Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2018/02396

 

 

 

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2018/02396

Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .....тоотод оршин суух, Д.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........тоотод оршин суух, Ш.Т, Л.Б нарт холбогдох,

Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 49,800,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.Мандал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Г би 2013.03.07-ны өдөр Ш.Т, Л.Б нарт зээлийн гэрээг бичгээр байгуулж 50.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн юм. Зээлдэгчээс 2013.04.25-нд хүү 1.000.000 төгрөг, 2013.06.25-нд хүү 1.000.000 төгрөг болон үндсэн зээлээс 13.000.000 төгрөг, 2013.07.25-нд үндсэн зээлээс 3.100.000 төгрөг, 2013.07.28-нд хүү 1.000.000 төгрөгийг төлсөн.

Түүнээс хойш үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөөгүй бөгөөд бөгөөд удаа дараа шаардахад төлөгдөөгүй үндсэн зээл болон зээлийн хүү болох 40.875.200 төгрөгийг 3 сарын дотор буюу 2014.07.25-ны дотор төлнө гэдгээр илэрхийлж зээлийн хүүг 4 хувь байхаар гарын үсэг зурж тохиролцсон боловч мөн төлөөгүй. Зээлдэгчийн зүгээс “Зээлдэгч бид 2013.07.28-ны байдлаар 34.640.000 төгрөг өгөх ёстой байсан бөгөөд үүнээс хойшхи зээлийн хүүг төлөх боломж үнэхээр байхгүй байна. Харин 35.000.000 төгрөг төлөөд дуусгах хүсэлт тавьж байна. Ингэхдээ 5.000.000 төгрөгийг нь өгөөд 30.000.000 төгрөгийг нь 2014.10.01-ний дотор төлж барагдуулъя." гэдэг хүсэлт тавьсныг нь хүлээн зөвшөөрч 2014.08.08-нд дахин бичгээр хэлцэл хийсэн. Өөрөөр хэлбэл зээлдэгч миний зүгээс хүүний төлбөрөөс хөнгөлөлт үзүүлсэн. 2015.03.25-нд дахин “30.000.000 төгрөгийг 2015.04.01-нээс сарын 2 хувийн хүүтэйгээр төлөхөөр 3 сарын хугацаа сунгахаар тохиролцсон”.

Гэвч үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөлгүй өнөөдрийг хүргэсэн. Дээрх хугацаанд зээл болон зээлийн хүүгээ төлөхийг удаа дараа шаардаж байсан болно. Тухайлбал: 2015.05.05, 2015.06.17, 2015.07.08, 2015.08.01, 2015.09.03, 2015.10.03, 2015.11.03, 2015.12.02, 2015.12.30, 2016.01.30, 2016.03.02, 2016.03.30, 2016.05.03, 2016.05.31, 2016.07.07, 2016.08.02, 2016.09.03, 2016.10.03, 2016.10.24, 2016.11.23, 2016.12.22, 2017.01.22, 2017.02.22, 2017.03.22, 2017.04.23, 2017.05.23, 2017.06.23, 2017.07.23, 2017.08.23, 2017.09.23,2017.10.23,  2017.11.22, 2017.12.23-ны өдрүүдэд зээлдэгч нартай уулзаж зээл, зээлийн хүүгээ төлөхийг шаардаж тайлбар бичиж, гарын үсэг зуруулж баримтжуулж байсан болно. Гэвч огтхон ч төлөлт хийгээгүй. Иймд хариуцагч Ш.Т, Л.Б нараас үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 19,800,000 төгрөг, нийт 49,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нарын төлөөлөгч М.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Т, Л.Б нарт холбогдуулан 49,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг уншиж танилцаад дараах тайлбарыг хийж байна. 2013 оны 03 сарын 07 өдөр Ш.Т, Л.Б нар 50,000,000 төгрөгийн зээлийн сарын хугацаатай 2 хувийн хүүтэйгээр зээлсэн билээ.

Зээлийн гэрээний дагуу 2013 оны 3 сарын 25-ны өдөр 1 сая төгрөгийг, 2013 оны 04 сарын 25 өдөр 1 сая төгрөг, 2013 оны 05 сарын 25-ны өдөр 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд түүнээс хойш зээлийг байнга төлж явж байсан бөгөөд зээлд 5 сая төгрөгөөр 2 удаа мөнгө төлсөн байхад дээрх гүйлгээг бичээгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл дээр үнийн дүн зөрүүтэй байх бөгөөд хариуцагч нараас авсан зарим төлбөрийг оруулаагүй байх тул Д.Гтын 2013 оны болон 2014 оны дансны хуулгыг гаргуулах хүсэлттэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 49,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар 50 сая төгрөгнөөс талаас илүүг төлсөн болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Ш.Т, Л.Б нарт холбогдуулан 49,800,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлээс 19,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх 30,800,000 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Ш.Т, Л.Б нар 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж хариуцагч нар 50,000,000 төгрөгийг, нэг сарын 0,2 хувийн хүүтэй, гурван сарын хугацаатай зээлжээ.

Хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар тус зээлийн гэрээний өөрт байсан хувийг тус тус шүүхэд гаргасан бөгөөд тус гэрээний дуусах хугацаа, хүүгийн хэмжээ өөр өөр байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч талаас гаргасан гэрээний хүүгийн хэмжээг заасан тоог эргэлзээгүй, үнэн зөв гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч талаас гаргасан гэрээнд хүүгийн хэмжээг балласан нь илэрхий, засвартай байна.

Хариуцагч нар 31,100,000 төгрөг төлсөн гэж, нэхэмжлэгч тал 19,100,000 төгрөгийг хариуцагч нар төлсөн гэж тайлбарлан мэтгэлцэж байх боловч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар 30,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэргийн 4 дэх талд буй зээлийн гэрээний арын хэсэгт 20,100,000 төгрөг төлсөн тухай бичвэр, хэргийн 54-57 дахь талын Төрийн банкны дансны хуулгаар 10,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нар зээлийн гээний хугацааг сунгаж хүүгийн хамт төлөхөөр баталгаа гаргаж байсан тухай тайлбарлаж, хамгийн сүүлд буюу 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 49,800,000 төгрөг төлөх үүргийг хүлээж зөвшөөрсөн гэжээ. /хэргийн 11 дэх талын арын хуудас/

Хариуцагч нар 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээл, хүүгийн хамт нийт 40,875,200 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө гэж, мөн хариуцагч Л.Б 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 35 удаа зээл төлөх баталгааг нэхэмжлэгчид гаргаж байсныг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулсан, гэрээг сунгаж байсан талуудын тохиролцлоо гэж үзэх боломжгүй, хуулиар тогтоосон зээлийн гэрээний агуулга, гэрээний талын хэн алины нь хүсэл илэрхийлэгдэхгүй, нэхэмжлэгч уг баримтад гарын үсэг зураагүй, зөвхөн гэрээний нэг талын илэрхийлэл буюу хариуцагч нар зээлээ төлөх баталгааг бичгээр илэрхийлсэн баримтж гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн дурдсан хугацаагаар хүү тооцох үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгчийн шаардлагын дагуу хариуцагч нарын үйлдсэн гэх дээрх баримтууд нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг баталгаажуулсан, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүргийн хөөн хэлэцэх хугацааг үгүйсгэх баримт болж байна.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч нар зээл 50,000,000 төгрөг, гурван сарын хүүнд 300,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагч нарын буцаан төлсөн 30,100,000 төгрөгийг хасч /53,000,000-30,100,000=20,200,000/ үлдэх 20,200,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.             Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Т, Л.Б нараас 20,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г олгож, нэхэмжлэлээс 29,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Т, Л.Б нараас 258,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Гд олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ