Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01391

 

“Н-Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00199 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00056 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Н-Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ө 2 С-д  холбогдох,

Баян-Өлгий аймгийн Ө 2 С-иа сурсдаг самбарын үнээс үлдсэн мөнгө болох 710 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Н.Отгонтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус сургууль нь 90 жилийн ойн баяраа тохиолдуулан 2 ширхэг мэдээлэл урсдаг самбарыг 1 110 000 төгрөгөөр үнэлж 2017 оны 09 дүгээр сард “Н-Е” ХХК-иар хийлгүүлж авсан бөгөөд урьдчилгаа болгож 400 000 төгрөгийг бэлнээр өгч үлдсэн 710 000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцсон боловч одоо хүртэл төлж өгөхгүй хохироож байна.

Иймд хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн мэдээлэл урсдаг самбарын үлдсэн үнэ 710 000 төгрөгийг хариуцагч байгууллага болох Ө 2 С-ийн  санхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Тус сургуулийн 90 жилийн ой 2017 онд тохиосон. Уг ойд зориулж улсын төсвөөс нэр зааж ямар нэгэн хөрөнгө зардал хуваарилж олгоогүй ба бусад сургуулийн адил төсвийн нэр төрөл, сар улирлын хуваарьтай үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах төсөвтэй ажилласан болно. Түүний дотор хаяг самбар худалдаж авах ямар ч зардал тусгагдаагүй болно. Уг компаниар хийлгэсэн гэгдэх 2 ширхэг урсдаг самбарын тухай захиалга, хүсэлт, албан бичиг, үнэ ханш тохирч хийгдсэн албан ёсны баримт бичиг манай байгууллагаас явуулсан тухай бичиг хэрэг архивт огт байхгүй, бүртгэгдээгүй. Уг 2 ширхэг самбарыг Төсвийн болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, журмын дагуу нягталж үзэхэд хүлээн авч орлогод авсан анхан шатны баримт болон ня-бо бүртгэлийн журнал данс баланс хөрөнгийн тооцоонд ороогүй байна. Манай сургууль болон тухайн үед ажиллаж байсан захирал М.Адилбиш самбар хийлгэх, худалдаж авахаар ямар ч тушаал шийдвэр, эрх зүйн акт гаргаагүй болно. Хэрвээ эрх зүйн акт гаргасан бол төсвийн ямар зардлаас хэдэн төгрөгөөр авах тухай тодорхой эзэнтэй хариуцагчтай байх ёстой байсан.

Монгол улсын төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэсэн хуулийн тодорхой заалтуудаас гадна Монгол Улсын Их хурлаас баталсан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 47 тоот тогтоолын 2 дахь заалтын в.3-т тавилга шинээр худалдаж авахгүй байх, в.4-т эмнэлэг, цэцэрлэг сургуульд зайлшгүй урсгал засвар хийхээс бусад тохиолдолд байгууллагын албан контор, ажлын байранд урсгал засвар хийхгүй байх, в.5-т төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх гэх зэрэг хууль журам үйлчилж байгаа учраас түүнийг сургуулийн захирал хэн байсан ч зөрчих эрх байхгүй, чанд мөрдөж ажиллах зарчимтай. Төсвийн тухай хуулиар сургуулийн төсвийн шууд захирагч нь захирал эрхлэгч байдаг ба харин сургалтын менежерүүд болон өөр хэн ч төсөв хөрөнгө захиран зарцуулахад сургуулийг төлөөлөх болон баримт нотолгоо гаргаж оролцох, шийдвэрлэх эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэг тэдний ажлын байрны тодорхойлолтод болон ямар ч хууль журмаар оногдоогүй байдаг учраас “Н-Е” ХХК-ийн албан тоотод хавсаргасан 2 гар бичмэл баримт болох н.Эрдэнэбат болон сургалтын менежер гэсэн тамгатай баримтууд нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй, үнэлж болохооргүй нотолгоо гэж үзэж байна.

...Иймд манай сургуулийн засгаас санхүүжилтээр өгсөн төсөвт тийм зардал тусгагдаагүй болохоор хариуцаж зөвшөөрөх, төлж барагдуулах үндэслэл байхгүй болно. Эцэст нь энэхүү нэхэмжлэлд бодит байдал болон Төсвийн тухай хууль журмын дагуу тайлбар гаргасан учир шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00199 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулиас урсдаг самбарын үнээс үлдсэн 710 000 /долоон зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н-Е” ХХК-д олгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө 2 С-ийн  санхүүгээс 21 590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н-Е” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00056 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Уг 2 ширхэг самбарыг Төсвийн болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, журмын дагуу нягталж үзэхэд хүлээн авч орлогод авсан анхан шатны баримт болон ня-бо бүртгэлийн журнал данс баланс хөрөнгийн тооцоонд ороогүй байна. Манай сургууль болон тухайн үед ажиллаж байсан захирал М.Адилбиш самбар хийлгэх, худалдаж авахаар ямар ч тушаал шийдвэр, эрх зүйн акт гаргаагүй болно. Хэрвээ эрх зүйн акт гаргасан бол төсвийн ямар зардлаас хэдэн төгрөгөөр авах тухай тодорхой эзэнтэй хариуцагчтай байх ёстой байсан.

Монгол улсын төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэсэн хуулийн тодорхой заалтуудаас гадна Монгол Улсын Их хурлаас баталсан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 47 тоот тогтоолын 2 дахь заалтын в.3-т тавилга шинээр худалдаж авахгүй байх, в.4-т эмнэлэг, цэцэрлэг сургуульд зайлшгүй урсгал засвар хийхээс бусад тохиолдолд байгууллагын албан контор, ажлын байранд урсгал засвар хийхгүй байх, в.5-т төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх гэх зэрэг хууль журам үйлчилж байгаа учраас түүнийг сургуулийн захирал хэн байсан ч зөрчих эрх байхгүй, чанд мөрдөж ажиллах зарчимтай. Төсвийн тухай хуулиар сургуулийн төсвийн шууд захирагч нь захирал эрхлэгч байдаг ба харин сургалтын менежерүүд болон өөр хэн ч төсөв хөрөнгө захиран зарцуулахад сургуулийг төлөөлөх болон баримт нотолгоо гаргаж оролцох, шийдвэрлэх эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэг тэдний ажлын байрны тодорхойлолтод болон ямар ч хууль журмаар оногдоогүй байдаг учраас “Н-Е” ХХК-ийн албан тоотод хавсаргасан 2 гар бичмэл баримт болох н.Эрдэнэбат болон сургалтын менежер гэсэн тамгатай баримтууд нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй, үнэлж болохооргүй нотолгоо гэж үзэж байна.

...Иймд манай сургуулийн засгаас санхүүжилтээр өгсөн төсөвт тийм зардал тусгагдаагүй болохоор хариуцаж зөвшөөрөх, төлж барагдуулах үндэслэл байхгүй болно. Эцэст нь энэхүү нэхэмжлэлд бодит байдал болон Төсвийн тухай хууль журмын дагуу тайлбар гаргасан учир шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Хамт олны болон төгсөгчдийн хандив тусламжийг 90-н жилийн ойн баяраар хангалттай авсан тул дахин хандив тусламж авах боломжгүй байгаа ба төсвийн байгууллагын хувьд зориулагдсан төсвийн хүрээнд л төсвийг зарцуулдаг, үүнээс гадуур зарцуулахыг хориглодог болно. Мөн захирал асан М.Адилбишийн зөвхөн уг компанид биш үүнээс гадна хоёр ч компанид үлдээсэн нийт 4-5 сая төгрөгийн өр одоо ч байгаа ба сургуулийн хувьд энэ бүгдийг төсвөөс төлөх ямар ч боломж байхгүй байна.

Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж уг маргааныг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй, зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Н-Е” ХХК нь хариуцагч Ө 2 С-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг бүрэн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 710 000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч Ө 2 С нь шаардлагыг эс зөвшөөрч, төрөөс сургуулийн санхүүжилтэд өгсөн төсөвт нэхэмжлэгчид төлөх зардал тусгагдаагүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ө 2 С-ийн 90 жилийн ойг угтах ажлын хүрээнд хариуцагч тал нэхэмжлэгч “Н-Е” ХХК-иар 2 ширхэг “урсдаг самбар” буюу мэдээллийн электрон самбар захиалан хийлгүүлж, ажлын хөлсөнд төлбөл зохих 1 110 000 төгрөгөөс 400 000 төгрөгийг төлж, үлдэх 710 000 төгрөгийг төлөөгүй байна.

Зохигч нь ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй боловч тэдгээрийн хооронд амаар хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч 2 дугаар сургуулийн сургалтын менежер нэхэмжлэгчээс ажлын үр дүнг хүлээн авч, төлбөр төлөх хугацааг тогтоосон бичгийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, өрийг хүлээн зөвшөөрсөн баримтыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид өгчээ.   

Хариуцагчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд буюу сургалтын менежер нэхэмжлэгчтэй хийсэн хэлцлийн агуулга, төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт нь ажил гүйцэтгэх гэрээний захиалагч болох 2 дугаар сургуулийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалдаг. Сургуулийн захирал М.Адилбиш өөрчлөгдөж, А.Отгонтуяа болсон боловч тус сургууль нь хичээлийн 2 корпусад ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох урсдаг самбарыг байршуулан ашиглаж байгаа, тухайн хөрөнгө доголдолгүй болохыг хүлээн зөвшөөрчээ.

Сургуулийн төсөвт ажил гүйцэтгэгчид төлөх зардал тусгагдаагүй байх нь ажлын үр дүнг хүлээн авсан захиалагчийг хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6.-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчид төлөх хөлсийн зардлыг төсөвт тусгуулах, эсхүл хандивлагчдын хөрөнгөөр бүрдүүлэх эсэх асуудал нь нэхэмжлэгчид хамааралгүй учир түүний өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ захиалагч тал хариуцна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухай эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00199 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00056 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.    

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН