байдаг ба энэ тухай орлого зарлага, санхүүгийн тайланг бид мэдэхгүй учраас гаргасан эсэхийг манай сургууль болон захирал миний бие хариуцах ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс манай сургуулийн засгаас санхүүжилтээр өгсөн төсөвт тийм зардал тусгагдаагүй /эх үүсвэр байхгүй/ болохоор хариуцаж зөвшөөрөх, төлж барагдуулах үндэслэл байхгүй болно. Эцэст нь энэхүү нэхэмжлэлд бодит байдал мөн Төсвийн хууль журмын дагуу тайлбар гаргасан учир шударгаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдуулан “урсдаг самбарын үнээс үлдсэн 710000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь “тус сургуулиас уг 2 ширхэг урсдаг самбарыг хүлээж авч орлогод авсан анхан шатны баримт болон бүртгэлийн журнал, данс баланс, хөрөнгийн тооцоонд ороогүй бөгөөд тус сургуулийн 90 жилийн ойгоор захирал байсан М.А нь төгсөгчдийн хандиваас өгөхөөр болж захиалгаар хийлгэж худалдаж авсан байх тул тус сургуулийн төсвөөс төлөх боломжгүй” гэж маргажээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, талуудын хооронд урсдаг самбар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, тухайн самбарын үнэ, эд хөрөнгийн доголдлын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиалгаар 2 ширхэг урсдаг самбарыг хийж 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус сургуулийн сургалтын менежер Ө.Эрдэнэбатад хүлээлгэж өгсөн болох нь түүний гарын үсэгтэй баримт, гэрчийн мэдүүлэг, уг самбаруудыг сургуулийн үүдэнд байрлуулан ашиглаж байгаа талаар гэрэл зураг, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул “хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль уг самбарын үнийг төлөх үүрэгтэй  бөгөөд  уг 2 ширхэг урсдаг самбарын үнийг төсвийн мөнгөөр төлөх, эсхүл сургуулийн төгсөгчдийн хандивын мөнгөөр төлөх асуудал нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн дотоод асуудал тул түүнд нэхэмжлэгч “Н” ХХК-ийг буруутгах боломжгүй болно” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

           

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 17зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА                                                                     

С.ӨМИРБЕК